Д.Болд-Эрдэнэ
/Улс төрийн ухааны доктор/
Шинэ толь №55, 2006
Түлхүүр үг: эрх зүйн зохицуулалт , XIII зууны монголчууд, Их засаг хуульд
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Их монгол улсын улс төрийн үзэл, сэтгэлгээний салшгүй нэгэн бүрдэл хэсэг нь эрх зүйн сэтгэлгээний уламжлал юм. Улс төр эрх зүй хоёр нь харилцан шүтэлцсэн нэгэн зүйлийн салшгүй хоёр тал болдог. Улс төр нь эрх зүйн зохицуулалтгүйгээр оршин тогтнох аргагүйн нэг адил улс төргүй эрх зүй гэж байх боломжгүй юм. Эрх зүйн зохицуулалт нь улс төрд суурилдаг бөгөөд улс төр нь эрх зүйгээр амилан тэжээгдэж, чиг баримжаагаа олж, хэлбэршин төлөвшиж байдаг. Энэ утгаараа улс төрийн сэтгэлгээний тухай асуудлыг авч үзэх тохиолдолд эрх зүйн сэтгэлгээний тухай асуудал зүй ёсоор гарч ирдэг нь жам билээ.
Нийгмийг хуулийн засаглалаар удирдахуйн үндэс нь эрх зүйн зохицуулалт мөн. Их монгол улс байгуулагдан улмаар түүний статус өргөжин эзэнт гүрний шинжтэй болсон XII зууны үед өргөн уудам нутаг дэвсгэрт нийгмийн харилцааны шинэ орчин бүрэлдэн, төр, засаг, захиргаа, цэргийн байгууламжийн уламжлалт бүтэц улам төгөлдөржиж, төр ёс, төрийг жолоодохуйн үйл ажиллагааны шинэ ёс дэг, арга зарчим бий болсон нь тухайн үеийн монголын нийгэмд эрх зүйн зохицуулалтын шинэлэг хэлбэрийг тууштай хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдсан юм. Нэг үгээр хэлбэл тухайн үедээ нийгмийн өргөн харилцааг ямар нэг байдлаар зохицуулж дөнгөөд байсан зан заншлын хэм хэмжээний төгс зохицуулах чадвар аажмаар алдрах болсон байна. Энэ тохиолдолд зан заншлын зохицуулалтын хэм хэмжээний уламжлалд суурилсан, түүнийг бататган баяжуулсан эрх зүйн хэм хэмжээ буюу хууль цаазыг боловсруулах хэрэгцээ бий болсон. Тодруулбал XIII зууны монгол орон феодалын харилцаанд дэвшин орсноор нэг талаас Европын феодализмын нийтлэг хэв шинж нөгөө талаас монгол орны өвөрмөц иргэншил, аж төрөх ёс, байгаль эх дэлхий, мал аж ахуйгаа дагаж төлөвшсөн үндэсний өвөрмөц хэв шинжийн аль алиныг нь жигд хослуулсан эзэн харъяатын ёсонд үндэслэсэн нийгмийн байгуулалын тодорхой хэлбэрийг бүрдүүлэх болсон юм. Түүхэн энэ өвөрмөц нөхцөл байдал нь зан заншлын хэм хэмжээний уламжлалт үнэт зүйлс, хууль эрх зүйн хэм хэмжээний нийтлэг үнэт зүйлсийн шинэлэг хэлбэр хоёрыг зохистой хослуулсан зохицуулалтын өвөрмөц тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг нөхцөлдүүлсэн юм. Ингэж заншлын хэм хэмжээний зарим зүйлийг эрх зүйн хэм хэмжээгээр бэхжүүлэх болсон нь нийгмийн харилцааны хөгжлийн хандлага тогтвортой байх, монгол үндэстний хэв шинжийг нийтлэгжүүлэх, түүний бүрэлдэн тогтох үйл явцыг хангах учир холбогдолтой байжээ. Дээр дурдсан зүй тогтол, бодит шаардлага нөхцөл байдлын үндсэн дээр монгол оронд үүсэн бүрэлдсэн нийгмийн харилцаа, тус орны эдийн засаг, улс төр, нийгмийн байгууллын агуулга, онцлогийг эрх зүйн хэм хэмжээгээр бататган бэхжүүлэх үйл явц Монголын нэгдсэн улс байгуулагдан хөгжих явцтай зэрэгцэн явагджээ. Монголын нэгдсэн улсад өөрийн хэмээсэн эрх зүйн систем үүсэхдээ нэг талаас Чингисийн хаант улсын төрийн