ШИНЭ ТОЛЬ №81, 2020
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО:
СОНГОЛТ, ТУРШЛАГА
Э.Гэрэлт-Од (PhD)
МУБИС, НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш
Abstract. This article analyzed the electoral system, its social and political lessons, and party positions in the eight parliamentary elections in Mongolia since 1992. Plurality/majority system has been influenced party system, voter’s participation, their political education and campaign financing in Mongolia. In the future, we are still needs to choose an electoral system that solves its social and political problems in Mongolia.
Key words: State Great Hural (Parliament of Mongolia), electoral system, electoral reform and political parties
Оршил
Монгол улс 1990 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлыг найман удаа бүх нийтийн, шууд, чөлөөт, ардчилсан сонгуулиар байгуулсан. Энэ бол иргэд өөрсдийн удирдлагаа өөрсдөө зохион байгуулж байгаа ардчилсан арга юм. Өөрөөр хэлбэл аливаа улсыг ардчилсан ба ардчилсан бус гэж тодорхойлох анхдагч шалгуур нь бүх нийтийн, чөлөөт, шударга сонгууль юм. Гэвч сонгуулийн тогтолцоо нь сонгогчдын боловсрол, улс төрийн намын төлөвшил, улс төрийн санхүүжилт, парламентын төлөвшил зэргийг дэмжихгүй байсаар байна. Иймээс сонгуулийн тогтолцоог хэрхэн сонгосон, ямар үр дагавар авчирсан, цаашид шийдвэрлэх ямар боломж байгааг энэхүү өгүүллээр судаллаа.
Сонгуулийн тогтолцоо
Улс төрийн шинжлэх ухаанд сонгуулийг санал хураалт явуулах замаар улс төрийн шийдвэр гаргах үйл явц гэж тодорхойлдог.[1] Сонгууль нь ардчилсан нийгэмд улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх сонгогчдын оролцоо, төлөөллийг хангах нийгмийн зөвшилцөл гэж ойлгож болно. Харин сонгуулийн тогтолцоо гэдгийг сонгуулиар иргэдийн өгсөн саналыг ялалт байгуулсан нэр дэвшигчдийн парламент дахь суудлын тоонд шилжүүлэх, эсвэл бусад институцийг бүрдүүлэх (жишээ нь, засгийн газар) арга зам, дүрэм журмыг ойлгодог. Гэхдээ ихэнх судлаачид сонгуулийн тогтолцоо нь сонгуулийг хэрхэн зохион байгуулахыг тодорхойлсон ерөнхий ойлголт бөгөөд тойрог ямар байх, сонгогч саналаа яаж өгөх, намуудын кампанит ажлын стратеги ямар байх, нэр дэвшигч хэн байх, намын бодлого ямар байх, сонгогчдын саналыг хэрхэн татах, авсан саналыг яаж парламентад шилжүүлэх зэрэг олон асуудлыг багтаасан ойлголт гэж тайлбарладаг. Тиймээс сонгуулийн тогтолцоо бол өргөн хүрээтэй, чухал асуудал юм. Сонгуулийн тогтолцоо дараах үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
- Сонгогчдын өгсөн саналд үндэслэн нам, нэр дэвшигчдийн суудлын тоог тогтоох;
- Иргэд сонгосон төлөөлөгчидтэйгээ хариуцлага тооцох хэрэгсэл;
- Эрх мэдлийн төлөө өрсөлдөгчид сонгогчидтойгоо харьцах арга замыг сонгох хөшүүрэг болдог.
Иймээс сонгуулийн тогтолцоог сонгохдоо дараах нийтлэг зарчмуудыг харгалзаж үздэг[2]. Үүнд:
- Шударга төлөөллийг хангах;
- Сонгуулийн үйл ажиллагаа иргэдэд хялбар, үр дүн нь утга учиртай байх;
- Эв нэгдлийг хангах хөшүүрэг болох;
- Тогтвортой, шуурхай ажиллагаатай засгийн газар бүрдүүлэх;
- Засгийн газартай хариуцлага тооцох боломжтой;
- Сонгогдсон төлөөлөгчидтэй хариуцлага тооцох боломжтой;
- Улс төрийн намуудыг бэхжүүлэх;
- Хууль тогтоох байгууллагад сөрөг хүчин байх, түүний хяналтыг дэмжих;
- Сонгуулийн үйл явцыг тогтвортой байлгах;
- Олон улсын стандартыг тус тус харгалзан үздэг.
