Э. Гэрэлт-Од
/Доктор (Рh.D)/
Шинэ толь №70, 2010
Түлхүүр үг:
- Улс төрийн намын гүйцэтгэх үүрэг, Ардчилал, Улс төрийн систем, Сонгууль
Орчин үед улс төрийн намын гүйцэтгэх үүргийн тухай судлаачид өргөнөөр хэлэлцэх болжээ. Магадгүй энэ нь намууд үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд эргэлзсэн нийгмийн сэтгэл зүй хүчтэй байдагтай холбоотой байж болох юм. Энэхүү өгүүлэлд ардчилсан нийгэмд намууд ямар үүрэг гүйцэтгэдэг, ямар байр суурь эзэлдэг болохыг тодруулах болно.
Улс төрийн нам нь төлөөллийн ардчиллын институт болж хэлбэршсэн нь орчин үеийн ардчилал намгүйгээр орших боломжгүйг илэрхийлдэг. Гэхдээ энэ нь нам байгаа л бол ардчилал байдаг гэсэн үг биш. Үүнээс улс төрийн намыг нийгэмд гүйцэтгэх үүргийн ялгаатай байр суурийг тодруулах хэрэгтэй юм. Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн системийг ардчилсан ба ардчилсан бус гэж хоёр ангилдаг. Энэ нь улс төрийн шийдвэр гаргах үйл явцад олон хүн эсвэл хувь хүн, цөөн тооны бүлэглэл оролцож байгаа болон тэдгээрийн үйл ажиллагааны шинж чанараар ялгаатай. Аль ч тогтолцоонд улс төрийн нам байгаа, гагцхүү хэдэн нам, тэдний өрсөлдөөн хэв шинж, хамтын ажиллагаа хэлбэр болон, сонгогчдын улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, дамжуулж, хэрэгжүүлж чадаж буй эсэхээрээ өөр өөр. Гэвч улс төрийн намуудын үндсэн зорилго нь засаглалыг хэрэгжүүлэх явдал. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд үе үеийн улс төрийн намууд янз бүрээр оролдож байх. Ардчилсан нийгэмд нам улс төрийн сонгуулиар төрийн эрх мэдлийг авах ёстой. Энэ нь орчин үеийн улс төрийн намуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн тоглоомын дүрэм. Иймээс улс төрийн нам нь хөгжлийн бодлого боловсруулж, сонгогчдын саналыг авахыг эрмэлзэх болсон юм.
Ардчиллын үнэт зүйлс тэлэхийн хэрээр улс төрийн намуудыг ардчилах үйл явц тасралтгүй үргэлжилж байсан. Өнөөдөр иргэн бүр ижил, тэгш эрхтэй бөгөөд үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх боломжийг улс төрийн нам олгож байна. Харамсалтай нь сонгогчид намаас хүнийсэх хандлага өнгөрсөн зуунаас эхлэн газар авч байгаа нь улс төрийн нам сонгогчдыг дайчлах, үнэт зүйлсийг түгээн байршуулах, иргэдийн нийгэм, улс төрийн эрхийг дэмжих зэрэг үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагийн илрэл юм. Нөгөө талаас нам цорын ганц улс төрд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх суваг байхаа больсонтой холбоотой. Учир нь мэдээллийн технологийн хөгжил, үнэт зүйлсийн тэлэлт ардчилалд альтернатив боломж олгож байна.
Ардчилал бодитой орших нөхцөл нь иргэд шударга сонгуульд саналаа өгөх, засгийн газрын шийдвэр гаргах үйл явцад оролцох, өөрийн итгэл үнэмшил болон шашин шүтлэгийн үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг хувь хүний эрхээ эдлэх боломжоор хангасан нийгмийн идэвхтэй оролцоо юм. Ардчиллын нөгөө нэг чухал тал нь ард түмэнд үйлчлэх, ард түмний засгийн газар юм. Хууль ёсны улс төрийн эрх мэдэл нь засгийн газрыг иргэдийн дундаас байгуулах эх сурвалж болдог. Энэ утгаараа ардчилал нь улс төрийн намуудын нээлттэй, чөлөөт, шударга өрсөлдөөнийг дэмждэг. Шударгаар сонгуульд өрсөлдөх, дотоод үйл ажиллагаандаа ардчиллын үнэт зүйлсийг баримтлах нь нам хэмээх улс төрийн институтийн дотоод ардчиллын мөн чанар юм.
