Д.Болд-Эрдэнэ
/ШУА-ийн ФСЭХ-ийн улс төр судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор/
Шинэ толь №60, 2008
Түлхүүр үг: Гуравдагч хүчин, бодит шаардлага, удирдлагийн хэлбэр, үүрэг оролцоо, хариуцлага, төлөвшилт
Сүүлийн үед монголын улс төрийн амьдралд улс төрийн гуравдагч хүчний жин нөлөө зүй ёсоор үгүйлэгдэх болсон нь тус орны улс төрийн амьдралын хүрээний нэг гол онцлог болж байна. Үүнтэй уялдаж парламентын гаднах улс төрийн намууд Монголын улс төрийн орон зайд гуравдагч хүчний байр суурь эзлэхийг эрмэлзэж буй нь цаашдаа тус оронд улс төрийн хүчний хоёр биш, харин гурван туйлт харилцаа жинхэнэ ёсоор үйлчлэх төлөвийг нээж байна. Хэрэв энэ үйл явц бодит биелэлээ олж чадвал манай орны улс төрийн амьдралын хувьд маш чухал учир холбогдолтой үзэгдэл болохсон билээ.
Монголд улс төрийн даацтай гуравдагч хүчин үр нөлөөтэй оршин үйлчилж чадвал тус орны улс төрийн амьдралын хүрээн дэх сөрөг төвлөрлийн үйл явцыг сааруулж, хүчний зохистой тэнцвэр бий болж, төлөвшиж цэгцэрсэн цөөн хүчтэй намууд өсч бойжих таатай орчин бүрдэх учиртай юм. Иймд одооноос эл асуудлын учир зүйг бодитой шинжлэн нийгмийн улс төрийн амьдралд үзүүлэх гуравдагч хүчний нөлөө, оролцоо гүйцэтгэх үүрэг, төлөвшүүлэх арга боломжийн тухайд зөв баримжаа төсөөлөлтэй байх нь нэн ач холбогдолтой байна.
Улс төрийн гуравдагч хүчний бодит шаардлага
Сүүлийн үед улс төрийн амьдралд үзүүлэх гуравдагч хүчний нөлөө оролцоог хүлээн зөвшөөрөх нийтлэг хандлага ажиглагдах боллоо. Энэ нь ардчилал өндөр хөгжсөн улс орнуудад ямар нэг байдлаар илэрч байна. Тухайлбал, сүүлийн үед олон жилийн туршид хүчирхэг хоёр намын систем оршин үйлчилж ирсэн АНУ-д улс төрийн гуравдагч хүчний үүрэг оролцооны тухай асуудал улс төрчдийн маргаан мэтгэлцээний анхаарал татах асуудал болж буй нь дээрхийг илтгэж байна. Энэ нийтлэг зүй тогтол манайд ч мөн илэрч ажиглагдах боллоо.
2004 оны парламентын сонгуулиас хойших үеийн улс төрийн үйл явцын өрнөлтөөс дүн шинжилгээ хийж үзвэл Монголд улс төрийн гуравдагч хүчний нөлөө, оролцоо хэрэгтэй болох нь илт мэдрэгдэж байна. Манайд жин нөлөө бүхий улс төрийн гуравдагч хүчний орон зай бодитой байна. Харамсалтай нь энэ орон зайг жинхэнэ ёсоор нөхөж дүүргэх учиртай улс төрийн намууд нэг л сайн жигдрэн төлөвшиж чадахгүй тэр дундаа парламентын дотор болон гадна оршигч улс төрийн “жижиг” намууд нэгдсэн зохион байгуулалтанд зоригтой орж, үр нөлөө бүхий улс төрийн томоохон “гуравдагч хүчний эвсэл”-ийг бүрдүүлэх талаар хүч чармайлт тавихгүй байгаа нь улс төрийн зайлшгүй байсаар байгаа боломжийг харсаар байтал гүйцэд ашиглаж чадахгүй байдалд хүргэж байна. Манай зарим улс төрчид Монголд гуравдагч хүчний шаардлага, хэрэгцээ огт байхгүй гэх юм уу эсхүл энэ тухай асуудлыг үл гүйцэлдэх, гэнэн хэрэг гэх байдлаар тоомжиргүй хандаж байгаа нь тэд гус орны нийгмийн улс төрийн амьдралын бодит жам ёсыг санаатай санамсаргүй алин боловч олж харж чадахгүй байгаагийн илрэл гэж үзэхээс өөр яах билээ. Магадгүй энэ нь тэдний улс төрийн хувийн явцуу ашиг сонирхол, хэрээс хэтэрсэн амбицтай нь ч холбоотой байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Улс төрийн гуравдагч хүчин бүрэлдэх үйл явц нь Монголд олон намын систем зүгшрэн хэлбэрших, парламентын ардчилал төлөвших үйл явцын хүрээнд илэрч буй зүй ёсны үзэгдэл юм.
