Д. Болд-Эрдэнэ
/Улс төрийн ухааны доктор, профессор/
Шинэ толь №71, 2011
Түлхүүр үг: нам судлал, парадигм, бихевиорист арга, бүтэц үүргийн онол, модернизмын онол, рационал сонголт, неоинституционализм
Орчин үеийн нам судлалын онолын статус, парадигм түүний хувьсал, өөрчлөлтийн асуудал нь улс төрийн шинжлэх ухааны судалгааны сонирхолтой сэдэв юм. Нам судлалын онолын хөгжил нь орчин үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжлийн ерөнхий үйл явцын тусгал, түүний онцлог илрэл нь болж байдаг. Үүнтэй холбогдуулан нам судлал түүний улс төрийн мэдлэгийн тогтолцоонд эзлэх байр суурь, статусын онцлогийн асуудлыг товч боловч тодруулах нь ач холбогдолтой.
Нам судлалын онолын статус
Нам судлал нь өнөөгийн шинжлэх ухааны мэдлэгийн ялгарал заагралын жам ёсны үйл явцын үр дүн юм. Түүний онол үзэл санааны суурь үндэсхүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний хөгжлийн нилээд эрт үеэс тавигдсан гэж үздэг. Намыг улс төрийн үзэгдэл болохынх нь хувьд судлаачид анхааран судалсаар иржээ. Хэдийгээр намын үүслийн он цагийг ХVII-ХVIII зууны зааг үе гэж үздэг ч үүнээс өмнө нийгэм дэх социал бүлгүүдийн улс төрийн ашиг сонирхол, үзэл бодлын ялгарлын үйл явц ямагт байсаар ирсэн бөгөөд үүнтэй холбоотой түүний зохион байгуулалт бүтцийн түвшин дэх өвөрмөц тусгал болсон намтай төсөөтэй үүрэг, шинж зорилго бүхий улс төрийн бүлэг, бүлэглэлүүд оршин үйлчилж, үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Эндээс үзвэл нам судлал эхэн үедээ сонирхолын бүлэг, бүлэглэлийг судлах хэлбэрээр анх үүсэн тэрлэж байжээ гэж дүгнэн хэлэх боломжтой юм. Харин хүн төрөлхтний түүхэнд “нам хэмээх улс төрийн бие даасан байгууллага (институт) бий болсон үеэс эхлэн нам судлалын онол сонгодог агуулгаараа үүсэн бүрэлдэж, олон арван сэтгэгч мэргэдийн оюуны хүч чадлаа сорих судалгааны томоохон чиглэл болон хөгжих болжээ. Хэдий тийм боловч намын тухай онол, үзэл санаа хэлбэршин төлөвших хүртлээ хүнд хэцүү сорилтыг туулсан билээ. Намын нийгэмд гүйцэтгэх эерэг үүргийг анх удаа системтэй үндэслэсэн сэтгэгч нь Италийн сэтгэгч, улс төрийн онолч Н.Макиавелли (1469- 1527) байсан юм. Тэрээр “намуудын бий болгосон зөрчил мөргөлдөөнөөс сургамж авч эв нэгдлээ эрхэмлэн хүндэлж хадгалан хамгаалах хэрэгтэй”[1] гэж бичсэн байдаг.
Орчин үед нам судлалыг харьцангуй бие даасан мэдлэгийн салбар мөн үү? эсхүл улс төрийн шинжлэх ухааны хавсарга томоохон чиглэл үү? гэдэг дээр өнөө хэр маргасаар байна. Өнөв, үед нам судлалын судлагдахууны хүрээ илт өргөжин, багтаамж нь нэмэгдэхийн хэрээр нам судлалын шинжлэх ухааны харьцангуй бие даасан статусыг нийтээр хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон байна. Энэ нь орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийн салбарт гарч буй дифференциацын зүй ёсны үйл явцтай холбоотой төдийгүй намын асуудлын өөрийнх нь тулгамдсан шинж, ач холбогдолтой юуны өмнө уялдаж байгаа юм. Сүүлийн үед нам судлалыг бие даасан мэдлэгийн салбар гэдэгтэй судлаачид ерөнхийдөө санал нэгдэх болсон. Ингэхдээ тэд түүнийг улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд багтах харьцангуй бие даасан статус бүхий салбар шинжлэх ухаан гэж үзэж байна.
