Энэ өгүүлэл нь МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын Улс төр судлалын тэнхимд
хэрэгжиж буй «Монгол дахь улс төрийн хөгжил 1990 оноос хойш: улс төрийн институци,
харилцаа, үйл явц» (ШУТИБХЗГ-2021/456) сэдэвт хавсарга судалгааны төслийн хүрээнд
бичигдсэн болно.
О. ХАТАНБОЛД Ph.D.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн
Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, ЭШТА
Д. Уртнасан, докторант
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн НУС-ын
Улс төр судлалын тэнхимийн багш
Оршил
Улс төрийн соёл бол улс төрийн шинжлэх ухааны тулгуур асуудлуудын нэг бөгөөд өрнөдийн зарим томоохон судлаачид ардчиллын эцсийн хамгийн бодит хэмжүүр нь улс төрийн соёлын төлөвшил хэмээн үзэх үндэслэлийг бий болгож байна1.
Орчин үеийн улс төр шинжлэлийн томоохон онолчид тэр дундаа Габриел Алмонд, Сидней Верба, Л. Пай нар улс төрийг эцсийн дүндээ соёлын хэмжүүрээс болж, түүнтэй холбоотойгоор улс төрийн соёлын тодорхой загвар, үнэт зүйлс, итгэл үнэмшлийн бүхэл тогтолцоот үзэл баримтлалыг санал болгосон. Үүнийгээ тэд: «нийгмийн улс төрийн соёлын тухай бид ярихдаа түүний гишүүдийн мэдлэг мэдрэмж, үнэлэмж болж хувирсан улс төрийн системийг авч үзэж байгаа хэрэг»2 хэмээн тодотгожээ. Судлаач Л. Пай «улс төрийн соёл бол улс төрийн системийн агуулга хэлбэрийг тодорхойлж байдаг тулгуур үнэт зүйлс, мэдрэмж, мэдлэгийн нийлбэр цогц мөн. Ингэхлээр улс төрийн соёлыг бүрдүүлэгч элементүүд нь хувь иргэдийн төр засагт чиглэсэн итгэл бишрэл, санаа бодол, сэтгэл хөдлөл байх болно»3 гэжээ. Энэ агуулгаараа тэд улс төрийн соёлыг «улс төрийн объектуудад хандах улс төрийн субъектын итгэл үнэмшил, чиг баримжааны цогц» юм гэж тодорхойлсон. Соёлын элементийг агуулаагүй улс төр, нийгмийн ямар нэг үзэгдэл, үйл явц гэж байхгүй. Иймээс, улс төрийн соёлын судалгааны нэг үндсэн таамаглал бол улс төрийн соёлд хэрэгцээ, түүний хангалт нөлөөтэй юм. Хүмүүсийн амьдралын түвшин хэтэрхий дорой байх үед ардчилал тэдэнд хамаатай биш. Тухайн үед хүний аль нэг хэрэгцээ хамгийн чухал байхад бусад дээд шатны хэрэгцээ «нуугдаж буй»4 мэт байдаг. Өөрөөр хэлбэл, амьдралын түвшин дээшлэхийн хэрээр үнэлэмж өөрчлөгдөхийн зэрэгцээ түүнд боловсролын байдал тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг хэмээх таамаглал дэвшин гарна. Чухамдаа, амьдралын түвшин нь дунд давхаргад хүрээгүй ч гэсэн эрх чөлөө мэтийн үнэлэмжтэй болсон байх магадлал бий. Хэрэгцээ, түүний хангамжтай холбогдон хүний үнэлэмж хоорондын хамаарал манай орны хувьд ч үйлчилнэ5 хэмээн үзэж болох юм.
Улс төрийн үнэт зүйл ардчиллын хэмжигдэхүүний хамаарал, өөрчлөлтийн талаарх онол, арга зүйн үндэслэл ба олон улсын харьцуулсан судалгааны үр дүн
Монголчуудын өнөөгийн улс төрийн хандлага, үндэсний үзлийн өөрчлөлт хувьслын сонирхолтой үе шатанд орж, цаг хугацаа өнгөрөх тусам нийгмийн хөгжлийн үйл явцтай улам бүр холбогдсоор байна. Энэ нь орчин үед эл дурдан буй асуудал нийгмийн ижил төстэй байдал, нийгмийн харилцаа холбоо, бүтээн байгуулалтаас олсон мэдлэг, ойлголт г.м. нэвт шингэсэн оршихуйн бүхий л практикт нийгмийн шинж чанартай нягт холбогдож, улам бүр тогтвортой байдлыг шаардаж буй. Чухам энэ хүрээнд, улс төрийн үнэт зүйлсийг ардчиллын суурь зарчмын нэг болох улс төрийн соёлын ойлголт, хэмжүүрүүдтэй нарийвчлан үзэж, тодорхойлох хэрэгтэй.
Үүнийг судалгааны энэ хэсэгтээ монголын ардчиллын талаарх тоон үзүүлэлтүүдэд үндэслэн улс төрийн үнэт зүйл, ардчиллын хэмжигдэхүүний хамаарал, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийв. Ингэхдээ дараах хэд хэдэн судалгааны байгууллагуудын хийсэн судалгааны дүнд харьцуулалт хийв.
1. Economist Intelligence Unit: Democracy index6 (2022) буюу Ардчиллын индекс
Монгол Улс иргэний ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулж, хүний эрх, эрх чөлөөг хүндэлсэн, хуулийг дээдэлсэн, ардчилсан улс болох хүсэл эрмэлзлээ 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиндаа тусгаж, баталгаажуулсан. Ардчилалд шилжснээс хойшх 33 жилийн хугацаанд олон ургальч үзэл, иргэдийн эрх чөлөө, улс төрийн соёлыг хэмждэг 5 багц ойлголтыг хамруулах 60 төрлийн индикаторуудад суурилсан нэгдсэн индексээр Монгол Улс жил бүр явуулдаг судалгаагаар “гажуудсан ардчилалтай улс”-ын тоонд багтсан хэвээр байна. Ардчиллын дараах чиглэлд гарсан өөрчлөлтүүд тухайлбал, сонгууль шударга, чөлөөтэй явагдаж буй эсэх, сонгогчдын аюулгүй байдал, засгийн газарт гадаад удсын нөлөө байгаа эсэх, төрийн албаны бодлого хэрэгжүүлэх чадамж зэрэгт гарч буй алдаа дутагдал энэ үнэлгээнд ихээхэн нөлөөлсөн хэвээр байна. Монгол Улс “гажуудсан ардчилал”-д багтсан нь Засгийн газар, улс төрийн эрх чөлөө, иргэний оролцоо зэрэгт итгэх олон нийтийн итгэл 2007-2022 оны хооронд буурсан нь нөлөөлж байна.
Хүснэгт 1. Монголын ардчиллын индекс 2007-2022
Ардчиллын индекс (2022)-ийн дэглэмийн төрлийг харуулсан энэ зургаар бол улс төрийн соёл төлөвшөөгүй, улс төрийн оролцоо бага, засаглалын чиг үүргийн ба ардчиллын бусад талуудад алдаа дутагдал хэвээр байгааг илтгэж буй. “Гажуудсан ардчилал” гэдэгт сонгууль нь шударга, чөлөөтэй явагддаг, иргэний үндсэн эрх чөлөөг хүндэтгэдэг боловч зарим талбаруудад тухайлбал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчих, улс төрийн сөрөг хүчин, шүүмжлэгчдэд дарамт учруулах зэрэг үзэгдлүүд нийгэмд бат бөх оршсоор байгаа нь үүний гол шалтгаан гэж үзэх боломжтой.
