Э.Гэрэлт-Од/Доктор/
Шинэ толь №78, 2015
Түлхүүр үг: улс төрийн намын гишүүн, гишүүнчлэл
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Абстракт
Энэхүү өгүүлэл нь Монгол дахь улс төрийн намуудын гишүүнчлэлийн талаарх өнөөгийн төлөв байдлыг судлан, цаашид улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд шийдвэр гаргагчдад зориулж намын гишүүнчлэл ямар байх, гишүүнтэй холбоотой бүртгэл, хяналтын байгууллагын шаардлага, улс төрийн намын үйл ажиллагаанд гишүүнтэй холбоотой зөвшөөрсөн болон хориглосон заалтууд ямар байх зөвлөмж агуулж байгаа болно.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 нам байна. Эдгээр намууд Монгол Улсын Үндсэн хууль (1992) болон бусад хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж иргэний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барих зэрэг ардчиллын үнэт зүйлсийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрийн намууд хариуцлагатай, ардчилалтай болж төлөвшиж чадаагүйн улмаас иргэдийн улс төрийн намд итгэх итгэл жил ирэх тутам суларч байгааг сүүлийн үеийн судалгаа, нийгмийн хандлагаас харж болно. Тухайлбал, Азийн Барометр судалгаагаар 2000 онд улс төрийн намд итгэдэг сонгогчийн тоо 47.8 хувь, итгэдэггүй сонгогчийн тоо 40.6 хувь байсан бол 2014 оны байдлаар намд итгэдэг сонгогчийн тоо 32,8 хувь болтлоо хоёр дахин буурч, итгэдэггүй сонгогчийн тоо 67,3 хувь болж хоёр дахин нэмэгджээ /Зураг 1/. Энэ нь улс төрийн намууд хууль ёсны /легитим/ шинжээ алдсан, сонгогчдын улс төр, намд итгэх хандлага суларсаар байгааг илтгэж байна.
төрийн намын эрх зүйн орчин, хоёрт намуудын үйл ажиллагаа, гишүүнчлэл, гуравт иргэдийн улс төрийн боловсролтой шууд холбоотой.
Монгол улс Үндсэн хууль болон бусад хуулиудаар улс төрийн намын ерөнхий эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Үүнд, Үндсэн хуулийн 2 бүлгийн 16 дугаар зүйлд “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. …Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно”2 гэж заасан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол улсын иргэний эвлэлдэн нэгдэх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох, зөвхөн нэг намын харъяалалтай байх, улс төрийн намд элссэний төлөө ямар нэгэн дарамт, шахалт, ялгаварлан гадуурхахыг хориглох, мөн ямар нэгэн давуу байдал олж авах үндэслэл болохгүй, иргэний хувийн байдлыг тодорхойлсон аливаа албаны бичиг баримтад хуульд зааснаас бусад тохиолдолд тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль намын гишүүн болох талаар тодорхойлохгүй байх3 зэргийг тус тус баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд гишүунчлэлийн хувьд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж байх үүрэг хүлээсэн. Харин гишүүний бүртгэл, хяналт, мэдээллийг зохицуулаагүй орхисон нь 1990,2005 оны хуулиудын сул тал юм. Үр дүнд нь намууд гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх сонирхлыг өдөөж ирсэн болохоос бүртгэлийг үнэн зөв хөтлөх, жил бүр гишүүдийн статикстик мэдээллийг бүртгэлийн байгууллагад уламжлах ажлыг хийж ирсэнгүй.
Улс төрийн намууд хуучин коммунист хатуу гишүүнчлэлийн хэв шинж, арга барилыг үйл ажиллагаандаа хадгалсаар байна. Тухайлбал, намууд улс төрийн зорилгоор төрийн болон хувийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг олноор элсүүлэх, төрийн албаны зарим ажил, албан тушаалыгөмчлөх, мөн гишүүдийнхээ үзэл санаа, байр суурийг хязгаарлах, шахалт үзүүлэх, гишүүнийг намаас хөөх зэрэг аргыг хэрэгслээр байна. Энэ нь нийгэмд хатуу гишүүнчлэлийн сөрөг тал болох нийгмийн талцал, социал ялгарал, лидерийг дахин шүтэх, олигархичлал үүсэхэд нөлөөлж байна.
