У.Туяа
/Либерти Дээд сургуупийн Сургалтын албаны дарга, Ph.D/
Шинэ толь №60, 2008
Түлхүүр үг: Шалдан хууль, боловсрол, мэрэгжилтэн, багшийн боловсрол, сургууль, мэдлэг чадвар, стандарт
Өнөөдөр “хуулийн зуд” болж “шалдан хууль”[1] үйлчлэхгүй байгааг дээр доргүй шуугиж, шүүмжилж байна. Монгол улсаар нэг “эзэнгүй эрх зүй тэнүүчилж” байгааг эзэнтэй болгох ямар арга зам байна вэ?
Манай улс жам ёсны эрх зүйн онолыг төр, эрх зүйн албан ёсны номлолын хэмжээнд хүлээн зөвшөөрч[2], Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, түүнийг зөвхөн хуулиар хязгаарлахыг цаазлан тогтоожээ. Нийгмийн харилцааг зохицуулж буй органик хуулиуд нь гагцхүү Үндсэн хуульд нийцэж, түүгээр хамгаалсан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангаж, эдлүүлэхэд үйлчлэх ёстой гэдэг үзэл баримтлал нь хүн эрхээ хэрэгжүүлэх явцад үүссэн бүх төрлийн харилцааг зохицуулах хууль тогтоомжид хамааралтай.
Жам ёсны эрх зүй нь эрх зүйг зөвхөн төрөөс тогтоосон хэм хэмжээ төдийгөөр ойлгох ойлголтыг няцаадаг. Энэ хэм хэмжээ бол эрх зүйн илрэн гарах хэлбэр бөгөөд эрх зүйн нэг бүрэлдэхүүн хэсэг болдог. Эрх зүйн хэм хэмжээ нь заавал биелэгдэх шинжээрээ бусад нийгэм, соёлын хэм хэмжээнээс ялгаатай. Тэрхүү заавал биелэгдэх шинж нь хүний эрхийг хамгаалж, өөрөө төрийн албадлагын механизмаар хамгаалагдсанд оршдог.
Эрх зүйн эдгээр үнэт зүйлсийг тусган хуулийг шинэчлэх, сайжруулах нь эрх зүйн зөвхөн нэг тал бөгөөд хуулийг дахин дахин өөрчлөн сайжруулснаар асуудал шийдэгдэхгүй байгааг бид практикаас харж болно. Тухайлбал, 1990-ээд оноос хойш 1992, 2002 онд шинэчлэгдэж, цөөнгүй удаа нэмэлт орсон багц хуулиар зохицуулагдаж байгаа боловсролын харилцаанд оролцогчид түүний дотор энэхүү харилцааг тээгч болсон бүх шатны сургуулийн удирдах ажилтан, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдын боловсролын эрх зүйн мэдлэг, чадварын түвшин, түүний зохицуулалтыг ашиглах ур чадвар, эрх зүйн соёлын түвшин шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгааг БСШУЯ-наас 2005 онд хийсэн “Боловсролын салбарын нөхцөл байдлын судалгаа”-гаар тогтоосон байна.
