Д.Болд-Эрдэнэ
/Улс төр судлаач, доктор/
Шинэ толь №43, 2003
Түлхүүр үг: Шилжилийн үе, Ардчиллын үнэт зүйл, Ардчиллын төлөвшил, Үндэсний менталитет, Улс төрийн эрх чөлөө
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Улс төрийн шинжлэх ухааны ойлголтын аппаратын системд “улс төрийн орчин” хэмээх нэр томъёо онцгой байр суурь эзэлдэг. Энэ нь эл ойлголтын агуулгын багтаамж, логик онцлог, улс төрийн бодит үзэгдэл, үйл явцтай, түүний холбогдон уялдах шинж байдлаар нөхцөлдөж байна. Улс төрийн орчны асуудал нь энгийн ухамсарын түвшинд хэн бүхэнд ойлгомжтой тодорхой асуудал мэт боловч онолын хувьд энэ нь үлэмжхэн нарийн төвөгтэй асуудал болох нь илэрхий юм.
Судлаачид улс төрийн орчны асуудлыг үзэл, үнэлэмжийн олон янзын хандлагаар авч үзсэн байдаг бөгөөд тэдгээрийг ерөнхий агуулгаар нь хэв маягчлан үзвэл: систем-бүтцийн, улс төрийн гүн ухааны, институтцын, үүрэг-үйл ажиллагааны буюу функционал хандлага, нөхцөл байдлын онол гэх мэтээр ялган тодруулж болохоор байдаг юм. Тухайлбал, судлаачдын нэг хэсэг нь асуудалд их төлөв улс төрийн ахуйн бүхий л үзэгдлүүдийг өөртөө багтаасан улс төрийн орон зайн хэлбэр хэмээн улс төрийн гүн ухааны талаас нь тайлбарладаг[1] бол нөгөө хэсэг нь функционал хандлагын үүднээс улс төрийн тодорхой субъектын үйл ажиллагаа, үйл явцаар дамжин илрэх улс төрийн өөрчлөлт, хөгжлийн цогцолбор илэрхийлэл гэж үзсэн байдаг[2]. Тэгвэл гуравдагч хэсэг нь улс төрийн тогтолцоо, дэглэм, тодорхой институт, байгууллага, субъектыг агууламждаа багтаасан улс төрийн амьдрал, бодит байдал, түүний статик болон динамик шинжийн цогцлол гэж баталдаг[3]. Үүнээс гадна улс төрийн орчинг улс төрийн тодорхой бодит нөхцөл байдалтай адилтгах хандлага ч байдаг юм[4]. Эндээс үзвэл улс төрийн орчны асуудал нь өнөө хэр судлаачдын маргааны төвд оршиж, агуулгын хувьд нэг мөр цэгцтэй томъёологдож амжаагүй нь харагдаж байна. Онолын хувьд маргаантай, агуулгын багтаамжийн хувьд олон талтай энэ асуудлыг бүрэн гүйцэд тодорхойлон томъёолоход түвэгтэй боловч Түүний өөрийнх нь үндсэн шинж, онцлогийн өвөрмөц талыг нь харгалзан үзэх үндсэн дээр улс төрийн орчин гэдэг нь улс терийн субъектуудын үйл ажиллагаагаа нөхцөлдсөн улс төрийн ахуйн үзэгдэл, үйл явцын илрэн хэрэгжих тодорхой орон зайн хэлбэр, улс төрийн цогц хүчин зүйлсийн үйлчлэн орших өвөрмөц хүрээ юм хэмээн тодорхойлж болох байна. Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн орчинг хэв маягийн хийгээд хэлбэрийн хувьд нь тодорхой ялган заагласан байдаг. Улс төрийн ном зохиолд түүнийг хэв маягаар нь ардчилсан ба ардчилсан бус, нээлттэй ба хаалттай, хөгжмөл ба хөгжмөл бус, тогтвортой ба тогтворгүй гэх зэргээр ангилдаг бол хэлбэрээр нь улс төрийн институт, байгууллагын, улс төрийн ухамсар, оюун санааны, улс төрийн соёлын болон эрх зүйн, улс төрийн үйл байдлын орчин гэх мэтээр ялган үздэг байна.
