П.Очирбат
/Монгол улсын анхны ерөнхийлөгч/
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Төрийн байгууламжийн хэлбэр, Улс төрийн дэглэм, Парламентын засаглал,Ерөнхийлөгчийн засаглал,/ Ерөнхийлөгчийн бүрэн эрх, үүрэг/, Үндсэн хууль
Улс төрийн системд Төрийн тэргүүний эзлэх байр ,оролцоо түүний үндсэн хуулийн статус
НҮБ-ын гишүүн 183 орны 130 нь төрийн байгууламждаа ерөнхийлөгч хэмээх албан тушаалтайнтай.түүнийгээ төрийн тэргүүн гэж өргөмжилдөг Төрийн тэргүүн ерөнхийлөгч нь ихэнх тохиолдолд тухайн улсын тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн баталгаа байдаг.
Аливаа тусгаар тогтносон улс орон төрийн тэргүүнтэй байдаг бөгөөд Засаглалынхаа хэлбэрээс шалтгаалж Төрийн тэргүүн,Хаан, Ван,Ерөнхийлөгч,Улсын дарга, гэж янз бүрээр өргөмжлөгдсөн байх юм.
Ерөнхийлөгч хэмээх албан тушаал одоогоос 200 гаруй жилийн өмнө анх удаа АНУ-д буй болсноос хойш эдүгээ Бүгд найрамдах засаглалтай бараг бүх орон ерөнхийлөгчтэй болжээ.
Монгол улсын тухайд 1206 оноос 1924 он хүртэл Чингис хаанаас эхлэн үе залгамжилсан 37 хаан ,Манжийн хаадыг дамжин Богд хаан хүртэл төрийн төрийн тэргүүн маань хаад байжээ.
1924 оны үндсэн хуулиар Да Жунтан хэмээх төрийн тэргүүнийг сонгохгүй байхаар зааж улсын дээд эрхийг Улсын Их Хурал барих бөгөөд УИХ-ын чөлөөт цагт 30 гишүүнтэй Улсын Бага хурал тогтмол ажиллаж хууль тогтоох хийгээд төрийн эдийн засаг , төсөв санхүү,нийгмийн асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг байсныг байнгын ажиллагаатай парламентын анхны хэлбэр гэж үзэх үндэстэй юм.
Тэгвэл 1990 онд байгуулагдсан Улсын Бага Хурал өнөөгийн Улсын Их Хурлыг байнгын ажиллагаатай Парламентыг сэргээн хөгжүүлсэний 10 жилийн ой болгон тэмдэглэх нь зүйлд илүү нийцэх ажээ.
1924 оноос хйош Монгол улсын төрийн тэргүүний хууль ёсны статус алга болж ,улсын Бага хурлын тэргүүлэгчид ,Тэргүүлэгчдийн дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгчид , Тэргүүлэгчдийн дарга, эрх баригч намын дарга хавсран хамтын тэргүүний байртай байж хожим энэ тушаалтнаас “Нам ,Төрийн тэргүүн” гэж өргөмжидлөг болсон боловч хуульчилж өгөөгүй юм.
Харин 1990 онд БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулганаар баталсан БНМАУ-ын Үндс эн хуулийн нэмэлтийн тухай хуулиар БНМАУ-ын Ерөнхийлөгч бол Ардын төрийн тэргүүн ,БНМАУ-ын тусгаар тогнол, Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа мөн гэж төрийн тэргүүний статусын анх удаа хуульчилсан бөгөөд улмаар 1992 онд батлагдсан монгол улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн нэгд “Монгол улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн ,Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан .Улс төрийн системд Төрийн тэргүүний эзлэх байр,оролцоо, түүний үндсэн хуулийн статус нь үндсэндээ Ерөнхийлөгчийн үндсэн болон тодорхой бүрэн эрхээр тодорхойлогдож байна.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн үндсэн болон тодорхой бүрэн эрх Монгол улсын үндсэн хууль бусад 40 орчим хуулийн зүйл, заалтаар зохицуулагдаж байна.
Эдгээрийн дотор Ерөнхийлөгчийн Төрийн тэргүүний болон ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд онцгойлон заасан хоёр заалт Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай 1993 оны хуульд бий. Энэ нь тухайн хуулийн 3 дугаар зүйлийн хоёрт “Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд Монгол улсын тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх ,шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан
Мөн хуулийн 3 дугаар зүлйин 3-т “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж ,шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ”.
