Б.Алтансүх
/УТБА-ийн багш/
Шинэ толь №43, 2003
Түлхүүр үг: Авлига-Улс төр, Төрийн брюкрат аппарат, Төрийн тэгш бус үйлчилгээ, Улс төрийн соёлын хандлага, Далд эдийн засаг, Тогтолцооны гажуудал, /Авлигалын шалтгаан, үр дагавар
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Авлигалын мөн чанар
Авлигалтай амжилттай тэмцэхийн тулд түүнийг үүсгэж буй орчин, чухам ямар үзэгдэл, үл ажиллагааг энд багтааж байгааг авч үзэх шаардлага урган гарч байгаа юм. Орчин үеийн авлигалын мөн чанарыг судлаачид олон янзаар тайлбарладаг. Шведийн эдийн засагч, дипломат Г.Мюрдаль нэгэнтээ “тодорхой бус, муу хуулиудаас болж бид хууран мэхлэгчдийн улс гүрэн болж хувирлаа” гэж бичсэн нь бий. Зарим хуульчид авлигал, хээл хахууль муу хууль гэхээс өмнө хүн төрөлхтөний “төрөлхийн өвчин” учраас гаарах үедээ ч гаарч, эсхүл намддаг гэж баталцгаадаг нь бүр Цицероны ишлэлийг ч санагдуулна. Олонхи судлаачид, улс төрчдийн хувьд авилгалын гол эх сурвалжийг аажмаар л өсөн нэмэгдэж буй түшмэдийн арми, нийгмийн амьдралд улам бүр нэвтэрч буй хүнд суртал, төрийн үүргийг үндэслэлгүй хэт өргөжүүлж буйтай холбон авч үздэг.
Тодорхой түшмэд, тэднийг тойрон хүрээлэгчдэд хахууль өгөх, тэдний авлигалын хүрээнд багтах нь ажил хэргээ амжилттай явуулах нэгэн гол үндэс болж хувирчээ. Тухайн албан тушаал юмуу төрийн алба нь өөрөө авлигалгүйгээр урагшлахгүй болж, энэ нь “тоглоомын дүрмийн” салшгүй хэсэг болох нь цөөн биш байна. Авлигалыг үүсгэгч нэгэн томоохон эх сурвалж нь зах зээлийн бэрхшээлүүдийг “зах зээлийн бус аргаар” шийдэх төрийн оролдлогоос үүдэлтэй бөгөөд энэ нь хахууль авах, түүнд бусдыг албадах боломжийг нээж өгдөг.
Мөн эдийн засгийн бүтэц, бодлогоос үүдэлтэй олон гажуудал шилжилтийн бүх оронд элбэг байгаа юм. Энд юуны өмнө бүх шатанд ажиглагдаж буй монополь бүтцийг дурдах ёстой. Аливаа монополь бүтэц нь чөлөөт өрсөлдөөнийг боомилохын хамт эдийн засагт хууль бус бүтцүүд үүсэх, улмаар авлигалыг хөөрөгдөх суурь болж байгаа юм. Тухайлбал, шилжилтийн олонхи оронд асар том “далд эдийн засаг” нь олон салбарын бөөгнөрөл бүхий бие даасан эдийн засаг шахуу болжээ. Энэ үзэгдпийг Өрнөдийн орнуудад гурван чиглэлээр авч үздэг.
Тооцоонд ордоггүй, ажиглагддаггүй (unobserved);
Бүртгэлгүй (illegal, underground );
Хууль бус, далд, нуугдмал (Н1еда1, ипдегдгоипф эдийн засгийн бүтцүүд оршиж тус бүрдээ авлигалыг хөөрөгдөгч катализатор болон үйлчилдэг.
Орчин үеийн авлигалын шалтгааны тайлбарлаж буй дээрхи гурван чиглэлийн аль нь ч түүний мөн чанарыг бүрэн илэрхийлэхгүй. Мөн эдгээр шалтгаан нь бусдаасаа салангид бус билээ. Судлаачдын олонхи орчин үеийн дэлхий ертөнцөд юуны өмнө авлигалын шалтгаан нь зах зээлийн буюу дээр гуравдугаарт авч үзсэн шалтгаануудаас хүчтэй хамаарч буйг дурдахын хамт зах зээлийн харилцааны соёл, өөрийн үүргээ биелүүлэгч институциуд үгүй, эсхүл эдгээр нь нэн сул, заримдаа сөрөг үйлчлэлтэй шилжилтийн орчинд авлигалтай зохистой тэмцэх нь нэн хүнд байгааг тэмдэглэж байна.