Монгол Улсын сонгуулийн үйл явц болон иргэдийн эрх чөлөө гэсэн үзүүлэлт өндөр оноотой байна. Харин улс төрийн оролцоо бага оноотой байгаа нь Монгол улс 1990 оноос л ардчилсан тогтолцоонд шилжсэн, улс төрийн намууд тодорхой тогтвортой үзэл баримтлалтай болох төлөвшил хангалттай хийгдээгүй зэрэгтэй холбоотой. Хэдий тийм ч, улс төрийн оролцооны түвшин 2007 онд 3.89 байсан бол 2019 онд 5.56 болж 1.67 оноогоор нэмэгдсэн байна. Засгийн газрын чиг үүргийн үзүүлэлт дундаж онооноос доогуур байгаа нь сөрөг хүчний намын бүтэц, Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийн байнгын өөрчлөлт зэрэг улс төрийн тогтворгүй байдлыг харуулж буй. Засгийн газрын чиг үүрэг, улс төрийн оролцоо, улс төрийн эрх чөлөөний оноо буурч ялангуяа хоёрдох өндөр оноо бүхий улс төрийн эрч чөлөөний үзүүлэлт 2007-2015 онуудын хооронд тогтмол үзүүлэлттэй байсан бол 2017-2019 онуудын хооронд 1.18 онгоор буурсан байна.
- The Varieties of democracy (V-Dem) index
2007-2017 оны хооронд сонгогдсон албан тушаалтнууд, цэвэр сонгууль, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, мэдээллийн олон эх сурвалж, хууль дээдлэх ёс, гүйцэтгэх засаглал дахь шүүх эрх мэдлийн хязгаарлалт, тэгш эрхийн бүрэлдэхүүнүүд, оролцооны ба зөвлөлдөх бүрэлдэхүүнүүд зэрэг индикаторуудаар улс орнуудад судалгаа явуулж ирсэн. Уг судалгаанд үндэслэн дэлхий дахины өөр өөр засаглалын хэлбэртэй 178 улс орныг либерал ардчилсан, сонгуулийн ардчилалтай, сонгуулийн авторитар болон хаалттай авторитар гэсэн ангилд оруулжээ. Энэхүү 10 жилийн өөрчлөлтийн дүнд Монгол Улс сонгуулийн ардчилалтай гэсэн ангилалд багтсан байна. The V-Dem төсөл нь ардчиллын дээд түвшний таван зарчмууд болох сонгуульт, либерал, оролцоотой, зөвлөлдөх болон тэгш эрхийн зэргийг гол үзүүлэлт болгон эдгээр зарчмуудыг хэмжих зорилгоор хийгддэг.
Зураг 2. 1972–2022 оны хоорондох дэлхийн дэглэмийн түүх. (Улсаар/ жилээр)
The V-Dem-ийн Либерал ардчиллын индекс нь (LDI) Либерал бүрэлдэхүүн хэсгийн индекс (LCI) болон Сонгуулийн ардчиллын индекс (EDI) зэргийг багтаасан 71 индикаторуудад суурилсан либерал болон сонгуулийн ардчиллын үзэл санааг аль алиныг тусгасан байна. Сонгуулийн ардчиллын индекс нь харьцангуй сонгуулийн талын санаа бодлыг тусгасан бөгөөд чөлөөт, шударга сонгуулийг баталгаажуулдаг олон тооны байгууллагуудын эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх шинж чанаруудыг авч үздэг. Либерал бүрэлдэхүүн хэсгийн индекс нь засгийн газруудад тавигдах хязгаарлалтыг хоёр үндсэн талаас нь авч үздэг: Хувь хүний эрх чөлөөг хамгаалах болон байгууллагуудын хоорондын хяналт, тэнцвэрт байдлыг чухалчилдаг. “V-Dem либерал ардчиллын индекс нь ардчиллын либерал ба сонгуулийн зарчмуудыг тусгасан бөгөөд эдгээр нь тус бүр нь Либерал ардчиллын индекс (LDI) -ийн онооны хагасыг бүрдүүлдэг. V-Dem’ийн сонгуулийн ардчиллын индекс (EDI) нь Р. Далийн (1971, 1989) алдарт “полиархи” хэмээх хэллэгийг бүхэлд нь сонгуулийн ардчилал гэж нэрлэсэн бүх байгууллагуудын бодит байдал дээр оршин тогтнох анхны системчилсэн хэмжүүр гэж үздэг.
- Freedom in the World7
Дэлхийн 195 улс, 15 нутаг дэвсгэр дэх улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний байдлыг үнэлдэг Freedom in the World/Дэлхийн эрх чөлөө нь 1973 оноос хойш хэвлэгдэн гарсаар өдгөө 40 гаруй жилийн хугацаанд дэлхийн эрх чөлөөний чиг хандлагыг хянах боломжийг олгосоор ирсэн. Фрийдом хаус (Freedom House)ын жил бүрийн тэргүүлэх илтгэл бөгөөд дэлхий нийтийн улс төрийн эрх болон иргэний эрхийг үнэлдэг. Ийм байдлаар индикатор тус бүр дээр тодорхой асуултууд8 тухайлбал, (i) сонгуулийн үйл явц; (ii) улс төрийн олон ургальч байдал болон оролцоо; (iii) засгийн газрын чиг үүрэг; (iv) итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө; (v) эвлэлдэн нэгдэх эрх; (vi) хуулийн засаглал; (vii) хувийн бие даасан байдал болон хувь хүний эрхийн асуудлууд тавигддаг.
Эл үнэлгээгээр Монгол Улс 19901991 онд улс төрийн нам давамгайлсан “хагас чөлөөт” ангилалд, 1991-2002 онд ерөнхийлөгчийн ба парламентын ардчилалтай “чөлөөт” улсын ангилалд, 2003 онд ерөнхийлөгчийн ба парламентын ардчилал бүхий чөлөөт капиталист (шилжилт) ангилалд;
2004-2006 онд төрийн байгууламжийн хувьд ерөнхийлөгчийн ба парламентын холимог тогтолцоотой “чөлөөт” ангилалд; 2007-2013 онд төрийн байгууламжийн хувьд “сонгуульт ардчилал”-тай эрх чөлөөний байдлын хувьд “чөлөөт” ангилалд тус тус багтаж байв.
Монгол Улс 2007 оноос хойш “Сонгуульт ардчилал” гэсэн ангилалд хамаарч байна. Энэ нэршилд улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний талаарх стандартыг бага хангасан улс орон бус нутгууд багтаагүй боловч “либерал ардчилал” гэсэн нэршилтэй адилтгах бас боломжгүй. “Сонгуульт ардчилал” нэршил нь ардчилсан үзэл баримтлалыг илүү бататган сахих, олон тооны иргэний эрх чөлөөг илэрхийлэх гэсэн утгыг агуулж байна (Хүснэгт 3).
4. Tatu Vanhanen’s index of Democracy бол ардчиллын индекс нь улс төрийн оролцоо ба сонгуулийн өрсөлдөөний талаарх мэдээллийг нэгтгэн гаргадаг бөгөөп 1800-2018 оны хооронд дэлхийн 187 орныг хамарсан полиархийн мэдээллийн санг эмхэтгэсэнээрээ онцлогтой. Угтаа Т. Ванханенгийн ардчиллын индекс бол Р. Далийн олон талт оролцоо ба өрсөлдөөний үзэл баримтлалын хоёр гол ангиллын төрийг ардчилах хэмжүүрийг ашигладаг9 ба тус ардчиллын индекс (P) буюу оролцоо болон (W) буюу өрсөлдөөнөөр тооцоологддог. Эл индекс нь сонгуулийн дүнд шинжилгээ хийж оролцоо болон өрсөлдөөний түвшнийг тодорхойлдог.
