Азийн Ардчилал судлалын сүлжээний (Asia Democracy Research Network, ADRN) ээлжит 12 дугаар Бүсийн хуралдаан 8 дугаар сарын 26-27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо боллоо.
Хурлын үеэр уг сүлжээний гишүүн судалгааны байгууллагууд 2021-2022 онд Шууд ардчилал, Цөөнхийн эрхийн хамгаалал, Шилжилтийн үеийн шүүх зэрэг сэдвээр гүйцэтгэсэн судалгаагаа танилцууллаа. Оролцогчид өөрийн улсын жишээн дээр судалгааны дүн, холбогдох зөвлөмжийн хамт танилцуулав. Хурлын үеэр Ардчилал, сайн засаглалыг дэмжих Солонгосын чармайлт, Шри Ланка, Пакистан дахь ардчиллын сорилт сэдвээр тусгайлан хэлэлцүүлэг хийлээ. 14 улсад үйл ажиллагаа эрхлэж буй ADRN сүлжээний 22 байгууллагын төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцож, мөн Азийн Ардчиллын Сүлжээ (Asia Democracy Network) ба АНУ-ын Ардчиллын Үндэсний Сангийн (National Endowment for Democracy) төлөөлөгчид байлцжээ. (Уг хуралдааны илтгэлүүдийг www.eai.or.kr/new/en/event хаягаар нэвтэрч үзнэ үү)
Анх 2013 онд үүсэн байгуулагдсан ADRN сүлжээ нь Ази дахь ардчилалд тулгарч буй сорилтыг шинжлэх чиглэлээр хавсрага судалгаа явуулах, чингэснээр бүс нутаг дахь ардчиллыг хөхиүлэн нягтруулахад хамтын дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Бангладеш, Энэтхэг, Индонези, Япон, Өмнөд Солонгос, Малайзи, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Шри Ланка, Тайвань, Тайланд зэрэг ардчиллын хөгжил судладаг Азийн 14 улсын тинк танк энэхүү сүлжээнд оролцож байна.
Улс төрийн Боловсролын Академи нь уг сүлжээг үндэслэгч байгууллагын нэг нь бөгөөд тус ADRN сүлжээг БНСУ-ын Зүүн Азийн Хүрээлэн (East Asia Institute) удирдан чиглүүлж байна.