үүрэг зорилго, нөгөө талаас төрийн өөрийнх нь үйл ажиллагааны онцгой хэлбэр, түүний үр дүн болж бүрэлдэн тогтсон байна. Чингэхдээ Монголын анхны төр улсын үеэс тухайлбал, Хүннү, Сүмбэ, Нирун зэрэг эртний улсуудын үед үүсэн хөгжсөн эрх зүйн уламжлалыг өвлөн шингээж байсныг тэмдэглэвэл зохино. (1.107) Эндээс үзвэл Их монгол улсын эрх зүйн систем үүсэн бүрэлдэхдээ заншлын хэм хэмжээ, эрх зүйн хэм хэмжээ гэсэн хоёр үндсэн хэм хэмжээнд суурилж байжээ гэж үзэх үндэстэй байна. Их монгол улсын үед заншлын хэм хэмжээ хэвээр үйлчлэх гол нөхцөл нь нүүдлийн иргэншлийн өвөрмөц бодит ахуй байгаль, дэлхий, мал аж ахуйтайгаа харилцах арга ажиллагаа монгол хүн зоны хоорондын уламжлалт харилцаа давтагдашгүй ёс заншил, аж байдлаар нөхцөлдөж байв. Үүний зэрэгцээ нийгмийн зохион байгуулалтын салбарт ч зан заншлын хэм хэмжээ уламжлагдан ашиглагдах шинжээ хадгалж байжээ. Тухайлбал, хааныг сонгох, хүндэтгэн бишрэх хуралдааныг зарлах, хуралдуулах, төрийн бэхи ажилуулах улсын нутаг дэвсгэр, хүн амыг аравтлах системээр хуваах, цэрэг байлдааны үйл ажиллагаа явуулах чиглэлээр олон төрлийн заншлын хэмжээ уламжлагдан мөрдөгдөж байв. Үүний зэрэгцээ дурдан буй үед заншлын хэм хэмжээнээс заримыг нь төрийн бичмэл хууль цаазад багтаан хуульчлан бэхжүүлж, хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг байв. Хууль цаазаар бэхжүүлсэн заншлын хэм хэмжээний гол нь хүн амаас газар нутаг, уул хад, ус ургамал, амьтан малтай харьцах, тэдгээрийг зохистой хамгаалах, ашиглах, хүмүүсийн гэр бүл, аж байдлын харилцааг шинэ нөхцөлд нийцүүлэн төлөвшүүлэх, төрт ёсны үйл ажиллагаа, ёс дэгийн шинэлэг хэлбэрийг бататган бэхжүүлэх зэрэг юм. Эндээс үзвэл Их Монгол улсын үеийн эрх зүйн тогтолцоо нь олон үеийн туршид оршин үйлчилж ирсэн монголчуудын зан заншлын хэм хэмжээ хийгээд шинэ тутам боловсорч төгөлдөржсөн эрх зүйн хэм хэмжээний үнэт зүйлсийн аль алиныг нь зохистойгоор хослуулсан эрх зүйн тогтолцооны өвөрмөц хэлбэр болж байжээ. Энэ бүхэн нь тухайн үеийн шинэ тутам үүсэн бүрэлдсэн нийгмийн харилцааг үр ашигтай зохицуулахад үр ашгаа өгч байлаа. Үүнтэй холбогдуулан манай түүхч судлаач, доктор Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан нарын “Монгол улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал” хэмээх бүтээлдээ тэмдэглэсэн “Их монгол улс өргөжин бэхжихийн хэрээр эрх зүйн болон заншлын хэм хэмжээ нь ялгамж, онцлогоороо тодорч, харилцан бие биедээ нөлөөлөн, Монголын нийгмийн харилцааны нарийн түвэгтэй байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.” (2.68) гэснийг зөв зүйтэй санал хэмээн тал өгч байгаа болно. Их Монгол улсын эрх зүйн зохицуулалтын үндсэн хэлбэрүүд нь “Их засаг хууль”, хааны зарлиг, шийдвэр, хаантай зөвшилцөн гаргасан улсын их заргачийн шийдвэр, дүрэм журам, түмт, мянгат, зуут, аравтын ноёдын шийдвэрүүд болж байжээ. “Нууц товчоо” зэрэг сурвалжаас үзвэл Чингис хаан түүнийг залгамжлагч хаад Монголын нийгэмд хатуу эмх журам, сахилга дэглэмийг тогтоохын тулд засаг цааз, ёс дүрмийг дээдлэн эрхэмлэж байсан нь тодорхой ойлгогддог.
