/Улс төр судлаач, МА/ 2020.03.10
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Өнгөрөгч оны 12 дугаар сарын 31 ний өдөр албан ёсоор бүртгэгдсэн COVID-19 буюу шинэ төрлийн титэмт вирус БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй дэгдэж өнөөдрийн байдлаар /2020.03.10/ дэлхийн 115 орны 114,458 хүнд халдварлаж, үүнээс 4027 хүн үрэгдэж, 64215 хүнийг амжилттай эдгээгээд байна. Уг тоон бүртгэлд Монгол улсад ажиллаж, амьдарч байсан 57 настай Франц улсын иргэний нэрээр Монгол улс 2020.03.10 ний өдөр жагсаалтанд данс нээсэн нь нэн харамсалтай боловч бүртгэгдэх эсэх нь ерөнхийдөө цаг хугацааны асуудал байв.
Нийгмийн сэтгэлзүй нь өөрөө их хэврэг, хөрвөгч шинжтэй байдаг бөгөөд энэ үйл явцыг буруугаар ашиглан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандалт авах, ЭГО-гоо хөхиүлэх тохиолдол бишгүй гарч харагдаж байгаа нь туйлын харамсалтай. Хэрэг явдал нэгэнт ийм болсон учир нийгмийн сэтгэлзүй гэж чухам юу болох, нийгэмд паник үүсэх нь ямар хэмжээний хорт үр дагавартай болох талаар товчхон зах зухаас нь дурьдахыг хичээе.
ОЛОН ТҮМНИЙ СЭТГЭЛЗҮЙ
Нийгмийн сэтгэлзүй гэдэг нь ерөөс бие хүний сэтгэлзүй олон хүний дунд ормогцоо хэрхэн өөрчлөгдөн хувьсаж байдгийг судлах зорилготой СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШУ-ны салбар ухаан гэж ойлгож болно. Нийгмийн буюу массын сэтгэлзүйг судлах чухал ач холбогдол нь хариуцлагын механизмтай нягт холбоотой учир нь бие хүн хуулийн өмнө ямагт хариуцлага хүлээж байдаг бол төөрөлдөм олон хүний дунд бие хүний хүлээх хариуцлага замхарч байдаг тухай энэ салбар шинжлэх ухааны томоохон төлөөлөгчид болох Зигмунд Фройд, Густав ле Бон, Габриел Тарде нар номлосон байдаг.
Хэдий дээрх сэтгэгчид тус тусын гаргалгаа, онолыг дэвшүүлсэн байдаг боловч энэхүү Олон түмний сэтгэлзүй /бөөгнөрлийн ч гэж нэрлэнэ/ цаг үеийн шинжтэй асуудлаар хэлбийж, хувьсан өөрчлөгдөж байдаг гэдэгт дуу нэгтэйгээр санал нэгдсэн байдаг. Тэдгээр асуудлаар бүрэлдэн бий болсон бөөгнөрлийг төрлөөр нь ангилвал:
- Идэвхитэй
хүчтэй сэтгэл хөөрөлд автсан, маш хурдацтайгаар мэдээлэл солилцсон, бүлгийн эсхүл нийтээр ямар нэг зүйл хийхэд бэлэн - Идэвхигүй
харьцангуй сэтгэл хөөрөл багатай, хоорондоо мэдээлэл солилцох процесс удаан, ямар нэг зүйл хийхэд бэлэн бус - Түрэмгий /Экстремист/
Сэтгэл хөөрлийн хувь хэмжээ дээд цэгтээ тулсан, рациональ буюу ухаалаг шийдвэр гаргах магадлал бага. Сэтгэл гутрал, цөхрөлөөс бий
болсон уур хилэн, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд үндэслэсэн бөөгнөрөл. Энэ үйл байдлын голлох онцлог нь уг олон түмэн сүйтгэгч төлөвт
шилждэг болно.
Уг бөөгнөрөл дэх хүмүүсийн ерөнхий зан төлөв дараах байдалд шилждэг байна:
1. Хүний өөрийн хяналт буурч тухайн бөөгнөрлөөс илүү хараат болдог.