Улс төрийн нам ардчиллын хөгжилд шууд дэмжлэг болж байдаг нь гарцаагүй юм. Судлаачид орчин үеийн ардчиллыг улс төрийн олон намын тогтолцоогүйгээр оршин тогтнох боломжгүй гэж үзээд үүнийгээ доорх гол учир шалтгаантай холбож тайлбарласан байдаг. Үүнд:
- Улс төрийн нам нь төлөөллийг хэрэгжүүлэх механизм болдог.
- Улс төрийн нам нь засаглалыг зохион байгуулах гол хүч болдог.
- Улс төрийн нам нь ардчилсан хариуцлагыг импортлох гол суваг[1] болж байдаг.
Төлөөллийн ардчиллын институтүүдийн нэг болох улс төрийн нам нь сонгогчдын төлөөллийг хэрэгжүүлэх, үзэл бодлыг нэгтгэх, шийдвэр гаргах, засаглалыг зохион байгуулах, ардчилсан хариуцлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй дотоод үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг хэрэгжүүлэхийг шаардаж байдаг. Энэ нь улс төрийн сонгуульд чадварлаг хүнийг нэр дэвшүүлэх замаар өрсөлдүүлэх, сонгогчдын төлөөллийг хэрэгжүүлэх өвөрмөц үүрэгтэй нь холбоотой. Улс төрийн намыг улс төрийн шинжлэх ухаанд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан иргэдийн бүлэг гэж тодорхойлдог. Улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх явцдаа намууд дангаар, эсвэл эвсэл байгуулах замаар хамтран ажилладаг. Гэхдээ ямар ч тохиолдолд тэд мөнхийн өрсөлдөгчид. Гагцхүү өрсөлдөөнийг хязгаарлах, шүүх эрх нь сонгогчдод байдаг тул тэд иргэдэд хэрхэн үйлчлэх, тэдэнд нээлттэй, ардчилсан, шударга ажилладаг болохыг харуулахыг хичээх ёстой. Энэ нь л намуудын ардчилсан нийгэмд гүйцэтгэх үүргийг тогтоон барих үндэс юм. Иймээс сонгогчдоос дэмжлэг авах замаар өөрсдийн нийгмийн баазаа тогтвортой хадгалах, зохион байгуулалтын хувьд нээлттэй, гишүүд дэмжигчдээ өөртөө татаж, аливаа шийдвэрт тэдний саналыг авч байх нь чухал билээ.
Аливаа улс өөрсдийгөө ардчилсан гэж үзэж байгаа л бол улс төрийн намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан арга, зарчмаар удирдах нь зайлшгүй юм. Ийм намууд ардчиллын чухал шинж болдог. Энэ тухай судлаач Л.Даймонд, Л.Морлино нар “Ардчиллын чанар” өгүүлэлдээ ардчиллын чанарыг тодорхойлох нэг шинж бол “нэгээс дээш тооны тулахтай улс төрийн намууд”[2] гэж бичсэн байдаг. Мөн ардчиллын чанарын хэрэгжилтийн таван хэмжүүрийг (1) эрх зүйт төр, (2) оролцоо, (3) өрсөлдөөн, (4) хариуцан тайлагнах босоо тогтолцоо, (5) хариуцлагын хэвтээ тогтолцоо гэж үзсэн. Эдгээр таван шинжийн аль алинд улс төрийн нам онцгой үүрэгтэй оролцдог ажээ. Энэ нь XIX зууны сүүл үеэс улс төрийн нам орчин үеийн шинжээ олж, төр нийгмийг холбох зуучлагч институт болж хөгжсөнтэй холбоотой юм.