Монгол Улс социалист эрх зүйн тогтолцооноос ардчилсан эрх зүйт тогтолцоонд шилжих шилжилтийг үе шаттайгаар хийж байгааг эрх зүйн салбарын судлаачид тэмдэглэж байна[3]. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрх зүйн эх сурвалжуудыг эрх зүйт ёсны үзэл санааг үндэслэн боловсруулах талаар ахиц гарсныг хоёр гараа өргөн хүлээн зөвшөөрч болох юм. Гэвч тэрхүү хуулийг хэрэгжүүлэх замаар үйл ажиллагаа явуулдаг бүх салбарын мэргэжилтэнүүдийг:
- өөрийнхөө оролцож буй харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг, чадвартай болгож чадахгүй байгаа, хуулийг зөвхөн хуульчид “өмчлөх” сэтгэлгээ давамгайлсан
- мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуульд (эрх зүйч мэргэжилтэн биш) эрх зүйг судлах арга зүй, хэрэглэх арга механизм нь социалист, тоталитар чиг хандлагаас салж чадахгүй байгаа
зэрэг нь “эрх зүйг эзэнгүй, хуулийг шалдан” болгох нэгэн хүчин зүйл болж байгаа юм биш биз. Эмч нар эрүүл мэндийн эрх зүйн, багш нар боловсролын эрх зүйн зохицуулалтыг судалсан, түүнийгээ ашиглаж үйлчлүүлэгчдийнхээ болон өөрийн эрх ашгийг хамгаалах чадвартай, эрх зүйн үнэт зүйлсэд итгэж үнэмшдэг байх нь бидний сонгож авсан “хүний бус хуулийн засаглал”-ын үзэл санаа бодит биелэлээ олох нэгэн гарц биш байгаа. Ингэж хэлснээрээ манайд тэр болгон яригддаггүй мэргэжилтний эрх зүйн боловсролын тухай асуудлыг багш мэргэжлийн хүрээнд судалж буй боловсролын эрх зүйн асуудлаар дамжуулан хөндөхийг зорилоо.
Хүн бүрийн боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдож үүсэх боловсролын харилцааг зохицуулж, энэ хүрээнд хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхэд боловсролын эрх зүйн үүрэг ихээхэн нэмэгдэж байна. Энэ нь хуульд дээд хүчин чадал олгох замаар эрх мэдлийг хязгаарлах эрх зүйт ёсны үзэл санааны хөгжил болон боловсрол эзэмшихтэй холбогдож үүсэх харилцаа улам бүр олон талтай болж өргөжин гүнзгийрч байгаатай холбоотой юм. Бидний хол, ойрын хөршүүд багш бэлтгэх тогтолцоон дахь боловсролын эрх зүйн сургалт, судалгаанд ихээхэн анхаарч байгааг судалгаа харуулж байна.[4]
Боловсролын эрх зүйн хэм хэмжээ бол боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэдийн сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах, боловсролын тогтолцоо, үндсэн зарчим, агуулга стандарт зэргийг заасан, төрөөс тогтоож зөвшөөрсөн, түүний засаглалын хүч дэмжлэгээр хамгаалагдсан, заавал биелэгдэх шинжтэй, уг харилцаанд оролцогчдын дагаж баримтлах зан үйлийн журмыг тодорхойлсон тогтолцоо юм. Боловсролын харилцааг зохицуулахтай холбогдсон эрх зүйн хэм хэмжээ, зан үйлийн горимыг хэрэгжүүлэгч институтэд бэлтгэгдэж байгаа багш мэргэжилтэн нь тухайлан буй харилцааны мөн чанарыг ойлгож түүний эрх зүйн зохицуулалтад итгэл үнэмшилтэй хандах нь боловсролын харилцаанд оролцогчдын эрх эдлэх, үүрэг биелүүлэх боломжийг илүү ихээр бүрдүүлнэ. Энэ нь зөвхөн багш нарын тухай ярьж байгаа хэрэг бус суралцагсад, эцэг, эх, асран хамгаалагчид, сургуулийн удирдлага тэдгээрийн хооронд үүсэх харилцааны тухай ярьж буй хэрэг юм.
