Л. Доржсүрэн Д. Ганбат
/Улс төр судлаач, УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №5, 1994
Түлхүүр үг: Радикал, Либерал, Консерватив , зүүний хандлага , Өөрчлөлтийн цар хүрээ, барууны хандлага , нийгмийн үндэс суурь , өөрчлөлт, бүлгүүдийн төлөвшил
Ардчилсан нийгэм ард түмнээс ихтэй хийгээд ард түмний сонголт эцсийн шийдвэр болдог жамтай. Дарангуйлагч нийгэмд ноёрхогч бүлгийн хүсэл зориг нийгмийг залдаг бол ардчилсан нийгэмд ард түмний хүсэл зориг анхдагч утгыг агуулдаг билээ. Гэтэл ард түмэн хэмээх субъект нь хураангуйлсан үзэгдэл бөгөөд түүнийг бүрдүүлж буй бүлгүүдээр л дамжуулан дүр зургийг гаргах бололцоотой. Бат цул (монолит) нийгэм байгуулах гэж зүтгэж байсан тэр үед ч нийгмийн социал ялгарал байсаар л байсныг үгүйсгэх аргагүй. Өнөөдөр байдал эрс өөр болж, хүн өөрийнхөө эрх, ашиг сонирхлоороо амьдрах улс төр, эдийн засгийн суурь нөхцөл бүрэлдлээ. Тийм ч учраас нийгэмд ялгарал явагдаж эхэлсэн ба магадгүй түүнийг танин мэдэх нь нэг хэсэгтээ хүнд байж болох юм. Судалгаанаас гарч буй дүгнэлт, санаа бодлыг нэг мөр болгохын тулд баримталж байгаа арга зүйгээ үндэслэх нь зөв билээ.
Аливаа нийгэм нь улс төр, эдийн засгийн өөрчлөлтөд хандах хандлагаараа ялгагдах хэд хэдэн бүлэгт хуваагддаг. Тухайлбал, нийгэмд тогтсон байдлыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, аливаа өөрчлөлт хийх шаардлагагүй гэж үздэг нэг хэсэг байхад, эргэлтийн шинжтэй үндсэн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай, түүнийг аль болох цаг алдалгүй хурдан өрнүүлэхийг дэмжигч хэсэг бас бий. Улс төрийн шинжлэх ухаанд эдгээр байр суурийг ангилж таван бүлэгт багтааж үздэг. Эдгээр нь радикал, либерал, аядуу, консерватив хийгээд хэт хуучинсаг буюу харгис хэмээн ангилагддаг бөгөөд тэдгээрийн үзэл суртал гэхээсээ илүү улс төрийн байр суурь гэж үздэг. Харин эл байр сууриар тодорхойлогдсон хэрэгцээ сонирхол нь институтжих түвшинд очихдоо улс төрийн субъектээр дамжин үзэл суртал, номлолын хэлбэрээр илэрдэг байна. Эдгээр байр суурийн байршлыг шугаман дээр үзүүлэхэд зүүн талд радикал, баруун талд хэт хуучинсаг байрлана.
Улс төрийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг утгаар бол радикал байр суурь нь улс төрийн зүүний хандлагыг илэрхийлдэг бол баруун чиглэлийг хэт хуучинсаг нь төлөөлнө. Зүүн чиглэл нь нийгмийн урьд байгаагүй шинэ дэвшилт төлөв байдал руу хүргэх өөрчлөлтийг илэрхийлдэг байхад баруун нь нийгмийн ухралтыг буюу өнгөрсөн үедээ улирч орох, эргэж буцах хандлагыг төлөөлнө хэмээн уг ойлголтыг хамгийн энгийнээр тодорхойлж болох юм[1].
Дэвших ба ухрах чиглэлийн өөрчлөлтийн зааг нь консерватив ба хэт хуучинсаг байр суурийн хооронд оршино.
Дашрамд дурьдахад, консерватив ба хэт хуучинсаг үзэлтнүүдийн хамтатгаж ойлгох ойлголт ердийн ухамсрын түвшинд ч , улс төрийн бодлоготнуудын дунд ч түгээмэл байдаг. Мөн чанартаа уг 2 байр суурь агуулгынхаа хувьд том ялгаатай билээ. Консерватив байр суурь нь тогтсон байдлыг туйлын үнэн гэж үзэх хандлагатай бөгөөд түүнийг санаатайгаар бодлого болгон өөрчлөхөөс татгалзана. Эл байр сууринаас зүүн талд орших радикал, либерал, аядуу байр суурь нь нийгмийн тогтсон байдлыг өмнө нь зуршмал бус шинэ чиглэл рүү өөрчлөх сонирхолтой. Зүүн тийш хэлбийх тусам уг сонирхол хүчтэй илэрнэ. Харин хэт хуучинсаг байр суурь нь нийгмийн одоогийн байдлыг өөрчлөх сонирхолыг илэрхийлэхдээ өмнө нь туулж өнгөрсөн байдал руу эргүүлэхийг эрмэлздэг.
Дээрх байр суурь өөрчлөлтийн чиглэлээр явагдахын зэрэгцээ өөрчлөлтийн цар хүрээгээр мөн тодорхойлогдоно. Хүсэж буй өөрчлөлт нь эцэстээ нийгмийг ямар хэмжээгээр өөрчлөхөд хүргэх вэ? өөрчлөлтөөр нийгмийн үндэс суурь, институтыг эрс шинэчлэх үү , эсвэл тодорхой засвар залруулга л орох уу? Зэрэг асуултаар уг зүйлийн агуулгыг гаргана. Хэт зүүн радикал болон хэт баруун хуучинсаг байр суурь эзэлдэг хүмүүс оршин байгаа системдээ туйлын сэтгэл хангалтгүй байдаг учраас нийгмийн үндэс суурийг бүхэлд нь хөдөлгөх эрмэлзэлтэй байдаг. Харин либерал байр суурь оршин буй системийг үндсэндээ дэмжих авч шийдвэл зохих их болон асуудал жам ёсоор байнга гарч байдаг гэсэн үзлийг илэрхийлнэ.
Аядуу болон консерватив үзэлтэй хүмүүс нийгмээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, ач холбогдлоороо хоёр дахь юмуу, гуравдагч шинжийн хүрээнд өнгөцхөн өөрчлөлтийг дэмждэг байна.
Тайлбар :
А-гэж дүрслэгдсэн хэсэгт хамрагдсан хүмүүс хамрагдах хүмүүс тогтсон байдал, системд туйлын сэтгэл хангалтгүй бөгөөд нийгмийн үндэс суурьт “цохилт” үзүүлэхийг хүсдэг. Өөрөөр, нийгмийг хувьсгалжуулан өөрчлөн үзэл санаа эндээс гарна
В – хэсэгт хамаарч буй хүмүүс оршин байгаа системийг үндсэндээ дэмждэг авч шийдэгдээгүй их олон асуудал буйг онцолж тэмдэглэдэг. Тэд нийгмийн суурь үндсийг хөндөлгүйгээр томоохон шинэчлэл хийх замаар явагдах өөрчлөлтийг дэмжинэ.
С – хэсгийн хүмүүс нийгмээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч зөвхөн өнгөц өөрчлөлтийг дэмжих болно.
