Б.Дэлгэрмаа
/УИХ-ын гишүүн, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
Шинэ толь №30, 2000
Түлхүүр үг: Намын тогтолцоо, үзэл баримтлал, төрийн тогтолцоо, иргэн ба нам, үүрэг роль
Хэдийгээр ардчилсан оронд төрийн салшгүй эд эс, улс төрийн тавцанд гол тоглогч болдгийн тухайд намын талаар цэгцтэй ойлголт ухагдахуун нэгэнт тогтчихсон байдаг бол энэ институтийн хувьд төлөвшлийн шатандаа явж буй манай нийгэмд нэлээд анхаарал татах сэдэв юм.
Манай оронд олон намын тогтолцоо үүсч хөгжсөн түүхийг бид ардчилсан хөдөлгөөний гарал үүсэл, хөгжлийн түүхээс шууд сурвалжлах нь зүй. Монголд өрнөсөн ардчилал нь 1989 оны сүүлээрх Прагийн зөөлөн хувьсгал, Берлины хана нуралт, Бухарестын цааз ял зэрэг Зүүн, Төв Европыг донсолгосон улс төрийн газар хөдлөлтүүдийн логик үргэлжлэл байв. Ийнхүү 1989 оны намар – өвлийн үйл явдлууд санамсаргүйгээр эхэлсэн учраас үүнийг газар хөдлөлтэй зүйрлэдэг нь тохиолдлых биш. Бодит социализм Өрнөдтэй өрсөлдөхдөө соёл, нийгэм, эдийн засаг, экологи, улс төрийн асуудлыг шийдэж чадаагүй тул үзэл суртал, зохион байгуулалтын тогтолцооны хувьд ялагдал хүлээсэн юм. Эрх чөлөөний тухай үзэл санааг жагсаал цуглаанаар илэрхийлж тэдгээр нь нийт ард түмний дэмжлэгийг хүлээн авч яваандаа хөдөлгөөн нь холбоо, Холбоод нь улс төрийн намууд болтлоо өсч торнисон. Манайд ч тэр эдгээр үйл явдал цаг хугацааны хроник төдийгүй үйл явдлын өрнөл, давталтаар чтэр ижил төстэй байв. Монголын Ардчилсан Холбооноос Монголын Ардчилсан Нам, Ардчилсан Социалист Хөдөлгөөнөөс Монголын Социал демократ Нам, Шинэ Дэвшилт Холбооноос Монголын Үндэсний Дэвшлийн Нам зэрэг намууд үүссэн билээ. Харин улс төрийн аливаа намын статусыг Тодорхойлдог:
- улс төрийн систем ба төрийн механизмд намын гүйцэтгэх роль
- улс төрийн нам байгуулагдах ба татан буугдах нөхцөл, журам
- үзэл суртал, мөрийн хөтөлбөр
- зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны журам
- санхүүжилт
- Сонгуульд оролцох байдал зэрэг эд эсийг дээрх намууд хэр агуулж байсан бэ?
Эдгээрээс намуудын ганцхан үзэл суртлын төлөвшилтийг авч үзье.
90-ээд оны эхэн үед хуучин захиргаадалтын систем, нэг намт vaan сурталжсан улс төрийн дэглэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халж өөрчлөх нэгэн зорилго дэвшүүлсэн улс төрийн намууд үүсч тэдгээр нь тодорхой үзэл суртлын номлол, нийгмийг өөрчлөн байгуулах цэгцтэй концепци, өөрсдийнх нь электоратыг бүрдүүлдэг нийгмийн давхраанууд зэргээр өөр хоорондоо ялгагдах нь бараг үгүй байв. Тухайлбал, эдүгээ парламентад суудалтай гурван намын намтрыг цухас сөхөхөд:
Нэг. Гол төлөв МУИС-ын физмат-ийн багш нараас удирдлага нь бүрдсэн МСДН социал демократ үзэл номлол гэхээс илүү радикал либерал чиглэлийг эхэн үед барьж байсан. Барууны чиглэлийн МҮАН-тай сонгуульд эвсэл болон орохдоо ч тэр үзэл суртлын нэг их ялгаа зөрүү байхгүй байсан. Гэхдээ Социнтерний жинхэнэ гишүүн, ялангуяа 96 оноос хойш өөрсдийн уламжлалт нийгмийн бааз болсон багш, эмч нарын хүрээнээс хальж сэхээтний бусад давхраа руу хандаж эгнээгээ нэлээд тэлсэн тус нам хуучин тогтолцооноос өвлөгдсөн нийгмийн баримжаатай бодлогыг үгүйлдэг хүн амд нэлээд Популярный байх магадлалтай. Дээр нь угаас нийгмийн статус Ижил шахам гишүүнчлэлтэй МСДН-д намын дотоод зөрчил, гишүүдийн дураар авирлалт тэр бүр ажиглагддаггүй.