Эдийн засгийн талбарт авлигал нэн хурдацтай тархаж буй нь төрийн эдийн засгийн бодлого өрсөлдөөнийг бус, төрийн оролцоог улам өргөжүүлдэг, бизнесийн орчин тодорхой бус, зах зээлийн харилцаанд оролцогч талууд, өөрөөр хэлбэл эдийн засгийн агентуудын эрх, үүрэг тодорхой бус, түшмэдийн эдийн засагт тавих хяналт хэт өргөн, тэдэнд дураараа аашлах боломж олгодог, улмаар төрийг хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалагч бус, түүнийг хянагч, дарамтлагчийн байр сууринд хальтруулдагтай уялдаатай.
Хөгжиж буй орнуудад, түүний дотор посткоммунист орнуудад нүүрлэж буй авлигалын аюул нь өмнөх захиргаадалтын тогтолцооноос өвлөгдсөн улс төрийн соёл, бүхнээс дээгүүр байсан төрийн үзэл сурталжсан бюрократизм, үүнтэй уялдаатай төрийн хамгийн дээд шатанд хүртэл тархаж, ард түмний хяналтын гадна байсан улс төрийн дээд элитээс үүдэлтэй билээ. Өнөөдөр олонхи посткоммунист оронд далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ний 30-40% болж буй нь зөвхөн авлигал асар өргөн тархсан орчинд л байх боломжтой.
Авлигал нь нийгмийн амьдралын бүх эд эс, эрх мэдлийн бүх салаа мөчир, эдийн засгийн орчинд нь ч хүртэл гүнзгий тархсан нь бидэнд өмнөх тоталитар тогтолцооноос үлдсэн бүх хариуцлагыг иргэн бус, төр хүлээдэг сэтгэхүй амь бөхтэй байгааг харуулна. Бүгдийг төр юмуу тодорхой улс төрийн хаалттай бүлэглэл шийдэж, иргэдээ үргэлж болж өнгөрсөн үйл явдлын үнэн зөвд итгүүлдэг Дорнодын төрийн уламжлалт философи нь нийгмийг иргэн бус, “төрийн машин” л залахад хүргэдэг. Ингэснээр төрийн машины жолоон дээр сууж буй түшмэдэд чухам юу хийх, яаж хийхийг шийдэх боломж нь легитим бус хэдий ч очиж байгаа юм. Өөрөөр хэлбэл авлигалын эсрэг чиглэсэн ямар ч чармайлт оршин буй улс төрийн систем, түүний үйл ажиллагаанаас л хамаарч буй дараахь хүчин зүйлстэй тулгаран нурж байна. Өөрөөр хэлбэл, дор дурдсан шалтгаанууд авлигал газар авахад “шимтэй хөрс” болж байгаа юм. Энд
- Хэдийгээр шинээр гарч ирсэн улс төрийн хүчин авлигалтай тэмцэхийг чармайсан ч авлигалд гүнзгий автсан төрийн бюракрат аппарат түүнийг хэрэгжүүлэх болдог учраас ямар ч шинэ, зохистой улс төр, эрх зүй, эдийн засгийн инноваци эцэстээ хоосон тунхаглал л болж үлддэг.
- Хэдий тунхагласан ч төрийн эрх баригч элитэд улс төрийн хүсэл зориг дутах нь элбэг.
- Хэтэрхий том амлалт, биелэх боломжгүй зорилтууд нь иргэдийн төрд итгэх итгэлийг устгаж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах явдал хүсээгүй ч олон шилжилтийн орны засгийн газрын толгойн өвчин болжээ.
- Тодорхой зорилго, зохистой зохицуулалт үгүй, нийгмийн тодорхой эрх ашгийг эерэгээр хангах боломжгүй, хэний төлөө хийгдэж буй нь тодорхойгүй зөвхөн “шинэтгэлийн төлөө шинэтгэл” утга учраа амархан алдаж, хэнд ч түүний бодит биелэлт, утга учрыг сонирхох хүсэл төрдөггүй.
- Аливаа шинэтгэлийг дээрээс, ямар нэгэн тушаал заавар, шахалтаар эхлүүлсэн ч нийгэм түүнд өөрөө бэлтгэгдээгүй бол дахиад л эрх мэдлийг урвуулан ашиглах, бусдыг шахалтанд оруулах үзэгдэл гаарч, эцэстээ нөгөө л авлигалыг улам л дэвэргэх болно.
- Улс төрийн эрх баригч элитүүдэд үйлчилдэггүй зөвхөн “жижиг загаснуудад” үйлчлэлтэй, шударга бусаар хэрэглэгдэж, нийгмийн гишүүдэд тэгш бус үйлчилдэг эрх зүйн актууд мөдхөн хэрэгжихээ больж, үйлчлэлээ алддаг.
- Шинэтгэлийг эхлүүлсэн хүмүүс улс төрийн тавцнаас явснаас хойно түүнийг тогтвортой хэрэгжүүлэх институциуд үгүй, зохистой инновацийн механизмыг бодолцоогүй бол аливаа бодлого, хөтөлбөр зөвхөн цаасан дээр үлдэх нь элбэг байна.
- Аливаа шинэтгэлийн үйл явцад нийгмийн өргөн давхаргууд болон хувийн хэвшлийн зохистой оролцоог хангаж чадахгүй бол төрийн чармайлт ямар ч далайцтай байсан хэзээ ч амжилтанд хүрэхгүй байгааг дурдаж болно.
Өнөөгийн Монгол ба авлигал
Зөвхөн олон нийтэд төдийгүй мэргэжлийн шинжээчдэд авлигалын мөн чанарыг зөв ойлгоход энэ үйл явцыг зөвхөн эдийн засаг, эрх зүйн талуудтай холбон тайлбарладаг уламжлалт сэтгэлгээ саад болох нь элбэг. Ингэж үнэлэхдээ улс төрийн болон нийгэм-эдийн засгийн хүрээнд өрнөж буй олон үзэгдлийг сайндаа хоёрдугаар асуудал гэж авч үздэг.
Олонхи судлаачид, улс төрчдийн хувьд авлигал улс төр-эдийн засаг, нийгэм-угсаатны, цаашилбал ёс зүйн шалтгаануудын үр дагавар гэж тооцогддог. Мэдээж, түүний дотоод мөн чанарыг авч үзвээс эдгээр бүх шалтгаан түүнийг нөхцөлдүүлдэг. Гэвч хөгжлийн тодорхой шатанд, үгүй бол нийгмийн хувьслын тодорхой үед ч гэж болно авлигал өөрөө улс төр, эдийн засаг, цаашилбал нийгмийн амьдралыг ч бүхэлд нь зохицуулдаг “ноёрхогч институци” болж хувирч байна гэж хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна. Тухайлбал, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зарим оронд, ялангуяа Дундад Азийн шинэ тусгаар улсуудад авлигал өөрөө тухайн улсын нийгэм-улс төрийн системийн “суурь” болж хувирлаа гэж Казахстаны судлаач Н.Масанова үзжээ.
Түүний энэ үзэл бодолтой санал нийлэхийн сацуу авлигал өөрөө нийгмийн амьдралын бүх хүрээнд тархахын хамт цаг өнгөрөх тусам улс төрийн системийг өөртөө захируулж, төрийн аппаратыг өөртөө тохируулан өөрчилж, цоо шинэ, ямар ч хуулинд захирагддаггүй “тоглоомын дүрмүүдийг” гарган хэрэгжүүлж буйг онцгойлон тэмдэглэх ёстой. Өнөөгийн Монголын нийгэм хэдийгээр бүхнийг авлигалд захируулаагүй ч яг л энэ замаар явж, энэ аюулд хальтран ороход харьцангуй ойр ирээд байгаа юм. Тэгсэн тохиолдолд ядуурал, өлсгөлөн, улс төрийн тогтворгүй байдал, гадаад орийн дарамт, эдийн засгийн уналт мөнхөд нүүрлэсэн хар Африкийн замаар л явах болно. Бүх нийтээрээ авлигалд автсан улс төрийн системийн зайлшгүй дагуулдаг аюул нь улс төрийн авторитаризм, нийгмийн дотоодын ялзрал л байдаг билээ.