Монгол дахь улс төрийн гуравдагч хүчний шаардлага, хэрэгцээ нь юуны өмнө манайд үйлчилж буй төрийн удирдлагын хэлбэрийн онцлогоос үүдсэн улс төрийн өвөрмөц нөхцөл байдалтай холбоотой байна. Манай улс Үндсэн хуулиараа төрийн засаглалын парламентын хэлбэрийг сонгосон билээ. Засаглалын парламентын хэлбэр нь олон намын ардчилсан бүтцэд тулгуурлаж байдаг утгаараа улс төрийн амьдрал дахь намуудын хүчин зүйлийн үүргийг илүүтэйд үздэг онцлогтой. Төрийн засаглалын энэ онцлогтой холбоотойгоор Монголд намууд олноор үүсэн бүрэлдэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах улс төрийн бодит үндэс, таатай орчин байсаар байгаа юм. Үүнийг намуудын үүсэл бүрдэлтийн хүрээн дэх зааг ялгарлын үйл явц тодорхой харуулж байна.
Хэдийгээр төрийн засаглалын парламентын хэлбэр нь намууд олноор үүсэн бүрэлдэх үйл явцыг нөхцөлдүүлдэгч нөгөө талаар, тэдгээрийг бодит шалгарлын төвөгтэй үйл явцын эргүүлэгт татан оруулдаг өвөрмөц зүй тогтолтой. Нэг үгээр хэлбэл, олон намын харилцааны хүрээнд төвд тэмүүлэх хандлагыг хүчтэй болгож, “жижиг” намуудын төвлөрлийн үйл явцыг эрчимжүүлдэг. Учир нь олон жижиг хүч муутай сул намууд парламентын үйл ажиллагааны төлөвшилд бэрхшээл учруулж, төрийн засаглалын энэ хэлбэрийн чадамж, нэр хүндийг сулруулж байдаг. Иймд алив ардчилсан парламент нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд төлөвшиж, цэгцэрсэн цөөвтөр хүчтэй намуудыг зүй ёсоор шаарддаг. Манайд энэ шаардлага яг одоо бодитой тавигдаад байна. Энэ шаардлагын дагуу ч тус оронд намуудын харилцааны хүрээнд төвлөрлийн үйл явц өрнөж, намын системийн гол бүрэлдэхүүн хэсгүүд үүсэн бүрэлдэх үйл явц эрчимтэй явагдах төлөв ажиглагдах болов. Энэ үйл явцын үр дүнд эхний ээлжинд парламент дахь эрх баригч болон эрх барилцагч намуудын үндсэн цөм ерөнхийдөө бий болсон бөгөөд цаашдаа парламентын доторх болон гаднах “жижиг” намуудын хүрээнд ойртон нэгдэх, цэгцрэн төлөвших үйл явц эхлэх хандлагатай байгаа юм. Тухайлбал, ойрмогхон парламентын доторх зарим намууд хамтын зохион байгуулалтанд орж нэгдэн ажиллах боломжийг идэвхтэй эрж хайх болсон нь дээрхийг нотлож байна. Түүнчлэн улс төрийн нилээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан улс төрийн хөдөлгөөнүүд нэгдэн эвсэх болон зарим хөдөлгөөний бааз суурин дээр шинэ улс төрийн хүчин бий болж, парламентын гаднах болон доторх намууд харилцан ойртож, хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар зөвшилцөх эхлэл тавигдах болсон нь тус оронд улс төрийн хүчтэй гуравдагч хүчин бүрэлдэн бий болох хүлээлт, найдлагыг бий болгож байна.