Төрийн тэргүүнийг улс төрийн системд хамгийн дээд зиндаанд өргөмжилсөн хууль зүйн үндэс нь
- Байнгын ажиллагаатай парламентын эхний бүтэц. Улсын Бага Хурлын даргыг дэд ерөнхийлөгч байхаар хуульчилсан.
- Монгол улсын Үндсэн хуулиар “Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. ( 37 дугаар зүйл ) гэж заасан
- Ерөнхий сайдыг томилуулах, Засгийн газрын бүтэц,бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчийн санал болон болон зөвшилцлийг үндэслэн шийдвэрлэдэг.
- Ерөнхий шүүгч ,бүх шатны шүүгчид ,Ерөнхий прокурор,түүний орлогч нарыг Ерөнхийлөгч томилдог.
- УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх эдэлдэг зэргээр тодорхойлогдож байна.
Парламентын болон ерөнхийлөгчийн засаглалтай орны Ерөнхийлөгчийн бүрэн эрх, сонгуулийн зарчим,Монголын онцлог
Засаглалын аливаа системийг тогтоох асуудал улс орон бүрийн онцлог,олон янзын хүчин зүйлээс шалтгаалдаг байна.
Тухайн улс төрийн хөгжлийн түүх, уламжлал,улс төрийн соёл, Үндсэн хуульт хэлэлцэж батлах үеийн улс төрийн хүчнүүдийн харьцаа ,харилцааны байдал зэрэг нь Засаглалын хэлбэрийг сонгоход шийдвэрлэх үүрэгтэй юм билээ.
Зарим оронд парламентын засаглалыг сонгож Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч байх боловч гүйцэтгэх засаглалын хүч нь парламентаасаа томилогддог Засгийн газартаа төвлөрсөн байдаг ХБНГУ мэтийн орнууд байна.
Зарим оронд хүчтэй ерөнхийлөгчийн засаглалыг тогтоож Засгийн эрхийг Төрийн тэргүүн бөгөөд Засгийн газрын тэргүүнийг нэг гарт төвлөрүүлсэн АНУ мэтийн орон байна.
Ийм тогтолцооны рорнд төрийн эрх нэг хүний захиргаанд орж дураараа аашлах аюулаас урьдчилан сэргийлж хууль тогтоох,гүйцэтгэх болон шүүх засаглалын эрх хэмжээг зааглан тогтоож ,харилцан уялдуулж,тэнцвэржүүлж бие биенээсээ харилцан хамаарал бүхий байх зарчмыг хуульчилж өгдөг юм байна.
Засаглалыг хуваарилах дээрхи зарчмаас гадна тэдгээрийг хуваарилах тэдгээрийн дундаж гэмээр Францын төрийн загвар байна. Франц улсын ерөнхий сайд нь Засгийн газрын тэргүүн боловч Ерөнхийлөгч нь Сайд нарын зөвлөлийг даргалах эрхтэй байхаар Үндсэн хуульдаа заасан байдаг. Зарим судлаачид Францын энэ загварыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай орон гэж үздэг тал бий.
Монгол улсын хувьд төрийн тогтолцооны хэлбэрийг сонгохдоо баримталсан гол зарчим бол нэгдүгээрт, Монголын нийгэм улс төрийн харилцааны тухай үеийн өвөрмөц шинж байдал, тохироо: Монгол орны хөгжлийн ирээдүйн чиг хандлага ,хүн амын санаа бодол, улс төрийн хүчнүүдийн үзэл баритлалзэрэг дотоод хүчин зүйлүүдийг гол болгомны дннр ардчилсан, зах зээлийн орнуудын түүхэн жишиг буюу гадаад хүчин зүйлүүдийг тодорхой хэмжээгээр харгалзсан .хоёрдугаарт, Монголын эртний болон дундад эртний төр ёсны уламжлалаас Монгол аль эртнээс төр тэвтэй улс төрийн тогтолцоо байсан тэр агуулга чанарыг хадгалж хэрэглэсэн. Гуравдгаарт,сүүлийн 60 шахам жилд ялангуяа 1940-өөд оны эхнээс Монгол орон нэг намын хязгааргүй эрх мэдэлд тулгуурлан уг намын удирдагчийн дангаар ноёрхох засаг гэж болох дарангулалын тогтолцоо ,авторитар маягийн дэглэм байлаа. Намын дээд удирдлагын шийдвэр төдийгүй ,түүний жолоодогчийн даалгавар нь үнэн хэрэгтээ төрийн хуулиас дээгүүр зиндаатай болоод байсаны учир түүнээс дөнгөж ангижирч буй Монголын нийгмийн сэтгэл зүйд “Нэг хүний засаг нь “ нь хүлээн авашгүй гэдгээр тусаж байлаа. Товчхон хэлбэл агуулгын ялгаатай боловч хэлбэрийн хувьд адил төстэй удирдлагын хэлбэрийг хүн амын зонхилох хэсэг, улс төрийн шинэ хүчнийхэн хүлээж авахгүй гэдэг нь ойлгогдож байсан юм. Дөрөвдүгээрт, бид төрийн байгууллагын шинэ ардчилсан тогтолцоог Үндсэн хуулиар байталгаажуулахдаа иргэний ардчилсан нийгэм байгуулах үзэлдээ нийцүүлэн Парламентын Бүгд Найрамдах улсын хэлбэрийг Монгол орны өнөөгийн болон алс ирээдүйн нөхцөлд илүү зохистой гэж үзсэн юм.
