Ж. Батсүх
/ГЗУХИ-ийн багш/
Шинэ толь №9, 1996
Түлхүүр үг: Захиргаа, Шийдвэр, Хяналт, Төлөвлөлт, Байгууллага, Захиргааны эрх зүй, Олон нийт, Мэдээ материал, Удирдлагын чиг үүрэг, Шийдвэрийн тогтолцоо
- Захиргааны үйлдлүүд
1. Шийдвэр захиргааны шинжлэх ухаан бол нийтийн захиргааны тухай асуудлыг судлахаасаа илүү нийтийн захиргааны шийдвэр гаргах үйл явцыг судалдаг тухай дээр өгүүлсэн билээ. Гэхдээ энэ нь нийтийн захиргааны бусад үйлдлүүдийг үгүйсгэж буй хэрэг биш юм.
2.Захиргааны нэг гол чиг үүрэг нь нийгмийг бүхэлд нь залж жолоодох явдал юм. Захиргаа энэ чиг үүргээ шийдвэрийн тусламжтайгаар хэрэгжүүлдэг. Ийм учраас захиргаааны үйл ажиллагаанд шийдвэр чухал үүрэгтэй байдаг байна.
Тэгвэл шийдвэр гэж юу вэ?
Нэгэн зэрэг хэрэгжүүлж болохгүй олон янзын санаануудаас тухайн асуудалд хамаатай, хүмүүсийн сонирхол үнэлэмжинд нийцсэн сонголт хийхийг шийдвэр гэнэ[1].
Аливаа шийдвэр олон үе шатыг дамжсан үйл явцын дүнд үүсэж бий болдог. Шийдвэр гэдэг ойлголтонд нийгмийн хэрэгцээ сонирхол, үнэлэмж, түүнийг хангах асуудал чухал байдаг. Харин шийдвэр гаргагч өөрийнхөө шийдвэрийг үнэхээр хэрэгжүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь гол биш юм.
Шийдвэрийг хэн гаргадаг вэ?
Шийдвэрийг олон янзын санаануудаас сонголт хийж шийдвэр гаргах эрх мэдэл бүхий этгээдийг шийдвэр гаргагч гэнэ. Шийдвэр гаргагч бол зөвхөн нэг хүн байх албагүй, олон хүмүүсээс бүрдсэн байгууллага ч байж болно. Ийм тохиолдол хамтын шийдвэр (Жишээ нь: Засгийн газрын танхим, эсвэл ямар нэгэн байгууллагын захиргаааны шийдвэр г. м.) гэж гардаг. Хэрвээ захиргааг системийн онолын үүднээс авч үзэл шийдвэр бол захиргааны нэгэн дэд систем юм. Систем нь өөрийн бүрэлдхүүн хэсгүүдтэй байх бөгөөд тэдгээр нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Мөн системийн орчин гэж бий. Шийдвэр гаргахад оролцож байгаа буюу шийдвэрт нөлөөлж буй хүмүүс шийдвэрийн системийн чухал бүрэлдхүүн хэсгүүд юм. Шийдвэр гаргахад орчны хариу үйлдэл чухал үүрэгтэй.
Шийдвэрийн тогтолцоо нь өөрөө боловсруулсан буюу бэлэн өгөгдсөн журмын үндсэн дээр ажилладаг. Зорилго нь энэ тогтолцоог залж удирддаг.
Системийн онолын үүднээс шийдвэр гаргах дараах дэд систем байна:
а) Шуурхай гүйцэтгэх систем. Энэ систем бол гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг. Жишээ нь, хууль, эрх зүйн бусад актууд, төлөвлөгөө, хөтөлбөр г. м.
б) Захиргааны систем. Энэ систем бол шийдвэрийг бэлтгэх гаргана.
в) Улс төрийн систем. Энэ систем нь зохицуулах шийдвэрийг гаргана.
Шийдвэр гаргахад мэдээлэл чухал ач холбогдолтой. Шийдвэр гаргана гэдэг бол мэдээлэл боловсруулна гэсэн сруулна гэсэн үг юм. Мэдээллийн хэмжээнээс хамаараад шийдвэр янз бүр байж болно[2].
– Бүрэн мэдээлэлтэй үеийн шийдвэр:
Энэ бол хамгийн тохиромжтой тохиолдол бөгөөд ийм тохиолдол бараг байдаггүй.
– Аз туршсан шийдвэр:
Ийм шийдвэр нь гаргах гэж байгаа шийдвэрийн нөхцөл байдал, үр дагавар нь тодорхойгүй, харин ямар магадлалтайгаар тодорхой үр дүн гарч болох вэ гэдэг нь тодорхой нөхцөлд гардаг.
-Тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах:
Энэ тохиолдолд шийдвэрийн үр дагавар ямар байх вэ гэдэг нь огт тодорхойгүй байна. Ийм учраас шийдвэр гаргагч шийдвэр алхам алхамаар гаргаж алхам бүрийн амжилтаар дараагийнхаа алхамыг хийдэг. Дараагийн алхамын шийдвэрийн олон янзын хувилбаруудыг бэлэн болсон байх хэрэгтэй байдаг.
Шийдвэр бол зөрөлдөөнийг шийдвэрлэх арга мөн.
Шийдвэр бол өөр өөр сонирхол буюу үнэлэмжүүдийн хоорондын сонголт, янз бүрийн байгууллага, хүмүүсийн өөр өөр сонирхол, үнэлэмжүүдийг төлөөлж байдаг учраас шийдвэр бүхэн хүмүүсийн буюу байгууллагуудын хоорондын санал зөрөлдөөнийг шийдэх арга гэсэн үг юм. Зөрөлдөөн нь байгууллагын дотор хүмүүсийн хооронд буюу нэгжүүдийн хооронд, эсвэл захиргааны байгууллага түүний орчин, мөн янз бүрийн бүлгүүд ба захиргааны орчин дахь байгууллагуудын хооронд илэрч болно.
Захиргааны байгууллагад зөрөлдөөн яаж үүсдэг вэ?
Захиргааны байгууллага дээрх зөрөлдөөн нь захиргааны нэгжүүдийн хоорондын эрх мэдэл давхцахтай холбоотой үүсдэг. Улс төрийн удирдлага зорилгоо тов тодорхой тодорхойлоогүйгээс болоод байгууллагын нэгж бүр түүнийг янз бүрээр хүлээж авдаг. Энэ нь зөрөлдөөнийг хурцатгах бас нэг нөхцөл болж өгдөг байна. Мөн захиргааны байгууллага ажиллагсад бүхэн өөрийн хувийн зорилготой байдаг. Энэ зорилго нь бусдын болон байгууллагын зорилготой зөрчилдөх болох юм. Хувь хүн болон байгууллагын хооронд зөрөлдөөний дараах нөхцөл байдлууд үүсч бий болж болдог.
-Байгууллагын зүгээс ажиллагсаддаа тавьж буй шаардлага зарим хүмүүст хэт хүндэрсэн байж болно;
-Байгууллагад ажиллагсадын хүсэл, зорилго нь байгуул- лагын хүсэл, зорилготой тохирохгүй байж болно;
-Байгууллагын гишүүдийн хооронд нэр хүнд, байр суурь булаацалдах зөрчил илэрч болно;
Байгууллагын нэгжүүдийн хооронд буюу ажиллагсдын хооронд санал нийлэхгүй эсвэл хүлээж авах боломжгүй саналууд гарч байгаа тохиолдолд тодорхой зөрөлдөөн байнга үүсдэг.
Зөрөлдөөнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Зөрчил зөрөлдөөнийг хүчээр шийдвэрлэлгүйгээр зөрчилд оролцогчид бүгд бодит байдлыг ойлгож хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнийг бүрэн шийдвэрлэх боломжтой болдог. Мөн зөрөлдөөнд оролцогчид нэгдмэл нэг зорилгод нэгдэж чадсан тохиолдолд зөрөлдөөнийг шийдвэрлэж чадна. Энэ бол нэгдмэл зорилгоо юу гэж томьёолж тайлбарлахаас ихээхэн шалтгаалдаг. Зөрөлдөөнийг шийдвэрлэхэд эсрэг талынхаа зорилгын цаана агуулагдаж байгаа зорилгыг мэдэх явдал чухал ач холбогдолтой.
Илэн далангүй ярилцах явдал зөрөлдөөнийг шийдвэрлэх бас нэг чухал хэрэгсэл болдог. Уг санал зөрөлдөөнтэй байгаа асуудлыг тайлбарлан ярилцах, зорилгоо дахин нарийвчлан ярилцах, зөрөлдөөнтэй байгаа асуудлыг шийдвэрлэх өөр боломжуудыг эрж хайх зэрэг нь тохиролцоонд хүрэх чухал алхам болж өгнө.
Зөрөлдөөн бол эерэг ба сөрөг үр дагавартай байдаг.
Эерэг үр дагавар нь:
– Шинэ санааг урамшуулан ажиллах сонирхол төрүүлдэг.
– Хамт олны гишүүд бие биедээ татагдана.
– Хамт олон ба хувь хүн өөрсдийгөө илүү сайн ухамсарлаж, ойлгож мэдрэг болно.
– Өөрчлөлт хийх нөхцлийг бүрдүүлнэ.
