Карл-Рудольф Кортэ
/Доктор, Профессор/
Шинэ толь №21, 1998
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Германд улс төрийн нэгдмэл соёл бүрэлдэх үйл явцын талаар
Иргэний харъяатын, эрхээ олон жилийн өмнө хасуулсан зохиолч Райнер Кунце 1990 оны 10 дугаар сарын 3-нд буюу Герман улс нэгдсэн өдрийн үдэш тэрбээр Өрнөд болон Дорнод хэсэгт амьдарч буй Германчуудаас гагцхүү одоо энэхүү өдрийн авчрах өөрчлөлтөд өөрсдийгөө бэлтгэхийг нь хүсэн хүлээж байна хэмээн хэлж байжээ. Үнэхээр ч нэгдсэнээр нэгдмэл санаа бүрэлдсэн гэсэн үг огтхон ч биш юм. Хоёр өөр нийгэмд тулгарч байсан асуудал, хуримтлуулсан туршлага болон амьдралын тухай ойлголт, сэтгэхүй өөр өөрийн өвөрмөц онцлогтой байв. Ийнхүү нэгдсэний дараах өдөр амьдралын туйлын эрчимтэй бөгөөд талархан хүлээн авсан урсгалд автагдахад тэдний хараад байдаг зүйл нь төдийгүй ялгааных нь цар хүрээ улам тодорсон юм. Нэгэн гэр бүлийнхний тэсэн ядан хүлээж байсан урт удаан хугацааны дараах уулзалтын адил анх бие биенээ харан сэтгэл хөөрөлд автан, мэнд амраа мэдэлцэн харилцан мэдээлэл солилцсоны эцэст тайвшран ухаарах үе ирдэг.
Засгийн газар хоорондын гэрээгээр хөндийрөл, хүнийслийг арилгаж болохгүй нь ойлгомжтой. Захиргаадалтын эдийн засаг задран унасан нь зүүн гөрманчуудын чиг баримжаа өөрчлөгдөхөд ихээхэн түлхэц үзүүлсэн юм. Төлөвлөгөөнд дулдуйдан бусдаар асрамжлуулах нь зарим хүний хувьд нэг ёсны хамт олны нөмөр нөөлгөнд байх сэтгэхүйг бүрдүүлж байв. Нийгмийн харилцааны огцом өөрчлөлт зүүн германчуудын хувьд ээдрээтэй төдийгүй заримынх нь хувь зовиуртай байв. Хүмүүс аливаа саад тотгоргүйгээр хүссэн газар руугаа аялах, сонирхсон зүйлээ унших, хүссэн зүйл худалдан авах, бодсон санаснаа хэлэх боломжтой болсон. Ийнхүү урьд нь байсан саад тотгор арилахын зэрэгцээ түүний хамт мөн дасал болсон хамгаалалт баталгаанууд үгүй болсон билээ.
Улс төрийн соёлд үзүүлсэн нөлөө
Өөрчлөлт шинэчлэлт бүхэлдээ Германы улс төрийн соёлд нөлөөлсөн нь тодорхой. Нэгдэх үйл явц өрнөд болон Дорнод Германы харилцан адилгүй хоёр нийгэмд хэрхэн тусгалаа олсон бэ? Герман улс нэгдсэнээс хойш өнгөрсөн зургаан жилийн ажиглалтаас чухам ямар дүгнэлт хийж болох вэ?
Хуучны БНАГУ-ын иргэдийн хувьд амьдралынх нь дассан орчин арилж үгүй болсон. ХБНГУ-ын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсноор институционал чиглэлийн өөрчлөн байгуулалт эрчимтэй явагдсан. Системийн энэхүү өөрчлөлт хүмүүсийн үзэл бодол, үнэлэмжийн баримжаанд хэрхэн тусгалаа олж буй нь судлаачдын сонирхлын төвд байна. Энд гол нь улс төрийн ардчилсан тогтолцооны тогтворжилтын тухай асуудал хөндөгдөж байгаа юм. Хоёр Герман улс нэгдсэнээс хойш зургаан жил өнгөрсөн хэдий ч шинэ муж улсуудын улс төрийн соёлын түвшинг тодорхойлоход хүндрэлтэй байна. Энд хүмүүсийн үзэл бодол, байр суурь тогтворжоогүй, түүнчлэн хоорондын ялгаа зааг тодорхой болоогүй зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм.
