Ж. Нарантуяа
/Удирдлагын Академийн багш/
Шинэ толь №69, 2010
Сүүлийн 20 жилд дээд боловсролын эрхэм зорилго, удирдлага, санхүүжилтэнд олон тооны өөрчлөлт гарлаа. Ялангуяа, пост-социалист орнуудад “их сургууль” гэсэн концепци үндсээрээ өөрчлөгдөн, зах зээлийн эдийн засагт нийцсэн шинж төрхийг олохын тулд он удаан жилээр тогтож ирсэн академик үйл ажиллагааны чиглэлээс гадна нэмэлт энтрепрюнер үйл ажиллагааны чиглэл бий болж эхэлсэн. Европын орнуудын их дээд сургуульд энэ чиглэлээр хичээл хүртэл буй болоод байгаа. Жишээ нь, Шведэд тодорхой хичээлүүдээр энтрепрюнер сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарахыг дээд боловсролын сургалтын байгууллагад даалгасан байна. Gareth Williams & Igor Kitaev[1]нар зах зээлийн эдийн засгийн нөхцөлд их дээд сургуулиуд зохицон амьдрахад хүргэсэн үндсэн таван хүчин зүйлийн нөлөөг тодорхойлж, дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд “гурав дах аян (third mission)” эхэлснийг дурджээ.
- Үзэл суртал
- Их дээд сургуулийн өсөлт
- Мэдлэгийн нийгэм
- Даяаршил
- Санхүүгийн хомсдол
Ялангуяа, пост-социалист орнуудад хувийн их дээд сургуулийн тоо хэд дахин өссөнтэй холбогдон их сургуулийн удирдах арга барилд өөрчлөлт хийж, бизнес хандлагатай хөгжүүлэх асуудал хурцаар гарч ирсэн. Учир нь, нэгдүгээрт, шилжилтийн үеийн орнуудын их дээд сургууль нь бүхэлдээ зөвхөн сургалтын байгууллага байсаар ирсэн билээ. Хоёрдугаарт, эдгээр оронд шинжлэх ухааны академи гэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг тусгай байгууллага байгаагаас их дээд сургууль нь зөвхөн сургалтанд анхаарсаар иржээ. Гэтэл бусад оронд жишээ нь, Швед, Финланд зэрэг оронд хос тогтолцоо гэж нэрлэгддэг хэлбэр байдаг. Энд дээд боловсролын нэг хэсэг институци нь ажил олголттой холбоотой сургалт, заримдаа хэрэглээний судалгаанд анхаардаг бол нөгөө нэг хэсэг сургууль нь илүү академик сургалт, судалгаанд төвлөрсөн үйл ажиллагаа эрхэлдэг. Их Британид нэгдмэл тогтолцоо буюу их сургуулиуд сургалт, судалгааг тэнцвэртэй явуулах чиглэлийг баримталдаг байна.
1980-аад оноос хойш барууны дээд боловсрол, тэр тусмаа сүүлийн 20 жилд пост-социалист орнуудад, дээд боловсрол нь санхүүгийн хувьд харьцангуй төрийн ивээлд багтдаг байснаас санхүүгийн илүү автономит байдалд шилжсэн. Энэ нь их дээд сургуулиуд үйл ажиллагааныхаа үр дагаврыг санхүүгийн ухамсартайгаар хариуцдаг болж эхэлсэн гэсэн үг.