Сөрөг үр дагавар нь:
-Байгууллагад тогтворгүй байдал буй болж хүмүүсийн амгалан тайван байдал алдагдана.
-Ажил саатаж нөөц бололцоо алдагдана.
-Хүмүүсийн хоорондын харилцаанд сэв сууна.
-Асуудалд ухаалгаар хандахгүй, харин сэтгэлийн хөдөлгөөн давамгайлна.
Энэ бүхнийг харгалзан зөрөлдөөнийг зөв залж удирдах асуудал чухал байдаг. Шийдвэрийг хэмжих хэмжүүр бий юу?
Захиргааны ажил янз бүрийн үүргийг хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Захиргааны ажил сайн, түргэн, найрсаг, аж ахуйч байх ёстой. Энэ зорилгуудаас аж ахуйч байх явдал онцгой чухал юм. Захиргааны байгууллага хэдийгээр ашиг хөөхгүй төрөг зорил- гыг хэрэгжүүлэх үүрэгтэй ч гэсэн хязгаарлагдмал нөөц болох санхүүгийнхээ нөөцийг хэмнэлттэй ашиглах явдал чухал байдаг.
Захиргааны байгууллага эдийн засгийн боломжоосоо хамаараад хэдий хэмжээний үүргийг гүйцэтгэж чадах вэ, нийтийн үүргийг гүйцэтгэхэд иргэдийн халаасанд аль хэр “гар дүрэх” вэ гэдэг нь шийдэгдэнэ. Ийм учраас ардчилсан нийгэм дэхь захиргааны байгууллагад тавьдаг нэг гол шаардлага бол аж ахуйч байх явдал юм. Гэхдээ захиргаа аюулгүй байдал, хэв журам, иргэдийн сайн сайхан аж төрөх нөхцөл, соёлын үнэт зүйлсийг бий болгож, хадгалж хамгаалахад л гол анхаарлаа чиглүүлэх ёстой.
Ер нь захиргаа хэр зэрэг хэмнэлттэй, аж ахуйч ажиллах боломжтой юм бэ гэдэг бол бас анхаарал татсан асуудал юм. Аж ахуйч байх гэдэг бол тийм ч нэг мөр болсон тодорхой ойлголт биш. Байгууллага аж ахуйч ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг олон зүйлээр илэрхийлж болно. Юуны өмнө:
– Аль болох бага зардал гаргаж байна уу, үгүй юу? Өөрөөр хэлбэл, хэмнэлттэй ажиллах гэсэн үг юм.
– Аль хэр үр дүнд хүрч байна? Өөрөөр хэлбэл, зорилгоо хэр биелүүлэв гэсэн үг. (Үр дүн)
– Зардал, үр ашгийн зохистой харьцаа байж чадаж байна уу үгүй юу? Магадгүй ийм хамгийн оновчтой харьцаа аж ахуйч ажиллагааг илэрхийлж ч болох юм.
– Ашиг олж чадаж байна уу, үгүй юу? гэдэг асуудал бас чухал. Хэдийгээр ашигтай ажиллаж байлаа ч гэсэн аж ахуйн биш ажиллаж байж болох юм.
Энэ бүхнийг тодруулах шаардлагатай. Цаг хугацааны хүчин зүйлийг бас харгалзах хэрэгтэй. Цаг бол мөнгө гэсэн үг юм. Захиргааны ажлыг мөнгөөр илэрхийлж эдийн засгийн талаас нь үнэлж цэгнэх боломж тэр бүр байдаггүй. Жишээлбэл, хүний эрүүл мэнд бол мөнгөөр илэрхийлж болохгүй үнэ цэнтэй зүйл юм. Ийм тохиолдолд хүрсэн буюу хүрэх гэж байгаа зорилгыг зөвхөн үгээр л илэрхийлж болно. Тийм учраас зорилго маш тодорхой байх ёстой. Зорилго тодорхой биш тохиолдолд шийдвэр гаргахад амаргүй нь мэдээж.
Захиргааны шийдвэрийн үр ашгийг эдийн засгийн хэмжүүрээр хэмжих боломж хязгаарлагдмал байдаг учраас их төлөв туршлага дээр тулгуурлаж мэдээллийн үндсэн дээр хянаж шалгадаг.
Шийдвэр гаргах үйл явц
Шийдвэр бүхэн тодорхой үе шатуудыг дамжиж байж гарна. Шийдвэр гаргах үйл явцын нийтлэг үе шатуудыг дор авч үзье. Үүнд:
- Асуудлаа тодорхойлох ба асуудалд шинжилгээ хийх. Тодорхой хэм хэмжээнээс гажсан бүхэн асуудал болж гарч ирнэ. Асуудлын учир шалтгаан нь мэдэгдэж байж ч болно, мэдэгдэхгүй ч байж болно. Хэм хэмжээнээс гажих болсон шалтгааныг илрүүлэхийн тулд асуудалд дүн шинжилгээ хийж үзэх шаардлагатай болдог байна.
- Зорилго ба хэмжүүрээ (шалгуур) тогтоох
3.Шlалгууруудын тусламжтайгаар гаргах гэж буй шийдвэрийнхээ хувилбаруудыг цэгнэж үзэх
- Пийдвэр гаргахад зарцуулагдах хүн хүч, хөрөнгө мөнгөний нөөц боломжуудыг тооцох .
- Пийдвэрийг хязгаарлах тодорхой нөхцлүүд
- Хамгийн оновчтой шийдэлд хүрэх буюу жинхэнэ шийдвэр гаргах
Шийдвэрлэх гэж буй асуудлаасаа хамаараад энэ үе шатууд өөрчлөгдөж болох юм. Зарим зүйлийг дор товч тодруулан авч үзье.
Асуудлаа тодорхойлох
Шийдвэр бол эцсийн эцэст асуудал шийдвэрлэхэд л чиглэгдэнэ. Асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэе гэвэл эхлээд шийдвэрлэх гэж буй асуудлаа зөв сонгож тодорхойлох ёстой. Шийдвэрийн үйл явц өргөн хүрээтэй, цогц байх тусам асуудал нарийн тодорхойлогдсон байх нь чухал. Шийдвэрлэх гэж буй асуудал тэр бүр тодорхой байдаггүй. Ялангуяа захиргааны байгууллага дээр бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлогоосоо болоод захиргааны албан хаагчид зөвхөн өөр өөрсдийнхөө асуудлыг олж харах нь цөөнгүй байдаг. Ийм учраас ямар нөхцөлд асуудлыг эрж хайж байна вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй юм.
Шийдвэрлэх асуудлаа эрж олсны дараа тэр асуудлаа одоо шийдвэрлэх нь зөв үү, буруу юу гэдгийг шалгаж үзэх нь зүйтэй. Шийдвэр гаргахад цаг хугацаа чухал үүрэгтэй байдаг. Зарим шийдвэр шинээр асуудал үүсгэдэг ба зөрөлдөөнд ч хүргэдэг тал бий. Гаргасан шийдвэр бүхэн хэрэгждэггүй. Ийм учраас асуудлыг дараах байдлаар нарийн шинжлэх хэрэгтэй юм.
- Асуудлын хүрээг тогтоох
- Асуудалд оролцогчдыг судлах
- Оролцогчдын сонирхолыг судлах
- Оролцогчдын хоорондын зөрчлийг илрүүлэх
- Оролцогчдын үнэлэмж, үнэлгээг мэдэх
- Дутагдалд шинжилгээ хийх
Дутагдал доголдолд нь дүн шинжилгээ хийж үзэх явдал бол шийдвэр гаргагч асуудлыг ямар хүрээнд урьдчилан хар шийдэх вэ гэдгийг олж тогтооход тус болдог.
Зорилгоо тодорхойлох
Шийдвэрийн хүрээнд ярьж байгаа энэ зорилго бол шийдвэр гаргагч шийдвэрлэх гэж буй асуудлын хүрээнд оролцогч хүмүүсийн сонирхол ба үнэлэмжийг шийдвэр гаргах харгалзахыг хэлж байгаа юм. Ийм учраас зорилго бол шилэн субьектив байна. Зорилгыг шийдвэр гаргах гэж буй хүн харьцангуй бие дааж томьёолно. Гэхдээ энэ бол бас хэмжээ хязгаартай. Ялангуяа захиргааны хувьд зорилго нь улс төрийн бодлогоор бэлэн өгөгдсөн байдаг. Гэхдээ энэ зорилго их ерөнхий томьёологцог. Үүнийг захиргааны албан хаагч нарийвчлан тодорхойлох шаардлагатай болдог. Ингэж нарийвчлан тодорхойлохдоо үндсэн хууль, улс төрийн бодлогын чиглэл, ёс суртахууны үзлийг үндэслэж энэ хүрээнд ажиллах хэрэгтэй болдог. Тийм учраас зорилго бол бас ч тийм субъектив зүйл биш юм.
Ихэнх тохиолдолд олон зорилго нэг зэрэг гарч ирдэг. Тийм учраас бүхэл бүтэн зорилгын тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр зорилгууд нь тус бүрдээ ямар ач холбогдолтой вэ гэдгийг дүгнэж цэгнэх хэрэгтэй болно. Үүнийг энгийн шкалын (маш чухал, чухал, чухал биш) тусламжтайгаар тогтоож болно. Оновчтой шийдвэр гаргахад хэрэг болох зорилгын тогтолцоо бүрдүүлэхэд дараах шаардлага тавигддаг.