Ийнхүү Парламентын Бүгд найрамдах засаглалаыг хуульчлан тогтоохдоо хууль тогтоох,гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг хэргжүүдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь дэмжлэг нөлөө үзүүлэх үндсэн болон тодорхой бүрэн эрхээр хангагдсан Төрийн тэргүүн –Ерөнхийлөгчтэй байхаар хуульчилсан болно.
Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тогтоохдоо Парламентын засаглалтай номинал эрх бүхий Ерөнхийлөгчтэй орнуудынхаас олон талын давуу эрхтэй.: Ерөнхийлөгчийн үасаглалтай улс гэж үздэг тал бий .Үүнийг үндэслэн зарим судлаачид Монголыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэж үздэг тал бий. Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудынхтай харьцуулсан судалгааг хүснэгт 1-д үзүүлэв.
Парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг харьцуулсан судалгаа
№ | Ерөнхийлөгчийн засаглалтай улсын ерөнхийлөгч | Парламентын засаглалтай улсын ерөнхийлөгч | Монгол улсын ерөнхийлөгч |
1 | Ерөнхийлөгч-Төрийн тэргүүн,Засгийн газрын тэргүүн | Ерөнхийлөгч-Төрийн тэргүүн | Ерөнхийлөгч-Төрийн тэргүүн.Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож санал бодлоо илэрхийлнэ.Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар засгийн газарт чиглэл өгнө . |
2 | Засгийн газар нь ажлаа парламентын өмнө бүрэн хариуцна | Засгийн газар нь ажлаа парламентын өмнө бүрэн хариуцна | Засгийн газар нь ажлаа парламентын өмнө хариуцна |
3 | Засгийн газрын гишүүдийг ерөнхийлөгч томилно | Парламентад олонхийн суудалтай намаас дэвшүүлж ерөнхий сайдыг парламент томилдог.Үасгийн газрын гишүүдийг ерөнхий сайдын саналыг үндэслэн Парламент томилдог | Парламентад олонхийн суудалтай намтай зөвшилцөн Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Ерөнхий сайдаар Парламент томилдог,Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Парламент томилдог. |
4 | Ерөнхийлөгч хууль санаачлах, хуулийн төсөлд санал өгөх эрхтэй. | Ерөнхийлөгч Засгийн газартай зөвшилцөн хууль санаачлах эрхтэй | Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй |
5 | Ерөнхийлөгч Парламентаар батлагдсан хуулийг түдгэлзүүлэх эрхтэй | Ерөнхийлөгч Парламентаар батлагдсан хуулийг түдгэлзүүлэх эрхтэй. | Ерөнхийлөгч Парламентаар батлагдсан хуулийг түдгэлзүүлэх эрхгүй. |
6 | Ерөнхийлөгч Парламентаар батлагдсан хуульд хориг тавих эрхтэй | Ерөнхийлөгч Парламентаар батлагдсан хуульд хориг тавих эрхгүй | Ерөнхийлөгч Парламентаар батлагдсан хуульд хориг тавих эрхтэй |
7 | Ерөнхийлөгч өөрийнхөө тааллаар хуулийн хүчинтэй зарлиг гаргана. | Ерөнхийлөгч Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр захирамж гаргах эрхтэй. | Ерөнхийлөгч Засгийн газартай тохиролцож Ерөнхий сайдтай хамт гарын үсэг зурсан зарлиг гаргана |
8 | Ерөнхийлөгч –Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байна | Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг ёс төдий гүйцэтгэж болох боловч уг үүргийг Батлан хамгаалахын сайд хэрэгжүүлнэ. | Ерөнхийлөгч-Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. |