Нэгэн залуу багшийн ярилцлагаас иш татъяа. “Би ажлаа аль болох сайн хийе, хүүхдүүдэд нэг ч гэсэн бодлого бодож сурахад нь туслая гээд явж байхад хүүхдийнх нь гар утас сургууль дээр алга боллоо гэж манай ангийн хүүхдийн аав намайг маш их дайрч доромжлон, загнахад надад энэ ажлыг хаяад явмаар санагдсан. Би багшийн эрх, үүргийг бараг цээжээр мэднэ. Гэхдээ тэр тохиолдолд надад хэлэх үг олдоогүй”. Энэ үзэгдэл сургуулийн амьдралд бараг байнга гэмээр гарч бүгд л энэ байх ёстой үзэгдэл мэтээр нүд, чих дассан байдаг. Гэтэл энэ залуу багш сурагчийн гар утасыг хариуцах ёстой юу?, эцэг, эх, асран хамгаалагчид багш нарыг дайрч доромжлох ёс суртахууны эрх бий юу?, эцэг, эх, асран хамгаалагчид сургууль дээр хүүхдийнх нь эрх, эрх ашиг зөрчигдвөл хаашаа, хэнд, яаж хандах ёстой вэ?, ямар гэм хорыг сургууль хариуцах вэ?, ямрыг нь тэд өөрсдөө хариуцах вэ? Дээрх тохиолдолд багш ямар арга хэмжээ авах байсан бэ?
БСШУ-ны хяналтын Улсын албаны нэгэн дүгнэлтийг танилцуулъяа. “2004-2005 оны хичээлийн жилд хувилбарт сурах бичгээс сонголт хийх замаар ЕБС-ийг сурах бичгээр хангах арга хэмжээ авах явцад сонголтыг сургууль, багш нар бус аймаг, дүүргийн БСГ, Нийгмийн Хөгжлийн хэлтэс хийсэн нь сургуулийн өөрийн имижийг илэрхийлэх гол үзүүлэлт болсон киррикилюм хөгжлийг харгалзаагүй, цөөн хэдэн албан тушаалтан, хэвлэлийн газруудын хоорондын бизнесийн ашиг сонирхлыг илэрхийлсэн үйл ажиллагаа болжээ”.[5] Энэ буруутай үйл ажиллагааны хариуцлагыг хэн хүлээх вэ, сургууль, багш нарт сурах бичгээ сонгох эрх бий юу, бий бол тэд энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?, энэ үйл ажиллагааг хэн зохион байгуулах вэ?
Энэ мэтээр боловсролын хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдлийн цаана хэн хариулах, хэн хариуцах нь мэдэгдэхгүй олон асуулт урган гардаг. Эдгээр асуултад хариулт өгдөг нэгэн хүчирхэг механизм бол боловсролын эрх зүй юм. Гэвч харамсалтай нь “өөрөөр нь овоглосон” боловсролын салбарынхан түүнийг ашиглаж асуудлаа шийдвэрлэх мэдлэг, чадвар сул байдаг. “Хууль дарга нарт л үйлчилдэг” гэгчээр салбарын яамны хэдэн мэргэжилтэн, батлан гаргаж байгаа дарга нар, мэргэжлийн хяналтын албаныхан л мэддэг байх. Гэхдээ тэд зөвхөн зохицуулах хэрэгтэй л гэдгийг үндэслэл болгохоос бус үүний цаана хүний, суралцагчийн, багшийн ямар эрх, эрх ашиг хөндөгдөж байгаа талаас нь харах нь тун ядмаг. Нэг хоёр жилийн өмнө улсын шалгалтын журмыг 2 сарын өмнө өөрчлөх тухай шийдвэр гаргаж, ерөнхий сайдтайгаа нийлж байж арай гэж үйлчлэх хугацааг нь хойшлуулж байсныг санаж байна. Боловсролын эрх зүйн талаар судалгаа хийж багш нар, багш бэлтгэдэг сургуулийн төгсөх ангийн оюутан, суралцагчидтай уулзаж явахад судалгаанд оролцогчдын багагүй хувь нь боловсролын эрх зүйг “таньж ядан” түүнийг зөвхөн боловсролын хуулийг шалгалтад зориулан цээжлэхээр л төлөөлүүлж ойлгодог болох нь харагдаж байлаа. Үүнээс үүдэн “эзэнгүй эрх зүй” юу даа гэсэн бодол төрсөн юм.