Үүнд:
-Бүрэн байх. Шийдвэрт чухал хэрэгтэй бүх зорилго агуулагдсан байх хэрэгтэй;
-Шийдвэрлэх хүрээг бүрэн хамарсан байх;
-Дотоод логик дараалалтай байх;
-Зорилгууд хоёрдмол утгагүй оновчтой томьёологдсон байх;
-Юу илэрхийлж байгаа нь хүн бүхэнд ойлгомжтой байх хэрэгтэй. Хүн бүхэнд ойлгомжтой байх нь зорилгыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй.
Шийдвэр гаргахад шаардлагатай арга хэмжээнүүд
Юуны өмнө шийдвэр гаргахад шаардагдах бүхий л арга хэмжээг бодож төлөвлөсөн байх явдал чухал байдаг. Гэхдээ шийдвэрт онцын шаардлагагүй зүйлүүдийг хамж шимж цуглуулах нь ажлын ачааллыг нэмэгдүүлж нэмэлт ажил болдог. Олон асуудлыг хамарсан хүру далайц ихтэй, иж бүрэн шийдвэр гаргах тохиолдолд аль болох дотор нь төрөлжүүлж багцалж авч үзэх нь шийдвэр гаргахад хялбар болдог сайн талтай.
Төлөвлөж буй арга хэмжээ бүрийн хэтийн, ойрын, хажуугийн үр дагавруудыг тооцож үзэх нь чухал байдаг. Үүнийг тогтоохын тулд арга хэмжээ тус бүрийг зорилготойгоо харьцуулж дүгнэж үзэх нь зүйтэй. Тухайлбал, аль нэг арга хэмжэ тодорхой хэмжээний хөрөнгө зардал зарцуулахаар зорилгод заасан бол түүнээс илүү зардал зарцуулж болохгүй.
Хязгаарласан нөхцөлүүд ба нөөц боломжууд
Шийдвэрлэж болох олон янзын саналаас сонголт хийхдээ шийдвэр гаргагч тодорхой нөхцлүүдээр хязгаарлагдсан байдаг. Зарим саналаас шууд татгалзах хэрэгтэй болох зэргээр шийдвэрлэх боломжуудыг хязгаарлаж өгдөг. Ийм хязгаарлалтууд нь их төлөв энэ шийдвэрт зарцуулах хэрэгсэл, нөөц боломжууд хязгаарлагдмал байдгаас болдог. Жишээлбэл, гаргасан тодорхой шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхэд хүн хүчний нөөц буюу зохион байгуулалтын нөөц боломж дутаж болох юм. Ийм учраас шийдвэр гаргахын өмнө дараах асуултыг тавьж үзэх хэрэгтэй байдаг:
– Санхүүгийн (мөнгө) паардлагатай нөөц бүрдсэн үү? Түүнийг төсвөөс гаргаж болох уу, аль эсвэл санхүүжилтийн өөр эх сурвалж эрж олох хэрэгтэй юу?
-Боловсон хүчин. Шийдвэр бүрийг хэрэгжүүлэх хүн хүчний боломж байх хэрэгтэй. Тухайн шийдвэрийг нэг бол захиргаа өөрөө бие дааж, эсвэл иргэдийн оролцоотой хэрэгжүүлж болох юм. Ялангуяа өөрөө хэрэгжүүлэх тохиолдолд уг шийдвэрийг хэрэгжүүлэх чадвартай (дадлага, чадвар, мэргэжлийн хувьд) боловсон хүчин бий юу, үгүй юу? гэдгийг тодруулах хэрэгтэй. Ийм учраас шийдвэр бол боловсон хүчний төлөвлөлттэй салшгүй холбоотой байдаг.
-Шийдвэрийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх тохиолдолд уг шийдвэрийг хүлээж авч хэрэгжүүлэх хүн байна уу, үгүй юу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Ер нь шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх боломжтой юу, үгүй гэдгийг бодож үзнэ гэсэн үг юм.
-Техникийн хувьд ер нь боломжтой юу гэдгийг тооцож у нь чухал байдаг. Тодорхой техник хэрэгсэл буюу эд материал, байр шаардагдаж болох юм.
– Эрх зүйн үндэс бүрдсэн эсэхийг бодох хэрэгтэй болдог. Энэ бол захиргааг дураараа шийдвэр гаргаж ажиллахыг хязгаарлаж өгдөг гол зүйлийн нэг юм. Зайлшгүй шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэрэгтэй.
-Цаг хугацаа бол бас их чухал хүчин зүйл бөгөөд эргэж олдошгүй нөөц юм. Шийдвэр бүхэн тодорхой цаг хугацаа шаарддаг. Ийм учраас шийдвэр гаргагч байнга цагийн дарамтанд байдаг. Аливаа нэг асуудлыг шийдвэрлэхэд хэдий хэмжээний цаг хугацаа зарцуулагдах вэ гэдэг нь ихэвчлэн тодорхойгүй байдаг. Орчин үед тооцон бодох техник хэрэглэж цаг хугацааг урьдчилан төлөвлөх боломжтой болсон байна.
-Шийдвэрийн явцад өмнөх алхмууд зөв бөгөөд бүрэн хийгдсэн байна уу, үгүй юу гэдгийг хянаж үзэх нь алдаа гарахаас сэргийлдэг сайн талтай.
Хамтын шийдвэр
Шийдвэрийг зөвхөн ганц нэг хүн гаргадаггүй. Захиргааны практикт харин ч хамтын шийдвэр зонхилдог байна. Албан ярилцлага, зөвлөгөөн бичгээр санал авах зэрэг албан бус хэлбэрээр шийдвэр гаргаж болохоос гадна албан ёсны хороо, комисс, зөвлөл зэрэг хамтлаг, хэсэг бүлгүүд шийдвэр гаргана. Ийм хамтын шийдвэр гаргаж буй хэсэг, бүлэг хүмүүсийн үнэлэмж, хандлага, туршлага, аз турших бэлэн байдал хор харилцан адилгүй байдаг. Үүнээс болоод санал зөрөх я нилээд гарна. Хамтын шийдвэрийг олонхийн санаа харилцан буулт хийх замаар, эсвэл зөвшилд хүрэх замаар гаргаж болно. Хамтын шийдвэр дараах давуу ба сул талтай байна.
Давуу тал нь:
-Янз бүрийн мэдлэг туршлагатай хүмүүс оролцдог учраас өргөн хүрээтэй мэдээлэл цуглуулах боломжтой.
-Хамтын шийдвэрийн явцад янз бүрийн санаа, шийдвэрийн олон янзын хувилбарыг харгалзах боломжтой.
-Шийдвэрт оролцож байгаа хүмүүс шийдвэрийн үр дүнд сэтгэл хангалуун байж, шийдвэрийг хэрэгжүүлэхийг дэмждэг.
-Хамтын шийдвэрийн үйл явц нь чухал ач холбогдол бүхий харилцааны ба улс төрийн хэрэгсэл болдог.
Сул тал нь:
-Хамтын шийдвэр удаан үргэлжилдэг, нилээд хугацаа шаарддаг. Энэ бол мөнгө урсаж байна л гэсэн үг юм.
-Хамтын шийдвэрт олон хүн оролцдог учраас зардал ихтэй байдаг.
-Байгууллагын удирдлага байнга хамтын шийдвэр гаргаад байвал шаардлагатай үед хөнгөн шуурхай, уян хатан шийдвэр гаргах чадвар нь буурна.
- Төлөвлөлт
Төлөвлөлтийн тухай ойлголт. Захиргааны үйл ажиллагааг өөр хооронд нь логик дэс дараалалтай:
- Төлөвлөлт
- Гүйцэтгэл
- Хяналт
гэсэн үе шатуудад хувааж болох юм. Үүнээс төлөвлөлтийн талаар энд товч авч үзье.
Төлөвлөлт гэж ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан харж шийдвэрлэхийг хэлнэ. Тэгэхээр төлөвлөлт бол шийдвэр гаргах үйл явц бөгөөд энэ нь төлөвлөгөөнд хүргэдэг. Төлөвлөлт ба төлөвлөгөө гэсэн хоёр ойлголт нь хоорондоо ялгаатай юм.
Төлөвлөлт бол төлөвлөгөө боловсруулах арга нь, харин төлөвлөгөө бол өөрөө шийдвэр гэж ойлгож болно. Төлөвлөгөө бол дагаж мөрдөх хэм хэмжээ биш, харин үйл ажиллагааны удирдамж чиглэл нь юм. Төлөвлөгөөнд үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хэм хэмжээ тусгагдсан байж болох боловч зүйл заавал байх албагүй. Жишээлбэл, төсвийн төлөвлөг хуульчлагдсан эрх зүйн хэм хэмж тусгагдсан байхад барилгын төлөвлөгөөнд заавал ингэх албагүй байдаг байна.
Төлөвлөгөө удирдлагын чиг үүрэгтэй байна. Төлөвлөгөөний тусламжтайгаар хүмүүсийг тодорхой үйл ажиллагаанд идэвхжүүлж болдог сайн талтай.
Төлөвлөлтийн төрлүүд
Төлөвлөгөөг олон янзаар ангилж болох бөгөөд үүнээс заримыг дор нэрлэе.