Монгол дахь гуравдагч хүчний хэрэгцээ, шаардлага нь улс төрийн намуудын тэр дундаа парламентын гадна үйл ажиллагаа явуулж буй намуудын өсөлт төлөвшилтийн онцлогтой холбоотой байна. 2004 онд болж өнгөрсөн УИХ- ын сонгуулийн дүнд Монголын парламентад улс төрийн хүчнүүдийн өвөрмөц тэнцвэр бий болж, тус оронд ерөнхийдөө хоёр намын системийн хэлбэрээр намын системийн төлөвшилтийн үйл явц өрнөх хандлагатай байна. Хэдийгээр тус оронд хоёр намын систем оршин үйлчлэх хандлагатай байгаа ч энэ нь Монголын намын системийн жам ёсны хэлбэр мөн үү гэдэг дээр зарим нэг эргэлзээ байсаар байна. Энэ нь гол төлөв парламентын нөлөө бүхий хоёр нам болон түүний удирдлагууд өөрсдийн өвөрмөц явцуу эрх ашгийн үүднээс намын системийн хөгжлийн үйл явцыг зориудаар жолоодоод байна гэсэн хардлагатай холбоотой байгаа юм. Ер нь Монгол орны улс төрийн амьдралын өнөөгийн бодит байдал, намын системийн төлөвшилтийн жам ёсны онцлог, нийгэм, сэтгэл зүйн ерөнхий үнэлэмжийн үүднээс асуудалд хандаж үзвэл хууль тогтоох засаглалын хүрээнд, улс төрийн бүх хүчний зохистой харьцаа бүрэн утгаараа хараахан бий болж чадаагүй гэж хэлж болохоор байдаг юм. Гэтэл улс төрийн хоёр том хүчний хоорондын харилцааны зааг уулзвараас тэдгээрийг зохицуулан тэнцвэржүүлэгч гурав дахь хүчний оролцоо парламентад үнэхээр үгүйлэгдэж байгаа юм. Учир нь гурав дахь хүчин бол парламентын нэг гол үндэс, намын тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг байдаг. Гэвч Монголд улс төрийн гуравдагч хүчний хүчтэй эвсэл өдий болтол үүсэн бүрэлдэж амжаагүй байгаа нь тус оронд олон намын тогтвортой бүтцийг зүгшрүүлэн төлөвшүүлэх, парламентын ардчиллыг төгс утгаар нь хэрэгжүүлэх үйл явцад бэрхшээл учруулах нэг гол хүчин зүйл болж байна.
Өнөөдөр Монголд улс төрийн гол намууд УИХ-д байр сууриа эзлэж чадсан боловч ихэнх намууд парламентын гадна байсаар байна. Ийм нөхцөлд парламентын гадна үйл ажиллагаа явуулж байгаа олон жижиг намуудыг цаашдаа парламентад татан оруулах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа юм. Ингэж байж гэмээжин тус оронд намуудын төлөвшилт хурдасч, намуудын харилцааны хүрээн дэх зүй ёсны шалгарлын үйл явцыг хүчтэй болгон цөөвтөр төлөвшсөн, даацтай намууд бий болох сайхан төлөв нээгдэх учиртай юм. Энэ нь Монголд парламентын ардчиллыг зохистой хэрэгжүүлэх гол нөхцөл болохсон билээ. Гэхдээ ингэлээ гээд “жижиг” намууд бүгдээрээ парламентад орж ирсэнээрээ хүчтэй гуравдагч хүчин аяндаа бүрэлдчихнэ гэж үзвэл өрөөсгөл юм. Ингэх ч бололцоогүй нь ойлгомжтой. Харин тэдний хувьд үйл ажиллагаагаа уялдуулан цэгцлэж, хамтын нэгдмэл зохион байгуулалтанд орох эсхүл аль болохоор нягт хамтран ажиллах чиглэлээр замнаж чадвал тус оронд улс төрийн хүчтэй гуравдагч хүчин бүрэлдэх бололцоо бодитой байна. Гэхдээ дурьдан буй үйл явцын өрнөлтөнд гол бэрхшээл болон ямагт саад учруулж байдаг “жижиг” намуудын удирдлагуудын хувийн явцуу эрх ашиг, эрх мэдэл булаалдсан явуургүй санаа зорилгыг даван туулж чадвал тус оронд улс төрийн гуравдагч хүчин сая бүрэлдэн төлөвших бололцоотой юм.