Судалгааны үр дүн харилцан адилгүй, хоорондоо зөрчилтэй байгаа хэдий ч дараах зүйлийг тодорхой хэлж болох юм. Хуваагдмал байдал нь аливаа асуудлын талаарх үзэл бодол байр суурьт ул мөрөө үлдээсэн. Хоёр нийгмийн аль аль нь өөрийн гэсэн түүхэн замыг туулж, зангилаа асуудлын талаар тус тусын ойлголт, ухамсартай болсон. Улс төрийн соёлын хүрээнд цаг хугацааны хувьд ажиглагдаж буй ялгаа нь юуны өмнө улс төрийн үнэлэмж, чиг баримжаанд хамгийн хүчтэй илэрдэг. Улс төрийн өдөр тутмын амьдралын талаарх хүмүүсийн үзэл бодол олон тодорхой асуудал дээр энэ хугацаанд хоорондоо ойртсон бол үнэт зүйлсийн чиг баримжаа өөрчлөгдөхдөө удаан байдаг. Нийгэмшилтийн онолын үүднээс үүнийг эрх чөлөөг эрхэмлэсэн либерал болон социалист нийгмийн хоорондын хэм хэмжээний талаарх зөрчил гэж ойлгож болно. Өрнөдөөс авсан улс төрийн болон эдийн засгийн системд зүүн германчууд хэлбэр төдий зохицсон нь ардчилсан нийгмийн тулгуур үнэт зүйлс болон зах зээлийн эдийн засгийн тогтолцооны суурь чиг баримтлалын талаар нэгдмэл ойлголт бат бэх бүрэлдлээ гэсэн үг биш юм.
Бэртэгчин үзэл, төрийг шүтэх уламжлал
1989 оны 10, 11 дүгээр сард болсон огцом эргэлт оюун санааны хүлээсийг тайлсан боловч улс төрийн соёлын хүрээнд Германы Нэгдмэл Социалист Намын дарангуйллын үед төлөвшсөн жижиг хөрөнгөтний, төрийг гол чиг баримжаагаа болгосон төрийг шүтэх, улс төрийн бус үүднээс хандах үзэл, зөрчлөөс зайлсхийх, аливааг хэлбэрчлэх, баталгаатайгаар хамгаалуулахыг эрхэмлэсэн уламжлалт сэтгэлгээ оршсоор байгааг харуулав. ГНСН-ын дарангуйлагчид “социалист үндэстэн”-г бүрдүүлэх чиг шугамыг баримталж байх үед хуучин БНАГУ-ын иргэд үзэл суртлаас хол, сул жижиг орон зай, хүрээ рүү тэмүүлж, амьдралаа хувийн болон нийгмийн гэсэн хоёр хүрээгээр зааглаж байв. Харилцаагаа ийнхүү жижиг хүрээгээр хязгаарлаж, хувийнхаа оршихуйд голлон анхаарах хандлага шинэ муж улсуудын оршин суугчдын үнэлэмжийн чиг баримжаанд давамгайлсаар байна.
