Я. Жаргалсайхан
/Эдийн засагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх асан/
Шинэ толь №6, 1994
Түлхүүр үг: Эдийн засаг, Ядуурал, Өлсгөлөн, Орлого, Тэтгэвэр, Тэтгэмж
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Өнөөдөр дэлхий дээр 800 сая гаруй өлөн зэлмүүн хүмүүс амьдарч байна. Жил бүр 22 сая өлсгөлөнгөөр буюу түүнтэй холбоотой аливаа өвчнөөр нас барж байгаагийн гуравны хоёр нь хүүхэд болж байна. Үүнээс үзэхэд ч олон улс оронд хүмүүс үгээгүй ядуурал, өлсгөлөн гуйланчлалд аж төрж буй тэгш бус байдал өнөө маргааш ч дэлхийн хамгийн тулгамдсан, глобал асуудал болоод байна.
Монгол улсад ядуу өрх, ядуу иргэдийн тоо 1991 онд 63.8 мян.өрх, 320.5 мян.хүн, 1993 онд 108.1 мян.өрх, 509.9 мян.хүн байв. 1991-1994 онд ядуу өрхийн тоо 2.2 дахин буюу 73.9 мянгаар нэмэглэж 137.8 мянгад хүрлээ. Ядуу иргэдийн тоо 83.2 хувь буюу 266.8 мянгаар нэмэгдэж 587.3 мянга болоод байна.
Хүн амын туйлын ядуурлын түвшинг нийт хүн амд ядуучуудын эзлэх хувийн жингээр үзүүлбэл 1991 онд 14.7 хувь байснаа 1994 онд 26.5 хувь болж өслөө. Улсын хэмжээгээр нэн ядуу 32.2 мян.өрхийн 137.4 мян.хүн байгаа нь нийт хүн амын 6.2 хувь байна. Эдгээр баримт бол Монгол Улсад хүн амын ядуурал бодитой бий болсны нотолгоо мөн. Хэдийгээр ядуурал манай оронд зүй тогтолт үйл явц боловч эдийн засгийн уналт, тогтворгүй байдлаас шалтгаалан эдийн засагт байвал зохих хэмжээнээс үлэмж хэтрээд байна.
Манай орны нөхцөлд хүн хоногт дунджаар 3136 ккал илчлэгтэй хүнсний зүйл хэрэглэх ёстой. Эрүүл мэндийн яам хоол судлалын төвөөс явуулж буй судалгаанаас үзэхэд манай орны нэг хүн хоногт дунджаар 2042 ккал илчлэгтэй хүнсний зүйл хэрэглэж байгаа нь физиологийн нормоос 35 хувиар бага байна.
Дэлхийн хүнс тэжээлийн байгууллагын албан ёсны дүгнэлтээр физиологийн шаардлагат нормын 50 хувиас доош хувийг хэрэглэвэл өлсгөлөнд орж, энэ нормын 70-аас доош хувьд өлсгөлөнгийн өмнөх шат буюу дутуу хооллолтонд ордог байна. Тэгвэл манай хүн амын олонх нь олон улсын стандартаар дутуу хооллолтын нөхцөлд хагас өлсгөлөн байдалд аж төрж байна.
Ядуурал, өлсгөлөн хүн амын олонхийг хамарч өргөжих хандлага дор дурьдсан шалтгаантай холбоотой юм. Тухайлбал,
- Онолын хувьд манай орны эдийн засгийн хоцрогдол, хүн амын харьцангуй ядууралтай холбоотой.
- “Азийн долоо хоног” сэтгүүлийн 1993, 1994 оны дугааруудад тогтмол гарч буй судалгаанаас үзэхэд нэг хүнд ногдох Үндэсний Нийт Бүтээгдэхүүн Монголд 100 ам.доллар байна. Энэ үзүүлэлт Японд 37500, АНУ-д 25200 ам.доллар, гэтэл хамгийн бага болох Лаост 230, Бангладеш, Вьетнамд 220, Камбожид 200, Балбад 180, Афганистанд 150 ам.доллар байна. Үүнээс гадна НҮБ-ын Хөгжлийг төлөвлөх хорооноос гаргасан бусад шалгуураар тооцоход манай улс хөгжлийн түвшингээр нэн буурай хөгжилтэй орны түвшинд үндсэндээ хүрээд байна.
- Үндэсний зах зээлд хэрэглээний барааны хомсдол хэвээр байна. Энэ оны 9 сарын байдлаар хүнсний аж үйлдвэр 28.5 хувь, арьс шир, гутал 58 хувь, оёдол 13.3 хувь, ноосон нэхмэл 43.2 хувь, хэвлэл 38.6 хувиар буурлаа. Хэрэглээний барааны үндэсний үйлдвэрлэлийн дутууг импортоор нөхсөн байх учиртай. Гэвч өргөн хэрэглээний барааны импорт мөн хугацаанд 47.2 хувиар буурав.
- Хүн амын зайлшгүй хэрэглээний бараа, үйлчилгээ биет хэмжээгээр дутагдаж хомсдолд орсноос гадна олонхи хүн амт чанар сайтай, илчлэгтэй хоол хүнс хэрэглэж, чанар үзэмж, эдэлгээ даах чадвартай хувцас зэрэг барааг эдлэж чадахгүй байна.