Монголд улс төрийн гуравдагч хүчний хэрэгцээ, шаардлага нь эрх баригч болон эрх барилцагч гол намуудын бодлого, үйл ажиллагааны зарим явуургүй шинж байдалтай холбоотой байна. Өнөөдөр Монголын парламентад хууль ёсыг олонхоороо түрэн илтэд гажуудуулах боллоо. Тус оронд шударга ёс үнэн хэрэгтээ алдагдаад байна. Улс орны эд баялагыг цөөхөн эрх дарх бүхий улс төр, санхүүгийн олигархи хэсэг хуваан завших боллоо. Голлох улс төрийн намууд тэдгээрийн удирдлагын нууц хуйвалдаан, үгсэн тохиролцсон улс төрийн болхи “жүжиг” үргэлжилсээр байна. Том намууд улс орны язгуур эрх ашигтай холбоотой гол асуудлыг өөрсдийн тус тусын явцуу эрх ашиг, амбицын дагуу шийдвэрлэхийг илтэд эрмэлзэх болов. Энэ бүхний уршгаар улс орны хөгжил хойш татагдан, ард түмний амьдрал доройтон, улс төрийн намын нэр хүнд, байр суурь олон түмний дунд илт унах боллоо. Ийм нөхцөлд парламент дахь улс төрийн хоёр гол том намуудын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж тэдгээрт үр нөлөөтэй хяналт тавьж, улс төр дэх хүчний зөв тэнцвэрийг бүрдүүлэх үүрэг бүхий улс төрийн хүчтэй гуравдагч хүчин Монголд үнэхээр шаардлагатай байна.
Улс төрийн гуравдагч хүчний үүрэг, оролцоо
Улс төрийн гуравдагч хүчний бааз, үндэс нь парламентын хүрээн дэх нөлөө бүхий хоёр томоохон нам, эвслийн үзэл, байр сууриас өвөрмөц ялгаатай их төлөв улс төрийн төв байр суурь баримтлах эрмэлзлэл бүхий парламент дахь цөөнхийн статустай нам, намуудын эвсэл болж байдаг. Манай орны хувьд улс төрийн гуравдагч хүчний гол цөм МУНН, ИЗН, БНН, “Эх орон” нам гэж хэлж болох боловч үнэн хэрэгтээ өнөөдөр Монголд хүчтэй гуравдагч хүчин өнөө хэр байхгүй байна. Учир нь дээр нэр дурдсан намууд парламентад асуудлыг шийдвэрлэхэд бодитой оролцох түвшинд зохион байгуулагдсан намын бүлэг байхгүй болохоор тэднийг албан ёсны “гуравдагч хүчин” гэж үзэх үндэс тун хомс байгаа юм. Ер нь цаашдаа Монголд парламентын хүрээнд тодорхой нөлөө, байр суурь бүхий улс төрийн хүчтэй гуравдагч хүчин хэрэгтэй байна.
Улс төрийн амьдралын нийтлэг жишгээс үзвэл албан ёсны гуравдагч хүчин нийгэмд нэгдүгээрт улс төрийн амьдралын хүрээнд тэнцвэржүүлэгч, хоёрдугаарт эрх баригчдыг хуулийн хүрээнд зохистой хянах, гуравдугаарт тэднийг зөв шударгаар шүүмжлэх, дөрөвдүгээрт зүй зохистой шийдвэрийн альтернатив хувилбарыг санал болгох, тавдугаарт улс төрийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэгтэй байдаг.
Улс төрийн гуравдагч хүчний тэнцвэржүүлэгч үйл ажиллагаа нь улс төрийн амьдралын онцгой нөхцөл бүрдсэн үед хурц тодорхой илэрч үйлчилдэг. Энэ нь: нэгд хууль тогтоох үйл явцад голлох нөлөөтэй оролцогч хүчнүүд нь шийдвэр гаргах түвшинд хоорондоо хэл амаа ололцохгүй дэмий маргаж, цаг алдан мухардалд орсон, хоёрт улс орны эрх ашигт хор хөнөөл учруулж мэдэх алдаатай шийдвэр гарах магадлал ихэссэн, гуравт парламентын үйл ажиллагаа хэвийн тогтвортой явагдах нөхцөл алдарсан, дөрөвт хэлэлцэж буй асуудлаар үнэ цэнэтэй шинэлэг зоримог алхам үнэхээр үгүйлэгдэх болсон зэрэг нөхцөлүүд юм. Гуравдагч хүчний тэнцвэржүүлэгч үйл ажиллагааны хэм хэмжээ нь хууль ёсыг чанд сахих, улс төрийн амьдралын тухайн цаг үеийн онцлогийг харгалзсан уян хатан бодитой байр суурь баримтлах, бодит үндэстэй бодлого явуулах, шударга ёс, үнэнийг эрхэмлэх, улс орон ард түмний эрх ашгийг бүхнээс илүүтэйд үзэх, улс төрийн бусад хүчнийг хүндэтгэх, улс төрийн өндөр мэдрэмж, соёлтойгоор улс төрийн үйл явцад оролцох зэргээр илэрч байдаг. Эндээс үзвэл гуравдагч хүчний тэнцвэржүүлэгч үйл ажиллагаа нь парламентын ардчиллыг бодитой хэрэгжүүлж, хэлэлцэж буй асуудлаар зөв оновчтой шийдвэр гаргах, хууль тогтоох үйл ажиллагааны хэвийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй байна.