Хүснэгт 2. Ванханенын ардчиллын индексээр тооцсон Монгол дахь парламентын сонгуулийн харьцуулсан үр дүн
Тайлбар: “Ардчилсан улс гэсэн ангилалд P үнэлгээ нь 20-оос багагүй, W үнэлгээ нь 30-аас багагүй, ID үнэлгээ нь 6.0 оноос багагүй байсан нөхцөлд хамааруулдаг”
Монголын парламентын сонгуулиудын оролцооны түвшин харьцангуй тогтмол байгаа бол, өрсөлдөөний түвшин болон ардчиллын индекс нь 1992, 2000, 2016, 2020 онуудад харьцангуй сул үзүүлэлттэй байна. 2012 онд оролцооны түвшин бусад сонгуулиудтай харьцуулахад доогуур, өрсөлдөөний түвшин нь 59.3 хувиар илэрхийлэгдсэн бол, ардчиллын индекс нь 24.7 гэсэн оноотойгоор өндөр үнэлгээтэй байна. Энэ нь Монгол Улсын сонгуулийн систем ардчиллын индексийн үнэлгээг тодорхойлж байгааг харуулж байна.
5. International IDEA: The Global State of Democracy 2021: Building Resilience in a Pandemic Era (Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэнгийн Дэлхийн ардчиллын төлөв байдал 2021: Цар тахлын үеийн тэсвэр тэвчээрийг бий болгохуй). Тус тайлан хэвлэгдэн гарахаас хоёр жилийн өмнө АСТОУХ (International IDEA)-ийн Дэлхийн ардчиллын төлөв байдлын тайлангийн хоёр дахь хувилбарыг нийтлэх үед дэлхий даяар ардчилалд нүүрлэж буй салхи ширүүн, улам бүр нэмэгдэж байгаа нь тодорхой мэдрэгдэж байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн 70 жилийн хугацаанд ардчилал дэлхий дахинд өрнөсөн гайхалтай тэлэлт зогсонги байдалд ороогүй гэдгийг харуулсан эерэг жишээнүүдийг дурдах нь харьцангуй энгийн хэвээр байв.
Цар тахлын нөхцөлд олон арван ардчилсан засгийн газрууд хүний үндсэн эрх чөлөөнд халдсан басхүү эргэлзээтэй хязгаарлалтуудыг баталсан нь нийтлэг. Гэхдээ энэ бүхэн ихэнхдээ авторитар дэглэмийн практикийг дуурайхад хүргэсэн мэт харагдах нь бий. Дэлхийн ардчиллын төлөв байдал- 2021 тайланд “ардчилсан сулрал”-д (ардчиллын чанар буурах), тэр дундаа тогтсон ардчилалтай орнууд ч урьд өмнөхөөсөө илүү ардчиллаас татгалзах эрсдэл нэмэгдэх болсон зэрэг санаа зоовних явдал байсныг харуулсан. Ардчилсан эвдрэлд санаатай болон санамсаргүй байдлаар өртсөн улс орнуудын тоо сүүлийн 10 жилийнх шиг өндөр байгаагүй ч гэлээ Бразил, Энэтхэг, АНУ зэрэг бүс нутгийн геополитик, эдийн засгийн хүчирхэг гүрнүүд үүнд багтсан нь эргэлзээ төрүүлж байна. Одоо дэлхийн хүн амын дөрөвний нэгээс илүү хувь нь ардчиллын замаас ухарсан орнуудад амьдарч байна. Энэхүү тайлан нь ардчиллын түгшүүртэй, элэгдэлтэй тэмцэхийн тулд засгийн газар, улс төрийн болон иргэний байгууллагууд, олон улсын ардчиллын тусламж үзүүлэгчид анхаарч үзэх ёстой сургамж, зөвлөмжийг өгч, ардчиллын уян хатан байдлыг үлэмж гүнзгийрүүлэн нэмэгдүүлэхэд чиглэгдэх нь туйлын чухал.
Монгол Улс ерөнхийдөө сул ардчилалтай орон бөгөөд Авлигын цар хүрээ ихтэй, орон нутгийн ардчилал байхгүй гэсэн үзүүлэлтээрээ доогуур байсаар байна. Сүүлийн таван жилийн хугацаанд эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн шударга байдал нилээд буурчээ. Шударга бус засаглал 1990-ээд оны эхэн үеэс аажмаар боловч тогтвортой буурч байгаа нь ардчиллын сорилт болсоор байгаагийн зэрэгцээ уул уурхайн баялгийн хурдацтай урсгалыг даган хяналтын механизмыг сайжруулах, ил тод байдлыг төлөвшүүлэх шаардлагатай тулгарч байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тодорхой хүрээний (нэр нь үл мэдэгдэх) төрийн өндөр албан хаагчид улсын нүүрсний орлогоос 12.8 тэрбум ам.долларыг хувьдаа завшсан гэх мэдээлэл өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сарын 4-нд Улаанбаатарт болон олон нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдахад хүргэсэн гэдгийг тэнд тэмдэглэжээ10. Энэ нь нэг талаас тус улсад олон арван жил үргэлжилсэн уул уурхайн тэсрэлтийн үеэр нийгэмд тэгш бус байдал үлэмж нэмэгдэж, улмаар төрийн өндөр албан туушаалтнууд хариуцлагаас мултрах, хариуцлага шийтгэл хүлээдэггүй байсныг харуулж буйн томоохон илрэл. Энд дурдсан нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын ардчиллын төлөв байдлын үнэлгээ дараах байдлаар үнэлэгджээ.
Төлөөллийг хангасан байдал | Хүнй эрх | Хууль дээдлэх | Оролцоо |
0.62 | 0.56 | 0.52 | 0.54 |
6. World Values Survey 2021 (Дэлхийн үнэлэмжийн судалгаа). Дэлхийн үнэлэмжийн судалгаа (www.worldvaluessurvey.org) бол нийгмийн болон улс төрийн амьдралд үзүүлж буй үр нөлөө, үнэт зүйлсийн өөрчлөлтийг судалдаг нийгмийн шинжлэх ухааны судлаач эрдэмтэдийн дэлхий нийтийн сүлжээ бүхий олон улсын судлаачдын баг юм. Тус судалгааг 1981 оноос хийж эхэлсэн бөгөөд улс бүрт хамгийн өндөр чанартай, нарийвчилсан судалгааны загварыг ашиглан гүйцэтгэхийг эрмэлзсээр ирсэн. Дэлхийн үнэлэмжийн судалгаа (ДҮС) нь дэлхийн нийт хүн амын бараг 90 хувийг хамрах бөгөөд дэлхийн 100 орчим улсад үндэсний хэмжээний төлөөллийг хамруулсан судалгаанаас бүрддэг бөгөөд анкетын асуулга ашиглан гүйцэтгэдэг.
