Тус Академиас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Шинэ сонгогч” сургалтын төслийг энэ жил аймаг, нийслэлийн Ерөнхий боловсролын 4 сургууль дээр амжилттай хэрэгжүүллээ. Эхний удаагийн сургалтад нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” ЕБС, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургуулийн XI-XII ангийн сурагчид хамрагдсан бол 4, 5 дугаар сард зохион байгуулсан удаах сургалтад Баянхонгор аймгийн Баянговь сумын ЕБС, Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 2-р сургуулийн IX-XII ангийн 90 гаруй сурагч, сургуулийн нийгмийн ухааны багш нар амжилттай хамрагдлаа.
Анх удаа сонгуульд оролцож саналаа өгөх залуу үеийнхний гэгээрэлд зориулсан уг төсөл нь ардчиллын үнэт зүйл, сонгуулийн ач холбогдол, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн агуулгыг таниулах, нийгэм, улс төрийн амьдрал дахь залуусын оролцоонд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мэдлэг олгох зорилготой.
Энэхүү сургалтын төсөл нь ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр явагдаж ирсэн. Төсөлд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан байгууллага хамт олон болон сургалтад идэвхтэй оролцсон нийт сурагчид та бүхэнд талархал илэрхийлье.