XX зуунд ардчилсан ёс, ардчилсан төрт улс хөгжиж нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон түмэн өргөнөөр оролцох боломж бүрдсэн нь улс төрийн систем хэмээх ойлголт бий болоход нөлөөлсөн байдаг. Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн систем хэмээх ойлголтыг төр, нийгмийн байгууллагуудын нэгдэл, эрх зүйн болон улс төрийн хэв журам, нийгэм дэх улс төрийн засаглалыг зохион байгуулан хэрэгжүүлэх хэрэгслүүдийн нийлбэр цогц юм[3] гэсэн агуулгаар авч үздэг. Судлаач Д.Ганбат улс төрийн систем нь юуны өмнө өөрийг нь бүрдүүлж байдаг дэд институтүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг (төр, улс төрийн нам, нийгэм-улс төрийн хөдөлгөөн, төрийн бус байгууллага), улс төрийн харилцаа, түүнийг зохицуулж байдаг хэм хэмжээ (эрх зүй, улс төр, ёс суртахууны хэм хэмжээ, улс төрийн соёл) зэргээс бүтсэн тогтолцоо гэж бичсэн байдаг. Иймээс улс төрийн системийг илүү нарийвчлан ойлгох үүднээс нийтлэг, нийгэмлэг, хуулийн субъект байдлаар нарийвчлан судлах нь оновчтой гэж үзсэн.[4] Ингэхлээр улс төрийн систем бол түүнийг бүрдүүлэгч дэд системүүдийн нийлбэр цогц болж байна. Энэ нь улс төрийн системийг дэд системүүдээс бүрддэг “амьд организм” гэж ойлгож болно. Улс төрийн системийн бүтцийг (1) тогтолцооны буюу институционал, (2) мэдээлэл-харилцааны буюу коммуникаци, (3) хэм хэмжээ-зохицуулалтын гэсэн гурван дэд системээс бүрддэг. Аль алинд нь улс төрийн нам холбогддог.
Өөрөөр хэлбэл, улс төрийн системийн бүрдэл хэсгүүдийг эмхлэн зангидаж, бэхжүүлэх чухал хүчин зүйлс нь засаглалын тухай асуудал. Харин засаглалыг хэрэгжүүлэгч, улс төрийн системд нөлөөлөгч институт нь улс төрийн нам болдог. Энэ’үүднээс авч үзвэл улс төрийн нам нийгэмд гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа, түүний бүтэц зохион байгуулалтын шинж байдлаас хамааран ялгардаг. Мөн улс төрийн институт хоорондын харилцаа нь системийн мөн чанарыг тодорхойлдог. Тухайлбал, ардчилсан бус улс төрийн тогтолцоонд намын эзэлж буй байр суурь, хэв шинж, гүйцэтгэж буй үүрэг нь ардчилсан бус (коммунист, фашист, нацист) бүтэц, зохион байгуулалт, зорилго – үйл ажиллагаатай байдаг. Энэхүү тогтолцоо нь марксист – ленинист номлолоос улбаатай. К.Маркс, В.И.Ленин нарын гаргаж ирсэн номлолоор бол нийгмийг пролетари ангийн “манлай” болсон коммунист нам удирдан жолоодох ёстой гэж үздэг. Мөн энэ онолоор нам ангийн шинжийг голлон анхаарч “нам бол тодорхой ангийн сонирхлыг гүнзгий ухамсарлаж, нийгмийн бусад анги бүлэгтэй харилцах харилцаанд ангийнхаа сонирхлыг илэрхийлэн хамгаалдаг улс төрийн байгуулал” гэж тайлбарладаг.
Харин Өрнөдийн томоохон улс төр судлаачид намыг авч үзэхдээ ангийн шинжийг биш, улс төрийн системд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, зорилго, зохион байгуулалт зэрэг шинжүүдийг голлон анхаарч байдаг. Тухайлбал, судлаач Р.Катз, П.Майр нар улс төрийн системд намын гүйцэтгэх үүргийг нарийвчлан судалж үзсэн. Тэд нам хэдий иргэний нийгмийн бүтэц, зохион байгуулалтай институт мөн боловч улс төрийн системийн цөм болдог гэж үзсэн. Тэд үүнийгээ дараах байдлаар дүрслэн үзүүлсэн юм[5].
