Вольфганг Йегер
/Фрейбург хотын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн профессор/
Шинэ толь №3, 1994
Түлхүүр үг: Бундесканцлер, Үндсэн хуульт ёс, ардчиллын загвар, Эрх мэдэл хуваарилах ба тэнцүүлэх, Засгийн газар, парламентийн ардчилал, загвар , Westminster model –Английн парламентийн загвар, эрх мэдлийг холбоот ёсны зарчим, эрх зүйт төр, сонгуулийн тогтолцоо
Дэлхийн II-р дайны дараах Германд ардчиллын үндсэн нөхцөлийг өрнөдийн холбоотон гүрнүүд бүрдүүлж өгсөн юм. Тэд ЗХУ-ын хамт үндэсний социализмийн тоталитар дэглэмийг цэргийн хүчээр дарсан билээ. Өрнөдийн холбоотонууд өөрсдийн эзэлсэн нутаг дэвсгэр дээр эхлээд муж улсуудыг байгуулан, ардчиллыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдгээр муж улс нь хожим ХБНГУ-ыг бүрдүүлжээ. Холбоотон гүрнүүдийн удирдлага дор тэдний саналын дагуу муж улсуудаас төлөөлөн байгуулсан парламентийн зөвлөл анхны Бундесканцлер Конрад-Аденауэрын удирдлага дор ХБНГУ-ын үндсэн хуулийг баталж, 1949-оны 5сарын 23 нд тэрээр хүчин төгөлдөр болов.
Энэхүү Үндсэн хуулиар Герман өөрийнхөө түүхэнд анх удаа Өрнөдийн (ялангуяа АНУ, Их Британи, Францтай төстэй) хэв маягийн үндсэн хуулийн тогтолцоог бий болгожээ. Холбооны БНУ-ын энэ Үндсэн хуульт ёс нь хэзээд байх ёстой хүн төрөлхтнхий түгээмэл хүний эрхийн асуудлыг шийдэж өгсөн тул Германы Үндсэн хуулийн түүхэнд гарсан “Коперникийн өөрчлөлт” гэж түүний ач холбогдолыг тэмдэглэжээ.
Үндсэн хууль хүний үндсэн эрхийн бүх асуудлыг үүрдийн мөнх болгон зохицуулж өгсөн. Сонгодог маягаар энэ асуудал Францын 1789 оны Хүний ба иргэний эрхийн тунхаглалын 16-р зүйл тусгагдсан байдаг бөгөөд хожим Францын V-р БНУ-ын Үндсэн хууль энэ уламжлал дээр үндэслэн “ эрхээ хэрэгжүүлэх явдал баталгаажаагүй, засаглалыг хуваагаагүй нийгэм бол Үндсэн хуульгүй нийгэм юм” хэмээн заажээ.
Үндсэн хууль эрхийн хамгаалалтын ялангуяа хувь хүний эрхийн хамгаалалтгүй ямарч нүх сүвгүй системийг агуулдаг. Төрийн акт болгоныг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх шалгаж болно. Энэ ч утгаараа эрхийн хамгаалалтын хамгийн чухал байгууллага бол холбооны Үндсэн хуулийн шүүх юм. Энэхүү Үндсэн хуулийн шүүх нь тодорхой хэм хэмжээний хяналтыг (жишээлбэл, АНУ-ын дээд шүүх абстракт хэм хэмжээний хяналтыг хамарч байдаг) хэрэгжүүлдэг тул улс төрийн үйл явцад чухал үүрэгтэй байдаг. ХБНГУ-ын Үндсэн хууль нэг талаас, Өрнөдийн ардчиллын загварын эерэг элемент, нөгөө талаас Германы Ваймарын Үндсэн хуулийн алдаатай байсан гэж үзсэн сөрөг талын аль алиныг харгалзан хийгдсэн юм. 1893 онд Ваймарын БНУ нурсаны үндсэн шалтгаан нь тухайлбал, ард түмнийг төрийн хэрэгт татан оролцуулах зарим механизм байсан (жишээ нь, Ард түмний санал хураалт), Рейхийн Ерөнхийлөгчийг сонгох шууд сонгууль, Рейхийн Ерөнхийлөгчийн хэт их эрх дархтай байдал мөн итгэл найдвар алдсан хэмээн Рейхстагаар дамжуулан Засгийн газрыг шууд огцруулах боломж зэрэг нь нөлөөлсөн. Дээрхээс үүдэн 1949 онд парламентийн зөвлөл дараах тогтолцоог бий болгохоор тогтжээ. Үүнд:
- Чадалтай биш холбооны Ерөнхийлөгч (энэ нь тогтвортой нөхцөлд зөвхөн төлөөллийн үүрэгтэй)
- Ард түмний шууд сонгууль байхгүй, зарим асуудлыг ард түмний оролцоотойгоор шийдэх боломжгүй. Зөвхөн төлөөллийн ардчилал байх
- Хүчтэй засгийн газрын тэргүүнтэй. Энэ хүн нь парламентын олонхийн дэмжлэгийг авсан байх хэрэгтэй бөгөөд нэг удаа сонгогдоод хэрэв итгэл алдсан бол Бундестагийн гишүүдийн ихэнх нь өөр нэр дэвшигч олсон тохиолдолд халагдаж болно.
Шинэ үеийн Үндсэн хуульд төрийн дараах хоёр загвар байдаг гэж үздэг.
- АНУ-ийн Ерөнхийлөгчийн загвар
- Westminster model –Английн парламентийн загвар
Британийн систем Германы Үндсэн хуулийн түүхэнд 1918 оноос хэрэгжүүлж ирсэн парламентат ёстой тохирдог. Үүнд:
- Засгийн газар парламент хоёрын харьцаа нь хүчний харьцааны ялгарлаар буюу засаглал хуваах зарчмаар тогтоогдоогүй
- Парламент Бундесканцлерийг сонгодог.
- Засгийн газрын алба ба парламентийн төлөөлөгчийн мандатыг холбон үзэж болно.
- Засгийн газар нь парламентадаа тайлан тавина
- Засгийн газрыг бүрдүүлж байгаа олонхи Засгийн газрыг хянах үүрэгтэй, зохион байгуулалтай сөрөг хүчний эсрэг сөрч зогсдог.
Америкийн загвар нь “check and balance” (эрх мэдлийг хуваарилах ба тэнцүүлэх) систем юм. Германд үүний илрэл нь холбоот ёсны зарчим болж байна. Үүний дагуу :
- Холбоот улс болон муж улс хоорондын эрх мэдлийн хэлхээ холбоо, зааг ялгааг тодорхойлсон байна.
- Холбооны хэмжээний хуулий боловсруулалтад оролцох
- Үндсэн хуулийн шүүхээр тэргүүлсэн өргөн хүрээний эрх мэдэл бүхий шүүх засаглал байдаг
Үндсэн хуулийн үндсэн зарчмууд болох парламентийн ардчилал, холбоот ёсны зарчим, эрх зүйт төрөөс гадна дөрөв дэхь үндсэн зарчим нийгмийн баталгаат ёс гэж байдаг хэдийгээр Үндсэн хууль тодорхой нэгэн нийгмийн ба эдийн засгийн хэв маягийг заагаагүй боловч төрийг нийгмийн эмзэг давхрагыг хамгаалах үүрэгтэй гэж заажээ. Нөгөө талаар иргэдийн хөдөлмөрлөх эрхийн талаар Үндсэн хуульд заагаагүй юм. Ийм учир нийгмийн эмзэг давхрагыг харж үзэх ёстой гээд тухайн хүн ажил олж өг хэмээн шүүхээр заргалдаж болохгүй нь ойлгомжтой.
Үндсэн хуулийн зарчмын талаар дээрх товч тоймын талаар би ХБНГУ-ийн парламент, засгийн газрын гол хүрээг тайлбарлая.
Үндсэн хуулийн дагуу Бундестаг хууль тогтоох үүрэгтэй. Хууль санаачлах эрхийг Бундестагын гишүүд эдэлнэ. Энэ эрхээ сөрөг хүчниы төлөөлөгчид өргөн ашигладаг. Засгийн газар хууль санаачлах талаар гол үүрэгтэй байдаг. Энэ үүргийн талаар үндсэн хуулийн “хуулийн төсөл гаргах эрхийн тухай” бүлэгт 1-р зүйл болгон заагдсан юм.