а) Цаг хугацаагаар нь:
– богино хугацааны
– дунд хугацааны (ойролцоогоор 5 жил)
-урт хугацааны (ойролцоогоор 15 жил) төлөвлөлт гэж ангилна.
б) Байгууллага буюу салбараар нь: (Үүнийг мэргэжлийн төлөвлөлт ч гэж нэрлэх явдал бий.)
Жишээ нь: Барилгын төлөвлөлт, төсвийн төлөвлөлт, тээврийн ерөнхий төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, сургууль хөгжүүлэх төлөвлөгөө г. м.
в) Системийн онолын үүднээс
-Нөөцийн төлөвлөлт (оролтын төлөвлөлт ч гэж хэлдэг) Үүнд боловсон хүчний төлөвлөлт, санхүүгийн ба төсвийн Төлөвлөлт, мөн мэдээллийн төлөвлөлт орно.
-Үр дүнгийн төлөвлөлт буюу гаралтын төлөвлөлт
Захиргааны байгууллагаас гарах бүтээгдэхүүн гол төлөв шийдвэрийн хэлбэрээр гарна. Захиргааны байгууллага бол шийдвэрийн тусламжтайгаар өөрийнхөө зорилтыг хэрэгжүүлдэг. Тэгэхээр гаралтын төлөвлөлт бол үүрэг, зорилтонд чиглэсэн төлөвлөлт юм. Өөрөөр хэлбэл, захиргааны үүргийг төлөвлөнө гэсэн үг. Ийм учраас энд хүрэх зорилгоо тодорхойлох явдал чухал ач холбогдолтой байх болно.
Мэдээллийг төлөвлөх асуудал энд мөн нэгэн адил хамаарна. Байгууллага дотоод нэгжүүдээ болон гадаад орчиндоо хэдий хэмжээний ямар мэдээлэл өгөх вэ гэдгээ төлөвлөнө. Энэ нь илтгэл, мэдээний хэлбэрээр гарна. Бас ямар мэдээг гаргахгүй вэ гэдэг ч төлөвлөх хэрэгтэй болдог. Жишээ нь, боловсон хүчний холбогдолтой мэдээг тэр бүр нийтийн хүртэл болгодоггүй, нууцалдаг байна.
-Системийн төлөвлөлт
Захиргааны байгууллагыг бүхэл бүтэн систем гэж үзэх юм бол түүнд шаардлагатай боловсон хүчин, санхүү, эд материалын зүйлсийн хоорондын зохистой харьцаа, зөрчил илрэхэд шийдвэрлэх дүрэм журам байна уу, үгүй юу гэдгийг авч үзэж төлөвлөнө. Захиргааны үйл ажиллагааг оновчтой болгоход зайлшгүй хэрэгтэй хяналтын төлөвлөлт ч энд мөн багтана.
-Хөгжлийн төлөвлөлт
Төлөвлөлт нь системийн дэд хэсгүүдийг хамраад зогсохгүй, тэр дэд хэсгүүдийн хоорондын харилцан хамаарал, тэдний гадаад орчинтойгоо харилцах харилцааг бас хамардаг байна. Энэ төлөвлөлт нь ялангуяа орон зайн асуудлыг (жишээ нь, бүс нутгийн төлөвлөлт, аймгийн төлөвлөлт г. м.) мэргэжлийн буюу салбарын төлөвлөлттэй холбоотой авч үздэг. Үүнд тулгуурлаж хөгжлийн төлөвлөлтүүдийг багаас эхлээд улсын хэмжээнд хүртэл үе шаттайгаар хийдэг байна.
Төлөвлөлт ба улс төрийн систем
Нийтийн захиргаанд төлөвлөлт чухал ач холбогдолтой байдаг. Яагаад гэвэл захиргааны байгууллага өөртөө байгаа хязгаарлагдмал нөөц боломжийг нарийн төлөвлөж байж л хүргэж зарцуулж чадна. Зөвхөн хөрөнгө мөнгийг төлөвлөөд зогсохгүй бас үүрэг даалгаврыг төлөвлөдөг. Төлөвлөгөө бол төрийн үйл ажиллагааг цэгцтэй явуулах, хянах боломжтой болгож өгдөг сайн талтай. Төлөвлөгөө нь мөн зорилгодоо хүрэх ба хөрөнгө мөнгийг төлөвлөсөн зүйлдээ зарцуулах баталгааг хангаж өгдөг. Гэхдээ төлөвлөлт хэт ихэсвэл эрх чөлөө хязгаарлагдана. Ийм учраас төлөвлөлт бас өөрийн хэмжээ хязгаартай байна. Төлөвлөлтийг алдаатай буруу хийвэл маш их хөрөнгийн хохирол амсахаас гадна хүний хувь заяа ч хохирно. Хөгжлийг урьдчилан харж чадвал сайн төлөвлөлт хийж болдог байна.
Төлөвлөлт бол өөрчлөлтөд чиглэгдсэн байх ёстой бөгөөд өөрчлөлтийг үйл ажиллагааныхаа зорилго болгосон цагт амжилтанд хүрнэ. Өөрчлөлт бол хүнээс сурах хүсэл эрмэлзэл ба сурах чадварыг шаардана. Тэгэхээр төлөвлөлтийн нэг гол урьдчилсан нөхцөл нь өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Өөр нэг урьдчилсан нөхцөл нь төлөвлөлт эргэх холбоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл, хийж буй өөрчлөлтийг хянадаг систем байх хэрэгтэй. Ингэж байж төлөвлөлтийг хариуцсан байгууллага, нэгж, хүмүүсийн хариуцлага өндөрждөг байна. Түүнээс гадна төлөвлөлт заавал зохицуулалт шаарддаг. Төлөвлөлтөөр ихэнхдээ олон яам буюу салбар, нэгжийг хамарсан асуудал хөндөгдөг учраас тэдгээрийн хоорондын мэдээлэл солилцох, хамтарч ажиллах тохиролцоонд хүрэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй болдог.
Төлөвлөлтийн арга
Дээр дурьдсанаар төлөвлөлт нь шийдвэр гаргах үйл явц учраас тодорхой үе шатыг дамжин явагдана. Төлөвлөлтийн үйл явц бүхэн харилцан адилгүй байдаг ч гэсэн төлөвлөлт бүрд нийтлэг, зайлшгүй байх ёстой үе шатууд гэж байна. Төлөвлөлт нь бас их цогцолбор үйл явц юм. Хэдийгээр онолын хувьд төлөвлөлтийн үйл явцыг тодорхой үе шатуудад хувааж болох боловч амьдрал дээр тэр бүр хэрэгжүүлэх боломжгүй байдаг байна.
Төлөвлөлтийн явцад олон хэсэг төлөвлөгөөнүүд боловсруулах шаардлага гардаг боловч эцэст нь нэг л нэгдмэл төлөвлөгөө гарна. Төлөвлөлтийг бүхэлд нь үр дүнтэй хийхийн тулд дараах зүйлүүдийг зайлшгүй бодолцох хэрэгтэй болдог байна.
-“Төлөвлөлтийн төлөвлөлт”: Төлөвлөлтийн байгууллага, хэрэгслийг бий болгох; төлөвлөлтийн тохиромжтой аргуудыг бүрдүүлэх; эсэргүүцэл (тулгарч болох) болон бусад нөхцлийг тооцож үзэх, тэрчлэн түүнийг даван туулах аргыг тогтоох г. м.
– Жинхэнэ төлөвлөлт (төлөвлөлт явцуу утгаараа)
– Төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх:
Хэрэгжүүлж болохгүй бол хичнээн сайхан төлөвлөгөө байгаад хэрэггүй. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад бодит бэрхшээлээс гадна, эсэргүүцэлтэй ч тулгарч болно. Ийм учраас энэ бүхнийг төлөвлөлтийн явцад бодож үзэх хэрэгтэй юм. Ялангуяа өлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгө бусад хэрэгсэл, хүн хүчний боломж зэргийг хамтад нь төлөвлөх шаардлагатай.
Одоо төлөвлөлтийн аргыг явцуу утгаар нь авч үзье. Төлөвлөлт ихэвчлэн дараах үе шатаар хийгдэнэ. Үүнд:
-Төлөвлөх хүрээ тодорхойлох
-Мэдээ, материал цуглуулах
-Асуудалд шинжилгээ хийх
-Зорилгоо тогтоох
-Төлөвлөгөөний янз бүрийн хувилбар цуглуулах
-Урьдчилан харах
-Төлөвлөлтөд зарцуулагдах нөөцийг ойролцоогоор тооцож үзэх
-Төлөвлөгөөний янз бүрийн хувилбаруудаа үнэлж дүгнэх
-Төлөвлөгөөний төсөл боловсруулах
-Шийдвэр гаргах (төлөвлөгөө “төрнө”)
Эдгээрээс зарим гол зүйлийг дор товч тайлбарлая.
