Л.Ринчин
/MӨX-ны дэд ерөнхийлөгч, доктор/
Шинэ толь №28, 1999
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Монголд ардчилал хөгжиж, манай улсын нийгэм, төрийн байгуулалт үндсээрээ өөрчлөгдөж, монголын ард түмэн шинэ амьдралаар замнасан арваад жилийн хугацаанд их юм өөрчлөгдсөн. Бидэнд олсон ололт, таньж мэдсэн зүйл их бий. Энэ нь хуралд яригдаж байгаа зүйлээс тодорхой байна. Цаашдаа ч дэлгэрэнгүй яригдах, улам боловсронгуй болгох, хууль тогтоомжуудаа эргэн харах шаардлага байгаатай уг хэлсэн, илтгэл тавьсан хүмүүстэй санал нэг байна. Хөндөгдөж буй гол сэдэв нь Үндсэн хууль, төрийн байгуулал учраас vvний гол цөм нь засаглал, түүний хуваагдал, хуваарилалтын асуудал болох нь зайлшгүй юм. Энд би нэг зүйлд та бүхний анхаарлыг хандуулъя. Үндсэн хуулийн суурь зарчим болсон гурван засаглалын онол бол орчин цагийн төрийн байгуулалтын практик, хууль цаазын судалгаагаар баяжигдсан. Гурван засаглалын онолыг уламжлалт онол гэж судлаачдын дунд санал нэгтэй хүлээн зөвшөөрөх болсон. Илтгэгчдийн зүгээс ч ийм санаа гарч байгаа нь таатай санагдаж байна. Уламжлалт гэдгийн учир нь 17-18 дугаар зууны үед гарсан анхны тэр лагуулгаар нь өнөө үед яригдах нь хэдийнээ хоцрогдож байна гэсэн үг. 200-300 жилийн хугацаанд энэхүү онол дэлхийн олон улс орны үндсэн хуулийн төрийн байгуулалтын зохицуулалтын агуулга, түвшин болон эрдэмтэн, судлаачдын онол-арга зүйн санал дүгнэлтээр баяжигдсаар ирлээ. Засаглал хуваах онолын тухай бид ярихдаа төрийн гурван өндөрлөг, дөрвөн өндөрлөг гээд байх нь тийм ч оновчтой зүйл бус, энэ бол үеэ өнгөрөөж байгаа гэж хэлж болно. Дэлхийн зарим улсын жишээг энд дурдаж болно. Жишээ НЬ, Испани, Панам, Перу, Бангладеш зэрэг улсад Үндсэн хуулийн заалттайгаа шууд холбоотойгоор дөрөв дэх засаглалаар хяналтын засаглалыг хуульчлан тогтоож, энэ нь төрийн аль ч салбараас хараат бусаар ажиллах ёстой гэсэн нь бий. Латин-Америкийн зарим орнуудад жишээлбэл, Колумби, Никарагуа, Бразил зэрэг улсад сонгуулийн трибуналууд төрийн аль ч салбараас хараат бус гэж зарласан байдаг. Ерөнхийлөгчийн засаглалыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн 100 гаруй оронд Ерөнхийлөгчийн статусыг нөгөө гурваас нь халиулаад, Ерөнхийлөгчийн институт гээд тусад нь гаргаад ирсэн. Ийм байдлаар засаглал хуваарилах онол маань баяжин, хөгжиж байна. Манай улсын Үндсэн хууль, төрийн байгуулалтын зохицуулалтын хувьд ч энэ онол иймэрхүү байдлаар явах болов уу гэж бодож байна. Түүнээс биш төрийн гурван өндөрлөг хэмээн ярьж, тэр нь дээр нь, энэ нь дээр нь гэх, энэ нь хянана, ингэж тэнцүүлнэ, эсхүл бие биеийг нь шингээнэ гэх маягаар, эсхүл Ерөнхийлөгчийн засаглал парламентын засаглал гэж ярих нь харьцангуй ойлголт болсныг уг асуудлыг сонирхож явдаг хүний хувьд санал бодлоо илэрхийлэх замаар хэлэх гэсэн юм. Засаглал хуваах онол ер нь чухал юм. Засаглалыг хуваахыг эсэргүүцдэг агуу их сэтгэгч Марксаас эхлээд төрийн эрх мэдлийн хөдөлмөрийн хуваарь гэж анх гарч ирсэн. Энэ бол ардчиллыг хүсэгчдийн зүгээс дэмжигдээгүй онол. Хөдөлмөрийн хуваарь төдий юм гэдгийг нь дэмжээгүй. Турк улсын Үндсэн хуульд энэ бол орчин үеийн төрийн хөдөлмөрийн хуваарь гэж заасныг эс тооцвол дэлхийн бүх оронд засаглалыг хэм хэмжээнд хуваах ёстой гэдэгтэй санал зуун хувь нэгтэй байна. Анх гарч ирсэн онол нь диспотизмыг хаах, энэ үүднээс засаглалыг хэм хэмжээнд хувааж өгөх агуулгатай юм. Энэ зарчим бол ардчиллын тулгуур зарчим, цааш цаашдын хууль тогтоомжид тусгагдах ёстой.