Улс төрийн өөрчлөлт олон арга замаар явагдах бололцоотой. Үүнд, албан ёсны ба албан ёсны бус, хууль ёсны ба хууль бус, тайван ба хүчирхийллийн аргыг дурьдаж болно. Тухайн тогтсон системдээ сэтгэл ханамжгүй хандлага ихсэх тусам нийгмийг хууль дүрэмд сөрөг байдлаар хандах нь нэмэгддэг байна. Учир нь эл хууль дүрэм уг нийгмийн зорилго, бүтцийг бэхжүүлэхэд чиглэсэн харилцаа холбооны илэрхийлэл болдог. Нийгмийн энэ зорилго, бүтцийг эсэргүүцдэг хүмүүс зайлшгүй зөрчилд орно. Энэ утгаараа тухайн системдээ зохицон хамгийн их тайван байдалтай байж, хууль дүрмээ бүрэн дагадаг хэсэг бол консерваторууд юм. Харин хууль дүрэмд захирагдахыг хүсдэггүй , түүнийг хүлээн зөвшөөрдөггүй хэсэг бол улс төрийн зүүн болон баруун туйл юм. Эдгээр хүчирхийллийг[2] гол арга гэж үзэх нь түгээмэл шинжтэй.
Нийгэм дэх өөрчлөлтийн чиг, цар хүрээ , хурдац хийгээд хэрэгжүүлэх арга хэрэгслийн асуудал нь радикал , либерал , аядуу , консерватив ба хэт хуучинсаг байр суурийн үндсэн ялгааг л илэрхийлнэ. Улс төрийн эдгээр байр суурийг илүү нарийвчлан тогтоохын тулд нийгмийн эдийн засаг, социал , сэтгэл зүй зэрэг олон асуудлыг бас хөндөх нь зайлшгүй юм.
Ямар нэгэн хүн эсвэл бүлэг хүмүүс улс төрийн аль нэгэн байр суурьт хамаарах явдал олон хүчин зүйлээс шалтгаална. Эдгээрийн дотроос эдийн засгийн хүчин зүйл голлоно . Тухайлбал, баян чинээлэг хүмүүс оршин байгаа системдээ нэн сэтгэл ханамжтай тул олон асуудалд консерватив үүднээс ханддаг бол ядуу хоосон хүмүүс нийгэмдэ сэтгэл дундуур хандах бөгөөд үндсэн өөрчлөлтийг дэмжинэ. Гэвч эдийн засгийн асуудал улс төрийн сонголт хийх цорын ганц хүчин зүйлс биш. Консерватив үзэлтний дотор ядуучууд олон байдагтай адил либералуудын дунд баян хүн тийм ч цөөн биш байдаг байна.
Насны байдал мөн чухал хүчин зүйлсэд тооцогдоно. Ихэнх тохиолдолд залуу хүмүүс ахимаг насныхныг бодвол илүү либерал байх талтай. Залуу хүн амьдралдаа амжилт олж, туршлага хуримтлуулаагүй учраас гараагаа эхэлсэн системдээ өөрчлөлт оруулахыг илүү хүсдэг. Настай хүмүүс тогтсон байдалдаа илүү итгэлэг бол залуучууд тэр итгэлээ бүрэн гүйцэд хараахан олж амжаагүй байдаг. Ахимаг насны хүмүүс урьдах нийгмээ бүтээн байгуулах үйлсэд оролцож ирсэн тул илүү консерватив байна. Залуучуудын хувьд уг асуудал өөр. Нөгөө талаас , энэ нь туйлын ялгаа бас биш гэдгийг онцлох хэрэгтэй. Залуу боловч консерватив үзэлтэй хүн цөөнгүй бөгөөд нас ахих тусам илүү либерал болдог үзэгдэл ч ховор биш юм.
Улс төрийн дээрхи байр суурийн алинд нь хамаарах вэ гэдэг нь сэтгэл зүйн хучин зүйлээс бас шалтгаална. Хэдийгээр зарим хүмүүс тухайн системээс материаллаг ашиг олох бололцоогүй боловч өөрчлөлт нь “замбараагүй” байдалд хүргэж болзошгүйг ойлгосноор аливаа өөрчлөлтөөс эмээж түүнийг дэмждэггүй. Нөгөө талаас, хөдөлгөөн, өөрчлөлт нь бүхнийг шийдэж чадна гэсэн туйлчилсан утгаар юмс үзэгдлийг ойлгодог хүмүүс ч бий.
Цаг хугацаа улирч өнгөрөх тусам хүний эзэлж буй байр суурь өөрчлөгдөх нь дамжиггүй. Тухайлбал, бид өөрсдийн байр суурь ойлгоцоо хэдэн жилийн турш өөрчлөхгүй бол яваандаа хүрээлэн буй орчинтойгоо зөрчилд орж болзошгүй юм. Либерал үзэлтэй байгаад нэг мэдэхнээ хэт хуучинсаг үзэлтэй л болчихсон байж магадгүй.
Энэ бүгдээс үзэхэд, хэдийгээр төрийн засаглалын төлөө улс төрийн нам, бусад байгууллага өрсөлдөөн явуулж байгаа боловч төрийн бодлогын чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйлс нь нийгэм доторхи ялгарлаас хамаарна . Учир иймд, монголын нийгмийн өнөөгийн эн үед нийгмийн бүтэц дэх задрал, шинэ бүлгүүдийн төлөвшил, тэдгээрийн хэрэгцээ сонирхлын онцлог юунд чиглэгдэж байна вэ гэдгийг судалснаар манай нийгмийн цаашдын төлөвийг таамаглах бололцоо бүрдэх юм.
Сүүлийн жилүүдэд явагдаж буй нийгэм- эдийн засгийн өөрчлөлтөөр хүмүүсийн хэрэгцээ сонирхолд тодорхой зааг гарч, түүнийгээ хангах бололцоо, арга нь өөр өөрийн хэлбэртэй боллоо. Эдийн засаг нь уналтанл орох нь энэ үеийн нэг том үзэгдэл болж, хүсэн хүлээж, найдаж байсан зүйл нь хангагдаагүйгээс улс төрийн өөрчлөлтийг илүү сонирхож байсан олон түмний сэтгэл зүйд гутранги шинж тодорхой байдлаар илэрч байна. Ингэснээр, өмнө нь ч сайхан байж дээ, энэ ардчилал, зах зээл ч дээ гэж эргэлзэх явдал олон түмний дунд харагдаж байна.
Нөгөө талаас, явагдаж буй дэвшилт өөрчлөлт эхлэл төдий байгаа бөгөөд цааш нь гүнзгийрүүлэх, боловсронгуй болгох их том зорилт биднийг хүлээж байгааг ойлгож буй хүмүүс ч бас цөөнгүй юм. Энгийн байдлаар илэрхийлэгдсэн эдгээр байр суурь манай улс төрийн зарим намын номлол, улс төрийн бодлого болон улс төрчдийн дунд нэг их нууцлагдалгүй илэрсээр байна.
Улс төрийн үүднээс авч үзэхэд нийгмийн бүлгүүдийн сонирхолын ялгарал, төлөөллийн асуудал дараах учир шалтгаантай холбоотой. Нэгдүгээрт, ардчилсан нийгэмд нийгмийн бүлгүүдийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлэх, хоорондын зохицол , зөвшилцлийг хангах зүгширсэн механизм үйлчилдэг бөгөөд энэ нь парламентын сонгууль , бүтэц , зохион байгуулалттай нягт уялдсан байдаг. Парламент нийгмийн янз бүрийн сонирхлын уулзвар болж байдаг бөгөөд хууль тогтоох байгууллагын үндсэн чиг үүргийн нэг нь төлөөллийн чиг үүрэг гэж үздэг. Гэтэл бид ихэвчлэн хууль тогтоох, зохион байгуулах , хянах чиг үүргийн тухай яриад харин парламентын төлөөх чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төдийлөн анхаарч байсангүй. Хоёрдугаарт, сонгогчдын санаа бодол парламент дахь хүчний харьцаанд тусгалаа олоогүй, хүчтэй сөрөг хүч бүрэлдэж чадаагүй нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд төдийгүй, улс төрийн амьдралд таагүй нөлөө үзүүлж байгаа гэсэн үзэл бодол УИХ-ын сонгуулийн одоогийн тогтолцоог шүүмжилж буй судлаачид болон улс төрчдийн дунд зонхилж байна. Гуравдугаарт, УИХ-д төлөөллийн ямар хэлбэрийг хангах тухай асуудал одоо хэр бүрэн шийдэгдээгүй, маргаантай хэвээр байна.