2014 оны байдлаар Улсын дээд шүүхэд 651,0255 гишүүн (Хүснэгт 1) улс төрийн намуудад бүртгэлтэй байна. Энэ нь нийт 1,836,5486 (2012 оны УИХ- ын сонгуулийн дүн) сонгогчдын 35 хувь юм. Намын гишүүдийн энэ тоо нь анх бүртгэхэд мэдүүлсэн тоо, зарим намын гишүүдийн тоо сүүлийн арав гаруй жил огт өөрчлөгдөөгүй. Энэ тоо бодит байдалтай нийцэх үү гэдэг маргаантай. Сонгуулийн үеэр улс төрийн намуудын зарлаж буй гишүүдийн тоо бүртгэлийн тооноос давна. Гэтэл судалгаагаар сонгогчид улс төрийн намд итгэхгүй байхад яагаад намын гишүүдийн тоо нэмэгдсээр байна вэ? Энэ нь улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд намын гишүүнчлэл хатуу, сул гэхээс илүү гишүүн элсүүлэхэд тавигдах шаардлага, бүртгэл, мэдээллийн шинэ тогтолцоог шаардаж байна.
Түүхээс харахад улс төрийн нам гишүүн элсүүлэх, гишүүдээ бүртгэх, мэдээлэх үүрэг нь зохион байгуулалтын ямар хэв маягтай, ямар үзэл сурталтай байхаас шууд хамааралтай байсан. Онолын хувьд энэ нь массын буюу олон түмний намууд хатуу гишүүнчлэлтэй, харин элитийн, кадрын, кокус намууд сул гишүүнлэлтэй буюу дэмжигчдэд тулгуурласан бодлого баримталдаг байсантай холбоотой.
XX зууны дунд үе хүртэл намуудын онцлог шинж нь гишүүнчлэл, гишүүдийн тоо байсан. Энэ нь улс төрийн нам массын болж сонгогчдын татах арга нь олон түмний нам болж зохион байгуулагдаж, олон гишүүнтэй нам олон түмэнд илүү нөлөөлөх боломжтой гэж үзэж байсан юм. Хатуу эсвэл сул гишүүнчлэлийн тухай асуудал /Хүснэгт 2/ нь ардчилсан эсвэл коммунист улс төрийн тогтолцоо, кадрын эсвэл олон түмний нам байхаас хамааралтай бодлогын ялгаа юм. Харин өнөөдөр дэлхий даяар глобальчлал, хүний эрх, эрх чөлөө, олон ургальч үзлийн талаарх ойлголтууд өргөжин тэлсэн, улс орнуудын дэглэмийн туйлшрал намжсан, үзэл суртлын ялгарал буурсан зэргээс хамаарч хатуу гишүүнчлэлээс татгалзах хандлага ажиглагдаж байна.