Шүүгч байсан хүний хувьд шүүх хараат бус, бие даасан байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч, өнөөдөр ард түмэн шүүхийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. Хараат бус, бие даасан байдал гэдгийг айх, ичэхээ байсан, дур зоргоороо авирлах болсонтой холбон ойлгож байна. Шүүгчдэд юм зааж өгч, сургаж, мэргэжлийн удирдлагаар хангах явдлыг шүүхийн хараат бус, бие даасан байдалд халдлаа хэмээн зориуд хутган ойлгож байгаа учраас арга зүйн хувьд буруудаад, өнөөдөр шүүх мэргэжлийн удирдлагын хувьд маш доогуур болжээ. Энэ нь өнөөгийн хууль тогтоомжийн зохицуулалттай ч холбоотой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн өнөөгийн тогтолцоо бол Испани, Итали, Франц зэрэг орны хувилбар Энд ихээхэн учир дутагдалтай зүйл бий. Жишээ нь, бух шуугч нарыг хугацаагүй томилдог. Харин ерөнхий шүүгчид бүгд хугацаатай. Шүүгчдийг бүгдийг нь Монгол улсын Ерөнхийлөгчөөс томилно. Энэ байдал нь шүүгчид удирдлагадаа захирагдах байдалд сөргөөр нөлөөлж байна. Шүүхийн байгууллагын ажлын шалгуур, ялангуяа хяналтын талаар тодорхой эрхийг удирдлагад нь өгөх ёстой. Шүүгч нарын томилолтыг шат шатанд нь шүүх өөрөө зохион байгуулах ёстой. Шүүгчид зарим хэргийг илт буруу шийдвэрлэчихээд, гаргасан шийдвэр тогтоолын 40-50% нь хүчингүй болоод байхад шүүгч гээд ажлаа хийсээр байна. Хуульч хүний хамгийн цээрлэж явбал зохих хорих ял оногдуулахгүй эрүүгийн хэрэгт хорих ял оногдуулчихаад ажлаа хийж л байна. Ийм учраас шүүхийн талаарх Үндсэн хуулийн болон салбар хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлага бий болжээ.
Ерөнхийлөгчийн засаглалын талаар хэдэн зүйл хэлье. Засаглалын онолыг баяжуулах байдлаар ерөнхийлөгчийн хувьд төрийн өндөрлөгүүдийг зохицуулах, холбох үүрэгтэй болгох нь зүйтэй. Зарим улсын хуульд зааснаар ерөнхийлөгч нь арбитрын үүрэг гүйцэтгэнэ гэдэг чухал юм. Арбитр гэдэг нь төрийн байгууллагуудын зөрчилдөөнийг арилгах үүрэг vйцэтгэнэ гэсэн үг. Зарим улсын Үндсэн хуульд зуучлагчийн vvрэг гүйцэтгэнэ гээд бичсэн бий. Төрийн байгуулалт олон хуваагдаж, салбарлах боловч эцсийн эцэст нэгдмэл байх ёстой. Ерөнхийлөгч нь зохицуулах, зуучлах, арбитрийн үүрэг гүйцэтгэхийн сацуу төрийн тэргүүнээр явах ёстой. Төрийн тэргүүн гэдэг агуулга дотор харин төрийн нэгдмэл байдал улам баяжина.