Конрад Аденауэр (ХАХ) 1949-1963
АНУ-ын Ерөнхийлөгчийн тогтолцооны онцлог бол хууль тогтоох ажиллагааны гол хэсгийг Засгийн газар гүйцэтгэдэг гэж үздэг. Парламентын ардчилалд засгийн газар ба Парламентын олонхи аль аль нь ажил хэргийн нэгдлийг бий болгодог. Засгийн газар, хууль тогтоогчийн олонхи нь нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох аргагүй. Тийм учраас засгийн газрын олонхийг бүрдүүлдэг намын фракцын зүгээс Бундестагийн гишүүдийн дунд санал бодлыг нь нэгтгэх ажлыг гол төлөв явуулдаг. Тухайлбал, Засгийн газар гаргах гэж буй хуулиа батлуулахын төлөө чухамхүү энд л суртчилгаа хийх хэрэгтэй бөгөөд энэ нь тийм ч хялбар асуудал бишээ. Конрад Аденауэраас хойшхи бүх холбооны засгийн газарт өөрийнхөө фракцыг хойноосоо дагуулна гэдэг хичнээн бэрх зүйл болохыг тэр бүр судалж байгаагүй юм. Сүүлийн жилүүдэд энэ байдал нь парламентийн олонхийн фракцийн мэргэжилтнүүдийн авч хэлэлцэх гэж буй асуудлаар засгийн газрын хуулийн төслийн ажилд хамтран оролцуулахад хүргэжээ. Үүнийг парламентийн хамтын засаглал ч гэж нэрлэдэг. Парламент өөрөө хууль боловсруулах явдал ч байдаг бөгөөд энэ нь түүний байнгын хороодоор дамжин хэрэгждэг юм. Хууль баталдаг байдлаараа Бундестаг өөрийгөө Британий доод танхимаас илүү байдалтай гэж үздэг. Тийм ч учраас Бундестагийг ажлын парламент (АНУ-ын Конгресс) ба мэтгэлцээний парламент (Бртитаний доод танхим) хоорондын холимог хэлбэр гэж бас тайлбарладаг.
Людвиг Эрхард (ХАХ) 1963-1966
Парламентын ардчилалд гүйцэтгэх ба хууль тогтоох засаглалын хоорондын харьцаа АНУ-ын нэгэн адил байдаггүй, харин парламент дотроо засгийн газрын олонхи ба парламентын цөөнхи сөрөг хүчний хоорондох зохицуулалтын асуудал байдаг. ХБНГУ-ын сөрөг хүчин нь шүүмжлэх ба хянан шалгах үүрэгтэйгээс гадна цөөнх хэд хэдэн чухал эрх эдэлнэ. Зарим жишээг дурдья:
- Бундестагийн гишүүдийн ¼-ийн гаргасан өргөдлийн дагууи хянан шалгар хороо байгуулагдана
- Бундестагийн гишүүдийн 1/3-ээс их санал авсан тал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зогсоож чадна.
- Бундестагийн гишүүдийн 1/3-ийн санал авбал Үндсэн хуулийн шүүхийн абстракт хэм хэмжээг шалгуулах эрхтэй.
Дээр өгүүлсэн бүх эрх нь сөрөг хүчний хянан шалгах эрх юм. Хамгийн гол нь тэд энэхүү эрхээ эдлэхийн тулд заасан тоо хэмжээнд Бундестагийн гишүүдийн санал авах ёстой. Сөрөг хүчний хамгийн чухал үүрэг бол засгийн газрыг ил тод шүүмжлэх явдал юм. Үүгээрээ тэд парламентын ардчилалд өндөр хариуцлага хүлээж байдаг. Олон нийтэд ил тод байх парламентийн үүргийн тухай энд яригдаж байгаа бөгөөд энэ утгаараа парламентын төлөөллийн үүргийн тухай ярих хэрэгтэй. Энэ нь улс төрийн шийдвэрийн хууль ёсны шинж байдалд ихээхэн нөлөөлдөн онцлогтой.
Курт Георг Кизингер (ХАХ) 1966-1969
Тодруулж хэлбэл, Бундестаг бол засгийн газар ба сөрөг хүчин хоёрын өөр өөрсдийн байр суурийг үндэслэл бүхий маргааны явцад илэрхийлж, сонгогчдод улс төрийн үйл ажиллагааны хоёр нөхцөлийн аль нь илүү нийцэхийг харуулж байдаг индер нь юм. Тиймч учраас парламентад хэлэлцэгдэж байгаа асуудал, илтгэл олон түмэнд ил тод явагддаг байна. Ингэснээр сонгогчид өрсөлдөж буй намууд, тэдгээрийн бодлого, улс төрчдийн талаар өөрийн гэсэн бодолтой болж, энэ нь эцсийн эцэст тэдгээрийн сонгуулийн саналд нөлөөлнө. Хэрэв ийм маягийн өрсөлдөөний ардчилал бий болбол сонгогчид өөрсдийн өгөх саналаар засгийн газрын бүрэлдэхүүн, тэдний бодлогын талаар сонгуулийн үеэр шийдвэр гаргаж чадвал энэ нь ард түмнийг төрийн хэрэгт шууд оролцуулдаггүй хэдий ч сонгогчдод үг хэлэх эрхийг эдлүүлж, хамтран ажиллах боломж бүрдүүлж байна гэсэн үг.
“Улс төртэй санал бодол нийлэрхгүй байна” гэж ХБНГУ-д сүүлийн үед яригдах болсоныг нэлээд их шүүмжлэх боллоо.
Нэг хэсэг хүмүүс Үндсэн хуулиар заагдсан төлөөллийн ардчилалд дутагдал байна гэж үзээд Швецарийн жишээгээр ард түмний санал асуулт, ард түмнээр шийдвэр гаргуулах зэргээр ард түмнийг төрийн хэрэгт оролцуулах зааалтыг Үндсэн хуульд нэмж оруулъя гэсэн санал гаргадаг.
- Нөгөө хэсэг нь сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулснаар төлөөллийн тогтолцоог өөрчилж шийднэ гэж үздэг.
Дээрх хоёр онолын баримтлал хоёулаа амжилттай хэрэгжиж чадахгүй байх. Гэвч энэ асуудлыг бас бодож үзэх хэрэгтэй юм. Би хувьдаа мажоритар тогтолцооны төлөө байдаг бөгөөд ард түмнийг төрийн эсэргүүцэж байна. Гэвч шууд ардчиллын тогтолцоог дэмжигчид мөн одоогийн пропорционал тогтолцоог хэвээр байлгахын хүсэгчид аль аль нь нэг хэмжээнд л сэтгэж байна. Пропорционал системийг дэмжигчид өгөдсөн саналыг аль болох тэгш хуваарлах зарчмыг л бодохоос биш, тогтвортой засгийн газрыг яаж байгуулах вэ? Эсвэл сонгогчийн санал хэрэг дээрээ хир зэрэг тооцогдож байгааг огт харгалзаж үзэхгүй байна.
Нөгөө талаас, шууд ардчиллыг дэмжигчид нь зөвхөн иргэдийн идэвхийг харахаас биш улс төрийн шийдвэрийн чанарын асуудлыг огт авч үзэхгүй байна. Ард түмнийг төрийн хэрэгт шууд татан оролцуулж, асуудлыг гагцхүү тийм, үгүй гэсэн хариултаар шийдэх энэ явцуу байдал нь төрөөс удирдлагын өндөр арга барилыг шаардаж байгаа өнөөгийн нөхцөлд тохиромжгүй юм.
Германы төрийн тогтолцооны хоёр шинж нь Конрад Аденауэрийн үеэс эхлээд канцлерийн ардчилал гэсэн нэр томъёогоор илэрхийлэгддэг. Энэ үг нь эхлээд Конрад Аденауэрийн засгийн газрын хэлбэр маягийг шүүмжилж гарч ирсэн боловч одоо Бундесканцлерийн удирдах арга барилыг тодохойлоход хэрэглэдэг.