Хоёр. МҮАН нь тодорхой асуудлаар өөрийн өвөрмөц байр суурьтай харизмат лидер тойрсон бүлэглэлүүд МоАХ дотор бүрдэж С.Зориг тэргүүтэй Монголын Консерватив нам, радикал консерватив чиглэлтэй Э.Бат-Үүл, дараа нь М.Энхсайхан МоАН-ыг удирдаж, гол төлөв эдийн засагчдаас бүрдсэн либерал чиглэлийн Да.Ганболд тэргүүтэй МҮДН, аядуу либералууд болох Сэргэн мандлынхан зэргийн нийлбэр МҮАН-ыг бий болгосон. Үндсэндээ либерал-консерватив буюу барууны чиглэлийн намууд нэгдэж МҮАН-ыг бий болгосон нь дундаж чинээлэг ангид дулдуйдсан нийгмийн баазтай /электорат нь/ номад соёлын индивидуалист аж төрөх ёсны хэв маяг давамгайлах хандлагатай Монголын нийгэмд энэ нам ирээдүйтэй бөгөөд улс төрийн тавцанд цаашид ч шийдвэрлэх үүрэгтэй оролцож байх нь ойлгомжтой. Гэхдээ МҮАН-д харизмат лидерийг үгүйлэх, тэдгээрийг тойрсон фракциуд байнга үүсч намаа доргиодог нь гэм биш зан болсон гэлтэй. Нэрмээс болж нийгмийн бүхий л давхраажлын төлөөллийг багтааж байгаа МоАХ-ны ихэнх гишүүд нь МҮАН-д байдаг тул тэрээр Польшийн Эв санааны нэгдэл хөдөлгөөний жишгээр цаашид улс төрийн үйл ажиллагаа явуулна гэвэл зовлонтой Улс төрийн холбоод, хөдөлгөөн нь түүхэн үүргээ нэгэнт гүйцэтгэсэн тиймээс ардчиллын эхэн үед байсан шигээ ажиллах гээд гэнэт идэвхжин амилж эсхүл популист уриа лоозонгоор даллан эх оронч шинэ хөдөлгөөнүүд үүсэх нь түүхийн мэдрэмжгүйг гэрчлэх буй заа. Учир нь тогтолцоог үндсээр нь өөрчлөх түүхэн үед л нийгмийг бүхэлд нь хөдөлгөөнд оруулж болдог гэдгийг шинэ цагийн популистууд анзаармаар. Гэхдээ илтгэлийнхээ хоёр дахь хэсэгт дурьдах социал шинэ хөдөлгөөнийг манай дээрх холбоо, хөдөлгөөнөөс ялган салгаарай.
