ШИНЭ ТОЛЬ №81, 2020
КОРОНА ВИРУС БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨӨРЧЛӨЛТ
Г. Базарваань
Проф, Доктор, Дэд хурандаа
ДХИС-ийн Удирдлагын академийн
Аюулгүй байдлын удирдлага, стратегийн
Профессорын баг
Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК
Хүн төрөлхтөн Эбола, Ковид-оос илүү аюул дагуулсан халдварт өвчинтэй тулгарч байсан. Энэ бол 1917-1920 онд дэлхийг нөмөрсөн “Испани ханиад” байв. Испани ханиадаар 550 сая хүн өвчилж, 100 сая хүн нас барсан гэх мэдээ байдаг. Энэ нь тэр үеийн дэлхийн хүн амын таван хувь бөгөөд дуусаад удаагүй байсан Нэгдүгээр дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тооноос хэд дахин их тоо байжээ.
Энэ үед Энэтхэгээс Аляск хүртэл нэг ч хүн амьд үлдээгүй тосгон, суурин олон байж, эмчлэх эмч, үхэгсдийг оршуулах булш ч үгүй болсон хотууд ч олон байж. Хачирхалтай нь хүн ам шигүү суурьшсан Хятадын ядуу хотууд болон боомтуудад энэ тахлаар нас барагсадын тоо бага байв. Түүнчлэн Монгол Улсад бүртгэгдсэн талаарх мэдээлэл байхгүй нь монгол болон хятад хүмүүс уг өвчнөөс хамгаалах дархлаа үүссэн байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Энэхүү цар тахлын дараа дэлхийн геополитик, эдийн засагт хүчтэй өөрчлөлт орсон талаарх мэдээлэл хомс байдаг.
Мэдээж “Испанийн ханиад”-ны цар тахлыг корона вирусийн халдвартай харьцуулах аюултай. Ковид-19 бол цоо шинэ өвчин бөгөөд хүний оролцоотой бүтсэн болох нь үндсэндээ ойлгомжтой болсон. Энэ өвчин нас харгалзахгүй халдварлаж тархаж байна. Гэтэл “Испани ханиад” 20-30 насныханд хүчтэй тархсан байдаг. Түүнчлэн энэ өвчин хэзээ эцэслэн дуусаж, хүн төрөлхтөн эргээд хэвийн амьдралдаа шилжих нь тодорхойгүй байна.
Дэлхийн их гүрнүүд корона вирусыг ашиглаж, корона вирусын дараах “шинэ ертөнц”, “геополитикийн шинэ өрсөлдөөн”, “эдийн засгийн хямрал”, “хүчний тэнцвэрийн шинэ давлагаа” гэх сэдвийг түлхүү хөндөж, өөрсдийн ашиг сонирхлыг тулгах, зөөлөн хатуу хүч хосолсон бодлогыг хэрэгжүүлж эхэллээ.
Гэхдээ геополитикийн өрсөлдөөн корона вирусын тархалтаас өмнө ч, дараа нь ч орших, их гүрнүүдийн ашиг сонирхлын тулаан. Үүнд зарим талаар корона вирус далим болох хандлагатай байна. Эдийн засгийн хямралд дэлхий нийт анх удаа корона вирусын улмаас өртсөн хэрэг бус гэдгийг хэн бүхэн мэднэ. Цаг уур, байгалийн давагдашгүй хүчин зүйл, улс төрийн тулгалт, эдийн засгийн аливаа санкци зэргээс шалтгаалж цөөнгүй удаа өртсөн. Тухайлбал, 2008 оны дэлхий эдийн засгийн хямрал байна. Энэ үед дэлхийн томоохон эдийн засаг бүхий улс орнууд бүгд уналтад орсон хэдий ч түүний даван туулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ хямралаас бүрэн гараагүй дэлхийд Коронагийн үеийн эдийн засгийн харилцаа багагүй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой ч дампуурлын ирмэгт хүргэх нь юу л бол.