Энэхүү хэсэгт тоймлон гаргасан арга зүйн асуудал бидний явуулсан судалгаа болон түүнээс гарах дүгнэлтийн үндэс болсон юм.
Судалгааны зорилго үндэслэгээ
Монгол улс ардчилсан хэм хэмжээ, эдийн засгийн зах зээлийн харилцаа бүхий зарчмыг хөгжлийнхөө суурь болгосон нь нийгмийн социал бүтцэд өөрчлөлт орох урьдчилсан нөхцөл боллоо. Бидний судалгааны гол зорилго нь :
- Уг өөрчлөлт нь нийгмийн бүлгүүд дотор эрх ашиг, сонирхлын ямар ялгарлыг бий болгож байна.
- Эрх ашиг, сонирхлын (улс төрийн байр суурийн) аль чиглэл нь өнөөдөр давамгайлж байна
- Улс төрийн байр суурийн харьцаа ямар байдалтай байна
- Улс төрийн байр суурийг нөхцөлдүүлж буй хүчин зүйлс нь юу байна
- Уг хүчин зүйлстэй улс төрийн байр суурийн ялгарал ямар хамааралтай байна (корреляцийн коэффициент)
- Хүчин зүйлийн дотор аль нь илүү нөлөөтэй байна
- Бүхэлдээ хүн амын баримталж буй үнэт зүйл, сонирхол нь өнөөдөр юу байна
- Улс төрийн байр суурь дахь социал (нас, боловсрол, аж байдлын түвшин, оршин суугаа газар) бүлгийн төлөөлөл ямар байна
- Улс төрийн байр суурийн харьцаанаас тодорхой таамаглал дэвшүүлэх зэрэг болно.
Бидний дэвшүүлсэн зорилгын үндэслэгээ.
- Улс орон эдийн засгийн шинэ харилцаанд шилжээд удаагүй, хүн амын дунд зах зээлийн тухай ойлголт бүрэн төлөвшөөгүй
- Зах зээлийн нөхцөлд амьдрах ухааныг нийгмийн хэмжээд янз бүрээр ойлгосоор байна
- Амьжиргааны харьцангуй өндөр түвшин бүхий хэсэг нь хүн амын цөөнхи нь болж байна
- Монголын хүн амын дийлэнх хэсгийн аж байдлын түвшин ядуувтар болон ядуу байдалтай байна
- Улс төрийн шинэ харилцаа, ардчилал , хүний эрх, эрх чөлөө , олон ургальч үзэл зэргийн эдийн засгийн баталгаа бүрэлдэх шатандаа байгаа
- Ерөнхий боловсролын түвшин харьцангуй өндөр боловч нийт нийгмийн хэмжээнд хуучны хэвшмэл сэтгэлгээ (стереотип) хадгалагдсаар байгаа
- Шинэ үнэт зүйлс бүрэлдэх нийгэм, улс төрийн болон эдийн засаг, сэтгэл зүйн нөхцөл эхлэлийн байдалтай байгаа
- Хүн амыг “соён гэгээрүүлэх” бодлого ялангуяа төрийн зүгээс хийгдэхгүй байгаа
- Нийгэм бүхэлдээ мэдээллийн хомсдолд орж, өргөн утгаараа олон түмэнд мэдээлэл олгох харилцаа эрэмдэг байдалтай байгаа зэрэг болно
Улс төрийн байр суурь, түүний харьцаа
Судалгааны нэг гол зорилго бол нийгмийн өөрчлөлт хөгжил, цаашдын хандлагын талаархи хүн амын доторхи байр суурийн ялгарал, түүний харьцаа болон уг ялгаралд нөлөөлж буй хүчин зүйлс, уг хүчин зүйлсээс хамаарах хамаарлын түвшнийг (корреляцийн коэффициент) тогтоох явдал байлаа.
Судалгааг явуулахдаа тодорхой социологийн судалгааны чиглэлийг баримталсан ба тусгайлан оноосон хүн амаас бус санамсаргүй түүврийн аргаар мэдээллээ цуглуулж боловсруулсныг тэмдэглэе. Судалгааг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь , Завхан , Увс , Төв , Хэнтий аймаг болон Улаанбаатар , Налайх , Чойр хотод явуулж нийт 1037[3] хүнийг хамарсан болно.
Зөвхөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн харьцаагаар үзэхэд либерал байр суурь бүхий хүмүүс дийлэнх олонхи (68%) болж, бусад байр суурь харьцангуй адил хувьтай байна.
Судалгааны дүнгээс гарсан байр суурийн харьцааг бүдүүвчинд оруулж үзье.
Арга зүйн тойм хэсэгт өгүүлсэнчлэн, либерал байр суурь нь нийгэмд тогтсон улс төр, эдийн засгийн системийг үндсэнд нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд нийгмийн хөгжилд ямагт хувьсаж дэвших жамтай тул өөрчлөлт байнга явагдах учиртай гэж үздэгээрээ онцлогтой. Монголын нийгмийн өнөөдрийн дүр төрх нь бүхэлдээ “шилжилтийн” байдалтай байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд ардчилал, эдийн засгийн суурь харилцаа ,ялангуяа Үндсэн хуулиар баталгаажсан билээ. Хүмүүсийн дийлэнх нь либерал байр суурийг баримталж байгаа нь өнөөдрийн байдлыг хүмүүс зөвөөр ойлгож байгааг харуулж байна гэж үзэх үндэстэй.
Өөрөөр, энэ нь монголын нийгмийн хөгжлийг дэвшил чиглэл рүү өөрчилж хувьсгах явдал “дуусаагүй” , урагшлуулан хөгжүүлэх бодлого хэрэгтэй гэдгийг хүмүүсийн тодорхой хувь хүсч байгаагийн илрэл юм. Либералуудын уг хувь болон үүнээс илүү зүүн тал руу буй радикал , радикал-либералын хувийг нийлүүлэхэд судалгаанд орсон хүмүүсийн бараг тал хувь нь одоо байгаа байдалд шүүмжлэлтэй хандаж байгааг дараах хүснэгтээс харж болно.
Тухайлбал :
- Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 35,87 хувь нь “Ардчиллын үзэл санаат огтож эхлэх төдий байгаа , иймд цаашид шаргуу тэмцэл хэрэгтэй” гэж үзэж , 44,55 “Ардчилсан хэм хэмжээ хуулиар тогтоогдсон боловч шийдвэл зохих асуудал олон бий” гэж хариулсан байна .
