Ч.Тамир
/МУИС-ийн багш/
Шинэ толь №58, 2007
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
1992 оны Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэсэн нь иргэний нийгэм гэж ямар нийгмийг хэлэх тэр нь социализм, коммунизмаас юугаараа ялгагдах, ер нь бидний хүрэх нийгэм мөн эсэх талаар мэтгэлцээн өрнүүлжээ. Уг заалтыг тэр үеийн нөлөө бүхий эрдэмтэн К.Зардыхан томъёолж батлуулсан гэлцдэг бөгөөд АИХ-ын депутатууд эргэлзэж байсан нь Монголчууд иргэн гэж хятад хүнийг ойлгодог түүхэн уламжлалтай холбоотой.
Нэрт эрдэмтэн Р.Дарендорьф ямар нэгэн зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь өчүүхэн ч болтугай зүйлийг өөрөө бусадтай чөлөөтэй хамтран хийнэ гэсэн үг юм. Энэ нь чөлөөт эвсэл холбоо болон байгууллагуудын холилдсон ертөнц, хожим нь мөн бие даасан институтууд бий болоход хүргэнэ. Тэр нь утга агуулга бүхий бүрэн дүүрэн эрх чөлөөтэй амьдралын хэрэгсэл юм. Иргэний нийгэм бол хувь хүнд төрийн оролцоогүйгээр амьдрах боломж олгодог ертөнц гэж үзсэн.[1] Маш энгийнээр хэлэхэд иргэний нийгэм бол иргэд торийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг тийм л хүмүүсийн нэгдлийг хэлж байгаа юм. Нөгөө нэг санаа бол иргэний нийгэм бол иргэд ТӨР байхыг биш харин ИРГЭН байхыг хүсдэг тийм нийгмийг хэлдэг. Дүгнэвэл иргэний нийгэм гэдэг бол жирийн иргэн сайхан амьдардаг тийм л нийгмийг хэлнэ. Дээрх гурван санааны үүднээс өнөөгийн нийгмийг авч үзвэл монголд иргэний нийгэм төлөвших шат яагаа ч үгүй байна. Учир нь иргэний нийгэм гэдэг бол хэдэн ТББ-ыг хэлдэг юм биш, иргэний нийгэм гэдэг бол төртэй хамтарч ажилладаг байгууллагуудыг хэлдэг юм биш. Иргэний нийгэм хэзээ төлөвшдөг юм бол? Ф.Фукияма[2]2 ардчилал нь хөгжлийн түвшингээс хамааран нийтлэг орших 4 шат байгааг тэмдэглээд эхнийх нь үзэл суртлын түвшинд ардчилсан институт, ардчиллын зөв буруугийн тухай норматив итгэл үнэмшил бүрэлдэн бий болох үеийг, дараагийн институтийн түвшинд ардчилсан үндсэн хууль, эрх зүйн систем, намын тогтолцоо, зах зээлийн бүтэц бүрэлддэг аж. Харин иргэний нийгмийн түвшинд ардчилсан улс төрийн институт, төрөөс тусдаа иргэний нийгмийн бүтэц бүрэлдэж эрх мэдэл, бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх чадвартай болдог. Сүүлчийн шатанд гэр бүлийн бүтэц, шашин, үнэт зүйл, ёс суртахуун зэрэг соёлын бүхий л шатанд ардчилал нэвчин орж бэхэждэг ажээ. Арга зүйн шинжтэй эл ангиллаас үзвэл манай орны хувьд дөнгөж 2-р шатандаа явж байгаа болов уу.