Төлөвлөлтийн хүрээг хязгаарлаж, сонголт хийх
Төлөвлөх гэж буй асуудлууд нь эхэн үед иргэд, захиргааны байгууллага, улс төрчдөөс гарсан эмх цэгцгүй санаанууд юм. Эдгээр санаанаас сонголт хийж тодорхой бүтцэд оруулж, хэмжээ далайцыг нь хязгаарлаж нарийвчлан томьёолох шаардлагатай болдог. Энэ нь их уйгагүй ажиллагаа шаардах бөгөөд байнга эргэж хянаж тодруулах хэрэгтэй байдаг. Энэ зохицуулалтыг Засгийн газрын тэргүүн (ерөнхий сайд), түүний ажлын алба (Засгийн газрын хэрэг эрхлэх газар), сайд нар хариуцна.
Асуудлаа магадлах
Төлөвлөлтийнхөө хүрээг сонгосны дараа шийдвэрлэх гэж буй асуудлуудаа магадалж, нягталж үзэх хэрэгтэй болдог. Ямар асуудлууд байна, тэд тэрийг яаж тодорхойлох вэ гэдгийг бодож үзнэ. Асуудал ямар нөхцөлд бий болов, асуудалд оролцож буй хүмүүс хэсэг бүлгүүд ба асуудлын агуулгыг бүрдүүлэгч хэсгүүд хоорондын харилцаа холбоонд дүн шинжилгээ хийж үзсэнээр асуудал улам тодорхой болно.
Зорилгоо тодорхойлох
Төлөвлөлт бол ирээдүйд болох гэж буй зүйлийг урьдчилан харж шийдвэрлэх үйл явц юм. Ийм учраас төлөвлөлт бол тодорхой зорилготой байна. Төлөвлөлтөнд зорилгоо тодорхой болгосноор төлөвлөж буй асуудлыг хэдийд шийдвэрлэх вэ гэдэг цаг хугацаагаа тогтоох, төлөвлөсөн зүйлийнхээ эцсийн үр дүн зорилготойгоо харьцуулан хянах боломж бүрддэг сайн талтай.
Мэдээ материал цуглуулах
Төлөвлөгөө боловсруулахад их хэмжээний мэдээ, материал хэрэгтэй болдог. Энэ мэдээ, материалыг юуны өмнө, Статистикийн газраас болон статистикийн бусад мэдээнээс олж авна. Зарим асуудлаар зориуд судалгаа хийж мэдээ материал цуглуулах шаардлага ч гардаг. Бас цуглуулсан мэдээ материалынхаа хоорондын холбоо, хамаарлыг нь судалж тогтоох хэрэгцээ ч байна. Гэхдээ энэ бүхэнд маш их зардал гарна. Ийм учраас зайлшгүй шаардлагатай тохиолдолд л мэдээ, материал цуглуулах судалгаа хийх хэрэгтэй юм. Ямар мэдээ материал хэрэгтэй болох, мэдээ материал цуглуулах ажил төлөвлөлтийн үе шат бүрд хэрэгтэй юу, эсвэл нэг л удаагийн судалгаа хангалттай юу гэх зэргийг бодож төлөвлөнө.
Урьдчилан харах (прогноз)
Ирээдүйд болох зүйлийг хэр зэрэг зөв урьдчилан харснаас төлөвлөлт найдвартай болох эсэх нь шалтгаална. Орчин үеийн нийгмийн үзэгдэл, үйл явцыг урьдчилан харж, таамаглан хэлэх шаардлага нийгмийн шинжлэх ухаанд улам бүр өсөж байна.
Үүний зэрэгцээгэр ялангуяа, дунд ба урт хугацааны прогноз бараг боломжгүй юм. Учир нь ихэнх шийдвэр улс төрийн хvрээнд гардаг. Ийм шийдвэрүүдийг урьдчилан хэлэх боломж их хязгаарлагдмал байна. Улс төрийн хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлууд их бөгөөд яаж хувьсаж өөрчлөгдөхийг таахад амаргүй. Харин богино хугацааны шийдвэрүүдийг урьдчилан харж төлөвлөхөд харьцангуй хялбар байдаг байна.
Төлөвлөлт удирдах чиг үүрэг болох нь:
Удирдах байгууллага нь байнга төлөвлөх үүрэгтэй ажиллана. Юуны өмнө захиргааны байгууллагын удирдлага, түүний удирдах бүрэлдхүүн төлөвлөгөө боловсруулахад хэр зэрэг оролцож буйгаас үл хамаараад төлөвлөлтийн шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог байна. Төлөвлөгөө бол байгууллагын үйл явцыг залж жолоодох хэрэгсэл юм.
Төрийн төлөвлөлтийн чиг үүргийг түүний удирдах дэд байгууллагууд болох яамд гүйцэтгэнэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар ч гэсэн өөрийнхөө шууд харьяа доод шатны байгууллагуудад чиглэл өгч энэ чиг үүргээ хэрэгжүүлдэг байна. Төлөвлөлт бол үндсэндээ ийм байдлаар захиргааны байгууллагын бүх түвшинд хийгдэнэ. Ийм учраас захиргааны удирдах дэд байгууллагуудад төлөвлөлтийг хооронд нь зохицуулах үүрэг бас оногдоно.
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх
Төлөвлөлтийн асуудлыг судалдаг шинжлэх ухаан төлөвлөлтийг яаж хийх вэ гэдэгт илүү анхаарч нэгэнт боловсруулсан төлөвлөгөөгөө амьдралд яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт бага анхаарч иржээ. Гэтэл төлөвлөгөө бүр амьдралд хэрэгждэггүй байна. Энэ нь зөвхөн хөрөнгө, мөнгө болон мэргэжсэн боловсон хүчин дутагдалтайгаас ч болдоггүй. Өөр олон хүчин зүйлээс болоод төлөвлөгөө амьдралд хэрэгжихгүй явдал гардаг байна.
Үүнд дараах зүйлүүд орж болох юм:
-Захиргааны байгууллагын хүнд сурталт бүтэц хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч болох юм. Ийм учраас төлөвлөгөө боловсруулах явцад түүнийг хэрэгжүүлэх хүмүүсийг оролцуулах буюу тэдний саналыг тусгах явдал чухал ач холбогдолтой.
Төлөвлөлтийн үр дүнгийн хяналт
Төлөвлөлтийн үр дүнг хянах нь дараагийн шатны төлөвлөлтийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой байдаг.
Хяналтын шалгуур болгож төлөвлөгөөний зорилго, үр нөлөө, зарцуулсан хөрөнгө оргийг авч үздэг байна. Зорилго ихэвчлэн нарийн тодорхойлогдоогүй байдаг учраас хянахад их хэцүү байдаг.
Төлөвлөлтийн үр дүнг хэн хянах вэ гэдэг ч заримдаа тийм тодорхой болоогүй зүйл. Ямар ч байсан төлөвлөлт бол удирдлагын үүрэг учраас төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа байгууллагын удирдлагууд хяналт тавина. Төлөвлөгөө бол улс төрийн шийдвэр болж гардаг учраас улс төрийн хяналт гэж бас байх ёстой. Мөн шинжлэх ухааны байгууллагуудаас мэргэж лийн талаас нь төлөвлөгөөний үр дүнд хяналт тавьж болно.
3. Хяналт
Үндсэн ойлголт
Хяналт нь тусгай байгууллага ба аргын тусламжтайгаар хийгдэх бөгөөд гол зорилго нь захиргааны байгууллагын бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэнэ. Захиргааны байгууллагын бүтээгдэхүүн гэдэгт тогтоол, заавар, журам, төлөвлөгөө, илтгэл, тайлан зэрэг хэлбэрээр гарч байгаа шийдвэрүүд болон захиргаанаас гүйцэтгэж байгаа бүхий л ажил үйлчилгээг ойлгох хэрэгтэй юм. Хяналт гэдгийг хуучин зөвхөн төлөвлөсөн үйл ажиллагааг бодит үйл ажиллагаатай харьцуулж шалгахыг хэлдэг байсан. Сүүлийн үед энэ ойлголт нилээд өргөжсөн бөгөөд хяналтын үйл явцын үр дүнд хийх шалгалтаас гадна, уг үйл явцыг тэр үйл явцын зорилгод чиглүүлэн жолоодох хэрэгсэл гэж ойлгох болов.
И.Мюллер “Захиргааны хяналт бол захиргааны үйл ажиллагааны чанарыг шалгах бүхий л байгууллага ба арга хэмжээний нийлбэр юм” гэжээ. Хяналт нь ихээхэн мэдээлэл ба мэргэжлийн мэдлэг шаарддаг бөгөөд хувийн ба мэргэжлийн хувьд ямар нэгэн гадны нөлөөнөөс хамааралгүй байх хэрэгтэй байдаг байна. Хяналтын хүрээнд бас зөвлөгөө өгөх ажил чухал үүрэгтэй байдаг. Хяналт тавьж буй байгууллагадаа өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж зөвлөх явдал алдаа гарахаас сэргийлдэг сайн талтай. Хянаж байгаа болон хянуулж байгаа байгууллагууд хоорондоо хамааралгүй байх хэрэгтэй.
Ер нь хяналт аль хэр шаардлагатай вэ гэдэг нь захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын боловсролын түвшин, нэр хүндтэс их шалтгаална. Энэ нь ажиллагсадын санхүү эдийн засгийн сонирхолтой ч холбоотой. Хяналтын байгууллагууд маш их зардалтай байдаг. Албан хаагчдын сургалтыг сайн тогтолцоотой тохиолдолд энэ их зардалаас нилээдийг нь хэмнэх боломжтой.