Улс төрийн нам нь дээр тэмдэглэсэнчлэн улс төрийн системийн нэг бүрдэл дэд систем болж байдаг ч өөрөө бие даасан өвөрмөц бүтэц, үүрэг бүхий систем юм. Д.Болд-Эрдэнэ улс төрийн засаглал, засаглалын харилцаа нь “улс төрийн систем”, “намын систем”, “улс төрийн нам” гэсэн нийгмийн бие даасан бүхэл тогтолцлын харилцан шүтэлцлээр тодорхойлогдоно[6] гэж үзсэн нь анхаарал татаж байна. Улс төрийн намыг системлэг, бүтэцлэг талаас нь олон судлаачид шинжлэх нь зүйн хэрэг.
Улс төрийн систем, намын тогтолцооны харилцан хамаарлын асуудал нь улс төрийн онол, шинжлэлийн арга зүйн бие даасан томоохон асуудлын нэг юм. Системийн болон бүтэц үүргийн онол- арга зүйн үүднээс “нийгмийн улс төрийн систем-намын тогтолцоо-улс төрийн нам” хэмээх нийгэм улс төрийн үзэгдлүүдийн гурвал бүтцийн харилцан хамаарал нь тодорхой утгаараа бүхэл, хэсэг, элементийн харилцан шүтэлцлийн тухай асуудал юм[7]. Иймээс системийн онолын үүднээс нам, намын системийг шинжлэхэд түүний институционал, бүтэцлэг шинж, нийгмийн социал бүлгүүдийн улс төрийн хамтын үйл ажиллагаагаар нөхцөлдсөн тэдгээрийн хоорондын харилцаатай шинжүүдийг тодруулан судлах шаардлагатай юм.
Системийн онолын төлөөлөгч Д.Истон улс төрийн нам судлалын онолын хөгжилд хувь нэмэр оруулсан байдаг. Тэрээр улс төрийн нам нь төрийн бодлого боловсруулах явцад илэрч буй эмх ммбараагүй, олон талт үйл ажиллагааг ухаалгаар чиглүүлэх чадвартай гэж үзсэн. Энэ нь улс төрийн намын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг чухал болохыг өгүүлсэн байна. Д Истоны тэмдэглэснээр аливаа улс төрийн систем нь сайн эсвэл муу, төгс эсвэл энгийн байх агаад нийгэм дэх үнэлэмжийн эрх мэдлийн хуваарилалтад хүний үйл ажиллагааг чиглүүлж байдаг. Системийн онолын хүрээнд улс төрийн намтай холбоотой томоохон асуудлууд гарч ирдэг. Үүнд, системийг хамтдаа удирдах эсвэл улс төрийн намуудын үйлчилгээг хэрхэн нэгтгэх, үндсэн хуулинд нийцүүлэн опон нийтийн дэмжлэгийг дайчлах, улс төрийн системд тулгарч буй бэрхшээлүүдийг улс төрийн намуудын хүчээр шийдвэрлэж болох зэрэг олон асуудлыг дурьдаж болох юм. Түүний энэ санааг судлаач А.Цанжид улс төрийн системийн бүтцийн хүрээнд тодорхой гаргаж ирсэн байдаг.
Бүдүүвч 2. Улс төрийн системд намын эзлэх байр суурь[8]
С.Элдэрсвэлд улс төрийн намыг судлах бүтэц – үүргийн аргыг боловсруулсан судлаачдын нэг юм. Истоны үзэл баримтлал нь улстөрийн системийн ерөнхий шинж/атрибут/-үүдэд ач холбогдол өгсөн бөгөөд намыг судлахдаа олон талын харилцаа холбоотой бүтэц, элементийг нэгтгэн судлах, тэдгээрийн систем дэх үүргүүдийг онцгойлон үзэх хэрэгтэй гэсэн байдаг. Тэрээр “бүтэц” гэдгийг хүмүүсийн хооронд буй ямар нэгэн шударга, тогтвортой харилцааны хэв маягуудын үргэлжлэл юм. Үүнийг албан ба албан бус зохион байгуулалтын түвшинд ч давхар илэрхийлж болно. Улс төрийн нам бол өөрийн гэсэн бүтэцтэй. Гэхдээ энэ нь зөвхөн хүний харилцааны үйл байдалтай холбоотой хэв маягт төдийгүй, албан удирдлага болон удирдлагын шаталсан толтолцоонд ч бас хамаарагдана гэж үзсэн. Аливаа бүтэц нь томоохон системийн үйл ажиллагааны учир шалтгааны нэг хэсэг гэдгийг бид анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын бүтэц, үйл ажиллагаа нь улс төрийн системийн хуваарилалт эсвэл түүний үр дүнг дээшлүүлэх зорилготой гэжээ. Элдэрсвелдийн улс төрийн намыг судлах арга зүй нь ерөнхий бехиоверист, зохион байгуулалтын онолуудад үндэслэгдсэн гэж үздэг. Дээрхээс харахад судалгааны үндсэн сэдэв болсон улс төрийн намын гүйцэтгэх үүрэг, ролийн тухай асуудал нь ардчилсан улс төрийн тогтолцоонд голлох үүрэгтэй оролцдог дэд системийн цөм асуудал юм.