Хүснэгт 2. Намын гишүүнчлэлийн хэлбэр7
Шалгуур | Хатуу гишүүнчлэл | Сул гишүүнчлэл |
Гишүүнэлсүүлэхшалгуур | Үндсэн хууль ба бусад хууль, намын дүрэмд заасан зохих шалгуурыг баримтална. | Үндсэн хуулинд заасан хүний эрхийг суурь зарчим болгоно. |
Гишүүнийтатвар | Дүрмээр заасан татварыг зайлшгүй төлөх үүрэгтэй. | Намын жирийн гишүүн хүн сайн дураараа төлөх эрхтэй. |
Гишүүнийхариуцлага | Дүрмийн хүрээнд гишүүдэд хатуу хариуцлага ноогдуулна. Шаардлагатай гэж үзвэл намаас хөөнө. | Дүрмийн хүрээнд гишүүнд хариуцлага тооцох боломжгүй. |
Шийдвэр гаргах үйл явцад гишүүний оролцоо | Намын бүх шатны байгууллагын удирдлагууд дангаар шийдвэр гаргана. Гишүүд дуулгавартай байх үүрэгтэй. | Шийдвэр гаргах үйл явцад гишүүдийн оролцоо нээлттэй. |
Хатуу гишүүнчлэлтэй намууд төрийн байгууллагын дотоод нэгж болж гишүүдийг ажил мэргэжил, албан тушаалаар нь эслүүлж, намын бодлого, үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, намдаа үнэнч байх, сонгуулийн үеэр үнэгүй хөдөлмөр эрхлүүлэх, намдаа санал өгөх арга хэрэгсэл болгодог. Намын гишүүн сахилга алдах, намын даалгаварыг хэрэгжүүлэхгүй байх, намын дүрэм зөрчихөд намаас хөөх хүртэл шийтэл авдаг, энэ нь тухайн нийгэмд эзлэх байр суур, статусыг тодорхойлдог байжээ. Харин орчин үед иргэний өөрийн улс төрийн үнэт зүйл, чиг баримжаанд тулгуурлан намд элсэх, намын үйл ажиллагаанд оролцох, эс оролцох, намаас гарах эрх нь зөвхөн өөрт хадгалагдаж байна. Дэлхий даяар улс төрийн намууд хатуу гишүүнчлэлээс татгалзах хандлага илэрч байна. Судлаач Р.Катз, С.Скарроу, П.Мейр, Ван Бейзин нар “намын гишүүнчлэл, намын гишүүдийн улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцох оролцоо нь хүн ам зүйн, нийгэм-эдийн засгийн, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн хүчин зүйлүүдээс шалтгаалж өөрчлөгдөж байна”8 гэж тайлбарлаж байна. Эдгээр шалтгааныг гадаад, дотоод гэж ангилж болж байна. Үүнд:
- Гадаад хүчин зүйл. Нийгмийн хандлага өөрчлөгдсөн, хүний эрх, эрх чөлөөний ойлголт хүрээгээ тэлсэн, харилцааны олон сувгууд бий болсон, нийгмийн дундаж давхаргын төлөөлөл нэмэгдсэн.
- Дотоод хүчин зүйл. Намын гишүүдийн насны бүтцэд олонх нь ахимаг насныхан эзэлдэг, дунджаар 20-30 жилийн циклээр намын социаль бүтэц бүрэн өөрчлөгддөг, намын элит, лидерүүд гишүүдийн итгэлийг алдсан, улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлээ тодорхойлох арга замууд нэмэгдсэнтэй холбож тайлбарлаж байна.
Шведын Ардчилал Сонгуульд туслах Олон улсын хүрээлэн (International IDEA) 2012 онд Монголын улс төрийн намуудад гишүүнчлэлийн асуудалд зөвлөмж өгсөн. Үүнд гишүүнчлэл бол улс төрийн намын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ асуудалд өнгөц хандаж болохгүйг сануулсан. Учир нь улс төрийн нам гишүүнтэй байх нь дараах ач холбогдолтой. Үүнд:
- Гишүүд дэмжигчид нь намд хэрэгцээтэй төрөл бүрийн нөөцийг бий болгодог.
- Сонгуулийн кампанит ажлын үед илүү амжилт олох магадлал нэмэгдэнэ.
- Шинэ гишүүн, дэмжигчдийг олж авахад туслана.
- Гишүүнчлэлийн татвараас орлогын нэг эх үүсвэр бүрдэнэ.
- Боловсролтой, чадварлаг боловсон хүчин, нэр дэвшигчдийг бүрдүүлнэ.