Гэвч сонгуулийн тогтолцоо нь дээрх асуудлыг бүрэн шийдэх боломжгүй. Учир нь сонгуулийн тогтолцоо бүр өөрийн давуу ба сул талуудтай. Иймээс ямар тогтолцоог сонгох нь судалгаанд тулгуурласан улс төрийн шийдэл байх ёстой.
Дэлхийд сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхоор тооцох, пропорционал буюу хувь тэнцүүлэх гэсэн хоёр үндсэн арга байдаг. Эдгээр нь тус бүрдээ олон хувилбаруудтай. Улс орнууд энэ хоёр хувилбарын аль нэг хувилбар, эсхүл хоёуланг нь хослуулан өөрт тохирсон хувилбарыг хэрэглэдэг. Сонгуулийн тогтолцоог ангилах хамгийн нийтлэг арга нь сонгогчдын өгсөн саналыг нам, нэр дэвшигчийн хууль тогтоох байгууллагад авах суудлын тоонд хир хувь тэнцүүлэн хөрвүүлж байгаа үр дүнгээр ангилах явдал юм. Энэ дагуу сонгуулийн тогтолцоог олонхийн/мажоритар (plurality/majority), хагас хувь хувь тэнцүүлэх (semi-proportional), хувь тэнцүүлэх (proportional-PR), холимог (mixed) хэмээн ангилж болно.
- Олонхийн/мажоритар тогтолцоо. Энэ тогтолцоо нь түгээмэл хэрэглэдэг таван хувилбартай бөгөөд хоёр нь олонхийн (plurality) буюу нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүн ялах дүрэмтэй харьцангуй олонхийн (FPTF) болон багц саналын (BV), мажоритар буюу үнэмлэхүй олонхийн буюу нийт хүчинтэй саналын талаас илүү хувийг авсан нэр дэвшигч ялах дүрэм үйлчилдэг хоёр шаттай тогтолцоо, альтернатив болон нэмэлт саналын тогтолцоо болно.
- Хагас хувь тэнцүүлэх тогтолцоо. Энэ тогтолцоогоор суудлыг хувь тэнцүүлэх болон олонхийн тогтолцооны дунджаар хуваарилдаг. Хамгийн түгээмэл хувилбар нь үл шилжих дан санал (single non-transferable vote) юм. Энэ хувилбарын дагуу сонгогч олон мандаттай тойрогт нэг л нэр дэвшигчид санал өгөх бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна. Тухайлбал, дөрвөн мандаттай тойрогт нэг хүн ойролцоогоор нийт хүчинтэй саналын 20 хувийг авахад сонгогдох боломжтой.
- Хувь тэнцүүлэх тогтолцоо. Хувь тэнцүүлэх тогтолцооны зорилго нь намын авсан саналыг хууль тогтоох байгууллагын суудалд зориудаар хувь тэнцүүлэн хөрвүүлэхэд оршдог. Хувь тэнцүүлэх тогтолцооны үндсэн гурван хувилбарт: нээлттэй жагсаалттай, хаалттай жагсаалттай, шилжих дан саналын тогтолцоо тус тус орно. Эдгээр бүх хувилбарт олон мандаттай тойргоор сонгуулийг зохион байгуулдаг.
- Холимог тогтолцоо. Холимог тогтолцоог олонхийн/мажоритар (заримдаа хагас хувь тэнцүүлсэн) болон хувь тэнцүүлэх тогтолцооны аль алиных нь эерэг шинжүүдийг нэгтгэн тусгах оролдлого хэмээн ойлгож болно. Холимог тогтолцоонд өөр өөр томьёололтой сонгуулийн хоёр тогтолцоог зэрэгцүүлэн ашигладаг. Үүнд санал өгөх сонгогчид ижил байх бөгөөд төлөөлөгчдийг гол төлөв нэг мандаттай тойрог бүхий харьцангуй олонхийн болон намын жагсаалтаар санал хураах хувь тэнцүүлэх системийг хослуулан сонгодог.
Сонгуулийн аль нэг тогтолцоо, ямар нэг улсад яв цав тохирох боломжгүй. Учир нь тогтолцоо бүр давуу болон сул талтай. Иймээс улс бүр өөрийн онцлогт тохирсон, нийгэм, улс төрийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болохуйц тогтолцоог боловсруулж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийд өөр хоорондоо ялгаатай 300 гаруй журам, 150 гаруй арга байдаг. Бараг улс болгон өөрийн онцлогт тохирсон сонгуулийн тогтолцоог хуулиар баталгаажуулж, сонгуулиа зохион байгуулж байна. Учир нь сонгуулийн олонхийн/мажоритар болон хувь тэнцүүлсэн гэсэн үндсэн хоёр тогтолцоо дараах давуу болон сул талтай.