Дээд боловсролыг “зах зээлчлэх” гэсэн нэр томъёо хүртэл бий болжээ. Төрийн татаас хангалтгүйгээс нэмэлт орлого олох эх үүсвэрийг бий болгох зорилготойгоор оюутныг төлбөртэй элсүүлэх, гэрээт судалгаа хийх, сургуулийн барилга байгууламжийг гадны зориулалтаар түрээслэх зэрэг үйл ажиллагааг “зах зээлчилж” байна гэж үздэг. Түүнчлэн, академик үйл ажиллагаа нь асар хурдтай шинэчлэгдэх мэдлэгийн нийгэмд дасан зохицохын тулд их дээд сургуулиуд өөрсдийн сургалтын хөтөлбөртөө шинэ судлагдахуунуудыг нэвтрүүлж, зохиогчийн оюуны өмчийн эрхийг хамгаалах ба түүнийг коммерцийн зорилгоор ашиглах, технологийн шилжилт хийх гээд олон эерэг идэвхтэй үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн ба эдгээр үйл ажйллагааг дээрх ойлголтод мөн хамруулдаг. Төрөөс бэлэглэх мөнгөнөөс хамаарахаа больсон дээд боловсролын байгууллагад Burton Clark (2004)[2] “өөртөө найдах- self-reliant” их сургууль гэсэн нэр томъёо өгчээ.
Гурав дах аян, гурав дах үүрэг, гурав дах урсгал гэж янз янзаар нэрлэгдэх дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны шинэ чиглэлийн гол зорилго нь судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ, зорилтот гэрээт сургалтын хөтөлбөрүүдийг бизнес, үйлдвэрлэлтэй нягт холбоотой зохион байгуулахад оршиж байгаа юм. Жишээ нь, Финландын парламент их сургуулийн гурав дах үүргийн тухай хууль баталсан байна. Уг хуульд “их сургуулиудийн гурав дах үүрэг бол нийгэмтэй харилцаанд орж, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн нийгмийн үр нөлөөг дээшлүүлэхэд оршино” хэмээн заажээ.
Дээд боловсролд нөлөөлж буй дээр дурдсан таван хүчин зүйлийг одоо тус тусад нь авч үзье.
Үзэл суртал. Өнгөрсөн 20 жилд төрийн үйлчилгээ үзүүлэхэд төрийн гүйцэтгэх үүргийн талаархи үзэл суртал, улс төрийн ойлголтод их өөрчлөлт гарлаа. Төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл нь төрийн бүхий л салбарыг хамарсан юм.
Их дээд сургуулийн өсөлт. Сүүлийн 20 жилд их дээд сургуульд суралцагчдын тоо өсөхийн хэрээр тэднийг сургах сургуулийн, ялангуяа хувийн их дээд сургуулийн тоо асар хурдтай өссөн. Түүнчлэн менежмент, хууль, анагаах ухааны чиглэлийн сургалтууд суралцагчдыг ихээр татаж байхад инженер, физикийн шинжлэх ухааны хичээлүүд зогсонги байдалд нэг хэсэг орж байв. Эдгээр нь их дээд сургуулиудын дотоод соёл, менежментэд нөлөөлж сургуулиудыг тусгай арга хэмжээ авахад хүргэсэн юм. Улсын их дээд сургууль ч сургаптын төлбөрийг нэвтрүүлж, зах зээлд хэрэгцээ нь нэмэгдэж байгаа чиглэлээр сургалтаа баяжуулсан. Их сургуулиудийн суралцагчдын тоо өсөн нэмэгдэхийн зэрэгцээ сургалтын төрөл олон болох харилцан хамаарал бий болсон. Сургуулийн орлого, зах зээлд эзлэх хувиа өсөн нэмэгдүүлэх зорилгоор оюутныхаа тоо, сургалтын төрлийг нэмж, зах зээлд зохицох үйл ажиллагаануудыг эрхлэх болов. Ийм өөрчлөлт хийх нь нөгөө талаас өнөө зууны онцлог болох мэдлэгийн нийгмийн хэрэгцээ шаардлага юм.
Мэдлэг ба нийгэм. Дээд боловсролын байгууллагыг зах зээлчлэх гурав дахь хүчин зүйл бол мэдлэгийн нийгэм. 21-р зуунд мэдлэг нь урд өмнө байгаагүй эдийн засгийн үнэлэмжийг агуулах болсон. Тиймээс ч төр, засгийн газар энэ боломжийг ашиглахын төлөө чармайх нь зүйн хэрэг. Мэдлэг дутах, асар хурдтай өөрчлөгдөх мэдлэгтэй мөр зэрэгцэх чадваргүй байх нь хэзээ ч байгаагүй шийтгэл болон хувирч байна.