Улс төрийн хэд хэдэн үйл ажиллагаануудыг 1-10 хүртэл баллаар үнэлүүлэн ардчиллын нэг хэсэг мөн эсэхийг бид энэхүү судалгаагаар тодруулсан юм. Ингэхэд иргэд ихэвчлэн «дундаж» буюу 5 баллаар үнэлэх нь элбэг байв. Засгийн газар баячуудаас татвар авч ядуучуудыг дэмжих, шашны байгууллагууд хуулиудыг эцсийн байдлаар тайлбарлах, ажилгүйдлийн тэтгэмжийг улсаас авах, төр засаг чадваргүй үед цэргийнхэн төрийг гартаа авах, иргэний эрх нь хүмүүсийг төрийн дарамтаас хамгаалах, төрөөс хүмүүсийн орлогыг тэгшитгэх, хүмүүс удирдагчдаа дуулгавартай дагах зэргийг үнэлсэн байдал нь дунджаар 6 балл руу тун дөхсөн ч эдгээр нь ардчиллын салшгүй нэг хэсэг огтхон ч биш гэсэн үнэлгээнд багтаж байв. Харин удирдагчаа чөлөөт сонгуулиар сонгох, хүйсийн адил тэгш эрхтэй байх зэрэг нь ардчиллын салшгүй нэг хэсэг хэмээн үзжээ.
Дэлхийн үнэлэмжийн судалгаанд оролцогчдын дийлэнх нь ардчилсан оронд амьдрахын чухлыг онцолж, 6-аас дээш оноо өгсөн байна. Тэр дундаа иргэдийн дийлэнх нь 7-8 оноо авсан нь харьцангуй өндөр үзүүлэлт болсон нь анхаарал татаж байна (Зураг 3).
Зураг 3 Ардчилсан засаглалтай улсад амьдрахын чухал эсэх (хувиар)
Эх сурвалж: Дэлхийн үнэлэмжийн судалгаа: Монгол Улс. 2020-2021 оны 6 дугаар сар.
Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь 6-аас дээш оноогоор ардчилсан засаглалтай улсад амьдрах явдал чухал болохыг онцлон үнэлсэн байна. Тэр дундаа 7-8 онооны хэмжээнд үнэлсэн иргэд дийлэнх хувийг эзэлж буйн харьцангуй өндөр үзүүлэлт гэдгийг харуулж буй нь сонирхол татахгүй байхын аргагүй. Энэ бол Монгол Улс дахь ардчилсан засаглалын төлөв байдал ямар түвшинд буйг илтгэж буй явдал. Бид үүнийг ч дараах байдлаар үнэлсэн юм.
Зураг 4. Монгол Улс дахь ардчилсан засаглалын байдал (хувиар)
Эх сурвалж: Дэлхийн үнэлэмжийн судалгаа: Монгол Улс. 2020-2021 оны 6 дугаар сар.
Үнэндээ, өнөөгийн монголчуудын оршихуйд тулгамдаж буй олон саад бэрхшээлийг даван туулахад бидний нэрлэж заншсан 1990 оны ардчилсан хувьсгал чухал үүрэгтэй. Тэрхүү ардчилсан хувьсгалаар сталинист маягийн социалист нийгэм, түүний улс төрийн хатуу хяналт нуран унаж, нийгэм бүхэлдээ чөлөөтэй болж эхэлсэн нь социалист нийгэм төдийгүй социалист онол сургаалд ч том цохилт11 болсон. Энэхүү ардчилсан хувьсгалын үр дүнд монголын нийгмийн оюуны санааны амьдрал чөлөөлөгдөж олон эшт үзэл санаа бүрэлдэн тогтох үндэс болсон. Тэр утгаараа 1990 оноос эхлэн манай улсад ардчилал хөгжиж эхэлсэн билээ. Тэртээ хугацаанаас хойш 30 жил ардчилсан засаглал хөгжиж төлөвшиж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөгийн иргэдийн хувьд улс орондоо ардчилсан засаглалын хөгжлийг 10 оноогоор үнэлүүлэхэд иргэд 6-7 оноогоор үнэлсэнээс харахад, Монгол дахь ардчилсан засаглалын хөгжил өнөөг хүртэл эргэлзээ, тээнэглэзэл дагуулсаар буйг илтгэнэ.
7. Bertelsmann Stiftung`s Transformation index (BTI) 2022.
Бертелсманы Шилжилтийн сүүлийн оны индексээр Монгол Улсын төр засгаас авлигатай тэмцэх бодлогодоо томоохон ахиц дэвшил гаргахгүй бол төрийг булаан авах оролдлого Монголын ардчиллын байнгын шинж чанар болж хувирах магадлалтайг дараах дүр зурагтай байна.
Тодруулбал, дэлхийн нийтийг хамарсан КОВИД 19-ийн дараах Бертелсманы шилжилтийн индексээс12 харвал дэлхийн улс орнуудын засгийн газрууд, тэр дундаа манай улсын COVID-19 тахлын эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга
хэмжээ, онцгой байдлын бэлэн байдлыг нэн тэргүүнд тавьж байгаа мэт санагдаж байсан ч олон нийтийн айдас, бухимдлыг төрүүлж, нийгэмд халдвар авсан анхны тохиолдлын хариуд хямралын менежментийн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй байна.
Харин дараагийн нэг чухал үндэслэл бол (8) Дэлхий банкны институтээс улс орнуудын засаглалын төлөв байдлыг үнэлэх судалгааны (Governance Matters) дүнгээс үзэхэд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын 6 шалгуур үзүүлэлтээр 201013-2021 оны хооронд Монгол Улсын үзүүлэлт дараахь дүнтэй гарчээ (Хүснэгт 1). Монгол Улс дахь авлигын хяналт 2010 онд -0.74 байсан бол 2021 оны байдлаар энэ үнэлгээ -0.44 хүртэл14 буурч 37.50 хувьтай байна. Тус улсын хэмжээнд авлигын талаарх ойлгоц, төсөөлөл сул байгаагийн зэрэгцээ авлигын хяналт дан ганц агентлагын түвшний хэрэг бус нийт ард иргэдийн болон төрийн бүх шатанд ажиллаж байгаа улс төрийн ба нийтийн албаны гүйцэтгэгчид, албан хаагчдын улс төрийн соёл, ухамсар, улс төрийн чин хүсэл тэмүүлэл нэн чухал болох үүгээр илэрч байгааг дурдах нь зүйтэй.15
Энэхүү улс төрийн тогтвортой байдлын үзүүлэлт 2010 онд 66.35 хувь (+0.60)
байсан бол үүнээс даруй арав орчим жилийн дараа буюу 2019 онд 68.57 хувь (+0.64)тай байгаа нь түүнд зайлшгүй анхаарах хэрэгтэй болсныг харуулж байна. Энэ нь юунаас үүдэлтэйг үзэхүл, засгийн газрын үр нөлөө буюу төрийн үйлчилгээний чанар (2010 онд 34.93 хувь буюу (-0.57); 2019 онд 42.31 хувь буюу (-0.19) үнэлгээтэй гарчээ) чадавхын асуудал үлэмж дордож буй нь эргээд төрд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болов. Түүнчлэн иргэдийн үзэл бодол, саналаа илэрхийлэх, хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг төдийлэн хангалттай бус түвшинд байгааг тодорхой (Хүснэгт 2.1.1) харуулав.