Нам судлаачдын эдгээр үзэл баримтлалууд нь орчин үеийн либерал ардчиллыг бэхжүүлэхэд улс төрийн нам маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нам нь дотоод ардчилалтай институт болж байж эл үүргийг гүйцэтгэж чадна. Иймээс орчин үеийн улс төрийн системд намын гүйцэтгэх үүргийг нягтлан үзэх шаардлагатай.
Улс төрийн системд намын гүйцэтгэх үүрэг нь нийгмийн дотор буй ялгаатай сонирхлыг өөрийн үзэл баримтлалын үүднээс нэгтгэн боловсруулж олон түмнээр шүүлгэн засгийн эрхийн төлөө тэмцэхэд оршино. Энэ утгаараа улс төрийн намыг орчин үе дэх шууд ардчиллын илэрхийлэл ч гэж үздэг[10]. Зөвхөн улс төрийн олон нам байснаараа ардчилсан тогтолцооны тогтвортой байдлыг хадгалдаггүй. Харин ардчилал бодитой орших чухал хөшүүрэг нь нээлттэй, чөлөөт ардчилсан намуудын шударга өрсөлдөөн юм. Намуудын өрсөлдөөний үр дүн нь тухайн улс орны намын системийг шууд тодорхойлоход дөхөм болдог. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагаа хэдий хурдан цэгцэрч төлөвшиж чадна төдий чинээ намын систем төлөвшиж тогтдог. Энэ нь үнэн хэрэгтээ улс төрийн системд намын гүйцэтгэх чиг үүрэг хэлбэршлээ оллоо гэсэн үг юм.
Ардчилсан улс төрийн системд намын гүйцэтгэх чиг үүрэг /функц/ хэмээх ойлголтыг судлаачид олон талаас нь судалж үзсэн байдаг. Намууд нь нийгэмд явагдаж буй улс төрийн үйл явцын субъект болохын хувьд хэд хэдэн тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээрийг ерөнхийд нь гурван бүлэг болгон хувааж үзэж болно.
Нэгдүгээр бүлэг үүрэгт, улс төрийн нам нийгэм болон нийгмийн бүлгүүдтэй харилцах, тэдгээрийн эрх ашиг сонирхлыг илэрхийлэхтэй холбоотой сонирхол илэрхийлэх (сонирхлын артикуляци), сонирхол нэгтгэх (сонирхлын агрегаци), улс төрийн нийгэмшилтийг хангах зэрэг болно. Ардчилсан нийгэмд иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэх зорилго бүхий үүсгэл санаачлагын төрөл бүрийн бүлэг, байгууллага, хөдөлгөөн, эвсэл, холбоо, улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулж байдаг. Улс төрийн нам нь бусад сонирхлын бүлгээс ялгарах онцлог шинж нь олон нийтийн сонирхлыг бүхэлд нь төлөөлөх чадвартай байдаг. Харин сонирхлын бүлэг, төрийн бус байгууллага (ТББ)-ууд нь нийгмийн тодорхой явцуу сонирхлыг илэрхийлэх нь түгээмэл байдаг. Иймээс сонирхлын эрэмбэ тогтоох, бүлгүүдийн сонирхлыг харьцангуй жигд харгалзах бололцоо сонирхлын агрегаци буюу сонирхлыг нэгтгэх үйл явцаар бий болдог.