2. Хувийн шинжээ алдаж бие биетэйгээ адилхан сэтгэлзүйн нэгэн илрэлтэй болж ижилсдэг.
3. Оюун ухааны чанар нь буурч сэтгэхүйн шүүмжлэлт бус байдал үүсдэг.
4. Мэдээллийг хялбархан хүлээн авч дахин боловсруулж тараах өвөрмөц онцлогтой болсон.
5. Үлэмж их итгэмтгий болдог.
6. Бөөгнөрөлд хүний бие бялдар физиологи асар их идэвхждэг.
7. Бөөгнөрөлд орсон хүний зан үйлд ер бусын хүчтэй хөөрөл үүсдэг.
Австрийн нэрт яруу найрагч, жүжгийн зохиолч Франц Грильпарцер (Franz Grillparzer; 1791-1872) “Хувь хүн харьцангуй ухаалаг, аливаа зүйлийг ойлгох чадвартай хэрнээ олуулаа цуглахаар мунхаг болон хувирдаг” хэмээгээд олон жишээ дурдаж байв. Бие хүн нэгдэж “олонх”-ийг бүрдүүлнэ. Гэтэл хувь хүний зан ааш, хийх үйлдэл нь “олонх” болсон үедээ эрс өөрчлөгдөн хувирч буйг судлаачид эртнээс анзаарсан байдаг. Испанийн философич, социологич Хосе Ортего-и-Гассет 1929 онд “Массын бослого” (Rebelión de las masas) нэртэй ном бичиж уншигчдын хүртээл болгожээ. Тэрээр бүтээлдээ ”масс” болон “массын сэтгэлзүй” гэх ойлголтыг шинжлэх ухаан талаас нь тайлбарласан юм.
Зохиогч: “Масс бол манлайлагч болоод “сүүл мушгигч”-ийн аль нь ч биш. Нийт тоо ширхэг заахаасаа илүүтэй чанарыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл “дундаж” хувь хүн гэхээсээ илүүтэй нийгэмд байр сууриа олсон “дундаж буюу олонхийн сэтгэл зүй” гэж ойлговол оновчтой. Массыг бүрдүүлэгч бие хүн “нийт” шигээ байж бусдаас ялгарахгүй байхыг эрхэмлэдэг” хэмээн бичжээ. Энэ нь олонхийн дургүйг хүргэж үл ойлголцол болон ямар нэгэн хардалт, дайсагналын бай болохгүй гэсэн баталгаа юм. Харин масст нэгдсэн бие хүн өөртөө илүү итгэлтэй болж, ганцаардах мэдрэмж, дотоод тээнэгэлзлээ умартан өөрийгөө танин мэдэх шаардлагагүй болно. Масс эргэлзэж, эргэцүүлэн бодож тунгаадаггүй. Харин сураг ажиг, дам маягийн хандлага, хов живээр удирдлага хийнэ. Сэтгэл хөдлөл илүү давамгайлах хандлагатай хэмээн сэтгэл зүйчид тэмдэглэсэн байна. Ийм олонхид “хувь хүн”, “индивидуаль үзэл санаа” буюу “дороо суурьтай, дотроо бодолтой” байх огт шаардлагагүй. Ийнхүү нийтээрээ дуураймал хэлбэр шүтэж нэгэн загварт орчих аваас хувь хүний үнэ цэнэ, бүтээлч хандлага, шүүмжлэл… огт хэрэггүй болно. Масс шүтсэн нийгэмд “зарчимгүй хуурамч” хүмүүс амжилт олох туйлын хялбар. Өөрийн санаа бодлоо тас нууж, бусдыг дуурайн хэлбэрдэж, удирдлага, олон түмэнд таалагдсан үг хэлж, үйлдэл хийх “дууниг” хүмүүс улс орныг удирдах болно. Массын сэтгэл зүйг чадамгай ашигласан улс төрчдийн алдаа бүхэл бүтэн ард түмний хувь заяагаар тоглосон жишээ олныг дурдаж болно[1]. 2008 оны 07 сарын 01 ний үйл явц ч үүнд хамрагдах боловч бидний сэдвээс хэт хальсан улс төржсөн сэдэв агуулга болох учир энэ хүрээнд өндөрлөе.