Д.Пүрэвбаатар
Эдийн засгийн ухааны доктор
Үндсэн хуулийн тодорхой чиглэлээр мэргэжлийн 5-6 судлаачид сонгон авч, 1992 оны Үндсэн хуульд анализ хийсэн бол илүү үр дүнтэй байх байсан болов уу. Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон байх. 1992 онд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал өөр байлаа. Өнөөдрийн шаардлага бүхий амьдралаас ургуулан Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Төрийн зохицуулалттай, нээлттэй зах зээлийн эдийн засгийн асуудал болох амьдрах эрхийн баталгаа болон үндэсний баялаг, хөдөлмөрийн нөөцийн асуудлыг нарийвчлан тусгах ёстой. Хяналтын хариуцлагын тогтолцоо алдагдсан байна. Ард түмэн бол хянахын зэрэгцээ огцруулах эрхтэй байх ёстой.
С.Баярцог
УИХ-ын гишүүн
Хурал олон асуудлыг зэрэг хөндөн тавьжээ. Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд дүгнэлт хийхэд гол бүлэг бол төрийн байгуулалтын асуудал юм. Манай хууль батлагдах үед дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж байв. Монгол Улсын Үндсэн хууль нь чухал баримт бичиг боловч төрийн байгуулалтын бүлгийг ихээхэн дутагдалтай баталжээ. Энэ нь ч Үндсэн хуулийн хямрал гарах шалтгаан болж байна. НҮБ-ын мэдээнээс үзвэл Монгол Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай улсын тоонд явж байна. Гэтэл бид одоо хүртэл ямар засаглалтай Бүгд найрамдах улс вэ? гэдгээ сайн ойлгоогүй явж байна. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдох нь Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улсын шинж, Ерөнхийлөгчид парламентад суудалтай улс төрийн намууд нэр дэвшүүлэх нь Парламентын Бүгд найрамдах улсын шинж юм. Ерөнхийлөгч засаглалын гурван салаа мөчирт хүчтэй оролцдогоос үзвэл Монгол Улс нь Ерөнхийлөгчийн хүчтэй засаглал бүхий Бүгд найрамдах улсын хэлбэр үрүү шилжиж байна. Гэтэл бид парламентын засаглалтай улс гэж үздэг. Иймд засаглалын хэлбэрээ сонгон Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх ёстой.
Үндсэн хуулийн 5 дугаар бүлэгт байгаа Үндсэн хуулийн Цэцийн асуудал нь бодитойгоор Үндсэн хуулийн шүүхийн асуудлыг тусгаж чадаагүй байна. Мөн нутгийн өөрөө удирдах ёсны төлөвшилт хараахан бүрдээгүй. Энэ асуудлыг шийдвэрлэх нь зайлшгүй бөгөөд дараа нь бүс нутгийн хөгжлийн асуудал яригдах болно. Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийхийн эхлэл болоход энэ бага хурлын ач холбогдол оршоосой гэж бодож байна.
Б.Чимид
УИХ-ын зөвлөх, доктор
Үндсэн хуулийг өөрчлөх гэдэг санаа бол улс төрчдийн нойрыг сэргээдэг зүйл. Ийм учраас АНУ-ын Үндсэн хуулийг өөрчилье гэдэг санал 200-гаад жилийн хугацаанд 5000 гаруй орсон ч тэдгээрээс 26 – 27 нь нэмэлт байдлаар оржээ.