Зохистой ардчилсан улс төрийн систем, иргэдийн үг хэлэх болон хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан нийгэм л авлигалын эсрэг хамгийн сайн үйлчлэлтэй “вакцин” байх болно. Иймээс л авлигалын аюулыг бууруулах, түүнтэй зохистой тэмцэл хийх хамгийн зохистой арга зам нь ордчилсан зарчмуудыг нийгэм, эдийн засаг, эрх зүйн цаашилбал сэтгэлзүйн хүрээнд ч цогцоор нэвтрүүлэх асуудал болон тавигддаг.
Авлигал бол зүгээр нэг хийсвэр онолын ойлголт бус төрийн бодлого, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хүмүүс, албан тушаалтнуудын харилцан хамаарал, бодит үйлдлээр биеллээ олдог. Өөрөөр хэлбэл, хүнд сурталд хэт автсан төрийн түшмэд, дарамтанд байнга өртдөг хувийн сектор, тодорхой гэмт хэргийн бүлэглэлүүд гээд авлигалын үзэл санааг тээгч, түүнгүйгээр урагшилж чадахгүй болсон талууд төдийгүй цаашилбал нийгэм бүхэлдээ л энд хамаатай. Энэ бүх талын өөрсдийн хувийн сонирхол, эрх ашиг авлигалын үйл явцад хангагдаж байдаг.
Өнөөгийн Монголд авлигал өөрийгөө цааш нь түгээгч нэн аюултай үзэгдэл болж төрийн аппарат, эдийн засгийн агентуудыг өөртөө “уусгаж” эхэлсэн улс төрийн бодит систем болон хувирч байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. “Трансперинси Интернэшнл” байгууллагын шинжээчдийн авч үзсэнээр либерал-ардчилсан, социал-демократ улс төрийн системүүдийн зэрэгцээгээр
Либерал-авлигалын (liberal-corrufted) – Япон, Өмнөд Солонгос, Азийн зарим орнууд;
Авторитар- авлигалын (Аutoritarian-corrufted) – Узбек, Туркмен, Тажик, Казахстан, Грузи зэрэг орнууд;
Төрийн авлигалын (state –corrufted) – Орос, Украин зэрэг орнууд;
Үзэл сурталжсан авлигалын (idealogic –corrufted )-тухайлбал Хятад;
Системүүдийн мөн чанарыг гарган тавьж судлах нь чухал болжээ.
Хэдийгээр Монгол улсыг дээрхи ангиллын алинд нь ч хамруулж болох боловч төрийн авлигалын систем бүрэлдэх үйл явцын анхны шалгуурууд хэдийн ажиглагдаж байгаа юм. Энд тухайлбал, сөрөг хүчний хяналт бараг үгүй болсон, төрийн аппаратын үйл ажиллагаанд хяналт тавих механизм нэн бүдэг, эрх зүйн хувьд болхи, нийгэмд үүсч буй олон янзын сонирхлын зөрчлийг зохицуулж, түүний сөрөг талуудыг даван туулах боломж институциудын түвшинд ч, улс төрийн системийн түвшинд ч байхгүй байгаа юм.
Тухайлбал, шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд олонхи шилжилтийн орны иргэд шүүхийн үйл ажиллагаанд итгэж, түүнд ханддаггүй ажээ. Иймд шүүх ихэнхдээ авлигалд автсан, хоорондоо өрсөлдөгч бүлэглэлүүдийн зөрчлийг авч үзэхэд хүрдэг ба шийдвэр мэдээж хэн илүү шүүхэд үйлчлэлтэй, баян талд нь л ашигтай гарна. Энэ тоглоомын дүрмийн мөн чанар нь төрийн албан хаагчдын болон шүүхийн шийдвэр гарахаасаа өмнө худалдагдсан байдагт оршино.
Энгийнээр хэлэхэд, авлигал төрийн үйл ажиллагааны хэм хэмжээ болж төрийн албан хаагчдын гаргаж буй аливаа шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх үйл явц нь бүхэлдээ “дахин төлбөр” буюу хахуулиар дамждаг. Аливаа орны иргэд татвар төлж төрийн оршин тогтнох боломжийг хангадаг бол энэ бий болгосон бүтцийнхээ үйлчилгээг дахин хахуулиар дамжуулан худалдаж авснаар ямар ч баян, байгалийн баялаг ихтэй, хөгжих боломжтой эдийн засаг сөхөрдөг ажээ. Чухам энд л хөгжлийн гол тотгор оршиж байгаа юм.
Албан ёсоор бол Үндсэн хууль, бусад хуулиуд, түүнийг дагасан олон зохицуулалт, эрх зүйн актууд, тоглоомын дүрмүүд оршиж байдаг. Гэвч энэ бүхэн асуудлын зөвхөн өнгөн, үзэгдэх (ихэвчлэн үзүүлэхийг хүсэж буй) тал билээ. Ямар ч хуулийг тойрон гарах боломж үргэлж байдаг бөгөөд хэрэв хэрэгтэй албан хаагчид нь зохих шанг нь өгвөл аливаа бэрхшээлийг шууд үгүй болгодог. Зөвхөн хахуульд өгөх мөнгөтэй, хэнд өгөхөө мэдсэн байхад л хангалттай. Энэ нөхцөлд хэн баян, нийгэмд “нөлөөтэй тал л хожиж, өөрсдийнхөө үзэмжинд нийцсэн шударга ёсыг” тогтоох болно.
Хэрэв та авилгалын хүрээнд орж, хэнд нэгэн түшмэлд хахууль өгснөөр өөрийн бэрхшээлийг шийдвэл нөгөө л авлигалын орчны нэгэн эд эс болж хувирна. Хэрэв энэ тогтолцооны эсрэг “босож”, түүнд хамаарахгүй бол хэдэн жил ч хамаагүй тоо томшгүй олон түшмэдийн үүд сахих хэн ч атаархамгүй хувь заяа танд ноогдох болно.
Авлигал ба улс төр
Энэхүү “авлигал” гэж нэрлэгдсэн нийгмийн гамшгийн эсрэг тэмцэх чадваргүй байдал, эсхүл ихэвчлэн үүний эсрэг тэмцэх шийдвэртэй зориг улс төрийн хүчнүүд, төрийн аппаратад дутаж байгаа нь “Монголд ардчилал алга болжээ” гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.
Авлигалтай тэмцэж, түүний аливаа илрэлийг зогсолтгүй мөрдөх ёстой хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа авлигалтай тэмцэхэд бус, түүнтэй “зохицохыг” эрмэлздэг хандлага нийтлэг байгаа юм. Ингээд шүүгчид, цагдаа, бусад хууль сахиулагчид авлигалд автсан төрийн аппарат, улс төрийн системийн “нүглийг” маш сайн мэддэг ч эцэстээ түүнийхээ нэгэн хэсэг болж хувирдагт л нийгмийн эмгэнэл оршино. Өөрөөр хэлбэл, ардчилалгүй, нээлттэй бус, улс төрийн хариуцлагын зарчим үйлчилдэггүй нийгэмд түүний эсрэг тэмцэх бус, түүнтэй зохицож урагшлах, бүр цаашилбал түүний эд эс болж хувирах нь энэ орчинд тэсэн тогтох, өөртөө хамгийн их үр ашгийг хүртэх боломжийг нээж өгдөг.
Энэ нөхцөлд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч гэсэн авлигалтай тэмцэж буй “дүр эсгэж”, харин бодит байдал дээрээ аль нэг бүлэглэлд л үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хэвлэл мэдээлийн хэрэгсэл аль нэг томоохон төрийн түшмэл юмуу улс төрчийг авлигалд автсан тухай бодит мэдээлэл түгээх боломж хаагддаг. Тэрээр авлигалын талцсан бүлэглэлүүдийн мэдээллийн “халхавч” болж хувирдаг. Бодит баримтгүй, төр, улс төрийн систем авлигалын эсрэг тэмцэж байгаа тухай “өндөр дуугаар” хоосон хөөрөгдсөн материалууд нь төрийн аппарат, улс төрийн систем авлигалаас салангид юм шиг сэтгэгдлийг нийгэмд төрүүлэхийг хичээнэ. Улс төрийн систем, түүний элит тусдаа, авилгал түүнээс салангид мэт болж, төр авлигалын эсрэг идэвхтэй тэмцэж буй мэтээр харуулна.
Ийм нөхцөлд төрийг авлигалыг анхаарлынхаа гадна орхиж, түүний эсрэг тэмцэл хийхгүй байна гэж зэмлэхэд хүнд болно. Гэвч хамгийн гол нь шийдвэр гаргагч, түүнийг хэрэгжүүлэгч түшмэдтэй бүх зүйл холбоотой бөгөөд тэдний хяналтгүй эрх мэдэл, зохисгүй үйл ажиллагаа авлигал цэцэглэх хөрс болж, ингэснээр авлигалын эсрэг тэмцэнэ гэдэг бол өнөөгийн засаглалын системтэй хийх тэмцэл болж хувирлаа. Засаглалаас салангид ямар ч авлигал байхгүй ба авлигал өөрөө эрх мэдэл байхгүй газар үүсэхгүй нь туйлын тодорхой юм.