Нэгдсэн монгол улсын үед эрх зүйн хэм хэмжээгээр нийгмийн дараах төрлийн харилцааг зохицуулж байжээ. Үүнийг:
- төрийн байгуулал, төрийн байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, дэг ёстой холбогдсон харилцаа;
- өмч хөрөнгө, аж ахуй, аж байдал, зан заншилтай холбогдсон харилцаа;
- эрүүгийн бодлого, гэмт хэрэг, ял шийтгэл түүнийг хэрэглэхтэй холбогдсон харилцаа хэмээн ялган үзэж болохоор байдаг юм.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл дурдан буй үеийн эрх зүйн тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын үйл явцын гол онцлог нь нэгдүгээрт Монголын эрт үеийн улс орны заншлын хэм хэмжээний уламжлалд суурилж, түүнийг эрх зүйн шинэ хэм хэмжээний зохицуулалтын үнэт зүйлсээр баяжуулсан; хоёрдугаарт эрх зүйн зохицуулалтын дэлхий нийтийн нийтлэг жишиг, монгол үндэстний өвөрмөц ахуйгаар нөхцөлдсөн онцлог зүй тогтоолын аль алиныг нь зохистойгоор шүтэлцүүлэн шингээсэн, гуравдугаарт зөвшөөрсөн хийгээд хориглосон хэм хэмжээний харилцаанд их төлөв хориглох хэм хэмжээний зохицуулалтын механизм давамгайлах шинжтэй байсан; дөрөвдүгээрт эрхийг гэхээсээ илүү үүргийг эрхэмлэсэн байдал эрх зүйн зохицуулалтын хүрээнд давамгайлж байсан; тавдугаарт нийгмийн олон төрлийн харилцааг эрх зүйн зохицуулалтын нэгэн хууль цаазаар төвлөрүүлэн зохицуулж байсан; зургадугаарт ялын бодлогын нэлээд чанга хатуу зарчим үйлчилж байсан. Тухайлбал “Их засаг” хуулийн бидэнд мэдэгдэж байгаа 36 зүйлээс 13 нь даруй алах ял байжээ: долдугаарт эрх зүйн зохицуулалтын хамрагдах цар хүрээ нь ихээхэн өргөн байсан. Тухайлбал “Их засаг” хуулийн үзэл санаа, зарчим зөвхөн монгол улсын хэмжээнд төдийгүй, эзэнт улсын хэмжээнд багтаж байсан гурван том гүрэн, тавь гаруй улс оронд нэгэн адил хэрэгжиж байсан юм; наймдугаарт эрх зүйн зохицуулалтын зохицуулах чадамж нэлээд удаан, тогтвортой үйлчилж байсан; есдүгээрт эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээ нь тухайн цаг үеийнхээ өөрчлөгдсөн нөхцөл байдлыг түргэн тусгаж, түүнийг дагаж байнга богино хугацаанд шинэчлэгдэн төгөлдөржиж чадаж байсан; аравдугаарт эрх зүйн зохицуулалтын хүрээнд хууль цаазын чанга хатуу зарчим үйлчлэхийн зэрэгцээ, төрийн нигүүлсэнгүй, энэрэнгүй зарчим, ардчилсан эрх зүйн хэм хэмжээний шинж, элемент ямар нэг хэмжээгээр илэрч үйлчилж байсан зэрэг юм.
Их Монгол улсын үеийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний тулгуур үзэл санаа нь төрийн оршин тогтнох үндэс нь түүний үйл ажиллагаа байдаг бөгөөд төрийн энэ үйл ажиллагаа нарийн дэг журам, хатуу чанд хэм хэмжээний хүрээнд явагдах ёстой. Энэ нь төрөөс батлан мөрдүүлж байгаа албан ёсны хууль эрх зүйн актаар дамжин хэрэгжих учиртай гэсэн үзэл баримтлал юм. Эрхийн сэтгэлгээний энэ үзэл санааны төвлөрсөн илрэл нь XIII зууны монголчуудын төрт ёс, улс төр, эрх зүйн сэтгэлгээний ховор чухал сурвалж, дурсгал бичиг болсон “Их засаг” хууль мөн билээ. Чингисийн “Их засаг” хэмээх хууль уг эхээрээ манай үед хадгалагдан үлдээгүй учраас тэрхүү хуулийн эмхтгэл үнэхээр байсан эсэх, байсан бол хэдүйд анх бичигдсэн тухай асуудлаар судлаачдын дунд маргаан үргэлжилсээр байгаа юм. Одоогоор шинжлэх ухаанд мэдэгдэж буй мэдээ сэлтийг нийтэд нь нягтлан судлахад тэдгээр нь Их засаг хэмээх хууль үнэхээр байсан болохыг үгүйсгэх бус, харин байсныг нь батлахад илүү үнэмшил төрүүлж байгаа билээ. (3.338) Эндээс үзвэл “Их засаг” хэмээх хуулийн эмхтгэл түүхэнд үнэхээр байсан нь маргаангүй юм. “Их засаг хууль”-ийн судалгаанд үнэтэй хэрэглэгдэхүүн болох сурвалж бичгүүдийн тоонд “Монголын нууц товчоо”, А.