UNDP-өөс явуулсан судалгаанд COVID-19 цар тахал эрүүл мэндийн хямралаас илүүтэйгээр нийгэм, эдийн засагт нөлөөлөх тухай онцолсон. Тахлын нөлөөлөл гэхдээ улс орон бүрт харилцан адилгүй байх ч дэлхийн хэмжээнд ядуурал, тэгш бус байдлыг нэмэгдүүлнэ гэсэн байна. Улс орон бүр үүнтэй холбоотой эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх нь тодорхой.
Үүнтэй холбоотойгоор их гүрнүүд, ялангуяа манай Өрнөдийн анд нөхөд шинэ өрсөлдөөн, шинэ хуваагдал, шинэ ертөнцийн талаар ихээхэн ярьж, үүнд жижиг буурай орнуудыг өөрийн үзэл баримтлалдаа хөтлөх бодлогын сууриа тавиад байна. Энэ нь угтаа улам бүр өсөн нэмэгдэж, дэлхийд нэг туйл болон гарч ирж буй БНХАУ-ын нөлөөг хумих зорилгыг агуулж байгааг аюулгүй байдлын чиглэлээр ажиллах, судалгаа хийх хүн бүр ойлгож байгаа. Дээр дурдаад өнгөрсөн “Тахлын нөлөөлөл гэхдээ улс орон бүрт харилцан адилгүй байх ч дэлхийн хэмжээнд ядуурал, тэгш бус байдлыг нэмэгдүүлнэ” гэдэг дүгнэлт бол бодит байдал. Энэ дүгнэлт манай улсад тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон байна.
Хэрэв та бүхэн мэдэж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн 5.5-д Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна хэмээн заасан байдаг. Энэ бол Төрөөс шууд мал сүргийг хамгаална гэсэн үг биш. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн үндсэн салбар бол мал аж ахуй, иймээс уламжлалт эдийн засгийн салбараа ямагт хадгална гэдгийг тодруулж буй юм. Сүүлийн жилүүдэд манай мал сүргийн тоо толгой жил тутам өсөж байна. Нийт малын тоо 2019 оны байдлаар 70 969 315 хүрсэн байна. Нэг хүнд оногдох мал сүргийн тоо дунджаар 22 000 болно. Үүнээс хонь 32 267 265 болно. Монголчуудын өргөн хэрэглээний мах бол хонины мах. Энэ тоо баримтыг чухам яагаад дурдав гэхээр дэлхийн эдийн засгийн хямрал улс бүрийг хамрах тохиолдолд улс орнууд дайны үеийн эдийн засгийн горимд шилжинэ. Өөрөөр хэлбэл, гарын доорх хүнс, өөрийн үйлдвэрлэл, аж ахуйд түшиглэж амьдарна гэсэн үг.
Тэгэхээр корона вирустэй холбоотой хямралын үеэр манай улс гойд хямрах нь бага. Учир нь Монгол Улс угаасаа аж үйлдвэр сул хөгжсөн улс. Хэдийгээр гадаад худалдаа хумигдах ч эрэлт нийлүүлэлтийн харьцаа төдийлөн алдагдахгүй. Одоо хэр манай улс хоёр хөршөөс авах болон нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд илт мэдэгдэх өөрчлөлт гараагүй байна.
Манай улс газар нутгийнхаа 1 хувьд газар тариалангийн аж ахуй эрхлэх бөгөөд улаан буудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бүрэн боломжтой. Одоогоор 50-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа статистик мэдээ бий. Гэхдээ энэ бол зохиомол хомсдол үүсгэдэг бизнес эрхлэгчид болон импортын худалдаа эрхлэгчидтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, төмс, хүнсний ногоо болон тариа будааг ургац хураалтын үеэр их хэмжээгээр хямд аваад хавар, зуны улиралд үнэд хүргэж худалддаг хүмүүстэй ихээн холбоотой байна. Энэхүү тогтолцоог төрөөс зөв зохистой зохицуулалт хийвэл энэ байдлыг өөрчилж болно.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар гаднаас хүнсний нөгөө экспортлохыг хориглосон болон Ковид-19-тэй холбоотойгоор Монгол Улс дотоодын хүнсний ногоогоор өөрийн хэрэгцээгээ хангаж байна. Ер корона вирус дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэлээд түлхэц өгч байна. Энэ нь уул, уурхайн бүтээгдэхүүн манай эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх салбар биш гэдгийг бүх түвшинд ойлгуулж, уул уурхайн баялгаас хэт хамааралтай болсон манай эдийн засгийн бүтцийг өөрчлөх хүчин зүйл боллоо.
