Д. Ганхуяг
/Социологич, УИХ-ын Судалгааны төвийн захирал/
Шинэ толь №5, 1994
Түлхүүр үг: стратификац, престит, дюркгеймийн функц , динамик , хөдөлмөрийн сэхээтэн
Бидний хувьд судлах гээд мөнгө бололцоо олдодгүй ийм асуудлаар семинар зохион байгуулж буй УТБА-д талархлаа илэрхийлье.
Нийгмийн социал бүлгийн ялгарлын тухай ярихын тулд нийгмийн бүтцийг бүхэлд нь авч үзэх шаардлага байдаг. Саяхан болтол бид нийгмийн бүтцийг ажилчин анги, хоршоолсон ард болон хөдөлмөрийн сэхээтэн гэж тун хялбархан авч үзэж байсан. Эхний хоёр нь анги, нөгөөдөх нь энэ хоёртойгоо ган бат нэгдэлтэй давхарга гэдгийг Үндсэн хуулиндаа баталчихсан байсан билээ.
Үнэн хэрэг дээрээ нийгмийн дотор янз бүрийн бүлэг, страт оршин байсныг мэддэг мөртлөө улс төрийн нөхцөл шалтгаанаас нийгмийн бүтэц, стратын ялгарлыг тооцдоггү байжээ.
1987-1988 оноос эхлэн Заславская зэрэг Оросын эрдэмтдийн өгүүллэг гарч эхэлсэн. Нийгэм гэдэг нь гурван хэсгээс бус маш олон ялгаралтай олон хэсгээс бүрддэг. Эдгээрийн хоорондын харилцаанаас улс төр, эдийн засгийн олон үр дагавар гардаг гэдгийг бид ойлгож эхэлсэн.
Урьд нь нийгмийн бүтцийн асуудлыг судалж байгаагүй биш юм. Манайд судалгааны их сайн бүтээлүүд бий. Зохиогчид нь энд сууцгааж байна. Тухайлбал, Философи, социологийн хүрээлэнгийн нийгмийн бүтцийн асуудлаар бичсэн монографи байдаг. Нийгмийн тодорхой ангиудын, жишээ нь ажилчин ангийн нийгмийн дүр төрх, сэхээтний нийгмийн дүр төрх, ажилчин залуучуудын нийгмийн дүр төрх зэрэг гол үндэслэлээс ургуулж гаргасан олон бүтээлүүд байдаг. Өвгөн түүхч Бат-Очир гуайн хоршоолсон ардын бүтцийг судалсан том том бүтээлүүд байдаг. Одоо энэ асуудлууд хуучирсан байна. Гэхдээ энэ асуудлыг эргүүлээд үзэхэд бас ч гэж юм байна. Тухайн үеийн улс төрийн байдалтай холбогдсон арга зүйн явцуу зүйлүүд ч байна. Гэхдээ үүний цаана суурь юм ургуулж үзье гэсэн хүнд энэ нь одоог хүртэл гарын авлага болох шинжтэй юм. Ингээд барууны ганц нэг номыг үзэж байхад нийгмийн бүтцийг судлах явдал үлэмж хөгжсөн байна. Ойлголтын аппарат нь ч биднийхээс шал ондоо байдаг юм байна. Эндээс үзэхэд нийгэм судлаачид нийгмийн бүтцийг судлах явдлыг нийгмийг ойлгох үндсэн гол түлхүүр гэж ойлгодог юм байна. Хэрэглэдэг үндсэн гол ойлголтууд нь бол нийгмийн тэгш биш байдал түүнээс үүсэх страт , стратификаци, анги гэдэг ойлголт юм байна. Нийгмийн дистанци , нийгмийн мобиль хөдөлгөөн гэх мэт ойлголтуудыг тойрсон их том ойлголтын аппарат байдаг. Үүнийг байнга судалж байдаг юм байна. Нийгмийн тэгш бус байдал гэдгийг тодорхойлохдоо хүмүүс мөнгө, эрх мэдэл, нэр хүнд гэх мэт нийгмийн баялагт хүрэх ижил тэгш байдлын нөхцөл гэсэн утгаар ойлгодог юм байна. Стратификац гэдгийг тэгш биш байдал , нэг үеийнхээс бөгөөд уламжлагдан нийгмийн янз бүрийн давхраа үүсгэх аргатай холбогдсон ойлголт гэж үздэг. Анги бол эд баялаг, эрх мэдэлд хүрэх боломж нь адил биш, харилцан адилгүй нэр нөлөө, престиж-тэй нийгмийн бүлгүүд оршин байж, нийгэмд эзэлж байгаа байр суурийнхаа үндсэн дээр улс төрийн нөлөө бүхий бүлэг болох явдалтай холбоотой гэж үздэг байна. Тэгэхээр тэгш биш байдал нь хүй нэгдлийн үеэс, хамгийн бүдүүлэг нийгэмд ч байдаг юм байна. 1970 онд Л.Герхард гэдэг хүн ер нь тэгш байдал нь хөдөө аж ахуйн нийгэмд илүү тод илэрдэг гэж нотолсон байх юм. Израиль , Энэтхэг , Хятадад тэгш байдал түгээмэл байдаг юм байна. Түүнчлэн Америкт нийгмийн баялагийн хуваарилалт сүүлийн хоёр зуун жилд өөрчлөгдөөгүй юм байна.