Гурав. Парламентын цөөнхи болж буй МАХН-ын хувьд ардчиллын эхэн үед Москвагийн цагаар амьдрахыг үл хүссэн ард түмний хүсэл зоригт зохицон нийцэж шинэчлэгдэхийг эрмэлзэж байсан нь хэдий 1990-1992 онд эрх баригч хүчин болсон ч Засгийн газрын бүрэлдэхүүнд ардчилсан хүчний төлөөлөгчдийг оруулсан, Улсын Бага Хурлын үйл ажиллагаа зөвшилцлийн механизмаар явагдаж байсан зэрэг гэрчилнэ. Харин 1992 оны сонгуулийн үр дүнд нэг нам дангаар төрийн эрх барих болсон нь МАХН-ын хувьд шинэчлэгдэн өөрчлөгдөж байсан намынхаа процессыг үндсэндээ үгүй хийхэд хүргэсэн. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл бол энэ нам парламентын үнэмлэхүй дийлэнх олонхийн суудалтай – 93 хувь, засаг захиргааны бүх түвшинд нэг аймгийн засаг даргын орлогчоос бусад нь МАХН /нийслэл, аймаг, сум дүүрэг, баг, хороодын засаг дарга нар/ төрийн өмчийн оролцоотой бүх аж ахуйн нэгж, Компанийн удирдлага энэ намынх байсан. Тэгээд ч ах дүү Коммунист намуудын дундаас ганцаараа шахам хориглогдож тараагүй тус нам 1992-1996 оны үеийн нөхцөлд өөрсдийгөө хэн бэ гэдгээ тодорхойлохыг идэвхтэй эрэлхийлж байв.
Давтан хэлэхэд хуучин социалист блокийн орнуудын Коммунист намууд таран бутарсан, Монголын нийгэм ч 40 гаруй хувийн саналаа ардчилсан хүчинд өгсөн хэдий ч сонгуулийн механизмын дутуу дулимагаас 7-хон хувийн суудал авсанд сэтгэл гонсойсон тэр үед шууд социалист үзэл суртлыг өөрийн болгон тунхаглах зориг хүрээгүй болов уу. Тиймээс ч тэр үеийн МАХН-ын удирдлага төв үзэл, Нагаржунагийн сургааль зэргээр намынхаа номлолыг тайлбарлаж байв. Ийнхүү албан ёсны коммунист үзлээсээ татгалзсан учир бид хуучин МАХН бишээ, шинэчлэгдсэн нам гэж ухуулан сурталчилсан ч хоосон чанар инфляцийг хэрхэн бууруулах вэ? төв үзэл эрчим хүчний өрийн сүлжээг хэрхэн тайлах билээ дээ.
Шийдвэртэй алхмууд эдийн засагт хийгдээгүйгээс хувьчлал үндсэндээ зогссон, үнийн либеральчлал явагдаагүй банк санхүүгийн тогтолцоо дампуурлын ирмэгт хүрсэн зэргээр хугацаат дөрвөн жил амиа торгоосон нь сонгуулийн үр дүнд шууд илэрсэн. Сонгогч түмэн МАХН улс орныг хэрхэн удирдах бодлогоо хэлж чадаагүйгээс Ардчилсан холбоо эвсэлд саналаа өгсөн болохоос биш энэ хэдэн залуучуудад өгөөд алдая гэсэн санаа өвөрлөөгүй юм.
Харин 1997 оноос хойш намын шинэ удирдлага гарч ирж намын баримт бичигтээ зүүний төв социалист ардчилсан нам хэмээн өөрсдийгөө тодорхойлсон нь үзэл номлолоо цэгцлэх, ингэснээр ямар ч атугай зүүний намуудын уламжлалт бодлого явуулах зэрэг улс төрийн намын наад захын шинж төрхтэй болов.
Парламентад суудалтай намуудын төлөвшилтийн асуудлыг зөвхөн үзэл суртлын тэнхлэгт хэн нь хэн бэ гэдгийг тодруулах гэхэд л ийм байхад бүхэлд нь яривал ихээхэн цаг зав зарцуулна. Иймд парламент дахь намын бүлгийн тоглоомын дүрэм, олонхи, цөөнхийн статус зэргийг хөндсөн цөөн хэдэн санаа хэлье.