Энэ нөхцөл байдал нь их дээд сургуулийг мэдлэг бүтээгч, шйлбарлагч, түгээн дамжуулагч, хамгаалагч, хадгалан дэмжигч байхыг улам бүр шаардаж байна. Ийнхүү дээд боловсролыг их зээлчлэх сонирхол улс орон бүрт улам бүр анхаарал татсан лсуудал болоод байна. Тухайлбал, Шведэд дээд боловсрол, судалгааг нийгмийн эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэх хөшүүрэг хэмээн үзэж байна. Технологийн ололт амжилтууд нь эд бараа, үйлчилгээнд биеллээ олж буй мэдлэгийн шинэ давалгааг бий болгосоор байна. Мэдлэгийн нийгмийн энэ бүх шинэ нөхцөл байдал их дээд сургуулийг бас нэг шалгуурт оруулж байгаа билээ.
Заримдаа хуучин, олон жилийн туршид хэрэгжүүлсээр ирсэн хичээлийн хөтөлбөрүүд нь шинээр гарч ирж байгаа хөтөлбөрүүдтэй харьцуулахад хүчтэй өрсөлдөөнтэй орчинд дасан зохицоход илүү бэрхшээлтэй учирч байна. Том сургуультай харьцуулахад жижиг тусгай чиглэлээр байгуулагдсан шинэ институциар арай илүү хурдтай шинэчлэгдэх хандлагатай байна гэж Gareth & Kitaev (2005)[3] нар үзсэн байна. Тэд жишээ болгон Оксфордын их сургуулийг дурджээ. Оксфордын их сургууль үндсэн үйл ажиллагаандаа алдагдалтай ажиллаж байхад бизнесийн удирдлага, менежмент, олон улсын хэмжээнд явуулж буй зайн сургалт, алдартай хүмүүс оролцуулсан семинар, хэлний сургалт, компьютерын сургалт, спортын болон соёлын арга хэмжээ, төгсөгчдийн үйл ажиллагаа, бизнесийн байгууллагуудтай хамтарсан хөрөнгө босгох зэрэг шинэ мөнгө босгох үйл ажиллагаагаараа нилээд хэмжээний орлого олж байгаа тухай тэмдэглэжээ.
Мэдлэгийн нийгэм дээд боловсролын институцэд шууд нөлөөлж байгаа өөр нэгжишээ бол сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт юм. Мэдлэг тэлэх, төрөлжих, олон нийтэд нээлттэй болохын хэрээр улс орны дээд боловсролын тогтолцоо нь тэр өөрчлөлттэй хөл нийлүүлэн, гарчиржбайгаа хэрэгцээгхангахшаардлагатайболов. Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр суралцагчдын тоо дэлхий даяар эрс нэмэгдсэн ба Монголд энэ үзүүлэлт мөн адил байгаа билээ.
Даяаршил. Мэдлэгийн нийгэм нь дээд боловсролын байгууллагад бизнес хандлага бүрэлдэх нэг хүчин зүйл нь болоод зогсохгүй даяаршилтай ч мөн холбоотой. Барууны орнуудад өөрийн улсын дээд боловсролыг дэлхийн бусад орныхтой өрсөлдөхүйц чадвартай болгох эрмэлзэл нь дээд боловсролын бодлогын үндсэн хүчин зүйл нь болж байгаа юм. Тодорхой хэлбэл, дэлхийн аль ч өнцгөөс оюутан элсүүлж авах боломж өсөн нэмэгдэж байгаатай холбогдон гадаадын оюутнаас сургалтын өндөр төлбөр авах нь мөнгө босгох тааламжтай зах зээлийг бүрдүүлж өгсөн. Нөгөө талаас, эдгээр боломж нь бусад орны адил үйл ажиллагаатай их дээд сургуультай эн тэнцүү хүчтэй байх гэсэн түгшүүрийг бий болгож байгаа тухай Gareth &Kitaev (2005)[4]нар бас дурджээ. Ал ь ч их дээд сургуулийн эцсийн зорилго нь дэлхийд тэргүүлэгч их сургуулиудын стандартын түвшинд ойртон очиход оршиж байгаа билээ. Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжпийн цогц бодлогод “…дээд боловсрол олгох тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх бодлого баримтална. …их сургуулийг хотхоноор зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх….”, Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд их дээд сургуулийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх зорилгоор нээлттэй их сургууль байгуулах, гадаад орноос суралцагчдын тоог нэмэгдүүлэхийг[5] заасан байгаа мь монголын дээд боловсролын өнөөгийн хандлагыг тодорхойлж байна.