2004 оны сонгуулийн үр дүнд улс төрийн хоёр томоохон хүчний хооронд тэнцвэрт байдал бий болсон хэдий ч сонгуулийн дараах улс төрийн нөхцөл нь дээрх тэнцвэрт байдалд өөрчлөлт оруулсан нөгөө талаар төрийн бодлогын түвшинд улс төрийн хүчнүүдийн тэнцвэр алдагдсан, олонхийн хэт дарангуйлал нэмэгдэх болсон зэрэг нь цаашдаа Монголын парламентад улс төрийн хүчнүүдийн зохистой тэнцвэрийг бий болгож түүнийг тогтвортой байлгахад нөлөө үзүүлж чадах үр нөлөөтэй гуравдагч хүчин хэрэгтэй болсоныг харуулж байна. Иймд 2008 оны УИХ-ын сонгуульд парламентын гаднах болон доторх “жижиг” намууд одооноос хувийн явцуу эрх ашгаа хойш тавьж, улс орны язгуур эрх ашгийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах замаар тус оронд улс төрийн зохистой тэнцвэрийг хангаж, хадгалж чадах улс төрийн хүчтэй гуравдагч хүчний эвслийг бүрдүүлэх талаар анхаарал тавих цаг нэгэнт болсон байна. Парламент дахь улс төрийн хүчнүүдийн тогтвортой, байнгын тэнцвэрт харьцаа Монголын парламентад ч, улс төрийн амьдралын хүрээнд ч ус агаар мэт хэрэгтэй байгааг мартаж яасан ч боломгүй байна.
Гуравдагч хүчний үйл ажиллагааны нэг чухал үүрэг нь парламентын зонхилогч хүчнүүдийн бодлого, үйл ажиллагаанд хуулийн хүрээнд зохистой хяналт тавих явдал юм. Хяналтын механизм нь парламентын намуудын аль алиных нь үйл ажиллагааны салшгүй хэсэг байдаг. Гэхдээ энэ нь их төлөв парламентын цөөнхийн намуудын үндсэн үүрэг байдаг билээ. Хэдий тийм боловч парламентын сөрөг намуудын хянах үүргээс гуравдагч хүчний хянах үйл ажиллагаа нь өөрийн өвөрмөц онцлогтой. Тухайлбал, энэ нь хууль тогтоох засаглалын хүрээнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг эрх баригч болон эрх барилцагч сөрөг улс төрийн томоохон хүчнүүдийн аль алиных нь үйл ажиллагааг давхар хянаж байдагтай холбоотой юм. Ингэж хянаснаараа гуравдагч хүчин нь улс төрийн томоохон намуудын үйл ажиллагааны хэвийн тогтвортой нөхцөлийг хангаж, парламентын хүрээнд шударга ёс, ардчиллын хэм хзмжээ бодитой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Гуравдагч хүчний хянах үүрэг нь тэнцвэржүүлэх үүргийн нэг адил улс төрийн онцгой шаардлагатай үед тод илэрдэг. Хянах үүргийг хардаж сэрдэх, тагнан мөрдөх, гуйвуулан гүтгэх, хуйвалдах зэрэгтэй адилтган үзэж болохгүй. Харин энэ нь хууль дээдлэх, шударга ёсны зарчмын дагуу улс төрийн амьдралын хүрээнд оршиж байгаа зүй бус үзэгдлийг байгаа байдлаар нь ил тодорхой уудлан илрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны маш чухал механизм юм.