- Манай төрийн тогтолцоог зохицуулж буй хуулиудад хариуцлагыг бий болгоход чиглэсэн заалтууд ихээхэн үгүйлэгддэг. Тухайлбал, УИХ-ын суудлын 10 гаруй хувь буюу 8-аас дээш суудал авсан нам намын фракц буюу бүлгээ байгуулах боломжтой байдаг. Үүнээс үндэслээд Үндсэн хууль, түүний органик хуулиудад хууль санаачлах эрхийг гагцхүү намын бүлэгт олгох хэрэгтэй байна. Одоо бол манайд хууль санаачлах з субъект бий: УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч. Тэгэхлээр УИХ-ын гишүүн гэдгийн оронд намын бүлэг болгох хэрэгтэй байна. Парламентын засаглалтай аль ч оронд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай хуулиудаа Засгийн газар нь боловсруулж парламентдаа өргөн мэдүүлдэг. Засгийн газар нь салбарын мэргэжлийн үүднээс ч тэр, хуулин дээр ажиллах аппаратын хувьд ч тэр парламентаас илүү давуу байдалтай байдаг нь ойлгомжтой. Манайд ч ялгаагүй. Харин УИХ-ын хуулинд заасан намын бүлгийн ач холбогдол яагаад бүрэн илэрдэггүй гэвэл тойргоосоо хамаарсан УИХ-ын гишүүд ганцаарчилсан тоглолт хийх сонирхол их байна. Зарим нь бүр тодорхой яам, газрын боловсруулсан хуулийн төслийг авч өөрсдөө санаачлагч нь болж “тодрох” хүсэлтэй байдаг. Яагаад чухамхүү хувь гишүүн биш намын бүлэг хэмээж байгаа нь парламентын гал тогоо бол намын бүлгийн буюу олонхи, цөөнхийн өрөө юм. Энд бүх хоолны жор зохиогдож хуулийн гол үзэл санаа төрж боловсрогдоно. Дараа дараагийн шат буюу байнгын хороод мэргэжлийн үүднээс уг хуулийн төсөлд хандахаас биш хуушуур хийчихсэн байхад түүнийг нь бууз болгох гэж давхихгүй нь ойлгомжтой. Нэгдсэн чуулганы хуралдаан бүр хялбар. Тэнд гишууд нэгэнт тохирсон зүйл дээр товчлуур дарна. Тэрч утгаараа гишүүдийг маханбодиор суулгаж санал хураалгах нь утгагүй юм. Үүнийг харин ажилдаа огт ирдэггүй, Их Хурлын хуралдааны бүртгэлд ордоггүй, сураггүй алга болдог сахилгагүй гишүүдийн араншинтай бүү холиорой. Харамсалтай нь манайд парламентын бодлогын өрөөний байршилт урвуу эсрэг тул хамгийн ач холбогдолтой нь Чуулган болж дараа нь байнгын хороо дараа нь намуудын бүлгийн ажил болчихсон.
- Парламентын цөөнхид (би энд одоо цөөнх байгаа МАХН-ыг хэлээгүй ерөнхий утгаар нь цөөнхийг хэлж байгааг анхаарна уу) хариуцлага үүрүүлэх хэрэгтэй байна. Ард түмнээс адилхан итгэлийн мандат аваад сонгогдчихсон боловч эрх барих тийм хэмжээнд хүрээгүй тул гагцхүү төрийн бодлогыг шүүмжлэх байр суурь хангалтгүй. Гэхдээ цөөнхийг дотор нь ангилах хэрэгтэй. Хэд хэдэн хувилбарыг үзье.