Үндсэн хуульд ч энэ тухай заалт орсон байдаг. Канцлер нэг удаа сонгогдоод итгэл алдаж л халагдахгүй бол түүнийг огцруулах нь тун бэрх \А. 63\. Бундесканцлерийн саналаар Холбооны Ерөнхийлөгч холбооны сайдыг нэрлэж томилох ба үүрэгт ажлаас нь чөлөөлнө\А. 64\ . “Бундесканцлер улс төрийн бодлогоо тодорхойлдог бөгөөд хариуцлагыг нь хүлээнэ” \А. 65\. Энэхүү канцлерийн ардчиллын зарчмаас гадна албан ажлын хүрээний зарчим \Бундесканцлерийн бодлогын хүрээнд холбооны сайд бүр өөрийн хариуцсан ажлаа бие даан, өөрийн хариуцлага доор гүйцэтгэнэ\ мөн танхимын зарчим \холбооны сайдын хоорондох санал зөрөлдөөнтэй асуудлыг холбооны засгийн газар шийднэ\ гэж байдаг. Гэтэл бодит байдал үндсэн хуулийн заалтын агуулгатай зөрүүтэй байна. Бундесканцлер тийм хялбар биеэ дааж бодлого явуулж чадахгүй. Конрад Аденауэр л үүнийг бодитой хэрэгжүүлж чадсан байх.
Тэрээр төрийн том зүтгэлтэн байснаас гадна түүний онцгой нөхцөлд ажиллаж байсан бөгөөд ардчиллын эхэн үед ялангуяа боловсон хүчин ба зохион байгуулалтын асуудлыг их сайн шиидвэрлэж чадсан юм. Үнэн хэрэгтээ Бундесканцлер улс төрийн хүчнүүдиг ялангуяа парламентийн олонхийн фракцийг их л хүндрэл бэрхшээлтэйгээр хойноосоо дагуулах, нэгтгэх зохион байгуулах хэрэгтэй болдог. Ийнхүү олонхийг зохион байгуулах явдал сүүлийн жилүүдэд нэн төвөгтэй болж ирсэн ба энэ нь улс төрийн хүрээ өргөжсөн , шийдвэрлэх асудал улам бүр иж бүрэн цогцолбор шинжтэй болж байгаатай холбоотой. Канцлерын ардчилал нь улс бүр тохиролцооны ардчилал, зохицуулалтын ардчилал болж өөрчлөгдөн хөгжиж байна. Энэ утгаараа юуны өмнө эвслийн дотод асуудлын шаардлагаар саналаа нэгтгэх явдал ихээхэн чухал. ЗГ-ын энгийн хэлбэр бол эвсэл бөгөөд Германд 1969 онос хойш нэг бол Социал Демократ нам \СДН\, Чөлөөт ардчилсан намтай \ЧАН\, эсвэл Христосын ардчилсан холбоо \ХАХ\, Христосын социал холбоо \ХСХ\ Чөлөөт ардчилсан намтай эвсэж иржээ. Мэдээж хэрэг Бундесканцлер эвслийн түншүүдээ нэгэн бодлогод хүргэх явдал их хэцүү байдаг. Өнгөрсөн жилүүдэд энэ асуудлыг үргэлж хөшигни цаана ярьж тохиролцоонд хүрч ирсэн. Бундесканцлер Х.Коль түүний эсрэг сөрөг хүчинтэй эвслийн дугуй ширээний ярилцлагад орж энэхүү зарчмыг амьдралд хэрэгжүүлсэн нь парламент ЗГ-ын хүрээнд хамгийн чухал зөвлөлдөх ба шийдсэр гаргадаг газар болгон хувиргасан билээ. Х.Колийн нэгэн төрийн нарийн бичгийн дарга асан Холбооны Канцлерийн албаны дарга Валдемар Шрекенбергер дээрх газрыг “шийдвэр гаргах төрийн нэг байгууллага” гэж нэрлэжээ. Энэхүү эвслийн дугуй ширээний ярилцлагад Бундесканцлерын удирдлага дор яамдын сайд, ЗГ-ын фракцийн дарга нар мөн фракцийн мэргэжилтнүүд оролцдог. Энд шийдэгдсэн асуудлууд холбооны кабинетээс албан ёсоор батлагдсаныхаа дараа нийтэд мэдээлэгдэж байдаг. Бундесканцлерын эвслийн бодлого нь эвслийн жижиг түншээсээ сайдыг томилон гаргадаг. Жишээ нь, ЧАН-ын фракцитай байгуулсан нууц тохиролцоогоор тэд нэр дэвшигчээ гаргаж ирдэг бөгөөд түүнийг нь Бундесканцлер томилуулахаар холбооны ерөнхийлөгчид санал болгодог. Зөвхөн өөрийнхөө намын сайдыг л Бундесканцлер чөлөөтэй сонгодог байна. Тохиролцооны ардчиллын чиг нь ялангуяа, дотоод бодлогын асуудал дээр ихээхэн илэрдэг. Харин гадаад бодлогод урьдынх шиг Канцлерын ардчиллын шийдвэр гаргах загвар зонхилно. Бүр Аденауэрийн ЗГ-ын үеэс уламжлан түүний гадаад бодлогыг нэгдүгээрт тавихгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гадаад бодлогын асуудал бол улс орны дотоод асуудлаас хамаагүй илүү цар хүрэтэй бөгөөд үргэлж анхаарлын төвд байх ёстой асуудал. Канцлерийн гадаад бодлгыг идэвхтэй явуулж байсан бүх тохиолдолд жишээ нь Виллибрандын Зүүн Европын асуудал, Х.Колийн Герман болон Европын асуудал зэрэгт тэд чадалтай канцлерийн ардчиллын төлөөлөгчид болон гарч ирж байжээ. Ямар нэгэн улс төрийн шийдвэрт Холбооны ЗГ эсвэл Бундестагийн зөвшөөрөл хэрэгтэй байдаг шиг Холбооны зөвлөлийн зөвшөөрөл бас шаардлагатай байдаг бөгөөд энэ нь хууль батлах асуудлын 60 хувийг эзэлнэ. Ингэснээр муж улсын ЗГ-ууд улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байна гэсэн үг юм. Муж улсуудын ЗГ Боннд сөрөг хүчин болж байгаа намуудаар байгуулагдсан тохиолдолд засгийн газрын тэргүүнээс бодлогоо гаргадаг канцлерийн ардчиллын тухай ярихад хэцүү юм. Ийм тохиолдолд улс төрийн шийдвэр гаргахад үндсэн асуудлаар урдьчилаад санал тохиролцох хэрэгтэй болдог. Тийм учраас социаль-либерал засгийн газрын үед мөн Колийн христос- либерал засгийн газарт ч олон асуудлыг нэг ёсны нууц тохирцооны эвсэлээр шийдэж байжээ.
Энэ байдал иргэдэд улс төрийн явцыг ойлгоход нь бэрхшээл учруулдаг. Нэг талаас, үндсэн асуудлаар санал тохиролцох ардчиллын чиглэл нь канцлерийн газарт олон түмний анхаарыг хандуулж байгаагийн эсрэг байна. Дээрх зөрчлйиг иргэд илүү мэдэрдэг ба харамсалтай нь тэд канцлерийн удирдах чадвар муу байна гэсэн буруу дүгнэлтэнд хүрдэг. Нөгөө талаас, хэрэв үндсэн асуудлаар тохиролцооны ардчиллын шаардлагын дагуу харилцан буулт хийсний үр дүнд улс төрийн шийдвэр гарч намууд зохицолд хүрвэл иргэд засгийн газар ба сөрөг хүчин хоорондын маргааныг ямарч утга учиргүй зүйл гэж үзэх болно.
Гэвч дээрх байдлыг дан ганц сөрөг талаас нь үнэлж болохгүй. Тохирцооны ардчиллын шийдвэр гаргах үйл явц хэдийгээр бэрхшээлтэй, цаг их шаардсаны үр дүнд улс төрийн зохицолд хүргэдэг боловч, нөгөө талаас нийгмийн ихэнхи хэсгийн хүсэл эрмэлзэлд тохирч байдаг. Нэгэнт л асуудал шийдэгдэж батлагдсан бол энэхүү шийдвэр нь олонхийн шийдвэрийг олж авдаг.
Ардчилал дотоодын ямар их зөрчилд байдгийг давтан хэлмээр байна. Үндсэн хуулийн зарчим болох ардчилал, эрх зүйт ёс, зөрчлийг илрүүлэн гаргаж ирэх, тохиролцооны үйл явц мөн ашигтайгаар үйл ажиллагаа явуулах чадвар, эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх зэрэг бүх асуудал хоорондоо зөрчилд орохоос гадна өдөр болгон шинэ харьцаанд орох шаардлагатай байдаг. Эдгээр нь ардчиллын үндсэн хуульт төрийн эцэс төгсгөлгүй хөдөлгөөнийг харуулж байна.