Ер нь нам судлалыг харьцангуй бие даасан мэдлэгийн салбар гэж үзэх хэд хэдэн үндсэн шалтгаан байгаа юм. Энэ нь:
Нэгдүгээрт, нам нь хүмүүсийн улс төрийн ашиг сонирхол, үзэл бодлоо илэрхийлэх хамтын зохион байгуулалтын хэлбэр, засаглалыг хэрэгжүүлэх гол институт гэдэг агуулгаараа улс төрийн онолын бусад асуудалтай харьцуулахад бие даасан түвшинд судлагдах хэмжээний онолын болон практикийн томоохон зангилаа асуудал болж байдаг. Тиймдээ ч намын асуудалтай уялдаж холбогддоггүй улс төрийн онолын нэг ч асуудал байдаггүй гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй юм;
Хоёрдугаарт, сонгодог гэж хэлж болох олон арван улс төрийн философи сэтгэгчид намын асуудлаар бүтээл туурвилаа бичиж, бидэнд өвлүүлэн үлдээсэн байдаг. Тэдгээрийн дийлэнх нь ХIХ-ХХ зууны эхэн, дунд үед бичигдсэн байна. Энэ нь намын асуудал эхнээсээ л хүн төрөлхтний сор болсон улс төрийн онолч сэтгэгчдийн анхаарлын төвд байж, тэдний судлал шинжлэлийн бие даасан онцгой чиглэл болж байсныг харуулж байна. Тиймээс ч нам судлалын онол үзэл санааны өв уламжлал арвин их байдаг билээ;
Гуравдугаарт, шинжлэх ухааны мэдлэг өмнө бидний нэгэнтэй тэмдэглэсэнчлэн эрчимтэй дифференциалчлагдаж байна. Үүнйй үр дүн нь нам судлал болоод зогсохгүй нам судлал өөрөө мөн мэдлэгийн өвөрмөц салбар болон заагран ялгарах болсон. Өнөө үед нам судлал нь намын социологи, намын сэтгэл зүй, намын эрх зүй, намын элит, лидер судлал, намын удирдлагын онол зэрэг судалгааны олон чиглэл салбар бий болж, энэ бүхнийг нам судлал нэгтгэн төвлөрүүлж байна. Практикаас үзэхэд шинжлэх ухааны мэдлэгийн олон чиглэл салбарын бие даасан статусыг хүлээн зөвшөөрөх нь шинжлэх ухааны хөгжлийн ердийн хэм хэмжээ юм;
Дөрөвдүгээрт, өнгөрсөн зууны 40-өөд оны сүүлчээс буюу 1948 онд ЮНЕСКО-гийн ивээл дор олон улсын улс төр судлаачдын их хурлаас улс төрийн ухааныг шинжлэх ухааны бие даасан тусгай салбар мөн болохыг албан ёсоор зарлаж, түүний судалгааны чиглэлүүдийг томъёолон тодорхойлсоны дотор нам, хөдөлгөөний асуудал онцгой байр суурь эзэлсэн байдаг. Чухам энэ үеэс нам судлалын шинжлэх ухааны бие даасан статусыг нийтээр хүлээн зөвшөөрөх эхлэл тавигдсан гэж үзэж болох юм. Учир нь аливаа шинжлэх ухааны бие даасан байдлыг хүлээн зөвшөөрч, судалгааны чиглэлийг зарлана гэдэг нь үнэн хэрэгтээ зөвхөн тухайн шинжлэх ухааныг төдийгүй түүнээс салбарлан гарах учиртай мэдлэгийн тусгай салбарын бие даасан байдлыг шууд бус дам хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Ингэхлээр нам судлалыг улс төрийн шинжлэх ухааны харьцангуй бие даасан мэдлэгийн салбар гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна.
Эндээс улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоонд нам судлалын эзлэх байр суурь, статусын асуудал зүй ёсоор гарч ирж байна. Улс төрийн онолыг бүтцийн хувьд гурван үндсэн түвшинд ялган үздэг. Энэ нь: улс төрийн ерөнхий онол, тусгай онол, эмпирик онол юм. Улс төрийн шинжлэх ухааны онолын тогтолцоонд нам судлалын онол чухал байр суурь эзэлдэг. Нам судлал нь судалгааны объект, судлах зүйлийн хүрээ, багтаамж, онцлогийн хувьд улс төрийн тусгай онолын үүрэг гүйцэтгэдэг. Тодруулж хэлбэл нам судлал нь улс төрийн ерөнхий онол хийгээд эмпирик онолын зааг
уулзвар дээр оршдог шинжлэх ухааны мэдлэгийн тусгай онол юм.[2] (Зураг № 1) Ийм онолыг зарим судлаачид улс төрийн “дунд түвшний онол” гэж үздэг.[3]
Зураг № 1. Улс төрийн онолын тогтолцоонд нам судлалын эзлэх байр суурь
Энэ агуулгаар авч үзвэл нам судлал нь улс төрийн ерөнхий хийгээд эмпирик онолын аль алиных нь бааз сууринд тулгуурладаг. Тухайлбал, нам судлал нь улс төрийн ерөнхий онолоос онол, үзэл санааны эх сурвалж авдаг бол улс төрийн эмпирик онолоос судлал шинжлэлийн гол баримт материалаа олж авдаг байна. Хэдийгээр нам судлал нь ингэж улс төрийн мэдлэгийн тогтолцоонд улс төрийн тусгай онолын үүрэг гүйцэтгэдэг ч өөрийнхөө түвшинд тэрээр мөн ерөнхий, тусгай, эмпирик онолын өвөрмөц тогтолцоот бүтцийг бүрдүүлдэг. Үүний үндэс нь нэгд, нам судлал нь улс төрийн ерөнхий мэдлэгийн хүрээнд бие даасан байр суурь эзэлдэг, хоёрт, энэ нь ингэхдээ бие даасан бүхэллэг дэд системийг бүрдүүлдэг, гуравт, судалгааны объект, судлах зүйлээ тогтолцооны онолын хүрээнд авч үздэг, дөрөвт, нам судлалын судалгааны гол судлагдахуун болох нам, намын системийн асуудал нь улс төрийн онолын ерөнхий хийгээд тусгай, эмпирик түвшинд судлагдах бүхэл тогтолцоот үзэгдэл болдог, тавд, улс төрийн тусгай үзэгдэл болох нам, намын тогтолцоо нь улстөрийн ерөнхий үзэгдлийн тусгал болдог төдийгүй энэ ерөнхий үзэгдэл нь нам, намын тогтолцоо хэмээх тусгай үзэгдэлээр дамжин илэрч байдаг зэрэгтэй холбоотой юм. Үүнтэй холбоотойгоор зарим улс төр судлаачид нам судлалын онолыг улс төрийн ерөнхий, тусгай, эмпирик онолын аль алиных нь шинж элементийг агуулсан улс төрийн шинжлэх ухааны онцгой салбар гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш юм. Тэгэхдээ ингэлээ гээд “улс төр судлал”, “нам судлал” хоёрыг механикаар шууд адилтган үзэж болохгүй нь мэдээж. Харин энэ тохиолдолд түүнийг улс төр судлалын салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үзэхийн зэрэгцээ өөрийн өвөрмөц бүтэц, чиглэл бүхий улс төр судлалын харьцангуй бие даасан салбар ухаан гэж ойлгох учиртай.