Сонирхлын агрегаци бол иргэдийн хувийн эрх ашиг, сонирхлыг тэдний улс төрийн нэгдсэн сонирхол болгон нэгтгэж, улмаар төрийн бодлогын боломжит хувилбар боловсруулах үйл ажиллагаа юм. Ийм бодлого нь нийгмийн амьдралын бүхий л талыг харгалзан чухам яавал нийгмийн бүлгүүдийн олон янзын сонирхлыг боломжийн хэрээр хангаж болох вэ гэдгийг тодорхойлох оролдлого[11]. Сонгогчид болон намын гишүүдээс санал авах замаар олонхийн дэмжлэг авч засаглалыг хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг ардчиллын нийтлэг жишиг юм. Нийгэмд тодорхой үнэт зүйлсийг төлөвшүүлэх зорилготой өвөрмөц үйл ажиллагааг нам хэрэгжүүлдэг. Энэ нь түүний нийгэмшилтийн үүрэг болно. Үүнд, аль болох олон сонгогчдыг өөртөө татах, гишүүнээр элсүүлэх, олон түмнийг хүмүүжүүлэх, улс төрийн боловсрол олгох. нийгэм, улс төрийн амьдралд татан оролцуулах зэрэг болно.
Хоёрдугаар бүлэг үүрэг нь улс төрийн системд намын гүйцэтгэх үүрэгтэй шууд холбогддог. Нийгмийн болон улс төрийн системийг цаашид хөгжүүлэх, улс төрийн чиг шугамыг тодорхойлох үүргийн цар хэмжээ, хэрэгжих магадлал нь намын өөрийнх нь улс төрийн системд эзэлж буй байр сууриар тодорхойлогддог. Ардчилсан нийгэмд эрх баригч нам, эвсэл ийм боломжийг бүх нийтийн чөлөөт, шударга сонгуулиар олж авдаг. Мөн намын зохион байгуулалт буюу боловсон хүчний бодлогыг тодорхойлох үүрэг нь намын дотор болон төрийн байгууллагад ажиллах хүмүүсийг бэлтгэх, дэвшүүлэн ажиллуулахтай холбоотой ба улс төрийн лидерүүдийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх нь намын нийгмийн өмнө хүлээсэн нэг чухал үүрэг мөн.
Гурав дахь бүлэг үүрэг нь намын дотоод амьдралтай шууд холбоотой. Үүнд, намын эгнээг өргөжүүлэх, түүний нэгдэл, нягтралыг бэхжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийн баримтлах үнэт зүйлс, хэм хэмжээг тогтоох, намын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэгдэнэ.
Улс төрийн институт нь нийгмийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлагын улмаас үүсэж байгаа учир өөрийн нөөцийг агуулдаг. Энэхүү нөөц нь тухайн институтийн үүрэг, статусаар тодорхойлогддог. Институтийн үүргийн талаар тодорхойлолтыг судлаач Р.Мертон өгсөн байдаг. Тэрээр “үүрэг гэдэг бол статусаар нөхцөлдсөн хүлээгдэж буй үйл ажиллагаа юм”[12] гэсэн. Иймээс аливаа тогтолцоог бүрдүүлэгч элементүүд тус тусын харилцан хамаарал бүхий чиг үүрэгтэй байдаг ажээ.
Ардчилсан нийгэмд улс төрийн институт нь нийгэм, улс төрийн зүй зохист шаардлагыг хангахыг эрмэлздэг. Улс төрийн хэрэгцээ, шаардлага нь өөрөө шууд хэрэгждэггүй. Үүнд гишүүд, дэмжигчдийн хамтын чармайлт зайлшгүй чухал. Улс төрийн нам хэмээх байгууллага нь улс төрийн идэвхтэй институт болохын хувьд түүний зохион байгуулалт, болон гишүүдийн оролцоогоор тодорхойлогдох нь зайлшгүй. Английн эрдэмтэн А.Хивүүд улс төрийн намын чиг үүргийг нэлээд нарийн олон талаас нь судалж тодорхойлсон байдаг. Үүнд, төлөөллийн үүрэг, элитийг төлөвшүүлэх дайчлах үүрэг, зорилгоо томъёолох үүрэг, сонирхлыг нэгтгэх, илэрхийлэх үүрэг, нийгэмшүүлэх болон албадах үүрэг, засгийн газрыг байгуулах[13] гэж ангилсан байдаг. А.Цанжид “…улс төрийн намын үүрэг нь намын онцлог шинж, түүний улс төрийн системд гүйцэтгэх үүргээр тодорхойлогдоно. Намын үүргийг улс төрийн бодлого боловсруулах, төрийн дээд албан тушаалуудад ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, дэвшүүлэх, иргэдийн улс төрийн нийгэмшилд тус дөхөм үзүүлэх, иргэнийг улс төрийн системтэй холбох”[14] зэрэг болно гэж үзсэн.