Жувейни “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”, Персийн түүхч Рашид Ад-Дины “Судрын чуулган”, “Юань улсын судар”, “Юань улсын хууль цаазын бичиг”, Сирийн Абдул Фаражийн “Сирийн түүхэн тэмдэглэл”. Армений Магакийн “Монголчуудын түүх”, Плано Карпинийн “Монголчуудын түүх”, Гильен де Рубрукийн “Дорно этгээдэд зорчсон минь” болон Марко Пологийн замын тэмдэглэл хэмээх элч, жуулчдын бүтээлүүд чухал байр суурь эзэлдэг юм. Энэхүү эх сурвалжуудад “Их засаг” хуулийн тухай, түүний эрх зүйн зохицуулалтын хүрээ, онцлог, хэлбэрийн тухай түүхэн үнэ цэнэтэй мэдээ баримтууд хадгалагдан үлджээ. “Их засаг хууль”-ийг гадаад, дотоодын судлаачид олон талаас нь нилээд өргөн хэмжээгээр судалсан байдаг. Түүний тухай олон орны 100 гаруй эрдэмтэн судлаачдын туурвисан 400 орчим сурвалж бичиг, ном бүтээлүүд байдаг аж. Тухайлбал Г.Я.Владимирцов, А.В.Рязановский, Америкийн Ж.Вернадский, Хятадын Сайшаал, Японы Ш.Озава, Мураками зэрэг гадаадын судлаачдын бүтээл “Их засаг” хуулийн судалгаанд чухал хувь нэмэр болсон юм. Манай судлаачдын тухайд Х.Пэрлээ, Ш.Нацагдорж, Д.Гонгор, Н.Ишжамц, Ш.Бира, Ч.Далай, Ч.Жүгдэр Г.Совд, Э.Авирмэд, И.Дашням, Б.Дашцэдэн нарын судалгаа “Их засаг” хуулийн судалгааг урагш ахиулахад чухал түлхэц болсон юм. Тэд их төлөв эл хуулийг эрх зүй, түүх шинжлэл, түүхэн сурвалж бичиг болох талаас нь нарийвчлан судалж иржээ. Харин харамсалтай нь “Их засаг” хуулийг философи, улс төрийн талаас нь судалсан судалгаа өнөө хэр хомс байгаа нь үнэнтэй юм.
“Монголын нууц товчоон”-нд тэмдэглэснээр “нийт улсын өмчийг хувааж, заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиг дэвтэрлэгтүн. Надтай зөвлөж, Шихихутагийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургын урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй” (МНТ 203) гэсэн байдаг. “Их засаг” хуулийн судалгаанаас үзвэл энэ нь Чингисийн олон жилийн туршид гаргаж байсан зарлиг, шийдвэр, билэг сургаал, гэрээслэлүүдийг хуулийн дүр төрхт оруулан багтаасан эрх зүйн зохицуулалтын баримт бичиг юм. Энэ тухай академич Ш.Бира тэмдэглэхдээ: “Чингис хааны “Их засаг” бол яг нэг тодорхой цаг үед бүтээгдсэн хуулийн эмхтгэл ч (одоогийн ойлголтоор бус, нэг төрлийн бөгөөд тогтолцооны хувьд нарийн эмх цэгцтэй болсон одоогийн хуульчдын ойлгодог кодекс буюу коуд (code) маягийн хуульч биш, тухайн нөхцөл байдал, хэрэгцээг харгалзан Чингис хаанаас олон жилийн туршид гаргасан зарлиг, засгуудын цуглуулга байжээ. “Их засаг” Чингис хааны нэрээр тунхаглагдсан хуулийн хувьд үеийн үед өөрчлөгдөх ёсгүй бөгөөд их хааныг залгамжлах хаадад улс орноо засан төвхнүүлэхэд нь хөдөлшгүй удирдамж, үлгэр загвар болох ёстой байжээ” (3.341) гэснийг анхаарууштай юм.