Нам судлалын шинжлэх ухаан нь намыг улс төрийн үзэгдлийнх нь хувьд тусгайлан судалдаг. Ингэхдээ улс төрийн ерөнхий болон харьцуулсан улс төр судлалын түгээмэл арга, арга зүйд тулгуурлан түүнийг нийгмийн улс төрийн орчин, улс төрийн тогтолцоотой холбон цогц байдлаар авч үздэг. Түүний судалгааны объект нь улс төрийн нам, харин судлах зүйл буюу судлагдахуун нь намтай холбоотой гарч ирсэн онолын болон эмпирик түвшний тодорхой асуудал, үзэгдэл, үйл явц байдаг нь тодорхой байна. Ингэхлээр нам судлал нь улс төрийн нам, намын тогтолцооны үүсэн бүрэлдэж, оршин тогтнох үйл явцын хүрээнд үйлчилж буй нийтлэг өвөрмөц хууль, жам ёсны тухай, намын нийгмийн улс төрийн орчин, тогтолцоонд эзлэх байр суурь, гүйцэтгэх чиг үүрэг, нөлөө оролцооны тухай шинжлэх ухаан юм. Нам судлал нь намыг нэгд, институтын; хоёрт, түгээмэл харилцааны; гуравт, зорилго, үйл ажиллагааны; дөрөвт, хэм хэмжээ, зохицуулалтын; тавд, ухамсар – сэтгэл зүйн түвшинд тус тус учир ялгавартай авч үзэж судалдаг.
Нам судлалын онолын парадигм
Нам судлалын парадигм нь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны онолын хөгжлийн ерөнхий жам ёсуы дагуу хувьсан өөрчлөгдөж ирсэн байдаг.
“Парадигм” (paradigm) гэдэг нэр томъёо нь судалгааны арга, арга зүй, аргачлалыг агуулгандаа багтаадаг өргөн хүрээтэй ойлголт юм. Судалгааны тодорхой арга зүй тухайн шинжлэх ухааны судлал шинжлэлийн бүхий л явцад байнга тогтвортой хэрэглэгдэн, хэвшиж тогтсон шинжтэй болоод ирэхлээрээ энэ нь тухайн салбарын арга зүйн парадигмын түвшинд хүлээн зөвшөөрөгддөг. “Парадигм” гэдэг ойлголтыг өнгөрсөн зууны 20-иод оны үед Америкийн судлаач Т.Кун шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан бөгөөд түүнийхээр энэ нь танин мэдэх асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх өвөрмөц логик загвар гэсэн утгатай ойлголт юм.[1] Т.Кун парадигм бол аль нэгэн шинжлэх ухааны нийгэмлэгийн хүлээн зөвшөөрч баримталсан итгэл үнэмшил, үнэт зүйл болон арга хэрэгсэлийн нийлбэр мөн гэж тодорхойлсон байдаг.[2] Судалгааны арга зүй нь парадигмын статустай болохын тулд судлах зүйл, судалгааны объект, ойлголтын аппарат, онолын болон практик хэрэглээний талаасаа бусад шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоонд эзлэх байр суурь, уялдаа холбоо гэсэн үндсэн хэмжүүрийн шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Тэдгээр нь 1/ гүн ухааны, 2/ ерөнхий онолын, 3/ метаонолын гэсэн гурван түвшинд үндэслэгдэж байх ёстой ажээ.[3]
Шинжлэх ухааны арга зүйн парадигмын хөгжил ямагт хувьсан шинэчлэгдэх чиглэлээр өрнөж ирсэн эрэл хайгуул бүхий үйл явц байсан. Улс төр судлалын үндсэн парадигмыг теологийн, натуралист, социал болон рационал шүүмжлэлийн гэж ангилж болох юм. Харин Америкийн судлаач Рональд Х.Чилкот улс төрийн шинжлэх ухаанд орчин үеийн улс төрийн судалгааны парадигмын гурван үндсэн хандлага байсан гэж үзээд үүнийг уламжлалт, бихевиорист, постбихевиорист парадигм хэмээсэн байна.[4] Нам судлалын шинжлэх ухаан нь улс төрийн шинжлэх ухааны нэг адил олон хэмжээст парадигм[5] бүхий мэдлэгийн салбар юм. Өнөөдөр нам судлалд тогтолцоот – бүтцийн институционал болон тогтолцоо – үүргийн функционал уламжлалт парадигмаас гадна бихевиорист, нийгэм сэтгэл зүйн, геополитикийн, зөрчил, зөвшөлцөлийн түүнчлэн постбихевиоризмын хүрээн дэх улс төрийн “зах зээлийн загвар”, улс төрийн “тоглоомын загвар”, “рационал сонголтын онол”-ын парадигм өргөн хэрэглэгдэж байна.