Хяналт үр ашигтай байхын тулд тодорхой урьдчилсан нөхцлийг (ялангуяа хянаж байгаа байгууллага, хүмүүсийн зүгээс) хангасан байх ёстой. Үүнд дараах шаардлага багтана:
а)Эрх хэмжээтэй байх. Ялангуяа шалгаж байгаа зүйлийнх талаар хангалттай мэдээлэлтэй байх нь чухал юм.
б) Нягт нямбай, хянамгай байх. Энэ бол их төлөв хяналтын аргатай холбоотой асуудал юм.
в) Аль нэг талаараа хамааралгүй байх. Хянаж байгаа хүн өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байдаг.
Жинхэнэ хяналтын үйл явц дараах дөрвөн үе шатыг дамжин хэрэгждэг байна.
- Байгаа байдлыг судалж тогтоох;
- Хүрэх ёстой түвшинг тогтоох;
- Хүрэх ёстой түвшингээс хүрсэн түвшин аль хэр зөрөөтэй байна гэдгийг тодорхойлох;
- Энэ хоёр түвшингийн зөрөөнд дүгнэлт хийх.
Хяналтын тогтолцоо ямар байх вэ гэдгийг дараах асуултаар тогтоож болох юм.
-Хүрсэн түвшинг тогтооход ямар туслах хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй вэ?
-Хяналтыг ямар маягаар хийх вэ?
-Хяналтын үйл явцыг яаж зохион байгуулах вэ?
-Хяналтыг хэзээ, хэд дахин хийх хэрэгтэй вэ?
-Хянах гэж буй обьектоо ямар хүрээнд авч үзэх вэ?
-Хяналтанд хэдий хэмжээний хөрөнгө, хүн хүч шаардлагатай вэ? Захиргааны үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих уу, аль эсвэл үйл явцад нь хяналт тавих уу гэдгээс хамаараад хяналт бас өөр өөр байна.
Захиргааны үйл ажиллагааны эцсийн үр дүнд тавих хяналтын нэг давуу тал нь бүх хүчин зүйлийг нягт нямбай илрүүлэх ба бүрэн төгс дууссан үйл явцад яаралгүй тайван үнэлгээ өгөх боломжтой.
Харин түүний сул тал нь нэгэнт захиргааны дараагийн үйл ажиллагаа эхэлчихсэн байдаг учраас үүнд санамж зөвлөгөө өгөх боломж байдаггүй байна. Захиргааны үйл ажиллагааны явцын хяналт нь ажлын явцад алдаа гарвал дор нь илрүүлж засаж залруулах сайн талтай юм. Мөн ийм алдаа давтагдахаас урьдчилан сэргийлж чадна. Ийм хяналтын үндсэн дээр гарч болох үргүй зардлыг хэмнэх боломжтой юм.
Хяналтын зорилго ба түүний хамрах хүрээ
Хяналтын зорилго бол тэр хянуулж буй байгууллагын зорилготой ижил байна. Хяналт нь байгууллагын зорилгыг оновчтой болгох, ажлын чанарыг сайжруулахад чиглэнэ. Захиргааны байгууллагын ажлын чанарыг илэрхийлэгч гол шинжүүд нь:
– Эрх зүйд нийцсэн эсэх
– Зорилгоо хангасан эсэх
– Аль хэр шуурхай байгаа
– Цаг хугацаандаа байгаа эсэх
– Аж ахуйн байдал
– Иргэдтэй харилцах харилцааны нөхөрсөг байдал хэрэг юм.
Ажлын явцад алдаа гарахаас сэргийлэх, ов заль хэрэглэхээс сэргийлэх, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэрэг нь бас шууд биш ч гэсэн хяналтын зорилгууд болж болно.
Хяналтын хүр хязгаар нь хянаж буй зүйлий их зорилгоос хамаараад харилцан адилгүй байна. Гэвч боломж байдаг бол хамгийн тохиромжтой нь хянах гэж буй зүйлийг бүхэлд нь хамрах явдал юм. Харамсалтай нь ийм боломж ихээхэн хязгаарлагдмал байдаг. Хяналт нилээд хөрөнгө, хүч шаардаг тухай дээр өгүүлсэн.
Хяналтын үр дүнд ажлын амжилт хяналтанд зарцуулсан зардлаас илүү сайжрах тохиолдолд хяналт ач холбогдолтой. Үүнийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжиж болохгүй юм. Хяналтын дүнд хүмүүсийн ажлын идэвхи дээшилсэн бол энэ бас их гол үзүүлэлт болно. Мөн байгууллагын удирдлага хүмүүсдээ хэр итгэл хүлээлгэж ажиллуулдагаас хяналтын хэмжээ далайц шалтгаална. Хүмүүс ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа, тэдэнд хяналт, шалгалт хэрэггүй итгэлтэй байж болох тохиолдолд тэнд заавал хяналт хэрэггүй.
Хяналтын хэлбэрүүд
Хяналтыг ерөнхийд нь захиргааны дотоод ба гадаад хяналт гэж хоёр хуваадаг. Гэхдээ судлаачид захиргааны хяналтыг янз бүрийн шалгуураар олон янзын хэлбэрт хувааж үзсэн байдаг. Үүнээс Б.Беккерийн ангилалыг[3]” дор авч үзье.
- Хяналтын үе шатаар нь хяналтыг
– Үр дүнгийн
– Үйл явцын
– Дагалдсан
- Хянаж байгаа зүйлээр нь
– Эрх зүйд нийцсэн байдлыг хянах
– Ёс журмын дагуу байна уу гэдгийг хянах
– Аж ахуйч ба хэмнэлттэй байдлыг хянах
– Захиргааны боловсон хүчний сахилгын хяналт
– Үр ашигт байдлын хяналт
- Хяналтыг тогтолцоогоор нь
– Гүйцэтгэх эрх мэдлийн өөрийнх нь хяналт
– Хууль тогтоох буюу шүүх эрх мэдлийн захиргааны хяналт (төрийн өөрийнх нь хяналт)
– Нийгмийн буюу иргэний хяналт
- Хяналтыг байгууллагаар нь
– Бие даасан гадны байгууллагын хяналт
– Байгууллагын дотоод хяналт
- Хяналт хийх эрх хэмжээгээр нь
– Зөвхөн хяналтын байгууллагад байгаа эрх хэмжээ
– Өөр бусад байгууллагад хяналтын байгууллага гэж харъяалагдсан эрх хэмжээ
- Хяналт хийх нөхцлөөр нь
– Чөлөөтэй бусдаас хамааралгүй байх эрх хэмжээ
– Тодорхой нөхцөлд (жишээ нь, хууль зөрчсөн тохиолдолд хянах эрх хэмжээ)
- Хяналт хийхэд мэдээлэл олж авах эрх хэмжээгээр нь
– Захиргаанд байгаа шаардлагатай бүхий л мэдээллийг авах өргөн хүрээтэй эрх хэмжээ
– Захиргааны байгууллагаас ямар нэг мэдээллийг авах хязгаарлагдмал эрхтэй
- Хяналтын эцэст арга хэмжээ авах эрх хэмжээр нь
– Захиргааны байгууллагын буруу арга ажиллагааг зогсоох (цуцлах эрх хэмжээ)
– Буруу арга хэмжээг зөв арга хэмжээгээр солих эрх хэмжээ
– Захиргааны буруу үйлдлийг мэдээллэх эрх хэмжээ
– Огт эрх хэмжээгүй байна.
Ийм байдлаар хяналтыг ангилж болдог байна. Хяналт бүрэн хамааралгүй, бие даасан тохиолдолд энэ бүхнийг хослуулан хэрэглэж болно. Ингэвэл нийтдээ 2880 янзын хувилбар (3*5*3*2*2*2*2*4) байж болдог байна. Энэ бүхнийг энэ жижиг гарын авлагад бүгдийг авч үзэх боломжгүй учир захиргааны байгууллагын дотоод (өөрийн хяналт болон гадаад парламент, шүүх, олон нийт г.м) хяналтын талаар товч тайлбарлая.
Захиргааны байгууллагын дотоод буюу өөрийн хяналт
Юуны өмнө захиргааны дотоод буюу гадаад хяналтын алиныг нь сонгож авах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй болно. Энэ нь олон зүйлээс хамаарна. Мэдээлэл авах боломж, авсан мэддэллийг зориулалтаар нь ашиглах итгэл бий юу гэдэг асуудал, хянагч хянуулагчаас хамаарахгүй байх тухай асуудал зэрэг нь хяналтын аль хэлбэрийг сонгох вэ гэдгийг шийдэхэд тусална.
Албан ёсны хяналтын зэрэгцээ албан бус хяналт гэж бас бий. Ихэнх тохиолдолд албан бус хяналт нь албан хяналтаасаа илүү хүчтэй байдаг.