Намууд дэмжигчдийн нийгмийн хэрэгцээг хангах, парламент, засгийн газар, сонгогчдыг төлөөлөх чадвартай. Мөн улс төрийн эрх мэдлийг авах, ардчилсан засгийг байгуулах, төрийн бодлогыг тодорхойлох, сонирхлын бүлгүүдийг хэрэгцээг тусгах, хангах үүрэгтэй. Намууд дараах ардчилсан үйл явцыг дэмжих үүргийг гүйцэтгэнэ. Үүнд,
- Засгийн газрын болон улс төрийн институтүүд, иргэний нийгмийн байгууллагуудын хооронд зуучлах,
- Сонгуулийн үеэр сонгогчдыг оролцуулах, дайчлах замаар улс төрийн кампани зохион байгуулах,
- Сонгуулиар дамжуулан төрийн албанд очих нэр дэвшигчийг сонгох, нэр дэвшүүлэх зорилгоор иргэдийг элсүүлэх
- Засгийн газар болон сөрөг хүчний хоорондын зөрчлүүд, бодлогын сонголт уян хатан байлгах буюу улс төрийн шалтгаанаар сонирхлыг нэгтгэх
- Улс төрийн шийдвэрт бодлогын сонголтыг хувиргах, олон нийтийн мэтгэлцээнд олон талаас нь иргэдийн санаа бодлыг нэгтгэх зэрэг болно.
Орчин үеийн улс төрийн системд намууд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж судлаач Л.Даймонд, Р. Гюнтер нар “Улс төрийн намууд ба Ардчилал” бүтээлдээ тэмдэглээд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг долоо ангилж үзсэн байдаг. Үүнд,
- Нэр дэвшүүлэх үе буюу элитийг татан оролцуулах, сонгуульд тухайн намыг төлөөлөн өрсөлдөх хүнийг олох, бэлтгэх;
- Сонгуулийн дайчилгааны үе буюу намууд нэр дэвшигчээ дэмжүүлэхийн тулд сонгогчдынхоо сэдлийг идэвхжүүлж, зарим тохиолдолд тэднийг сонгуулийн үйл явцад идэвхтэй оролцох бололцоогоор хангах;
- Асуудлыг бүтэцжүүлэх чиг үүрэг буюу нийгмийн бүлгүүд тодорхой асуудлаар богино эсвэл урт хугацааны турш илэрхийлж буй эсэхээс янз бүрийн асуудлаар сонголт, альтернативыг бүтэцжүүлэхэд намууд үүрэг гүйцэтгэдэг.
- Нийгмийн төлөөллийн чиг үүрэг нь нийгмийн янз бүрийн бүлгийг төлөөлөх чиг үүрэгтэй байдаг ба энэ төлөөлөл нь бэлэгдлийн чанартай ч байдаг, тодорхой ашиг сонирхлыг урагшлуулах хэлбэртэй ч байдаг. Энэ үүрэг нь сонгуулийн үед бүлгүүдийн дэмжлэг авахын төлөө өрсөлдөөний явцад илэрнэ. Мөн сонгуулийн дараа хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх үеэр хууль тогтоох явцад илэрдэг.
- Ашиг сонирхлыг нэгтгэн нягтруулах нь намуудын бас нэг үүрэг. Бүлгүүдийн сонирхлыг түгээмэл биш юмаа гэхэд илүү өргөн хүрээнд нэгтгэн нягтруулахад чиглэх ёстой. Энэ нь олон нам бүхий парламентын системтэй орнуудад ашиг сонирхлыг нэгтгэх, нягтруулах үйл явц сонгуулийн дараа засаг барих, эсвэл байгуулагдах үед явагддаг.