Тэгш биш байдал стратыг тайлбарладаг олон онол байдаг. Эдгээр дотор Эмиль Дюркгеймийн функциональ онолоор бол аливаа нийгэмд тодорхой нэгэн үйл ажиллагааг нөгөөдүүлээс нь илүү чухал гэж онцолдог учраас нийгмийн ийм ялгарал гардаг гэж үздэг байна. Мөн Тумэний онол байна. (1953 онд гарсан) Дээд ангиудын эрх ашгийг хамгаалах .1959 онд улс төр судлаач, социологич Дариндорф ерөөсөө энэ нийгмийн бүтэц ангийн ялгарал гарах нь эрх мэдэлтэй холбоотой гэж үзсэн. Макс Вебер бол баялаг, эрх мэдэл, нэр нөлөө гэсэн ийм гурван зүйлийг гаргасан юм байна.
Барууны эрдэмтдээс П.Сорокиныг стратификацийн онолыг цэгцэлсэн гол эрдэмтэн гэж үздэг. Энэ хүн үзэхдээ улс төр, эдийн засаг, мэргэжлийн гэсэн нийгмийн гурван ялгарал байдаг гэжээ. Энэ гурван стратификацийн пирамидын орой дээр нь цөөхөн хэдэн хүн удирдагч байж, доошоогоо дундаж анги , олон түмэн гэсэн түвшинтэй пирамид байдаг. Энэ пирамид бол суурь нь өргөн нарийн зэрэг янз бүр болдог ба үүнийг мобиль хөдөлгөөн гэж нэрлээд их том судалгааны бүтээлүүд гаргасан. Улс төрийн стратификацийн гол шалгуур нь засаглал (власть). Эдийн засгийн стратификацийн гол хэмжигдэхүүн нь орлого. Мэргэжлийн стратификаци нь арай өвөрмөц, гэхдээ бас л пирамидын хэлбэртэй байдаг. Нийгэм судлаачдын үзэж байгаагаар тухайн үеийн технологийн үйл явц, тухайн үеийн нийгмийн дадал заншилтай холбоотой тодорхой мэргэжил бол их нэр хүндтэй , үүгээрээ далимдуулаад улс төр нийгэмд нөлөөлөх өргөн боломжтой байдаг байна. Эмч, багш гэдэг мэргэжил аль ч нийгэмд дундаж түвшинд байдаг. Одоо манайхаар олон нийтийн сэтгэлгээнд хуульч, эдийн засагч нар чухалд тооцогдож байх шиг байна.