Хүснэгт 1. Мажоритар тогтолцооны давуу ба сул тал
Давуу тал | Сул тал |
· Энгийн ойлгомжтой· Тогтвортой засгийн газар· Шууд сонгох· Тойргийн сонгогчдын хариуцлага· Намуудыг цөөрүүлдэг | · Санал гээгддэг· Цөөн төлөөллөөр олонх болдог· Саналын жин нөлөөлөл алдагддаг· Популистууд гарах· Парламентч тойргийн сонгогчдоос хараат· Нутгархаг сэтгэл зүй· Намын сахилга хариуцлага сулардаг |
Хүснэгт 2. Пропорционал тогтолцооны давуу ба сул тал
Давуу тал | Сул тал |
• Санал гээгддэггүй• Саналын төлөөлөл алдагддаггүй• Улс төрийн хүчний зохистой харьцаа хангагддаг• Парламент ёс хөгжих• Намуудын төлөвшилд сайн нөлөөтэй• Хариуцлага хүлээх субъект тодорхой• Улс төрийн соёл боловсролын өндөр түвшин | • Хэт олон сул нам бий болох• Жижиг намууд парламентад орж ирэх• Тогтворгүй засгийн газар• Бие даасан нэр дэвшигчдэд халгаатай• Намчирхах сэтгэлзүй нэмэгдэх• Орон нутгийн төлөөлөл, ашиг сонирхлыг хангах чадвар сул• Сонгогчдоос гишүүнд хяналт тавих боломж сул |
Аливаа улс орон өөрийн улс төрийн хөгжил, институцийн төлөвшил, сонгогчдын боловсрол зэрэг асуудлыг сайтар судалж байж өөрт тохирсон сонгуулийн тогтолцоог сонгох учиртай. Учир нь ардчилал хөгжих эсэх нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловсруулсан сонгуулийн хууль, зөв зохион байгуулсан сонгуулиас шалтгаалдаг. Сонгуулийн ямар тогтолцоо сонгохоос шалтгаалж намын систем төлөвшдөг, парламент, засгийн газар, сонгогчдын зан үйл, улмаар ардчиллыг тодорхойлдог ажээ.
Хүснэгт 3. Сонгуулийн тогтолцооны нөлөө
Улс төрийн орчноос сонгуулийн хэлбэрт нөлөөлөх | Сонгуулийн хэлбэрийн улс төрийн орчинд нөлөөлөх нөлөөлөл |
Ардчиллын төлөвшил, түвшинАрдчиллын хэв загварАшиг сонирхлын ялгарах үйл явцНамуудын төлөвшилЛидерүүдийн соёлНийгмийн сэтгэл зүйСонгуулийн эрх зүйн орчин | Намын системПарламентГүйцэтгэх засаглалСонгогчдын сэтгэл зүйУлс төрийн тогтвортой байдал |
Харамсалтай нь эрх баригч нам дараагийн сонгуульд ялалт байгуулахаа тооцож сонгуулийг тогтолцоог сонгох нь түгээмэл байдаг. Ер нь улс төрийн нам улс орны ардчилал, улс төрийн хөгжлийг харж сонгуулийн тогтолцоог сонгож чадаагүйгээс болж төрийн институц, ардчиллыг хөгжилд саад болдог байна.
УИХ-ын сонгуулийн тогтолцоо
Монгол Улс чөлөөт, ардчилсан сонгуулийн гучин жилийн түүхтэй ч, байнгын ажиллагаатай УИХ-ыг 1992 оноос хойш дөрвөн жил тутам бүх нийтийн санал хураалтаар сонгож байгуулж байна. Сонгуульд 18-аас дээш насны сонгуулийн эрх бүхий иргэд оролцдог. Учир нь 1948 онд НҮБ-ын баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ард түмний хүсэл зориг бол засаг төрийн үндэс мөн. Мөн хүсэл зориг нь бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүлэх үндсэн дээр санал хураалтыг нууцаар хураах, эсхүл саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр бусад хэлбэрийг ашиглах замаар тогтмол, хуурамч бус сонгууль явуулахад илэрлээ олно”[3] гэж заасан нь дэлхий нийтээр сонгох эрхийг хэрэгжүүлэх гол арга болсон юм.