01.Ардчиллын үзэл санаа тогтож эхлэх төдий байгаа, иймд цаашид шаргуу тэмцэл хэрэгтэй. | Хувь35.87 |
02.Ардчиллын хэм хэмжээ хуулиар тогтоогдсон боловч шийдвэл зохих асуудал олон бий. | 44.55 |
03.Ардчилал одоогоор хангалттай байна. | 8.49 |
04.Ардчилал манай улсын хөгжилд таарахгүй зүйл. | 4.53 |
05.Хариулж мэдэхгүй. | 6.56 |
Зураг 5
2. Парламентыг сонгож буй сонгуулийн системийн талаар
01.Нийгмийн төлөөллийг гаргаж чадахгүй байгаа тул үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. | Хувь26.13 |
02.Үндсэндээ болж байна, гэхдээ боловсронгуй болгох шаардлага бий. | 46.87 |
03.Одоогийн систем зөв, өөрчлөх шаардлагагүй | 10.03 |
04.Уг систем угаасаа буруу , 1990 оноос өмнөх нь дээр байсан. | 3.76 |
05.Хариулж мэдэхгүй. | 13.21 |
Зураг 6
3. Олон намын системийн талаар
01. Улс төрийн намуудын нөлөөлөл,оролцоо улам нэмэгдэх учиртай. | Хувь12.34 |
02.Олон нам байгаа нь зөв.Харин одоогоор бүрэн төлөвшиж чадаагүй байна. | 62.3 |
03.Намуудын үйл ажиллагаа болж байна. | 2.99 |
04.Олон намын систем олигтой үр дүнд хүргэхгүй | 16.1 |
05.Хариулж мэдэхгүй. | 6.27 |
Зураг 7
- Эдийн засгийн харилцаан дахь төрийн оролцоо
01.Төрийн ямар ч оролцоо хэрэггүй.Зах зээл өөрийн хуультай. | Хувь11.19 |
02.Улсын хэмжээн дэх бодлогыг л төр зохицуулна | 53.13 |
03.Өнөөгийн явуулж байгаа бодлого болж байна | 3.95 |
04.Эдийн засгийн төвлөрүүлсэн бодлого хэрэгтэй | 23.53 |
05.Хариулж мэдэхгүй. | 8.2 |
Зураг 8
Дээрх хүснэгтээс харахад “одоогийнх болж байна” гэж хариулж буй хүмүүсийн хувь их бага байгаа ба боловсронгуй болгох , тэр дотроо эрс ахиулах байр суурь олонхи болж байгаа нь дээр өгүүлсэн дүгнэлтийг нотлох билээ. Өнөөдрийн байдалд шүүмжлэлтэй хандсан байр суурь судалгаанд оролцогсдын дийлэнх олонхи болж байгаа хийгээд харин “статус кво”-г эргэж хуучин байдал руу өөрчлөх эрмэлзлэл бүхийн ( мөн л шүүмжлэлтэй) байр суурь( хэт хуучинсаг) цөөнх болж байна.
Энэхүү улс төрийн байр суурийн ерөнхий харьцааг арга зүйн тоймд хэрэглэсэн бүдүүвчийн дагуу байрлуулж үзье.
Зураг 9
Эдгээр байр суурийн нийгэм дэх ялгарал , ялгарлын харьцаа зэргийг тогтоосны үндсэн дээр түүнд нөлөөлж болох хүчин зйүлсийг тооцож үзэх нь чухал юм.
Өмнөх түүхэнд нийгмийн бүтцийг судлахдаа үйлдвэрлэлийн харилцаанд орж буй байдлыг голлодог байсан. Өнөөдөр энэхүү арга зүйг хэрэглэх нь учир дутагдалтай ба ялангуяа улс төрийн байр суурийг тодорхойлоход боломжгүй юм.
Нийгэм дэх бүлгийн ялгаралд нөлөөлдөг хүчин зүйлсийг бүхэлдээ социал-эдийн засгийн гэж нэрлэж энэ нь тухайн бүлгийн дүр төрхийг нөхцөлдүүлдэг байна. Үүн дотор, эдийн засгийн хүчин зүйл (тухайн гэр бүлийн нийт орлого эсвэл өрхийн нэг гишүүнд ногдох орлого) , социал хүчин зүйл ( боловсролын түвшин болон эрхэлж буй ажлын нэр хүнд) орно. Үүнээс гадна социал үзүүлэлт болох нас, оршин байгаа газар мөн тухайн хүний эрх ашиг, сонирхол, үйл байдлыг тодорхойлдог байна. Улс төрийн хүчин зүйлд тооцогдох намын харъяалал зэрэг нь манай улсын хувьд бас өндөр байх магадлалтай. Учир нь өмнөх хоёр гурван үе маань үзэл сурталжсан нийгмээр дамжсан ба бидний сэтгэхгүй энэ байдлаас бүрэн ангижирч чадаагүй л байгаа . Энэ бүх хүчин зүйлс тухайн хүний улс төрийн аль нэг байр суурьт хамаарахад хир нөлөөтэй, нөлөөллийн түвшин хэр өндөр байна вэ? Гэдгийг тогтоох нь ач холбогдолтой. Өөрөөр, хүчин зүйлсийн нөлөөлөл буюу корреляцийн коэффициент өндөр байх тохиолдолд уг хүчин зүйлсийн өөрчлөлтөөр магадлалын тодорхой түвшинд улс төрийн байр суурийн харьцааг урьдчилж таамаглах бололцоотой юм.Корреляцийн коэффициент бага байх нь тухайн харьцуулж буй зүйлсийн хооронд хамаарал бага байгааг илэрхийлнэ. Уг коэффициентийн түвшин хэр байна гэдгийг жишиж үзэхэд дараахи ангиллыг ашиглах болно.
0.01– 0.25 – сул хамааралтай
0.25 – 0.50 – дунд хамааралтай
0.50 – 0.75 – хүчтэй хамараалтай
0.75 – 1.00 – маш хүчтэй хамааралтай
Корреляцийн коэффициентийг тооцохдоо MICROSOFT EXCEL программыг ашигласан болно.
Гарсан дүн :
- Улс төрийн байр суурь ба насны байдлын хамаарал
Зураг 10
Тайлбар :
- 20 хүртэлх
- 21-30
- 31-40
- 41-50
- 51-60
- 61- дээш насны бүлэг
Уг бүдүүвч дээр насны бүлэг тус бүрийг 100 хувь гэж үзсэн болно. Ингэснээр, насны байдалтай улс төрийн байр суурь хир хамааралтай вэ гэдгийг харах илүү бололцоотой юм. Энэ байдлыг тооцоолж үзэхэд уг хоёр зүйлсийн хоорондын хамаарал -0.066 байна. Өөрөөр, уг хоёр зүйлс хоорондоо маш сул хамааралтай гэсэн дүгнэлт гарч байна. Энэ арга зүйгээр бусад хүчин зүйлсийг тооцоход дараах дүн гарсан болно.
- Улс төрийн байр суурь ба амьжиргааны түвшний (өрхийн нэг гишүүнд ногдох орлого) хамаарал.
Судалгаанд хамрагдсан хүмүүс дотор огт орлогогүй гэж бичсэн хүмүүсээс эхлэн өрхийн нэг гишүүнд 40.0мянган төгрөг ногдож байгаа хүртэл ялгаа гарсан. Дараах бүдүүвч дээр огт орлогогүй хүмүүсийг оруулаагүй болно. Судалгаанд оролцсон хүмүүсийн өрхийн дундаж орлого 3.09 мянган төгрөг болж байна.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийг орлогынх нь байдлаар бүлэг болгон схемд оруулж үзэхэд :
Зураг 11
Эндээс үзэхэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн тал орчим хувь нь Засгийн газраас тогтоосон амьжиргааны доод түвшнээс (хотод 3200, хөдөөд 2900төгрөг) доогуур амьдралтай байна. Орлогын байдал (амьжиргааны түвшин) ба улс төрийн байр суурийн хоорондын хамаарлыг тооцож үзэхэд корреляцийн хамаарал 0,11-тэй гарлаа . Өөрөөр, амьжиргааны түвшин буурах эсвэл нэмэгдэх нь улс төрийн байр суурь дэвшил эсвэл ухралт тийшээгээ өөрчлөгдөхөд шууд нөлөөлөхгүй юм байна. Гэхдээ тодорхой асуудлаар амьжиргааны доогуур түвшинтэй хүмүүс хэт хуучинсаг байр суурь баримтлах хандлагатай нь ажиглагдлаа.