Урьдын БНАГУ-ын албан ёсны улс төрийн соёлын гол үнэт зүйлсийн нэг болох эдийн засаг, нийгмийн тэгш байдлыг хуучны муж улсуудтай харьцуулахад зүүн хэсэгт үлэмж дээгүүр үнэлдэг. Ингэхдээ мөн хүмүүс илүү ихийг хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байгааг тэмдэглүүштэй. Өөрөөр хэлбэл, тэгш бус байдалд хүргэх уршигтай хэмээн хийснийхээ хэрээр хүртэх зарчмыг үгүйсгэдэг. Өрнөдийн хангалуун нийгэмд хөдөлмөрийн үнэлэмж чөлөөт цагийнхтай харьцуулахад мэдэгдэхүйц буурч, зүүн хэсэгт хөдөлмөрийг илүү эрхэмлэдэг уламжлалт чиг баримжаа зонхилсон хэвээр байна. Либерал системд хувь хүний бие даан шийдвэрлэх асуудлын хүрээнд багтдаг зүйл дээр ч зүүнийхэн төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүлээдэг. Олон ургальч үзэл, прагматик хандлага болон чөлөөт цагийг чухалчлан үздэг өрнөдийн нийгмийн харилцаанд зуун германчууд заншаагүй юм. “50-иад оны зан төлөв”, “герман шинжээ” илүү хадгалж чадсан гэсэн хуучин БНАГУ-ын тухай төсөөлөл түүний дүр төрхийг гаргахад хангалтгүй юм. 70аад оноос эхлэн үйлдвэржилт, шинэчлэл Германы зүүн хэсэгт өрнөхийн хэрээр ялангуяа залуучуудын үнэлэмжийн баримжаалалд өөрчлөлт орсон. Гарч буй өөрчлөлт нь улс төрийн соёл судлаачдын Өрнөд Германы хувьд ажигласантай ижил чиглэлд явагдаж байгаа юм. Энд гэхдээ германчуудын өөрийгөө хөгжүүлэх сонирхол, амьдралаас гол нь таашаал авч, хүсэл эрмэлзэлдээ хүрэх, материаллаг талаа илүү эрхэмлэх чиглэлд хэлбийсэн онцлогтой. ХБНГУ-ын хөгжлийн гарааны шаттай харьцуулахад шинэчлэлийн давалгаа түргэн бөгөөд цочир хэлбэрээр нийгмийг хамарч хамтач үзэлд тулгуурласан сэтгэлгээний загваруудыг шахан зайлуулж байна. Өрнөдийн зүг рүү хандсанаар хүмүүс өөр өөрийн онцлогоо даган хоорондоо ялгарах өргөн боломж нээгдсэн юм.
Өөрчлөлт, шилжилтийн эсрэг чиглэсэн үйлдлүүд
Үнэт зүйлс болон институтүүдын шалгарсан тогтолцоонд “бэлэн загварыг” хуулбарлан авсаны сөрөг тал нь трансформацийн үйл явцыг гадны шахалтаар болж буй зүйл хэмээн үзэж, тиймээс ч эсрэг арга хэмжээ авч байгаагаар илэрч байна. Олон тооны судалгааны дүн зүүн Германчуудад тогтсон эдийн засгийн харилцаа, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн системээсээ улам бүр хүнийсэн холдох хандлагатай байгааг илтгэж байна. Системийн шинэчлэлтийн ололттой талыг тэд үндсэндээ хүлээн зөвшөөрч байна. Энэ нь нэгдсэнээс хойш тэдний ихэнхийнх нь амьдралын нөхцөл байдал сайжирсантай холбоотой. Барааны сонголт, хангалуун амьдрал, бүтээх чадавхи болон олсон амжилтыг тэд зах зээлийн тогтолцооны онцлог тал болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч зүүн Германчууд төлөвлөгөөт эдийн засгийг нийгмийн хамгааллыг илүү бүрдүүлэх чадвартай, хавьгүй илүү хүмүүнлэг систем хэмээн үздэг. Тиймээс ч шинэ системд үйлчилдэг зарчмуудыг тэд дотроо ихээхэн эсэргүүцдэг. Бүх талаар тэгш байх болон баталгаатай хамгаалуулах хүсэл сонирхол нь ардчилсан тогтолцооны эрх чөлөөний тухай ойлголттой зөрчилддөг. Энд мөн л хоёр Германы улс төрийн соёлын зааг ялгаа тодордог. Тухайлбал, зүүн Германчууд өрнөдийнхтэй харьцуулахад бие хүний эрх чөлөөт байдлыг мэдэгдэхүйц доогуур үнэлдэг.
Нийгмийн хамгаалал, баталгаа болон шударга ёсыг тэд иргэдийн амьдралд төрийн зүгээс хийх халдлагаас хамгаалахаас дээгүүр тавьдаг. Төр бол хүн амыг элдэв гачаалаас баталгаатай хамгаалах үүрэг хүлээх ёстой хэмээн тэд үздэг. Өрнөдийн загварын улс төрийн тогтолцоо бүрдүүлэхийг тэд ч маргаангүй хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хэм хэмжээг ч тэд мөн дэмждэг бөгөөд энэ талаар өргөн хүрээний зөвшилцөлд хүрсэн. Гэсэн хэдий ч ХБНГУ-ын улс төрийн системийн хувьд тэдний барьж буй зай мэдэгдэхүйц багасахгүй байна. Хуучин муж улсуудын ихэнх иргэд нийгмийнхээ тогтолцооны давуу чанарт эргэлздэггүй байхад шинэ муу улсуудын оршин суугчид түүнийг өрнөдийнхний давамгайлал гэж ойлгодог. Эл үзлийг баримтлагчдын дунд социализм нь үзэл санааны хувьд хэрэгжүүлэх боломжтой бөгөөд утга төгөлдөр зүйл гэсэн байр суурийг дэмжигчдийн тоо ч цөөрөхгүй байгаа юм.
Ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хэм хэмжээг хүн амын дийлэнх хэсэг дэмждэг. Гэсэн хэдий ч ХБНГУ-ын улс төрийн системийн хувьд тэдний барьж буй зай мэдэгдэхүйц багасахгүй байна. Эл байдал нь улс төрийн нам, тэдгээрээс явуулж буй бодлогод мөн тусгалаа олж байна. Тухайлахын бол зүүн Германчуудын дийлэнх хэсэг Ардчилсан Социалист Намыг ардчилсан нам хэмээн үздэг.
Улс төрийн институтүүдэд тэдний хүлээлгэх итгэл бага, өрнөдийнхтэй зэрэгцүүлэхэд улс төрийн оролцоо сул, түүнчлэн анхнаасаа доогуур байсан ардчиллын талаарх үнэлгээ нь улам бүр буурсаар байгаа нь улс төрийн нэгдэл нягтралд хүрээгүй байгаагийн илрэл юм. 90-ээд оны эхэнд өрнөдөд ч мөн ардчиллын талаарх хүмүүсийн сэтгэгдэл ихээхэн буурчээ. Гэхдээ тэнд Дорнод хэсэгтэй харьцуулахад хүмүүс улс төрийн системтэйгээ сэтгэл зүйн хувьд илүү ойр, гарсан зөрчил, хүндрэл бэрхшээлийг даах чадвар бүхий харилцаа бүрэлдсэн гэдгийг мартаж болохгүй юм. Үүний зэрэгцээ зүүн германчууд эн түрүүнд системийнхээ эдийн засгийн үр өгөөж, дараа нь улс төрөөс хол байдаг түүхэн хийгээд социал хүрээг чухалчлан сэтгэлдээ илүү ойр хүлээж авдаг.