9. «Трансперэнси интернэшнл» олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон боловсруулдаг улс орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэсэн Авлигын төсөөллийн индексийн 2021 оны дүнгээр Монгол Улс 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдсэн16 байна. Авлигын төсөөллийн индексээр дэлхийн улс орныг жагсаасан энэхүү жагсаалтад тухайн улс орны эзэлж буй байр бага зэрэг өөрчлөгдөх нь юуг ч илэрхийлэхгүй, учир нь жил бүр судалгаанд хамрагдах орны тоо өөрчлөгддөг. Гол нь индексийн агуулга хэрхэн өөрчлөгдөж буйд анхаарах нь чухал17. Монгол Улсын хувьд сүүлийн 13 жилийн хугацаанд үнэлэгдсэн авлигын төсөөллийн индекс18 дунджаар 38-40 оноогоор үнэлэгдэж, улмаар дэлхийн улс орнуудын 111115 байрт эрэмбэлэгдэж байна. Тус судалгаанд оролцсон улс орнуудын гуравны хоёр нь 50-иас бага оноо авсан бөгөөд дунджаар 43 оноо буюу «илүү их авлигад автсан» гэсэн утгыг илэрхийлж байна. Үүнээс авлигын түвшин буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь улс төрийн авлигын түвшин өссөнтэй холбоотой хэмээн үзэх үндэслэлтэй.
Олон улсын судалгааны байгууллагуудын доорх дүнгээс төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах байдал нэмэгдснээс авлига нийгэмд газар авч, улмаар байдал үлэмж ужгирвал түүний хор нөлөөнөөс ангид үлдэх нийгмийн ямар ч салбар байхгүйг харуулж байна.
Улс төрийн үнэт зүйлс, нөлөөлөх хүчин зүйлсийн өөрчлөлт
Ардчилсан нийгмийн тогтвортой байх чухал нөхцөлийн нэг нь улс төрийн соёлд иргэдийн идэвхтэй оролцоо давамгайлсан хэв маягийг бүрдүүлэх явдал юм. Иргэдийн ухамсарт ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, анархизм руу чиглэсэн үйлдлүүдийг хууль эрх зүйн зохистой бодлогоор хазаарлан барих явдал мөн. Улс төрийн үйл явцад оролцож буй субъектуудын улс төрийн соёлын төлөвшил нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, төрт ёсоо хүндэтгэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхэд чухалчлагдсаар байгаа нь анхаарал татсан хэвээр байна.
Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуулиар ардчилсан төрийн тогтолцоогоо тодорхойлсноос гадна ардчилсан иргэний эрх, үүрэг, “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” гэсэн тодотголтой нийгмийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон. Тиймээс орчин үеийн монголчуудын улс төрийн хүрээний асуудлуудыг шинэ Үндсэн хуультай болсон үеэс цаг хугацааг тодруулан гаргаж иргэний нийгэм байгуулахад иргэдийнх нь дуу хоолой хэрхэн хүрч байгааг, иргэдийн оролцооны ач холбогдол, иргэдийн үнэлэмж, улс төрийн соёлын онцлог байдал зэргийг харгалзах нь ардчиллын бэхжилтэд чухал ач холбогдолтой болохыг шинжээчдийн судалгааны үр дүн харуулсан.
Монголчуудын улс төрийн эсэргүүцэл үндэсний ижилсэл-ондоошлын онцлогтой хэрхэн нийцдэг эсэх нь агуулгын шинжилгээний үр дүнд илэрсэн юм. Монголчуудын улс төрийн эсэргүүцэл ихэвчлэн үндэсний соёлын онцлогоо дээдэлсэн, нүүдэлчдийн амьдрах аж төрөх ёсны хэв маяг, хоёр том үндэстний дунд орших жижиг улсын хувьд үндэсний уламжлал, түүх соёл, ардчиллын хөгжил түүний төлөвшил зэргээрээ ялгарах учиртайг шинжилгээний дүн харуулсан юм.
Зураг 5. Монголчуудын улс төрийн эсэргүүцэл нь Монгол үндэсний ижилсэлондоошлын аль онцлог байдлыг илүүтэй тусгадаг эсэх талаарх нийтлэг илэрхийлэмж
Судалгаанд хамрагдсадын хувьд ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөө, олон нийтийн болон шинжээчдийн хувьд ардчиллан талаарх ойлголтыг харьцангуй боломжийн хэмжээнд буюу дунджаар 4 гэсэн үнэлгээ өгснийг шинжилгээнээс харж болно. Энэ нь өнөөгийн иргэдийн хувьд үнэт зүйл болон төлөвших хандлага урьд өмнө хийгдсэн судалгааны үр дүнгүүдтэй ойролцоо үнэлэгдсэнийг харуулна. Үүнийг тодруулбал, ардчилал улсын болон оршин суугаа газарт “дундаас дээш” хөгжсөн гэж үзсэн бол, ажилладаг байгууллага, салбарын хэмжээнд “дундаас доош” үнэлэгдсэн байна. Энэ бол ардчиллын талаарх ойлголт хийгээд ардчиллын хөгжил тус улсын бүхийл салбарт харилцан адилгүй төлөвшиж буйг илтгэнэ (Зураг 6).
Зураг 6. Монголын ардчилал улс орны хэмжээнд болон таны оршин суугаа газарт хэр төлөвшиж байна вэ? (маш муу-1; маш сайн-7)
Улс төрийн эрх мэдэл гэдэг нь улс төрчид, удирдагчид болон бусад хүмүүсийн засгийн газрын бодлогод нөлөөлж, улмаар ард түмэн, улс орнууд ямар шийдвэр гаргаж байгааг хянах чадварыг хэлнэ.19 Энэ хүрээнд какистократизм20 буюу хамгийн муу хүмүүсийн засгийн газар, стратократизм21 буюу армид суурилсан цэргийн засаглал (засгийн газар), бохир улс төр ч бий болдог байна.
Харин бохир улс төр гэдэгт бусдыг хов живт хутгах, хилс хэрэгт гүтгэх кампанит ажиллагаа явуулах, гутаан доромжлох байдлаар нэр хүндийг нь унагахыг хэлдэг. Бохир улс төр бүрэлдэх явдал нөгөө талаас ардчиллан хөгжил, төлөвшлийн хөгжилтэй шууд хамааралтай гэж болно. Тухайлбал, иргэдийн улс төрийн мэдлэг боловсрол сул, улс төрийн ташаа ойлголт, улс төрийн оролцоо бага (28.3%), авлига улс төрийн санхүүжилтийн асуудал (16%) зэрэг олон арван хүчин зүйлс ийнхүү улс төрийг “бохир” харагдуулахад нөлөөлж буй гол хүчин зүйлс болсныг чанарын судалгааны аргаар шинжээчдийн дунд хийсэн гүйнзгийрүүлсэн ярилцлагаар илэрсэн болно.
3.3% | Хяналт, хариуцлагын тогтолцоо | 6.6% | Сонгуулийн тогтолцоо | 8.3% | Улс төрийн намын төлөвшил |
3.3% | Хууль, эрх зүйн тогтолцоо | 3.3% | Улс төрд нөлөөлөх бизнесийн бүлгийн нөлөөлөл | 3.3% | Хөрш орнуудын улс төрийн нөлөөлөл |
3.3% | Уламжлалт, хуучин нийгмийн хандлага | ||||
3.3% | Ашигт малтмалын экспортоос хараат, ЭЗ-ийн сул дорой байдал | 10.5% | Улс төрийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаа | 3.3% | Иргэний нийгмийн оройн зай сул хөгжсөн |
28.3% | иргэдийн улс төрийн мэдлэг боловсрол сул, улс төрийн ташаа ойлголттой, улс төрийн оролцоо бага | 16.6% | авлига улс төрийн санхүүжилтийн асуудал | 6.6% | Эрх мэдэл, ашиг сонирхлын төлөөх тэмцэх |
Энэ хүрээнд монголчуудын улс төрийн мэдлэгт хэр зэрэг сэтгэл ханамжтай байдаг талаар судалгааны үр дүнд шинжилгээ хийж үзэхэд, судалгаанд хамрагдсан 93 шинжээчийн 56 нь улс төрийн мэдлэг “дунд” буюу сэтгэл хангалуун бус байдаг хэмээн үнэлжээ. Энэ бол улс төрийн нийгэмшилтэй холбоотой байж болох авч улс төрийн нийгэмшил (political socialization) нь зөвхөн ноёрхогч үзэл суртал, улс төрийн институтын зүгээс бие хүнд үзүүлэх зорилготой нөлөөлөл бус харин системийн зорилго, үнэт зүйлсийг хадгалах механизмыг бие хүн улс төрийн системтэй харилцан үйлчлэх замаар буюу систем өөрөө өөрийгөө үйлдвэрлэх, шинэ гишүүдийг сургаж бэлтгэх явцад илэрдэг хоёр үйл явцтай холбогдох учиртайг бүрнээ харуулав. Хамгийн их давтамжтай хариултыг агуулгаар нь багцлан дээрх чиглэлд ангилснаас 28,5% ардчилал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, 25% төрийг дээдлэх үзэл, 10,7% харьцангуй тайван замаар асуудалд хандаж, зөвшилцөлд хүрэх, 10,7% төрийн болон улс төрийн институц, түүнд хандах хандлага зэргийг өндөр үзүүлэлттэйгээр илэрхийлсэн болно.