Өнөө үед монголд улс төрийн хүчнүүдийн бие биендээ тавих зохистой хяналт үнэхээр хэрэгтэй байна. Хяналтгүй нийгэмд хууль ёс завхарах, шударга ёс алдагдах бүх нөхцөл бүрдмэл байдаг. Манайд парламентад ч, түүний олонхи болон цөөнхид ч, хувь улс төрчид ч тавих хяналтын механизм үндсэндээ байхгүй байна. Үүний уршгаар мэдсээр байж хууль зөрчих, шударга бус явдлыг хайцайлан хамгаалах, улс орны эд баялаг, мөнгө, санхүүг цөлмөн хоослох, дураар дургих, хуйвалдан завших, намчирхан талцах, намын явцуу эрх ашгийн үүднээс аливаа асуудалд хандах зохисгүй байдал газар аваад байна. Ийм нөхцөлд үр нөлөөтэй, хууль ёсны шударга хяналт тэр дундаа гуравдагч хүчний ил тод хяналт үнэхээр үгүйлэгдэж байна.
Улс төрийн гуравдагч хүчин зөвхөн хянах биш, шударга бус үйл ажиллагааны илрэл бүхнийг зоригтой илчлэн шүумжлэх нь тэдний үйл ажиллагааны нэг үндсэн үүрэг мөн билээ. Тэгэхдээ шүүмжлэлийн зэрэгцээ өөрийн бодлого, үйл ажиллагааны бодит илэрхийлэл болох шийдвэр, шийдлийн альтернатив хувилбарыг нийгэмд санал болгох нь бүр ч чухал юм. Гуравдагч хүчний шүүмжлэх үүрэг нь зөвхөн шүүмжлэх гэж л шүүмжлэх биш, харин бодитой баримттай асуудлыг гарган тавьж, хурц дайчин шүүмжлэх, тэдгээрийг зохистой шийдвэрлэх боломжит арга замыг мөн давхар дэвшүүлэн тавьсанаар илэрч байдаг. Шүүмжлэл нь бусдын нэр хүндийг зориуд унагахад чиглэгдсэн зохиомол, хийсвэр иш үндэсгүй шүүмжлэл байх ёсгүй. Харин энэ нь улс төрийн бусад хүчнүүдэд санаа өгөх тэднийг дутагдлаа засахад түлхэх, үйл ажиллагаагаа зөв гольдрил чиглэлд оруулахад нь тус дөхөм болох ажил хэрэгч, үр нөлөөтэй байх учиртай юм.
Улс төрийн амьдралын хэвийн тогтвортой нөхцөлийг хангахад улс төрийн хүчнүүдийн аль аль нь чухал үүрэг хүлээдэг. Тэгэхдээ үүнд гуравдагч хүчний хариуцлага маш их байдаг. Гуравдагч хүчний энэ үүрэг нь парламентын хэлэлцүүлэгийн явцад зөв үндэстэй байр суурийг цагийг нь олж дэмжих, бодит бус хандлагыг шийдвэртэй няцаах, ямар ч нөхцөлд аль болох эвлэрэл зохицлын аргыг илүүтэйд үзэх, улс орны язгуур эрх ашгийг ямагт бодолцон шаардлагатай үед улс төрийн байр сууриа эргэж харах зориг зүрхтэй байх, шийдмэг байх, аливаа асуудалд хүлээцтэй, буйр суурьтай хандах зэргээр илэрдэг. Тэрчлэн нэгэнт үүссэн болон үүсч болох улс төрийн эгзэгтэй нөхцөлийг урьдаас угтан харж, цаг үеийн тухайн онцлогт нийцсэн уян хатан байр суурь баримтлах, улс төрийн өндөр соёл мэдрэмжтэй байхыг шаарддаг.