Тухайлбал, төрийн төвлөрүүлсэн бодлого хэрэгтэй , санхүү-банкны төвлөрсөг тогтолцоог сэргээх , хувь хүн төрдөө бүрэн захирагдах ёстой зэргээр хариулсан хүмүүсийн хувь 3.0 мянган төгрөгөөс доош орлоготой бүлгийн дотор бусадтай жишихэд харьцангуй их байна.
Энэ байдлыг дараах зүйлсээс ажиглаж болно :
- Эдийн засгийн харилцаан дахь төрийн оролцоо
(Схемд байрлуулахдаа арга зүйн тоймд өгүүлсэн аргыг хэрэглэсэн болно)
Зураг 12
Тайлбар :
#4 – 10.1 – дээш
#3- 5.1 – 10.0 мянган төгрөг
#2- 3.1 – 5.0 мянган төгрөг
#1 – Өрхийн нэг гишүүнд оногдох орлого 0.1 – 3.0 мянган төгрөг
- Хувь хүн төр хоёрын хамаарал
Зураг 13
- Улс төрийн байр суурь ба боловсролын түвшний хамаарал
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн боловсролын байдал (%)
Дээд | Тусгай.Д | Бүрэн.Д | Бүрэн б.д | Бага | Боловсролгүй | Хариугүй |
35.2 | 22.28 | 23.82 | 12.15 | 4.92 | 1.16 | 1.01 |
Зураг 14
Боловсролын бүлэг улс төрийн байр суурийн хамаарлыг гаргах үүднээс бүлэг бүрийг 100% гэж авч үзсэнийг анхаарна уу .
Зураг 15
Тайлбар :
1 – Дээд боловсролтой
2 – Тусгай дунд
3 – Бүрэн дунд
4 – Бүрэн бус дунд
5 – Бага боловсролтой
Боловсролын түвшин болон улс төрийн байр суурийн хамаарлыг тооцоход корреляцийн коэффициент 0.18 гарч байна. Мөн л сул хамааралтай гэж үзэх үндэстэй, гэхдээ дээр өгүүлсэн (нас, амьжиргааны түвшин) хүчин зүйлсийг бодвол харьцангуй (яльгүй ч гэсэн ) дээгүүр байна. Өөрөөр, боловсролын түвшин ахих тусам хүмүүс, ялангуяа либер улмаар радикал байр суурь руу хандах хандлага ажиглагдлаа. Үүнийг дараах бүдүүвчээс харж болно.
- Улсын Их Хурлын сонгуулийн системийн талаархи байр суурь
Зураг 16
Тайлбар :
#1 .Боловсролгүй
#2. Бага
#3. Бүрэн бус дунд
#4. Бүрэн дунда
#5 тусай дугд
#6. Дээд
А-Радикал буюу “Уг систем нийгмийн төсөөллийг гаргаж чадахгүй байгаа . Иймд уг ститемийг үндсээр өөрчлөх хэрэгтэй”
В – Либерал буюу “Уг систем үндсэндээ болж байна. Гэхдээ боловсронгуй болгох шаардлага бий”
С – Консерватив буюу “Одоогийн системийг зөв гэж үздэг. Иймд өөрлчөх гээд байх шаардлагагүй. ”
D – Хэт хуучинсаг бюу “Уг систем угаасаа буруу 1990 оноос өмнөх нь дээр байсан”
2. Олон намын системийн талаар
Зураг 17
А – Радикал буюу “Улс төрийн намуудын нөлөөлөл , оролцоо улам нэмэгдэх учиртай”
B – Либерал буюу “Олон нам байгаа нь зөв, харин одоогоор бүрэн төлөвшөөгүй байна”
C – Консерватив буюу “Намуудын үйл ажиллагааг болж байна гэж үздэг”
D – Хэт хуучинсаг буюу “Олон нам бий болсноор олигтой үр дүнд хүрэхгүй. Нэг л нам байсан нь дээр ”
3. Олон ургальч үзлийн талаар
Зураг 18
А – Радикал буюу “Жам ёсны үзэгдэл. Хүн өөрийнхөө үзлийг ямар ч хэлбэрээр илэрхийлэх бүрэн эрхтэй ”
B – Либерал буюу “Жам ёсны үзэгдэл боловч улс төрийн үүднээс бага зэрэг хязгаарлаж болно ”
C – Консерватив буюу “Нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хязгаарлалтыг нэмэх хэрэгтэй”
D – Хэт хуучинсаг буюу “Нэг үзэл номлолын хүрээнд улс орноо хөгжүүлэх нь дээр ”
4. Улс төрийн байр суурь бас аль намыг дэмжиж буй байдлын хамаарал.
Судалгаанд хамрагдсан хүмүүc “Яг өнөөдөр сонгууль болбол Та аль намыг дэмжих вэ?” гэсэн асуулт тавьсан. Үүнд хариулсан байдал (дан тооллын дүн) :
Хүснэг 5.12
МАХН | МҮАН | МСДН | Бусад | A | B | C | D |
39.15 | 21.89 | 12.15 | 1.64 | 9.26 | 7.04 | 8.2 | 0.67 |
Тайлбар : А – Аль ч намыг дэмжихгүй
B- чөлөөт өрсөлдөгчийг дэмжинэ
C – Хэлж мэдэхгүй
D – Хариулаагүй
Зураг 19
Зураг 5. 19 – д зөвхөн үндсэн гол намуудын дэмжигчдийг харьцуулж үзүүлсэн болно. Корреляцийн коэффициентийг гаргахдаа үүнээс дэлгэрэнгүй харьцуулалтыг бүх анкетын дүн орсон мэдээлэл дээр үндэслэж хийсэн ба уг коэффициентийг 0,26 гарлаа. Өөрөөр, МАХН-ыг дэмжиж буй байдлаас МСДН хүртэл өөрчлөгдөхөд улс төрийн байр суурийн харьцаа либерал руу хандах хандлага дунд зэрэг байна. Корреляцийн хамаарал дунд зэрэг гэвэл энэнхүү үзүүлэлтүүдийн хамаарал өмнөхүүдийг бодвол илүү өндөр болж байна.
Зураг 20
Дүгнэлт :
Энэ хэсэгт харьцуулж үзсэн хүчин зүйлсээс аль нь илүү нөлөө ихтэй байна вэ? Гэж бүхэлд нь дүгнэж жагсаахад :
- Аль намыг дэмжиж буй байдал 26(дунд)
- Намын гишүүнчлэл 18(сул)
- Боловсролын түвшин 18(сул)
- Оршин суугаа газар 14(сул)
- Орлогын түвшин 11(сул)
- Насны байдал 06(сул) зэрэг дараалалтай гарлаа.
Энэ бүгдээс дараах дүгнэлтийг хийж болохоор байна.
- Улс төрийн байр суурийн ялгаралд нөлөөлөх хүчин зүйлс дотроос бусдаасаа илт ялгарах, корреляцийн өндөр коэффициенттэй хүчин зүйлс гарсангүй.
- Судалгааны явцад шалгаж үзсэн хүчин зүйлс дотроос аль намыг дэмжиж буй байдал нь улс төрийн байр суурийн ялгаралд харьцангуй илүү нөлөөтэй байна.