Дүгнэлт
Үнэндээ улс төрийн үэнт зүйл, улс төрийн соёлыг хамгийн сайн тодорхойлдог зүйл бол улс төртэй холбоотой нийтлэг үнэт зүйлс, итгэл үнэмшил, зан үйлийн хандлага гэж болно. Улс төрийн систем дэх хувь хүний идэвхгүй оролцоо, сул дорой харьцаа нь нийгэмд албатын улс төрийн соёлыг нөхцөлдүүлэхэд хүргэдэг. Энэ төрлийн хэв маягийн улс төрийн соёлыг өөртөө бүрдүүлсэн хувь хүний хувьд улс төрийг ухамсарладаг авч, улс төрийн үйл байдалда уламжлалыг чиг баримжаа болгон төр засгаас ямагт хайр халамж, тэтгэмж туслалцааг хүсэн хүлээдэг нэгэн болж төлөвших эрсдэлтэй. Мөнхүү эрсдэлээс зайлсхийхийн тулд оролцооны ардчилсан хэв маяг давамгайлсан улс төрийн соёлыг ард иргэдийн уламжлалт байр суурьтай хослуулах замаар иргэдийн сэтгэлгээний онцлогт тулгуурласан улс төрийн үйл хэрэгт хандах идэвхтэй оролцоог төлөвшүүлэх нь нэн чухал. Чухам эл хандлагыг төлөвшүүлэх байдлаар төр засагт өөрийн хүсэл зорилгыг илэрхийлэх, түүнд нөлөөлөх, хариуцлагын механизмыг бэхжүүлэхэд хөндлөнгийн хяналтын тогтмол гүйцэтгэх чадвартай улс төрийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг тодруулах явдал бидний өмнө нэгэнт тулгарсан.
Гүнзгийрүүлсэн ярилцлагад хамрагдсан шинжээчдийн ярилцлагын агуулгын төсөөт шинжийг илэрхийлсэн давтамжид хамгийн их давхцал нь улс төрийн институцийн хөгжил, төлөвшлийн асуудал (160 удаа), улс төрийн соёл (126 удаа), ардчиллын бэхжилт, хөгжлийн асуудал (101 удаа), уламжлал, үнэт зүйл, сэтгэлгээний талаарх илэрхийлэмж (92 удаа) давхцсан байна.
Экспертийн үнэлгээгээр чиглэл бүрд хамгийн их хариултын давтамжаар нь авч үзвэл сонгууль, сонгуулийн системийн асуудалд иргэдийн эрх, үүргээ ухамсарлах байдал болон сонгогчдын боловсрол өндөр нөлөөтэй ажээ. Иргэдийн төрд итгэх итгэлд нөлөөлөх хүчин зүйлсэд төрийн зохицуулалтын гажуудал, иргэдийн улс төрийн боловсрол, төрийн албан хаагчдын чадавх өндөр нөлөөтэй гэж үзжээ. Нөгөөтэйгүүр, улс төрийн намын төлөвшилд намын лидерийн манлайлал, иргэдийн улс төрийн боловсрол, албан тушаалын маргаан өндөр нөлөөтэй. Намын төлөвшилд саад болж буй хүчин зүйлд намын дотоод ардчилал байхгүй, боловсон хүчний чадамж муу, намын хөндлөнгийн хяналтын механизм сул гэж тус тус үнэлсэн нь бүрэн харагдана.
Улс төрийн систем, үйл явцын талаарх ярилцлагын агуулгын үнэлгээ, агуулгын22 хүрээнд улс төрийн систем, үйл явцын талаарх ярилцлагын агуулгын үнэлгээнээс үзвэл, өмнөх улс төрийн ситемийг шударга, хэлмэгдүүлэлтгүй нийгмийг хүсч байсан хэмээх төсөөт шинж илэрсэн нь сонирхолтой хэдий ч энэ бол бэрхшээлгүй байсан гэсэн үг биш.
Ардчилсан нийгэмд шилжин орсноос хойш хийгээд улс төрийн шилжилтийн үеийг үнэлэхдээ судлаач, эрдэмтэдийн туслалцааг авах, шинээр бүрэлдэн тогтож байсан/төлөвшлийн эхлэлийн үедээ улс төрийн хүчнүүд мэдлэг, туршлагатай боловсон хүчинээр хомс байснаас гадна иргэдийг шинээр улс төрийн нийгэмшилд оролцуулах буюу аливаа нэг ноёрхогч үзэл суртал, улс төрийн институтийн зүгээс бие хүнд үзүүлэх зорилготой нөлөөлөл бус гагцхүү системийн зорилго, үнэт зүйлсийг хадгалах механизмыг бүрдүүлэхийг чухалчлах шаардлагатай болсныг эл шинжилгээнээс дүгнэж болох юм. Ардчиллын өөрчлөлт хөгжлийг мэдээллийн технологийн өөрчлөлтүүдийг ашиглах болсон, сонгогчдын туршлага нэмэгдэж байна гэж дүгнэсэн. Монголын ардчиллын хөгжилд саад болж байгаа хүчин зүйлс нь ардчиллыг тээгч институцийн хөгжил тааруу, ардчиллын мөн чанарыг ухамсарлахгүй байна, ардчиллын үнэлэмжийн төлөвшил сул, ардчиллын боловсрол удаашралтай байна гэж үзжээ.
Эх оронч үзэл, үндэсний үзэл нь коммунист сурталын нөлөөгөөр бусдаас илүү гэх буруу хандлага төлөвшсөн. Улс төрийн уламжлал, сэтгэлгээний хувьд коммунист, дарангуйллын сэтгэлгээнээсээ салаагүй, ардчиллын утгыг ойлгохгүй байх явдал нийтлэг байна. Улс төрийн үнэт зүйлсд нөлөөлж буй хүчин зүйлийг хот, хөдөөгийн улс төрийн соёлын ялгаатай байдал, нийгмийнхээ суурь үзэл санааг ойлгохуй, либерал ойлголт, үнэлэмжтэй хүн төлөвшиж чадаагүй гэж дүгнэлтийг хийхэд хүргэв.