Санхүүгийн хомсдол. Сүүлчийн буюу хамгийн ил харагдаж байгаа хүчин зүйл бол эдийн засгийн боломжоо хадгалж үлдэх явдал. 1990 оноос хойш нэг оюутанд ногдох төрийн санхүүжилт эрс буурсан билээ. Ганц Монгол улс ч биш дэлхийн ихэнхи улс орнуудын их дээд сургуулиуд санхүүжилтийн гурав дах эх үүсвэр хайн, түүгээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүрсэн. Дээр дурдсанаар сургалтын төлбөргүй байсан дээд боловсрол төлбөртэй болж, хувийн секторын сургуулиудын тоо эрс хурдтайгаар нэмэгдсэн. Монголд дээд боловсрол нь оноос төлбөртэй сургалтын зарчимд шилжсэн ба 1995 онд батлагдсан боловсролын хуульд энэ зарчмыг хуульчлан, сургуулийн санхүүжилтын эх үүсвэр нь сургалтын төлбөр, өөрийн үйл ажиллагааны орлого, хандив тусламжаас бүрдэж байхаар тогтоосон. Төрийн өмчийн сургуулиудын хувьд тогтмол зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан[6]. 2008-2009 оны хичээлийн жилийн байдлаар дээд боловсролын сургалтын 151 байгууллага (үүнээс төрийн бус өмчийн 98) ажиллаж байна.
Зах зээл “чанартай хичээл үнэтэй байхёстой” гэсэн үзлийг дэмжиж байна. Төгсөгчдийн ажил олох боломж ч үүн дээр тогтох болов. Дээд боловсролын байгууллагын санхүүгийн хомсдол олон улс оронд тулгарсан. Дэлхийн зах зээлд өрсөлдөх үйл ажиллагаа явуулахад төрөөс өгөх татаас нь хангалтгүй байв. Швед гэхэд л “их сургуулиудын явуулдаг бүх судалгааны 50%-ийг гадны эх үүсвэр буюу судалгааны зөвлөлүүд, сангууд, үйлдвэр, бизнесийн салбарынхан гаргаж байна” гэж тэмдэглэсэн байна. Хөрөнгийн эх үүсвэр олохын тулд их дээд сургуулиуд хоорондоо өрсөлдөн бизнесийн овсгоо гаргах шаардлага аяндаа бий болж байна.
Дээд боловсролын менежментийн өөрчлөлт
Европын ихэнх орны их дээд сургууль, тэр тусмаа төрийн хяналт гэдгийг хэзээ ч мэдэрч байгаагүй Их Британийн их сургуулиуд ч 1980-аад он хүртэл удирдуулсан (manage) гэхээсээ илүүтэй захиргаадуулсаар (administer) ирсэн гэж үздэг. Их сургууль нь маш удаан өөрчлөгддөг салбарт тооцогддог бөгөөд их дээд сургуулийг академик хүмүүс удирдаж байв. Шийдвэрийг удаан, аливаа эрсдэлийг маш хянуур хэлэлцэж гаргадаг, бүтцийн хувьд иерархи ихтэй институци байлаа.