Персийн түүхч Рашид Ад-Дины “Судрын чуулган” болон бусад түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр Чингис хаан анх “Их засаг” хуулийг Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн 1189 онд анх зарлан тунхаглаж, 1206 онд буюу Их монгол улсыг үндэслэн байгуулсан хуралдайгаар албан ёсоор баталжээ. Харин уг хуулинд 1210 он, мөн 1218 онд тус тус хийлгэсэн хоёр удаагийн их хуралдайгаар Их засаг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэж гаргасан зүйлээс уг хууль анхлан бүрдэл болсон тухай бичсэн байдаг. Их засаг хууль, зарлиг, дүрмийг Уйгар үсгээр хуйлмал цаасан дээр бичдэг байсан ба түүнийг “Засгийн их дэвтэр” хэмээн нэрлэжээ гэж түүхч Жувейны “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” зохиолдоо дурдсан байдаг. (4.28) Их засаг хуулийг Чингис хааны дараа түүнийг залгамжлан хаан сууж байсан Өгэдэй, Гүюг болон Мөнх хааны үеийг дуустлах хугацаанд журамлан дагаж, улс орны доторх аливаа хэргийг шийдсээр иржээ. Тэгэхдээ уг хуулийн заалт бүхэлдээ биш боловч зарим хэсэг нь тухайлбаас: ураг худ болох болон гэр бүлийн хуулийн заалт нь Хубилай цэцэн хаан, түүний дараагийн үеэс үед хэдэн зуун жилд монгол оронд үйлчилж байсан гэж хэлж болно. (5.20) Сурвалжид тусгагдсан мэдээ, баримтыг иш үндэс болгон үзвээс Өгэдэй хаан, хаан эцгийн үлдээсэн төрийн зарлиг цааз, хэм хэмжээг улс орон даяар чанд нарийн зайлшгүй дагаж мөрдөхийг тушааж байсан бөгөөд үүний зэрэгцээ Их засаг хуулийн зүйл заалтыг томоохон хуралдай, улсын чанартай сүр дуулиант үйл явдлын емне олонд дуудан сонсгодог журам тогтоосон байна. Үүний зэрэгцээ их засаг хуулийг боловсронгуй болгох чиглэлээр ихээхэн анхаарал тавьж байсан нь харагддаг. Тухайлбал их засаг хуулийг 1219, 1225 онд нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.
Их засаг хууль бол XIII зууны монголчуудын эрх зүйн сэтгэлгээний нандин их өв дурсгал бичиг мөн. “Засаг” гэдэг үг нь үгийн гарал зүйн хувьд цааз, дүрэм, журам, хэв ёс гэсэн утгыг илэрхийлдэг. Их засаг хуулийн ач холбогдол нь овгийн байгууллын үлдэгдлийг даван туулах, заншлын хийгээд шилжилтийн шинж бүхий эрх зүйн заримдаг хэм хэмжээг бичмэл хууль цаазаар зохицуулагддаг эрх зүйн хэм хэмжээгээр солиход түүхэн нөлөө үзүүлснээр тодорхойлогддог. Гэхдээ их засаг хууль нь тал нутагт нүүдэллэн амьдарч байсан овог, аймгуудын нийгмийн харилцаанд хэрэглэгдэж байсан эртний уламжлал, дадал заншил, хэв хуулийг огт үгүйсгэсэн бус харин ч тэдгээрийн зүй ёсны хөгжил гүнзгийрэл болон гарч ирсэн юм. (6.143) Энэ тухай эрдэмтэн мэргэд олон чухал санааг гаргаж тавьсан байдаг. Тухайлбал, Рашид Ад-Дин “Их засаг нь түүнийг бичигдэхээс өмнөх монголчуудын мөрлөг хэвшил болж байсан хэв хуулийн үргэлжлэл байв.” (7) гэж байсан бол оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов “уг хууль монголчуудын хэв ёс, дадал заншлыг бататгасан феодалын төрийн гол хууль байсан” (8) хэмээн тэмдэглэсэн байна. Харин Ч.Жүгдэр “Энэхүү засаг хуулийг бүр Чингисийн үеэс тогтоол зааврын хэлбэрээр эмхтгэгдэж баяжсаар яваандаа хуульчлагдаж ирсэн Монголын хэв хууль, ардын дадал заншил, үзэл бодол, сургаал ёс буй болгосон байна. Тэрбээр өөрийн овгийн дадал заншил, үзэл уламжлалыг төрийн заавал баримтлах эрхийн хэмжээнд хүртэл өргөмжилж, хэв хуулийг албан ёсны хууль болгожээ” (9.154) гэсэн нь сонирхол татах дүгнэлт болжээ. Харин академич С.Нарангэрэл “Их засаг хууль нь Монголын нийгэмд оршиж байсан заншлын хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн хууль юм.”. (10.32) хэмээн өөрийн саналаа илэрхийлжээ. Энэ утгаараа Их засаг хууль нь монголын уламжлалт зан заншил дадал зүйгээр нөхцөлдсөн хэв хууль буюу заншлын хэм хэмжээнд суурилж бүрдсэн хууль цаазын эрх зүйн хэм хэмжээний өвөрмөц нэгэн дурсгал юм.