1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийн 3 бүлгийн 1 зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”[4] гэж хуульчилсан. Хожим 2003 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн УИХ-ын 41 дүгээр тогтоолоор “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг батлахдаа “Хүний суурь эрхийг хангах нь” хэмээх 2 дугаар бүлгийн 2.2.1-д “Сонгуулийн тогтолцоо, үйл явцын журмыг иргэдийн бие даасан оролцоог хангаж, чадварлаг УИХ бүрдүүлэхэд чиглүүлж боловсронгуй болгоно” гэж заасан.
1992, 2005, 2011, 2015, 2019 онуудад УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Харин сонгуулийн тогтолцоог 1992, 1996, 2008, 2012, 2015, 2016, 2019 онуудад тус тус өөрчилж байсан. Товчхондоо сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулийг засаж сайжруулж байна гэж тогтолцоог өөрчилж иржээ. Ердөө 2000, 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй, гэхдээ УИХ-д энэ асуудал яригдаж байжээ. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт нь сонгогчдын оролцоо, төлөөлөл буурах, санал гээгдэх, улс төрийн институцийн төлөвшил зэрэгт сөргөөр нөлөөлсөөр байна.
Дээрх сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх тухай асуудал урт хугацааны туршид яригдаж байсан ч 2005 оны УИХ-ын сонгуулийн тухай хуульд тогтолцооны шинэчлэл хийж чадаагүй юм. Харин 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрчид, намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэйг ухаарсан. Шалтгаан нь “7 сарын 1” байсан бөгөөд нэлээдгүй хохирол амссан. Эцэст нь нийтээрээ санал гээгддэг ийм тогтолцоог хэрэглэхгүй байх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, мөнгөнөөс хараат байдлыг сулруулах, оролцоо төлөөллийг нэмэгдүүлэхэд санал нэгдсэн.
Ингээд 2011 он хүртэл УИХ сонгуулийн хуулийг шинэчлэх, тогтолцоог өөрчлөх судалгааг Олон улсын болон дотоодын шинжээчдийн туслалцаатай хийж, 76 мандатын 48-г олон мандаттай томсгосон мажоритар 26 тойргоос, 28 мандатыг улс нэг тойргоос намын хаалттай жагсаалттай хувилбар байхаар баталсан нь тогтолцооны шинэтгэлийн эхлэл байсан юм. Мөн улс төрийн төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хуулийн хөшүүрэг болох эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар батлуулж чадсан байдаг.
Үр дүнд нь 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид мажоритар тойргийн нэр дэвшигч болон улс нэг тойрог гэсэн намын жагсаалтаас сонголт хийсэн, гадаадад оршин суугаа иргэд түүхэндээ анх удаа сонгуульд оролцох эрхийг нээсэн, УИХ-д 11 эмэгтэй сонгогдсон зэрэг сонгогчдын оролцоо, төлөөллийг нэмэгдсэн юм. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ энэхүү сонгуулийн тогтолцооны шинэтгэлээс ухарсан юм.
Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг дүгнэхэд ерөнхийдөө мажоритар тогтолцооны хувилбаруудыг хэрэглэж иржээ. Үүнд, 1996, 2000, 2004, 2016 онуудад сонгуулийн нэг мандаттай нэг тойрог, 1992, 2008, 2020 онуудад олон мандаттай том тойрог, 2012 онд 48/28 гэсэн мажоритар давамгайлсан холимог тогтолцоог хэрэглэсэн байна. Тиймээс өнгөрсөн жилүүдэд бүхэлдээ олонхийн/мажоритар тогтолцоог ашигласан, тогтолцооноос үүдэлтэй дараах үр дагавар гарч байна. Үүнд:
Нэг. Институцийн төлөвшил. Сонгуулийг олонхийн/мажоритар тогтолцооны нэг онцлог нь зарим үед парламентад нэг нам давамгайлсан “супер мажоритар” олонх бүрдэх боломжийг олгодог. Өнгөрсөн сонгуулиудын дүнг харахад 1992, 2000, 2016, 2020 онуудад МАН үнэмлэхүй олонхийн суудлыг авсан байдаг.