- Намын үзэл суртал, мөрийн хөтөлбөрт дэмжлэг авна.
- Нийгмийн бүлэг, сонгогчидтой холбогдох гүүр болно.
- Нам дахь сайн дурын хөдөлмөр эрхлэлт буюу идэвхитэй гишүүд дэмжигчдийн оролцоог ашиглан сонгууль, улс төрийн ажил хийх зэрэг давуу байдлыг олж авахад дэмжлэг болно9.
Иймээс нам гишүүнгүй байх ямар ч боломжгүй бөгөөд харин гишүүд дэмжигчид, сонгогчдын итгэлийг олж авахын тулд илүү хариуцлагатай улс төрийн хүчин болж төлөвших шаардлага тулгарсаар байна. Намын гишүүд аливаа улс төрийн ажилд адил тэгш байдлаар оролцох боломжгүй. Иймээс гишүүд дэмжигчдийг доод тал нь 5 төрөлд хуваах хэрэгтэй10.
- Намын кадр: сонгогдсон албан тушаалтан буюу намд алба хашдаг гишүүд;
- Идэвхитэй гишүүд: бодлого боловсруулах хуралд оролцож, олон нийтэд хүрэх, тэднийг дагуулах, улс төрийн намыг өргөжүүлэн тэлэх ажилд оролцдог гишүүд;
- Оролцоо бүхий гишүүд: голцуу намын зөвлөлдөх хурал зэрэг чухал хурлуудад оролцдог гишүүд;
- Дэмжигч гишүүд: гишүүнчлэлийн төлбөр төлдөг ч бусад байдлаар намын үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй гишүүд;
- Албан бус дэмжигчид: намд албан ёсны гишүүнчлэлгүй ч тухайн намын төлөө саналаа өгч, мөнгө хандивлах болон сонгуулийн компанит ажилд тухайн намыг дэмжиж ажилладаг.
Намын гишүүнчлэл ямар байхаас үл хамааран гишүүнээр элсэх, бүртгэл, хяналтын байгууллага хэрхэн ажиллах нь тухайн орны улс төрийн соёл болж байна. Их Британ, АНУ болон Австралийн туршлагаас харахад намын бүртгэл, хяналтын байгууллага нам байгуулахад тавигдах гишүүний босго тоо хэд байх, гишүүнээр элсэхдээ иргэний улс төрийн хүсэл зоригыг илэрхийлсэн өргөдлийн маягттай (мэдэгдэл) байх, гишүүдийн статистик мэдээг жил бүр хүлээн авч олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэг. Намууд ч гишүүдээ бүртгэх, мэдээллээ үнэн зөв илгээх нь намуудын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага дотоод болон олон нийтэд чиглэсэн аливаа ажлыг зохион байгуулах, нөөц боломжоо бодитой тооцох боломжийг олгож байна. Иймээс Монголын улс төрийн намын гишүүнчлэлтэй холбоотой дараах саналыг дэвшүүлж байна.
- Сул гишүүнчлэлийн бодлогыг хадгалах
Улс төрийн намын хуулийн шинэчлэлийн хүрээнд өнөөдрийг болтол шийдлээ олж чадахгүй байгаа олон асуудлын нэг нь намын гишүүнчлэл. Зарим улс төрчид, шийдвэр гаргагчид сонгогчдын 80 гаруй хувь нь улс төрийн намд итгэхгүй байна, гишүүдийн ихэнх нь угаасаа татвар төлдөггүй юм чинь “гишүүнгүй нам”-тай болвол зүгээр гэдэг санааг илэрхийлэх болсон. Энэ нь төлөөллийн ардчиллын институцийг устгах, нам дотоод ардчилалгүй болох, олон түмний биш цөөн тооны улс төрчдийн байгууллага болох үр дагавартай.