Баруун Европод дээд боловсролын шинэчлэлийн эхний уур амьсгал 1960-аад оны сүүлээр оюутан, залуучуудын тэмцэл хөдөлгөөний улмаас гарч эхэлсэн гэж үздэг. Энэ үеийн өөрчлөлтийн үр дүнд шийдвэр гаргах үйл ажиллагаанд бусад төлөөллийн оролцоо, ялангуяа оюутан, залуучуудын оролцоо нэмэгдсэн байна. Гэхдээ барууны орнуудад 1990 оноос эхэлсэн өөрчлөлт нь ийм ардчилсан шийдвэр гаргах арга нь тулгарч буй санхүүгийн хомсдол, асар хурдтай өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг шийдэх чадваргүй юм гэдгийг харуулснаар шинэ маягийн, бизнес овсгоо бүхий менежерүүд томилогдож эхэлсэн байна. Их дээд сургуулийн бие даасан байдал нь харьцангуй бэхжиж, шийдвэр гаргалт нь энгийн болж, шинээр томилогдсон шинэ маягийн менежерүүд “гурав дах аян”-ыг өргөжүүлэн тэлэх үйл ажиллагааг гардан хийж эхлэв. Жил өнгөрөх тусам олон оронд их дээд сургуулийг бизнес хэв маягийн менежмент руу шилжүүлэх хандлага улам өссөөр байгааг дурдсаар байна. Жишээлбэл, Швед, Их Британид“тэнхимийн академик амьдралыг огт мэдрээгүй мэргэжлийн менежер, захиргааны ажилтнуудын бюрократ байдал” нэмэгдсээр байгаа тухай тэмдэглэсэн байдаг. Дээд боловсролын байгууллага бизнесийн хэлбэрээр үйл лжиллагаагаа явуулахад хууль ёсны статус, хуулийн орчин, менежментийн нөхцөлийг бүрдүүлэх нь чухал үүрэгтэй. Их Британид их сургуулийн бие даасан байдал, автономит эрх нь парламентын хуулиар баталгаажсан байдаг. Хуулинд нь зааснаар “их сургууль бүр өөрийн санхүүгийн, захиргааны, академик үил ажиллагааг эрхлэх хариуцлагыг хүлээнэ. Их Британийн их сургуулиуд буяны сангийн статустай ба энэ нь ашиг хуваарилахыг эс зөвшөөрдөг ч олсон аль ч санхүүгийн орлогоо зарцуулах бүрэн эрхтэй”[7]байдаг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн боломж, гадны бусад боломжийг ашиглахад Их Британийн их сургуулиудад хуулийн ямар нэг хязгаарлалт байхгүй гэсэн үг. Европын бусад орнууд, ялангуяа пост-социалист орнууд ч энэ чиглэлд явж байгаа билээ. Хамгийн гол нь төрийн сангийн санхүүжилт хомс болсон энэ үед их дээд сургуулиуд бие даасан эдийн засгийн үйл ажиллагаа бүхий байгууллага болж, бизнесийн үйл ажиллагаагаар орлогоо нэмэгдүүлэх, үйлчилгээгээ төрөлжүүлэх, шинжлэх ухааны судалгааны төсөл хэрэгжүүлэх боломжоо тэлэхэд төрийн зүгээс тэдний үйл ажиллагааг зохицуулах хуулийн орчинг бүрдүүлэх, байгаа хууль журамд өөрчлөлт хийх шаардлага гарч байгаа юм. Монгол улсад 1990 оноос хойш энэ чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авсаар ирсэн. Тухайлбал, боловсролын тухай хуульд 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл боловсролын сургалтын байгууллага нь ашгийн төлөө бус статустай байхаар хуульчлагдсан (1998 онд оруулсан өөрчлөлтөөр ашгийн төлөө сургууль байж болох нөхцөл 2002 он хүртэл үйлчилж байв) байв. 2006 оноос сургууль нь ашгийн төлөө статустай байж болохоор хуульчилсан. Манай нөхцөлд санхүүгийн хомсдолыг даван туулах, их дээд сургуулийн судалгаа шинжилгээний хүрээг чанартай болгон дэлхийн түвшинд ойртуулан өргөтгөхөд улсын болоод хувийн дээд боловсролын байгууллагын сургалтын төлбөрийг чөлөөлөх явдал юм. Ингэснээр хөрөнгийн эх үүсвэр бэхжиж, их сургууль судалгааны суурь бааз, үйлдвэр, төвүүдийг байгуулах таатай нөхцөл бүрэлдэх боломжтой.