Захиргааны байгууллагын шаталсан бүтэц бол захиргааны дотоод хяналтанд чухал үүрэгтэй. Удирдах ажилтан бүхэн доод шатандаа хяналт тавих үүрэгтэй. Ийм учраас сайн зохион байгуулагдсан, энгийн, ойлгомжтой бүтэцтэй байгууллагын удирдах ажилтнууд хяналтынхаа үүргийг гүйцэтгэхэд хялбар байдаг. Удирдах ажилтан энэ үүргээ амжилттай гүйцэтгэхийн тулд удирдлаганд байгаа хүмүүсээс хамааралгүй байх ёстой. Ийм биш тохиолдолд хяналтын үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байдаг байна. Ялангуяа удирдах ажилтан coнгуулиар гарч ирсэн бол удирдлаганд байгаа хүмүүсээсээ байнга хамааралтай байдаг. Үүнээс болоод дахин сонгогдохоо бодож хяналт муу тавих буюу ерөөс хяналт тавихгүй байх явдал байдаг байна. Ийм тохиолдолд байгууллагын ажил тийм ч сайн байж чаддаггүй. Энэ бол иргэдэд л хохиролтой байх болно.
Төвлөрлийг багасгах замаар хяналтыг сайжруулах боломжтой. Төвлөрлийг багасгасан тохиолдолд хариуцлагаа ухамсарлах чадвар дээшилдэг байна.
Захиргааны санхүү, зохион байгуулалт, боловсон хүчин зэрэг ерөнхий асуудал хариуцсан нэгжүүд энэ чиглэлээр бусад нэгжүүддээ хяналт тавих боломжтой байдаг. Санхүүгийн асуудал хариуцсан байгууллага, нэгжүүд гэхэд л төсвийн төлөвлөгөө боловсруулахад бусаддаа хяналт тавьж, цагаар шахаж болно. Мөн төлөвлөсөн төсвийн зарцуулалтанд ч гэсэн хяналт тавьдаг. Боловсон хүчний асуудал хариуцсан байгууллага нэгжийн хувьд ч гэсэн мөн ялгаагүй. Боловсон хүчний ажлыг үнэлэх, дүгнэх, албан тушаал дэвшүүлэх зэрэгт оролцдог учраас тэдний ажлын явц, ажлын амжилтанд нь байнга хяналт тавьж, үнэлэлт өгч байх ёстой байдаг.
Зохион байгуулалт хариуцсан хэлтэс, тасаг, байгууллага үүрэг даалгавраа ямар зохион байгуулалттайгаар илүү сайн гүйцэтгэх вэ гэдгийг шалгаж тогтоож байх учиртай. Байгууллагын зохион байгуулалт хариуцсан хүн тодорхой нэг ажлын байрны хувьд энэ ажлын байр байх шаардлагатай юу, байвал ямар маягаар байх ёстой вэ гэх зэргийг хийсвэрлэн бодож үзнэ. Энэ хяналт нилээд хийсвэр учраас, бодит нөлөө бага байдаг байна.
Захиргааны байгууллагын дотоод хяналтыг боловсронгуй болгохын тулд тусгай хянагч ажиллуулж болдог. Ийм тусгай хянагч аж ахуйн байгууллагуудад нилээд ажилладаг бөгөөд дараах үүргийг гүйцэтгэдэг байна. Үүнд:
– Удирдах бүрэлдхүүнд багтаж удирдлагын туслахын үүрэг гүйцэтгэнэ. Энэ хүн бол удирдлагын ажлын амжилтыг сайжруулахад гол ажлаа чиглүүлнэ.
– Төлөвлөлтөнд туслаж, төлөвлөгөө хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана.
– Түүнд чухал мэдээллүүд, ялангуяа санхүүгийн ач холбогдолтой мэдээллүүд төвлөрч байх ёстой. Ийм учраас түүнд санхүү бүртгэлийн нэгжийг хариуцуулах нь Паардлагатай мэдээллээр хангагдаж байхад хэрэгтэй байдаг байна.
– Мөн өөр бусад мэдээлэл авах эрх ч түүнд байна. Ийм учраас тэр зохицуулагчийн үүргийг бас давхар гүйцэтгэнэ.
Байгууллагад ийм чиг үүрэг бүхий орон тоо бий болгосноор байгууллагын удирдлагын чадвар сайжрах болно. Яагаад гэвэл үүгээр удирдлагын мэдээллийн хангалт сайжирч, гол нэгжүүдийн хоорондын зохицуулалт боловсронгуй болно.
Захиргааны байгууллагын дотоод хяналтын өөр нэг чухал арга бол гарын үсэг зурах, хамтран зурах эрхийг зохицуулах явдал юм. Байгууллагаас гадагш гарч байгаа бичиг баримтанд гарын үсэг зурах эрх тэр бичиг баримтыг боловсруулсан хүнд тэр бүр байдаггүй. Ихэнх тохиолдолд байгууллагын дарга гарын үсэг зурдаг байна. Ер нь бичиг баримтанд хэн ч гарын үсэг зурсан яадаг юм бэ гэж бодмоор энгийн юм шиг зүйл боловч энэ нь олон талын ач холбогдолтой юм. Байгууллагын дарга гарын үсэг зурах эрх мэдлийг өөртөө төвлөрүүлснээр юуны өмнө гарч байгаа бүхий л бичиг баримтанд хяналт тавих боломжтой болно. Түүнээс гадна удирдах ажилтанд мэдээлэл олж авах боломж бүрдэг байна. Хэдийгээр ингэж гарын үсгийг төвлөрүүлэх нь байгууллагын үйл ажиллагааг нэгдмэл, үнэн зөв явуулах чухал ач холбогдолтой ч гэсэн тэр бичиг баримт боловсруулсан хүний идэвхийг бууруулж, хариуцлагаас хөндийрүүлэх сул талтай. Ийм учраас боловсруулсан бичиг баримтанд боловсруулсан хүн нь гарын үсэг зурж гадагш нь явуулахын өмнө буюу дараа өөрийнхөө дээд шатны удирдлагад үзүүлж болох юм. Энэ тохиолдолд хүмүүсийн хариуцлага өндөржиж ажлын идэвхи дээшилдэг байна.
Бичиг баримтын төсөлд янз бүрийн хэлтэс тасгууд хамтран гарын үсэг зурах нь бас хяналтын нэг хэлбэр болдог байна. Энэ хэлбэр ялангуяа захиргааны байгууллагын санхүү аж ахуйн хүрээнд өргөн хэрэглэгдэг. Иргэдээс ирдэг гомдол захиргааны дотоод хяналтанд багагүй үүрэг гүйцэтгэнэ. Иргэдээс ирдэг гомдлыг албан ёсны ба албан бус гэж ялгаж үздэг. Албан бус гомдол нь ихэнх тохиолдолд аман хэлбэрээр анхааруулсан, сануулсан маягийн гомдлууд байдаг. Үүний дагуу захиргааны байгууллага дотооддоо гомдол ирсэн салбар, нэгж, хүний үйл ажиллагаанд шалгалт хийж боловсронгуй болгож, алдаагаа засаж ажиллах боломж бүрдэнэ. Ийм гомдлын мөрөөр арга хэмжэ авагддаггүй учраас бас төдийлөн ач холбогдол багатай байдаг. Үүнээс гадна иргэдийн албан ёсны эсэргүүцэл захиргааны байгууллагад ирдэг. Үүний мөрөөр захиргааны үйл ажиллагаанд шалгалт хийж үзнэ. Шалгалтыг хийхдээ захиргаанаас гаргасан шийдвэр эрх зүйн хүрээнд байв уу, зорилготойгоо аль хир нийцсэн байна гэдгийг гол нь анхаарна. Энэ бол маш хариуцлагатай хяналт байдаг юм. Ийм хяналт, шалгалтыг ихэвчлэн тусгай комисс гарч хийдэг байна. Яагаад гэвэл мөнөөх л хяналт бусдаас хамааралгүй байх зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Захиргааны байгууллагын гадаад хяналт
Энэ нь захиргааны байгууллагад бусад гаднын байгууллагуудаас тавьдаг хяналт бөгөөд үүнд дараах хяналт орно:
-Шүүхийн хяналт
-Төсөв, санхүүгийн хяналт
-Парламентын хяналт
-Олон нийтийн ба хэвлэл мэдээллийн хяналт. Одоо эдгээр хяналтын талаар тус бүрд нь авч тайлбарлая.
Шүүхийн хяналт
Захиргааны үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж буй эсэхийг шүүхэр хянадаг байна. Энэ хяналтыг шүүхийн бүхий л байгууллагууд хэрэгжүүлэх боломжтой байдаг. Гэхдээ захиргааны шүүхийн тогтолцоо хөгжсөн орнуудад захиргааны шүүх гол үүрэгтэй ажиллана. Манай улсын Үндсэн хуулийн 48-р зүйлийн 1-д захиргааны шүүхийг байгуулж болохыг заасан боловч хараахан ийм шүүх үүсч бий болоогүй байна. Ийм тохиолдолд бусад шүүх, ялангуяа иргэний шүүх чухал үүрэгтэй ажиллах учиртай.
Нэгдмэл шүүхээсээ төрөлжсөн шүүх нь илүү ач холбогдолтой гэж үздэг байна. Учир нь төрөлжсөн шүүхтэй тохиолдолд шүүгчид олон янзын асуудал руу хутгалдан ордоггүй нарийн мэргэшиж нэг чиглэлээр дагнаж ажиллах боломж бүрдэнэ. Ингэснээрээ шүүгчдийн мэргэжлийн ур чадвар нь дээшилж мэргэжлийн хувьд бусдаас хамааралгүй байх баталгаа нь улам илүү хангагддаг байна.