Их засаг хууль нь Монголын төдийгүй хүн төрөлхтний хууль цаазын сэтгэлгээнд чухал хувь нэмэр оруулсан хууль юм. Энэ утгаараа “Их засаг” хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэм, улс төрийн байгуулал бүрэлдэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммурапийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз-эрхэмжийн нэн чухал баримт бичиг юм. Учир нь эл хуулийн зарчим, үзэл санаа зөвхөн Монгол нутагт төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсны хувьд дэлхийн хууль цаазын түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн бөлгөө. (2.77)
Их засаг хууль нь нийгмийн нэг төрлийн харилцааг бус харин олон төрлийн цогц харилцааг цаг хугацаа, орон зайн нэг түвшинд нэгдмэл байдлаар зохицуулж байснаараа онцлогтой юм. Америкийн судлаач Ж.Вернадский “Их засаг бол хэв хуулийн үндсэн дээр шинэ тутам тогтсон төрийн засаг, захиргаа, цэрэг, иргэн, эрүү шүүлт, худалдаа, хэв заншил тэргүүтэн олон төрөл зүйлийг багтаасан бүрэн төгөлдөр их хууль мөн” (11.100) хэмээсэн нь сонирхол татаж байна. Судлаачид их засаг хуулийн зүйл, заалт, агуулгыг харилцан адилгүй янз бүрийн байр суурь аргачлалын үндсэн дээр судлан авч үзсэн байдаг. Манай судлаачдын судалж тогтоосноор Их засаг хуулийн заалтуудыг агуулгаар нь 12 бүлэг, 216 зүйл болгон ангилж үзсэн байна. (12.15)
Судлаачдын бүтээлээс үзэхэд Их засаг хуулийн агуулгыг төр засах цааз, иргэний аж байдлын цааз, эрүүгийн бодлого гэсэн гол асуудлуудад нэгтгэн тайлбарлаж болохоор байдаг юм. Их засаг хуулийн агуулгыг нэгтгэн цэгнэж үзвээс монголын нэгдсэн улсын нийгэм, төрийн хэлбэр, журам, төрөөс иргэнийг засах, иргэнээс төрийг засах, хааны хэмжээгүй эрх мэдэл, хаанд өргөмжлөх ёс, төрийн байгууллагууд, тэдгээрийн зохион байгуулалт, эрх үүрэг, ажиллах журам, төрийн түшмэдийн зэрэг дэв, эрх ямба, үүрэг хариуцлага, төрийн удирдах, удирдуулах ёсон, гадаад, дотоод бодлого, засаг захиргааны хуваарь, газар нутаг, өмч хөрөнгө, өв залгамжлал, эзэн харъяатын ёс, алба татвар, ёс заншил, эрүүгийн бодлого, ял оногдуулах, эдлүүлэх зарчим, журам зэргийг хэм хэмжээний түвшинд нарийн зохицуулсан байдаг. Энэ бүхнийг улс орон, иргэд хотол даяар, заавал дагаж мөрдөх хатуу дэг ёстой байжээ. Энэ утгаар нь “Их засаг”-ийг нийгмийн нэгэн төрлийн харилцааг бус, харин эрх зүйн хэм хэмжээгээр зайлшгүй зохицуулагдах шаардлага бүхий янз бүрийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг агуулсан хууль байсан гэж үзвэл зохилтой. (1.112)
Их засаг хуулийг улс төрийн талаас нь судлан шинжлэх нь шинжлэх ухааны танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой юм. Их засаг хууль нь нийгмийн өргөн харилцааг иж бүрэн зохицуулах арга, хэрэгсэл болж байдаг утгаараа бүхэлдээ улс төрийн утга агуулга бүхий баримт бичиг юм гэж хэлж болно. Учир нь нийгмийн амьдралын бусад салбараас улс төрийн хүрээний ялгарах хамгийн гол онцлог нь түүний зохицуулан, зохион байгуулж, чиглүүлэх шинж юм. Зохицуулах шинж нь улс төрийн хамгийн гол шинж болдог. Энэ утгаараа нийгмийн харилцааг эрх зүйн талаас нь зохицуулах хэлбэр нь нийгмийн улс төрийн амьдралын үндсэн үүрэг болдог байна. Улс төрийн энэ онцлог шинжийг иш үндэс болгон Их засаг хуулийг судлан үзвээс сонирхол татсан олон асуудал гарч ирэх нь зүйн хэрэг юм.
Их засаг хуульд тусгагдсан улс төрийн үзлийн төвлөрсөн илэрхийлэл нь нэгдсэн төр, улсын тухай улс төрийн онолын үзэл санааг бататган, төрийг засахуйн арга, зарчим, төрт ёсны бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх арга, механизмыг бодитойгоор томьёолон зааж өгснөөр тайлбарлагддаг. Их засаг хуулийн улс төрийн агуулга нь төр засах цаазын хэм хэмжээнээс тов тодорхой илэрдэг юм.