Чухамдаа иргэний нийгэм төлөвшөөгүй байгаа учраас жирийн иргэд ИРГЭН биш ТӨР байхыг хүсч байна. Өнөөдөр олон хүн төрийн алба руу улайран тэмүүлж байна. Тэд төрийн зүгээс иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэж ингэж байна уу? Аль эсхүл үгүй юу? Эрхээ алдсан иргэний дуу хоолой улам бүр хорссон, цөхөрсөн өнгө аястай дуугарч байхад эсрэг талд өөрийн хүч чадлыг улам бүр бэхжүүлж, зүсэн зүйлээр өөрийгөө хуяглаж байгаа төрийг харж болохоор байна. Төр хаана улам хүчирхэг байна тэнд хүмүүс улам төрийн форм өмсөхийг хүсдэг байна. Тэд формоороо өөрсдийгөө төр гэж харуулж хүндлүүлж, иргэдийг айлгаж байхыг хүсдэг юм байна. Яагаад цэрэг, цагдаагаас гадна онцгой байдлынхан, даатгалынхан, бүр татварынхан хүртэл төрийн сүр хүчийг харуулсан формтой болохыг эрмэлзэж байна вэ? Иргэнээс холдож өөрийгөө төр гэдгийг улам хүчтэйгээр мэдрэхэд үү? Эсхүл өөрийгөө улам хүчирхэгжүүлэхийн тулд уу? Ф.Фукиямагийн “Төрийг бэхжүүлэх нь” гэдэг ном яагаад Фридманы “Хувь заяагаа сонгох нь” номноос илүүтэй төрийн албан хаагчдын унших дуртай ном болно вэ? Дүгнэвэл иргэд эрхээ төрд алдчихсан учраас хүмүүс ИРГЭН байхаас ТӨР байхыг илүүтэй үзэж байна. Иргэд өөрийн эрхээ хамгаалахын тулд төр болохоос өөр арга алга байна. Иргэд алдагдсан эрхээ төрөөс эргүүлэн авах тэр үед, иргэд төрөө хянадаг, төр хариуцлага хүлээдэг болсон үед төр биш иргэн болох нь моодонд орох буй заа.
Тэгвэл иргэд хэзээ ийм болох вэ? Ийм болоход юу саад болж байна вэ? Эрхээ алдсан иргэдийн талаар нэлээд түгээмэл байдаг иргэдийн улс төрийн ухамсар хоцронгуй, боловсрол нимгэн, мэдээллийн эх үүсвэр ашиглах боломж, чадавхи жигд биш, идэвхгүй байдал зэрэг хувь хүнээс өөрөөс нь зонхилж хамаарсан хүчин зүйлийн сөрөг нөлөө харьцангуй өндөр байна[3] гэсэн дүгнэлт, иргэд бодитой оролцогчийн түвшинд хүрч төлөвшөөгүй байгаа явдал нь асуудлын бэрхшээл үү? эсхүл үр дагавар уу? гэдгийг нягтлах хэрэгтэйг харуулна. Үүнийг дэмжиж буй болон эсэргүүцэгчдийн аль аль нь шууд болон шууд бус утгаар иргэдийн идэвхгүй байдал, уламжлалт сэтгэлгээг иш үндэс болгодог. Бидний бодлоор асуудлыг арай өөр өнцгөөс харвал иргэн шууд идэвхтэй оролцогч болж төрдөггүй, харин тийм болгож төлөвшүүлэхэд нөлөө үзүүлэгч хүчин зүйлс нь парламентын ил тод байдал, хүрэлцээтэй мэдээлэл, олон нийтийн хэлэлцүүлэг, хууль эрх зүйн орчин зэрэг юм. Бусад олон оронд ч ийм л байгаа юм[4]. Иргэд болж байгаа үйл явцын галаар үнэн бодит мэдээлэл авах бололцоо нөхцөл хязгаарлагдмал, улс төрийн хүсэл зориг бүрэлдээгүй, хууль эрх зүйн орчин саад тотгор болж буй нөхцөлд иргэдийн өнөөгийн оролцоог хангалттай гэж үнэлж, иргэд өөрт нь байгаа боломжийг муу ашигладаг гэж бурууг тохох замаар асуудлыг хаах гэж оролдох нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг5[5] байгуулах эцсийн зорилготой зөрчилдөх юм.