А хувилбар: Бүлгийн хэмжээнд буюу 8 суудал аваагүй нам
Дээр хэлсэнчлэн эдгээр нь хууль санаачлах ч эрхгүй байна. Ингэснээр тохиолдлоор орж ирсэн хүмүүсийн үйл ажиллагааг одоогийн жижиг сонгуулийн тойргийн энгийн олонхи – 25%-иас дээш сонгогчдын санал авсан хүн гарч ирэх магадлал их юм/ зохицуулах боломжтой. Нөгөө талаас олон янзын сонирхол бүхий олон жижиг намууд манайх шиг жижиг парламентад тоглох гэвэл улс төрийн тогтворгүй байдал үүсгэх боломжтой. Иймд тэдгээрийг шахаж ямар нэгэн том намтай эвсэх боломж олгох нь чухал. Энэ нь намын бүлэг байгуулж чадаагүй намд ч ашигтай. Учир нь хийсвэрээр 5 суудал авсан жижиг нам 35 суудал авсан намтай эвсээд Засгийн газар байгуулах боломж бүрдэх нөхцөлд өөрсдийн бодлогоо зарим талаар хэрэгжүүлэх боломж жижиг намд нээгдэнэ.
Б хувилбар: 26 суудал авсан нам
Энэ нь УИХ-ын гуравны нэгийг бүрдүүлэх хэмжээний суудал учир нэгд УИХ-ын ирц бүрдүүлэх, хоёрт Ерөнхийлөгчийн хориг хүлээж авах хэмжээний нөлөө бүхий цөөнхи юм. Эдгээрийг парламентын зөвшилцөлд оруулж тооцохын тулд УИХ хэд хэдэн дэд даргатай байх заалтыг Үндсэн хуулиндаа оруулах, нөгөөтэйгүүр зарим байнгын хороодын дарга нарын суудлыг ийм хэмжээний суудал авсан намд өгч байх практикийг хэвшүүлэх.
В хувилбар: 26-аас 38 хүртэл суудал авсан нам
Энд Б хувилбарын дэд дарга, байнгын хороодыг даргалуулах зэрэг нь зайлшгүй байхаас гадна шууд сүүдрийн Засгийн газар байгуулах хэмжээнд хуульчлах хэрэгтэй. Ялангуяа одоогийн сонгуулийн хууль үйлчилсэн хэвээр нөхцөлд нөхөн сонгуулиар 38 суудал авсан нам эрх баригч болох ч магадлал өндөр юм.
- Намын гишүүдийн сахилгын асуудал. Энд бодлогын шинжтэй асуудлаар нэгдсэн байр суурьтай байх үүднээс санал хураалтад оролцохдоо намын бүлгийн гаргасан шийдвэр болон өөрийн итгэл үнэмшилд нийцэж санал хураалтад оролцох хоёрыг зөв хослуулах механизмыг олох хэрэгтэй байна. Үүнд УИХ-ын бүх санал хураалтыг ил болгох нь ихээхэн түлхэц өгөх болов уу.
- УИХ-ын гишүүний суудлын үнэ өртгийг эргэн харж өөрчлөх нь аливаа намыг эдийн засгийн ямар нэгэн бүлэглэлээс хамаархаас урьдчилан сэргийлэх юм. Улс төрийн ба эдийн засгийн элит сүлбэлдэн хөгжиж буй манай нийгэмд цаг алдалгүй намуудын санхүүжилтын асуудлыг хууль зүйн үүднээс маш тодорхой цэгцлэхгүй бол нэг компаниас санхүүждэг намаас эхлээд хүмүүсийг мөнгө өгч намдаа элсүүлэх, улс төрийн рэкет хийх зэрэг үзэгдэл мэр сэр илрэх хандлага үүсч байгаад санаа зовохгүй байхын аргагүй.
Ер нь манай нийгмийн улс төрийн амьдралд олон намын тогтолцооны төлөв байдал ямар байх вэ? Одоогийх шиг хүн амтайгаа харьцуулахад ихээхэн хэмжээний улс төрийн намууд оршин байх уу? МҮАН, МАХН гэсэн үзэл сурталжсан том намуудын туйлшралыг дэвэргэж дундаас нь хожоо олохыг эрмэлздэг жижгэвтэр намуудтай одоогийн олон намын тогтолцоо байх уу эсхүл ерөнхийдөө жижгэвтэр 4-5 намтай олон намын тогтолцоотой байх уу эсхүл үзэл суртлын тэнхлэг дэх барууны ба зүүний чиглэлийн хоёр том нам ээлжлэн эрх барих савлагаатай сонгуулийн систем руу орох уу?