Ирэх жилүүдэд Монгол Улс уламжлалт эдийн засгийн салбараа хөгжүүлэх, дотоодын үйлдвэрийг сэргээх талаар нэлээдгүй арга хэмжээ авна гэж найдаж байгаа. Энэ тохиолдолд Монголын эдийн засаг огцом өсөхгүй ч унахгүй, дэлхийн улс орны дундажтай ойролцоо түвшинд байна. Нөгөөтэйгүүр уул уурхайн баялгийг хойч үедээ өвлүүлэх боломж олгоно. Ерөөс уул уурхайн баялгийн үнэ ямагт хэлбэлзэлтэй байдаг. Дэлхий нийт нүүрсний хэрэглээнээс татгалзаж байна. Эрчим хүчий салбарт ч гэсэн томоохон өөрчлөлт гарч, хүрэн нүүрс, коксжих нүүрс түүнчлэн ураны хэрэглээ багасах хандлагатай байна. Хэрэв би андуураагүй бол ХБНГУ гэхэд 2022 оны 12 дугаар сарын 31 гэхэд цөмийн реакторуудаа зогсоох хууль баталсан. Ялангуяа, манай урд хөрш БНХАУ агаарын бохирдолт болон хэт их хэмжээгээр үйлдвэрлэсэн гангийн үйлдвэрлэлтэй холбоотойгоор нүүрсний хэрэглээгээ хумиж байна. Энэ нь мэдээж манай эдийн засагт томоохон дарамт үзүүлэх ч эргээд уламжлалт эдийн засгийн салбар буюу мал аж ахуй, хөдөө аж ахуй болон дотоодын үйлдвэрлэлийг зайлшгүй сэргээхийг шаардах болно.
Корона вирустэй холбоотойгоор Өрнө, Дорнын ихэнх улс хүн эрхтэй холбоотой асуудлууд үүсэж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд энэ өөр асуудал. Нүүдэлчдийн анхдагч мөн чанар бол аюулаас сэрэмжлэх байдаг. Хэдийгээр монголчууд төр засагтаа итгэл алдарсан ч Засгийн газраас гаргах шийдвэрийг дагаж ирсэн онцлогтой. Энэ Төр улсаа дээдлэх уламжлал алдагдаагүйн гэрч. Монгол Улс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш хөл хорио тогтоосон бөгөөд үүнийг ард иргэд аль болох чандлан биелүүлэхийг чармайж байна. Мэдээж хөдөө орон нутагт харьцангуйгээр сул байгаа ч шаардлагатай тохиолдолд чангатгах боломжтой.
Үүний ачаар бид үндсэндээ дотооддоо корона вирус алдаагүй цөөн улс орны нэг болж байгаа ч үүнд тайвширч болохгүй. Учир нь алдах эс алдах цаг хугацааны л асуудал. Гэхдээ Монгол Улс өргөн дэлгэр газар нутагтай тул голомт үүсэх тохиолдолд тархаан суурьшуулах боломжтой.
Аливаа зүйл сайн муу талтай. Монгол Улс дэлхийн, бүс нутгийн томоохон тоглогч биш тул геополитикийн өрсөлдөөнд ямагт хамгаалагч улс байж ирсэн. Тиймээс дэлхий дахин хүчний хуваарилалтад орох тохиолдолд тухай хүчний онцлогоос хамаарч хамгаалах бодлогоо хэрэгжүүлсээр байх болно. Иймээс коронагийн дараах ертөнцөд Монгол Улс өөрийн боломжид суурилсан улс болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна.