Josef Thesing
/ХБНГУ-ын Конрад Аденауерын сангийн ОУ-ын хамтын ажиллагааны газрын дарга асан/
Шинэ толь №2, 1994
Түлхүүр үг: Ардчилал, Дэлхийн хөгжил, Эрх чөлөө, Эдийн засгийн тогтолцоо, Эрх мэдэл, Шашин, Энх тайван
Ёзеф Тезинг нь Конрад-Аденаурын сангийн олон улсын хамтын ажиллагааны дарга. Энэхүү өгүүллийг Тезинг 1993 оны 2-р сарын 27-нд Италийн Ром хотын University of Lateranense -д уншсан бөгөөд түүнийг үндэслэн бичиж байж.
1989 оноос хойш, дундад, зүүн, өмнөд Европ болон төв Азийн зарим оронд өрнөсөн үйл явдлы дүнд ардчиллын нэр хүнд их хэмжээгээр өсч улмаар улс төрийн тогтолцооныхоо хувьд дэлхийн олон нийтээс ихээхэн дэмжлэг авлаа. Энэ нь дэлхий дахинд ажиглагдаж буй хөгжил юм. Энэхүү дүгнэлтийг арай зөөлрүүлж эрх чөлөө, өөрөө өөрийгөө захирах санаа шинэ ач холбогдолтой боллоо хэмээвээс үнэнд илүү нийцэх байх. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төрийн тогтолцоонууд өөрчлөн байгуулалтын үйл явцад хувиран өөрчлөгдөж ардчилсан нийгмийн дэглэм болж ингэснээрээ эрх чөлөө, нийгмийн баримжаатай эдийн тогтолцоог бэхжүүлж чадах эсэх тухай асуудалд бид одоогийн байдлаар эцсийн хариулт өгч үл чадах байна.
Ардчиллыг төрийн тогтолцоо буюу хувь хүний амьдралын хэлбэрээр ойлгож болох боловч эндээс үүсэн гарах санал шүүмжлэл өрнөж буйн өөр нэг шалтгаан бол ардчиллыг бат бэх хэмээн үздэг орон ч гэсэн маргаантай, шийдэгдээгүй асуудал цөөнгүй байсаар байна. Гэхдээ энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд ардчилсан тогтолцоонуудыг улам боловсронгуй болгож бэхжүүлбэл зохино. Энэ өргөн хүрээтэй асуудалд шүүмжлэлтэйгээр хандаж буй хүний хувьд зарим асуудлыг нь хүлээн зөвшөөрөхөд нилээд бэрх болохоос биш ардчиллын тухай ярих нь чухал хэмээдгийг тайлбарлах шаардлагагүй буйзаа.
Энэхүү өгүүлэлд дараах асуудлыг авч үзнэ.
Үүнд:
Ардчилал олон улсын хөгжил хоёрын харилцаа ямар байна вэ?
- Ардчилал олон улсын хөгжил хоёрын харилцаа ямар байна вэ.
- Ардчиллын үндсэн бүрэлдэхүүнд юу байна вэ?
- Ардчиллыг яаж хөгжүүлж олон улсын сөргөлдөөнийг намжаахад хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?
- Нэгдүгээр асуудал: Дэлхийн хөгжлийн хувьд бид хаана хүрэв? Дэлхийн хөгжил хаана хүрэв? Дэлхийд юу хөдөлж байна, түүнийг хэн хөдөлгөж байна вэ? Дэлхийн өөрчлөн байгуулалтанд ямар үзэл санаа, зохион байгуулалтын аль тогтолцоо нөлөөлж байна вэ?
Энэ зууны улс төрийн бодлого, дэлхийн хөгжилд ихээхэн хэмжээгээр нөлөө үзүүлж өөрчилсөн хамгийн чухал үйл явдлууд юу байсныг хэн нэгэн хүнээс асуувал тэрбэр удаан бодолгүйгээр гурван үйл явдлыг дурьдах байхаа. Үүнд:
а) дэлхийн 1-р дайн нь дэлхий дахиныг ихээхэн донсолгосноор зохион байгуулалтын шинэ зарчимд оруулжээ. Гэлээ ч гэсэн энэхүү шинэ зохион байгуулалт дэлхий ертөнцийг энх тайванч, ардчилсан замаар хөгжүүлэх үндсийг бүрдүүүлж чадаагүй бөгөөд хэтэрхий олон асуудал шийдэгдээгүй хэвээр үлджээ. Хүмүүс бие биеэ алан хядсанаас эвлэрэн хамтын амьдралаа шинээр зохион байгуулах улс төр оюун санааны хэтийн төлөвлөгөөний хувьд биелэлээ олж чадаагүй юм.
б) дэлхийн 2-р дайн нь учир шалтгаан болон үр дагаврын хувьд урьд өмнө огт үзэгдээгүй хүч хэрэглэн эд зүйлийг устган сүйтгэж дэлхийг өөрчлөв. Дэлхий дахин үзэл суртал, цэрэг, эдийн засаг улс төрийн хувьд хоёр хэсэгт хуваагдсан. Ингэж хоёр өөр үзэл санаа, зарчим, арга барил бий болсноор тэдний хооронд өрсөлдөөн бий болж ингэснээр их хэмжээний нөөцийг шамшигдуулж ялангуяа бодит социализм гэгдэж байсан орнуудын хүн амын аж амьдралд үлэмж их хэмжээний муу нөлөө үзүүллээ.
в) 1989 оноос хойш дэлхий дахиныг өөрчилж хөдөлгөөнд оруулсан гуравдагч үйл явдлыг Польшийн зохиолч, улс төрч, Анджей Ципиорски Европ дахь улс төрийн “газар хөдлөлт” хэмээн тодорхойлсон. Энэ нь үнэнд нийцнэ. Учир нь газар хөдлөлт ч тэр урьдчилсан дохио өгөлгүй тохиолддог бөгөөд учруулсан гай гамшгийг нь таамаглахын аргагүй байдаг билээ. Мөн газар хөдлөлтөөс хойш хэдэн удаа, хир зэрэг хүчтэй дахин хөдлөхийг хэн ч үл мэднэ. 1989 оны үйл явдлууд бас санамсаргүйгээр эхэлсэн учраас үүнийг газар хөдлөлттэй зүйрлэсэн нь туйлын зөв юм.
Бодит социализм нь Өрнөдийн орнуудтай өрсөлдөхдөө үзэл санаа, зохион байгуулалтын тогтолцооны хувьд ялагдал хүлээсэн билээ. Тэр нь хүн амынхаа соёл, нийгэм, эдийн засаг, экологи, улс төрийн асуудлыг шийдэж чадаагүй бөгөөд өөрийгөө ч шинэчлэх чадваргүй болсон юм.
Зарим засгийн газар буюу ганц нэг шинэчлэгчийн талаас дээрээс нь тууштай бус, үндэслэл муутай эхэлсэн ардчилсан өөрчлөлтийг зүүн болон дундад Европын ард түмэн шүүрч аван түүнийг улам эрч хүчтэй болгож үүнийгээ энх тайванч хувьсгал хийх замаар төрийн тогтолцоог өөрчлөх үйл, явцдаа ашиглажээ. Эрх чөлөөний тухай үзэл санааг улс түмэн энх тайванч жагсаал цугаалаанаараа илэрхийлж, “Ард түмэн бол бид байна” гэсэн лоозон дор ардчилал, өөрөө өөрийгөө захирах, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засагт орохыг шаардсан билээ. Улс төрийн газар хөдлөлт дэлхий дахиныг үнэхээр өөрчилжээ. 1989 оныг түүхийн хуудсанд түүхийн эргэлт гэдгээр тэмдэглэх байх аа. Ингэж эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, аж амьдралыг материаллаг байдлаас нь сайжруулахын үндэс суурийг тавьсан юм.
Дэлхий дахин хуваагдмал байдлаасаа салж, дэлхийн бөмбөрцөг зурагдсан шигээ нэг л дэлхий болж хувирлаа. Байдал нэгэнт ийм болсон тул манай дэлхийн 4 зүг 8 зовхист аж төрж буй хүмүүсийн асуудал, хэтийн төлөв нь шууд ба шууд бус утгаар авч үзэхэд дэлхийн нийтийн хөгжилтэй улам их уялдаа холбоотой болно гэсэн ойлголт зүй ёсоор тавигдаж байна.
Манай шинэ дэлхий дахины асуудлыг ямар нэгэн хэмжээгээр шийдэх нь нийт дэлхий дахиныг хамарсан үүрэг мөн бөгөөд энэ нь түр зуурын моодны яриа төдийлөн бус буй заа. Ялангуяа сэтгэл хөөрсөн үе нэгэнт дуусч, одоо л хүмүүс эрүүл ухаанаар хандах болж заримдаа шийдвэрлэвэл зохих асуудлаасаа цочрооход хүрсэн өнөө үед энэ дэлхий дээр цаашдаа амьдаръя гэвэл дэлхийн асуудлыг үнэхээр дэлхийн хэмжээгээр шийдхээс өөр аргагүйд хүрчээ.
Эдгээрийн заримаас дурьдахад: дэлхийн хүн амын хэт өсөлтийг хязгаарлах, байгаль дэлхийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах замаар амьдралын нөхцөлийг бүрдүүлэх, баян хоосон хэт их ялгаа зөрчлийг засах, хүч хэрэглэх явдал, хэт үндсэрхэг үзэл, дайн үймээн, шашны зөгнөлтэй тэмцэх нь чухал болж байна. Ер нь ч тэгээд түүхийн цагийн эргэлт болж, бид шинэ үеийн даваанд тулж ирээд байгаа энэ үед хуучин цагийн загвар үр нөлөөгүй болж, дэлхийн тогтолцоо хуучнаараа байхаа нэгэнт больжээ. Ийм учраас шинийг бүтээх шаардлагатай.
Харин юуг шинээр бүтээх ёстой вэ?
Эрх чөлөө зүүн Европ болон дэлхийн зарим өөр хэсэгт ялсан нь эргэлзээгүй. Харин энэ ялалт нь эрх чөлөөний ялалт байсан болохоос биш, ардчилал огт ялж чадаагүй юм. Иймээс эдгээрийн орон ардчиллыг төлөвшүүлэх чадвартай. Гэвч ардчиллын талаарх мэдлэг, заншил, түүнийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх байгууллага бараг байхгүй байгаа дээрхи орон энэхүү төслийг яаж хэрэгжүүлэх билээ. Одоогийн байдлаар дэлхий дахинд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социализмын тогтолцооноос ардчилсан нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн туршлага алга. Энэ шилжилт үнэн хэрэг дээрээ шинэчлэлтийн үйл явцын нэг чухал шинж тэмдэг ажээ. Энэ үйл явц нэн түвэгтэй, урт хугацаатай, тэр бүр амжилттай явагдахгүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Тэгсэн хэдий ч 1989 оны үйл явцаар амьдралд үнэлгээ өгөх, амьдралыг зохион байгуулах элдэв янзын тогтолцоог төлөвшүүлэх, улс төрийн зорилго, түүний хэтийн төлөвийг тодорхойлох явц зарчмын хувьд үндсээрээ өөрчлөгдөж эхэлснийг онцлон тэмдэглэвэл зохино. Мартин Крилегийн хэлснээр энэ үйл явцыг “дэлхийн ардчилсан хувьсгал” хэмээн тодорхойлж болно. Англи хэлтэй орнуудад энэхүү үйл явцыг улс төрийн намын мөрийн хөтөлбөрт тусгахдаа Exporting Democracy буюу Экспортлогдсон Ардчилал гэж тодорхойлдог болсон нь үүнийг баталж байна. Мөн Африк, Латин Америкад болж байгаа үйл явдлууд ч гэсэн үүний нэг баталгаа болж болох юм.
Ардчиллыг гүнзгий утга агуулгатай болгож, үүгээр түүний эрч хүчийг дээшлүүлэх санаа улам их дэмжлэг авч байна. Гэвч энэ санаа нь даанч биелэлээ олж чадаагүй учраас нийгэмд бүхэлд нь нэн ялангуяа улс төрийн бодлоготнуудад өндөр шаардлага тавьж байна.