Би хэд хэдэн асуудал дээр ХБНГУ-ын холбоот ёсны бүтцийг заасан. Германд энэхүү холбоот ёс их эртний уламжлалтай.
Үндсэн хуулийн онолын үүднээс засаглал хуваарилалтын нэг онцгой хэлбэр гэж холбоот ёсыг үздэг бөгөөд хэвтээ шугаман дахь засаглалын хуваарилалт болох гүйцэтгэх засаглал, хууль тогтоох зааглал, шүүх засаглалас ялгаатай нь энэ бол босоо шугаман дахь засаглалын хуваарилалт буюу холбоо, муж улсууд, хот тосгодын хоорондын хүчний хуваарилалт юм.
ХБНГУ-ын холбоо ба муж улсуудын зохион байгуулалт, эрх мэдэл нь АНУ-ын холбоо ба бие даасан муж улсуудтай адилхан бүтэцтэй гэж үзэж болохгүй. Тэд нэг ёсны том нэгдлийн зохион байгуулалттай. Хууль боловсруулах асуудалд холбоо илүү тодорхой эрхтэй байдаг. Муж улсууд цөөн салбарт хууль боловсруулах эрхтэй бөгөөд үүнд хамгийн чухал нь соёлын асуудал байдаг. Муж улсууд гол анхаарлаа захиргааны асуудалд хандуулдаг. Муж улсууд холбооны адил парламентын удирдлагатай. Гэхдээ тэдгээрийн үндсэн хууль нь ард түмнийг төрийн хэрэгт татан оролцуулах зарим механизмийг ямар нэг хэлбэрээр агуулсан байдаг. Амьдрал дээр ард түмнийг төрийн хэрэгт татан оролцуулах боломж бараг хэрэглэгддэггүй.
Муж улсуудын хамгийн чухал эрх мэдэл нь Холбооны зөвлөлөөр дамжуулан хууль тогтоох явдалд оролцдогоор илэрнэ. Энэ тухай би канцлерийн ардчиллын тухай дээр өгүүлэхдээ бас дурдсан. Холбооны зөвлөл нь муж улсуудын ЗГ-уудаас бүрддэг. Муж улс бүр хүн амынхаа тоонд тохирсон санал гаргах эрхтэй бөгөөд ингэж санал авах явдал нь муж улс бүрт нэг зарчмаар хийгддэг. Холбооны зөвлөл хууль тогтоох явцад оролцох нь зөвхөн үндсэн хуулиар тодорхойлох хууль тогтоох холбооны өөр хувилбар бүхий \алтернатив\ хууль тогтоох \холбоо өөрийнхөө хууль тогтоох эрхийг эрх мэдлийнхээ хүрээнд эдлэх\ мөн тодорхой хэмжээ хязгаарын дотор хууль тогтоох эдгээр болно.
Ялангуяа муж улсуудын санхүүтэй холбоотой хуулийг гаргахад холбооны зөвлөлийн зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Түүнээс гадна үндсэн хуулийн А. 84.1-д зааснаар төрийн ба захиргааны байгууллага, газрын асуудалтай холбоотой холбооны хуулиуд мөн муж улсуудын зхиргааны байгууллагын өөрсдийн шууд эрх мэдлин талаар гаргасан хуулиуд холбооны зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн батлагдана. Холбооны зөвлөл мөн холбооны ЗГ яам тус бүр эрх зүйн хэм хэмжээг баталж өгдөг. Холбооны хэмжээний бодлогод холбооны зөвлөлийн энэхүү жин дарж буй байдал муж улсуудын ач холбогдол улам ихэсч байна гэсэн үг огтхон ч биш. Харин ч эсрэг урвуу байдал ажиглагдаж байгаа. Ялангуяа 60-аад оноос эхэлж холбоо өөрийн эрх мэдэл, хариуцлагын хүрээг улам өргөжүүлжээ. 1969 онд үндсэн хуульд хамтын үүрэг гэсэн заалт нэмж орсон бөгөөд үүний дагу холбоо муж улсуудын зарим үйл ажиллагааг хамт санхүүжүүлэх болсон. Ингэснээр шийдвэрийг бас хамтран тохиролцсоны үндсэн дээрээс гаргана гэжээ: түүнчлэн муж улсуудын хооронд хөгжлийн ижил түвшинд хүрэх процесс явагдав. Жишээлбэл анх муж улс болгон сургуулийн асуудлыг бие даан шийдэж байсан бол дараа нь муж улсуудын соёлын яамдын сайд нарын бага хурлаар энэ асуудлыг шийдэх болжээ.
ХБНГУ-ын хэмжээнд амьдралын түвшингийн асуудлыг ижил хэмжээнд байлгахын тулд муж улс бүрийн сайд нар аль болох тохиролцсон ижил шийдвэр гаргадаг байна. Үүнийг холбоо ба муж улсуудын буюу муж улс хоорондын улс төрийн хэлхээ холбоо ч гэж ярьдаг. Холбоот ёсны асуудлыг дуусгахын өмнө товчхон бас нэг өөр сэдэв, тухайлбал, Герман улс Европын хамтын орнуудын хүрээнд яаж багтаж буй, түүнээс гарч байгаа үр дагаварын талаар яримаар байна. Европын хамтын ажиллагаа, Брюссель дэх Европийн комиссын эрх мэдлийн өсөлт нь муж улсуудын хэм хэмжээний асуудлыг дахин хөндөж тавив.
Хоёр Герман нэгдэснээс хойш муж улсууд Брюсселээс хөндөгдсөн энэ асуудлыг аль болох тэгшитгэх бодолтой шийдвэрлэхээр зүтгэж байна. Нэг жишээ дурдья. 1992 оныг хүртэл холбоо хуулийн дагуу давуу эрх мэдэлтэй байдлаа хоёр улс хоорондын байгууллагууд гаргаж байжээ.
Гэтэл Үндсэн хуулийн А. 24.1-д заасан энэ зааль өөрчлөгдөв. Шинээр оруулсан зүйлд муж улсуудын сонирхол хөндөгдсөн тохиолдолд Холбооны зөвлөл асуудлыг хамтран шийдвэрлэнэ гэж заажээ.
Холбоот ёсонд бас Герман эртний уламжлалтай оронм нутгийн засаг захиргааны бие даасан байдал хамраана. Хот тосгод, тойргийн ардчилсан бие даасан байдал нь Үндсэн хууль түүнчлэн муж улс бүрийн Үндсэн хуульд тусгагдсан байдаг. Иргэд ихэнхдээ орон нутгийн хэмжээнд нийтийн захиргааны удирдлагатай харьцдаг. Тухайн орон нутгийн эрхн мэдэлд, жишээлбэл, орон нутгийн нийтийн тээвэр, гудамж гаргах, цахилгаан, ус, хийн хангамж, орон сууц, сургууль, театр, музейг шинээр байгуулах ба үйл ажиллагааг нь эрхлэх эдгээр бүх асуудал орон нутгийн удирдлага дор явагдана. Түүнээс гадна холбооны болон муж улсын олон хуулийг амьдралд хэрэгжүүлдэг газар нь энэхүү орон нутгийн захиргаа юм. Энэ тохилдолд орон нутгийн захиргаа нь холбоо ба муж улсуудын гүйцэтгэх байгууллага юм. Жишээ нь, нийгэм хангамжийн тусламжийг хуваарилах.