Ерөнхийдөө хомоген нийгэм – нэг соёл, үндэстэн, түүх, хэл, шашинтай, цөөн хүн амтай нийгэм хоёр намын тогтолцоог нөхцөлдүүлж байгаа юм. Гэтэл индивидуалист эрмэлзлэлтэй боловч коллективист ухамсартай, нийгмийн эв санааны нэгдлийн үзэл санаа төлөвшөөгүй боловч бүх нийтээр чинээлэг аж төрөх шаардлага тавьдаг дундаж иргэнтэй, хот хөдөөгийн амьдралын хэмнэл, хэв маяг нэлээд их ялгарч үндсэндээ номад, суурин хоёр иргэншил зэрэгцэн орших хандлагатай, эцэст нь давхраажлын процесс сүүлийн 6 жил эрчимтэй явагдаж байгаа нь аль ч намыг шууд энэ бол манай намын найдвартай, тогтвортой сонгогчид хэмээн тодорхойлох нийгмийн бааз суурь үгүй. Ийм калейдоскоп фон дээр нийгмийн захиалга олон янз байх магадлалтай тул олон янзын сонирхлыг илэрхийлсэн олон жижгэвтэр намууд гарах нөхцлийг бүрдүүлж байна.
Үзэл суртлын хөгжлийн талаар товч хэдэн санаа хэлье. Хөрөнгөжих, нийгмийн ялгарал, давхраажлын процесс тун эрчимтэй явагдаж буй Монголд гэр бүлийн үнэт зүйлээс улбаалан санал өгдөг уламжлалт электорат байхгүй нь үзэл суртлын үндсэн номлолууд хөгжөөгүй мөн тэдгээр нь хүмүүсийн итгэл үнэмшил болж хараахан төлөвшөөгүйг гэрчилнэ. Гэхдээ энд бид неолиберализм, неоконсерватизмын үзэл санааг Монгол хөрсөнд суулгахад гол биш, харин шинэ Мянганы босгон дээр Монгол улс өрсөлдөөнт ертөнцийн чухам хаана нь явж, хэрхэн амьдрах нь илүү чухал болж байна. Иймд глобалчлал ба фрагментчлал, интеграчлал ба регионалчлал зэрэг эсрэг тэсрэгийн нийлбэрээр хөгжиж буй орчин үеийн дэлхийн нийгмийн ерөнхий хандлагыг харах хэрэгтэй. Үндэсний цуврал бага хурлын эхнийхэд би манай нийгмийн социаль хүрээнд явагдаж буй шинэчлэл нь Европын 100 жилийн өмнө үйлчилж байсан Бисмарк, Бевержигийн загварыг хуулбарлаж буйг шүүмжилж, хөгжлийн ерөнхий хандлагыг мэдрэх хэрэгтэйг сануулсан нь ямар нэгэн резонанс үүсгээгүй.
Тэгвэл өнөөдөр Өрнөдөд бидний маргаад байгаа баруун, зүүний чиглэлийн үзэл суртал гэхээс илүү 60-аад оны дунд үеэс дэлгэрсэн социал шинэ хөдөлгөөнүүдийн ёс зүйд жор бэлтгээд нийгмээ хаосоос хамгаалж чаджээ. Тэгэхээр бид үзэл суртлын хөгжлийн хүрээнд 100 жилээс арай гайгүй 30 жил Өрнөдөөс хоцорч байна. 60-аад оны дунд үеэс Европыг донсолгож байсан шинэ маргиналууд соёл дахь Модернист парадигм, түүнээс үүссэн технократ үзэл суртлын хямралын үр дагавар байлаа. Эдгээр хөдөлгөөн нь юуны өмнө эмэгтэйчүүд, залуучуудыг хамарч неофройдизмыг философио болгож байв. Хувь хүний мөн чанарыг гуйвуулж биеийн хөдөлмөрөөс илүү нарийн мэдрэмтгий хүний материйг орчин үеийн технократ нийгэм мөлжин ашиглаж байна хэмээн неофройдистүүд шүүмжилдэг.