Боловсрол судлалын салбарын мэргэжилтнүүдийн хувьд нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн үнэн бол “боловсрол гэдэг нь хоосон мэдлэг биш харин мэдлэг, чадвар, үнэт зүйлсийн цогц, түүнийг бүтээх үйл ажиллагаа” байдаг. Боловсролын хуулийг мэдсэнээр боловсролын эрх зүйн боловсролыг олоод авчихсан хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл, хууль гарснаар эрх зүйн орчин бүрдэхгүй. Эрх зүй гэдэг бол дан ганц хууль биш. Хууль бол эрх зүйн нэг л хэсэг. Хуулийн нэгэн адил эрх зүйг бүрдүүлж буй нэг хэсэг бол эрх зүйн ухамсар, соёл байдаг. Энэ нь үйл ажиллагаандаа эрх зүйн хэм хэмжээний үйлчлэлийг хүлээн зөвшөөрч, түүнийг дагаж мөрддөг, биелүүлэхийг шаарддаг, түүнийг өөртөө тусалж чадна гэдэгт итгэх итгэл үнэмшил, үнэт зүйлийн баримжаалал юм. Боловсролын эрх зүйн зохих хэмжээний боловсролтой багш нар боловсролын тухай хуулийн 44.1.2-т заасан “сургалтад шинжлэх ухааны дэвшилт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх” эрхээ “.. .боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах; …ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах” эрхтэй аймаг, дүүргийн засаг дарга нарт, “…сонгон хэрэглэх”,”… ажлыг зохион байгуулах” хоёрын ялгаа ойлгохгүй байгаа эрх мэдэлтнүүдэд “булаалгахгүй” байх боломжтой.
Одоогийн болон ирээдүйн мэргэжилтнүүдийн төлөөлөгчид болох ерөнхий боловсролын сургуулийн багш нар, багш бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын боловсролын эрх зүйн талаарх бодол санаа, үзэл хандлагыг тодруулахыг зорьж, 2003-2004 оны хичээлийн жилд 57, 2004-2005 оны хичээлийн жилд 34, нийт 91 багш, 2005-2006 онд МУБИС-ийн бүрэлдэхүүний монгол хэл-уран зохиол, технологи, байгаль шинжлэл, математикийн сургуулийн, багшлах дадлага хийсэн 40 оюутан оролцсон санал асуулгын судалгаа хийлээ.
Зураг 1
Судалгаанд орсон багш нарын мэргэжил
Сургуультай хамгийн удаан хугацаагаар амьдралаа холбодог багш нарын хувьд тэдний эзэмшсэн мэргэжил, зааж байгаа хичээл, ажилласан жил зэргээс үл хамааран боловсролын (сургуулийн) эрх зүйн мэдлэг, чадвар бодит хэрэгцээ болж байгаа нь судалгаанаас харагдлаа. Багш нар боловсролын эрх зүйн талаарх өөрийн мэдлэг, чадвартаа дунд үнэлгээг өгч байгаагийн зэрэгцээ энэхүү мэдлэг, чадварыг багш бэлтгэх сургалтаар олгох нь чухал гэдэгтэй зуун хувь санал нийлж байна. Энэ талаарх багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын үнэлгээ нь багш нартай ойролцоо байна.
Ирээдүйн багш мэргэжилтэн боловсролын эрх зүйн хүрээнд юу судлахыг хүсэж байна вэ?
Хүснэгт 1
“Та боловсролын эрх зүйн тухай судлахаар боллоо гэж үзвэл ямар асуудлыг багтаах нь зөв гэж үзэж байна вэ?” нээлттэй асуултад оюутнуудын өгсөн хариулт
Оюутнуудаас авсан судалгаанаас боловсролын эрх зүйтэй холбоотой дараахь дүр зураг харагдаж байна.