Төлөвшүүлэх арга зам
Улс төрийн хүчнүүдийн төлөвшилт нь амар хялбар бус, цаг хугацаа шаардсан нарийн төвөгтэй үйл явц байдаг. Гэвч тэдгээрийн төлөвшилтийн үйл явцад эерэгээр нөлөөлөх улс төрийн арга боломжийг цаг алдалгүй эрэн сүвэгчлэх нь эл үйл явцыг түргэтгэхэд чухал түлхэц болдог. Монголд улс төрийн гуравдагч хүчний нөлөө оролцоог өсгөх хэрэгцээтэй уялдаж түүнийг бүрдүүлэн төлөвшүүлэх зохистой арга механизмыг идэвхтэй илрүүлж ашиглах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Гуравдагч хүчнийг бүрдүүлэх үйл явцад түлхэц болох улс төрийн хүчин зүйлийн механизм нь олон талтай боловч өнөөгийн цаг үеийн онцлогтой уялдсан дараахь арга замыг юуны өмнө онцлон үзэх нь чухал юм. Энэ нь нэгдүгээрт парламентын гаднах намууд бие биетэйгээ ойртон улс төрийн хүчтэй эвслийг бүрдүүлэх явдал юм. Ингэх нь тус орны олон жижиг намуудыг цөөрүүлж, нийгэм дэх ашиг сонирхолын ялгарлын үйл явцыг зөв гольдролд нь оруулан нам хүчнүүдийн төлөвшилтийн үйл явцыг түргэтгэн, Монголд олон намын ардчилсан тогтолцооны баттай үндсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. УИХ-ын удаа дараагийн сонгуульд манай ихэнх намууд тус тусдаа бие даан оролцсон нь тэдний хувьд хүссэн үр дүнг өгөөгүй билээ. Иймд парламентад орж ажиллаж чадаагүй “жижиг” намууд нэн даруй үйл ажиллагаагаа уялдуулан Монголын улс төрийн амьдралд нөлөө үзүүлэхүйц хүчтэй гуравдагч хүчний эвслийн цөмийг бүрдүүлэх нь чухал байна. Энэ үйл явцад парламентад суудал бүхий зарим улс төрийн намуудын (ИЗН, БНН, ҮШН, Ард түмний нам, Эх орон нам) болон парламентын гадна байгаа МУНН бусад намуудын санаачлага, идэвх оролцоо чухал байна. Сүүлийн үед МУНН болон бусад намууд сонгуулиас хойш хамтран ажиллах шаардлагыг тодорхой хэмжээгээр мэдрэн энэ чиглэлээр зарим нэг алхамыг санаачлан хэрэгжүүлж буй нь сайшаалтай. Гэвч энэ үйл явцын эрчим шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Мэдээжээр энд бодитой бэрхшээл асуудал байсаар байх нь ойлгомжтой. Тухайлбал, нам тус бүрийн удирдлагын амбиц, сонирхол үүнд гол саад учруулдаг. Ялангуяа, эвслийн намуудын хүрээнд нэр дэвшүүлэх квот, тойрог болон суудал хувиарлах зарчим, нам тус бүрт оногдох тойрог, мандатын тоо, эвслийн хүрээн дэх эрх мэдэл хувиарлах үйл явцтай холбогдон гол зөрчлүүд гарч ирдэг. Тэгэхдээ дээр дурьдсан бэрхшээлийг улс орны язгуур эрх ашгийн хэмжүүрээр авч үзэж хойш тавих нь туйлын чухал юм.
Харин Монголд өнөөдөр гуравдагч хүчний эвслийг бүрдүүлэхэд намуудын үзэл бодлын ялгаа зөрөө төдий л саад болохгүй. Учир нь одоогоор манай парламентын гаднах хүчнүүдийн хувьд үзэл бодлын тодорхой ялгарал тэр бүр харагдахгүй байгаа юм. Ийм нөхцөлд намууд хамтран ажиллах боломжит хувилбаруудыг бодитой харгалзан хамтран ажиллах нь чухал байна. Ингэхдээ эвслийн намуудын хамтын ажиллагааны гэрээний заалт, нөхцөлүүд тодорхой байхын зэрэгцээ нам тус бүрт хүлээлгэх үүрэг, хариуцлага, үүсч болох онцгой нөхцөл, бэрхшээл, асуудал тэдгээрийг даван туулах бүх боломжийг гэрээнд хоёрдмол байдалгүйгээр нарийн тусган тооцох учиртай юм.
Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцооны сонголтоос улс төрийн гуравдагч хүчний эвслийн үүсэл бүрдэлтийн үйл явц ихээхэн хамааралтай юм. Сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудын улс төрийн намын системийн төлөвшилтөнд үзүүлэх нөлөөллийн шинж харилцан адилгүй байдаг. Тухайлбал, одоо манайд үйлчилж байгаа сонгуулийн мажоритар хэлбэр нь нийгмийн амьдрал дахь намын хүчин зүйлийг үгүйсгэдгүй боловч нөлөө бүхий гол зонхилогч томоохон намуудын парламентад орох боломжийг хангаж бусад жижгэвтэр намуудын үйл ажиллагааг ямар нэг хэмжээгээр хязгаарладаг утгаараа хоёр намын тогголцоог бүрдүүлэх чиглэлд гол төлөв үйлчилдэг. Сонгуулийн энэ хэлбэрийг манайх бараг бүх хувилбараар нь туршиж үзлээ. Одоо харин сонгуулийн хувь тэнцүүлэх буюу пропорционал хэлбэрийг авч хэрэглэвэл гуравдагч хүчний намуудад хамтран ажиллаж, үзэл бодлоо парламентын хүрээнд хэрэгжүүлэх бололцоо бодитой бий болох талтай юм. Гэхдээ пропорционал хэлбэр нь улс төрийн намуудад ихээхэн хариуцлага ногдуулж, тэдний хүрээнд шалгарлын үйл явцыг эрчимжүүлдэг болохоор жижиг намуудын эвсэн ажиллах шаардлагыг сулруулдаггүй. Харин ч тэдгээрийн хамтран ажиллаж, зохион байгуулалтын нэгдмэл бүтцэд орох хэрэгцээг нэмэгдүүлж байдаг. Харин энэ тохиолдолд намууд хариуцлагаа ухамсарлан жинхэнэ ёсоор төлөвших чиглэлд асар их зүйл хийх шаардлага гарах нь зүйн хэрэг юм. Сонгуулийн хувь тэнцүүлэх хэлбэр хэрвээ үйлчилж эхэлбэл хиймэл, хийсвэр намуудад орших орон зай аяндаа үгүй болох бизээ. Гэхдээ сонгуулийн пропорционал хэлбэрт дутагдал байдаг. Намуудын нэр дэвшигчидийн хүрээнд санамсаргүй сонголт нэмэгдэх, бүх зүйлийг мөнгөөр хэмжих, олон жижиг намууд үүсч, парламентын тогтвортой байдлыг алдагдуулах, улс төрийн хямрал гарах магадлал нэмэгдэх зэрэг сөрөг байдлууд бий болж болох талтай. Гэсэн хэдий боловч энэ бүх дутагдлыг урьдчилан нарийн тооцон үзэж тэдгээрийг даван туулах арга механизмыг эрх зүйн болон улс төрийн түвшинд сайтар суулгаж өгч чадвал дээрх бэрхшээлийг арилгаж болох боломж бүрэн бий юм. Энд гол нь парламентад орж ирэх намуудын хууль ёсны босгыг улс орны онцлогт нийцүүлэн зөв бодитой тогтоож өгөх асуудал хамгийн чухал юм.
Гуравдугаарт, гуравдагч хүчнийг төлөвшүүлэх нэг үндсэн арга зам нь эвслийн намууд үзэл бодол, үйл ажиллагаагаа тодорхой болгож түүнийгээ олон түмэнд өргөн сурталчлах явдал юм. Гуравдагч хүчний намууд нэгэнт өөрсдийн эвслийг бүрдүүлж чадвал цаашид тэдний хувьд үзэл бодол, зорилго чиглэлээ тодорхой болгож, энэ талаар бодитой сонголт хийх түүнийгээ олон түмэнд түгээж сурталчлах, ойлгуулан гэгээрүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирнэ. Намуудын төлөвшилтийн өнөөгийн шинж байдлаас үзэхэд гуравдагч хүчний намуудын баримтлах үзэл хандлага одоогоор тодорхой биш бүдэг байгаа юм. Гэхдээ цаашдаа тэдгээр намууд улс төрийн консерватив үзлийг үндэсний, эх оронч үзлийн суурин дээр идээшүүлэн хэлбэршүүлж түүнийгээ тойрч төлөвших хандлага ажиглагддаг юм. Үндэсний үзэлд тулгуурласан консерватив үзэл нь ерөнхийдөө улс төрийн үзэл бодлын баруун чиглэлд хамаарах боловч манай нөхцөлд энэ үзэл нь улс төрийн төвч, прагматик байр суурьтай намуудын үзэл баримтлал болж, хэрэгжих магадлал өндөр юм.