ХХ зууны эхний хагаст хөрөнгийн хуримтлал явагдаж байсан бол XX зууны хоёр дахь хагасаас хойш технократ нийгэм, хүн, түүний оршин амьдардаг байгалийг захиран зарцуулах эрх мэдлийн хуримтлалыг бий болгосон. Тийм учраас нийгмийн дотоод зөрчил өөр мөн чанартай болсон, хөдөлмөр хөрөнгийн хоорондаxь зөрчил биш, шийдвэр гаргах технократ систем болон түүнийг биелүүлэгчдийн хоорондох зөрчил болсон юм.
Ийнхүү шинэ социал хөдөлгөөнүүд нь постмодерн эрин үеийн улс төрийн субьект болж байгаа тул үзэл суртлыг шинэ шинж чанартай болгон өөрчилж байна. Хувь хүний автоном, үл оролцох байдал, давтагдашгүй чанарыг хүндэтгэх, униформчлохоос татгалзаж социосоёлын олон ургальч үнэлэмжийн төлөө тэмүүлж байна. Эдгээр үнэт зүйл улс төрийн бодит байдалд шинэлэг зүйл оруулж байгааг тооцох хэрэгтэй. Энэ нь нэгдмэл цул иргэний нийгмийг задалж нийгмийн бүлгүүдийг нас, хүйсээр ялгах, хөдөлмөр, сахилга, амжилтын талаарх тогтож хэвшсэн дайчилгааны ёс зүйг үгүйсгэсэн билээ.
Энэ бүх хөдөлгөөн нь хөгжил дэвшил бол экологи, соёлд хохирол учруулдаг тул түүнд буруутай төрийн институтуудыг үгүйсгэхэд хүргэсэн. Гэхдээ ХХ зууны туршид Өрнөдөд бий болсон хоёр том хямрал: зууны эхэнд Марксын үгээгүйчүүд-пролетариуд, харин зууны төгсгөлд хиппи, неофройдистуудын хөдөлгөөнийг нийгмээ донсолгож хувьсгал хийлгүйгээр гэтлэн давж чадсан бол бид пролетарийн ч хувьсгал, үйлдвэржилтийн эрин үеийн хамгийн их технократ гажуудлын илрэл болсон социалист аж үйлдвэржилтийг ч аль алиныг амссан юм. Тоталитар дэглэмийн нууц нь дайчилгаа (коммунжих, нэгдэлжих, атар эзэмших, илгээлтийн эзэн болох Г.М), бүгдийг униформчлох (адил сэтгэх, амьдралын ижил хэв маяг, хамт олонтойгоо хөл нийлүүлэн алхах эгнээнээс илүү гарч болохгүй, илүү амьдарч, сэтгэснийг гэсгээн цээрлүүлэх) байсныг цаг ямагт санах хэрэгтэй.