Тэгвэл нам гишүүнтэй байснаар дараах давуу талыг олдог. Үүнд:
- Гишүүдээс намын дэмжлэг авах;
- Иргэдийн бодлого боловсруулах мэдлэгийг болон түүнд оролцох оролцоог нэмэгдүүлэх;
- Намыг ирээдүйд манлайлан удирдагчдыг сонгох;
- Төр, нийгмийн талаар бодлого боловсруулах;
- Намын ирээдүйн удирдлага, манлайллын талаар мэдлэг хуримтлуулах; хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн төлөө сонгогдсоныхоо дараа иргэдийг төлөөлөх;
- Гишүүнчлэлийн төлбөр авах ач холбогдолтой.
Судалгаанаас дүгнэхэд манай улс төрийн намууд хуулиар сул гишүүнчлэлийн бодлого баримтлах үүрэгтэй. Иймээс намын гишүүнчлэл ямар байх нь чухал биш, харин улс төрийн нам байгуулахад тавигдах гишүүний доод хэмжээ, намд гишүүнээр элсэхэд өргөдлийн маягт эсвэл мэдэгдэл бөглөх, гишүүний татвартай холбоотой санхүүгийн мэдээллийг олон нийтэд ил болгох, бүртгэлийн байгууллагын намын гишүүнтэй холбоотой бүртгэх, хянах, мэдээлэх зохицуулалтын шинэ тогтолцоог бий болгох хэрэгтэй.
- Бүртгэлд тавигдах гишүүдийн тоог бууруулах
Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д нам 801 -ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/-тэй байхыг хуулиар шаардаж байна. Гишүүний тоонд тавигдаж байгаа энэ босгыг судлаач, сонирхогчид олон талаас ярьж хэлэлцдэг. Зарим судлаачид 801 гишүүнтэй байх бүртгэлийн шаардлага нь өндөр тоо, энэ нь улс төрийн намыг улам том болох, олон гишүүнтэй байхыг шаардаж байна. Иймээс энэ тоог бууруулах ёстой гэж үздэг. Харин сонирхогчид болон улс төрчид хуулийн энэ заалтыг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг. Учир нь өнөөдөр 22 улс төрийн намтай байгаа нь цөөхөн хүн амыг хэт улс төржүүлж байна, хэний ч мэдэхгүй намууд олноор байна. Иймээс улс төрийн намуудыг цөөрүүлэх арга нь бүртгэлд тавигдаж байгаа гишүүний минимум тоог нэмэгдүүлэх ёстой гэж үздэг.
Гадаад орнуудын туршлагаас харахад улс төрийн нам бүртгүүлэхэд тавигдах шаардлагад гишүүний минимум тоо эсвэл дэмжигчдийн гарын үсэг11 хоёрын аль нэгийг шаарддаг. Жишээ нь
- Мексикт улс төрийн нам байгуулагдахад тавигдах шаардлага нь холбооны 32 мужаас хамгийн багадаа 10 мужид 3000-аас доошгүй гишүүнтэй байх эсвэл нэг мандаттай 300 тойргын хамгийн багадаа 100-д нь 300 гишүүнтэй байх шаарддаг.
- Канадад улс төрийн нам байгуулагдахад хамгийн багадаа 250 гишүүний элсэхийг зөвшөөрсөн гарын үсэгтэй мэдэглэл, овог нэр, оршин суугаа хаягаа тодорхой бичсэн байхыг шаарддаг.
- Австралид улс төрийн нам нь хамгийн багадаа 500 гишүүнтэй байх эсвэл парламентын доод танхимд нэг суудалтай байхыг шаарддаг.
- Норвегид улс төрийн нам бүртгүүлэхдээ 5000 дэмжигчийн гарын үсэг цуглуулсан байхыг шаарддаг.
- Италид намын жагсаалтаар нэр дэвшихэд 1500-4000 дэмжигчийн гарын үсэг, нэг мандаттай тойрогт нэр дэвшвэл тойрог бүрт 500 дэмжигчийн гарын үсэг цулуулахыг шаарддаг.