- 1994 оны IX сарын байдлаар үнэ, тарифыг анх чөлөөлснөөс хойшхи 45 сард хэрэглээний үнэ 2703 хувь буюу сар бүр дунджаар 7.6 хувь өсч үндсэндээ энэ хэмжээгээр амьжиргааны өртөг нэмэгдсэн юм.
- Амьжиргааны өртгийн өсөлтийг хүн амын орлогын өсөлт гүйцэж чадаагүй байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд амьжиргааны баталгаажих доод түвшин хотод 2000 хувь, хөдөөд 2960 хувиар унасан юм. Орлогын доод хэмжээ болох цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мөн хугацаанд 1143.6 хувь буюу сар бүр дунджаар 5.55 хувиар нэмэгджээ.
- Монгол хүний ажиллах хүч хэт хямд байна. Энэ оны 8 сарын байдлаар нэг өрхийн дундаж мөнгөн орлого хотод 202.6 мянган төгрөг, хөдөөд 159.4 мянган төгрөг байна. Хотын өрхийн мөнгөн орлогын цэвэр өсөлтийн 43.2 хувь нь цалин хөлсний, 24 хувь нь арилжаа наймааны орлогын өсөлтөөр хангагдаж байна. Хөдөөгийн өрхийн мөнгөн орлогын өсөлтийн 25.5 хувь нь хувийн аж ахуйн орлогын, 16.9 хувь нь арилжаа наймааны орлогын өсөлтөөр бий болжээ. Үүнээс үзэхэд манай хүн амын амьжиргааны гол эх үүсвэр зөвхөн, цалин тэтгэмжээс бүрдэж байна.
- Хотын өрхийн нэг ам бүлд 42.3 мянган төгрөг, хөдөөгийн өрхийн нэг ам бүлд 29.7 мянган төгрөгийн мөнгөн орлого ногдож байна. Өнгөрсөн 8 сард өрхийн нэг хүн сард дунджаар хотод 13 америк доллар, хөдөөд 9.2 америк долларын мөнгөн орлоготой байгаа нь тэдний амьжиргааны өдөр тутмын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байна.
- Өрхийн мөнгөн зарлагын 54.6 хувийг хотод, 42.6 хувийг хөдөөд хүнсний зүйл худалдан авахад зарцуулж байгаа ч хүн амын олонх нь хүнснийхээ шаардлагатай хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Энэ бол манай оронд ядуурал, өлсгөлөн буураагүй, харин газар авч байгаагийн шинж мөн.
- Материал баялаг бүтээгч нэг хүн дунджаар өөрөөсөө гадна 3.6 хүнийг тэжээж байгаа нь эдийн засгийн идэвхтэй хүн амын бүтээх чадварын демограф ачаалал хэт өндөр болж, тэнцвэр алдагдаад байна.
- Ядуурал хоол хүнсний хомсдолд амьжиргааны баталгаажих түвшингээс бага орлогтой өрхийн хүүхэд, өндөр настан, тахир дутуу иргэд зэрэг хүн амын эмзэг хэсгийн хүн ам илүү ихээр өртөгдөх боллоо. Хоол судлалын төвөөс хийсэн судалгаагаар ядуучуудын хоногт хэрэглэж байгаа хоол, хүнсний илчлэгийн хэмжээ, физиологийн нормоос ихээхэн доогуур, тухайлбал, хотод шаардагдах илчлэгийн 46.8 хувийг, хөдөө 70.7 хувийг хангаж байна. Ядуучуудын хэрэглэж байгаа хоол, хүнсний зүйлээр нэр төрөл цөөн, хэрэглээний бүтэц явцуу учраас тэдний хоол, хүнсний найрлага дахь үндсэн шимт бодис, ялангуяа өөх тосны хэмжээ маш бага байна. Эдгээр баримтаас дүгнэлт хийхэд ядуучууд үнэн хэрэгтээ өлөн зэлмүүн хооллож байна. Өөрөөр хэлбэл, өлсгөлөнгийн байдалд орохын даваанд байгаа хүмүүс гэж хэлж болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээгээр хононийн илчлэгийн хэмжээ физиологийн нормын тал хувиас доош буурч, биеийн жин алдагдаж ирэхэд өлсгөлөн болж байна гэж үздэг байна. Одоогоор ядуучуудын жин буурч тураалд орох тохиолдол газар аваагүй боловч цөөн тооны хөгшид, хүүхэд, хоригдлууд дээр гарч байсан юм. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 14.5 хувь, эмэгтэйчүүдийн 11.3 хувь нь хоол тэжээлийн аль нэг хэлбэрийн дутагдалтай байгааг өнөөгийн түгшүүр гэж ойлгож уг үйл явцыг бага дээр нь газар авахуулахгүй байх иж бүрэн арга хэмжээг даруй авч хэрэгжүүлбэл зохино.