Монголчууд улс төрийн соёлыг улс төрийн тогтолцоо, үзэгдэл, үйл явцын талаарх тухайн нийгэм, үндэстэн, хүн амын бүлгийн ойлголт, хандлагуудын бүрдэл хэмээн ерөнхийд нь ойлгодог байна23. Угтаа улс төрийн соёл нь «нийгэм, хүмүүсийн улс төрийн үнэлэмж, үнэт зүйл, улс төрийн институтуудын талаарх төсөөлөл, байр суурь, хандлага»24 учраас түүнийг улс төрчдийн үйл ажиллагааны туршлага үеэс үед дамжиж, нийгмийн бүлэг ба хувь хүний мэдлэг боловсрол, үзэл онол, төлөв байдлын нэгдэл гэж ойлгож болно.
Улс төрийн соёлын хэв маягийн хувьд иргэдийн дунд оролцооны элементүүд бага зэрэг агуулагдсан, коммунист арга барил, хандлага арилаагүй, ардчилсан соёл хангалттай хэмжээнд бүрдэж, төлөвшөөгүй байна. Улс төрийн соёлын төлөвшилд нөлөөлж буй хүчин зүйлс улс төрийн институцийн төлөвшил, улс төрийн итгэл үнэмшил, улс төрийн боловсрол, улс төрийн нийгэмшилт, ухамсар хамгийн их нөлөөлдөг хэмээн дүгнэж болох юм. Нөгөө талаас нийгэм олон төрлийн ашиг сонирхлын нийтлэг болдог, нэг эрх ашгаар нөгөө эрх ашиг хязгаарлагдаж байгаа тул зөрчилтэй харилцааг бий болгох, улс төрийн итгэл буурах, төрийн бодлого, шийдвэрт сэтгэл ханамжгүй болох зэрэг нь засаглалын легитимт чанарыг бууруулах, тогтолцооны хямралд хүргэх зэрэг өргөн хүрээг хамарсан сөрөг нөлөөг үзүүлэх явдал нийтлэг25 байна. Энэхүү сөрөг нөлөө эрүүлжихэд иргэний нийгмийн төлөвшил чухал үүрэг гүйцэтгэх учиртай.
Иргэний нийгмийн төлөвшилд төрийн оролцоо, иргэдийн улс төрийн боловсрол, иргэдийн хяналтын механизм чухал нөлөөтэй хэвээр байна. Иргэний нийгэм төлөвшихөд салбарын бие даасан байдалд төрийн оролцоо хэт их, иргэдийн оролцоо муу, иргэдийн улс төрийн боловсрол олгох систем, хөтөлбөр муу байгаа нь хамгийн том саад, бэрхшээл болж буйг шинжээчдийн ярилцлагын агуулгаас хийсэн шинжилгээний дүн харуулж байна.
Өнөөгийн сонгогчдын хувьд улс төрийн мэдлэг боловсрол, улс төрийн намын үйл ажиллагаа, боловсролын байгууллагын нөлөөлөл, иргэдийн оролцоо, улс төр, ардчиллын боловсролын мөн чанарыг ухамсарлахгүй байх, түүнийг олгох систем хангалттай хэмжээнд бүрэлдэн төлөвшөөгүй байгаагаас сонгогчдын улс төрийн мэдлэг боловсрол ийнхүү сулархад нөлөөлж буй хэмээн дүгнэж болохоор байна.26
Ном зүй
Монгол хэлээр
- Алмонд Г., Пауэл Ж., Далтон Р, ба бусад. Харьцуулсан улс төр (онолын хүрээ). Орч. Довчин Ё. Ред. Содном Ш. Уб., 2005. 81 дахь тал
- Монголын нийгмийн оюун санааны академич-ТББ. Судалгааны мэдээллийн сан. Уб., 2019
- МХЗ9 төсөл, НҮБХХ., ФСЭХ. Монголын засаглалын үзүүлэлтүүд. Боловсруулсан. Хатанболд О. ред. Цэцэнбилэг Ц., Очирсүх Я. Сансудай ХХК. Уб., 2010. 114 дэх тал.
- С.Норовсамбуу, Г.Лувсанцэрэн, Л.Дашням, А.Жамбал, Р.Алтансүх. Монголчуудын шашин шүтлэг, үндэсний ухамсарын асуудал. УБ., 2008
- Самуэль П.Хантингтон. Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэж буй дэлхийн дэг журам. Уб, 2005. 102, 128, 131-196 дахь талууд
- УТЭЗС, Философийн хүрээлэн, ШУА. Өнөөгийн Монголын улс төрийн соёл: төлөв байдал, чиг хандлага. ОНСБ-ын судалгааны тайлан. Уб., 2019. 17 дахь тал
- Философийн хүрээлэн., ШУА. Зүүн Европын улс орнууд болон монголын ардчилал: ололт, амжилт, сорилт бэрхшээл. ОУЭШХ. Илтгэлийн эмхэтгэл. ред. Хатанболд О. Уб., 2022. 8-9 дэх тал
- Философийн хүрээлэн., ШУА. Монгол дахь улс төрийн соёл: Уламжлал, орчин үе. Хамтын бүтээл. ред. Баасансүрэн, Хатанболд О. Соёмбо принтинг ХХК. Уб., 2020. №44, 1458 147 дэх тал
- ФСЭХ., ШУА. XIII-XIV зууны монголын улс төрийн сэтгэлгээний зарим асуудал. Хамтын бүтээл. ред. Жамбал А. Бэмби сан хэвлэлийн газар. Уб., 2006, 144 дэх тал
- Хатанболд О. Монгол Улс дахь шашны хэтийн хандлага. Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн илтгэл. ЕТГ., ҮАБЗ. Төрийн ордон, Уб., 2018 оны 4-р сарын 17-ны өдөр.
- Хатанболд О., Уртнасан Д. Орчин үеийн монголчуудын улс төрийн мэдлэг, уламжлалт соёл, үнэт зүйлсэд гарч буй өөрчлөлт. Политологи. Эрдэм шинжилгээний бичиг. №2 (579). МУИС. ШУС. Улс төр судлалын тэнхимАрдчилал судлалын төв. МУИС пресс. Уб., 2023. 94, 94-115 дахь тал
- Цанжид А., Батхишиг Б., Хатанболд О, ба бусад. Улс төр ба нийгэм: дээж мэдлэг. Конрад Аденауэрын сан. Мөнхийн үсэг ХХК. Уб., 2022, 90 дэх тал
- Чулуунбаатар Г., Дашжамц Д. Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн түүхийн хураангуй (1972-2000). ред. Пүрэв Ц. Уб., 2002, 68 дахь тал
- ШУА, ФСЭХ. Монголын Буддын философи: эх бичгийн эмхтгэл. Уб, 2011 Англи, орос хэлээр
- Almond. G and Verba. S. The Civic Culture Revisited, Boston: Little Brown,1980.