Төрийн дээд байгууллагуудын харьцааны асуудал болон үндсэн хуулийн процессын эрх зүйд анхаарлаа хандуулъя. Үндсэн хуулийн өөрчлөлт бол хоёр үзүүртэй байдаг. Нэг нь ардчилал уруу, нөгөө нь тоталитар дэглэм үрүү явна. 76:1, 1:76 гэдгээс үзвэл ардчиллыг хумих тал уруу яваад байна гэсэн үг. Хэрвээ энэ асуудлыг яръя гэвэл мэргэжил, мэргэжлээр, ялангуяа Үндсэн хууль судлаачдын хүрээнд эн тэргүүн хэлэлцэх нь зүйтэй. Ерөнхийлөгч ажлын хэсэг байгуулж Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг судална гэвэл хууль тогтоох замаар засгийн эрх авна гэсэн ойлголт төрүүлж байна. Үндсэн хууль өөрчлөх асуудлыг зохион байгуулах бүрэн эрх парламентад байгаа. Тийм учраас урьд урьдын комисс дандаа парламентаас байгуулагдсан. Ийм зүйлийг нарийн тооцохгүй бол санаатай болон санамсаргүйгээр хямралт нөхцөлд ороод байна. Үндсэн хуулийг аль болох тогтвортой байлгамаар байна. Үүний тулд органик хуулиудыг маш сайн боловсруулах нь зүйтэй. Үндсэн хуулийг программчилсан утгаар битгий ойлгоосой гэж эцэст нь хэлмээр байна. Араг ясыг нь босголоо, одоо бол булчин шөрмөсийн асуудлыг нь нарийвчлан сайн гаргах хэрэгтэй.
Д.Одбаяр
Хууль зүйн яамны газрын дарга
Эрх зүйн тогтолцооны талаарх дэлхий нийтийн хандлагыг ажиглавал Англо – Саксоны болон Ром – Германы холимог тогтолцоо уруу шилжихээс өөр аргагүй болж байна. Германы Үндсэн хуульд Германы Үндсэн хууль нь Герман улс алсдаа конституцитай болохын урьдчилсан алхам юм гэсэн санаа байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиа хөгжүүлэх үүднээс өөрчлөлт оруулаасай гэж ойлгож байна. Өөрчлөх арга механизм олон ч, үндсэн бүтцийн онолыг бид хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ асуудлаа тохирсоны дараа бусад жижиг өөрчлөлтүүдээ хийж болно. Засаглалын хуваарилалтаа хийсний дараа хяналт, тэнцвэржилтийн онолыг хүлээн зөвшөөрөх ёстой. Манайд засаглал хуваарилалт байж байгаа. Шүүхийн засаглал гэдгийг цалин өндөр, орон сууц хангагдсанаар боллоо гэж үзэх үндэсгүй. Хэрхэн ажилласнаараа бие даасан байдлаа шүүх өөрөө бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүгч бүрийн хэлж байгаа үг бол онолын маш том шийдэл байх ёстой.
Агууламжийн доторх багтаамжийн онолыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, амьд явах эрх өөрөө амьдрах эрхийг агуулна гэж Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан нь бий.
Д.Болд-Эрдэнэ
ШУА-ийн Фсэх-ийн ЭША, доктор
Сүүлийн үед улс төр судлаачид, эрдэмтдийн дунд засаглалын хуваарилалт, Үндсэн хуулийн асуудлаар мэтгэлцээн, маргаан нэлээд өрнөж байна. Энэ маргааны гол агуулга бол Үндсэн хуулийг өөрчлөх, засаглалын хэлбэрийг өөрчлөх асуудал юм. Нэг хэсэг нь Үндсэн хуулийг өөрчлөхгүй, мөрдөх явцдаа зарим бэрхшээлтэй асуудлыг тодотгоод сайжруулъя гэсэн бол нөгөө хэсэг нь хэсэгчилсэн байдлаар цагийг нь олоод өөрчилье гэж үздэг. Гуравдахь хэсэг нь бүхэлд нь өөрчилье гэсэн хандлагатай. Үндсэн хууль бол нийгмийн харилцааг зохицуулдаг суурь хууль. Нэг талаас тогтвортой үйлчлэх ёстой, нөгөө талаас амьдралын тусгал гэдэг утгаараа цаг үеэ дагаад өөрчлөгдөж байх ёстой. Гэхдээ энэ асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандаж болохгүй юм. Шаардлага, бодит байдалд тулгуурлах цагийг нь олж өөрчлөх ёстой. Энд би гурван зүйлийг тэмдэглэе.