- Хоол хүнсний хомсдол жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настанд илүүтэй сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм. Жирэмсэн эхчүүдийн хоногт дунджаар хэрэглэж буй хоол, хүнсний илчлэгийн хэмжээ 1800-2100 ккал байгаа нь физиологийн нормоос ихээхэн доогуур мөн хоолны найрлага дахь бодисуудын дутагдлаас бага жинтэй төрсөн хүүхдүүдийн тоо үлэмж нэмэгдэж, эхийн нас баралт нэмэгдэхэд ч нөлөөлөх боллоо. Жирэмсэн эхчүүдийн иодын дутагдал нь хүүхэд халдвар эсэргүүцэх чадварын бууруулж, оюун ухааны хомсдолд хүргэх, дутуу төрөх, зулбах зэргээр нөлөөлж байгааг сэтгэл эмзэглүүлсэн, өнөөгийн хамгийн хурц асуудал гэж үзэж байна.
- Өрхийн болон улсын эдийн засаг шинээр буй болгосон баялгаа бүхэлд нь хэрэглээндээ зарцуулж байгаагаас хүн амын хуримтлал дорвитой нэмэгдэж чадахгүй байна. Улсын дунджаар 1994 оны 8 сард хүн амаас мөнгөн зарлагын зөвхөн 1 хүрэхгүй хувийг арилжааны банкуудад хадгалуулжээ. Хүн амын хувийн хадгаламжинд X сарын 1-ний байдлаар 21.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хүн амын гар дээрх 16.4 тэрбум төгрөг хуримтлалд биш гүйлгээний хүрээнд эргэж хүн амыг үндэсний үйлдвэрлэлээр нөхөж чадаагүй дутууг нөхөхөд зориулагдаж байна.
- Орон нутагт тэтгэвэр, тэтгэмж, төсвийн байгууллагын ажилчдын цалин хөлсийг 2-5 сараар өгөөгүй, байнга хоцруулсаар байна. Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны мэдээгээр энэ оны 9 сарын байдлаар төсвөөс 7788.4 сая төгрөгийн татаас олгохоос 43.9 хувийг буюу 3419.1 сая төгрөгийг өгөөгүй байна. Энэ бол шударга бус явдал бөгөөд амьжиргааны өртгийг зохиомлоор нэмэгдүүлж улмаар бухимдлыг төрүүлж байна.
- Хүн амын нягтаршил бага, тээврийн сүлжээ сул хөгжсөн, нийслэл, томоохон суурин, төмөр замаас алс хол байршсан хязгаар нутагт бэлэн мөнгө дутагдсаар байна. Үүнээс шалтгаалж бэлэн мөнгөний оронд бие бүтээгдэхүүний солилцоонд шилжиж мөнгөний гүйцэтгэх үүрэг алдагдаж байна. Бэлэн мөнгөний үүргийг мал, ялангуяа бог зонхилон гүйцэтгэх болсноор цөөн малтай өрхийн амьжиргааны эх үүсвэр барагдахад хүрч байна.
- Хувийн секторыг маш хурдан хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн төрийн цэгцтэй бодлого, санхүүгийн ба санхүүгийн бус зохицуулалт дутагдалтай, түүний хээгжүүлэх эрх зүйн үндэс бүрэн бүрдээгүй байна.
- Өмч хувьчлал дуусаагүй, зээлийн хүү, татвар өндөр, аж ахуй эрхлэгчдийн бизнесийн мэдлэг сул, дадлага туршлага дутагдалтай, зэргээс үйлдвэрлэл сэргэж, жижиг үйлдвэрлэгчид олширч, хөгжиж чадахгүй байна. Газрыг өмчлөх, эзэмших, ашиглах замаар хүн амын амьжиргааны эх үүсвэр, хэрэгсэл болгох асуудал шийдвэрлэгдэхгүй байна.
- Чөлөөт эдийн засгийг үүсгэн бүрдүүлэх талаар төр, засгаас авч хэрэгжүүлж буй аливаа асуудлыг нийгмийн сөрөг ба эерэг талуудыг сайтар тооцож, нэг мөр иж бүрэн арга хэмжээ авч чадаагүй, дутагдах зэрэг бэрхшээл, дутагдал ч байгаа юм.
Хүн амын олонхи нь бэлэнчлэх тэтгүүлэх сэтгэлгээнээс ангижирч, чөлөөт эдийн засгийн нөхцөлд өөрийнхөө төлөө ажиллаж амьдрахаас өөр замгүй болсныгоо ойлгон ахуйгаа шинэ байдалд зохицуулан өөрчилж чадахгүй байна. Ийм хандлага удаж байгаагаас хүн амын дунд бухимдал үүсэх, төр засгаас авч буй арга хэмжээний мөн чанарыг танин мэдэж сайныг нь шүүмжлэх замаар улс төрийн амьдралд идэвхтэй оролцож чадахгүй байна. Ядуурал, өлсгөлөнгийн өнөөгийн байдал цаашид удаан үргэлжилбэл хүн амын нөхөн үржихүй, удамшилд муугаар нөлөөлж хүн амаас эдийн засагт итгэх итгэл алдагдаж үндэсний аюулгүй байдалд хохирол учруулна гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй байна.
Хянсан: Е.ТЭМҮҮЖИН