Хот тосгодын санхүүжилтийн нэг хэсэг нь татвар ба (жишээ нь, үндсэн татвар) хамгийн их нь ашгийн татвар юм (жишээлбэл, цалин ба орлогын татварын 15%-ийг тэд авдаг.) Одоо улс төрийн намуудын тухай яръя. Хэрэв үндсэн хуулийн бүтцийг манай улс төрийн тогтолцооны арга яс нь гэж үзвэл, намууд түүний булчин шөрмөс нь юм. Намуудын үйл ажиллагаагүйгээр улс төрийн тогтолцооны хэвтээ ба босоо байрлал оршин тогтнож чадахгүй. Барууны маягийн бүх ардчилалтай харьцуулбал ХБНГУ-ын улс төрийн. намуудын үйл ажиллагааг Үндсэн хууль, бусад хуульд хуульчлан тогтоосон. Үндсэн хуулийн А. 21,1 “намууд ард түмний улс төрийн санаа бодолд нөлөөлнө. ” гэж заасан байдаг. 1969 онд батлагдсан улс төрийн намуудн тухай хуулинд намын үүргийг цааш нь “олон нийтийн бодол санааг зохицуулахад үүрэг гүйцэтгэнэ” , “иргэдийг улс төрийн амьдралд идэвхтэй оролцохыг дэмжинэ” , “намынхаа улс төрийн чиг бодлогыг төрийн бодлогын үйл ажиллагаанд хамруулна” мөн ард түмэн ба төрийн байгууллагын хооронд байнгын холбоо тогтоож байх үүрэгтэй гэж заасан байдаг. Парламентын зөвлөл намуудын үүрэг ролийг ийнхүү Үндсэн хуульд тодорхойлсоноор Германы өнгөрсөн аймшигт түүхийг дахин давтахгүйг зорьжээ. Намууд нэг хүний үзэл бодлыг илэрхийлэх субъект биш харин ард түмний үзэл бодлыг улс төрийн аргаар илэрхийлэх хэрэгсэл мөн гэдгийг ойлгоход Германчууд ихээхэн хугацаа зарцуулжээ. Ард түмний хүсэл мөрөөдөл эсвэл нийгмийн сайн сайхан байдал объектив хэмжүүр болж байгаа учир тодорхой хувь хүн эсвэл улс төрийн зарим зүтгэлтэн, эсвэл захиргааны аппарат таньж мэдэж чадна гэсэн ойлголт Германы түүхэнд удаан хугацаагаар зонхилж байсан бөгөөд энэ нь тус орны ардчиллын хөгжилд асар их саад бэрхшээл учруулсан юм. Олон намын тогтолцоо, ард түмэн төрийн байгуулла хоёрыг хооронд нь холбож өгч чадахгүй тохиолдолд ардчилал яагаад ч оршин тогтнохгүй гэдгийг ХБНГУ байгуулагдсан тэр үеэс л ойлгож эхэлжээ. Гэхдээ үүнд бас урьдчилсан нөхцөл байх хэрэгтэй. Нам дотооддо ардчилсан зохион байгуулалттай байх, гадагш олон түмэнд нээлттэй байх ёстой.
Нэгэнт бий болсон нам иргэдийн эрх ашгийг төлөөлж чадахгүй бол иргэд зарчмын хувьд шинэ нам байгуулах явдал боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, оршин тогтнож байгаа намуудын тогтолцоо төр нийгэм хоёрын хоорондох холбоо тогтоох үүргээ муу биелүүлж байгаа тохиолдолд шинж чанараа өөрчилж чадахуйц уян хатан намын тогтолцоо бий болгохыг нөхцөлдүүлэх ёстой.
Шинэ улс төрийн тогтолцоонд шаардлагатай боловсон хүчин бэлдэж, Герман орныг сэргээн босгох, эдийн засгийг хөгжүүлэхэд оруулсан Конрад Аденауэрийн гавъяаг үнэлэх хэрэгтэй юм. Дайны дараа Конрад Аденауэрээр удирдуулсан хөрөнгөтний намын эвсэл нь тус орны эдийн засаг, гадаад бодлогын чиг баримжааг тодорхойлж өгсөн бөгөөд үүний үр дүнд шинэ БНУ амжилттай хөгжиж ирсний эцэст Германы хоёр тал дахин нэгдлээ. Засгийн газар, намуудын улс төрийн удирдагчид хэдийгээр зарим хүмүүсийн сэтгэлд үл нийцсэн бодлогыг явуулсанч сонгогчдын ихэнх саналын авч чаджээ. Үүний үр дүнд намууд ХАХ/ХСХ сүүлд СДН, ард түмний ихэнхийг өөртөө татаж хойноосоо дагуулж чаджээ. Ваймарын БНУ-ын үеийн хуучин олон намын тогтолцооноос 1949 онд бундестагт 11 нам орж ирсэн нь богино хугацаанд хоёр туйлт байдалд хүргэжээ. ХАХ/ХСХ-ны нэгдэл 1949 оноос 1953 онд саналынхаа хувийн ойролцоогоор 30
% -аас 45%, дараа нь 1957 онд 50% хувь хүртэл дээшлүүлж чаджээ. Намуудын ард түмнийг өөртөө татсан энэхүү гайхалтай амжилт нь шинэ ардчиллын тогтвортой байдалд ихээхэн тус дөхөм болсон. Эдгээр намын засгийн эрх барих үед (1966, 1982 онд болсон хоёр үйл явдалыг эс тооцвол) ямарч эвслийн өөрчлөлт гарсангүй. Харин хоёр дахь удаагийн эвсэлийн өөрчлөлт 1982 онд Бундестагийн татан буулгахад хүргэжээ.
Төлөөллийн хэлбэрийн засгийн газрын тогтолцоотой ХБНГУ-д Бундестагийн сонгуулийг засгийн газрыг бүрдүүлэхэд ард түмнийг татан оролцуулж буй хэрэг гэж үздэг. Иймээс засгийн эрх барих хугацаанд эвсэлд өөрчлөлт ороход сонгогчдын саналыг харгалзан үзэх хэрэгтэй гэсэн заншил тогтжээ. Тогтвортой байдлын хоёр дахь тал нь удаан жилийн турш засгийн газар ба сөрөг хүчний хоорондын харьцаа өрсөлдөөний ардчиллын парламентат ёсонд тулгуурласанд оршино. Товчдоо, сүүлийн 30-аад жилд дээрхи хоёр ард түмний нам төвийн бодлогын үндсэн чиг баримжаагаа өөрчлөхгүйгээр намынхаа радикал жигүүрийг бодлогынхоо гол чиглэлд татан оролцуулсан явдал их том амжилт байлаа. Энэ нь нэг талаас намын доторхи жигүүрүүдийг өөртөө татан хоёр том нам хоорондоо туйлшрах явдал зогсож нөгөө талаас, гол асудлаар санал тохирсон төвийн бодлогыг хооронд нь холбох ажил амжилттай хийгдсэн.
Хэдэн жилийн өмнөөс хуучин дассан 2,5 намын системд (энэ нь ХАХ/ХСХ, СДН ба ЧАН) өөрчлөлт гарлаа. 1983 онд Ногооны нам Бундестагт орж ирэв. Энэ нам нь 70-аад оны 2-р хагасаас эхэлсэн байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнөөс үүсэн гарчээ. Энэ намын төлөө санал өгөгчдийн ихэнхи хэсэг нь 1982 онд засгийн газраас буусан СДН-ыг дэмжигчдээс орж иржээ.
80-аад онд хожим нь хэт барууны нам болох БННам үүсэн байгуулагдав. Хэдийгээр энэ нам өнөөдрийг хүртэл Бундестагт орж чадаагүй боловч 1989 онд Европын сонгуульд 7,1%, Берлин хот муж улсын парламентат 7,5% , 1992 онд болсон Баден-Вюртемберг муж улсын сонгуульд 10,9% -ийн санал авч байжээ. Энэ намыг сонгогчид нь СДН-ыг бодвол ХАХ/ХСХ –ны талаас, мөн угаасаа сонгуульд оролцдоггүй байсан муж улсуудаас орж иржээ.
1990 оны нэгдсэн Германы анхны сонгуулиар хуучин ГНСН-ыг залгамжлагч ардчилсан социализмын нам/АСН/ Бундестагт орж ирсэн. Энэ явцыг Баруун Германы намын тогтолцоонд гарсан өөрчлөлт бус харин Германы нэгдлийн нэг дүн гэж хэлж болно.
Ногооны нам, БНН-ын дээрхи амжилтыг Германы хоёр том нам өөрсдийгөө сонгогчидтой хангалтгүй ажиллаж байгаатай холбон тайлбарлаж байна. ХАХ/ХСХ болон СДН-ын доторхи жигүүрүүд сонгогчдыг үймүүлж байна гэж бас үздэг. Намууд сонгогчдоо өөртөө татаж чадахгүй байгаа энэ үйл явцыг олон иргэд өөрсдийнхөө хүсэл зорилго, улс төрийн бодлого одоогийн улс төрийн тавцанд байгаа намуудын төлөөлийн тогтолцоотой тохирохгүй байна гэж үздэг бололтой. Тиймч учраас тэд эсэргүүцэх байдлаар сонгуульд орж улмаар зарим хэсэг нь Ногооны намыг , ихэнхи хэсэг нь БНН-ыг сонгож, зарим хэсэг нь сонгуульд огт оролцохоо байсан байна.