Орчин үед намыг авч үзэх улс төрийн ерөнхий онолын болон хавсарга улс төр судлалын янз бүрийн арга хандлага өргөн хэрэглэгдэх болжээ. Гэхдээ энэ нь орчин үеийн нам судлалын үндсийг тавьсан томоохон улстөрийн философич, сэтгэгчдийн үзэл санааны өв уламжлал, үнэт зүйлст суурилж байдаг нь эргэлзээгүй. Нам судлалын хөгжилд Өрнөдийн нэртэй томоохон нам судлаачид тухайлбал М.Острогорский, Р.Михельс, М.Вебер, Г.Еллинек, Ф.Гогель, М.Дюверже, Ж.Лапаломбара, А де Токвиль, М.Вейнер, Ж.Сартори, К.Поппер, К.Жанда, Р.Арон, Ф.Сорауф, Е.Вятр, С.Хантингтон нар жинтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Өнөө үед улс төрийн шинжлэх ухааны хөгжилд улс төрийн эмпирик онолын үүрэг жинтэй нөлөө үзүүлэх болов. Үүнтэй уялдан харьцуулсан улс төр судлал түүний онол парадигм улс төрийн судлал шинжлэлд түргэн хурдацтай түгэн дэлгэрч байна. Жам ёсны энэ хандлага орчин үеийн нам судлалын онолд ч тод томруун илрэх болжээ. Өнөө үед улс төрийн намыг авч үзэх харьцуулсан улс төрийн олон янзын арга парадигмыг Өрнөдийн орны нам судлаачид өргөн хүрээтэй хэрэглэж байна. Тэгэхдээ энэ нь дэлхийн улс төрийн амьдралын түүхэн цаг үеийн онцлог, шинжлэх ухааны танин мэдэхүйн хөгжлийн төлөв байдалтай уялдан хувьсал, өөрчлөлтийн төвөгтэй замыг туулсан байна.
Нам судлалын парадигмын үндсэн чиглэл
Онолын буюу хавсарга улс төрийн намыг авч үзэх хамгийн түгээмэл арга зүй нь институтын хандлага болж байлаа. Судалгааны энэ арга хандлага нь улстөрийн үзэгдлүүдийг тусгайлан авч үзэж шинжлэх хамгийн түгээмэл бөгөөд уламжлалт арга болж байсан. XX зууны 30-40-өөд оны үед улс төрийн шинжлэл судлалд институтын уламжлалт арга өргөн хэрэглэгдэж байжээ. Намыг институтын талаас нь авч үзэж судалдаг нам судлаачид намыг нийгмийн улс төрийн бие даасан онцгой үзэгдэл хэмээн үзэж, түүнийг улс төрийн бүхэл “организм”-ынх нь хүрээнд тогтвортой талаас нь тусгайлан авч үздэг. Тэд ингэхдээ намыг улс төрийн бие даасан байгууллага, иргзний нийгмийн бүхэл бүтэн институт гэдэг талаас нь онцгойлон судалдаг. Нам судлалын институционал чиглэлийн судлаачид намыг их төлөв ардчилсан засаглалын хэлбэрүүдийн хоорондын ялгааг судлах явцад тодорхой харьцуулан судалсан байдаг. Энд улс төрийн намаас гадна бас төр, гүйцэтгэх засаглал, парламент, шүүх засаглалын бүрдлүүд тэр үеийн харьцуулсан институционал судалгааны анхаарлын төвд байсан юм. Энэ хүрээнд Х.Ласки, Ф.Либер, Э.Фрнмен, В.Вильсон, Ж.Бержес, Г.Файнер, Карл Фридрих, М.Я Острогорский, Р.Михельс нарын бүтээлүүд ихээхэн нэрд гарсан байдаг.[6] Хэдий тийм боловч улс төрийн шинжлэл дэх институционал хандлагын зарим сул талыг засах, намын судалгааг хөгжүүлэх шаардлагын үүднээс бихевиорист болон тогтолцоо, бүтэц – үүргийн хандлага нам судлалд хүчтэй түрэн орж ирсэн билээ.
Намыг авч үзэх судалгааны нэг томоохон чиглэл нь бихевиорист арга зүй болж байв. Бихевиорализм нь формал легал шинжээр тодорхойлогддог судалгааны уламжлалт хандлагыг өөрчлөх үзэл санаа, оролдлогын үр дүн болж байлаа. Тиймээс ч XX зууны 40-50-иад оны үед уламжлалт институцийн хандлагын зарим сул талыг даван туулах зорилгоор бихевиоризм улс төр тэр дундаа нам судлалд өргөн хэрэглэгдэх болсон байна. Эхэн үеийн (XIX зуун) бихевиорист судлаачид хүмүүсийн сэтгэл зүй – ухамсрын судалгаанаас хүмүүсийн зан үйлийн шинжилгээнд шилжижулмаар тэрхүү зан үйлийг нийгмийн тодорхой бүлгүүдийн хүрээнд оруулан судлах болсон байна. Харин тухайн үедээ Чарльз Мерриам, Харольд Лассуэлл, Леонард Уайт Бернард Берелсон, Пол Лазерсфельд, Уильям Мак-Фи, Габриел Алмонд, Сидней Верба9 нарын судлаачид хүмүүсийн улс төрийн үйл байдлыг нийгмийн институт төр, нам, бүлэг, улс төрийн үйл явцын түвшинд нарийвчлан судлах эхлэлийг тавьсан юм. Нам судлалд бихевиорализм нэвтэрснээр намыг зөвхөн институционал хүрээгээр ойлгож байсныг больж түүнийг үйл ажиллагаа тэр дундаа намын дотор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байдаг улс төрчид, хүмүүсийн үйл байдал, зан суртахууны шинж байдалд ажиглалт, судалгаа дүгнэлт хийх замаар намын хөгжил, төлөвшилтийн үйл явцын учир зүй, шалтгаант хамаарлыг шинэ байдлаар тодруулан шинжлэх боломж нээгдсэн байна. Ингэж бихевиоризм нам судлалд нэвтэрсэнээр түүний арга зүйн хөгжилд нэг том алхам болсон юм.