- Австри, Бельги улсуудад сонгуулийн тойрог бүрт 200-500 дэмжигчийн гарын үсэг цуглуулахыг шаарддаг.
Манай улс дэмжигчдээс гарын үсэг цуглуулах аргыг Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 6.2-т зааснаар хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй, 7.2-т зааснаар иргэн сонгуулийн нэг тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд тухайн сонгуулийн тойрогт Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй12 гэж хуульчилсан.
Цаашид хуулийн шинэчлэлтэй холбогдуулан
- Улс төрийн нам байгуулахад тавигдах 801-ээс доошгүй гишүүнтэй байх шаардлагыг бууруулах,
- Улсын Их хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчдэд тавигдах 801- ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагыг бууруулах хэрэгтэй.
- Гишүүнээр элсэхдээ өргөдөл (мэдэгдэл) бөглөдөг болох
Монгол улсад улс төрийн намд гишүүнээр элсэхэд хуулиар ямар нэг шаардлага тавиагүй. Намд элсэх, намаас гарах нь зөвхөн иргэний улс төрийн эрх. Хүсвэл өөрийн иргэний зарим мэдээллээ дэлгэрэнгүй бөглөхөд шууд гишүүнээр элсэх боломжтой. Гэтэл энэ нь улс төрийн намуудыг Үндсэн хууль зөрчих, тухайлбал кампаничлах замаар олноор гишүүн элсүүлэх, улс төрийн албадлага, шахалтаар намд элсэх, эсвэл намаас хөөдөг болж байна. Иймээс бүртгэл, хяналтын байгууллагаас улс төрийн намуудад гишүүн элсүүлэхдээ баримтлах, дагаж мөрдөх, өргөдлийн маягт эсвэл мэдэгдэл бөглөдөг байхыг хуулиар шаардах хэрэгтэй. Англи, АНУ, Австрали улсууд улс төрийн намд гишүүнээр элсэхэд мэдэгдэл /declaration/ эвсэл өргөдлийн хуудас /application form/ бөглөдөг. Энэ нь хэд хэдэн ач холбогдолтой. Үүнд:
- Намд элсэх нь зөвхөн иргэний санаачлага болохыг илтгэнэ.
- Иргэд улс төрийн чиг баримжаа, үзэл суртал, элсэж буй намынхаа философийг таниж мэдсэн байхыг нотолдог.
- Намын дүрмийн уншсан болохыг илтгэнэ.
- Намаас гарах эрх нь зөвхөн өөрт нь хадгалагдаж байгааг мэднэ.
- Гишүүний татвар болон санхүүгийн тайланг мэдээлэх
Улс төрийн нам гишүүдээс татвар авах, улмаар үйл ажиллагаандаа татан оруулах нь олон түмний намын нэг чухал шинж байсан. Харин өнөөдөр гишүүдийн татвар нь намын санхүүжилтэд эзлэх хувиараа буурсаар байна. Энэ нь намын гишүүн цөөрч, улс төрийн үйл ажиллагааны зардалд өсөж байгаатай шууд холбоотой. Сөрөг тал нь намууд бизнесмэнүүдээс илүү хамааралтай болсоор байгаа нь ажиглагдсан учир намуудыг төрөөс санхүүжүүлэх болсон.
Гэхдээ ямар ч тохиолдолд нам бол олон нийтийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан байгууллага тул гишүүд, дэмжигчдийн татвар нь санхүүжилтийн нэг эх үүсвэр байсаар байх болно. Учир нь нам иргэдийн улс төрийн оролцоо, төлөөллийг хэрэгжүүлэх суваг болдог тул гишүүдээс татвар авах замаар үйл ажиллагаандаа татан оролцуулдаг байх, орлого зардлаа тайлагнадаг, гишүүд дэмжигчид сонгуулиар хариуцлага тооцдог байх, сонгох, сонгогдох эрхийг хадгалах улс төрийн ардчилал юм.
