Анх удаа сонгуульд оролцож саналаа өгөх залуу үеийнхний гэгээрэлд зориулсан “Шинэ сонгогч” сургалтын төсөлд Дундговь аймгийн “Хүмүүнлэг” ЕБС, “Эрдмийн далай” цогцолбор сургууль, “Цэгц билиг” ЕБС, “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, “Мандал” ЕБС-ийн XII ангийн төлөөлөл болох 50 сурагчдыг хамрууллаа.
Тус Академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү сургалт нь иргэдийн сонгох, сонгогдох эрх, нэг сонголтын үнэ цэнэ, ардчиллын үнэт зүйл, сонгуулийн ач холбогдол зэрэг агуулгыг тусган залуусын улс төрийн оролцоонд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мэдлэг олгох зорилготой.
Энэ жил зохион байгуулагдсан 5 удаагийн сургалтад Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” ЕБС, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургууль, Баянхонгор аймгийн Баянговь сумын ЕБС, Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 2-р сургууль болон Дундговь аймгийн дээр нэр дурдагдсан сургуулиудын нийт 200 гаруй сурагчид хамрагдсан. Эдгээр сургалтын дараах тандалт судалгаагаар оролцогчдын 90 гаруй хувь нь энэхүү мэдлэг олгох сургалтыг илүү хүртээмтэй хүргэхийг санал болгосон бол зарим нэг аймаг, сургуулийн удирдлагаас сургалтын ач холбогдлыг чухалаар үнэлж, цаашид сургуулийн нийгмийн ухаааны багш нарыг мөн сургалтад хамруулах санал хүсэлтийг тавьсан болно.
Энэхүү сургалтын төсөл нь ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр явагдаж ирсэн. Төсөлд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан байгууллага хамт олон, багш нар болон сургалтад идэвхтэй оролцсон нийт сурагчид та бүхэнд талархал илэрхийлье.