“Олон түмний сэтгэл зүйд”-д хувь хүн уусах нь сахилга хариуцлага, оюун ухаан, ухамсар, бие даасан байдал зэрэг аливаа ёс суртахууны үнэт зүйлс орхигдож гэмт хэрэг, хүчирхийллийн үндэс суурь тавигдах эхлэл юм. Гэтэл яагаад “массын сэтгэл зүй” нийгэмд баттай оршин тогтнох болов. Бие хүнийг татах ямар хүчин зүйл байгааг анзаарвал:
– Ямар нэгэн ёс суртахууны хориг үгүй тул юу хүссэнээ хийх боломжтой болно.
– Бие хүн сул тал, дутагдлаа нууж, бусдад заагч “бүхнийг мэдэгч” болж хувирна.
– Хэзээ ч хариуцлага хүлээж байгаагүй үл мэдэгдэх масст нэгдвэл хийх буруу үйлдэл бүртээ ямарч хариуцлага хүлээхгүй баталгаа бүрдэнэ.
– Өөртөө зорилго тавих, өөрийгөө хөгжүүлэх шаардлагагүй тул тав тухаа эрхэмлэх сайхан боломж нээгдэх билээ.
МОНГОЛ ДАХЬ НИЙГМИЙН ПАНИК
Сүүлийн үед цахим орчин, олон нийтийн сүлжээнд гарч байгаа хөгжил дэвшил нь “массын сэтгэл зүй” бүрдэн тогтоход хүчтэй нөлөөлөх болсон. Бодит зүйлийн үнэн мөнийг гуйвуулж нийтийн “тархи” угаах замаар өөрийн амин хувиа хичээсэн үйлдлээ хаацайлж, ашиг хонжоо ологчид олширч байна. Үүнийг өнөөдрийн /2020.03.10/өнгө төрх харуулж байгаа бөгөөд өөрийн цахим сүлжээг ашиглан нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж байна. Шатахуун түгээх станцуудын ачаалал эрс нэмэгдэв, угаас олдоц муутай байсан амны хаалт, гар ариутгагч зэргийн иж бүрэн хомсдол үүсч эхэлж байна. Гэхдээ хэрэг явдал үүгээр төгсөхгүй, уран сайхны киногоор бол дөнгөж “трейлэр” цацагдаж эхэллээ.
Монголын Засгийн газар сайн ажиллаж байна, дэлхийн аль ч улс орноос илүүтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Гэсэн хэдий боловч COVID-19 Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор дамжин ороод ирлээ. Вирус тээгч нь Францийн иргэн 57 настай эрхэм байх ажгуу. Шинэ корона вирусын тухай анхны мэдээлэл гарснаас хойш хичээнгүйлэн Улсын онцгой комисс, ЭМЯ, ДЭМБ-ийн заавар, зөвлөмжийг дагасан Монголчуудын хувьд ихэд хүндхэн мэдээгээр энэ өдрийг угтсан нь ойлгомжтой. Гэсэн хэдий боловч нийгэмд хэрхэвч эмх замбараагүй байдал үүсч болохгүй. Эс бөгөөд Иран улсын араас түүхийн хар толбо болон бичигдэх болно.
Энэ үгээр Иран улсыг харлуулахыг хүссэнгүй, тус улсад энэ оны 03 сарын 10 ний өдрийн байдлаар улсын дэд Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн дэд сайд, парламентын 5 гишүүн болон 7000 мянга гаруй хүн COVID-19 -өөр өвчилсөн байна. Үүнээс 237 хүн нас барснаас гадна тус улсад коронавирустай өвчтөнүүд байсан эмнэлгийг иргэд шатаасан хэрэг гарав. “Тэд нүгэлтэй учир өвчин туссан, нүгэлтнүүдийг гэсгээн цээрлүүлэх ёстой“ гэж шатаасан хүмүүс ярьсан хэрэг гарчээ.
Дээрх хэрэг явдал Монгол оронд бүү давтагдаасай гэсэн үндсэн гол зорилгыг агуулж уг бичвэрийг та бүхэнд өргөн барьж байгаа юм. Учир нь “түрэмгий бөөгнөрөл” бий болох нь ийм өндөр эрсдэлтэй. Халдвар тээгч Францын иргэний зураг, хувийн мэдээлэл хэдийнээ цахим орчинд түгэж эхэлсэн, үүгээр барахгүй түүний царайг харж, нүдлээгүй Монгол хүн ховор болсон байна. Цахим орчин дахь иргэдийн санаа бодол “ЭКСТРЕМИСТ” бөөгнөрөл үүсч болзошгүй хандлага ажиглагдаж байна, цаашлан Монгол-Франц улсын хоорондын харилцаанд сэв суулгах эрсдэл үүсээд буй.
Франц улсаас МУ-д суух Элчин Сайдын яамнаас “өөрийн орны иргэний аюулгүй байдлыг хамгаалах” зорилгоор нэр, зураг зэргийг нууцлахыг хүсэж УОК, ГХЯ-нд хүсэлт гаргасан боловч хэдхэн цагийн дотор тухайн вирус тээгчийн царайг “НИЙГМЭЭРЭЭ” олж тогтоосон билээ /хэвлэл мэдээллийн сувгууд хандалт авах явцуу ашиг сонирхлыг урьтал болгосон нь энэ/. Угтаа аливаа нөхцөлд манай Засгийн газар НҮБ-ийн соёрхон баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” -ийг мөрдлөг болгож, сахь эрийн мэдээллийг чандлан нууцлах, аюулгүй байдлыг нь хангах ёстой байсан. Угаас ТЕГ түүний анхны хавьтал байж болох 100 гаруй хүнийг олж тогтоосон тухай МУ-ын Шадар сайд Ө. Энхтүвшин мэдэгдээд буй. Иймээс хоёр орны гадаад харилцаа, хүний эрхийг хүндэтгэн үздэг, Либерал ардчилсан улс орон гэдгээ батлах, цаашлан нийгэмд “РАДИКАЛ” бүлэг үүсгэхгүй байх тал дээр ажиллах ёстой байсан болов уу гэж хувь судлаачийн зүгээс харж байна.
“Олон түмний сэтгэлзүйд”-д ийм тохиолдолд хувь хүн уусах нь сахилга хариуцлага, оюун ухаан, ухамсар, бие даасан байдал зэрэг аливаа ёс суртахууны үнэт зүйлс орхигдож гэмт хэрэг, хүчирхийллийн үндэс суурь тавигдах эхлэл юм. Монгол улсын Засгийн газар сайн ажилласан боловч зарим нэг алдааг гаргалаа, харин зарим алдаа уучлашгүй байдаг тул эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж цахим орчин дахь “РАДИКАЛ, “ЭКСТРЕМИСТ” уриа, явуулгыг таслан зогсоож, яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газар, ҮАБЗ-өөс иргэний хувиар шахан шаардаж байна. Хүний нэр төр, амь насанд заналхийлэл учруулж байгаа аливаа үйлдлийн эсрэг хатуу зогсож хуулийн санкци хүлээлгэх хэрэгтэй. Үүнээс гадна энэхүү дэлхий нийтийг цочроосон, халдвар мөдхөн арилж, эдгээр үйл явцын дунд Монголын ард түмэн ямар хүмүүн болохоо нотлон харуулах боломжтой. Зовлон жаргалын аль ч цаг үед “ХҮНЭЭРЭЭ” байх нь Монгол хүний онцлог билээ.
УС ХЭДИЙ ТУНГАЛАГ БОЛОВЧ
ХӨЛДӨХӨӨРӨӨ МӨС БОЛДОГ
ХҮНИЙ УХААН ХЭДИЙ САРУУЛ БОЛОВЧ
УУРЛАХААРАА МУНХАГ БОЛДОГ
-Монголын утга зохиолын нэрт зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн 4 мөртөөр энэхүү бичвэрийг өндөрлөхийн сацуу
Ухаан саруул, сэтгэл тайван байхыг та бүхнээс хүсье.
[1] Р. Даваадорж /@r.davaadorj/ – https://www.facebook.com/davaadorj.r/posts/969917559805591/