Онолын дээрх ерөнхий санаанд тулгуурлан Монголын өнөөгийн улс төрийн орчны төлөвшилтийн төлөв байдал, шинж, онцлог, хэв маяг, хэлбэрийн асуудлыг тодруулан үзэх нь сонирхолтой юм. Монголд өнгөрсөн зууны 90-ээд оны эхэн үеэс улс төрийн ардчилсан орчны бүтцийн суурь үндэс тавигдаж, тэр хүрээнд улс төрийн субъект, байгууллагуудын үйл ажиллагаа, үнэлэмжийн ардчилсан үнэт зүйлс хэлбэршин төлөвших болсон билээ. Манай судлаачид Монголын өнөөгийн улс төрийн орчинг үндсэнд нь ардчилсан хэв маягийн хүрээнд хамруулан үзэх тал дээр төдийлөн санал зөрдөггүй боловч улс төрийн энэхүү орчны хүрээнд бодитой үйлчлэх учиртай ардчиллын тулгуур үнэт зүйлсийн хэрэгжих үйл явцын шинж байдал, түвшин, тохиолдож байгаа бэрхшээл, асуудлын тухайд тэдний дотор өнөө хэр санал зөрөөтэй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Монголын улс төрийн орчны төлөвшилтийн хүрээнд улс төрийн орчны хэв шинжийн асуудал чухал байр суурь эзэлдэг. Хэдийгээр манай өнөөгийн улс төрийн орчинг ардчилсан хэв маягт багтаан үзэх үндэстэй боловч түүний шинж байдлыг судлаачид “шилжилтийн”, “завсрын,“хөгжмөл бус”, “харьцангуй төлөвшсөн”, “үндсэндээ төлөвшсөн” гэх мэт янз бүрийн нэр томъёо, үзэл, байр суурийн үүднээс хандаж байгаа юм. “Шилжилтийн үе” хэмээх нэр томъёог улс төрийн орчны төлөвшилтийн үйл явцтай холбогдуулан хэрэглэх эсэх тухайд судлаачдын байр суурь нэг нэгдмэл болоогүй байна. Сүүлийн үед судлаачдын нэг хэсэг нь өнөөгийн улс төрийн орчинг шилжилтийн орчин гэж үзэхээс татгалзахыг санал болгож байна. Тэд энэ байр сууриа илэрхийлэхдээ Монголд улс төрийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих шилжилтийн үйл явц 90-ээд оны эхэн үеэс эхлээд шинэ үндсэн хууль батлагдаж, ардчилсан эрх зүйн зохицуулалтын суурь тавигдан түүний дагуу ардчилсан институт, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндэс бүрдэж бий болсноор энэ үйл явц үндсэндээ дуусгавар болж, улс төрийн ардчилсан орчны төлөвшилтийн жинхэнэ бодитой үйл явц эхэлсэн гэдгийг иш үндэс болгож байгаа юм. Энэ байр суурийн хувьд дэмжүүштэй, анхааран харгалзах зүйл бий боловч эргэн нягталж, засаж залруулбал зохих зарим зүйл байгаа юм. Тухайлбал, энэ нь нэгд, шинэ ардчилсан тогтолцооны үндэс суурь тавигдах үйл явцыг цаг хугацааны хувьд арай наагуур, үйлчлэн хэрэгжих харьцангуй богино хугацааг хамруулан тооцон үзсэн, хоёрт, шилжилтийн үеийг улс төрийн орчны төлөвшилтийн бүхэл үйл явцын салшгүй бүрдэл хэсэг гэж үзэхээсээ илүү тэдгээрийн хооронд цаг хугацааны нарийн зааг тогтоосон, гуравт, шилжилтийн үе, түүний дуусгавар болох үйл явцын шалгуур шинжийн агууламжийг арай явцуу утгаар авч үзсэн, дөрөвт, Монголын өнөөгийн улс төрийн орчны төлөвшилтийн үйл явцын үндсэн параметруудыг бүрэн дүүрэн харгалзан тооцож үзээгүй зэргээр илэрч байгаа юм.