Их засаг хуулиар төрийн хүмүүсийн зэрэг дэв, эрх ямба, цол хэргэм, хаан өргөмжлөх ёс журам, захирах, захирагдах ёсны талаарх улс төрийн онолын зарчмыг эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээтэй холбон шүтэлцүүлж, хэрэгжүүлэх арга хэлбэрийг нь зааж өгсөн нь түүний улс төрийн агуулгын чухал нэгэн илэрхийлэл болдог юм. Их засаг хуульд их хаанаас өөр хэн ч атугай зоргоор эрхэмсэг цол зүүж үл болно хэмээн хааны дээд эрхийг цохон заасан байдаг. Энэ нь нэг талаас Монголын эзэн хааны сүр хүчийг өндөрт байлгаж, эрхэмжит шинжийг нь эрх зүйн хувьд баталгаажуулах, нөгөө талаас Монголын бусад сурвалжит язгууртан нар янз бүрийн эрхэмсэг цол зүүж, хүчжих явдлаас хориглон сэргийлэхэд чиглэгдэж байв. Үүний зэрэгцээ хаандаа харц олон түмний зүгээс хүндэтгэн хандах, үйлчлэн туслах журам ёсыг нарийвчлан зааж өгсөн байдаг. Түүнчлэн их хуралдай хуралдах, хаан өргөмжлөх ёс, хуралдайн албан ёсны шинжийг хуульчлан зохицуулж өгсөн байдаг. Хааны хэмжээгүй эрхийн системийн тодорхой бүрдлүүдийг тусгайлан зааж, хааны зарлиг цаазын хүчин төгөлдөр байдал, төрийн өндөр албан тушаалтныг томилж огцруулах журам, алтан ургийнхны онцгой эрх, ихэс дээдсийн болон харц ардын хоорондын харилцааны хэм хэмжээг эрх зүйн хувьд нарийвчлан зохицуулсан нь тус хуулийн улс төрийн учир холбогдолын тод илрэл болж байна.
Их засаг хуульд төрийн албан тушаалтны зэрэг дэв, захирах захирагдах ёсны талаар тодорхой зүйлийг тусгасан байдаг. Тухайлбал хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал, тэр харъяат улсаа захирч чадна, аравтыг захирч чадсан хүнд мянганыг, түмнийг захируулж болно, өөрийн аравныг захирч чадахгүй ноён байхул, түүний биеийг хүүхдийн хамт гэмтэн болго гэх мэт төрийн албаны үүрэг хариуцлага, шаардлагыг өндөржүүлсэн заалт орсон байна. Төрийн нууцыг чандлан сахих, хэрэв задруулбал 100 хүртэл шийдэгдэж, онцгой нууц задруулбал алах ял оноож байжээ.
Их засаг хуульд тусгагдсан улс төрийн шинжтэй зохицуулалтын нөгөө нэг чухал хэлбэр нь төр, засгийн бүтэц, зохион байгуулалт, засаг, захиргааны цааз юм. Тус хуулинд хэмжээгүй эрхт хаант төрийг бататгах, хааны эрх ямбыг хамгаалахын зэрэгцээ засаг, захиргааны тогтолцоонд цэрэг иргэний хэргийг хослон явуулахад зохицсон түмт, мянгат, зуут аравтын тогтолцоог бий болгож, тэдгээрийн хооронд болон тэдгээртэй иргэдийн харилцах харилцааг эрх зүйн хэм хэмжээний талаас тодорхой зохицуулсан нь төрийн нэгдмэл байдлыг хангах, төрийн үйл ажиллагааны шуурхай чанарыг гүйцэлдүүлэх эрх зүй, улс төрийн таатай нөхцөл бүрдүүлэхэд чухлаар нөлөөлж байжээ. Их засаг хуульд “хүн ард заавал харьяалагдан бүхий мянгат, зуут буюу аравтдаа байваас зохино. Бусад нэгэн дор шилжиж үл болно. Удирдагчид нь мянгатын ноёнд, зууны ноён нь аравны ноёнд тус тус зааварлана” гэжээ. Эндээс үзвэл шатлан захирах ёс хүчтэй үйлчилж, засаг захиргааны шаталсан хэлбэр тухайн үед оршиж байсныг харж болох байна.