XIX зууны 50-60 оны үес судалгааны бихевиорист арга зүй тогтолцоо, бүтэц – үүргийн онолтой нягт уялдаатайгаар нийгэм судлалд хэрэглэгдэх болсон нь улс төрийн дүн шинжилгээ, нам судлалд шинэ үзэгдэл болсон байна. Улс төрийн шинжлэлд тогтолцоо, бүтэц – үүргийн онол нэвтэрснээр улс төрийн ухааны мэдлэг нарийсан гүнзгийрч, улс төрийн мэдлэгийн олон салбар болох тусгай эрх зүйн болон харьцуулсан улс төр, төрийн онол, нам судлал зэрэг мэдлэгийн өвөрмөц хэлбэрүүд бий болсон байна. Тэгэхдээ тогтолцоо, бүтэц – үүргийн онол бихевиоризмын адил социологиос улс төрийн шинжлэх ухаанд нэвтрэн орж ирсэн бөгөөд онолын энэ хандлагыг боловсруулахад Эмиль Дюркгейм, Альфред Радклифф-Браун, Роберт Мертон, Толкотт Парсонс нарын социологчид үнэтэй хувь нэмэр оруулжээ. Харин тогтолцоо, бүтэц – үүргийн онолыг улс төрийн шинжлэлийн хүрээнд оруулан хөгжүүлэхэд Дэвид Истон, Габриэль Алмонд, В.Пауэлл[7] нарын судлаачид жинтэй үүрэг гүйцэтгэсэн байна. Америкийн судлаач Д.Истон “Улс төрийн тогтолцоонуудад дүн шинжилгээ хийх хандлага” (1957) хэмээх өгүүлэлдээ анх бүтэц – үүргийн хандлагыг улс төрийн тогтолцоог судлахад тохируулан боловсруулсан бөгөөд энэ нь улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд давтагдашгуй ул мөрөө үлдээж, харьцуулсан улс төр судлал тэр дундаа нам судлалыг барьцтай арга зүйгээр зэвсэглэж өгсөн байна. Учир нь Д.Истон өөрийн боловсруулсан арга зүйг “улс төрийн амьдралыг ойлгох урт хугацаанд хэрэглэгдэх эмпирик чиглэлийн суурь онол…” хэмээн нэрлээд энэ онолоор “… улс төрийн нам, сонирхолын бүлэг, засгийн газар болон сонгогчид зэрэг бүрдлүүдийн үйл ажиллагааг судлах болно.”[8] гэж бичсэн байдаг.
Тогтолцооны онолын үүднээс улс төрийн намыг судлах судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан бүтээлүүдийн тоонд Э.Сорауф “Улс төрийн нам ба улс төрийн шинжилгээ” (1967), Ж. Ла Паломбара, М.Винер “Улс төрийн нам ба улс төрийн хөгжилт” (1966), Д.Аптер “Модернизацийн улс төр”, М.Дюверже “Улс төрийн нам” (1951) дурьдаж болох юм. Тогтолцоо, бүтэц – үүргийн онолын үүднээс улс төрийн намыг судлахад түүнийг юуны өмнө олон бүрдэл бүхий бүхэл тогтолцоо гэж үздэг. Гэхдээ улс төрийн энэ тогтолцоо дотор харьцангуй тогтвортой элементүүд байдаг. Тэдгээр нь хоорондоо холбогдон уялдаж, зохион байгуулагдсанаар бүтцийг бүрдүүлдэг. Элементүүдийн хоорондын харилцааны үндэс нь тэдгээрийн тус тусын чиг үүрэг юм. Нэг үгээр хэлбэл чиг үүрэг гэдэг нь эцсийн бүлэгт бүтцийн элементүүдийг холбож өгч, тэдгээрийн хэрэгжүүлж байдаг харилцаа юм. Тиймээс нам дахь бүтэц-үүргийн шинжилгээ гэдэг нь намын бүрдүүлж буй бүхий л хүрээний бүтцийг тодотгож, дараа нь тэдгээрийн элементүүдийн гүйцэтгэж буй чиг үүргийг судлах явдал юм. Ингэж тогтолцоо, бүтэц – үүргийн онол улс төрийн шинжлэлд нэвтэрсэнээр улс төрийн намыг бүхэлд нь тогтолцоо маягаар авч үзэж, тухайн тогтолцооны бүтцийг бүрдүүлж буй бүрдэл элементүүдийг харилцан уялдаа холбоонд нь судлах бололцоо нам судлалд бий болсон юм.