Их дээд сургуулийн судалгааны ажлыг өргөжүүлэн, тэд нийгэмд эдийн засгийн хувь нэмэр оруулахад туршилт, дадлага хийх өөрийн бааз үйлдвэр, үйлчилгээний газрыг бий болгох нь нэн чухал болохыг олон улсын туршлага харуулж байна. Жишээлбэл, АНУ-ын Дартмаутын коллеж гэхэд л маш том туршилт хийх үйлдвэртэй, оюутнууд нь хийж бүтээсэн бүтээлээрээ зохиогчийн эрхээ шууд баталгаажуулдаг тийм зохион байгуулалтанд орсон байдаг. Бүр 19-р зуунаас хойш, барууны их дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажил нь шинжлэх ухааны хэрэгцээ шаардлагад аль болох түргэн хариулж, нийцэн хөгжиж байснаар шинжлэх ухаан урагшлан хөгжсөн, их сургуулиудын нэр хүнд ч улам өсөн нэмэгдсэн гэж үздэг.
Манай улсад олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай мэргэжил, судалгааны тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлох, тэнд ажиллах мэдлэг чадвартай профессор багш нарыг дотооддоо өрсөлдөөнөөр сонгон шалгаруулах, гадаадад ажиллаж буй нарийн мэргэжлийн эрдэмтдээ урьж ирүүлэх нөхцөл бүрдүүлэх, шаардлагатай мэргэжлийн чиглэлээр гадаадын нэр хүндтэй их сургуулиас профессор урьж урт хугацаагаар ажиллуулах замаар судалгааны их сургуулийн суурийг тавих асуудлыг хөндөж эхлээд байгаа. Манайд эхний шатанд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бүтцэд өөрчлөлт хийж эхлээд байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “дээд боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. …өрсөлдөх чадвартай цөөн сургуулийг буй болгоно…”[8] гэсэн зорилт тавьж байгаа нь материаллаг болон хүний нөөцийн ашиглалтыг сайжруулах, сургалт судалгааны ажлын нэгдмэл байдлыг дээшлүүлэхэд оршиж буй аж. Үүний үр дүнд “төрийн өмчийн 42 их, дээд сургууль, коллеж энэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байгаа бол тогтоол хэрэгжсэний дараа 16 сургуультай болно”[9]гэсэн шийдвэрт хүрээд байна.
Иймээс өнөөгийн нийгэмд их дээд сургууль нь мэдлэг бүтээх, түгээх олон талт стимулд зайлшгүй мэдрэмжтэй хандах цаг үе болжээ гэдгийг дэлхий дахины дээд боловсролын хандлага харуулж байна. Ийнхүү гадаад хүчин зүйлийн шахалтаас үүдэн гарч байгаа зайлшгүй шаардлагыг хангахад их дээд сургуулийн менежментийн өөрчлөлтийг бодлогын шинжтэйгээр засаг төр нь хуулийн хүрээнд шийдэж байна.