Түүхэн асуудалд ялгавартайгаар хандах нь
“Нийт германы” шинжтэй нийгмийн харилцааны хэм хэмжээ нь хуучин БНАГУ-тай холбоотой дурсамж, сэтгэл санааны уяа хүлээстэй тэрсэлдсээр байна. Хуучин БНАГУ-ын улс төрийн тогтолцоогоор бахархдаг хүн бараг байхгүй юм. Гэхдээ тэд “туулж өнгөрүүлсэн амьдрал”, хуримтлуулсан туршлага, хийсэн бүтээснээ эерэгээр үнэлж, хамгаалдаг. Өнгөрсөн түүхэндээ тэд харин харилцан адилгүй ханддаг. Олон хүний, тэр дундаа өрнөд германчуудын эдүгээ ярьж байгаагаас БНАГУ-д амьдрал хавьгүй дээр байсан гэж тэдний олонхи санал нэгтэйгээр хэлдэг. Өнгөрсөн түүх, ингэхдээ хүмүүсийн оюун ухаанд хоёр янзаар тусч байгаа бололтой. Задран унасан Зүүн Герман улсыг эргэн харахад зарим хүний нүдэнд гэрэл гэгээтэйгээр төсөөлөгдөж байсан бол нэгдсэнээс хойш хүмүүсийн нуруун дээр буусан ачаа, тулгарч буй янз бүрийн асуудал урьд өмнө нь ихээхэн эерэгээр дүрслэгдэж байсан ХБНГУ-ын дүр зургийн өнгө будгийг бүдгэрүүлсээр байна.
Эдийн засгийн өсөлт ба улс төрийн тогтворжилт
Шинэ муж улсуудын иргэд баримжааныхаа энэхүү хоёрдмол байдлаа хир зэрэг түргэн гэтлэн давж чадах нь эдийн засгийн салбарт олсон амжилтаас ихээхэн хамаарна. Германчуудын улс төрийн түүхэнд эдийн засгийн тогтолцооны үр ашиг хэзээд улс төрийн чадавхийн шалгуур болж ирсэн уламжлалтай. Эдийн засгийн үр өгөөж дээшлэхийн хирээр ХБНГУ-ын хөгжлийн гарааны үетэй адил ардчилсан систем тогтворжих боломжтой юм. Гэхдээ шилжилтийн үйл явц бодож санаснаас илүү хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Тухайлбал, Дорно болон Өрнөд хэсгийн оршин суугчдын туулж өнгөрүүлсэн амьдралын орчин, тулгарч байсан асуудлуудын хүрээний хоорондын ялгаанаас гадна материаллаг аж байдлынх нь тэгш бус байдал өнөөгийн нийгмийн дүр төрхийг тодорхойлсоор байна. Хөдөлмөрийн орлого хүн амын өргөн давхаргын хувьд амьдралынх нь баталгааны гол эх сурвалж болсон хэвээр байгаа юм. Зүүн Германы эдийн засгийн сүйрлийн хор уршгийг арилгах, хүмүүсийн биелэгдээгүй мөрөөдөл, итгэл найдварыг биелүүлэхэд амаргүй юм. Шилжилтийн үйл явцыг дагалдаж буй үзэгдлүүд хүмүүсийн сэтгэл санаанд улам бүр сөрөг нөлөө үзүүлсээр байна. Зүүн Германчуудын гуравны хоёр нь Герман улсын хэмжээнд амьдралын нөхцөл байдлыг ойртуулан жигдрүүлэх чиглэлээр авсан арга хэмжээнд сэтгэл дундуур байдгаа илэрхийлжээ. Нийгмийнхээ статус, ирээдүйнхээ төлөө өрнөдийнхөн ч сэтгэл зовж байна. Эдийн засгийнхаа байдлыг улам бүр гутрангуй үзэх хандлага газар авч байна. Эдийн засаг болон нийгмийн хүндрэл бэрхшээлүүд нь хүмүүсийн улс төрийн үзэл бодол, байр суурь хоорондоо мэдэгдэхүйц ойртоход хүргэж байна. Тус улсын аль аль хэсэгт материаллаг болон нийгмийн хангамж, баталгааны асуудал юу юунаас чухалд тавигдаж байна.