- Засаглалын эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлэх асуудал бол Үндсэн хуулийн амин сүнс нь юм. Энэ чиглэлээр цаг үеийн шаардлагаа дагаад анхаарах, өөрчлөх зүйл их байна. Парламентад хэтэрхий их эрх мэдэл олгосон юм шиг харагддаг. Зохистой байдлаар эрх мэдлийг нь хязгаарлах хэрэгтэй. Парламентын үйл ажиллагаанд тавих хяналтын механизмыг нэлээд тодорхой болгох шаардлагатай юм. Энэ асуудалд Үндсэн хуулийн Цэц, Ерөнхийлөгчийн хориг гэсэн хоёрхон механизм үйлчилж байна. Парламентын үйл ажиллагааг үнэлэх шалгуур хэрэгтэй. Парламентыг тараах нөхцөлийг бодолцох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн эрхийг өргөжүүлэх асуудлыг бодолцох.
- Парламентын хүрээн дэх намуудын үйл ажиллагааг тодорхой болгож, эрх зүйн тодорхой томъёоллыг хийж өгөх шаардлага бий. Парламентын нам парламентын хүрээнд төлөвших эрх зүйн орчин алга байна. Парламентын нам өөрөө намын сахилга зөрчсөн гишүүнээ татаад авах эрх байдаг. Нам, УИХ-ын гишүүний хоорондын харилцааг сайжруулах шаардлага байна.
- Ерөнхийлөгчөө сонгон гаргаж ирэх механизм буруу хийгдсэн. Нэгэнт л парламентын засаглалтай улс юм бол Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгож гаргаж ирэх ёстой. Ард түмнээс сонгосон ч Ерөнхийлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагаанд нь энэ байдал тохирдог. Засаглалын хэлбэрийг өөрчлөх шаардлага өнөөдөр алга. Гагцхүү түүний давуу талыг нь тодруулах, сөрөг талыг нь саармагжуулах механизм нь ажиллахгүй байна. Парламентын гишүүдийн тооны асуудал, зохион байгуулалт, хууль тогтоох үйл ажиллагааны механизм, парламентын гишүүдийн ёс зүй гээд олон асуудал байна.
Д.Ламзав
“ЦЭХ” ТББ-ын тэргүүн
Үндсэн хуульд шаардлагатай өөрчлөлтүүдийг цаг алдахгүй хийх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурьтай байна. Парламентын эрх мэдэл хязгаарлагдаагүй. Үүнийг зохистой хязгаарлах. Үндсэн хуулийг зөрчих асуудал дунд шатанд их гарч буйг анхаарах. Үндсэн хууль сахиулах байгууллага нь цөөн тооны томоохон албан тушаалтныг авч үзээд бусдыг нь хянах эрх байдаггүй. Энэ байдлыг засахын тулд захиргааны шүүхийн асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн эрх мэдэлд өгөх, эрхийг өргөжүүлэх асуудал байж болно. Хүний эрхийн Үндэсний байгууллага болон авилгалын асуудлыг тусгах.
Ч.Баатар
ОХУ-ын Хууль зүйн Академийн аспирант
Хэлэлцэж байгаа илтгэлүүдтэй холбогдуулан дөрвөн зүйлээр санал бодлоо хэлье.