- Өнөөдрийн байдлаар судалгааны явцад шалгаж үзсэн социал-эдийн засгийн болон улс төрийн хүчин зүйлээс улс төрийн байр суурийн ялгаралд нөлөөлөх явдал бүхэлдээ сул байгаа нь монголын нийгмийн социал бүлгийн ялгарал эхлэл төдий байгааг харуулж байна.
Жич. Энэхүү судалгаа нь уг чиглэлийн эхний судалгааны нэг учраас хүчин зүйлсийн өөрчлөлт, динамикийг өнгөрсөн онтой харьцуулж жиших боломжгүй юм. Учир иймд, эдгээр хүчин зүйлсийн корреляцийн коэффициент тогтмол ч юмуу , урьд оныхоос өссөн эсвэл буурсан гэх дүгнэлт хийх мэдээлэл одоогоор бидэнд алга. Гагцхүү цаашид үргэлжлүүлэн явуулах судалгаагаар энэхүү асуултанд тодорхой утгаар хариулах боломж бүрдэх билээ.
Үнэт зүйлсийн баримжаалал
Нийгмийн хэмжээнд улс төр , эдийн засгийн шинэ харилцаа бүрэлдэн тогтсон нь бүхэлдээ нийгмийн сэтгэл зүй, үнэт зүйлсийн баримтлалд өөрчлөлт орох суурь нь болох учиртай билээ. Энэхүү чиглэлийн өөрчлөлт нь эргээд нийгэм дэх шинэ харилцааны төлөвшлийн тусгал нь болно. Хүмүүс өнөөдөр юуг чухалд тооцож, юуг үнэт зүйлс хэмээн онцолж байгааг судалснаар монголын нийгмийн бүлгийн сонирхлыг давхар тандах бололцоо олдох юм.
Өмнөх хэсэгт өгүүлэгдсэн улс төрийн байр суурийг ялгах хэмжүүрийн зэрэгцээ үнэт зүйлсийн ялгаа мөн чухал байдаг. Үнэт зүйлс дотроос юуны түрүүнд хүний эрх, өмчийн эрхтэй холбоотой асуудлыг онцолж үздэг. Хамгийн ерөнхий байдлаар авч үзэхэд улс төрийн байршлын зүүн тийш хандах тусам хүний эрхийг илүүд үздэг бол баруун талд өмчийн эрхийг онцлох хандлагатай байдаг. Улмаар улс төрийн байршлын хоёр эсрэг туйлд орших радикал болон хэт хуучинсаг байр суурь нь уг хоёр эрхийн нэгийг бусдаасаа илүү туйлчилсан байдлаар ойлгож үнэт зүйлсээ гэж үздэг байна. Тухайлбал, радикал байр суурь нь хүний эрх юугаар ч хязгаарлагдах ёсгүй хэмээн үзэж , энэ утгаараа төрийн үүрэг ролийг хамгийн бага хүрээнд байлгах бодлогыг баримталдаг байна . Энэхүү номлолыг анархизм хэмээн нэрлэж тогтсон билээ. Анархизм нь төрийн хүнд суртал хүн төрөлхтний хөгжлийн “зам дээр зогсож садаа болохгүй ” бол хувь хүн илүү сайн хөгжинө гэж үздэг байна.
Анархизмыг ерөнхий утгаар нь зүүний үзэл санаа гэж ойлгодог . Арга зүйн үүднээс авч үзвэл энд тодотгол хэрэгтэй. Анархизм нь цэвэр утгаараа улс төрийн индивидуализмыг илэрхийлдэг. Гэтэл индивидуализмын агуулгыг улс төрийн байршлын хоёр туйлд хоёуланд нь хамааруулж ойлгох үндэслэгээ бий.
Зүүнтнүүд хувь хүнийг нийт нийгмийн харилцаанд багтааж ойлгодог. Нийгэм бол хувь хүмүүсээс бүрдсэн органик нэгдэл учраас нийгмийг нэг төрөл байдалд хүргэх нь зүүнтнүүдийн бодлого болдог. Үүний тод илрэл бол коммунист үзэл номлол юм.
Улс төрийн байршлын баруун талд хувь хүнийг маш тусгаарлагдмал байдлаа үздэг. Нийгэм хувь хүмүүсээс бүрдэх авч илүү сайхан амьдрахын тулд заавал хамтаар ажиллах шаардлагагүй. Жинхэнэ хэрэгтээ нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байж л илүү байдалд хүрэх бололцоотой хэмээн тэд үздэг байна.
Ингэснээр зүүнтнүүд тэгшитгэлийг (эгалитаризм), баруун чиглэлийнх нь элитизмыг илүүд үздэг байна. Энэ утгаараа зүүн чиглэлийн үзэл номлолд “социал анархизмыг” ,баруун чиглэлд “индивидуал , хүвь хүний анархизмыг ” үнэт зүйлсийн агуулганд багтаадаг ажээ.
Энэ бол үнэт зүйлсийн талаархи улс төрийн байр суурийн ялгааны хамгийн ерөнхий зураглал юм. Гэхдээ, дэлхийн түүхэнд хэрэгжүүлэх гэж,туршиж үзсэн жишээг үзэхэд үнэт зүйлсийн энэхүү ялгаа тод харагдсан билээ. Тухайлбал, коммунистуудын гол зорилго бол нийгмийн нэг төрөл байдлыг бий болгож хүн төрөлхтний гэрэлт ирээдүйд хүрэх явдал байсныг бид мэднэ. Үүний тулд хүмүүсийн хооронд тэгш биш байдлыг бий болгодог эдийн засаг,үзэл суртал, үзэл санааны ялгааг арилгах бодлогыг хүчтэй явуулж ирсэн. Нийгэмд тодорхой ялгаа байгаа учраас түүнийг зохицуулхын тулд төр үйлчилж, энэ байдал арилах тусам төрийн үүрэг роль үгүй больж, коммунизмын үед төр мөхөх жамтай гэдэг нь төрийг ойлгох коммунист үзэл номлолын гол агуулга нь болдог билээ. Энэ бол зүүний улс төрийн байр суурийн туйл юм.
Баруун туйлын түүхэн жишээ бол фашизм. Хувь хүмүүсийн хатуу өрсөлдөөнд хүчтэй нь дээр гарч хүчгүй нь доор үлдэх жамтай гэдэгтэй адил ямар нэгэн зүйлээр (фашистуудын ойлгодгоор энэ бол арьсны өнгө, биеийн хэв галбир г.м.) бусдаас онцгой үндэстэн дээр нь гарч, бусад нь түүнд захирагдах ёстой аж.Тухайлбал, нацистууд үүнийг төрийн бодлогын хэмжээнд тавьж элитийн үзлийг туйлчилсан байдлаар хэрэгжүүлэхийг оролдсон түүхтэй. Энэхүү чиглэлийн үзэл номлолыг нийгмийн дарвинизм (шалгарал) хэмээн бас нэрлэдэг байна.
Хүмүүсийн хоорондын харилцаа ямар зарчимд тулгуурлах ёстой вэ гэдэгт зүүнтнүүд хүний тэгш эрх, тэгш байдлыг голлоно. Баруунтнууд хүмүүсийн тэгш биш байдлыг илүү онцолдог байна. Хүмүүс баян ядуугаараа, мэдлэг боловсролоороо, үүсэл гарлаараа ялгагдана гээд туйлын баруун үзэлтнүүд үндэстэн ястаны онцлогоор дээд доод гэж тэдгээрийг ангилдаг жишээтэй.Энэхүү баруун туйлын үзлийг хэт хуучинсаг (харгис) байр суурь баримтлагчид өөрийн үнэт зүйлс болгодог учраас Дундад эртний үеийн Сэргэн Мандлын үзэл санааг үгүйсгэж, иррационал буюу хүний хөгжилд үл итгэдэг хэмээн хатуу шүүмжлэл хүлээдэг нь зүй ёснийх юм.