Орчин үеийн мэдээлэлжсэн нийгэм хүмүүсийг ижилсүүлэх, нэг хэв загварт оруулах бус харин нас, хүйс, газар нутгийн байршил, Г.М. давхраажлын үүднээс хандахыг нөхцөлдүүлэх ёстой. Эдгээр шинэ ялгарлын үр дүнд социал эрчим хүчний шинэ төрлүүд үүсч болно. Одоогоор эдгээр нь илүү маргиналуудын хөдөлгөөнийг санагдуулж хамтын амьдрал, иргэний зөвшлийн зарчмуудыг эвдэх ихээхэн эрч хүч болоод байна. Сахилга, дайчилгааг үгүйсгэж буй шинэ үеийн пролетариуд “бодит зарчмын эсрэг хэрэглээ, таашаалын” зарчим тунхаглаж байна. Бүрэн тусгаар орших, өөрсдийгөө хангахыг эрмэлзэж социал чиг үүргийг үгүйсгэдэг. Иргэний хэм хэмжээ, үүргийг хийсвэрлэн ойлгож буй хүмүүс улс төрийн нийгэмшилтийг туулж өнгөрөөгүй учир ингэж номлодог. Өрнөдөд “хэрэглээний зарчмыг” неоконсерватив шинэ давалгаагаар цохиж чадсан бол бодит ардчилалд хараахан хүрээгүй манай нийгэмд дураар авирлалт хэмжээгүй их өссөн. Мэдээж шинэ хөдөлгөөний бүхнийг сөрөг хэмээн тайлбарлаж болохгүй л дээ, улс төрд авчирсан түүний шинэлэг тал нь харизмын альтернатив болсон. Иймд улс төрд албан бус бүлгүүд, иргэний санаачлагын хөдөлгөөнүүд чухал юм. Том улс төр өдөр тутмын амьдралын нарийн ширийнийг анзаарахгүй өнгөрч болно. Тэгвэл улс төрийн үзэл бодол, нийгмийн ялгаанаас үл хамааран тодорхой асуудлаар түр хугацаагаар хүмүүс нэгдэж түүнээ төр засгаар шийдүүлж байвал социал технологийн нэгэн төрөл болж уламжлалт улс төрийн бодлогыг баяжуулж болно.
Харин постмодерны радикалууд шиг иргэний санаачлагын хөдөлгөөнийг абсолют болговол улс төрийн институтууд хэрэггүй болно гэсэн үг. Нам төвтэй төрөөс иргэн төвтэй төр зэрэг популист лоозонгоор халхавчлан төрийн эсрэг үл гүйцэлдэх янз бүрийн онол нь эцэстээ дарангуйллаар төгсдөг. ХХ зууны гашуун туршлага бидэнд бий. Постмодерны альтернатив нь төлөөллийн ардчиллыг үгүйсгэдэг. Төлөөллийн ардчилал мэдээж өөрийн дутагдалтай. Төлөөлөх явцад нийгмийн захиалгын анхны утга агуулга алдагдаж болохыг үгүйсгэхгүй. Депутатын болон, парламентын намын сонгогчдоо “мартах” явдал улс төрд тохиолддог нь ховор биш. Түүнчлэн төлөөллийн ардчилал эргэх холбоог тэр бүр хангаж чаддаггүй тул сонгогчдын социал шинэ захиалга, хэрэгцээг цаг алдалгүй тусгахад хүндрэл учирдаг нь сонгогчдыг дараагийн сонгууль хүртэл хүлээхээс өөр аргагүйд хүргэдэг тал бий. Гэхдээ энэ бүх дутагдлыг үндэслэж төлөөллийн ардчиллыг үгүй хийж түүнийг шууд ардчиллаар солье хэмээн онолын хувьд бодоход орчин үеийн нийгэмд түүнийг хэрэгжүүлэх ямар механизм байх вэ? Учир нь орчин үеийн иргэн зөвхөн жижиг бүлэгт нийгэмшдэггүй, тэрээр макро бүтцэд улс төрийн хувьд нийгэмшдэг.
Том улс төрийг үл тоож, нийгмийг бүгд бие биеэ ойлгодог нэгэн гэр бүл хэмээн төсөөлөх нь өөрөө утопи, түүнийг хэрэгжүүлэхийг бүх тоталитар үзэл сурталчид амладаг.
Тухайн үед зүүний радикалууд иргэний нийгэм, эрх зүйт төрийг хөрөнгөтний хүнд суртлын албархаг харьцаа, парламентыг хоосон чалчигчдын цуглардаг газар хэмээн шүүмжилснээр фашизм, коммунизмыг төрүүлсэн. Постмодерны эсрэг соёл нь нэгдмэл иргэний нийгэм, орчин үеийн төрийг хүмүүсийн ялгаанд анхааралтай хандахгүй байна гэж шүүмжилсэнээр юунд хүргэх вэ? Нэгдмэл улс төрийн үндэстний хуулиар амьдрах нь ардчиллын аугаа их чадвар. Энэ нь иргэний зөвшил, улс төрийн тогтвортой байдлыг хангана.