– Багш бэлтгэдэг сургуулиудад боловсролын эрх зүйн мэдлэг чадвар олгох нь чухал гэдэгтэй бүх оролцогчид санал нийлсэн бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэрийн талаар:
- бие даасан хичээл болгон судлах нь зүйтэй гэж 61,1 хувь
- бусад хичээлийн агуулгаар дамжуулан судлах боломжтой гэж 19,4 хувь нь үзсэн байна.
Харин бие даан боловсролын эрх зүйг судлах талаар:
- … боломжтой гэж 41 хувь
- … боломжтой боловч нөхцөл нь бүрдээгүй гэж 26 хувь
- системтэй сургалт шаардлагатай тул боломжгүй гэж 32 хувь нь үзсэн байна.
Судалгаанд оролцсон багш, оюутнуудын боловсролын эрх зүйг танин мэдэх, түүнийг хэрэглэх ур чадварт суралцах хэрэгцээ өндөр байна. Энэ нь сурган хүмүүжүүлэх харилцаа, түүний үйл ажиллагааны хүрээ нь эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж түүгээр хамгаалагдсан буюу хянагдсан байдаг талаас нь боловсролын эрх зүйг шинээр танин мэдэх хэрэгцээ шаардлага байгааг баталж байгаа хэрэг бөгөөд мэргэжилтний эрх зүйн боловсролын талаар дуугарах цаг болсныг баталж байна.
Боловсролын стандарт, боловсролын харилцааг зохицуулахад төрөөс гүйцэтгэх үүрэг, төрийн хяналтын эрх зүйн байдлын талаарх асуудал сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад оюутанд тулгарч байгаа нийтлэг бэрхшээлтэй асуудал болж байгаагаас харахад багш бэлтгэх сургалтаар судлах боловсролын эрх зүйн хөтөлбөр, агуулгад дээрх асуудлуудыг тусган судлах нь зүйтэй юм.
Ном зүй
- МУ-ын Боловсролын тухай хууль. 2002 он.
- МУ-ын Боловсролын тухай хууль. 2002 он.
- Нарангэрэл.С., Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ., 2001 он.
- Эрх зүйн шинэтгэл ба үндэсний эрх зүйн тогтолцоо. МУХЗЯ. УИХ-ын Тамгын газар. Ханс Зайделийн сан., УБ., 2004 он.
- У.Туяа “Боловсролын эрх зүйг судлах үндэслэл, агуулга, арга зүйг тодорхойлсон нь /Боловсрол судлалын хүрээнд/”., Боловсрол судлалын докторын /Ph.D/ зэрэг горилсон диссертаци., 2007 он.бүтээл. УНС.
- Боловсролын салбарын нөхцөл байдлын судалгааны нэгдсэн тайлан. БСШУЯ., 2005 он.
- БСШУЯ-ны Улсын Хяналтын алба. Шалгалтын материал I боть., Мэргэжлийн Хяналтын Улсын албаны архив.
- Ягофаров.Д.А., канд. ю.н. доцент. Образовательное право: Термины и понятия. http://lexed.ru/pravo/notes/. Федеральное государственное учреждение “Федеральный центр образовательного законодательства”
[1] Б.Чимэд., “Шалдан хууль бол эрх зүйн орчин биш”., Зууны мэдээ., 2006.11.27.
[2] С.Нарангэрэл. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ. 2001 он.
[3] “Эрх зүйн шинэтгэл ба үндэсний эрх зүйн тогтолцоо” бага хурлын илтгэлийн эмхтгэл., МУХЗЯ., УИХ-ын Тамгын газар., Ханнс Зайделийн сан., УБ., 2004 он.
[4] У.Туяа “Боловсролын эрх зүйг судлах үндэслэл, агуулга, арга зүйг тодорхойлсон нь /Боловсрол судлалын хүрээнд/”., Боловсрол судлалын докторын /Ph.D/ зэрэг горилсон диссертаци., 2007 он.
[5] Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Улсын мэргэжлийн хяналтын газар. БСШУ-ны хяналтын Улсын алба. ЕБС-ийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажпын явц үр дүнгийн талаар. 2006. 11-р сар