- Archie Brown. Jack Gray. Political Culture and Political Change in Communist States. New York: Holmes & Meier, 1977. p 56
- Jacques Delors. Question Concerning European Security, 1993
- Vaclav Havel. The New Measure of Man, New York Times, 1994
- Сморгунов Л.В. Третья волна демократизации как проблема сравнительной политологии (Политические процессы в России в сравнительном измерении. СПб., 1997)
Цахим эх сурвалж
- Economist Intelligence Unit (EIU) Democracy Index
- Freedom House. https://freedomhouse.org/report/freedom-world
- https://services.fsd.tuni.fi/catalogue/FSD1289?study_language=en (Vanhanen 1992)
- https://idea.int/democracytracker/country/mongolia
- https://idea.int/democracytracker/report/mongolia/december-2022
- https://bti-project.org/en/reports/country-dashboard/MNG
- https://info.worldbank.org/governance/wgi/Home/Reports; http://info.worldbank.org/governance/wgi/Home/Documents#wgiDataSources
- https://www.transparency.org/en/news/cpi-2020-asia-pacific
- https://www.transparency.org/en/cpi/2021/index/mng
- https://www.transparency.org/en/cpi/2019/index/mng;11. https://www.transparency.org/en/cpi/2018/index/mng; 12. https://www.transparency.org/en/cpi/2017/index/mng; 13. https://www.transparency.org/en/cpi/2016/index/mng; 14. https://www.transparency.org/en/cpi/2015/index/mng;
- https://www.transparency.org/en/cpi/2014/index/mng;
- https://images.transparencycdn.org/images/CPI2011_map.pdf; https://www.transparency.org/en/cpi/2009; https://www.transparency.org/en/cpi/2008;
- https://www.transparency.org/en/cpi/2008;
- https://www.transparency.org/en/cpi/2009;
- https://images.transparencycdn.org/images/CPI2011_map.pdf;
- https://www.transparency.org/en/cpi/2014/index/mng;21. https://www.transparency.org/en/cpi/2015/index/mng; 22. https://www.transparency.org/en/cpi/2016/index/mng; 23. https://www.transparency.org/en/cpi/2017/index/mng; 24. https://www.transparency.org/en/cpi/2018/index/mng;
- https://www.transparency.org/en/cpi/2019/index/mng;
- https://study.com/academy/lesson/political-power-territoriality-definitionexample.html-
- https://www.merriam-webster.com
- https://www.merriam-webster.com
- Философийн хүрээлэн., ШУА. Монгол дахь улс төрийн соёл: Уламжлал, орчин үе. Хамтын бүтээл.
ред. Баасансүрэн, Хатанболд О. Соёмбо принтинг ХХК. Уб., 2020. 145 дэх тал ↩︎ - Almond. G and Verba. S. The Civic Culture Revisited, Boston: Little Brown,1980 ↩︎
- Сморгунов Л.В. Третья волна демократизации как проблема сравнительной политологии
(Политические процессы в России в сравнительном измерении. СПб., 1997) ↩︎ - Философийн хүрээлэн., ШУА. Монгол дахь улс төрийн соёл: Уламжлал, орчин үе. Хамтын бүтээл.
ред. Баасансүрэн, Хатанболд О. Соёмбо принтинг ХХК. Уб., 2020. 144 дэх тал ↩︎ - Философийн хүрээлэн., ШУА. Монгол дахь улс төрийн соёл: Уламжлал, орчин үе. Хамтын бүтээл.
ред. Баасансүрэн, Хатанболд О. Соёмбо принтинг ХХК. Уб., 2020. 145 дахь тал ↩︎ - Ардчиллын Индекс нь Их Британид төвтэй Economist Intelligence Unit(EIU) компанийн нэгтгэдэг
индекс. Энэ нь дэлхийн 167 орны ардчиллын төлөв байдлыг нэгтгэхээр зорьдог ба эдгээрийн
166 нь бүрэн эрхт улс, 164 нь НҮБ-ын гишүүн орнууд юм. Индексийн анх 2006 онд хэвлүүлсэн
бөгөөд 2008, 2010 болон үүнээс хойш жил бүр шинэчлэл хийдэг байна.. www.en.wikipedia.org ↩︎ - https://freedomhouse.org/report/freedom-world ↩︎
- https://freedomhouse.org/report/freedom-world ↩︎
- Дэлгэрэнгүй мэдээллийг https://services.fsd.tuni.fi/catalogue/FSD1289?study_language=en -ээс үзнэ үү. ↩︎
- Дэлгэрэнгүй мэдээллийг https://idea.int/democracytracker/report/mongolia/december-2022 -ээс үзнэ үү. ↩︎
- Чулуунбаатар Г., Дашжамц Д. Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн түүхийн хураангуй (1972-2000). ред. Пүрэв Ц. Уб., 2002, 68 дахь тал ↩︎
- https://bti-project.org/en/reports/country-dashboard/MNG -ээс дэлгэрүүлэн үзнэ үү. ↩︎
- https://info.worldbank.org/governance/wgi/Home/Reports;http://info.worldbank.org/governance/wgi/
Home/Documents#wgiDataSources-ээс дэлгэрүүлэн үзнэ үү. ↩︎ - *Тайлбар: Засаглалын гүйцэтгэл ойролцоогоор -2.5 (сул) -аас +2.5 (хүчтэй) хооронд хэлбэлздэг. ↩︎
- https://databank.worldbank.org/reports.aspx?Report_Name=WGI-Table&Id=ceea4d8b; https://info.
worldbank.org/governance/wgi/Home/Documents#wgiDataCrossCtry ↩︎ - Авлигын төсөөллийн индекс нь 0-100 онооны хооронд тодорхойлдог ба 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр гэсэн утгыг илэрхийлнэ. https://www.transparency.org/en/news/cpi2020-asia-pacific ↩︎
- МХЗ9 төсөл, НҮБХХ., ФСЭХ. Монголын засаглалын үзүүлэлтүүд. Боловсруулсан. Хатанболд О. ред. Цэцэнбилэг Ц., Очирсүх Я. Сансудай ХХК. Уб., 2010. 114 дэх тал. ↩︎
- 19 https://www.transparency.org/en/cpi/2021/index/mng https://www.transparency.org/en/cpi/2019/ index/mng. ↩︎
- Дэлгэрэнгүйг https://study.com/academy/lesson/political-power-territoriality-definition-example.html- ээс үзнэ үү. ↩︎
- Дэлгэрэнгүйг https://www.merriam-webster.com -ээс үзнэ үү. ↩︎
- Дэлгэрэнгүйг https://www.merriam-webster.com -ээс үзнэ үү. ↩︎
- Шинжилгээнд үндсэн категорит хамаарах захын кодуудаар тухайн агуулгын хүрээнд экспертийн хариултыг эрэмбэлж өгөх боломжтой байдаг нь агуулга бүрийн хүрээнд илэрч болох боломжит хувилбаруудыг тодорхойлсон. Судалгаанд оролцогч экспертүүдийн тухайн сэдвийн хүрээнд илэрхийлсэн хариултын хувилбар бүрийг багтаана. ↩︎
- Философийн хүрээлэн., ШУА. Монгол дахь улс төрийн соёл: Уламжлал, орчин үе. Хамтын бүтээл.
ред. Баасансүрэн, Хатанболд О. Соёмбо принтинг ХХК. Уб., 2020. 147 дахь тал ↩︎ - Archie Brown. Jack Gray. Political Culture and Political Change in Communist States. New York: Holmes & Meier, 1977. p 56 ↩︎
- Хатанболд О., Уртнасан Д. Орчин үеийн монголчуудын улс төрийн мэдлэг, уламжлалт соёл, үнэт зүйлсэд гарч буй өөрчлөлт. Политологи. Эрдэм шинжилгээний бичиг. №2 (579). МУИС. ШУС. Улс төр судлалын тэнхим-Ардчилал судлалын төв. МУИС пресс. Уб., 2023. 94 дэх тал ↩︎
- Шинжилгээнд үндсэн категорит хамаарах захын кодуудаар тухайн агуулгын хүрээнд экспертийн хариултыг эрэмбэлж өгөх боломжтой байдаг нь агуулга бүрийн хүрээнд илэрч болох боломжит хувилбаруудыг тодорхойлсон. Судалгаанд оролцогч экспертүүдийн тухайн сэдвийн хүрээнд илэрхийлсэн хариултын хувилбар бүрийг багтаана. ↩︎