Өөрийн ухамсарт гарч буй шинэчлэлт
Хоёр Герман нэгдэх үйл явц шинэлэг байхаа хэдийнээ больж өрнөд, Дорнод германчуудын аль алины хувьд амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг боллоо. Нэгдэх үйл явц нийт үндэстний сэтгэлийг догдлуулсан чухал гэхээсээ илүү хонжоо авчрах үйл явц мэт хүмүүсийн оюун ухаанд тусчээ. дуучин, шинэ муж улсуудын аль алинд хүмүүс нэгдэх үйл явцад үнэлэлт өгөхдөө болгоомжтой хандсан хэвээр байна.
Тэдний дийлэнх хэсэг түүнийг саад тотгоргүй, зөрчил багатай явагдана хэмээн төсөөлж байв. Бодит хэрэг дээрээ энэхүү огцом эргэлт, түүний үр дагаварт илүү хүчтэйгээр нэрвэгдэж буй зүүн германчуудын хувьд нэгдэх үйл явц амьдралынх нь эгзэгтэй, мөч, хүндхэн сорилт болж байна. Хоёр улс нэгдээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч шинэ орон гэртээ тэд дасаж чадаагүй л байна.
Энд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Энэ нь юуны өмнө тэдний дунд хуучны БНАГУ-аа санагалзан дурсах, мөн түүнчлэн нийгэм-эдийн засгийн одоогийн байдалдаа сэтгэл дундуур байгаа байдалтай холбоотой. Ийнхүү аж амьдралынхаа талаар сэтгэл дундуур байгаа нь улс төрийн системээ идэвхитэй дэмжих байр сууринаас хүмүүсийг холдуулах талтай. Өрнөд хийгээд дорнод германчуудын туулж ирсэн амьдралынх нь харилцан адилгүй туршлага, үзэл бодол нь улс төрийн соёлын хүрээнд зөрчил гарахад хүргэж байна. Амьдралын үнэлэмж болон ардчиллын тулгуур ойлголтуудын талаар өрнө, дорны германчууд бие биеэсээ бараг ялгардаггүй боловч улс төрийн хүрээнд чиг баримжаагаа болгох үнэт зүйлсийн эрэмбэ зэрэглэлийн хувьд ихээхэн ялгаатай хэвээр байна. Нэгдсэнээс хойш өрнөд германчуудын улс төрийн болон үндэсний ухамсарт огцом өөрчлөлт гараагүй байгааг явуулсан судалгаа, санал асуулгуудын дүн харуулж байна. Харин зүүн германчуудын амьдралын чиг баримжаанд өөрчлөлт орж байна:
Хуучин БНАГУ-ын иргэдийн өөрийн ухамсар дээшилсээр байна. Тэд өрнөдийнхний гаргасан аливаа шийдвэрийг нэгэнт заяасан төөрөг мэт хүлээж авахаа бараг больжээ. Зүүн германчууд асуудлыг өөрсдөө оролцож шийдвэрлэх нь их болж байна. Шинэ муж улсуудад өөр уур амьсгал бүрэлдэж эхлэв. Тэд зөвхөн дор дороо үглэх төдийхнөөр хязгаарлалгүй ирээдүй рүүгээ харсан хэтийн асуудлыг хөндөн тавьж үзэл бодлоо илэрхийлж байна. “Өрнөдийнхний амыг хардаг сэтгэлгээнээсээ салая” хэмээн тэд улам тодоор дуугарах болов. Гэвч энэхүү санааг одоогоор соёл, урлагийн зүтгэлтнүүд л ихээхэн дэмжиж байна. Чухамхүү олонх үүнийг хүлээж авах эсэхийг цаг хугацаа л харуулах юм. Германы улс төрийн соёлын дур төрхийг системийн чанарын биш гагцхүү нутаг орны онцлог, ялгаа тодорхойлдог болтол бүхэл бүтэн түүхэн үе шаардлагатай.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/