9 | Ерөнхийлөгч –Засгийн газрын гадаад бодлогыг тодорхойлно | Ерөнхийлөгч гадаад бодлогын хүрээнд улсаа төлөөлнө. Өөрийн үйл ажиллагааг Засгийн газрын гадаад бодлоготой уялдуулна. | Ерөнхийлөгч-гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж ,УИХ-тай зөвшилцөн Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах . |
10 | Ерөнхийлөгч Парламентын ээлжит бус чууулганыг зарлан хуралдуулна | Ерөнхийлөгч нь Парламентын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрхтэй ч улс бий ,ийм эрх эдлүүлдэггүй ч улс байдаг . | Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулганыг товлон зарлаж нээлтийн ажиллагааг удирдах ,ээлжит бус чуулган чуулах санаачлага гаргах эрхтэй. |
11 | Ерөнхийлөгч-Парламетыг тарааж ээлжит бус сонгуулийг товлох эрхтэй(зарим улсад ийм эрх эдэлдэггүй) | Ерөнхийлөгч-Парламетыг тарааж ээлжит бус сонгуулийг товлох эрхтэй. Парламент Засгийн газартаа итгэл үзүүлэхгүй болсон тохиолдолд голчлон хэрэглэдэг байна. | Ерөнхиийлөгч-УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгоно. |
12 | Ерөнхийлөгч өөрийн тааллаар бүх нийтийн санал асуулга явуулах эрхтэй. | Ерөнхийлөгч-санал асуулга яюуулах эрхгүй | Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналыг УИХ-д оруулах эрхтэй. |
13 | Ерөнхийлөгч улс орондоо онц байдал зарлах хязгаартай ба хязгааргүй эрхтэй. | Ерөнхийлөгч улс орондоо онц байдал зарлах эрхгүй. | Ерөнхийлөгч улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах түүнчлэн цэрэг хөдөлгөх,захирамж өгөх хязгаарлагдмал эрхтэй. |
14 | Ерөнхийлөгч уучлал үзүүлэх,шагнах,улсын харьяат болгох болон бусад иргэний асуудлыг шийдвэрлэх эрхтэй. | Ерөнхийлөгч уучлал үзүүлэх,шагнах, улсын харъяат болгох болон бусад иргэний асуудлыг шийдвэрлэх эрхтэй. | Ерөнхийлөгч-Уучлал үзүүлэх ,улсын цол,цэргийн дээд цол хүртээх, дон медалиар шагнах, Монгол улсын харъяат болгох,харъяатаас гаргах, тус улсад орогнох асуудлыг шийдвэрлэх эрхтэй. |
15 | Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ. | Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ. | |
16 | Ерөнхийлөгч нь эрх барих намын тэргүүн байх бөгөөд түүний бодлогыг удирдлага болгоно. | Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа намаас хамааралгүй. | Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанд намаас түдгэлзэнэ. |
17 | Ерөнхийлөгч дээд шүүхийн гишүүдийг томилох эрхтэй. | Ерөнхийлөгч бүх шатны шүүгч ,Ерөнхий прокурорыг томилох эрхгүй. | Ерөнхийлөгч бүх шатны шүүгч, Ерөнх й прокурор,түүний орлогч нарыг томилно. |
18 | Ерөнхийлөгч жил бүр парламентын чуулганд үг хэлж улс орны өмнө тавигдаж буй гол асуудлыг илтгэдэг. | Ерөниийлөгч засгийн газарт болон ард түмэндээ хандаж Төрийн бодлогын нэн чухал асуудлаар үг хэлж олон түмний анхаарлыг түүнд төвлөрүүлэх эрхтэй. | Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод гадаад байдлын нэн чухал асуудлын талаар мэдээлж саналаа орууулах эрхтэй. |
Энэ судалгаанаас үзэхэд Монголын төрийн тогтолцоо нь Ерөнхийлөгчийн болон Парламентын засаглалын зарим бүрэн эрхийг хослуулсан харилцан хамаарал уялдаа бүхий холимог шинжтэй хүчтэй Ерөнхийлөгч бүхий Парламентын засаглал гэдгийг нотолж байна.
Сонгодог парламентын засаглалтай “номинал” эрхтэй Ерөнхийлөгчтэй орны Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь билэгдлийн чанартай бөгөөд Үндсэн хуульт хаант засагтай орныхтой төстэй. Гэж үзэх тал бий. Иймэрхүү Хаан буюу Ерөнхийлөгчтэй улс нь улсыг хаанчлахаас удирддаггүй юм байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн хуулийн 2 дугаар зүйлийн 12 дугаар зүйл бүхэлдээ төрийн байгуулал, улс орны удиирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх: 13 дугаар зүйл бүхэлдээ Үндэсний аюулгүй байдлыг хангах, ,улсыг батлан хамгаалах талаар еранхийфлөгчийн бүрэн эрх, 14 дүгээр зүйл бүхэлдээ Гадаад харилцааны талаархи Ерөниийлөгчийн бүрэн эрхийг хуульчлан заасан нь Монгол улсын Ерөнхийлөгч билэгдлийн төдий бус .Улсын удирдлагын чухал институт болох нь ойлгомжтой. Харамсалтай нь эдгээр бүрэн эрхийг хэрэгжүүлэх механизмууд нь бүрэн хуульчлагдаагүй учраас хэргэжүүлэхэд бэрхшээл учирдаг тал бий.
Ерөнхийлөгчийн засаглалтай орны Ерөнхийлөгчийн гарт засаглалын асар өргөн эрх төвлөрөх боловч тэр нь зөвхөн Парламентын олонхийн дэмжлэг авсан нөхцөлд хэрэгжих боломжтой тийм ч их чөлөөтэй эрх хэмжээтэй хүн бас биш юм. АНУ-ын Ерөнхийлөгч Г.Трумений хэлснээр Америйкийн Ерөнхийлөгч бол өөрийнхөө бодлогыг зөв зүйтэй гэдгийг конгресс,нам, хэвлэл мэдээлэл ,өргөн олон нийтэд итгүүлэхээс өөр Засгийн эрх мэдэл гээд байх юм үндсэндээ байхгүй гэж хэлсэн байдаг. Энэ үг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг арай хялбарчилж даруухан илэрхийлсэн боловч Америкийн Ерөнхийлөгч хэмжээгүй эрхтэй хүн биш гэдгийг хэлсэн болов уу. Ямар ч байсан америкчууд өөрийнхөө Ерөнхийлөгчийг бүхнийг чадагч ,ганцаараа улсаа жолооодогч, улс оронд болж буй сайн,муу бүхнийг ганцаараа хариуцагч “Үндэсний эцэг”гэж үздэггүй улс төрийн соёлтой ард түмэн ажээ.
Ерөнхийлөгчийн сонгууль
Дэлхийн жишгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн шууд ба шууд бус хоёр үндсэн хэлбэр байна. Шууд сонгууль нь бүх нийтийн санал хураалтаар эсвэл бүх нитйин санал асуулгын хэлбэрээр явагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн шууд бус хэлбэрт Парламентаас сонгогдох, сонгогчдын төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдох хэлбэрүүд орж байна.
Монгол улёын Ерөниийлөгчийн сонгууль дээрхи хэлбэрүүдээс ялгагадах онцлогтой бөгөөд үнэн хэргэтээ сонгуулийн шууд ба шууд бус хэлбэрийг хослуулсан гуравдагч хэлбэр юм. Энэ өвөрмөц онцлогийн заримыг тодруулбал Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг зөвхөн Парламентад суудалтай намууд эдэлнэ.
Анхан шатны сонгуульд сонгогчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож саналаа нууцаар өгнө.
Анхан шатны бүх нитйин сонгуульд оролцогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Парламентаар хэлэлцэж анхан шатны сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болсон ,нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдоход харшлах шалтгаан байхгүй гэсэн хоёр асуудлаар санал хурааж Парламентын гишүүдийн олонхи нь зөвшөөрсөн санал өгснөөр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхйг нь хүлээн зөвшөөрсөн хууль батлагдсанаар сонгуулийн ажиллагаа төгсгөл болдог.
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эдгээр зарчмууд нь Монгол улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйл ,Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 41 дүгээр зүйлээр хуульчлагдсан байна. Ерөнхиийлөгчийн сонгуулийн системийг хүснэгт 2-р үзүүлэв.
Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлж шинэ сонгогдсон Еранхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно. Энэ хооронд Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж үндсэн хууль,Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл УИХ-аар хэлэцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцахын утга учир үүнд оршдог юм.
Төрийн тэргүүний Парламент ,Засгийн газар,шүүх засаглалтай харилцах харилцааны хэм хэмжээг Үндсэн хууль болон бусад хуулиудаар тодорхолж өгсөн.
Ерөнхийлөгч нам , бусад улс төрийн хүчин,төрийн байгууллага, олон нийттэй болон засаг захиргаа ,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай харьцах харьцааны нарийн төвөгтэй асуудлууд тэр бүх нарийн хуульчлагдаагүй боловч ард түмний төрөө дээдлэх уламжлалыг үндсэлэн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүни йхувьд илгээлт гаргаж зөвшилцлийн механизмыг голчлон ашиглаж байна. Дээрхибүх субъектүүдийн харилцааны төлөвшлийн нэг илтгэлийн хүрээнд багтаах боломжгүй учраас энэхүү илтгэлд зөвхөн Парламент,Төрийн тэргүүний харилцааны төлөвшлийн талаар ярья.
Хууль тогтоох үйл ажиллагаанд Төрийн тэргүүний үүрэг, оролцоо
Монгол улсад хууль тогтоох бүрэн эрх зөвхөн Парламентад хадгалагдана. Харин хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч,Засгийн газар,Парламентын гишүүд эдэлнэ. Иргэд хууль санаачлах үйл ажиллагаанд оролцохдоо хууль санаачлах эрх бүхий субъектүүдтэй хамтран тэднээр дамжуулж гүйцэтгэнэ .
Ерөнхийлөгч хууль санаачлах, бусдын санаачилсан хуульд санал өгөх, Парламентын баталсан хуульд санал өгөх, Парламентын баталсан хуульд хориг тавих, хуулийг сурталчлах зэрэг олон хэлбэрээр хууль тогтоох үйл ажиллагаанд Парламенттай харилцан ажилладаг.
Монгол цлсыэн Төрийн тэрггүүн хууль тогтоох үйл ажиллааганд их өргөн хамгийн сайн харилцаатай хамтран ажиллах шаардлагатай байдаг.
Зарим улсын төрийн тэргүүн нь Парламентын баталсан хуулийг батламжлах ,түдгэлзүүлэх эрхтэй байдаг.
Монгол улсад 1990 онд батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмлэтийн хууль 1991 онд батлагдсан Ерөнхийлөгчийн хуулиудаар “ БНМАУ-ын Ерөнхийлөгч ,БНМАУ-ын Ардын Их Хурал ,БНМАУ-ын Бага Хурлын баталсан хуулийг гарын үсэг зурж батламжилна” гэсэн заалт мөрдөгдөж байсан боловч 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид дээрхи бүрэн эрхийг олгоогүй юм. Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх явдлыг тодорхой шалтгаанаар түдгэлзүүлэх эрхийг Ерөнхийлөгч 1992 он хүртэл хэрэгжүүлж байсан.
Эдгээр эрхүүд нв хууль тогтоох үйл явцад оролцогчдын хариуцлагыг өндөржүүлэх хуулийг олон шүүлтүүрээр дамжуулж чанарыг сайжруулахад ач холбогдолтой бөгөөд Төрийн тэргүүн ,Парламентын хамтын ажиллагаанд сайн нөлөжөтэй байсан юм. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч Парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож Их Бага хуралдаанд биечлэн оролцохыг хичээдэг,хуулийн хэлэцүүлгийн явцад саналаа хэлэцэх боломжтой учраас хууль батлагдсаны дараа хуульд хориг тавих нь цөөн байлаа.
Төрийн тэргүүн Парламентын харилцааны нэг чухал хэлбэр нь УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт хориг тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.
Ерөнхийлөгчийн хориг нь УИХ-ын шийдвэрт ямар нэг хэмжээгээр үл итгэсэн байдлыг илэрхийлэх биш, хуулийг аль болох алдаа мадаггүй гаргах эцсийн анхааруулга, дахин бодох дутуугаа гүйцээх, буруугаа зөвтгөх боломж олгох төрийн бодлогын нэгдмэл чанарыг илэрхийлэх хэлбэр юм.
Төрийн бодлогын энэ уран ухаан, эд шалгагчийн нэн чухал ийм дамжлагын ач холбогдлыг дутуу үнэлж уцаарлах, ундууцаж ,улс төржүүлэх шаардлагагүй.
Хууль оновчтой зөв болох тусам олон түмний жаргал зузаарч ,зовлон нимгэрдэг жамтайг бодож Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хуульчилсан юм. Гэхдээ ерөнхийлөгчийн хориг болгон туйлын үнэн байх баталгаагүй гэдгийг хаа хаанаа бодох ёстойг би бас үгүйсдэггүй юм.
Парламент өөрийнхөө баталсан хуульд хориг тавиулахгүй байхыг эрмэлздэг тал бий.Тухайлбал УИХ-аар батлбгдсан хуулийг Ерөнхийлөгчид өргөн барьснаас хойш 72 цагийн дотор хориг тавихгүй бол хууль хүчин төгөлдөр болохоор УИХ-ын хуульд заасан байлаа. Уг хуулиар УИХ завсарлахын өмнөх өдөр,амралт баяр ёслолын өмнөх өдөр батлагдсан хуульд хориг тавих боломж үндсэндээ байхгүйгээр хуульчлагдсаныг хожим залруулж Ерөнхийлөгчийн хоригийг батлагдсан хуулийг Ерөнхийлөгчид өргөн барьснаас хойш ажлын 7 өдрийн дотор хориг тавихаар тогтоож байсан болно.
Ерөнхийлөгчийн хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх нэг хэлбэр нь Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг,захирамж гаргах эрх юм.
Хууль тогтоомжинд нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нитйээр дагаж мөрдөхөөр хуульчилсан байдаг. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж хуульд нийцээгүй бол түүнийг Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгодог.
Засгийн газарт чиглэл өгсөн Ерөнхиийлөгчийн зарлиг нь Ерөнхий сайд зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог зарчим төлөвшиж тогтсон байна.
Монгол улсын Төрийн тэргүүн Парламентын харилцааны нэг өвөрмөц хэлбэр бол гүйцэтгэх болон шүүх засаглалын албан тушаалтынг томилох, зөвшилцөх асуудал байдаг.
Төрийн албан тушаалтныг томилох,батлах, зөвшилцөх, батлах гэсэн хоёр шаттай хоёр хэлбэр байдаг.
Ерөнхийлөгчийн засаглалтай улсад гүйцэтгэх болон шүүх засаглалын албан тушаалтныг Ерөнхийлөгч томилон Парламент баталдаг журамтай.
Парламентын засаглалтай оронд гүйцэтгэх засаглалын албан тушаалтныг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Парламент баталдаг. Шүүх засаглалын дээд тушаалтан Ерөнхий шүүгч ,Ерөнхий прокурор, түүний орлогч нар ,дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг УИХ-тай зөвшилцөж Ерөнхийлөгч томилдог журамтай.
Энэ зарчим онцгой зөрчилгүй мөрдөгдөж байгаа.Нэг удаа элчин сайдыг томилоход тухайн Парламентын олонхийн дэмжлэг аваагүй боловч Ерөнхийлөгч түүнийг элчин сайдаар томилж ажилууллуулсан тохиолдол бий.
Засгийн газрын гишүүнээр ажиллуулах тухай саналаа Ерөнхий сайд ,Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр албан бичгээр ирүүлдэг. Ерөнхийлйөгч уг саналыг судалж үзээд зөвшөөрсөн хариу өгснийг үндэслэн Засгийн газрын гишүүнээр томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг журам хэвшиж,хэрэгжиж байна.
Парламентын чуулганыг зарлах ба Парламентыг тараахтай холбогдсон Ерөнхийлөгчийн эрх
УИХ-ын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч товлон зарлаж ,нээлтийн ажиллагааг удирдана.
УИХ-ын ээлжит бус чуулган Ерөнхийлөгчийн санаачлагаар чуулж болно.
УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тараах шийдвэр гаргах саналыг УИХ-ын даргатай зөвшилцөн УИХ-д оруулж болох эрх нээлттэй бий. Аз болоход энэ эрхийг өнгөрсөн 10 жилд хэрэглэх шаардлага гараагүй байна.
Парламентын засаглалтай бусад орны хувьд Ерөнхийлөгч парламентыг тараадаг гурван нөхцөл байдаг байна. Нэгдүгээрт улс орны улс төрийн байдал хурцадсан буюу хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хямралд орсон нөхцөлд,Гуравдугаарт;Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Парламентын хэд хэдэн удаагийн санал хураалтаар олонхийн дэмжлэг авч чадаагүй зэрэг нөхцөлүүдэд Ерөнхийлөгч Парламентыг тараах эрхтэй байдаг байна.
Ерөнхий сайдыг томилох талаар Монгол улсын Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан боловч уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Одоогоор Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг шийдвэрлэх боломжийг саатуулах хуулийн бус аргыг УИХ хэрэглэж байх шиг байна.
Ер нь Парламентыг тараах механизм манай Үндсэн хуульд нэн хязгаарлагдмал тусгагдсаныг хүлээн зөвшөөрч цаашид нарийвчлан боловсруулж шийдвэрлэх шаардлагатай юм.
Төрийн тэргүүн ба Парламентын харилцааны хэлбэрүүдийн тухайд гэвэл энэ маш чухал асуудал байдаг.
Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд үр бүтээлтэй оролцох явдал түүний Парламенттай харилцах харилцаанаас шууд шалтгаална.
Энэхүү харилцаа нь бичигдсэн ба бичигдээгүй , албан ба албан бус төрөл бүрийн хэлбэртэй байдаг.
Ерөнхийлөгчийн Тамгын газарт Парламенттай холбоо барих төлөөлөгч –референт ажиллаж УИХ-ын чуулган ,байнгын хороодын хуралд сууж ,хуулийн төсөл болон бусад асуудлын хэлэлцүүлгийн явцад анхааралтай ажиглаж тухай үед нь Ерөнхийлөгчид танилцуулна.
Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өөрсдийн хариуцдаг асуудлуудаар УИХ-ын байнгын хороод ,холбогдох хүмүүстэй харилцаж хамтарч ажиллах хэлбэр бас байдаг. Ерөнхийлөгч өөрөө УИХ-ын чуулганд оролцож санал бодлоо илэрхийлэх, Байнгын хорооны дарга нартай уулзаж тодорхой асуудлаар санал солилцох, УИХ-ын олонхи цөөнхийн гишүүд,лидерүүдтэй уулзаж ярилцах, харилцан ойлголцох, өөрийн үйл ажиллагаанд дэмжлэг авах хэлбэр нь УИХ-тай харилцах зохистой арга юм. УИХ-ын Байнгын хорооны дарга нарыг оройн зоогт урьж уулзаж ярилцах нь бие биенээ ойлгоход дөхөмтэй байдаг боловч ийм арга хэмжээг олон удаа өргөн дэлгэр зохион байгуулах боломж багатай юм.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдээс оролцуулах ,Гадаад орнуудын Төрийн тэргүүний айлчлалын арга хэмжээнд хамтарч оролцох зэрэг олон янзын хэлбэрээр Парламенттай ,тэдний ажлын аппараттай ,гишүүдтэй харилцаж болдог юм.
Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанл Парламентаас тавих хяналтын тухайд Үндсэн хуулийн 35 дугаар зүйлд Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна гэж заасан бөгөөд энэ хариуцлагын хэлбэр нь “Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнхи олонхийн саналаар огцруулна” гэж заасан бий.
Монголын Парламентын өнгөрсөн 10 жилийн хугацаанд Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэглэсэн тохиолдол гараагүй. Ерөнхийлөгч жил тутам үйл ажиллагааныхаа талаар УИХ-д танилцуулга бичиж хүргүүлдгийг парламентын хяналтын нэг хэлбэр гэж үзэж болно.
Парламентын засаглалтай орны хувьд Ерөнхийлөгч нь парламент дахь улс төрийн хүчийг тэнцвэржүүлэх зөвшилцөхөд чухал байр суурьтай учир парламенттай хамгийн ойр сайн харилцаатай байх шаардлагатай байх шаардлагатай бөгөөд энэ харилцаа үндсэндээ төлөвшиж байгаа гэж дүгнэж болно.
Дүгнэлт,санал
- Монголд төрийн тэргүүн Парламентын харилцаа хуулийн хүрээнд төлөвшиж байна.
- Ерөнхийлөгчөөс УИХ-д явуулсан илгээлт, дэвшүүлсэн саналыг УИХ хэлэлцэж хариу мэдэггдэг байх .
- Зарим шуурхай шийдвэрлэх асуудлыг ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулаад дараа уг Зарлигийг УИХ-аар хэлэлцэж хууль болгон баталдаг туршилтыг хэрэглэх .
- Ерөнхийлөгчийн үндсэн болон тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэх механизмыг тодорхойлон хуульчилж өгөх,хуулийн тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэж байна.