Үнэт зүйлсийн асуудал улс төрийн байр сууриас хамааран өөр өөр байдгийн магадгүй туйлын жишээ энэ юм.
Монголчуудын хувьд сүүлийн далаад жилд зүүний буюу коммунист үзэл номлолын дагуу явж ирэхдээ энэ чиглэлийн үнэт зүйлсийг “мах цусандаа” шингээсэн нь эргэлзээгүй. Өнөөдөр нийгмийн харилцаа огт өөр хууль, хэм хэмжээгээр зохицуулагддаг болсон нь үнэт зүйлсийн баримжаалалд өөрчлөлт орохын урьдчилсан нөхцөл болж байна. Бидний явуулсан судалгаагаар уг өөрчлөлтийг таньж мэдэх бололцоогүй. Учир нь энд өөрийн гэсэн өвөрмөц арга зүй шаардагддаг.
Бидний хувьд нийгмийн сонирхлын ялгарал ямар байна вэ гэдгийг давхар харах үүднээс улс төрийн үнэт зүйлсийг тандах зорилго өмнөө тавьсан юм.
Үүнийг дараахи байдлаар толилуулъя:
Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн МАШ ЧУХАЛ гэж үнэлсэн зүйлсийг авсан хувийнх нь дагуу жагсааж үзэхэд дараах дараалал гарч байна.
Дугаар | Асуулт | Маш чухал |
1 | Шударга ёс | 74.93 |
2 | Хүний эрх, эрх чөлөө | 60.46 |
3 | Ардчилал | 43.88 |
4 | Чөлөөт сонгууль | 43.11 |
5 | Хувийн өмч | 36.74 |
6 | Өрсөлдөөн | 31.92 |
7 | Чөлөөт хэвлэл | 28.16 |
8 | Парламент ёс | 22.76 |
9 | Бие даасан шүүх | 22.47 |
10 | Олон ургалч үзэл | 19.77 |
Зураг 21
ОГТ ХЭРЭГГҮЙ гэж үзсэн зүйлсийн урвуу дараалал :
Дугаар | Асуулт | Маш чухал |
1 | Өрсөлдөөн | -5.69 |
2 | Олон ургалч үзэл | -5.4 |
3 | Бие даасан шүүх | -4.73 |
4 | Чөлөөт сонгууль | -3.47 |
5 | Парламент ёс | -2.7 |
6 | Чөлөөт сонгууль | -1.25 |
7 | Хувийн өмч | -1.06 |
8 | Шударга ёс | -0.87 |
9 | Ардчилал | -0.77 |
10 | Хүний эрх, эрх чөлөө | -0.19 |
Зураг 22
Бүхэлд нь үзэхэд улс төрийн шинэ үнэт зүйлсийг хүмүүс дээгүүр үнэлж байна. Гэхдээ, ардчилсан нийгмийн гол шинж болдог Чөлөөт хэвлэл, Парламент ёс, Бие даасан шүүх, Олон ургалч үзэл сүүлийн байрт орсон нь нэг ёсны харамсалтай боловч үүнийг өнөөгийн нөхцөл байдалтай холбож тайлбарлаж болмоор. Учир нь нийгмийн сэтгэлгээнд ардчиллын үнэт зүйлс бүрэлдэх улс төр, эдийн засгийн хангалттай нөхцөл одоогоор бүрэлдээгүй байна. Хоёрт, мэдээллийн коммуникаци маш сул. Гуравт, нэг ёсны хөл дээрээ зогсож эхэлж буй ардчиллын үнэт зүйлсийг улс төрийн ашиг хонжооны үүднээс улс төрийн хүчнүүд санаатай болон санамсаргүйгээр гуйвуулах явдал цөөнгүй байна. Ийм учраас магадгүй, олон ургалч үзэл гэдэг бол хэрүүл маргаан, чөлөөт хэвлэл бол уг хэрүүл маргааны талбар гэх зэргээр ойлгох ойлголт олны дунд түгээмэл байж болох магадлал ихтэй юм. (Зарим улс төрчид болон хэвлэл өөрийн үйл ажиллагаагаар энэ ойлголтыг бий болгож буйг бас үгүйсгэх аргагүй)
Олон ургалч үзлийн талаарх байр суурийг дотор нь ялгаж үзвэл үзэл бодлын дараах харьцаа гарч байна :
01. Жам ёсны үзэгдэл. Хүн өөрийнхөө үзлийг ямар ч хэлбэрээр илэрхийлэх бүрэн эрхтэй. | Хувь35 |
02.Жам ёсны үзэгдэл боловч бага зэрэг хязгаарлаж болно. | 26.71 |
03.Нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул хязгаарлалтыг нэмэх хэрэгтэй. | 12.92 |
04.Нэг үзэл номлолоор улсөө хөгжүүлэх нь дээр | 12.15 |
05.Хариулж мэдэхгүй. | 13.22 |
Зураг 23
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
01. Хүний эрх,эрх чөлөө юугаар ч хязгаарлагдах ёсгүй. | Хувь21.12 |
02.Хүний эрх,эрх чөлөө нийтээр зөвшөөрөгдсөн хүрээнд л илрэх ёстой. | 46.87 |
03.Хүний эрх чөлөө гэхээсээ илүү төрийн хууль чухал. | 22.47 |
04.Эрх чөлөө нийгэмд замбараагүй байдал үүсгэдэг. | 4.44 |
05.Хариулж мэдэхгүй. | 5.1 |
Зураг 24
ХҮМҮҮСИЙН ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ЗАРЧИМ
01. Хүмүүсийн тэгш биш байдлыг онцолж хадгалах хэрэгтэй. | Хувь3.86 |
02.Хүмүүс тэгш биш байдаг нь жам ёсны үзэгдэл | 14.85 |
03.Хүмүүс тэгш биш байх боловч туйлшруулж болохгүй | 33.08 |
04.Хүмүүс бүгд адил тэгш байдалтай байх учиртай | 40.89 |
05.Хариулж мэдэхгүй. | 7.32 |
Зураг 25
ХУВИЙН ӨМЧИЙН АСУУДАЛ
01. Нийгэм угаасаа баян ядуу гэж хуваагдах учиртай | Хувь12.34 |
02.Хувийн өмчийг өмчийн бусад хэлбэрээс онцолж дээгүүр тавих ёстой | 15.43 |
03.Хувийн өмч чухал, гэхдээ ялгарлыг саармагжуулах | 56.99 |
04.Хувийн өмч нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг. | 7.71 |
05.Хариулж мэдэхгүй. | 7.53 |
Зурaг 26
Судалгаагаар гарсан мэдээллийг бүхэлд нь үзэхэд нийгмийн сонирхлын ялгарал тодорч эхэлж байна гэж дүгнэх боломжтой байна. Дээр өгүүлсэн үнэт зүйлсийн талаархи зүүний болон баруун үзэл номлолын утгаар авч үзвэл нийгмийн баримжаалал өнөөдөр бүхэлдээ зүүн талдаа байна.Гэхдээ энэ дотор радикал байр суурийн эзлэх хувь багагүй байгааг тэмдэглэе. Тухайлбал, “Хүний эрх, эрх чөлөө нийтээр зөвшөөрөгдсөн хүрээнд л илрэх ёстой”- 46,87% байхад “Хүний эрх, эрх чөлөө юугаар ч хязгаарлагдах ёсгүй” – 21,12% байна.