Хэдэн жилийн өмнөөс сонгуульд оролцогчдын тоо эрс буурч байна. Үүний шалтааныг ХБНГУ-ын намын тогтолцоонд хямрал гарч байгаатай холбож үзэх үндэстэй. Энэхүү хямралын шалтгааныг намууд амласнаа биелүүлдэггүй мөн тэдний зарим удирдагч, улс төрчтэй холбож үздэг. Иймэрхүү шүүмжлэлийн нэг төлөөлөгч нь Холбооны ерөнхийлөгч аан Ричард фон Вайцэкер юм. Намуудыг шүүмжилж буй шүүмжлэл нь дараах гурван асуудлыг хамардаг.
- Намуудын улс төрийн удирдлагын шинж чанар учир дутагдалтай байна. Тэд олсон суудал, олсон эрх мэдлээ л хэвээр хадаглахыг илүү сонирхохоос биш эдүгээ болон ирээдүйн тулгамдсан асуудлыг олж авч, шийдвэрлэх ажлыг хийхгүй байна.
- Шинэ маягийн мэргэжлийн улс төрчид гарч ирж байна. Эдгээр нь залуу наснаас эхлэн ямарч иргэний мэргэжилд суралцахгүй зөвхөн улс төрийн карьер хийж мэргэжлийн улс төрчид болдог, тэд өөрсдийг нь томилдог намаас хэт хамааралтай болдог байна. Түүнчлэн энэ хүмүүст мэргэжлийн ур чадвар дутагддаг.
- Намууд төр ба нийгэмд хэтэрхий их тархаж байна (намын улс төржилт) Үндсэн хуулийн байгууллагууд болон бусад олон янзын олон нийтийн байгууллагуудад намууд зонхилж эхэлжээ.
Иймэрхүү маягийн шүүмжлэл хол явахгүй. Учир нь тэд хуучирч хоцорсон байдлыг тайлбарлахыг оролдож байна. Харин социаль бүтцийн талаас тайлбарлах гэсэн оролдлого нилээд сонирхол татаж байна. Маргааныг намууд амалсандаа хүрэхгүй байгаадаа биш, харин нйигэмд гарч буй хувиралт өөрчлөлтөөр тайлбарлаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нийгэм дэх намын социал суурь суларч байна. Дайны дараа намуудад үйл ажиллагаагаа явуулах суурь нь болж байсан бүх төрлийн нийгмийн уламжлалт орчин олон жилийн өмнөөс эхлэн алга болж байгааг бид ажиглаж байна. Жишээлбэл, тэр үед шашны болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагаагаар зонхилсон аньдрах орчин байдаг ажээ. Анхандаа намууд эдгээр орчны эрхэмлэх үзэл, үнэлэмжийг улс төрийн бодлогдоо оруулж байсан бол өнөөдөр тэд хүмүүсийнс эрхэмлэх зүйлийг өөрсдөө тавьж ирэх болсноороо хэт ачаалалд оржээ. Түүнээс гадна 80-аад оны дунд үеэс эхлэн хуучин намын өрсөлдөөний гол бодлого болж байсан Өрнө Дорнодын зөрчил алга болсон. Өнгөрсөн хугацаанд болж байсан улс төрийн том хэмжээний бүхийл маргаанд Өрнө-Дорнодын хоорондын эвсэл, социализм, капитализмын ялгаа ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдөр тэгвэл намууд дээрхи маягийн үзлээсээ татгалзах хэрэгтэй болжээ.
Тийм ч учраас нэг талаас, намууд өнгөрсөн үеийн тодорхой чиг баримжааг гаргаж ирж чадахаа байсан, нөгөө талаас, иргэд намуудын тогтолцоонд учраа олохгүй байгаа явдал нь тиймч гайхмаар зүйл биш. Намууд өөрсдөө хоорондоо бие биенээсээ ялгагдах сэдэв олж чадаагүй нөхцөлд тэд дэмжигчдээ алдах аюул үргэлж нүүрлэх нь ойлгомжтой.
Одоогийн байдлаар Заксан – Анхалт муж улсын засгийн газрыг СДН-ын цөөнхөөр бүрдүүлсэн бөгөөд үүнийг АСН хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбож улс төрийн өрсөлдөгчид 1994.10.16ны Бундестагийн сонгуулийг угтан социалист намуудын эвслийн аюултай байдал үүсэхвий хэмээн тэднийг муучилж туйлшрах явдал ажиглагдсан. Энэ байдал цаашид яаж өөрчлөгдөхийг цаг хугацаа харуулна.
Зүүн Германы байдал ямар байна вэ?
1990 онд социализм болон ГНСН-ын дэглэмийг эцэслэсэн мэтээр нийгэм хүлээн авчээ. 4 жилийн дараа зарим байдал өөрөөр харагдаж байна. ГНСН –аас үүсэн гарсан АСН сонгуулиар 20% санал авсан юм. Энэ нь олон хүний хуучны эрх дархтай байдал алдагдсан, тэр нам хуучин олон гишүүдтэй байсан мөн олон хүн ашиг олж авсныг харгалзвал тийм ч гайхмаар тоо биш юм. ГНСН-ийн тоо нэгдэхийн өмнө 2.3 сая байсан буюу насанд хүрсэн 6 хүн тутмын нэг нь энэ намын гишүүн байжээ.
Холбооны шинэ муж улсуудад 1994 онд явуулсан ардчиллын үндсэн нөхцөлүүдийн тухай санал асуулгыг үзвэл сонин дүн гарна.
Хоёр Германыг нэгдэсний дараахан
- 1990 оны 11сар
41% нь ардчиллыг дээд зэргийн төрийн байгуулал
19% нь төрийн өөр байгуулал илүү дээр
40% нь ямарч төрийн байгуулалд саналаа өгч чадахгүй гэж хариулж байсан бол
- 1994 оны хавар
31% нь ардчиллын төлөө,
28% нь төрийн өөр байгуулал илүү дээр
41% нь саналгүй гэж хариулжээ.
Дээрхи асуулгатай харьцуулахад
Баруун Германд
76% нь ардчиллыг хамгийн дээд зэргийн төрийн байгуулал,
2/3 нь Германы одоогийн нийгмийн байгууламжийг “бидний ололт, хамгаалах хэрэгтэй үнэт зүйл” гэж хариулсан байхад энэ асуултанд зүүн Германы 36% нь ижил хариулт өгчээ.
“социализм бол уг нь сайхан санаа байсан юм, даанч буруу хэрэгжүүлсэн гэсэн асуултад”
Зүүн Германчуудын
57% тийм
24% үгүй,
Баруун Германчуудын
28% тийм
46% үгүй гэж хариулжээ.
Дээрх асуулгын дүнд гайхах зүйлгүй. Бүхий л ардчилалд улс төрийн соёл үүсч бий болтол урт удаан хугацаа шаардана.
Баруун Германд ч тэр ардчилал нэг шөнийн дотор үүсч бий болоогүй. Санал асуулгын түүхийг сөхөж үзвэл 60-аад оны сүүлчээр, ХБНГУ байгуулагдаад 20 жил өнгөрсөн хэдий ч Үндсэн хууль олонхийн саналыг авч чадаагүй байсан билээ. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг ч хүмүүсийн бодол санаанд нөлөөлөхдөө урт замыг туулжээ. 50-иад оны эхээр Баруун Германчуудын зөвхөн 14 % нь эдийн засгийн яамны сайд, Германы эдийн засгийн гайхамшгийг үндэслэгч Людвиг Эрхардыг ажил хэргээ явуулж чаддаг гэдэгт итгэж байжээ.
1951 онд кастын системийг болиулаад 3 жил өнгөрч байхад ард түмний 47 хувь нь засгийн газраас тогтоосон үнийн тогтолцоо, картын системдээ буцаж ороё гэсэн саналтай байж. Эдийн засгийн бодлого хожим амжилтанд хүрсэн учир нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн. Улс төрийн соёлын ардчилсан зарчмыг ойлгоход амаргүй байсан боловч үүнийг дахин дахин давтасны үр дүнд тэрээр төлөвшсөн юм.