“Шилжилтийн үе” хэмээх нэр томъёог улс төрийн ном зохиолд шинэ зүйлийн тулгуур үндэс бүрдэх, ардчилсан улс төрийн байгууламж хийгээд ардчилсан үнэт зүйлс, үзэл, үнэлэмжийн хэлбэршин зүгшрэх бүхэл үйл явцын үргэлжлэн хэрэгжих зурвас үеийг тэмдэглэсэн ойлголт гэдэг утгаар өргөн хэрэглэдэг. Ямар боловч манай өнөөгийн улс төрийн орчныг шинж чанарын хувьд нь “шилжилтийн”, завсрын” ер нь ямраар ч тодорхойллоо гэсэн түүнийг төлөвшиж гүйцээгүй орчин гэдэг дээр манай судлаачид санал нэг их зөрөхгүй байх гэж бодож байна. Үүнийг бодитой авч үзэх үүднээс хэд хэдэн цогц шалгуур үзүүлэлтийн системийг энд санал болгож болохоор байна. Энэ нь нэгдүгээрт, улс төрийн орчны зохион байгуулалтын бүтцийн шалгуур үзүүлэлт, хоёрдугаарт, улс төрийн орчны бүрдэл хэсгүүдийн харилцан хамаарал, үүрэг-үйл ажиллагааны төлөвшилтийн шалгуур үзүүлэлт, гуравдугаарт, улс төрийн орчны тодорхой үзэгдлүүдийг зохицуулах хэм хэм тохицуулалтын шалгуур үзүүлэлт, Дөрөвдүгээрт төрийн ухамсар. vзэл үнэлэмжийн орчны шалгуур үзүүлэлтийн систем юм. Энэхүү шалгуур үзүүлэлтийн системийн дагуу Монголын улс төрийн орчны төлөвшил өнөөгийн шинж төлөвийг тодорхой байдлаар шинжлэн үзэх бололцтой. Гэвч асуудлыг зөвхөн нэгээхэн илтгэлийн хүрээнд бүрэн гүйцэд, цэгцтэй гаргаж тавих боломж үнэндээ байхгүй. Тийм болохоор энэ удаа асуудлын зөвхөн зарим талыг цухас авч үзэхээр хязгаарлаж байна.
тавих боломж үнэндээ
Монголын өнөөгийн улс төрийн орчин нь хэв шинжийн хувьд өөрчлөлтийн эхэн үеийн төлөвшиж гvйцээгүй хөгжмөл биш байдлаас хөгжмөл, боловсронгуй төлөв байдалд аажмаар шилжих үеийн завсрын өвөрмөц хэв шинжид хамаарч байна. Нэг үгээр хэлбэр өөрчлөлтийн боловсорч гүйцээгүй тодорхой шинжүүдийг өөртөө агуулсан төлөвшилтийн эхэн үеийн төвөгтэй шатандаа явж буй ардчилсан хэв маяг бүхий орчин юм. Төлөвшиж гүйцээгүй гэдгийн гол утга учир нь өнөөгийн монголын улс төрийн орчинг ерөөсөө огт төлөвшиж амжаагүй гэх юмуу эсхүл бүрэн төгс төлөвшсөн гэдгийн аль алинаар нь ойлгон баримжаалах аргагүй байгаа түүний заримдаг шинжүүдээр нөхцөлдөж байна. Асуудалд ингэж хандах болсон нь дараахь хэд хэдэн бодит үндэс, учир шалтгаантай холбоотой юм.