Хүснэгт 4. УИХ дахь намуудын төлөөлөл, бие даагчдын дэмжлэг[5]
№ | Сонгуулийн жил | Дэмжлэг авсан хувь | МАН | АН | Бусад | Бие даагчид | Нийт |
1 | 1992 он | 58.23 | 70 | 5 | 1 | 76 | |
2 | 1996 он | 53.80 | 25 | 50 | 1 | 76 | |
3 | 2000 он | 52.23 | 72 | 1 | 1 | 2 | 76 |
4 | 2004 он | 54.90 | 36 | 36 | 4 | 76 | |
5 | 2008 он | 49.56 | 45 | 28 | 2 | 1 | 76 |
6 | 2012 он | 41.10 | 26 | 34 | 13 | 3 | 76 |
7 | 2016 он | 46.30 | 65 | 9 | 2 | 1 | 76 |
8 | 2020 он | 45.99 | 62 | 11 | 2 | 1 | 76 |
Тайлбар. 2012 оны УИХ-ын дэмжлэгийн дүнг зөвхөн мажоритар 48 мандатаар тооцсон болно.
Дээрх хүснэгтийг харахад дараах дүгнэлтийг хийж болно.
- Монгол улсад сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй давамгайлагч нэг намын ба бусад гэсэн систем тогтож байна. Давамгайлагч нам нь МАН бөгөөд өөрийн нүсэр бүтэц, уламжлалт тогтолцоогоо хадгалсаар байгаа бөгөөд улс төрийн тавцанд хүчтэй хэвээр байсаар байна. Нөгөө талд нь АН ба бусад гэсэн бүлэг байгаа бөгөөд сонгуульд эвсэл байгуулж оролцсон үедээ л хүчтэй өрсөлдөгч болдог, бусад үед дандаа ялагддаг зүй тогтол харагдаж байна.
- УИХ-д сонгогдсон нам, эсвэл, бие даагчдын төлөөлөл эхний дөрвөн сонгуульд нийт сонгогчдын 52-58 хувийн дэмжлэгээр сонгогдож байсан бол сүүлийн дөрвөн сонгуульд нийт сонгогчдын 41-49 хувийн дэмжлэг авч байжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын легитим чанар суларч байгааг харж байна.
Хоёр. Сонгогчдын оролцоо. Сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй сонгогчдын оролцоо бүрэн хангагдахгүй байгаа, ялангуяа гадаадад оршин суугаа сонгогчид саналаа өгөх боломж олгохгүй байгаа нь ноцтой асуудал:
Хүснэгт 5. Сонгогчдын оролцоо[6]
№ | Сонгууль | Сонгуулийн насны иргэдийн тоо | Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо | Сонгуулийн ирц | Нэрийн жагсаалтад бичигдээгүй сонгогчийн тоо | |
Тоо | Хувь | |||||
1. | 1992 он | 1,202,704 | 1,085,129 | 95.6% | 117,575 | 9.78 |
2. | 1996 он | 1,218,549 | 1,147,260 | 92.1% | 71,289 | 5.85 |
3. | 2000 он | 1,364,862 | 1,247,033 | 82.4% | 117,829 | 8.63 |
4. | 2004 он | 1,472,372 | 1,279,516 | 82.2% | 192,856 | 13.10 |
5. | 2008 он | 1,607,825 | 1,542,617 | 76.46% | 65,208 | 4.06 |
6. | 2012 он | 1,882,035 | 1,840,824 | 67.28% | 41,211 | 2.19 |
7. | 2016 он | 1,998,823 | 1,911,047 | 73.58% | 87,776 | 4.39 |
8 | 2020 он | 2,003,969 | 1,475,780 | 73,6% |
Дээрх хүснэгтээс харахад сонгогчдын оролцоонд тогтолцооноос үүдэлтэй хоёр асуудал байна. Дээрх
- Сонгуулийн ирц буурах хандлага. Хэрэв бид хүнийг биш бодлого сонгодог тогтолцоонд шилжвэл хэн нэр дэвшихээс үл хамааран хөгжлийн бодлого сонгох, нам “бодлогын нам” болж төлөвших боломж бүрдэнэ.
- Нэрсийн жагсаалтад бичигдээгүй сонгогчдын тоо. Энэ нь сонгогчийн бүртгэлийн асуудалд бөгөөд сонгуулийн тогтолцоотой зарим талаараа холбоотой. 2012 оны УИХ-ын сонгуульд хувь тэнцүүлэх тогтолцооны 28 мандаттай намын жагсаалтыг хэрэглэхэд нэрсийн жагсаалтад бичигдээгүй сонгогчийн тоо хамгийн бага байжээ. Бусад долоон УИХ-ын сонгуульд гадаадад оршин суугаа иргэдийг оролцуулах боломжийг бүрдүүлээгүй л байна.