Баруун Германы асар их хөрөнгө оруулалт, тусламжийн ачаар шинэ муж улсуудын эдийн засгийг маш амжиллтай хөгжүүлж байна. 1994 оны хавар зүүн Германд ард түмний 58% нь тэдний эдийн засгийн амьдрал өмнөхөөс дээшилсэн, 78% нь амьдрал сайн буюу хангалттай байна хэмээн хариулжээ. Ийнхүү аньжиргааны түвшин дээшилснээс үзэхэд зүүн Германд тогтвортой ардчиллын улс төрийн соёл төлөвшин тогтоно гэдэгт эргэлзэр зүйлгүй.
Зүүн Германд хамгийн хэцүү байгаа нэг зүйл бол бараг хагас зуун жил тогтсон коммунист дэглэмийн дараа гэнэт бий болсон хувийн эрх, эрх чөлөөгөө эдлэх явдал юм. Бүр Францын хувьсгалийн үеээр тунхагласан “эрх чөлөө ”,”шударга ёс”,”тэгш эрх” гэсэнм алдарт гурван уриа зарим тохиолдолд бие биенээ үгүйсгэх, шинээр тавигдаж буй зорилттой зөрчилддөг бэрхшээлтэй одооч гэсэн посткоммунист орнуудад тулгардаг. Социализм нь тэгш эрх, шударга ёсны төлөө эрх чөлөөг даран боогдуулдаг бол капитализм нь шударга ёсыг халдаг.
Орчин үеийн ардчилал дээрх зарчмыг аль алиныг нь зохицуулж, эдгээр нь бие биенээ нөхцөлдөж гарч ирдэг гэдгийг ойлгох ёстой. Гэхдээ эрх чөлөө бол хүний хөгжлийн үндэс учраас эхэлж тавигдах ёстойг хэзээч мартаж болохгүй. 1993 оны намар баруун германчуудын 58% нь, зүүн герхманчуудыг зөвхөн 36% нь эрх чөлөөний асуудал эхэлж тавигдах ёстой гэж үзэж байжээ. Тэгвэл баруун германчуудын 30%, зүүн Германчуудын 51% шударга ёсыг эхлээд тавигдах ёстой гэж үзэж байжээ.
Би илтгэлийнхээ төгсгөлд гурван дүгнэлт хэлье.
- 1949 онд ХБНГУ гайхамшигтай үндсэн хуультай болжээ. Энэ Үндсэн хуулийн гайхамшгийг 70-аад оны дунд үед мөн хоёр Германы нэгдлийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг судалсан комиссын ажилаар дүгнэж болно. Энэ хоёр комисс хоёулаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлаггүй гэж үзжээ.
- Олон жилийн хөгжлийн туршид бий болосн ардчилсан улс төрийн соёл нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг баталгаажуулж өгдөг. Германчууд зөвхөн ардчилсан үндсэн хуультай байдагч биш, тэд өөрсдийн итгэл үнэмшилтэй ардчилсан хүмүүс болцгоожээ.
- Зүүн Герман дахь ардчиллын хөгжил амжилттай байх болно гэдэгт итгэж байна.
Ингэж итгэл төгс байх нь Баруун Германы хөгжилтэйс харьцуулаад дүгнэж хэлж байгаа юм бишээ. Энэ нь зүүн Германчуудын онцгой чадвартай холбоотой. Тэд ардчиллын хичээлийн давтлага авах гэж байгаа сурагчид биш юм. Баруун Германчуудаас ялгаатай нь тэд өөрсдөө өөрсдийгөө дарангуйллын дэглэмээс чөлөөлсөн. Америкчууд, Францчууд 200 жилийн өмнө тусгаар тогтнолоо өөрсдөө олж авсан шиг Германчууд чөлөөтэй боллоо. Тэд дэлхийн II-р дайны дараах Германы ардчилалд байсан дутагдалыг арилган эрх чөлөөний хөгжлийн шинэ агуулгыг ХБНГУ-ын эрх чөлөөний түүхэнд гаргаж ирлээ.
ХБНГУ –ын Үндсэн хуулийн байгууллагууд
“Засгийн бүр эрх ард түмэнд ” хэмээх ардчиллын гол зарчим нь ХБНГУ-ын Үндсэн хуулиар бататгагджээ. Ард түмэн төрийн үйл хэрэгт оролцохдоо сонгож байгуулсан төрийн тусгай байгууллагаар: хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллаар дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ. Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч Үндсэн хуулийн гол байгууллага бол Бундестаг болон Бундесрат юм. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг Холбооны ерөнхийлөгч болон холбооны канцлераар толгойлуулсан холбооны засгийн газар хэрэгжүүлнэ. Шүүх эрх мэдлийг Үндсэн хуулийн түвшинд холбооны Үндсэн хуулийн шүүх хэрэгжүүлнэ.
Холбооны ерөнхийлөгч
ХБНГУ-ын төрийн тэргүүн бол холбооны ерөнхийлөгч байна. Түүнийг үндсэн хуулийн байгууллага болох Холбооны хурлаар сонгоно. Холбооны хуралд Бундестагийн гишүүд болон мөн тийм тооны муж улсын парламентуудаас сонгогдсон төлөөлөгчид орно. Заримдаа холбоон хуралд муж улсуудын парламентын гишүүн биш боловч нэр хүндтэй төрийн зүтгэлтэн оролцоно. Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгож, нэг удаа улируулан сонгодог. Холбооны ерөнхийлөгч нь олон улсын эрх зүйн үндсэн дээр улс орноо төлөөлнө. Холбооны нэрийн өмнөөс гадаад оронтой гэрээ хэлэлцээр байгуулна. Түүнчлэн Герман улсаас гадаад оронд суух буүрэн эрхт төлөөлөгчийн томилох буюу эгүүлэн татна. Холбооны засгийн газар нь гадаад бодлогыг ерөнхийд нь хэрэгжүүлнэ. Холбооны ерөнхийлөгч Холбоонб шүүгч болон шүүхийн гишүүдийг, түүнчлэн батлан хамгаалах салбарын дээд албан тушаалтныг үүрэгт ажилд нь томилох ба чөлөөлнө. Ерөнхийлөгч гэмт хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлнэ. Тэрээр холбооны канцлерийн албан тузшаалд нэр дэвшигчийг Бундестагт санал болгох ба Канцлерийн саналы болгосноор холбооны сайд нарыг томилох буюу эгүүлэн татна. Хэрэв холбооны канцлерт Бундестагийн зүгээс итгэл үзүүлээгүй тохиолдолд Канцлщрийн саналаар холбоонийн ерөнхйилөгч Бундестагийг тараах тухай мэдэгдэж болно. 1972 болон 1983 онд иймэрхүү байдлаар ээлжит бус сонгууль явагдсан билээ. Холбооны ернхийлөгч нйигэм дэхь улс төрийн бүлгүүдийн нэгдлийг илэрхийлдэг. Тэрээр төр болон үндсэн хуулийн байгууламжинд улс төрийн намуудын хоорондын зааг ялгааг саармагжуулна. Ийнхүү гол төлөв төлөөллийн үүрэг гүйцэтгэдэг боловч улс төрийн тэмцлийн өдөр тутмын амьдралаа дээр зогсож, төвийг сахисан тэнцүүлэгчийн үүрэг гүйцэтгэдийн хувьд Ерөнхийлөгчийн нэр хүнд байнга дээшилж байна. Цаг үеийн тулгамдсан сэдвээр илтгэл тавихдаа Ерөнхийлөгч улс төрийн өдөр тутмын амьдралдл баримтлах төдийгүй улс төр, ёс суртахууны түгээмэл шалгуурыг тогтоох бүрэн боломжтой юм.
Бундестаг
Германы бундестаг тус улсын ард түмний төлөөлөлт юм. Энэ нь ард түмнээс дөрвөн жилийн хугацаагаар сонгогдоно. Холбооны ерөнхийлөгч хуулинд заасан онцгой тохиолд бундестагийг тарааж болно. Бундестагийн хамгийн гол зорилт нь хууль тогтоох, Холбооны канцлерийг сонгох, Засгийн газарт хяналт тавих явдал юм. Энд улс орны дотоод ыолон гадаад улс төрийн бодлогыг хэлэлцэнэ. Бундестаг нь засгийн газрын үйл ажиллагааны чиглэл бүрээр комисс байгуулах ба комиссын ажлын гол хэсэг нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих явдал байдлаг. Гадаад харилцааны комисс, нийгмийн асуудлын комисс, төсвийн комисс гэх мэт комисс байх ба төсвийн комисс нь улсийн төсвийг батлах парламентын эрхийг хангах хүртэл их чухал үүрэг гүйцэтгэнэ. Комиссууд нь зарим тохиолд хаалттай хуралдаан хийх бөгөөд түүгэр ихэвчлэн парламентын хэлэлцүүлэгт оруулах хуулийн төслийн бэлтгэл ажлыг хангана.