- 1992 оны Үндсэн хууль нь агуулгаараа төдийгүй, эрх зүйн хувьд дотооддоо багагүй зөрчилтэй хууль юм. Иймд Үндсэн хуулин дахь эрх зүйн зөрчлийн асуудлыг нарийвчлан судлах. Жишээ нь, Төрийн дээд эрх мэдэл УИХ-д бий гэж заасан. Гэтэл энэ заалт нэг талаас төрийн дээд эрх мэдэл ард түмний гарт байж харин түүнийг төлөөллөөрөө дамжуулан эдлэх гэсэн ардчиллын сонгодог зарчим үгүйсгэгдэж байна. Нөгөө талаас эрх мэдэл хуваарилалт, тэнцвэржүүлэлтийн суурь үндэслэлийг зөрчиж байгаа юм. Иймээс манай засаглалын хэлбэр тодорхой бус юм. Хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын гэж тодорхойлохоор байна. Эрх мэдлийн салаа мөчрийн асуудлыг дахин авч үзэхдээ удирдлагын ба захиргааны, процессын асуудлаар ялгаатай авч үзэх хэрэгтэй байна.
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудлын тухай ихэвчлэн ярьдаг. Миний бодлоор Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөн шинэчилмээр байна. Үндсэн хууль өөрөө нээлттэй байна. Манай Үндсэн хууль өөрөө буруу угсрагдсан араг ястай, АНУ-ын Үндсэн хуулийг хуулбарлах байтугай дутуу мөчид авсан.
- Шүүхийн хувьд санхүү эдийн засгийн асуудлаар дагнасан шүүх байгуулах цаг нэгэнт болжээ. Тухайлбал, татварын шүүх гэх мэт.
- Манай Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд тайлбар хийх эрхгүй асуудал. Энэ эрхийг Үндсэн хуулийн Цэцэд олгох, эсхүл Дээд Шүүхэд уг эрх байгаа нөхцөлд Үндсэн хуулийн Цэцийн үүрэг нь төрийн байгууллын тогтолцоонд төдийлөн ач холбогдолтой институт биш гэсэн дүгнэлтэд хүргэж болмоор.
Ц.Сарантуяа
МУИС-ийн ХЗДС-ийн багш, доктор
Үндсэн хууль гэдэг баримт бичиг бол анх гарч ирэхдээ төрийн байгууллагын үндсийг тогтоох гэж гарч ирээгүй. Францын ардчилсан хувьсгалын үед анх гарч ирэхдээ Хүний эрхийг нэг талаас хамгаалах, нөгөө талаас баталгаажуулах, төрийн байгууллага нь хүний эрхийг хязгаарлахгүйгээр ямар нэг хил хязгаарт үйл ажиллагаагаа явуулах вэ? гэдгийг зааглах гэж гарч ирсэн. Хүний эрх нь маш сайн баталгаажсан тохиолдолд хэрэгжинэ. Ийм учраас Үндсэн хууль бол хүний эрхийн баримт бичиг юм. Миний хэлэх зүйл бол Үндсэн хуулийн тайлбартай холбоотой. Энэ асуудал байнга хөндөгдөж байдаг. Үндсэн хуульд тайлбар өгдөг цорын ганц субъект бол дэлхий нийтэр хүлээн зөвшөөрөгдсөнөөр Үндсэн хуулийн шүүх юм. Үндсэн хуулийн шүүх бол зүгээр нэг доктринальный тайлбар өгдөггүй. Үндсэн хуулийн шинжтэй маргаанд шийдвэр гаргахдаа тайлбар бичдэг. Таны үйлдэл, үйл ажиллагаа юмуу эсхүл, энэ хууль Үндсэн хуулийг зөрчжээ, эсхүл, зөрчөөгүй байна гэж тайлбар гаргадаг. Энэ утгаараа Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр бол заавал биелэгдэх хүчин чадалтай. Үндсэн хуулийн шүүхийн тайлбар бол аутентик тайлбар юм.
Эрх зүйн системийн талаар хэлэхэд манай хуульчид энэ талаар хамтран хэлэлцэж нэгдсэн дүгнэлтэнд хүрэх нь зүйтэй болов уу. Хуульчид мэргэжлийн үүднээс засгийн газарт зөвлөмж ч гаргаж өгсөн болно. Англи – Америкийн тогтолцооны хөрс суурь бол манай улсын хөрсөнд бүрдээгүй. Энэ тогтолцоонд сайн тал байхыг үгүйсгэхгүй. Төрийн хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна. Төрийн албыг хэзээ ч гэрээгээр гүйцэтгүүлж болохгүй юм.