- Засгийн газрыг ажиллуулах үүрэг нь ажлаа хийж чадаж байгаа эсэхийн чухал хэмжүүр болно.
- Нийгмийн интеграцчлалыг хангах үүрэг нь намууд улс төрийн үйл явцад үр дүнтэй оролцох боломжийг иргэдэд олгодог ба ийнхүү оролцсон иргэд тодорхой амжилтанд хүрэхдээ системийг цааш нь үргэлжүүлэн авч явах сонирхолтой болдог[14] гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн судлаач Д.Ганбат улс төрийн намын гүйцэтгэх үүргийг нарийвчлан судлаад нам бол ардчиллыг бэхжүүлэгч, дотоод ардчилал бүхий институт хэмээсэн байдаг[15].
Улс төрийн нам дотоод ардчилалтай болсноор ардчиллыг хэрэгжүүлэгч институт болж төлөвшдөг бөгөөд дараах үүргийг гүйцэтгэнэ гэсэн. Үүнд, олон түмний хүсэл зоригийг илэрхийлэх, улс төрийн амьдралд олон түмнийг идэвхтэй оролцуулах, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай болгох, төрийн албанд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэн элсүүлэх, олон түмнийг улс төрийн хувьд гэгээрүүлэх, нийгэм төрийг холбох, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх, нийгмийг улс төрийн хувьд хөгжүүлэх, олон ургалч үзлийг уралдуулах, улс төрийн системийн үйлчлэлийг хангах чадвар зэрэг болно.
Эндээс харахад орчин үеийн улс төрийн намуудын гүйцэтгэх үүрэг нь улс төрийн системийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ, сонгогчдын төлөөллийг хэрэгжүүлэх, засаглалын легитим шинжийг хадгалах хариуцлагатай улс төрийн хүч болдог ажээ.
Тойм
Ардчилал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа мөн билээ. Ардчилсан дэглэм манай улсын бодлого тодорхойлогдох явцыг ил тод болгож, ингэснээрээ хөрш улсууд, бүс нутгийн орнуудтай итгэлцлийг бэхжүүлэх, харилцан сэжиг таамаг ургахаас сэргийлэх бололцоо олгодог. Түүнчлэн, парламентын засгийн хэлбэр их гүрнүүдийн сонирхлыг ил өрсөлдүүлж, парламентын хүрээнд мөргөлдүүлэн саармагжуулж, улмаар ард түмэндээ ашигтай шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгчээ. Цаашилбал, Монголд өрнөсөн ардчилал манай улсын олон улсын нэр хүндийг өргөж, хоёр их гүрний хооронд түгжигдэн үлдэхээс сэргийлж байгаа үндсэн хүчин зүйл болсоор иржээ.
[1] NIMD. (2005) “Framework for Democratic Party-Building”. Handbook. Hague, Netherland
[2] “Зүүн Азийн Барометр”, УТБА. УБ., 2005,
[3] Улс төрийн шинжлэх ухаан”. МУИС. УБ., 2001
[4] УТБА-ийн лекцийн эмхтгэл. УТБА. УБ., 2001.
[5] Richard S.Katzand Peter Mair (1995) “Changing Modes of Party Organization and Party Democracy: The Emergence of the Cartel Party” in Party Politics Vol.1
[6] Д.Болд-Эрдэнэ. “Монголын улс төрийн нам, намын системийн төлөвшил”. УБ., 2008.
[7] Мөн тэнд х47.
[8] А.Цанжид. Улс төрийн шинжлэх ухаан. УБ.,1999. 45х
[9] УТБА-ийн лекцийн эмхтгэл. УТБА. УБ., 2001. х114
[10] УТБА-ийн лекцийн эмхтгэл. УТБА. УБ., 2001. х198.
[11] Н.Смелзер. “Социологи” /орч/ УБ.,2001 х6З
[12] Andrew Hewood. 1998. “Politics”. London, р-233
[13] А.Цанжид. Улс төрийн шинжлэх ухаан. УБ.,1999. 66х
[14] Н.Туяа. “Ардчиллын тухай түүвэр”. УБ., 2006. х69
[15] УТБА-ийн лекцийн эмхтгэл. УТБА. УБ., 2001. х227