Хэдий ийм боловч өмнөх үеийн үнэт зүйлсийн баримжаалал хадгалагдсаар байгаа нь бас ажиглагдлаа. Хүмүүсийн нийгмийн харилцаан дахь байдлыг үзэхдээ 41 орчим хувь буюу олонхи нь “Хүмүүс бүгд адил тэгш байдалтай байх учиртай ” , 24% орчим нь төрийн зүгээс “эдийн засгийн төвлөрүүлсэн бодлого хэрэгтэй” гэх зэргээр хариулсан байна. Мөн өмнөх үед болон ер нь монголчуудын түүхэнд төрийн оролцоо, нөлөөлөл хүчтэй байсан нь нийгмийн сэтгэлгээнд гүн бат суусан нь харагдаж байна. Хувь хүн төр хоёрын харилцаа ямар зарчимд тулгуурлах вэ гэсэн асуултанд төрийн нөлөө давамгайлах, хувь хүн төрд бүрэн захирагдах ёстой гэсэн байр суурийг нийт хариулсан хүмүүсийн 72 орчим хувь илэрхийллээ.
01. Хувь хүн төрөөс огт хамаарахгүй байна. | Хувь2.89 |
02.Хувь хүн төр хоёр ижил эрхтэй байна | 17.74 |
03.Төрийн эрх нөлөө давамгайлах ёстой | 27.58 |
04.Хувь хүн төрд бүрэн захирагдах ёстой | 44.55 |
05.Хариулж мэдэхгүй. | 7.24 |
Ардчилсан нийгэмд төрийг ард олондоо үйлчлэх ёстой гол байгууллага, улс төрийн үүднээс ард түмнийг төлөөлөгч субъект хэмээн “зарц” мэт үздэг бол манайд төлөвшихөд монголчуудын үндэсний энэхүү “стереотип” саад болох талтай. Энэ байдлыг “соён гэгээрүүлэх” бодлогоор залруулахгүй бол наанадаж одоо хэр хүчтэй хэвээр байгаа бүх түвшний захиргаадын гулгуулдаг, хүнд сурталт сэтгэлгээ ер арилахгүй. Энэ нь даамжирваас ардчилсан төрийн тухай ярих нь утга учиргүй болох билээ.
Дүгнэлт
- Нийгмийн хуучин бүтэц задарч , нийгмийн ялгарал явагдаж байгаа нь илэрхий боловч уг үйл явц дөнгөж эхлэлийн төдий байгаа учраас түүнийг одоогийн шатанд бүхэлд нь дүрслэн, дорвитой дүгнэлт хийхэд хангалттай хэмжээний судалгааы материал бүрдээгүй байна.
- Улс төрийн сонирхол, байр суурийн ялгарал явагдаж эхэлжээ. Улс төрийн бүх байр суурь нийгмийн янз бүрийн бүлэг бүрт төлөөлөгдөж байна. Улс төрийн байр суурийн ялгаралд нөлөөлж болох социал-эдийн засгийн хүчин зүйлсийн корреляцийн коэффициент сул буюу дунд (0.11-0.26) байна.
- Монголчуудын дунд хэт радикал байр суурь баримталдаг хүмүүс цөөн, харин либерал байр суурь зонхилох хувийг эзэлж байна (68 орчим %).Либерал байр суурь ийнхүү давамгайлж байгаа нь нэг талаар монголчуудын сэтгэл зүйтэй холбоотой боловч нөгөөтэйгүүр өнөөдөр либерал болон аядуу байр суурийг ялган зааглахад төвөгтэй байснаас үүдэн гарсан болов уу. Цаашдаа хүмүүсийн улс төрийн сонирхол, байр суурь, үйл байдлыг судлахдаа чухам эн бүлэгт илүү анхаарал хандуулж, судалгааны аргаа боловсронгуй болгох хэрэгтэй болж байна.
Консерватив байр суурь баримталж буй хүмүүсийг өнөөдрийн нөхцөл байдал (Status Quo)-тай уялдуулж дүгнэхэд хэт хуучинсаг байр суурийн агуулгаас зарчмын хувьд ялгагдахгүй гэж дүгнэх үндэстэй билээ. Ингэж үзвэл (судалгаанд хамрагдсан тоон дээр үндэслэвэл ) дэвшил чиглэлийн хөгжилд эсрэгээр хандаж буй хүмүүсийн хувь 20 орчим болж байна.
- Хүмүүсийн үнэт зүйлсийн баримжаалал өөрчлөгдөн шинэ үнэт зүйлс төлөвшиж эхлэх хандлага ажиглагдаж байна. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх олонх ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэм чухал хэмээн үзэж буй боловч тэдгээрийг нөхцөлдүүлж, баталгааг нь хангагч зүйлүүдийн үнэлгээ төдийлөн өндөр бус байгаа нь шинэ үнэт зүйлсийн талаарх хүмүүсийн төсөөлөл өнгөцхөн, итгэл үнэмшлийн түвшинд хүрч чадаагүйг харуулж байна. Иргэдэд улс төр, нийгмийн шинэ үнэт зүйлсийн баримжааллыг төлөвшүүлэхэд төр, засгийн зүгээс ямагт анхаарч , олон талын арга хэмжээг систем , дэс дараагаар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эс тэгвээс шинэ үнэт зүйлсэд итгэх хүмүүсийн итгэл аажмаар алдархад саад тотгор учруулах болно.
Харьцангуй нийтлэг сонирхол, эрх ашиг бүхий нийгмийн том бүлгүүд, ялангуяа нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг дунд анги бий болж төлөвшөөгүй , хүн амын дийлэнх олонх нь ядуу буюу ядуувтар амьдралтай, ардчиллын уламжлал тогтоогүй байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн янз бүрийн бүлгүүдийн үйл байдал ямар байж болохыг урьдчилан таамаглахад төвөгтэй байна. Эдийн засгийн болон нийгмийн хурц асуудлуудыг шийдвэрлэлгүй удах аваас хүмүүсийн байр суурь радикал тал руу хэлбий магадлал харьцангуй их байна. Бага, дунд бизнесийг хөгжүүлэх, оюуны хөдөлмөрийг бизнес эрхлэх явдалтай холбох таатай нөхцлийг бий болгох замаар дунд давхрагыг бүрдүүлэх талаар төрөөс явуулах цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ /Ph.D/
[1] “Баруун”, “Зүүн” гэж ялгадаг болсон нь Франц улсын улс төрийн уламжлалтай холбоотой анх гарч иржээ. Хаант засгийг дэмжигчид хааны баруун гар талд суудаг байсан ба уг байдлыг дэмжигчид түүний зүүн талд суудаг байжээ.
[2] Хүчирхийлэл бол улс төрийн экстремист бүлэглэлийн үндсэн хэрэгсэл болдгийг хүн бүр мэднэ. Гэвч үүнээс өөр байр суурь бүхий хүмүүс доторхой хэмжээний хүчирхийллийг мөн дэмжинэ. Тухайлбал, цаазаар авах ял оноох эд хөрөнгийг нь хураах , дайн зарлах зэрэг нь улс төрийн байршлын аль ч хэсэгт хамаарах хүмүүсийн дэмжлэг хүлээж болох хүчирхийллийн л хэлбэрүүд билээ.
[3] Сүүлийн гурван удаагийн сонгуульд оролцсон хүн амын тоо :
1990 оны Улсын Бага Хурлын сонгуульд 1027277 , 1992 оны Улсын Их Хурлын сонгуульд 974387, 1993 оны Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 1023781 хүн тус тус оролцсон байна.