Дээд боловсролын орчин үеийн энэ хандлага нь хувь хүн, инстиуцид хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь сонирхол татсан асуудал мөн. Хэрэв их дээд сургуульд ажиллаж байгаа эрдэмтэн судлаач, багш нар өөрийн санаачилсан, нээсэн инновацидаа ямар ч урамшуулал авахгүй, карьер нь ахихгүй бол тэдэнд ямар нэг хичээл зүтгэл гаргах шалтгаан байхгүй болно. Үүний нэгэн адил тухайн дээд боловсролын сургалтын байгууллагад нь бас ямар ч нэмэлт нөөц орж ирэхгүй бол бизнесийн хандлагатай үйл ажиллагааг дэмжих, тийм бүтцийн өөрчлөлт хийх сонирхол мөн байхгүй болно. Бусад пост-социалист орнуудын адилаар манай улсад их дээд сургуулийн профессор, багш нарын цалин хөлс бага тул тэд мэдлэгээ гадны байгууллагад борлуулан зөвлөгөө өгөх, өөр хоёр дах, гурав дах ажил давхар хийх замаар нэмэлт орлого олдог ердийн үзэгдэл тогтжээ. Гэтэл баруун европын орны их сургуулиудад төстэй мэт боловч өөр асуудал тулгарч байсан байна. Жишээлбэл, Швед, Их Британид их сургуулийн хүрээнд хийгдсэн судалгааны нээлтээс оюуны өмчийн эрхийн асуудал үүсч байжээ. Аливаа шинжлэх ухааны нээлт хийгдэхэд түүнээс олсон орлогыг нэхэмжлэх эрхийг эзэмших хууль ёсны дөрвөн[10] эзэн гарах магадлалтай байсан. Үүнд, нээлтийг хийсэн судлаачид, эрдэмтэд, тэдний их сургууль, тэдний судалгааг санхүүжүүлсэн спонсорууд, дээд сургуульд томоохон санхүүжилт хийдэг төр гэсэн дөрвөн нэхэмжлэгч гарч ирэх боломжтой байдаг байна. Энэ байдлыг орон орон янз бүрээр шийдэж иржээ. Жишээ нь, EUERUK-ийн Шведийн судалгаанд “өнөөдөр Шведэд судлаач, эрдэмтэд өөрсдийн нээсэн инновацидаа онцгой эрхэдэлнэ. Гэхдээ их сургууль нь энэ эрхийн хувиас хүртэх зөвшөөрөл нэхэмжилж байгаа. Тэгэхгүй бол хөгжлийг урагшлуулах, судлаачдад патент, шаардлагатай анхан шатны санхүүжилтийг хийхэд нь туслах мотивацигүй болно”[11] гэж үзэж байна. Их Британид 1980- д он хүртэл төрийн судалгааны зөвлөл гэдэг байгууллагаас санхүүжүүлсэн судалгааны оюуны өмчийн бүх эрхийг засгийн газар авдаг байсан байна. Иймээс их сургуулиудад тэдний эрдэм шинжилгээний судалгааны үр дүнд бий болсон нээлтийг ашгийн зориулалттай хэрэглэх сонирхол, сэдэлүй байсан байна. Харин өнөө үед энэ байдал өөрчлөгдөн судалгааны зөвлөлүүд нь ийм эрхгүй болж, их сургууль тус бүрдээ хувь хүн, багтай нээлтийн талаар тусгай хуулийн гэрээ хэлцэл хийдэг болжээ. Ийм маягаар баруун европын орнуудад их сургуулиуд нь уламжлалт арга барилаас ангид, шууд удирдлагатай бие даасан, бизнесийн шинжтэй судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний нэгж, төвүүдийг байгуулж байна.
Манай оронд их дээд сургуулиуд төлбөртэй сургалт эрхлэх болснооор санхүүжилтын хувьд харыдангуй бие даасан байдалд хүрсэн ч энтрепрюнер зарчмаар ажиллахад бэрхшээл нилээд байна. Юуны өмнө боловсрол, шинжлэх ухааны тухай төрийн бодлого нэг утгатай тодорхой болж төлөвшөөгүй байна. Тухайлбал, энтрепрюнер их сургуулийн дөнгөж эхлэл болох төлбөртэй сургалтын тогтолцоо бүрэлдэж амжаагүй шахам байхад түүнийг эргүүлэн зогсоох бодлого хэрэгжүүлэхээр зэхэж эрх баригч намын ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан. Энэ бол төрийн боловсролын бодлогод нэг чиг хандлага байх нь байтугай тэр нь бодлогын нэг туйлаас нөгөө туйл руу үсэрч байдгийг харуулж буй хэрэг юм.