Зарим орнуудын туршлагыг харахад гишүүд нь татвараа тогтмол төлдөг, улмаар намаар дамжуулж нийгэм, улс төрийн эрх ашгаа хамгаалдаг бол намууд нь гишүүдийн статистик мэдээлэл, гишүүдийн татвараас бүрдсэн орлогыг үнэн зөв бүртгэл, хяналтын байгууллагадаа мэдээлдэг. Тухайлбал, Их Британы Сонгуулийн хороо нь жил бүр намуудын санхүүжилтын мэдээллийг олон нийтэд зарладаг бөгөөд 2012 оны байдлаар Консерватив нам 3,1%, Хөдөлмөрийн нам 16,7%, Либераль Ардчилсан нам 14,8% Шотландын Үндэсний нам 24,1%, Их Британы Тусгаар тогтнолын нам (UKIP) – 35,7%, Английн Ногоон нам 28%, Британы үндэсний нам (BNP) 22,7%13-ийг тус тус гишүүдийн татвараас бүрдүүлсэн байна. Харин 2011 онд ХБНГУ-ын Парламентанд суудалтай улс төрийн намууд, тухайлбал Социаль Демократ нам 47,5%, Христосын Ардчилсан холбоо нам 40,1, Христосын Нийгмийн холбоо нам 10,2%, Зүүний нам 9,7%, Ногоон нам 8%, Чөлөөт Ардчилсан нам 7,4%14 тус тус гишүүдийн татвараас бүрдсэн байгааг тайлагнасан байна.
Улс төрийн намын тухай хууль15-ийн 18.1-д“гишүүн намын дүрмээр зохицуулсан хэмжээгээр намд татвар өгч болно” гэж заасан. Энэ дагуу намын гишүүд ялгаатай татварыг төлж байгаа. Мөн нам дотор гишүүдийн оролцоо, гүйцэтгэж буй үүргээрээ ялгаатай татварыг гишүүдээс авдаг. Тухайлбал намын сонгуульт гишүүн АН-д 60000-1000000 төгрөг, МАН-д улиралд 800000 төгрөг төлж байхыг журмаар зохицуулсан. Харин жирийн гишүүд дунджаар сар бүр 100 төгрөгийн татвар төлөхийг дүрмээр заасан боловч хэдэн онд хэдэн гишүүдээс хэдэн төгрөгний татвар хураасан, энэ нь нийт санхүүжилтийн хэдэн хувь болох тайлан мэдээ олдохгүй байна. Мөн хуулийн 20.1-д “Намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина” гэж заасан нь санхүүгийн үйл ажиллагаа шударга бус байх, олон нийтэд тайлагнах эсэхийг өөрсдөө шийдэхээр заасан байдаг. Уул нь энэ хуулийн 20.3-т “нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” гэсэн боловч энэ хэрэгжихгүй байгаа, улмаар гишүүдийн татварын юунд зарцуулсан нь нууц үлдэж байна. Улс төрийн намын тухай хуульд энэ заалт бий ч амьдралд дээр хэрэгжихгүй байгаа нь хуулийн зохицуулалт сул байгаа, намууд хуулиа дагаж мөрдөхгүй байгаатай холбоотой. Иймээс улс төрийн намын хуулиа дагаж мөрдөг байх хуулийн бодит зохицуулалт дутагдаж байна.
- Бүртгэл хяналтын тогтолцоо бий болгох
Өнөөдөр Монгол улсад улс төрийн намыг бүртгэх, хянах тогтолцоог бий болгох шаардлага тулгараад байна. Учир нь хүчин төгөлдөр үйлчилж буй улс төрийн намын тухай хуулиар нам өөрөө өөрийгөө хянана, УДШ зөвхөн намын дүрэм, хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд хяналт тавина. Өөр зохицуулалт байхгүй байна.