Энэ нь нэгдүгээрт, манайд улс төрийн ардчилсан орчны зохион байгуулалтын бүтцийн үндэс нэгэнтээ бүрдэж бий болсон боловч тэдгээрийн цаашдын зүгшрэн, хэлбэршиж, дасан зохицох үйл явц харьцангуй удаан байгаа юм. Үүнтэй холбогдуулан засаглалын хэлбэрийн нийцэн зохицох шинж байдал, парламентын улс төрийн орчин, түүний хүрээнд бүрэлдэж бий болсон олонхи, цөөнхийн харьцаа, тэдгээрийг дагаж гарч ирсэн зохион байгуулалтын бүтцийн хэлбэр, намын системийн өнөөгийн шинж байдал зэргийг дурьдаж болхоор байна, хоёрдугаарт, улс төрийн ардчилсан орчны бүрдэл хэсгүүдийн хоорондын харилцаа, харилцан үйлчлэл, тэдгээрийн үүрэг, үйл ажиллагааны шинж байдлаас үзвэл өнөөгийн улс төрийн орчинг төлөвшиж гүйцсэн орчин гэж батлахад арай учир дутагдалтай байна. Төрийн засаглалын институциудын хоорондын функционал харилцан хамаарал, эрх үүргийн хуваарилалт, эрх мэдлийн харилцан тэнцвэржилт, бие биеийнхээ үйл ажиллагаанд тавих хяналтын зохистой механизм өнөө хэр бодитой зүгширч амжаагүй л байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулиараа парламентдаа хэтэрхий эрх мэдэл өгч, түүний үйл ажиллагаанд засаглалын бусад субъектийн зүгээс тавих хяналтыг хязгаарласан нь төрийн засаглалын эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлэх ардчилсан онол, зарчимтай төдийлөн авцалдаж өгөхгүй байна. Өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг хянах үндсэн механизм болж үйлчлэх учиртай Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр нь хяналтын хүчтэй механизмын үүргээ бүрэн хангаж чадахгүй байна. Олон түмэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслэлийн зүгээс ч парламент, засгийн газрын үйл ажиллагааг бодитой хянах боломж өнөө хэр байхгүй байгаа юм. Шүүх засаглалын үйл ажиллагаанд ч шударга ёс алдагдах, хээл хахуульд автагдах, жирийн олон түмний эрх ашгийг хохироох эрүүл биш үзэгдэл нийтлэг байсаар байна. Гуравдугаарт, өнгөрсөн хугацаанд улс төрийн орчны үзэгдлүүдийг зохицуулах эрх зүйн зохицуулалтын механизмын суурь үндэс тавигдсан боловч, түүний зохицуулалтын чадамж нь цаг үеийн өөрчлөлтөөр нөхцөлдсөн тодорхой асуудал бэрхшээлийг бүрэн гүйцэд зохицуулах амьдралын шаардлагын түвшинд тэр бүр хүрэхгүй байгаа юм. Тухайлбал, өнөө хүртэл Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тойрсон маргаан судлаачдын дотор үргэлжилсээр байгаа нь нийгмийн харилцааг зохицуулах энэхүү суурь хуулийн хүрээнд төгөлдөржүүлэн сайжруулах, тодотгон засамжлах зүйл багагүй байгааг харуулж байна. Үндсэн хуулиас салбарласан тусгай хуулиудын хүрээнд ч ийм шаардлага байсаар байна. Үүнтэй холбогдуулан намуудын тухай хуулийг дурьдаж болох юм. 1990 онд батлагдсан энэ хуулийн олон намт үзэгдлийн хүрээнд үүссэн чухал шинэлэг асуудлыг гүйцэд зохицуулах чадамж нь үнэхээр суларсан байна. Шуудхан хэлэхэд энэ нь Монголын улс төрийн намуудын хооронд үүссэн харилцааг үр ашигтай зохицуулах эрх зүйн механизм гэхээсээ илүү тус оронд хиймэл олон намуудыг бий болгох чиглэлд тус хүргэсэн эрх зүйн акт болж хувирсан нь нууц биш юм. Дөрөвдүгээрт, манай өнөөгийн улс төрийн оюун санаа, ухамсар, үнэлэмжийн орчин ч гүйцэд төлөвших болоогүй байна. Өнөөдөр нийгмийн давхраажилтийн үйл явцыг дагалдан гарах учиртай олон түмний улс төрийн ухамсар, үзэл, үнэлэмж, байр с ялгарлын процесс харьцангуй удаан явагдаж байна нийгмийн улс төрийн сонголт, соёлын төлөвшилтийн байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй намуудын төлөөллийн үзэл санааны ялгарлын үйл явцыг сааруулж тэдний үзэл баримтлалын төлөвшилтийг удаашруулан ингэснээрээ намуудын түших естой нийгмийн хэсэг, бүлгийн ялгарлын үйл явцыг зогсонги оруулахад хүргэж байна.