Нөгөө талаас сургалтыг шинжлэх ухааны судалгаанаас салгаж заагладаг сэтгэлгээ, тэр сэтгэлгээг баталгаажуулсан тогтолцоо үйлчилж байна. Их сургуулиуд зөвхөн сургалт эрхлэх буюу мэдээлэл дамжуулах үүрэгтэй, харин мэдлэг үйлдвэрлэл буюу шинжлэх ухааныг зөвхөн ШУА эрхэлдэг. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад манайд байдаг ШУА шиг байгууллага байхгүй бөгөөд шинжлэх ухааныг их дээд сургуулиуд шууд авч явж байна. Учир нь төрийн хомс санхүүжилт дээр оршин тогтдог ШУА шиг байгууллагуудад шинжлэх ухааны еудалгаа хийх хөрөнгө болон хүн хүчний нөөц байдаггүй. Их дээд сургуулийн давуу тал нь маш их хүний нөөцтэйд оршдог. Санхүүгийн хувьд зарим бэрхшээл байдаг ч тэр нь харьцангуй бөгөөд ШУА шиг байгууллагуудынхтай харьцуулбал бэрхшээл биш юм. Их сургуулиуд дахь маш өндөр мэргэшсэн хүний нөөц нь шинжлэх ухааны асуудлыг шийдэх гол хүчин зүйл болдог. Нобелийн шагналыг зөвхөн Их сургуулийн профессорууд л авч байгаа нь үүний энгийн тод жишээ юм.
Ашигласан ном
- Монгол Улсын Боловсролын тухай хууль
- Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Улаанбаатар, 2005
- Баасанжав М., Их сургуулийг цаашид хотхоноор хөгжүүлнэ. Өдрийн сонин, Улаанбаатар, 2010.01.29, №023:15
- Clark, В. R., Sustaining change in universities: continuities in case studies and concepts, Maidenhead, Society for Research into Higher Education and Open University Press. 2004
- Education at Glance, OECD, Paris, 2004
- Gareth Williams & Igor Kitaev, Overview of National Policy Contexts fro Entrepreneurialism in Hihger Education Institutions. Higher Education Management and Policy, OECD, 2005 Volume 17, No.3
- Дээд боловсролыг шинэчлэх чиглэл. Retreived April 15, 2004 from Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны сайт: http://www.mecs.gov.mn/
[1] Gareth Williams & Igor Kitaev, Overview of National Policy Contexts fo Entrepreneurialism in Hihger Education Institutions. Higher Education Management and Policy, OECD, 2005 Volume 17, No.3:129
[2] Clark, В. R., Sustaining change in universities: continuities in case studies and concepts, Maidenhead, Society for Research into Higher Education and Open University Press. 2004
[3] Gareth Williams & Igor Kitaev, Overview of National Policy Contexts fo Entrepreneurialism in Hihger Education Institutions. Higher Education Man agement and Policy, OECD, 2005 Volume 17, No.3:131.
[4]Мөн гэнд
[5] Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгө, Улаанбаатар, 2005
[6] Монгол Улсын Боловсролын тухай хууль. Улаанбаатар, 1995
[7] Gareth Williams & Igor Kitaev, Overview of National Policy Contexts fo Entrepreneurialism in Hihger Education Institutions. Higher Education Management and Policy, OECD, 2005 Volume 17, No.3:137
[8] ” Баасанжав М., Их сургуулийг цаашид хотхоноор хөгжүүлнэ. Өдрийн сонин, Улаанбаатар, 2010.01.29, №023:15.
[9] Мөн тэнд
[10] Gareth Williams & Igor Kitaev, Overview of National Policy Contexts fo Entrepreneurialism in Hihger Education Institutions. Higher Education Management and Policy, OECD, 2005 Volume 17, No.3:139.
[11] Education at Glance, OECD, Paris, 2004