Гурав. Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт. Сонгогчдын оролцоо хотын ба орон нутгийн байршлаас хамаарч сонгогчдын идэвх, сонголт өөр байдаг. Энэ хандлагыг тооцож, УИХ-ын 76 мандатыг хэрхэн хуваарилах, аль сонгогчдын саналыг түлхүү тусгах гэдэг нь мөн л эрх баригч намын шийдвэр байсаар ирсэн.
Хүснэгт 6. Сонгогчдын оролцоо
№ | Сонгуулийн жил | Улсын дундаж[7] | Орон нутгийн дундаж | Нийслэлийн дундаж |
1 | 1992 он | 95.6% | 96.47% | 93.19% |
2 | 1996 он | 92.1% | 93.37% | 88.89% |
3 | 2000 он | 82.4% | 84.65% | 76.43% |
4 | 2004 он | 82.2% | 84.01% | 78.23% |
5 | 2008 он | 76.4% | 79.00% | 73.82% |
6 | 2012 он | 67.3% | 70.03% | 64.02% |
7 | 2016 он | 73.6% | 75.96% | 71.66% |
8 | 2020 он | 73.6% | 73.96% | 73.28% |
Хүснэгт 7. Сонгуулийн тойрог, мандатын тоо
№ | Сонгуулийн жил | Нийслэл | Орон нутаг | Нийт | ||
Тойрог | Мандат | Тойрог | Мандат | |||
1 | 1992 он | 6 | 24 | 20 | 52 | 76 |
2 | 1996 он | 20 | 20 | 56 | 56 | 76 |
3 | 2000 он | 20 | 20 | 56 | 56 | 76 |
4 | 2004 он | 20 | 20 | 56 | 56 | 76 |
5 | 2008 он | 6 | 20 | 20 | 56 | 76 |
6 | 2012 он | 6 | 14 | 20 | 34 | 26/48 |
7 | 2016 он | 28 | 28 | 48 | 48 | 76 |
8 | 2020 он | 9 | 24 | 20 | 52 | 76 |
Цаашид сонгогчдын боловсрол анхаарах, УИХ-ын мандатыг засаг захиргааны нэгждээ тулгуурласан хэвээр хадгадах уу, эсхүл хүн амын төлөөллөө харгалзах уу гэдгээ шийдэх цаг болсон. Учир нь нийт хүн амын 47 хувь нь нийслэлд амьдардаг хирнээ шийдвэр гаргах, төлөөллийн төв байгууллага болох УИХ-даа 31.5 хувийн төлөөлөлтэй байна.
Дөрөв. Сонгогчдын санал. Сонгуулийн олонхийн/мажоритар тогтолцоо нь сонгогчдын саналыг гээх сул талтай гэсэн. Тэгвэл өнгөрсөн бүх УИХ-ын сонгуулиудад сонгогчдын санал ихээх гэ
Хүснэгт 8. Сонгогчдын дэмжлэг ба УИХ дахь суудал
УИХ-ын сонгууль | МАН | Ардчилсан нам | ||||||
Сонгогчдын дэмжлэг | УИХ дахь суудал | Зөрүү | Сонгогчдын дэмжлэг | УИХ дахь суудал | Зөрүү | |||
1992 он | 58.23% | 70 | 92.1% | 33.9% | 27.89% | 5 | 6.6% | -21.3% |
1996 он | 40.49% | 25 | 32.9% | -7.6% | 47.92% | 50 | 65.8% | 17.9% |
2000 он | 51.57% | 72 | 94.7% | 43.2% | 15.21% | 1 | 1.3% | -13.9% |
2004 он | 49.08% | 36 | 47.4% | -1.7% | 45.27% | 36 | 47.4% | 2.1% |
2008 он | 45.46% | 45 | 59.2% | 13.8% | 37.1% | 28 | 36.8% | -0.3% |
2012 он | 33.59% | 26 | 34.2% | 0.6% | 35.93% | 34 | 44.7% | 8.8% |
2016 он | 45.53% | 65 | 85.5% | 40.0% | 33.54% | 9 | 11.8% | -21.7% |
2020 он | 45.19% | 62 | 81.6% | 36.4% | 24.31% | 11 | 14.5% | -9.8% |
Дээрх хүснэгтээс харахад 2012 онд л сонгогчдын оролцоо төлөөлөл харьцангуй жигд тусгалаа олж байжээ.