Үүнтэй уялдан Монголын улс төрийн орчны хэв маягийн өөрчлөлтийн асуудал үүдэн гарч ирж байна. Манай өнөөгийн улс төрийн орчны хөгжмөл биш, төлөвшиж гүйцээгүй, заримдаг шинжүүд нь тодорхой тохиолдолд улс төрийн орчны нэгэнт бүрэлдэж бий болсон нийтлэг ардчилсан үнэт зүйлсийг бүдгэрүүлэх хүчин зүйлс болж байна гэж судлаачдын зарим хэсэг нь үзэж байгаа юм. Энэ байр суурьтай уялдуулан гарган тавьж буй зарим үндэслэл дүгнэлтэнд тал өгч болох боловч бүхэлдээ Монголын улс төрийн өнөөгийн орчин нь дээр дурьдсан нөхцөл байдлын улмаас ерөнхий ардчилсан шинжээ түргэн хугагацаанд гээж улмаар ардчилсан хэв маягаасаа түүний эсрэг хэлбэр болсон тоталитар, коммунист хэв маягт шилжчинэ гэж үзэх нь арай эртэдсэн дүгнэлт болох юм гэж судлаачдийн хувиар үзэж байна. Учир нь ингэж шилжих боломж нь хүчний албан ёсоор дэвшүүлэн тавьж байгаа үзэл, үйл ажиллагааны хөтөлбөр, нийгмийн ардчилсан эрх зүйн бүрдэлтийн өнөөгийн шинж байдал, олон түмний улс төрийн ухамсар, үнэлэмжийн төлөв хандлага, дэлхийн гадаад улс төрийн орчны өнөөгийн шинж байдлын улмаас хэрэгжих магадлал муутай юм. Эндээс үзвэл Монгол орны хувьд ардчиллын үйл явц эргэлт буцалтгүй шинжтэй гэдэгт эргэлзэх хэрэггүй юм.
Гэвч нийгмийн улс төрийн амьдралын хүрээнд үүсэн бүрэлдсэн тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор улс төрийн ардчилсан орчны нөлөөллийн зарим тулгуур шинжүүд бүрэн гүйцэд үйлчлэхгүй, зарим талаараа санаатай, санамсаргүй алин боловч ардчиллын үнэт зарчмаасаа ухрах алхамууд хийгдэж болохыг үгүйсгэх аргагүй юм. Үүнтэй уялдан манай судлаачдын нэг хэсэг нь Монголд хаалттай улс төрийн орчны зарим сонгодог шинжүүд хэдийнээ бүрэлдэн бий болчихоод энэ нь олон түмний нүдэн дээр илтэд тодорхой ажиглагдах боллоо гэж үзэж байна. Тэд энэ байр сууриа илэрхийлэхдээ: нэгд, хүний улс төрийн эрхийн наад захын хэм хэмжээнүүд бүдүүлгээр зөрчигдөн, үг хэлэх, хэвлэн нийтлэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан хийх зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан зарим тодорхой эрхүүд илтэд хөсөрдөх болсон, хоёрт, хүнийг улс төрийн үзэл бодол, байр сууриар нь ялгаварлан улмаар хавчин гадуурхаж, хэлмэгдүүлэх байдал газар авах болсон, гуравт, хэвлэл мэдээллийн эрх чөлөө хумигдаж, мэдээллийн үнэн магадтай байдал алдагдан, олон түмэн үнэн мэдээллээр цангаж, мэдээллийн зөрчилт шинж хэмээс хэтэрсэн, сэтгүүлчид хэвлэн нийтэлснийхээ төлөө хавчин гадуурхагдаж, хэлмэгдэн зовох болсон, дөрөвт, төрийн томоохон албан тушаалтнууд олон түмнээс тасарч, тэдний өдүүлсэн зарим шударга биш ноцтой хэргүүд үнэн, худал нь мэдэгдэхгүй байдлаар замхарч, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх тухай Үндсэн хуулийн язгуур зарчим зөрчигдөх болсон, тавд, парламент дахь цөөнхийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа бэрхшээл, дарамт, шахалт, цөөнхийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хомсдол зэрэг тодорхой нөхцөл, хүчин зүйлийг иш үндэс болгож байгаа юм. Энэ бүхнээс дүгнэлт хийж үзвээс Монголд улс төрийн хаалттай орчны сонгодог шинжүүд бүрэн утгаараа илэрхийлээгүй ч түүний зарим гол шинжийн бүрдэл элемент ямар нэг байдлаар тодрох болсоныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Монголын улс төрийн орчны төлөвшилтийн хүрээнд тавигдаж байгаа бас нэг чухал асуудал нь өнөөгийн улс төрийн орчны тогтвортой ба тогтворгүй шинжийн асуудал юм. Манай судлаачдын нэг хэсэг нь тус оронд улс төрийн бүрэн тогтвортой байдлын үндэс суурь бодитой үйлчилж байна хэмээн үзэж байхад, нөгөө хэсэг нь улс төрийн тогтвортой байдал зөвхөн хэлбэрийн хувьд л байгаа болохоос биш агуулгын хувьд тогтвортой байдал бус харин ч тогтворгүй байдлын далд хүчин зүйлс оршин үйлчилж байна гэж үзэж байна. Улс төрийн орчинг тогтвортой гэж үздэг судлаачид өөрсдийн үндэслэлээ гаргаж тавихдаа өнөөдөр засаглалын хүрээнд санаа бодол нэгтэй нэг намынхан байгаа нөхцөлд төрийн үйл ажиллагаанд хийдэл гарч, төрийн хямралын үндэс бараг байхгүй болдог. Ийм тохиолдолд бүрэн ойлголцсон байдал улс төрд ноёрхож, улс төрийн зөвшилцлийн бодит үндсүүд хангалттай үйлчлэх учиртай гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тэгвэл
тогтворгүй гэж үзэж байгаа судлаачид улс төрийн тогтвортой байдлын гол шалгуур нь засаглалын эрх мэдэл нэг улс төрийн хүчнийхэнд байгаагаар хангалттай илэрхийлэгдэхгүй ,харин энэ нь парламентын хүрээн дэх улс төрийн хүчний зохистой харьцаа, олонхи цөөнхийн зөвшилцөн ойлголцсон байдлын түвшин, улс төрийн олон хүчний үзэл байр суурийн эрүүл саруул мэтгэлцээн, санаа бодлын плюраль үнэлэмж, шийдлийн олон хувилбарт тулгуурласан прагматик хандлага зэрэг улс төрийн цогц хүчин зүйлс дээр тодорхойлогддог гэж үзэж байна. Засаглалын хүрээн дэх нэг улс төрийн хүчний давамгайлал нь нийгэмд хуурмаглал хуйвалдааны магадлалыг л нэмэгдүүлдэг. Энэ нь жинхэн тогтвортой байдал биш гэж тэд бас батлаж байгаа юм.
Эндээс үзвэл улс төрийн тогтвортой байдал нь улс төрийн амьдралын нарийн нийлмэл олон цогцолбор шинжээр тодорхойлогдох бөгөөд түүний жинхэнэ бодитой баталгаа нь улс төрийн хүчний зөв зохистой харьцаа, тэдгээрийн хүрээн дэх харилцан ойлголцсон, зөвшилцлийн эрүүл саруул уур амьсгал юм. Үзэл, шийдлийн зөвхөн нэг хандлага нь эсрэг этгээдийнхээ хариу эсэргүүцэлтэй зайлшгүй тулгардаг. Харин олон байр суурийг харгалзан гаргасан шийдлийн прагматик хувилбар нь улс төрийн жинхэнэ тогтвортой байдлын үндэс суурь болдог байна.
[1] “А.С.Панарин. Философия политики, М., 1994
[2] В.В.Ильин. Политология. М., 2000.
[3] М.Н.Марченко. Политология. М., 1999.
[4] Г.А.Белов. Политология. М., 1998.