Төрийн мэдлийн хэвлэл мэдээлийн хэрэгсэл ямар ч орчинд, ямар ч нөхцөлд олон нийтийг төөрөлдүүлж чадаж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн хэрэв төр хүсвэл авлигалыг амархан ялж чадна, ерөнхийлөгч түүнтэй тэмцэхийг оролдож байгаа ч түүний “өөдгүй хүрээлэл” бүх зүйлийг нурааж байна гэж итгэгчид ч бий. Цаашилбал, өнөөгийн Монголын засгийн газар, эрх баригч улс төрийн хүчин асар их зүйлийг зөв хийсэн ч үргэлж түүнийг нь дунд, доод шатны “хурган” дарга нар нураадаг тухай “домог” тархах боллоо.
Авлигалын замаар үйл ажиллагаа нь явагддаг төр, улс төрийн системийн үндсэн төлөв нь хууль энд үргэлж хоёрдугаарт, эхний ээлжинд түшмэлийн эрх ашиг, авлигалд автсан улс төрийн хүчний сонирхол, гэмт хэргийн бүлэглэлүүдийн нөлөөлөл бүхнийг шийддэг.
Хэрэв энгийн, өөрөөр хэлбэл шударга төрийн түшмэлүүд хуулийг даган мөрдөж байгаа эсэхийг хянаж, түүнийг зөрчсөн этгээдтэй тэмцсэнийхээ төлөө цалин авдаг бол авлигал газар авсан оронд хуулийг зөрчиж, тодорхой эрх зүйн хэм хэмжээг даван гарснаар л өөртөө хонжоо олдог түшмэд хуулийг сахих, бусдын хууль сахиж буй эсэхийг хянах ямар сонирхолгүй, тийм хэрэгцээ ч үгүй байдаг.
Ийм нөхцөлд төрийн аппарат бүхэлдээ өөрсдийнх нь эрх ашигт тохирсон, ягштал даган мөрдвөл иргэдэд өөрсдөд нь туйлын тохиромжгүй тийм л хууль, эрх зүйн актууд, механизмуудыг бий болгохыг зоридог. Ингэснээр иргэдийг “хамгийн бага эрсдэлтэй зам” буюу хахууль өгөхөд л түлхэнэ.
Энгийн жишээ татая, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ. Түүний өмнө хоёр л сонголт байна. Замын хөдөлгөөний зохицуулагчид бичиг баримтаа хураалгаж торгуулаад, дараа нь хамгийн л эерэгээр бодвол түүнийгээ аль нэг цагдаагийн хэсгээс эрж байж олж авна, эсхүл дахин шалгалт өгч хэдэн сараар явсны эцэст эрхээ буцааж авна. Өөрөөр хэлбэл, энэ нь маш их цаг, чармайлт, мөнгө шаардана. Эсхүл тухайн замын хөдөлгөөний зохицуулагчид тодорхой багахан “юм атгуулаад” л хэндээ ч бэрхшээлгүй сална. Хэдэн долоо хоног, цаашилбал сараар жолооны эрхээ алдаад, түүнийгээ маш их чармайлтаар буцаан олж авах хүн байна гэдэгт итгэхэд тун хэцүү юм. Энэ байдал улс төр, эдийн засаг, төрийн албаны бүх хүрээнд ижил байна. Энд маш энгийн “зарчим” үйлчилдэг: иргэн хахууль өгвөл хамгийн амархнаар бүх зүйл бүтэх орчин бүрдэж, хэрэв тэгэхгүй бол хүнд суртлын “ширэнгэн ойд хаягдаж”, тэндээ удтал ямар ч үр дүнгүй тэнүүчлэх болно.
Хамгийн аймшигтай нь “хэн хэндээ тус болдог” энэ зарчим хэвийн хэм хэмжээ болон хувирч, нийгэмд үүнийг энгийн байдаг л зүйл мэтээр хүлээн авч эхэлж байгаа юм. Энэ нь нийгмийн амьдралын эд эс бүрт шингэх боллоо.