Манайд нийгмийн бүтцийн талаар судалгаа байгаагүй биш байсан. Үүнийг ашиглаад цаашид үргэлжлүүлэх явдал чухал байгаа юм. Төр нийгмийн судлал Академийн социологийн секторт ажиллаж байхдаа бид нийгмийн бүтцийг нэг сумын хэмжээнд туршилт хийх журмаар судлах бодолтой байсан юм. Энд Дорноговь аймгийн Хөвсгөл сумыг сонгож авсан. Сум бол 3000 орчим хүнтэй. Сумын хүн ам болон малын бүх тооллогын бүртгэлүүдийг тус тус жагсааж малыг аль нь хувийнх, аль нь компанийх гэдгээр нь ялгаад, мөн нийгмийн халамж , тэтгэвэр тэтгэмж авдаг , наймаа худалдаа хийдэг гэх мэтээр бүх хүмүүсийг картанд бүртгэж аваад, эд хөрөнгийг нь багцаагаар бүртгэсэн. Ингэхэд их сонин дүр зураг харагддаг юм байна. Дараа нь хамаатан садангийн холбоог бүртгэсэн. Дараа жил нь очоод энэ динамикийг дахиад бүртгээд харсан. Судалгааны ажлыг хамтарч хийх хэрэгтэй. Ингэж хийхэд дараах хэдэн зүйлийг арга зүйн хувьд харгалзаж үзэх нь чухал болов уу. Улс төр, эдийн засгийн болон мэргэжлийн стратификацийг бүгдийг зэрэг судлах хэрэгтэй. Эдгээр нь хоорондоо нөлөөтэй байдаг. Үүнд систем, функционал хандлагыг хэрэглэх. Түүнчлэн нийгмийн том том бүлгүүдийг биш ерөөсөө бүх бүлгүүдийг биш ерөөсөө бүх бүлгүүдийг судлах ёстой. Манай нийгэмд хуучин эдийн засгийн стратификац гэж бусад оронтой харьцуулах юм бараг байгаагүй. Цалин нь бүгд адилхан , нийгмийн тэгш байдлыг хүчээр тогтоогоод байсан учраас нэгнээсээ 100 , 1000 дахин өндөр орлоготой байх бололцоо байгаагүй. Өөрөөр хэлбэл, монголын нийгэм эдийн засгийн стратификацийн хувьд зүйрлэвэл билльярдийн бөмбөг шиг л байсан. Мэдээж баян ядуугийн ялгаа байсан. Гэхдээ асар их, хэдэн зуу дахин ялгаа байгаагүй. Өөрчлөн байгуулалт эхэлснээс хойш үүнд задаргаа гарлаа. Амьжиргааны нягт цул масс хоёр тийшээ татагдаж эхэлсэн. Бид Төр нийгмийн судлалын академид байхдаа судлагаа хийж үзсэн. Тэр судалгааны дүн “Ардын эрх” сонинд гарсан. Судалгаагаар өөрийгөө баян гэж үздэг байсан 10 хүний 2 нь доошоо дунд анги руу ороод үндсэндээ эдийн засгийнхаа чадавхийг хадгалж энэ чигээрээ үлдсэн. Доод дунд ангийнхнаас 100-с 10, 20-иод нь дээшээ орж чадсан. Бүр доод ангиас 100-аас 8 хүн дунд ангийн түвшинд орж чадсан. Энэ нь судалгааны арга зүйгээс хамаараад хүмүүсийн өөрсдийнх нь үнэлгээ. Гэхдээ өөрсдийнх нь үнэлгээ бол их чухал. Арга зүйн хувьд нийт бүлгүүдийг судалсны үндсэн дээр дундажийг олох хэрэгтэй. Түрүүнд Д.Ганбат саналаа хэллээ. Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшин доошлох тусам улс төрийн хуучинсаг үзэл давамгайлах хандлага байна гэсэн. Сүүлийн үеийн нийгмийн сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэ хувьсгал ба цочмог юмыг ердөө тэр доод анги хийдэггүй гэнэ. Нийгмийн пирамидын орой дээр байж байгаа дээд хэсэгт атаархсан дунд ангийнхан доодчуудаа ашиглаж хувьсгал хийдэг гэсэн үзэл байгаа юм. Бодоод байхад үнэн ч юм шиг. Өөрөөр хэлбэл, ердөө дундаж ангийн ашиг сонирхлыг баримталсан нийгэм улс төрийн бодлого бол хамгийн их алсын ирээдүйтэй бодлого байдаг байна. Баячууд бол дунд ангиа алгасаад доодчуудаа дээшээ татдаг тохиолдлын магадлал бага. Нийт дундчуудыг татаад байх юм бол дундчууд нь ядуучуудтайгаа их ойр байдаг. Ийм ч учраас бид нар мэдэж байгаа, 70-аад оны дундуур америкийн нийгэмд “амьдралын чанар” гэсэн бодлого тэдгээрийн улс төрийн гол зангилаа асуудал байсан. Энэ бол хэрэглээний сагс зэрэг үзүүлэлтээр дамжуулан ерөөсөө дундаж амьдралын түвшинг дээш нь татах ийм бодлого байсан. Тэгэхээр, энэ дундажийг олох хэрэгтэй. Аль нь нийгэмд илүү байр суурьтай байна. Мөн хазайлтыг нь олох хэрэгтэй. Тэгээд нийтдээ дээш нь татах.