- МАН 1996, 2004 оны сонгуулиудад сонгогчдын дэмжлэгтээ хүрэхгүй төлөөлөлтэй байсан бол бусад сонгуулиудад 43 хувийн илүү төлөөлөл сонгогдож байжээ.
- АН-ын хувьд харин эсрэгээрээ УИХ-д сонгогчдын дэмжлэгээ 21 хувь хүртэл алдсан төлөөлөлтэй байжээ.
- Нөгөө талаас МАН, АН-уудын дэмжлэг буурсаар байгаа бол гуравдагч хүчний дэмжлэг нэмэгдэж байна. Гэсэн ч сонгогчдын саналд биш суудал хуваарилах арга буюу тогтолцоогоор асуудал шийдэгдэж байгаа тул гуравдагч хүчний төлөөлөл УИХ-д нэмэгдэхгүй юм.
Цаашид Монгол улс УИХ-ын сонгуулийн тогтолцоог сонгохдоо дараах зарчимд анхаарах хэрэгтэй. Үүнд, төлөөлөл, ил байдал, оролцоог хангахыг чармайх хэрэгтэй.
Нэг. Төлөөллийг хангах
- Эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл. Монгол улс 2015 он гэхэд Парламентын түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг 30-аас доошгүй байлгах үүрэг хүлээж байсан ч энэ үүрэг хангагдаагүй. Шалтгаан нь улс төрийн намуудын манлайлал дутагдаж байгаа. Анх 2005 оны УИХ-ын сонгуулийн хуульд “нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байх” хуулийн заалт орж байсан ч, уг заалтыг хэрэглэхгүйгээр 2007 оны 12 сард УИХ дахь намууд цуглаж байсан. 2011 оны шинэчлэн найруулсан УИХ-ын сонгуулийн хуульд нэр дэвшигчийн 20-аас доошгүй хувь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар баталсан 2015 оны Сонгуулийн хуульд 30 хувь болгож баталсан ч, 5 сарын дараа буюу 2016 оны 5 сарын 5-ны өдөр УИХ мөн уг заалтыг бууруулж 20 болгосон. Мэдээж сонгуулийн тогтолцооны шинэтгэл эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг. 2012 оноос хойш УИХ дахь эмэгтэйчүүдийн хувь 14, 2016 онд 17 хувь болж өссөн.
- Намуудыг төлөвшүүлэх. Монгол улс анх 1990 онд Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулийг баталж байсан. Хожим 2005 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан ч, намуудын төлөвшлийг дэмжсэн эрх зүйн шинэтгэл үгүйлэгдэж байна. Үүнд мэдээж Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн санхүүжилтийн тухай хууль, холимог тогтолцоотой сонгуулийн хуулиудыг шинэчлэн батлах шаардлага байсаар байна. 2019 онд Монгол улс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлтүүд намын төлөвшилд дэмжлэг болохуйц эрх зүйн орчныг шаардаж байгаа.
Хоёр. Ил тод байх
- Шударгаар өрсөлдөх. Монгол сонгууль хэдийгээр бүх нийтийн, тэгш, шударга, ардчилсан болдогч, эрх баригч ба сөрөг хүчний намууд, мөнгөтэй ба мөнгөгүй намууд, нэр дэвшигчид, монополийг дэмжсэн төрийн санхүүжилт, зуучийн үүргээ мартсан хэвлэл мэдээлэл зэрэг олон асуудал сонгуулийг шударга бус болгож байна. Иймд намын болон сонгуулийн эрх зүй нь шударга өрсөлдөөнийг дэмжсэн байхаар шинэчлэх, пропорционал тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.
- Санхүүжилтийг ил болгох. Монголын улс төрийг бохир болгон буй асуудлын нэг нь санхүүжилт, түүний ил тод байдлыг хангах асуудал. Өнгөрсөн 30 гаруй жилийн турш огт уг асуудлыг шийдвэрлэгдээгүй нь өнөөдөр сонгуулийг мөнгө тодорхойлдог болсон. Намууд санхүүжилтээ нуудаг, сонгогчид намууд, нэр дэвшигчдийн хайр халамжийг хүлээдэг болсон. Иймээс Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг шинээр батлах, хэрэгжүүлэх, улс төрийн намын болон сонгуулийн хуулиудыг бага зардлаар өрсөлддөг байх үзэл баримтлалд нийцүүлж батлах шаардлагатай.