Нөгөө талаас өнөөдөр нийгэмд өрнөж байгаа улс төрийн үйл явдлыг үнэлж цэгнэх гэж оролдохул Монголчуудыг идэвхгүй, оролцоо багатай гэж хэлэхэд төвөгтэй. Гагцхүү иргэд идэвхтэй оролцогч болон төлөвшихөд олж авч байгаа мэдээлэл хангалттай байна уу? Түүнийг хүргэж байгаа мэдээллийн сүлжээ тогтвортой ажиллаж байна уу? Иргэдийн оролцоог шаардсан ардчиллын арга хэрэгслийг ашиглах боломж бүрдсэн үү? (Жишээлбэл, ард нийтийн санал асуулга явуулах) Хууль эрх зүйн орчин нь орчин үеийн стандартад нийцэж байна уу? Институт нь ажиллаж байна уу? Ер нь улс төрчдөд хүсэл зориг бүрэлдсэн үү? гэсэн асуултанд хариулах хэрэгтэй юм. Мөн тэдний сэтгэлгээ өөрчлөгдөх үндсэн нөхцөл бүрэлдсэн үү? Хэрвээ энэ бүх асуултанд шууд хариулж чадахгүй бол иргэд идэвхтэй оролцогч байж чадахгүй байгаа тухай биш харин иргэнийг идэвхтэй оролцогч болгоход учирч байгаа саад бэрхшээлийг арилгах тухай ярилцах учиртай. Үүнийг тодорхой нэг салбартаа маш их амжилт олсон улс[6] бий.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд чухамдаа бид ардчиллыг институтийн түвшинд бий болгож чаджээ. (Үндсэн хууль ба бусад хуулийн тогтолцоо[7], эрх мэдлийн хуваарилалт, зах зээлийн эдийн засаг, бие даасан шүүх тогтолцоо, ТББ г.м.) Иргэдийн оролцоогүйгээр бензингүй машинтай яг ижил юм. Өөрөөр хэлбэл энэ бүх арга хэрэгсэл, механизмыг
иргэдийн идэвхтэй оролцоо л хөдөлгөж ажиллуулж байдаг. Тиймээс иргэдийн идэвхтэй оролцоог хангаснаар бодлого боловсруулах үйл явц сайжрана, бодлогын хэрэгжилт сайжрана, бодлогын тогтвортой байдал бий болно. Бодлого хэдийчинээ сайн байх тусам бид төдийчинээ хурдан хөгжинө. Иргэний нийгэм бүрэлдэнэ. Дээр өгүүлсэн монголд иргэний нийгэм төлөвлших эсэх нь иргэдээ бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцогч болгож чадахаас хамаарна. Энэ үйл явц нь институт, хууль эрхийн орчин бүрдүүлэхээс илүү хүнд хэцүү, цаг хугацаа шаардах бөгөөд илтгэлд нийгмийн янз бүрийн давхаргын ашиг сонирхол, бодол санааг уялдуулан зохицуулсан тогтолцоог бүрэлдүүлнэ гэдэг бол цаг хугацаа шаардах үйл явц юм[8] гэснийг анхаарахгүй өнгөрөх аргагүй юм.
Төр иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалах нэрээр эрх болон засаглалаа хэтрүүлж, шудрага ёсыг алдагдуулах явдал гардаг. Үнэн хэрэгтээ төр өөрөө хуулийг хамгийн их зөрчдөг тэр хэрээрээ хариуцлага хүлээдэггүйг өнгөрсөн 17 жилийн түүх харууллаа. Тийм ч учраас төрийн хяналтыг сайжруулах биш, иргэний хяналтыг төрд тогтоох хэрэгтэй байна. Иргэд төрийг хянаж чаддаг болсон цагт л төр бэхжиж, тогтвортой байдал хангагдана. Иргэд төрийг шүтдэг бус харин сэрддэг байх ёстой, иргэд төрөөс айдаг бус харин итгэдэг байх ёстой, иргэд төрийг дээдэлдэг бус харин хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Харин төр иргэдийг халамжилдаг бус бие даасан байдлыг нь хангадаг байх ёстой, төр иргэдийг хянадаг бус эрх чөлөөг нь хамгаалдаг байх ёстой, төр иргэдэд зааж ухаантай дүр гаргадаг бус харин иргэдээсээ асуудаг, сонсдог байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, иргэн төр хоёрын хооронд түншийн харилцаа тогтох учиртай.
Германы нэрт зохиолч Бертолд Брехтын “Засгийн эрх мэдэл ард түмнээс үүдэн гараад хаашаа явдаг вэ?” гэсэн алдартай асуулт тавьсан нь иргэдийг сэрэмжтэй байхыг сануулж байгаа тун чухал үг юм.
[1] Германы Бундстагийн гишүүн Ханс-Петер Репник. Гол үнэт зүйлс ба улс төрийн бодит байдал. Шинэ толь. № 33.
[2] Primacy culture.//Democracy 1995.
[3] Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн төсөл. 2005.
[4] Legislative Framework Supporting Citizen Participation in Local Government in Bulgaria United States. LGI. October. 2001. Sofia
[5] Үндсэн хууль. 1992., Consise Report of the debates of the First Convention of civil society organised at European Level.
[6] The Health Canada Policy Toolkit for Public Involvement in Decision Making. http:www.hc.gc.ca
[7] 1990 онд Парламент байгуулагдсанаасаа хойш нийтдээ 400 гаруй хууль баталсан гэсэн статистик бий.
[8] Монгол улсын Хүний хөгжлийн илтгэл. 2004.