1949-1990 он хүртэл парламент нь 6700 хуулийн төсөл хэлэлусэнээс 4400 хуулийг баталжээ. Хуулийн төслийн ихэнхийг Холбооны засгийн газар үлдэх хэсгийг Парламентын төв болон Бундесратаас оруулна. Бундестагт хэлэлцэх хуулийн төсөл нь гурван л удаа хэлэлцэгдсэн байх журам тогтсон. Эхлээд төсөл холбогдох комиссоор хэлэлцэгдсэн байдаг. Гурав дахь хэлэлцүүлэг нь парламентын гишүүд зөвшөөрснөөр төгсгөл болдог. Тухайн хууль олонхийн саналаар батлагдана. Холбооны муж улсуудын эрх ашиг, үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг Бундесраттай зөвшилцсөний үндсэн дээр батлан гаргана. Бундестагийн гишүүд нь бүх нийтийн, шууд, чөлөөтэй, тэгш, нууц санал хураалтын үндсэн дээр сонгогдоно. Тэд нйит ард түмнийг төлөөлж байдаг тул ямар нэг захирамж даалгаварын дагуу үйл ажиллагаа явуулах бус зөвхөн өөрийн итгэл үнэмшлийг удирдлага болгодог. Өөрөөр хэлбэл Бундестагийн гишүүд чөлөөт мандаттай. Тэд өөрийн намаас гарсанч Бундестагийн гишүүний бүрэн эрх нь хадгалагдаж байдаг. Энэ нь гишүүний хараат бус байдлыг тодорхойлох чухал зүйл юм. Бундестагийн комиссийн гишүүдийн тоо нь фракц болон бүлгийн бүрэлдэхүүнээс хамаарна. Бундестагийн ерөнхийлөгч уламжлал ёсоор хамгийн хүчтэй фракцийн гишүүд дотроос сонгогдоно. Бундестагийн гишүүний санхүүгийн хараат бус байдал нь гишүүний албан тушаалд тхирсон цалин хөлс, эмнэлгийн болон хоол, сувиллын үйлчилгээ зэргээр хангагдана.
Бундесрат
Парламентын дээд танхим бөгөөд 16 муж улсуудын Засгийн газруудаас сонгогдсон 69 төлөөлөгчидтэй, муж улс бүр 3-6 төлөөлөгчдийг томилно. АНУ, Швецарь улсын хууль тогтоох байгууллагын тогтолцооноос ялгаатай нь ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэх биш харин муж улсуудын засгийн газрын гишүүн болон тэдний бүрэн эрхт төлөөлөгчдөөс бүрдэнэ. Бундестагаас батлах хуулийн дийлэнх нь Бундестратын дэмжлэг зөвшөөрлийг авах ёстой. Өөрөөр хэлбэл Бундестратын шийдвэрээс гадуур буюу түүний дэмжлэггүйгээр хуулиуд нь хүчин төгөлдөр болохгүй. Ялангуяа муж улсуудын амин чухал эрх ашгийг хөндсөн жишээ нь, Муж улсын бие даасан удирдлага санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой хуулийн Бундестаг батлахдаа Бундестратын 2/3-ын саналыг зайлшгүй авна. Бундестратын үлдсэн цөөнх хэсэг нь эсэргүүцэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, Бундестаг олонхийн саналаар хэрэгсэхгүй болгож болно. Бундестаг болон Бундестрат нь зөвшилцөөнд хүрээгүй бол дээрх хоёр талын танхимын гишүүдээс бүрдсэн харилцан буулт хийсэн шийдвэр гаргах зорилго бүхий зөвшлийн комисс байгуулна. Бундестратад муж улсуудын сонирхол намуудынхаас дээгүүр тавигддаг.
Бундестрат нь тогтоосон журмын дагуу нэг жилийн хугацаагаар Бундестратын ерөнхийлөгчийг муж улсуудын тооноос сонгоно. Бундестратын ерөнхийлөгч нь холбооны ерөнхийлөгчийн эзгүйд түүний үүргийг гүйцэтгэнэ.
Холбооны засгийн газар
Холбооны ЗГ буюу танхим нь Холбооны канцлер болон холбооны сайд нараас бүрдэнэ. Холбооны канцлер холбооны сайд нартай харилцахдаа бие даасан давуу эрхтэй байна. Тэр ЗГ-ын кабинетийн хуралдааныг даргална. Гагцхүү канцлер л ЗГ-ыг эмхэн байгуулах эрхтэй. Тэр сайд нарыг шилж сонгох, дэвшүүлэх мөн түүний санал болгосноор Холбооны ерөнхийлөгч холбооны сайд нарыг үүрэгт ажилд нь томилох болон чөлөөлнө. Еанцлерийн хүчтэй байдал нь түүний захирамжлах эрх хэмжээнд үндэслэсэн байна.Тэр ЗГ-ын бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлно. Энэхүү хүрээнд холбооны сайд нар бие даасан байдалтай хариуцлагатайгаар өөрийн салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Германы ЗГ-ын тогтолцоо нь “Канцлерийн ардчилал” хэмээн нэрлэгдэх нь тохиолдлын зүйл биш юм. Холбооны канцлер нь парламентаас сонгогдсон ЗГ-ын цорын ганц гишүүн бөгөөд ажлаа парламентад хариуцан тайлагнана. Энэхүү өндөр хариуцлага нь түүнд үл итгэх явдлыг парламент илэрхийлэх боломжтой.
Холбооны үндсэн хуулийн шүүх
Карлсруэ дахь Холбооны үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавина. Тухайлбал, Холбооны муж улсуудын эсхүл холбооны байгууллагуудын хооронлдын маргааныг шийдвэрлэнэ. Гагцхүү энэ шүүх чөлөөт ардчилсан байгуулалд ямар нэг нам аюул занал учруулсан эсэх, ингэснээр Үндсэн хуультай зөрчилдсөн эсэхийг тогтооно. Энэ тохиолдолд тэрхүү намыг тараах шийдвэр гаргана. Тус шүүх нь холбооны болон муж улсын хуулиуд үндсэн хуулинд нийцсэн эсэхийг шалгана. Хэрэв Үндсэн хуулийн шүүх ингэж шалгасан хуулийг Үндсэн хуульд харшилж байна гэж үзвэл түүнийг хэрэглэхийг хориглоно. Гэвч энэ тохиолдолд Үндсэн хуулийн шүүх тодорхой байгууллага тухайлбал , Холбооны ЗГ, муж улсуудын ЗГ, парламент түүнд хандсан тохиолдолд л асуудлыг авч үзнэ. Түүнээс гадна иргэн бүр төрөөс Үндсэн хууль зөрчиж түүний эрхийг ноцтой хохироосон гэж үзсэн нөхцөлд гомдол хүсэлт гаргах эрхтэй. Гэхдээ эхлээд холбогдох шатны шүүхэд Үндсэн хуулийн шүүхээс өмнө хандаж тодорхой үр дүн гараагүй тохиолдолд энэ эрхээ эдлэх журамтай. Холбооны үндсэн хуулийн шүүх энэ цаг үе хүртэл 80 мянга гаруй асуудал шийдсэний 76 мянга орчим нь Үндсэн хууль зөрчсөн үйлдлийн талаарх өргөдөл гомдол байснаас 2000 орчмыг нь амжилттай шийдвэрлэжээ. Холбооны Үндсэн хуулийн шүүх нь тус бүртээ 8 шүүгч бүхий 2 зөвлөлөөс \сенатаас\ бүрдэх ба шүүгчдийн тал хувийг нь Бундестагаар, нөгөө тал хувийг нь Бундестратаар сонгоно. Тэдний бүрэн эрхийн хугацаа нь 12 жил. Тэднийг улируулан сонгохыг зөвшөөрдөггүй байна.
Бэлтгэсэн О.Баттулга