Их засаг хууль нь тухайн үеийн хаант ёсны хэлбэрт нийцсэн нэлээд чанга хатуу хууль байсан нь үнэн боловч үйлчлэл, нөлөөллийн хувьд өнөөгийн ардчилсан хууль цаазад байдаг ардчилсан үнэт зүйлсийн зарим элементийг өөртөө агуулж байснаараа онцлог юм. Эл хуулийн зүйл, заалтыг нарийвчлан шинжиж үзвээс тэгш ёс, энэрэнгүй зарчим, нигүүлсэнгүй ёс, андын ариун журам, эв эеийг сахих, ахмадыг хүндэтгэх, нялхсыг асрах зэрэг алив ардчилсан хуулинд байдаг улс төр, ёс зүйн ардчилсан үнэт зүйлсийн зарим шинж ямар нэг хэмжээгээр агуулагдаж байсныг ойлгож болох билээ. Энэ утгаараа Их засаг хууль нь хаант ёсны хатуу чанд байдлын тусгал байсан төдийгүй ардчилсан эрх зүйн хууль цаазын эртний боловч өвөрмөц нэгэн хэлбэр болж байжээ. Тус хуулинд жирийн ард иргэдийг хэтэрхий чирэгдүүлж, хохироосон дээд язгуурт сурвалжит бүлгийнхнийг шийтгэх тухай заалт тусгагдсан байдаг. Тухайлбал, Чингис хааны алтан ургийн дотроос Их засаг хуулийн заалтыг анх удаагаа зөрчвөл үгээр сургагтун, хоёр дахь удаа зөрчвөл биеэр нь шийтгэгтүн, гурав дахь удаагаа зөрчвөл алс хол газарт цөллөгт явуулна Хэрэв тэнд очоод боломжтой болж эс засарваас гав тушаагаар бэхэлж гянданд хорих, хэрэв гяндангаас гарч ирээд хүн бологсдын баримжааг сурч эс чадваас бүх ураг төрлөөрөө хамтран хуралдаж, хэлэлцэн цаазаар аваачих ял хүлээлгэх тухай өгүүлжээ. Мөн төр улсаасаа урвах, цэргийн албанаас зайлсхийвэл сурвалжит бүлгийн төлөөлөгч хэн боловч цаазаар авахуулах хатуу хуультай байжээ. Түүнчлэн цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн хүнийг амь хэлтрүүлэх тухай Их засаг хуульд тусгагдсан байдаг бөгөөд харин энэ тохиолдолд 40 алтан зоосоор золиос болгон солихыг зөвшөөрдөг байжээ.
Их засаг хуульд аливаа хэргийн шинж байдал, шалтгааныг харгалзан бодитой шударга шийтгэл оногдуулах нь гол зарчим болж байжээ. Тухайлбал, Чингисийн гаргасан зарлигийг аман дээрээ дагаж, ажил дээрээ ил далд зөрчвөл хэн ч бай түүнийг усанд хаясан чулуу, өвсөнд харвасан зэв адил болгож шийтгэнэ. Хэрвээ сурвалжит бүлгийнхэн зөрчвөл тэр хүн ардыг захирч үл чадна хэмээн үзэх ёстой гэх юм уу эсхүл ард түмнээс сонгогдож, Их хуралдайгаар хэлэлцэгдэн хаан болох ёсыг зөрчиж, сагсуурсан хүнийг цаазаар аваачина, дайсан ч бай эзэндээ үнэнч биш хүнийг алах ялаар шийтгэнэ гэх мэтээс үзвэл шударга ёсны зарчим уг хуульд ямар нэг хэмжээгээр тусгагдсан нь харагдаж байна. Гэхдээ ингэлээ гээд XIII зууны үеийн Монголын Их засаг хуулийг цэвэр ардчилсан хууль цааз байсан хэмээн үзэх нь ташаарал болох нь мэдээж хэрэг юм.mХарин энэ хуульд шингэсэн ардчилсан эрх зүйн хэм хэмжээний илрэл нь тухайн хуулийн залгамж байдлын улс төрийн ач холбогдлыг илтгэж байна гэж үзэх нь зүйд нийцэх юм.
Их засаг хуулийн улс төрийн учир холбогдлын асуудал нь цаашдаа нарийн судалгаа шаардсан олон талтай, төвөгтэй асуудал даруй мөн гэж үзэж байна. Энэ асуудлыг нэгэн удаагийн судалгаагаар бүрэн судалчихна гэвэл ихээхэн эндүүрсэн хэрэг болох биз ээ. Иймээс энэ тухай сэдэв улс төрийн судалгааны салбарт цаашдаа нээлттэй байж, олон арван судлаачдын оюун санааг эзэмдэх нь гарцаагүй юм.
Ашигласан ном, материал
- И.Дашням. Чингисийн хаант улсын төр хууль цааз. УБ.1997.
- Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан. Монгол улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал. УБ.1997
- Ш.Бира. Монголын төрт ёсны үүсэл, хөгжил. Монголын соёлын түүх. Боть І. УБ. 1999 он.
- Жувейн. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх. Хөх хот, 1981.
- Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд, Монгол хууль. УБ. 1997.
- Монголын философийн түүх. /13-18 зуун/ 2 дэвтэр. УБ. 2000.
- Рашид Ад-Дин. Судрын чуулган. УБ. 2002.
- В.Я. Владимириморцов.Обшественый строй монголов . Л. 1934 он.
- Ч.Жүгдэр. Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ. Хоёр дахь хэвлэл. УБ. 2002.
- С.Нарангэрэл. Монголын эрх зүйн түүхэн тойм. Монголын эрх зүйн хөгжилт: он дараалал, үндсэн үе шат. Монгол улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал, шинэчлэлийн зарим асуудал. УБ. 2001.
- Ж.Вернадский.История Монголов. 1963 он.
- Эзэн Богд Чингисийн “Их засаг”. УБ. 1995.