Шүүгч нарийн мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахад мэргэжлийн комиссын үнэлгээнээс их хамааралтай байх явдал бий. Зарим хэрэгт эмнэлгийн, байгалийн шинжлэх ухаан эсвэл техникийн асуудлаар мэргэжлийн байгууллага, комиссын гаргасан шийдвэр онцгой ач холбогдолтой байдаг. Иймэрхүү асуудлуудаар захиргааны байгууллагуудтай байнга хамтарч ажилладаг мэргэжлийн шинжээчид ихэнхдээ захиргааны байгууллагын үзэл бодлыг хамгаалдаг байна. Ийм учраас шүүгчийн мэдлэг, туршлага, бие даасан байдал их чухал юм. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн сургалт, тэдний мэргэжил дээшлүүлэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн үг юм.
Захиргааны үйл ажиллагааг шүүхийн зүгээс хянахад бэрхи хэл учруулдаг сэтгэл зүйн хүчин зүйлүүд байдаг байна. Үүнд:
– Олон тохиолдолд захиргаа, иргэн хоёр сэтгэл зүйн дотно харьцаатай ажилладаг. Энэ дотно харьцаагаа маргаантай асуудлаар таслахыг боддоггүй. Ийм учраас иргэд шүүхээр эрхээ хамгаалуулах боломжоо тэр бүр ашигладаггүй байна.
– Ихэнх хүн шүүхийн процессыг сэтгэл санааны дарамт гэж үздэг байна.
– Шүүхийн шийдвэр яаж гарахыг урьдчилан сайн мэдэгтүй учраас хүмүүс шүүхэд тэр бүр хандахыг хүсдэггүй байна. Ийм учраас аз туршиж мөнгө зарахаас татгалздаг байна.
Төсвийн хяналт
Төсвийн хяналт шалгалт захиргааны байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт тавьж, төсвийн хууль ба аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой бусад хууль эрхийн актын хэрэгжилтийг хянаж шалгахад чиглэнэ.
Төсвийн хяналтын хувьд ялангуяа дараах зүйлүүдийн хэрэгжилтэнд хяналт тавина.
Үүнд:
– Төсвийн хууль, төсвийн төлөвлөгөөний хэрэгжилт;
– Орлого, зарлага нотлох баримттай, үндэслэлтэй эсэх, төсөв ба үндсэн хөрөнгийн бүртгэл ёс журмын дагуу хийгдэж буй эсэх;
– Байгууллагын үйл ажиллагаа эдийн засгийн хувьд аж ахуйн үр ашигтай, хэмнэлттэй байгаа эсэх;
– Мөн тухайн байгууллагын зорилтыг аль болох цөөн хүн хүч, эд материал зарцуулж эсвэл өөр замаар үр ашигтай хэрэгжүүлэх боломжийг эрж хайх зэрэг орно.
Парламентын хяналт
Парламент бол хууль тогтоох байгууллага төдийгүй гүйцэтгэх эрх мэдлийг хянах үүрэгтэй байгууллага билээ. Засгийн газрын парламентын өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлж, засгийн газрын бодлогод улс төрийн хяналт тавих үүргийг парламент гүйцэтгэнэ. Парламент нь захиргаанд шууд биш замаар хяналт тавина. Эндээс гүйцэтгэх эрх мэдлийг бүрдүүлэгч болох засгийн газар, захиргаа хоёрын ялгаа тодорхой харагдана. Захиргааны удирдлагын хэрэгжүүлж байгаа үндсэн асуудлууд ялангуяа төлөвлөлт бол улс төрийн асуудал юм. Бас зарим шийдвэрийг тодорхой улс төрийн хандлагыг үндэслэж гаргадаг. Ийм учраас энэ бүхэн нь шууд биш утгаараа парламентын хяналт болдог.
Ардчилал хөгжсөн улсад парламентын хяналтанд байдаггүй захиргааны үйл ажиллагаа гэж үгүй юм. Захиргаа бүхэлд нь нэг бол парламентын өмнө хариуцлага хүлээдэг сайдын мэдэлд, эсвэл өөрөө удирдах ёсны захиргааны байгууллагад харъяалагдана. Өөрөө удирдах ёсны бие даасан захиргааны байгууллагуудад иргэдийн төлөөлөгчдийн хурал парламентын үүрэг гүйцэтгэж захиргаандаа шууд хяналт тавина.
Парламент янз бүрийн байгууллагаар дамжуулж хяналтаа хэрэгжүүлдэг байна.
– Үүнд байнгын хороод их гол үүрэг гүйцэтгэдэг. Хуулий төсөл боловсруулахад байнгын хороодоос захиргааны байгууллагад зөвлөгөө өгч ажиллана. Энэ явцад захиргааны удирдлагад шүүмжлэлтэй хандаж үнэлэлт дүгнэлт өгч ярилцаж болдог байна.
– Өөр нэг чухал байгууллага бол парламент дахь сөрөг хүч юм. Парламентад олонхи болсон нам Засгийн газрыг бүрдүүлж болдог учраас парламентаас тавих хяналт их сул байна. Ийм тохиолдолд сөрөг хүч хяналтын үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.
– Зарим улс оронд парламент тусгай төлөөний хүнээрээ дамжуулж (Омбуцман) захиргаанд хяналт тавьдаг. Энэ хэлбэр хэр зэрэг ач холбогдолтой болох нь маргаантай байдаг байна. Шведийн жишээгээр Скандинавын зарим улс, Их Британи зэрэг бас бусад улсуудад ийм Омбуцман ажилладаг. Энэ хүний гол үүрэг нь гүйцэтгэх эрх мэдэл алдаа гаргаж иргэдийг хохироохоос сэргийлэх, түүний хэрэгцээ засгийн газар, захиргааны үйл ажиллагааны талаар парламентад мэдээлж байх явдал юм. Ийм мэдээллийн мөрөөр парламент хууль тогтоогчийнхоо хувьд шаардлагатай үед Засгийн газарт улс төрийн хариуцлага хүлээлгэж болно.
– Парламентын гишүүд захиргаанд шууд хяналт тавихгүй ч гэсэн тэдэнд сонгогчид нь санал хүсэлт, гомдлоо илэрхийлэх замаар тусламж эрж олдог байна. Иргэд, сонгогчдын санал хүсэлт, гомдол нь парламентад хамаагүй, захиргааны хэрэгжүүлэх асуудал байх юм бол парламентын гишүүд захиргаанд хандаж, уг асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьдаг. Энэ бол бас тодорхой хэмжхэний хяналт болдог байна.
Олон нийтийн ба хэвлэл мэдээллийн хяналт
Захиргаа нь нийгмийн хэсэг бүлэг, иргэдтэй байнга холбоотой байж, тэдний санаа бодлыг ажилдаа тусгаж, тэдний төлөө ажиллаж байдаг учраас тэдний зүгээс захиргаанд нөлөөлөх нөлөөлөл их байдаг байна. Олон нийт нь захиргааны ажлын талаар хэвлэл мэдээллийн болон ер нь харилцааны бүхий л хэрэгслээр дамжуулан санаа бодлоо илэрхийлж байдаг. Энэ нь ямар нэг хэмжээр захиргааны ажилд нөлөөлж, хяналтын үүрэг гүйцэтгэж байдаг юм. Захиргааны байгууллага нийтийн санаа бодол дээр тулгуурлаж, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох зарим зүйлийг шинээр зохион байгуулах шаардлагатай болдог. Ардчилал хөгжсөн орнуудад нийтийн санаа бодол улс төрийн тогтолцоо сайн ажиллахад их үүрэгтэй.
Гэхдээ олон нийтийн зүгээс захиргааны ажлыг тэр бүр сайн мэдэхгүйгээс буюу захиргааны эрх зүй ба санхүүгийн боломжийг мэдэхгүйгээс болж зүйд нийцээгүй шүүмжлэл тавих явдал бас ажиглагддаг. Захиргааны байгууллагаас ч гэсэн нийтэд өөрийнхөө үйл ажиллагааг мэдээлж байх явдал чухал байдаг. Захиргааны байгууллага ба олон нийт харилцан бие биендээ мэдээлэл өгч, авч байж бие биеэ ойлгож ажиллах боломж бүрдэнэ. Ийм учраас захиргааны ихэнх байгууллагад захиргааны байгууллагын олон нийттэй холбосон хэвлэл мэдээллийн ажилтан буюу алба ажилладаг. Энэ ажилтан буюу алба нь шууд байгууллагын удирдлаганд ажиллана. Тэдний нэг гол үүрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон эвсэл холбоодын хурал цуглааны мэдэг ажиглаж судлаал, зохих нэгж, хүмүүст мэдэлж байхад оршино.
Мэдээлэл бол үнэхээр чухал байдаг. Яагаад гэвэл өргөн хүртэй мэдээллийн үндсэн дээр зүйд нийцээгүй шүүмжлэл болон учир утгагүй хардалт, сэрдэлтийг багасгах боломж бүрдэнэ.
Хянасан: Е. ТЭМҮҮЖИН
[1] “P. Eichhom u. a. (Hrsg.). Verwaltungslexikon. Baden-Baden. 1991, s. 261
[2] W. Thieme. Verwaltungslehre. Care Heymanns Verlag 1984, s. 274
[3] B. Becker Öffentliche Verwaltung. Verlag R. S. Schulz 1989, s. 872-873