1989 оны түүхийн селекцийн үйл явцыг ерөнхийд нь авч үзвэл үүний дүнд улс төрийн тогтолцооны хувьд ардчилал, эдийн засгийн тогтолцооны хувьд зах зээлийн эдийн засгийн төрөл бүрийн хэлбэрүүд үлдлээ. 1989 оны үйл явц нийгмийн хөгжлийн цаашдын чиг шугамыг тодорхойлохдоо нийгмийн асуудлыг шийдэхэд зориулагдсан эдийн засгийн тогтолцоог түүнд таарсан ардчилсан дэг журамтай нь хослуулах ёстой гэж заасан билээ. Нийгмийн тогтолцоог шинэчлэхэд эдийн засгийн хууль зүйн үндэс, улс түмний материаллаг зүйлд хандах хандлага ихээхэн ач холбогдолтой юм. АНУ болон Өрнөд европын орнуудын нийгэм эдийн засгийн тогтолцоо нь олон улсын хэмжээгээр хөгжүүлбэл зохих хөгжлийн хэв загвар болох бүрэн боломжтой юм.
Дэлхийн улс төр, эдийн засгийн хөгжлийг задлан шинжилбэл өнөө үед ч, ирээдүйд ч ихээхэн нөлөө бүхий эрх мэдлийн 3 төв байдаг гэдгийг үгүйсгэхгүй биз ээ. Энэ нь гэвэл:
- NAFTA буюу хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд болох АНУ, Канад, Мексик, Латин Америкийн зарим орон
- Европ
- Азийн нэг хэсэг орнууд (Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Тайвань, Гонконг, Сингапур, Малайз, Тайланд) байна.
А. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС
АНУ-ын нийгмийн гол чиг шугам нь хувь хүний эрх чөлөөг аль болох их хэмжээгээр хангахад оршиж байна. Энэ нь АНУ-ын нийгэм эдийн засгийн тогтолцоонд тусгалаа бүрэн дүүрэн олсон гэж АНУ-ын ард түмний ихэнх нь урт удаан хугацааны туршид хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Амжилтанд хүрч чадаагүйн уршгаар аж амьдралын хэцүү байдалд орсон хүнийг хэзээ ч уучлан дэмждэггүй нь энэ тогтолцооны дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн сөрөг тал билээ. Одоогийн байдлаар АНУ хувь хүний эрх чөлөөг хангах явдал заавал амжилтанд хүрдэггүйтэй тэмцэж байна. Хувь хүний наад захын аюулгүй байдлыг хангахад өчүүхэн ч гэсэн нийгмийн хариуцлага шаардлагатай болж байгаа нь тус орны гол үүрэг болж байна. Харин Клинтоны засгийн газар энэхүү асуудлыг ойрын ирээдүйд шийдвэрлэвэл зохих улс төрийн гол зорилгоо болгож тавилаа. Үүгээрээ АНУ онолын хувьд ч, практикийн хувьд ч нийгмийн баримжаатай эдийн засаг руу хандаж байна. Энэ нь гайхамшигтай өөрчлөлт боллоо. АНУ-ын өнөөдрийн зорилго гэвэл нийгэм эдийн засгийн шударга тогтолцоог төлөвшүүлэхээр ардчилсан тогтолцооны тогтвортой байдлыг хангах явдал чухал юм гэж үзэж байна.
Б. ЕВРОП
Баруун Европд хариуцлагыг нийтээрээ хүлээх санаа даамгайлж байна. Мөн Христийн шашны нийгмийн баримжааны тухай сургааль ихээхэн газар авсан хэвээр байна. Энэ сургаалийн гол нь хувь хүн хамт олны хариуцлагын сүлжээнд хамрагдсан байна. Ийм байдлаар хувь хүний эрх чөлөөний хязгаар бол бусдын эрх чөлөөнд биш, харин бусдын төлөө хүлээсэн хариуцлага болж хувирч байна.
Орон орны онцлогийг харгалзан Европын орнуудад нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн онол биелэлээ олж энэ нь нийгмийн үндэс суурь болж байна. Иймд нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг хувь хүний эрх ашгийг давуутай төлөөлж байгаа капитализм, хамт олны эрх ашгийг хэтрүүлж үзсэн социализм хоёрын хооронд оршиж байна. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн тогтолцооны нөхцөлд хувь хүн зорилгодоо хүрч чадахын зэрэгцээгээр тэрбээр төрөл бүрийн үүрэг, журам дүрмийн үр дүнд нийгмийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн байдлаар баруун Европын орнуудын тулгамдсан асуудал гэвэл нийгмийн баталгаа олгох төрийн тогтолцоог шинэчлэх асуудал болж байна. Өнөөдрийн энэхүү тогтолцоо боломжийнхоо дээд хэмжээнд хүрээд байна. Хүн болгоныг чинээлэг байлгах, төрийн хийж чадах үйлчилгээний хэмжээг шинээр тогтоох хэрэгтэй. Нийгмийн баримжааны хувьд буянт үйлсийг санхүүжүүлэх мөнгө байхгүй байна. Гэвч энэ асуудал зөвхөн мөнгөөр хязгаарлагдах бус, бас хүмүүсийн амьдралын аж байдалтай холбоотой юм. Европ бол эдийн засгийнхаа тогтолцооны нийгмийн баримжааны хүчин зүйлийг эдийн засгийн бололцоо, шаардлагатай нь уялдуулах ёстой.
Эв санааны нэгдэл, хүнийг тал талаас нь төлөөлөн дэмжих зарчмуудын зарим нь нэлээд хоосорсон тул түүний хэмжээг ухаалгаар шинэчлэн тогтоох нь чухал болж байна. Үүний зэрэгцээгээр Европын баян орнууд манай дэлхийн нэгдсэн асуудлыг шийдвэрлэх үүргийг биелүүлэх ёстой. Энэ нь харин түвэгтэй үйл явц юм.
В. АЗИ
Азийн нийгмийн болон, эдийн засгийн тогтолцоо хоёр хоорондоо хир зэрэг уялдаатай байна вэ гэсэн асуултанд хариу өгөхөд нэлээд бэрх юм. Бид одоогийн байдлаар Азийн эдийн засгийн тогтолцооны зөвхөн ерөнхий баримжааг ойлгохоос л цаашгүй байна. Мөн түүнчлэн Күнзийн сургааль, Буддын болон Хинди шашин зэрэг гүн ухаан, шашны урсгалаар тодорхойлогдсон нийгмийн тогтолцоог өрнөдийн нэр томъёогоор задлан шинжлэхэд амаргүй юм. Азийн олон орны нийгэм хаалттай байх нь тэдний хувьд хөгжилд нь саад болох төлөвтэй. Нийгэм, эдийн засгийг гадагшаа нээх шаардлагатай нь эргэлзээгүй боловч үр дагаварт нь нийгмийн хагарал гарах аюултай юм. Зарим орны эдийн засгийн асар хурдан хөгжил улс төрийн тогтолцооны бүрэлдэхүүнийг ихээхэн хэмжээгээр өөрчлөхөд хүрчээ. Ази тивд явагдаж буй улс төрийн шинэчлэлтийн үйл явцыг ажиглаваас Европын байдалтай түүхийн болон системчлэлийн талаар төсөөтэй байдал харьцангуй бага байна. Япон, Энэтхэг зэрэг орнууд ардчиллыг “хаалттай хаалганы цаана” явуулж байна. Тэнд намын дотоодын бүлэглэл цөөнгүй учраас улс төрийн бодлогод парламентын үйл ажиллагаанаас илүү нөлөөтэй байдаг. Ялангуяа, дорнод Азид эрх мэдлийн тогтолцоо нь Күнзийн сургаалийн зан заншил дээр үндэслэгдсэн байдаг тул дээд зиндааныхан эх орныхоо хувь заяаг шийддэг. Гэсэн хэдий ч Азид эргэлтийн анхны үзэгдэл ажиглагдаж байна. Залуу үеийнхэн хөдөлмөрийнхөө үр шимийг шууд хүртэх, өөрөө өөрийгөө удирдах үйл явцад нөлөө үзүүлэх зэрэг хувь хүний эрх чөлөөг шаарддаг. Энэ нь ардчилал, нийгмийн баримжаатай эдийн засаг, руу хандах анхны алхмууд юм. Эдийн засаг, улс төрийн бүтцэд ил тод байдлыг дээшлүүлэх замаар хувь хүний хөгжлийн үйл явцад илүү нөлөө үзүүлэх боломж олгохын зэрэгцээгээр хуучин нийгмийн бүлэглэлийн зүгээс гишүүддээ олгосон халамжийн оронд нийгмийн халамж тавих энэ санаа нь цаашдаа Азид ч гэсэн газар авч болох эсэх тухай ярих нь арай эртдэх болов уу. Өөрөөр хэлбэл, Азийн орнууд Европ, АНУ-ын нийгэм эдийн засгийн тогтолцооны үндсэн зарчмуудыг өөрийнхөө орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд гол чиг шугамаа болгон ашиглах эсэх тухай асуудал юм. Гэхдээ энэ чиглэлийн анхны алхам нь мэдрэгдэж эхлээд байна. Дээр дурьдсан үзэл бодол чухам ямар дүгнэлтэнд хүргэж байна вэ? гэвэл: баруун маягийн ардчилал, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг хоёр Европ болон бусад тивийн зарим оронд амжилттайгаар туршигдсан улс төрийн тогтвортой байдлыг зах зээлийн өсөлт, нийгмийн шударга байдалтай хослуулдаг иж бүрэн санааны багц юм. Туршилтын энэхүү загварын үнэ цэнийг дутуу үнэлж огт болохгүй. Бусад оронд ч гэсэн энэхүү нарийн тогтолцооны нийгэм эдийн засгийн зохицуулалтын механизм өдрөөс өдөрт илүү үнэлгээ авсаар байгаа ба энэхүү тогтолцоог нийгэм эдийн засгийн хөгжлийн амжилтанд хүрэх жор гэж үздэг.
Харин энэхүү тогтвортой байдлыг орон орны соёлтой яаж нийцүүлэх, нийгэм эдийн засгийн хүрээнд яаж хангах, улс төрийн тавцанд яаж олонхийн саналыг авч эвсэлцүүлж болох вэ? Энэ нь цаашдын хөгжлийн гол асуудал байх болно.
Хоёрдугаар асуудал: Ардчилал гэж юу вэ? Түүний гол элементүүд нь юу вэ?
Энэхүү ерөнхий асуудалд ерөнхий хариулт өгч болох юм. Тийм учраас ардчилал гэдэг ойлголтын тухай янз бүрийн тодорхойлолтуудыг дүгнэж үзэх, эсвэл өөрийн гэсэн тодорхойлолт гаргахыг оролдоогүй юм. Ардчиллын тухай иймэрхүү төрөл бүрийн ойлголтыг харьцуулж дүгнэх явдал сонирхолтой нь эргэлзээгүй мөртлөө бас төдийлөн ашиг өгөхгүй нь мэдээж. Үүний оронд би өөрийн гэсэн ойлголтыг товчхон дурьдахыг хүсч байна.
Нийгэм, улс төрийн бодлого, улс төрийн тогтолцоо гурвын хоорондох харилцаа, хэлхээ холбоог ойлгуулахын тулд нийгмийн зарим нэг ерөнхий ойлголтуудыг тодорхойлохоос өөр арга байхгүй гэж үзэж байна.
Хүн гэдэг амьтан нийгэмд аж төрдөг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэхдээ байгаль болон нийгмийн хууль ёсоор нэг хүн бусад хүнтэй хамт аж төрдгөөр нийгмийн амьдрал үүсэн бүрэлддэг. Харин нийгмийн амьдралыг зохион байгуулах явдал бол хүний нэг чухал үүрэг юм. Хаана хүмүүс хамт аж төрж байна, тэнд заавал маргаан үүсдэг нь хэвийн үзэгдэл билээ. Хүмүүс яаж, ямар арга хэлбэрээр хамт аж төрөх вэ гэдэг асуудалд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг тул маргаан үүсдэг. Гэхдээ маргаан нь янз бүрийн хэлбэрээр илэрч болно. Энхтайванч маргааны хувьд нийгэм дэх хамтран аж төрөхийн зорилго, арга барилын тухай өөр өөр үзэл бодол буй атал үүнээс хүч хэрэглэх явдал нь нийгмийн амьдралын хэвийн бус үзэгдлийн нэг билээ.
Үзэл бодлоо бусдад тулгах буюу эрх ашгаа хамгаалахаар хүч хэрэглэх нь нийгэм дэх маргааныг хүчээр шийдэхийг чармайж байгааг харуулж байна.
Хүмүүсийн хамтын амьдрал чухамхүү яаж зохион байгуулагдан нийгэм дэх маргаануудыг ямар аргаар шийддэг вэ гэдэгт би ерөнхий хариулт өгье. Миний бодлоор энэ үүргийг зөвхөн улс төрийн бодлого л биелүүлж чадна. Улс төрийн бодлого явуулдаг этгээд хоёр үүрэгтэй. Үүнд:
а. Нийгэмд хүмүүсийн хамт аж төрөхийг зохион байгуулах,
б. Болзошгүй маргаануудыг таслан шийдвэрлэх.
Улс төрийн бодлогын гол субъект нь хүн юм. Хүний үйл ажиллагаа, үйл явдал, үзэл бодол, авъяас билэг нь улс төрийн бодлогыг бүрдүүлдэг. Нийгэм, улс төрийн бодлого хоёр хүний үйл ажиллагаанаас шалтгаална. Улс төрийн бодлого яаж, ямар арга барилаар амьдралд нөлөө үзүүлж байна вэ? Улс төрийн бодлого зөвхөн эрх мэдэл гэсэн хэрэгслэлийг л ашигладаг. Макс Веберийн тодорхойлсноор эрх мэдэл бол нийгмийн байдлыг бүрэлдүүлэн өөрчлөхөд нөлөө үзүүлэх боломжтой байхыг хэлнэ.
Хийсвэр эрх мэдэл гэж байдаггүй. Эрх мэдэл бол хэд хэдэн түвшинд илэрхийлэгддэг. Үүнээс би 5 зүйлийг дурдъя.
1. Оюуны эрх мэдэл
Хэн идэвх санаачлагатай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна тэр хүн л оюуныхаа тусламжаар бусдад нөлөө үзүүлж чадна. Үүнээс үүдэн эрх мэдлээ юуны төлөө, юунд хүргэх гэж байгааг гол асуудлаа болгон авч үзэх шаардлагатай. Үүний нэг тод илрэл нь улс төр, ёс суртахууны асуудал юм.
2. Соёлын эрх мэдэл
Шашин, зан заншил, авъяас билэг бол соёлын эрх мэдлийн нэг бүрэлдэхүүн хэсэг мөн. Дээр нь мэдлэг боловсрол нэмэгдэнэ. Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй хүн бол бичиг үсэг үл мэддэг хүнээс хавьгүй их хүч нөлөөтэй нь маргаангүй асуудал юм.
3. Нийгмийн эрх мэдэл
Нийгмийн бүлэглэлүүд буюу нийгэмд эрх ашгаа хамгаалахаар зохион байгуулагдсан хэсэг хүмүүс байгууллагаараа нийгмийнхээ эрх мэдлийг ашиглан бусдад нөлөө үзүүлдэг.
4. Эдийн засгийн эрх мэдэл
Эдийн засгийн зохих нөөцтэй хүн эдийн засгийн эрх мэдэлтэй байна. Энэ хүн эдийн засгийн хувьд боломжгүй хүнээс илүү хүчтэй. Эцсийн эцэст миний товчхон дурьдсан дээрхи эрх мэдлийн бүрэлдэхүү хэсгүүд нийлбэртээ улс төрийн эрх мэдэл болж хувирдаг.
5. Улс төрийн эрх мэдэл
Энэ бол нийгмийн хамгийн өргөн хүрээтэй эрх мэдэл юм.
Улс төрийн бодлого нь нийгмийн хамтын амьдралыг зохион байгуулж, маргааныг шийдэх үүрэгтэй. Энэ үүргийг улс төрийн бодлого түүнд ногдуулсан эрх мэдлээ ашиглах замаар биелүүлдэг. Энэ утгаар нь авч үзвэл улс төрийн бодлого нийт нийгмийг хамарсан өргөн хүрээтэй асуудал юм. Эрх мэдлийг ашиглах үед л тэрээр ач холбогдлоо өгнө. Эрх мэдлийн субъект нь хүн байна. Тийм учраас хүн энэхүү эрх мэдлээ ямар зорилгод хүрэхийн тулд ашиглаж байна вэ гэдэгт хариу өгөх шаардлагатай. Ингэснээрээ эрх мэдэлтэй хүн эрх мэдлээ юунд хэрэглэснээ тайлагнах ёстой. Энэ утгаараа нийгмийн амьдралд эрх мэдэл, хариуцлага хоёр хоорондоо шууд харилцан уялдаатай бөгөөд эрх мэдлээ ашиглах явдал бол ёс суртахууны асуудал ч бас мөн.
Аливаа нийгмийг улс төрийн аргаар зохион байгуулах хэрэгтэй. Энэ нь улс төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хийгдэж байна. Нийгмийг улс төрийн ямар тогтолцоогоор зохион байгуулах вэ гэдэг асуудалд хэд хэдэн хариулт өгч болох юм. түүхийн туршлагаас авч үзэхэд хаант улсаас төрөл бүрийн дэглэм, социалист дарангуйлал уламжлагдан ирсэн. Мөн нийгмийн хамтын амьдралыг ардчиллын аргаар зохион байгуулж болно гэсэн түүхийн туршлага ч бий. Ингээд би ардчиллын тухай өөрийнхөө тодорхойлолтыг дэвшүүлье.
АРДЧИЛАЛ бол төрийн хэлбэр, аж төрөх арга мөн. Төрийн хэлбэр нь ардчиллын зохион байгуулалтын нэг хэсэг. Нийгмийг зохион байгуулахад дэг журам хэрэгтэй. Энэ дэг журмаар ардчилал нь төрийн хэлбэр болж байна. Ардчилсан төрийн дэг журамд парламент, төр, захиргааны байгууллагууд, улс төрийн намууд, хуулийн байгууллагуудыг ашигладаг. Арчиллын зохион байгуулалтын энэхүү хэсэг дангаараа амьдарч чадахгүй бөгөөд үүнийг заавал хүний оролцоо тусламжтайгаар амьдруулах хэрэгтэй. Ингээд би ардчиллын тухай тодорхойлолтынхоо нөгөө хэсэгт шилжье. Ардчилал бол аж төрөхийн арга юм. Ардчилсан тогтолцоонд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа хүн ардчилсан байр сууринаас үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэд үзэл бодлоо илэрхийлэн үйл ажиллагаагаа явуулж байхдаа ардчилсан нийгмийн зарчмуудыг үндэслэнэ. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгмийн зохион байгуулалтыг хүмүүсийн ардчилсан үйл ажиллагаа явуулах замаар амьдруулахын тулд тэр хүмүүст улс төрийн соёл хэрэгтэй.
Ардчилалд аж төрөх аргынх нь хувьд сурах хэрэгтэй гэдгийг бид мэдэж байна. Ардчилсан аж төрөх арга аяндаа бий болдоггүй. Энэ нь нарийн түвэгтэй үйл явцын эцэст бүрэлдэн төлөвшдөг. Сурах явдал нь гэр бүлээс эхлээд дунд сургууль цаашилбал их сургууль хүртэл явагдана. Ардчиллын үнэ цэнэ, ардчилсан үзэл бодолтой хүний онцлог шинж, шийдвэрийг ардчилсан замаар гаргах зарчмууд гэх мэт асуудалд хүмүүс сурч дадлагажих хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд ардчилсан хүнгүй ардчилсан нийгэм гэж байхгүй.
Абрахам Линкольн ардчиллын маш алдартай тодорхойлолтыг томьёолсон билээ. Түүний хэлснээр ардчилал бол ард түмнээр, ард түмний төлөө гүйцэтгүүлсэн, ард түмний эрх мэдэл юм.
Өнөөдрийн байдлаар авч үзэхэд ард түмний оролцоотойгоор гэдгийг дээрх өгүүлбэрт нэмэх шаардлагатай байх. Учир нь ардчилалд оролцох идэвхтэй хүний оролцоо улам чухал болоод байна. Ардчилал нь ард түмний эрх мэдлийн эх булаг мөн. Ардчилсан нийгэмд эрх мэдэл олгодог дээд байгууллага бол ард түмэн. Эрх мэдлийг сонгууль явуулах замаар олгодог. Нийгэмд эрх мэдлийг шууд ашиглах боломж байхгүй тул ард түмэн төлөөлөгчөө сонгодог бөгөөд тэр төлөөлөгчид ард түмний эрх ашгийг нь парламентад төлөөлөн хамгаалж байна. Ардчиллыг дээр тодорхойлсноор ойлговол ардчилсан улс төрийн бодлогын ерөнхий зорилго улам ойлгомжтой болно. Ардчилсан улс төрийн бодлогын ерөнхий үүрэг бол хүмүүсийн хэрэгцээг хангахад чиглэгдэнэ. Олон түмний сайн сайхан нь ардчилсан бодлогын үндсэн чиг шугам болох ёстой. Энэ ойлголт бол математикийн хатуу томъёолол биш, харин ардчилсан тогтолцоонд улс төрийн эрх мэдлээ ашиглан хэрэглэх ерөнхий заавар юм. Энэ зааврыг хувь хүний эрх чөлөөг түүний нийгэм дэх нийгмийн сахилга баттай нь хослуулах замаар биелүүлж болно.
Ардчилал ямар ямар үүрэгтэй вэ?
Би энд хэдэн чухал үүргийг нь дурдъя. Нэн тэргүүнд ардчилсан нийгмийн төрийн хэлбэр, хамтын амьдралын ерөнхий дэг журмыг тогтоох шаардлагатай. Хамтын амьдралын ерөнхий зарчмуудыг Үндсэн хуулинд тодорхойлдог. Үндсэн хуулинд тус орны нийгмийн гишүүдийн олонхийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл тусгагдсан байх ёстой. Иймд нийгмийн гишүүдийн ихэнх нь үндсэн хуулинд тусгалаа олсон ерөнхий дэг журмыг хүлээн зөвшөөрөх явдал их хүчтэй болно.
Үүнд: парламент, улс төрийн намууд, засгийн газар, засаг захиргаа, хуулийн байгууллагууд орно. Бас Үндсэн хуулиар засаг барих арга хэлбэрийг тодорхойлох хэрэгтэй. Ардчилалд байнгын хүлээн зөвшөөрөлт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ардчилсан зөвшөөрөл хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ардчилсан тогтолцоонд аж төрж буй хүмүүсийн ихэнх нь энэхүү тогтолцоог төрийн хэлбэр, аж төрөх аргын хувьд сайн дураараа хүлээн зөвшөөрөхийг хэлж байгаа юм.
Ардчилсан зөвшөөрлөөр хүмүүс энэ тогтолцоог шударга хэмээн үзэж байгаагаа илэрхийлдэг. Түүнийг олж авахын тулд байнгын чармайлт хэрэгтэй. Ардчилсан зөвшөөрөл 4 янз байна.
а. Үзэл бодлын зөвшөөрөл
Энэ нь нийгмийн гишүүд ямар үзэл бодлыг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илэрхийлэл. Энэ асуудал нь дэлхийн олон улс оронд үзэл бодлын гүнзгий хямрал гарч байгаа өнөө үед асар их ая холбогдолтой юм. Нийгмийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх тухай асуудалд хувь хүн хариу өгөхдөө мийний аж төрж буй нийгэм, улс төрийн тогтолцооны утга агуулга миний амьдралын зорилгод нийцэж буй эсэхийг шийдэх ёстой. Энэ явцад нийгмийн үзэл бодол нь хүмүүсийн үйл ажиллагаа, үзэл бодол байнга өөрчлөгддөгийг даган өөрчлөгддөг.
б. Дэг журмын зөвшөөрөл.
Нийгмийн тогтолцооны үндсэн зарчмуудыг нийгмийн гишүүд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнд нийгмийн гишүүдийн эрх зүй, нийгэм-эдийн засгийн тогтолцоог хамруулж байна. Нийгмийн гишүүдийн нийгэм-эдийн засгийн эрх ашиг нийгмийн тогтолцоонд хэдий чинээ тусгагдсан байна. Хүмүүс түүнийг төдий чинээ хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас улс төрийн тогтолцооноос гадна нийгмийн шударга байдал гэсэн асуудлыг аль болохоор их хэмжээгээр тусгасан нийгэм-эдийн засгийн тогтолцоо зайлшгүй шаардлагатай байна.
в. Үйл ажиллагааны зөвшөөрөл.
Энэ нь ардчилсан нийгмийн бүх субъектийн талаас хүлээн зөвшөөрвөл зохих ардчилсан журмуудыг хэлнэ. Энэ журмууд ардчиллын соёлын үндэс болдог.
г. Арга барилын зөвшөөрөл.
Энэ нь шийдвэр гаргах үйл явцад хэрэглэх арга механизмыг хэлж байна. Үүгээр харилцан ойлголцож зохицуулалт хийж болно. Үүнд олонхийн шийдвэрийн зарчим чухал боловч бүх тохиолдолд хэрэглэх нь төдий оновчтой биш. Учир нь ардчилсан тогтолцоонд цөөнх ч гэсэн эрх ашгаа хамгаалуулах эрхтэй. Ийм учраас олонх цөөнхийн эрх ашгийг зүй ёсоор харгалзах ёстой. Ардчилал бол хатуу тогтсон хөдөлгөөнгүй тогтолцоо биш. Нийгмийн бүлэглэлүүдийн сонирхол, нийгэмд нөлөөлөх нөлөө нь байнга өөрчлөгддөг тул ардчилал ч гэсэн бас үүнтэй уялдан өөрчлөгдөнө.
Гуравдугаар асуудал:
Ардчиллыг хөгжүүлэх явдлыг нэг орны нийгмээр хязгаарлаж болох уу? Эсвэл үүнийг олон улсын тавцанд өргөтгөж, ялангуяа олон улсын маргаан сөргөлдөөнийг шийдвэрлэхэд зориулсан олон улсын байгууллагуудад нөлөөлөх хамааруулах ёстой юу?
Энэ асуудлыг би илтгэлийнхээ эцэст авч үзэж байгаа бөгөөд энэ нь цаашдын ирээдүйд улам их ач холбогдолтой болно байх. Юуны өмнө түүийн шинэ үед орсон манай дэлхий ертөнцөд гарч болзошгүй маргаан сөргөлдөөнийг яаж шийдэх вэ? гэдэг асуултанд хариулт өгөхийг хүсч байна. Манай өнөөдрийн дэлхий яваандаа нэг л дэлхий болох гэж байгаа учраас гарсан мөргөлдөөнийг хүч хэрэглэхгүйгээр буюу энх тайванч, ардчилсан замаар шийдэх шинэ санаа, байгууллага, арга механизм чухал болж байна. Орон орны хөгжлийн хувьд хүний эрхийг хүндэтгэх, ардчиллыг төрийн хэлбэр, аж төрөхийн арга гэж ойлгох, нийгмийн шударга байдлыг хүндэтгэх явдал бол үзэл суртал, зохион байгуулалтын хувьд улам их нөлөөтэй болвол энэ үйл явц олон улсын улс төрийн бодлогод нэгэн адил нөлөөлөх ёстой. Үүнээс ямар дүгнэлт зайлшгүй гарах ёстой вэ гэвэл зөвхөн олон улсын улс төрийн бодлогыг ардчилах тууштай чиг шугамыг олж хэрэгжүүлэх чадвал байнгын энх тайвныг улс төрийн бодлогын урьдчилсан нөхцөл болгон бүрдүүлж болно. Энгийн үгээр хэлэхэд олон улсын эвсэлд жинхэнэ ардчилал байхгүй байхад дэлхий дээр байнгын бодитой энх тайван тогтохгүй. Түүнчлэн орон орны дотоод бодлого, олон улсын бодлого хоёр нягт уялдаатай байх ёстой. Хамгийн наад захын жишээ хэлэхэд Израиль бол ардчилсан орон гэдэг нь эргэлзээгүй. Харин Египтийн байдал үүнээс арай өөр. Гэсэн хэдий ч тус хоёр орон зөрчил маргаанаа энх тайванч замаар шийдвэрлэх тухай гэрээ хэлэлцээр байгуулсан билээ. Арабын бусад орон, ялангуяа Сири, Ирак болон Саудын Араб бол ардчилсан орон биш. Энэ оронтой зөрчил маргааныг энх тайванч замаар шийдвэрлэхэд нэлээд түвэгтэй. Учир нь Израиль, Арабын орнуудын улс төрийн тогтолцоо эрс ялгаатай учраас ардчилсан нөхцөлөөр энх тайвныг байгуулах гэрээний утга агуулгыг олох боломж багатай.
Түүхэн туршлагаас үзэхэд ардчилсан орнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн болон дайн бараг гардаггүй. Иймд ардчилсан улс төрийн бодлого бол энх тайвны бодлого мөн. Ардчилсан нийгэм бол дайн дэгдээх гэж байгаа орны засгийн газарт хууль ёсны баталгааг огт олгодоггүй. Ийм учраас аливаа орныг зөвхөн ардчилсан замаар хөгжүүлснээр хүч хэрэглэхийг устгах, маргаан, мөргөлдөөнийг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх боломжтой бөгөөд олон улсын улс төрийн бодлогын ганц дорвитой чиг шугам мөн гэсэн онолыг миний бие дэвшүүлэхийг зүрхэлж байна.
Энэ шаардлага манай үеийн түүхийн шинэ нөхцөлд зүй ёсоор тавигдаж байна. Бид нэгэнт түүхийн эргэлтийн үед аж төрж байгаа тул дэлхийн нийгэм хамтран ажиллахдаа ардчиллыг төрийн хэлбэр, аж төрөх аргынх нь хувьд үйл ажиллагааныхаа гол чиг шугамыг болговол зохино гэдгийг бид шаардах хэрэгтэй. Үүнд хүрэхэд их урт замыг туулах нь зайлшгүй. Энх тайван, ардчилал хоёр хувь хүний үзэл бодол, үйл ажиллагаанаас эхэлдэг. Ийм учраас хүн өөрөө өөрөөсөө эхлэх ёстой. Мөн энэ асуудлын хүрээнд шашны хооронд энх тайванч харилцаа чухал юм. Ханс Күнг Дэлхийн ёс суртахуун гэдэг номондоо шашны хооронд энх тайван бий болохгүй хэмээн үнэнд нийцэх онолыг зоригтойгоор дэвшүүлсэн хүн юм. Энэ бол үнэхээр чухал сэдэв болоод байна. Шашин хоорондоо буулт хийх, бие биеэ хүлээн зөвшөөрч хүлцэл тэвчээртэй байвал энэ нь энх тайвны бодлогод зарчмын хувьд дорвитой алхам болно. Шашнаар улс төрийн бодлого явуулж, шашны улайран зүтгэхүй үзлээр улс төрийн зорилгод хүрэхийг чармайхаас татгалзаагүй байхад энх тайванч бодлогыг явуулах боломж тун хомс юм. Шашны төлөөлөгчдийн хоорондох яриа хэлэлцээг эрчимжүүлэх шаардлага ч байна, боломж ч байна. Дэлхийн том шашнууд (христосын шашин, жүдийн шашин, лалын шашин) гол утга агуулгаараа зарчмын хувьд эрс ялгаатай байна гэсэн нь үнэнд нийцэхгүй билээ. Эдгээрийн аль нь ч ардчилал, улс төрийн хүч үл хэрэглэх бодлогын зарчмыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь төдийлөн харагдахгүй байна.
Хүч хэрэглэх явдал улс төрийн бодлогын арга барил байж болохгүйг ардчилал баталж байна. Маргаан сөргөлдөөнийг шийдэхэд хүч хэрэглэхээс татгалзах явдал ардчилсан тогтолцооны улс төрийн бүтцэд тусгалаа олох хэрэгтэй. Энэ зарчмыг биелүүлэхэд өнөөдөр бодит боломж бий. Зүүн Европ дахь 1989 оны үйл явдал нийгэмд хүч нөлөөтэй болоход дан ганц цэргийн эрх мэдэлтэй байх нь хангалтгүй гэдгийг харуулсан билээ. ЗХУ задарсан жишээнээс үзэхэд ардчилсан бус нийгэмд цэргийн хүчин зүйл давамгайлах хувьсгалт өөрчлөлтөд хүргэж болзошгүйг харууллаа.
1989 оноос хойш гарсан өөр нэг өөрчлөлт бол дарангуйллын тогтолцооны эсрэг чиглэсэн хүн болон иргэний эрхийг хэрэгжүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх хандлага юм. Дэлхий дахины ардчилсан хөдөлгөөний өсөлтийг онцлон тэмдэглэмээр байна. Энэ нь олон улсын бодлогод ноцтой үр дагавар учруулж улмаар өдрөөс өдөрт улам бүр тодорхой болсоор байна. Манай дэлхийн хүн төрөлхтний соёл, нийгэм, эдийн засаг, цаг уур, байгаль орчин, улс төрийн нөхцлүүд ямар нэгэн хэмжээгээр хоорондоо шууд ба шууд бус замаар уялдаатай юм. Ийм учраас олон улсын харилцаа бол үнэхээр дэлхийг тойрсон харилцаа гэж хэлж болно. Үүнээс цоо шинэ шаардлага, хариуцлага үүсэн гарч байна. Олон улсын бодлого дэлхий дахины шинж чанартай болсон өөр нэг чиг хандлага гэвэл нийгэм улс төрийн бодлого улс орны хувьд ч, олон улсын хувьд ч тэр хуучнаас илүү нөлөө үзүүлэх ёстой болжээ. Шууд ба шууд бус утгаар аль нэгэн нийгмийн үндсийг хамрах олон улсын асуудлыг шийдэхэд оролцох эрмэлзэл, тодруулж хэлэхэд хүн амын өсөлт, эрүүл байгаль орчин, дэлхийн баян ядуу байдал гэх зэрэг нь ирээдүйд хүч хэрэглэсэн мөргөлдөний эх булаг болж болзошгүй учраас цаашид ардчилсан улс төрийн тогтолцоо гадагшаа хандсан эрх мэдлээ үйл ажиллагаагаараа дамжуулан олон улсын бодлогын бусад субъектийн эрх ашигтай харьцахад иргэдийн оролцоо улам их нэмэгдэх ёстой.
Эцэст нь манай дэлхийг ардчилсан замаар хөгжүүлэх гадны нөхцөл боломж бүрдсээр байна. Өнөө үед ардчилал бие даасан шинжтэй болох нөхцөл бий болоод байна. Энд дэлхийн олон орныг дурьдаж болно. Тэгэхдээ ардчилал бүрмөсөн бие даан хөгжинө гэж найдвал эндүүрэл болно.
Өнөөдөр ардчилал хөгжихөд сайхан боломж бүрдсэн боловч саад бэрхшээл багагүй байсаар байна. Өнөөдрийн байдлаар ардчилал өөрийн давуу талаа төдийлөн сайн харуулж чадаагүй байна. Түүхийн зохимжгүй нийгмийн тогтолцооноос сургамж авч чадах эрмэлзэлтэй байгаагаа хүн төрөлхтөн харуулах ёстой. Ардчилал хэдийгээр урт удаан, түвэгтэй, бэрхшээл зовлон ихтэй замыг туулж өнгөрөөвч эцсийн эцэст тэр амжилтанд хүрнэ. Ардчилал бол дэлхийн хувьсгал юм гэсэн энэхүү хүсэл мөрөөдлийг амьдралд хэрэгжүүлэх боломж байгаа болов уу? Юу ч гэсэн чиг шугам нь зөв юм.