Сүүлийн үед ардчиллын дөрөв дэх “давалгаа” ч гэж хэлж болох улс орнуудын ардчилалд шилжих үйл явцын өрнөлттэй уялдан улс төрийн намын судалгаанд модернизацын онол хандлага өргөн хэрэглэгдэх болсон билээ. Улс төр дэх модернизацын онолыг “гуравдагч ертөнц”-ийн. орнуудад хандсан судалгааг идэвхжүүлэх шаардлагын дагуу анх үүсэн гэж үздэг. XIX зууны социологчдын дунд “уламжлалт” болон “орчин үеийн” нийгмийн хооронд мөн чанарын ихээхэн ялгаа бий гэсэн үзэл хандлага хүчтэй ажиглагдах болсон байна. Тиймээс ч уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд шилжих үйл явцыг судлаачид модернизацын үйл явц хэмээн үзэж, уг үйл явцыг анхааран судлах болжээ. Энэ чиглэлийн томоохон судлаачдын тоонд Л.Пай, Жозеф Ла Паломбара, С.Верба, Э.Шильс, Д.Аптер, Р.Арон, С.Хантингтон[9] нарыг зүй ёсоор тооцож үзэж болох юм.
Өнөө үед модернизацын үйл явцын тодорхой илрэл нь XX зууны 80-90 оны зааг үеэс хүчтэй өрнөсөн Ази, Европын зарим улс орнуудын уламжлалт тоталитари нийгмээс ардчилсан нийгэмд шилжих “их шилжилт”-ийн үйл явц мөн билээ. Энэ үйл явцтай уялдан тэдгээр улс орнуудын шилжилтийн үеийн нийгмийг өргөн хүрээнд судлах шаардлага зүй ёсоор тавигдсан байна.
Шилжилтийн нийгмийг судлах судалгааны хүрээнд посткоммунист улс орнуудын нийгмийн – улс төрийн амьдралын ардчилсан өөрчлөлтийн үйл явцтай холбоотой асуудал онцгой анхаарал татах болсон. Тэдгээр асуудлуудын дотроос шилжилтийн нийгэм дэх улс төрийн намын асуудал чухал байр суурь эзлэж байгаа юм. Дээр нэр дурдсан судлаачдын бүтээлүүдэд улс төрийн намын хөгжил (намын модернизацын үйл явц)-ийн асуудлыг модернизацын онолын үүднээс буйртай шинжилсэн байдаг. Шилжилтийн нийгмийн улс төрийн намуудад асар их өөрчлөлт хувьсал ажиглагдах болжээ. Шилжилтийн улс орнуудад улс төрийн намыг урьдын уламжлалт байдлаар ойлгох аргагүй болсон бөгөөд үүнтэй уялдан намыг судлаж авч үзэх шинэ арга зүй хандлага хэрэгтэй болсон нь мэдээж юм.
1960-70 оноос харьцуулсан улс төр судлалын тулгуур арга зүй болсон тогтолцоо, бүтэц – үүргийн болон модернизацын онолууд нилээд шүүмжлэлд өртөх болсон билээ. Тухайн үедээ тогтолцоо, бүтэц – үүргийн онолыг нийгмийн улс төрийн тогтолцооны тогтвортой байдалд анхаарал хандуулаад түүний гүнд орших тулгамдсан бэрхшээл, асуудлыг анхаарлынхаа гадна орхидог гэж үздэг бол модернизацын онолыг Европ төвт үзэл болох Европ, Америкийн иргэншил нь хөгжлийн хамгийн дэвшилтэт хэлбэр гэж үздэг үзэл болон нийгмийн дэвшил бол америкчлагдсан орчин үе рүү тэмүүлэх хөдөлгөөн гэж үздэг телеологизмыг илтэд хамгаалахад чиглэгдсэн онол хэмээн шүүмжилж байв.
Энэхүү шүүмжлэлийн дүнд 70-аад оны үеэс харьцуулсан улс төр судлалын арга зүйн салбарт рационал сонголтын онол ба неоинституционализм хэмээх онолын шинэлэг хандлагууд нэвтрэн орж иржээ. Рационал сонголтын онолын хувьд Энтони Даунсын “Ардчиллын эдийн засгийн онол” хэмээх бүтээл 1957 онд хэвлэгдсэнээр онолын болон хавсрага улс төр судлалд энэ онол нэвтрэн орж иржээ. Рационал сонголтын онол нь дотроо нийгмийн сонголтын онол, тоглоомын онол, рационал тоглогчийн загвар, улс төр дэх эдийн засгийн хандлага зэрэг олон тусгай хэлбэр чиглэлүүдэд хуваагддаг байна.