Иймээс энэхүү судалгааны өгүүлэлтэй холбоотойгоор Улс төрийн намын бүртгэлийн байгууллагыг бий болгох хэрэгтэй. Боломжит хувилбар нь Сонгуулийн ерөнхий хороог дахин институтчилах замаар намын гишүүнтэй холбоотой бүртгэх, хянах, мэдээлэх зохицуулалтын шинэ тогтолцоог бий болгох нь оновчтой.
- Намууд гишүүдийн бүртгэлийг тогтмол үнэн бодитой хөтөлж, мэдээллийг бүртгэл хяналтын байгууллагад илгээдэг байхыг үүрэгжүүлэх. Энэ нь улс төрийн намууд үйл ажиллагаа, төсөв санхүүгээ бодитой төлөвлөж, улмаар нийгмийн хариуцлагатай институци болж төлөвшихөд нөлөөлөх юм.
- Монголын улс төрийн намууд шинэ хуулийн үзэл санаанд нийцүүлэн гишүүдээ дахин бүртгэх. Бүртгэлд гишүүнээр элсэх өргөдөл /эсвэл мэдэгдэл/-ийг ашиглах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл шинэ хуулинд намуудын бүртгэлийг шинэчлэх замаар дахин бүртгэл зохион байгуулах, тавигдах нэг шалгуур нь гишүүнчлэлийн бүртгэл, мэдээлэл байна.
- Бүртгэлийн байгууллага жил бүр улс төрийн намуудаас бодит мэдээлэл авах, олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээнэ.
- Бүртгэлийн байгууллага нь улс төрийн намын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байх ба Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульч зөрчиж гишүүн элсүүлсэн нь нотлогдвол улс төрийн намын санхүүжилт, цаашлаад нам байх эрх зүйн статусыг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэйгээр хяналт тавигдах нь зүйтэй.
Эцэст нь дүгнэхэд дээрх шийдлүүд нь улс төрийн намын хатуу эсвэл сул гишүүнчлэлийг сонгохоос үл хамааран зайлшгүй хэрэгжүүлэх тулгамдсан асуудал бөгөөд улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой санал нь асуудлыг цогцоор шийдсэн хуулийг баталж, сайтар дагаж мөрддөг байхаар зохицуулах нь чухал байна. Мөн намын гишүүнчлэлтэй холбоотой эдгээр санал нь улс төрийн намын дотоод менежмент, нөөц боломжоо зөв дайчлахад туслах юм.
Ашигласан материал
Азийн барометр судалгаа. УТБА. 2002, 2006, 2010, 2014 он.
Монгол улсын Үндсэн хуулиас. http://www.legalinfo.mn/law/detail/367?lawid367
Улс төрийн намын тухай хуулиас. http://www.supremecourt.mn/
2012 оны УИХ-ын сонгуулийн тайлан. СЕХ. http://gec.gov.mn/parliamentary_election/310/41
Susan.Scarrow 2005. Parties and Their Nembers. Oxford Press. p144
Karina Pederson. Internal Party Membership Linkage: The Danish Case. The paper presented at XIII congress in Nordic Political Science Association. NOPSA, Alborg, August 15th-17th 2002.
International IDEA. Membership of the Political parties. 2012.
Pippa Norris. 2005. Building political parties: Reforming legal regulations and internal rules. International IDEA.
Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/
http://www.legalinfo.mn/law/detail/351?lawid=351
Ж.Жаргал. Улс төрийн намын гишүүнчлэлийн зарим асуудал. “Улс төрийн нам: асуудал, эрэл, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл. УБ„ 2014×181
Party finance in Germany https://en.wikipedia.org/wiki/Party_finance_in_Germany
Улс төрийн тухай хууль. (2005 оны 1 дүгээр сарын 28) http://www.legalinfo.mn/
(Endnotes)
МУБИС-ын Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Доктор Э.Гэрэлт-Од
/Улс төрийн Боловсролын Акедэмийн багш/