Судалгааны үр дүнд зарим зөрчилтэй зүйлүүд гарлаа гэж хэлж байна. Энэ ч аргагүй биз. Энэ бол судлаачийн буруу биш байх. Өөрөөр хэлбэл, нийгмийн мобиль хөдөлгөөний урсгал одоо болтол зогсоогүй . Тэгэхээр, эдийн засгийн ашиг сонирхол, улс төрийн ашиг сонирхол хоёр их давхцаж амжаагүй байна.
Дараачийн нэг харгалзвал зохих зүйл бол манай судалгаанд гадаадын том системтэй адилхан арга зүйг ашиглаж болмооргүй байна. Ялангуяа, эдийн засгийн стратификаци гэр бүл, төрөл садны холбоо манайд онцгой ач холбогдолтой. Үүнийг анхаарахгүй байж болох юм. Жишээ нь, ажилгүй хүмүүсийг ээж аав нь тэжээгээд л байна. Техник мэргэжлийн сургууль гэж хуучин байсан. Одоо үйлдвэрлэлийн мэргэжлийн сургалтын төвүүд болсон. Одоо ийм төвүүд 20-иод байгаа юм шиг байна. Тэгэхэд энд сургалтын төлөвлөгөө өгсөн чинь дөнгөж 20% элсэлттэй. Гэтэл нөгөө талд нь 8, 10-р анги төгссөн хүүхдүүд ажилгүй гэж бүртгүүлчихээд ээж ааваараа тэжээлгээд явж байна. Иймд гэр бүл, төрөл садангийн холбоог манай нөхцөлд сайн судлах хэрэгтэй байна.
Эцэст та нарт уг асуудалтай холбоотой судалгааны хоёрхон дүнг хэлье. Бид нар сонгогчдын санал бодол гэсэн судалгаа явуулаад дан тоололтынх нь дүнг гаргаж давхар тоололтын боловсруулалт хийгээгүй байна. Асуулт нь ийм байгаа юм.
- Таны амьдралын гол гол асуудлууд яаж шийдэгдэж байна.
- Амьжиргааны түвшин чинь дээшилж байна уу, доошилж байна уу , хэвээндээ байна уу, мэдэхгүй юу? Энд 1000 гаруй хүн судалгаанд оролцсон. 26,7% нь амьжиргааны асуудал нааштайгаар шийдэгдэж байна , 44,7% нь дордож байна, 19,8% нь хэвэндээ байгаа, 5,4% нь хариулаагүй. Дараагийнх, ирээдүйд итгэх итгэл гэсэн үзүүлэлт байгаа юм. Энд 24,2% нь нааштайгаар , 36,6% нь дордох тийшээгээ байна, 17,2% нь хэвэндээ, 14,9% нь мэдэхгүй гэсэн байна . Саяын хоёр асуултыг нийгмийн бүлгүүдтэй нь харьцуулаад гаргавал их сонирхолтой дүгнэлтүүд гарах байх . Харамсалтай нь бид хийж амжсангүй. Эцэст нь хэлэхэд энэ судалгааг болон нийгмийн бүтэц, социал бүлгийн ялгарлын асуудлуудыг иж бүрнээр нь хамтарч судлах шаардлагатай байх . Үүнийг тогтмол болгож , хэлэлцэж байх гэсэн Улс төрийн боловсролын Академийн саналыг бид баяртайгаар тэмдэглэж байна. Энэ хамтын судалгаанд ороход манай зүгээс бэлэн байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хянасан: Б. АРИУНБАЯР