Рационал сонголтын онолын гол мөн чанар нь улс төрийн харилцаанд оролцогч тусгаар оролцогч буюу тоглогчид улс төрийн арилжаа, солилцоо, өрсөлдөөн бүхий “улс төрийн зах зээл”-д улс төрийн ямар нэг үйл ажиллагаа явуулахдаа (улс төрийн тоглолт хийх) хамгийн ашигтай хувилбараар, хамгийн бага зардлаар, бодитой хүчин чармайлт гарган үр дүнд хүрэхийг эрмэлзэх ёстой гэдэгт оршдог. Тэрхүү оролцогч буюу тоглогч (асtor) нь Э.Дансуны үзэж байснаар идэвхтэй хувь хүн, нийгмийн тодорхой бүлэг, байгууллага юм. Ардчиллын нөхцөлд төр, нам, парламент, засгийн газар бүр өөрийн улс төрийн дэмжлэгээ дээд зэргээр нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байдаг, үүний зэрэгцээ иргэд ч үйлдлийнхээ үр дүнгийн ашиг тусыг мөн дээд зэргээр нэмэгдүүлэхийг хичээж байдаг.[10] Тэгэхдээ улс төрд оролцогч субъект бүр (иргэд, нам, төр, байгууллага) хоосон хийсвэр үнэт зүйлсийг биш харин өөрсдийн бодитой ашиг, сонирхолыг удирдлага болгох учиртай аж. Чухам эндээс хувийн ашигтай сонголт, хамтын ашигтай сонголтын тухай асуудал гарч ирдэг. Улс төрийн зах зээлд энэ хоёр сонголт хоорондоо зөрчилдөх ёсгүй. Харин ч хувийн ашигтай сонголтоор дамжуулан хамтын ашигтай сонголтыг хэрэгжүүлэх хамгийн үр ашигтай, зардал багатай арга замыг ашиглахыг хичээх нь туйлын чухал юм. Тэгэхдээ энэ тохиолдолд үйлдлийн ямар стратегийг сонгож авсанаас шалтгаалан тухайн субъектын улс төрийн зах зээл дэх хожих, хожигдох нь шийдэгдэж байдаг байна.[11] Үүнийг улс төр судлаачид “хоригдлын хоёрдмол сонголт” хэмээх тоглоомын онолоор тодотгон үздэг.[12]
Харьцуулсан улс төр судлалын салбарт нэвтэрсэн рационал сонголтын онол нь орчин үеийн нам судлалд ч зохих ул мөрөө үлдээсэн байна. Нам судлалд рационал сонголтын онолын зарчмыг авч хэрэгжүүлэхэд рационал сонголтын онолын гол төлөөлөгч болох К.Мангейм, Э.Даунс, У.Рикер, П.Ордешук, Г.Саймон, Д.Марч, Д.Олсен нарын үзэл санаа чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Нам судлал дахь рационал сонголтын онол нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж, өөртөө ашигтай үйл байдлын сонголтыг хийж байдаг улс төрийн намын идэвхтэй чиг үүргийг баримжаа болгосон байдаг. Орчин үеийн намууд өнөөгийн өрсөлдөөнт улс төрийн зах зээлд харилцан уялдсан үйл ажиллагаа буюу улс төрийн тоглолт* явуулж байдаг. Улс төрийн тоглоомд чухам аль нам нь улс төрийн эерэг ба сөрөг тэнцвэрийн нөхцөл байдлыг* бодитой харгалзан, тоглоомын дүрмээ зөв зохион түүнийгээ өөрт ашигтай хэрэгжүүлж чадсан нь амжилт олж байдаг. Ингэхдээ намууд К.Мангеймын тэмдэглэсэнчлэн мөн чанарын рационал шинж буюу бодит юмс үзэгдэл, нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлэн цэгнэж, ойлгох үр ашигтай “сэтгэх үйлдэл” явуулахыг эрмэлзэх нөгөө талаас чиг үүргийн рационал шинж буюу намууд тавьсан зорилгодоо хүрэх тоглолтын үр нөлөөтэй зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, намд хамаарагдаж буй тоглогч бүр өөрийн үүрэг, хариуцлага, байр сууриа гүнзгий ухамсарлан, чиг үүргийнхээ үнэ цэнийг олж авах үйлдлийг бодитой сонгон хэрэгжүүлэх хэрэгтэй болдог байна.[13]
Тэгэхдээ энэ тохиолдолд намууд өөрт ашигтай төгс сонголтыг онцгой нөхцөлд л хийхийг эрмэлзэх хэрэгтэй, бусад тохиолдолд “дээд зэргийн ашиг”, “ашиг тооцсон үнэ”-ийг бус харин “харьцангуй, боломжийн ашиг”, “шударга үнэ”-ийг сонгох нь зүйтэй юм. Учир нь улс төр болон намуудын үйл байдалд рационал бус элементүүд нилээд байдаг төдийгүй төгс рационап сонголт хийх боломж нам бүрт харилцан адилгүй байдаг аж. Эндээс үзвэл нам судлалд рационал сонголтын онол хэрэглэгдэх болсоноор намын аливаа үйл ажиллагааны үр ашигтай байдал, үйл байдлын оновчтой стратегийг сонгох боломж нөхцөлийг намуудад шинжлэх ухааны үндэстэй олгож байгаагаараа ач холбогдолтой юм.
Рационал сонголтын онолын ололтыг нам судлалд хэрэглэснээр намын неоинституционал судалгааны хандлага суүлийн үед хүчээ аван хөгжих болов. Нам судлалын неоинституционал хандлагын суурь үндсийг тавихад Г.Алмонд, Д.Марч, Д.Олсен нарын судлаачдын үзэл санаа гол нөлөө болсон байна. Нам судлалын институционал хандлагын гол зарчим нь улс төрийн тогтолцоо, төрийг судалгааныхаа төвд тавьж, төрийн үйл ажиллагааны тулгуур нь улс төрийн нам болохыг онцлон үзсэнд оршдог. Тэгэхдээ энэ удаа намыг улс төрийн бие даасан тусгай институт гэхээсээ илүү түүнийг улс төрийн тогтолцоо, төрийн салшгүй бүрдэл, улс төрийн бодит үйл байдал бүхий улс төрийн идэвхтэй субъект гэж ханддагт оршиж байна. Нэг үгээр хэлбэл, намыг нийгмийн тогтвортой статик шинж бүхий институц гэдэг талаас нь бус харин идэвхтэй үйл байдал бүхий улс төрийн динамик бодит үйл явц гэдэг талаас нь их төлөв онцлон үзнэ гэсэн үг юм. Нөгөө талаар, неоинституционализм намыг хувь хүний үйл байдалд шийдвэрлэх нөлөө үзүүлж, тэдний үнэлэмж, үзэл бодлоо олж авч, дамжуулан илэрхийлэх гол институц болж байдаг төдийгүй төрийн бодлогын үр дүнд гол нөлөө үзүүлнэ хэмээн үздэг. Нам судлалд неоинституционализм хэрэглэгдэх болсоноор намын судалгааны хүрээ орон зайн хувьд тэлж, орчин үеийн дэлхийн улс орнуудын улс төрийн намуудыг идэвхтэй харьцуулан судлах өргөн боломж нээгдсэн юм. Ингэж нам судлалын судалгааны арга зүй харьцуулсан улс төрийн онолын парадигмын дагуу хөгжин хэлбэршиж, улс төрийн амьдралын түүхэн хөгжлийн бодит явцаар өөрчлөгдөн хувирч, шинэчлэгдэн боловсронгуй болсоор ирсэн нь харагдаж байна.