- Ёс зүйтэй байх. Хуулийг сахин биелүүлдэг нам, улс төрч бол Монголын улс төрийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд энэ бол улс төрийн соёлын суурь асуудлын нэг. Цаашид улс төрийн намууд улс төрийн шинэ соёлын тээгч хариуцлагатай институц болж төлөвшихөөс нааш энэ асуудлыг шийдвэрлэхэд бэрх байна.
Гурав. Оролцоог хангах
- Идэвхтэй оролцуулах. Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, сонгогчийн нэрсийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргах, гадаадад амьдарч буй сонгогчдын сонгох эрхийг хүндэтгэх, оролцох боломжоор хангах, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг нээх, урьдчилж саналаа өгөх боломжоор хангах зэрэг асуудлууд байсаар байна.
- Мэдээллээр хангах. Сонгуулийн үеэр нам, нэр дэвшигчдийн мэдээллийн үнэ бодит байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг, Олон нийтийн радио телевизийн үүрэг оролцоог нарийвчлан зохицуулж, шаардлагатай болж сонгогчийн эрхийн хүндэтгэх, сонгох эрхийг хангахын тулд үнэн зөв, бодитой мэдээллээр хангахуйц зохицуулалтыг хийх шаардлага байсаар байна.
Дээрх сонгогчдын төлөөлөл, ил тод байдал, оролцоог хангахуйц сонгуулийн тогтолцоо нь хувь тэнцүүлсэн хувилбарыг ашигласан холимог тогтолцоо юм. Иймээс цаашид Монгол улс сонгуулийн холимог тогтолцоог тэр дундаа мажоритар хувилбар 50 хувь, пропорционал хувилбар 50 хувь байсаар сонгуулийн тогтолцооны шинэтгэл хийх хэрэгтэй. Энэ саналыг Монгол судалгаа хийсэн Д.Нойлин (ХБНГУ), Б.Райли (Австрали) нар мөн санал болгосон байдаг.
50/50 хувь байх холимог сонгуулийн тогтолцоо нь дараах ач холбогдолтой. Үүнд:
- Намууд бодлогын нам болж төлөвшүүлэх,
- Сонгогч дан ганц нэр дэвшигч бус давхар намын бодлого, төлөвшилтийг харж саналаа өгөх,
- Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг ил тод байдлыг хангах,
- Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг бууруулах,
- УИХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх,
- Сонгуулийн олонхийн/мажоритар болон пропорционал тогтолцооны давуу болон сул талуудыг тэнцвэржүүлэх,
- Сонгогчийн санал хүчтэй савлахгүй байх, УИХ дахь төлөөлөл тэнцвэртэй байх ач холбогдолтой.
- Эцэст сонгосон сонгуулийн тогтолцоогоо тогтвортой хадгалах нь чухал юм.
Ашигласан материал
- Монгол Улсын Үндсэн Хууль. https://www.legalinfo.mn/law/details/367
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал. https://www.legalinfo.mn/law/details/1271
- Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль. https://www.legalinfo.mn/law/details/14869?lawid=14869
- Josep M. Colomer. It’s parties that choose electoral systems (or Duverger’s Laws Upside Down) https://econ-papers.upf.edu/papers/812.pdf
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн (1992-2016). Сонгуулийн Ерөнхий хороо. Улаанбаатар хот. 2017 он. 6 тал.
- 1992-2016 он хүртэл УИХ-ын сонгуулийн тойрог хуваалт ба үр дүн
- https://ikon.mn/n/1ra9
- Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар. УБ.,2008
- Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт (1990-2019). Конрад Аденауэр сан. УБ.,2019.
[1] Ганболд Ц нар. Улс төрийн шинжлэх ухаан. УБ.,2001
[2] Райли, Бенжамин. 2010. Монгол улсын сонгуулийн тогтолцооны шинэчлэл, тогтолцооны хувилбарууд. НҮБХХ.
[3] Хүний эрхийн түгээмэл тунхаглал. https://www.legalinfo.mn/law/details/1271
[4] Монгол Улсын Үндсын Хууль. https://www.legalinfo.mn/law/details/367
[5] Sumati Luvsandendev, (2018) Voters ‘voices II. Ulaanbaatar. 25p.
[6] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн (1992-2016). Сонгуулийн Ерөнхий хороо. Улаанбаатар хот. 2017 он. 6 тал.
[7] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн (1992-2016) СЕХ. Улаанбаатар.,2017 он. тал 6.