[1] Макиавелли Н. История Флоренции. М.,1987. с. 7
[2] Д.Болд-Эрдэнэ. Нам судлал: онцлог шинж, судлах зүйл, судалгааны арга. Шинэ толь, 2002, №39. 34 дахь тал.
[3] С.Базарпүрэв. Улс төрийн шинжлэх ухаан. УБ., 2007, 18 дахь тал.
[4] Кун Т. Структура научных революций. М., 1975. с. 75.
[5] Мөн тэнд.
[6] Улс төрийн шинжпэх ухаан. /Ред Ц.Ганболд./ УБ., 2001. 61 дахь тал.
[7] Рональд Х.Чилкот. Теории сравнительной политологии: В поисках парадигмы. М., 2001. С. 87-91.
[8] Тайлбар: шинжлэх ухааныг нэг ба олон парадигмт гэж ангилдаг бөгөөд улс төрийн шинжлэх ухаан нь олон парадигмт шинжлэх ухаанд тооцогддог.
[9] Харольд Ласки “Улс төрийн дүрэм” /1925/, В.Вильсон “Төр” /1889/, Ж.Бержес “Улс төрийн шинжлэх ухаан ба харьцуулсан улс төрийн эрх”, Герман Файнер “Орчин уеийн засаглалын онол, практик” /1932/, Карл Фридрих “Үндсэн хуульт засаглал ба улс төр” /1937/, М.Я Острогорский “Ардчилал ба улс терийн нам” /1898/, Р.Михельс “Ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи” /1911/.
Ч.Мерриам “Улс төрийн судалгааны орчин үеийн нөхцөл байдал” /1925/, ХЛассуэлл “Улс төр: хэн юуг, хэзээ, хэрхэн хуртдэг вэ?” /1936/, Пол Лазерсфельд, Уильям Мак-фи “Санал хураалт” /1954/, П. Лазерсфельд “Ард түмний сонголт”, Габриел Алмонд, Сидней Верба “Иргэний соёл” /1963/.
[10] David Easton. A framework for political Analysis. Eaglewood cliffs, Nj.: Prentice-Hall, 1965. David Easton, A systems Analysis of Political Life. New York: John Wiley & Sons, 1965. Gabriel A. Almond, Bingham G. Powell, Jr.Comparative Politics. System, Process and Policy.Boston-To- ronto; Little, Brown and Company.inc.,1978.
[11] Дэвид Истон. “Улс төрийн тогтолцооны шинжилгээ”, “Төр засгийн ажилтнуудад тусламж”, 1996. №3, 33 дахь тал.
[12] Л.Пай “Коммуникаци ба улс терийн хөгжил” /1963/, Ж Ла Паломбара “Бюрократ ба улс төрийн хөгжил” /1963/, Л. Пай, С. Верба “Улс төрийн соёл ба улс төрийн хөгжил” /1965/, Э.Шильс. “Шинэ улсуудын улс төрийн хөгжил” /1962/, Д.Аптер “Модернизацын улс төр” /1965/, Р.Арон “Ардчилал ба тоталитаризм” /1965/, С.Хантингтон “Өөрчлөгдөж буй нийгмүүдийн улс төрийн дэг журам” /1968/.
[13] Ё.Довчин. Харьцуулсан улс төр. УБ., 2006. 44 дахь тал.
[14] А.Аn Economic Theory of Democracy, N-Y., 1957, P. 11,37,
[15] Голосов Г.В. “Сравнительная политология”. Новосиб., 1995.С. 21- 22; Б.Дашдэмбэрэл, Г.Ганбаяр “Харьцуулсан улс төр судлал” УБ., 2006. 21 дахь тал.
* Тайпбар: Рационал сонголтын онолд үндсэндээ хоёр ангилалын тоглоом гол төлөв хэрэглэгддэг. Үүнд: “Тэг нийлбэр тоглоом” /zero-sum games/ буюу хамгийн хүчтэй чадварлаг тоглогч нь хожино, “Тэг бус нийлбэр” /non-zero-sum games/ буюу өрсөлдөөнд аль аль нь хожино хэмээх тоглоом.
* Тайлбар: Улс төрийн шинжлэх ухаанд “улс төрийн эерэг тэнцвэрийн нөхцөл” гэдгийг улс төрийн субъектүүдийн хамтын ашигтай сонголт хийх боломжит нөхцөлийг ойлгодог бол “улс төрийн сөрөг тэнцвэрийн нөхцөл” нь улстөрийн субъектын нэгэнд нь ашигтай нөгөөд нь ашиггүй байх эсвэл тэдгээрийн хоёуланд нь ашиггүй сонголт хийх боломжит нөхцөл бүрдэхийг хэлдэг байна.
[16] К.Мангейм “Диагноз нашего времени” М.,1994. С. 293.