Ханс-Петер Репник
/Германы Бундестагийн гишүүн/
Шинэ толь №20, 1997
Түлхүүр үг: социал төр, халамжийн бодлого, хавтгайрсан халамж, бэлэнчлэх сэтгэхүй
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Дэлхий ертөнц өөрчлөгдөж буй нь
Бид сонирхолтой цаг үед амьдарч байна. Жинхэнэ “шинэ сэтгэлгээ”-нд зүрхлэн орох боломжийг түүх бидэнд тэр бүр олгодоггүй билээ. Дэлхий ертөнц өнөө үед үндсээрээ өөрчлөгдөж байгаа нь ийнхүү олдож буй цөөхөн боломжийн нэг юм. Энэ нь бидний сэтгэлгээ хийгээд хүн төрөлхтний ирээдүйн өмнө “Өөрчлөлт” буюу “хугаралт” гэсэн үгс болон “түүхэн” гэсэн тодотгол сүүлийн жилүүдэд улс төрийн хэллэгт ихээхэн хэрэглэгдэх болсон. Үнэхээр ч энэ нь бодитой юм. Бид Герман улс нэгдэх үйл явц болон Зүүн Европт гарсан түүхэн бөгөөд Европын түүхнээ цоо шинэ тайван өөрчлөлтийн гэрч болов. Европыг хамарсан нэгдэх үйл явц зогсолтгүй урагшилсаар байна. Энэхүү үйл явц нь нэгдмэл валютанд удахгүй шилжсэнээр өөрчлөлт шинэчлэлтийг араасаа дагуулах чухал шатандаа орох болно. Урьд өмнө нь хэзээ ч ийм их шинэ эхлэл тулгарч байгаагүй билээ!
Бид энэхүү өөрчлөлтийн зөвхөн гэрч төдийгүй мөн оролцогч болж байна. Бидний амьдрал эрчимтэй өрнөж байгаа билээ. Өөрчлөлт шинэчлэлтийн эрч хүч олон хүнийг хөл алдуулж тэвдүүлсэн юм. Энэ байдал социалист маягаар амьдарч ирсэн, түүнээсээ өөр үнэлэмжийн тогтолцоонд учир зүйгээ олох шаардлагатай тулгарсан Зүүн Германы иргэдийн хувьд ч ажиглагдсан. Түүнчлэн Өрнөд Германчуудын хувьд ч байдал ийм байна. Эдийн засгийн нэмэгдэж буй глобалчлал, зах зээлүүд нээгдэж улс орнуудын эдийн засаг улам бүр харилцан шүтэлцээтэй болж буй нь олон хүнийг амьжиргааныхаа төлөө түгшихэд хүргэж, эдүгээ хүрсэн амьдралын түвшин, хүнд хүчир хөдөлмөрөөр буй болгосон хангалуун аж байдлыг цаашид хадгалж чадах уу үгүй юу гэдэг асуултыг тэдний өмнө тавьж байна.
Энд гэхдээ эдийн засгийн глобалчлал нь шинээр илэрч буй үзэгдэл бус харин нилээд эртнээс эхэлсэн хөгжлийн үйл явцын үргэлжлэл гэдгийг тэмдэглүүштэй. Гагцхүү глобалчлал улам бүр тодоор илэрч, өөрчлөлт улам бур түргэсэх билээ. Харилцаа холбоо, тээвэр сайжирснаар холыг ойртуулан, зааг хязгаарыг арилгаж байна. Тэдгээр нь капиталын хийгээд хөгжлийн хүчин зүйлийн сүлжээ улам бур нягтрахад хүргэж байна.
Глобалчлал нь айдас төрүүлэх хий үзэгдэл бус, харин дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн үйл ажиллагааны шинэ шинж чанар юм. Түүнийг дагаж
- хөдөлмөрийн хуваарь,
- түүхий эдийн нийлүүлэлтэнд олон улсын хэмжээнд бий болсон зардлын давуу тальг ашиглах,
- шинэ зах зээлийг эзлэх,
- технологийн дэвшлийг түргэсгэх боломж зэрэг давуу талууд гардаг. Эдгээрийг ухаалгаар ашиглах ёстой юм.
Улс хоорондын арилжаа худалдаа өргөжин тэлэхийн хирээр тэдгээрийн хоорондын эдийн засгийн өрсөлдөөн улам бүр ширүүсч байна. Амжилтанд дассан Германчууд бидэнд энэхүү ширүүсч буй өрсөлдөөний дарамтанд дасахад хүндрэлтэй байгаа юм. Энэ нөхцөлд амьдралын янз бүрийн хүрээнд шинэ сэтгэлгээ, гүн гүнзгий өөрчлөлт шаардлагатай байгааг илэрхийлж буй өнөөг хүртэл далд байсан тогтолцооны зөрчил, хүндрэлүүд илэрч гарч байна.
Төрийн тухай ойлголт
Энэхүү хөгжлийн шинэ шаардлага, бүтцийн өөрчлөлтийг бид идэвхтэй хэрэгжүүлж бидэнд олгогдсон боломж, ирээдүйг нээх түлхүүр гэж ойлгох ёстой. Бүх асуудлыг төр, улс төрчдөд тохох нь тэднээс хэт ихийг шаардсан хэрэг болно. Энэ нь чөлөөт ардчилсан тогтолцооны сул тал бус, харин түүний мөн чанараас урган гарч байгаа юм, учир нь тэрээр улс төр гэдэг зүйлийн бүрэн ноёрхол дээр бус харин эрх мэдлийг хязгаарлан зааглах зарчим дээр үндсэнлэг. Гагцхүү тоталитар системд л бүх зүйлийг улс төрөөр зааварчлан шийдвэрлэж, төвлөрүүлэн хариуцаж, шийдвэрийг дээрээс тогтоож, “эцэг төр” ноёрхдог.
Харамсалтай нь манайд ч гэсэн аливаа асуудлыг эхлээд улс төр, дараа нь төрд тохож зуршжээ. Ийм байдал тогтоход улс төр ихээхэн түлхэц үзүүлжээ. Бүхнийг хариуцах ёстой гэсэн өрөөсгөл ойлголт, бүгдэд шударгаар хандах гэсэн оролдлого, түүнчлэн бүх хэсэг бүлгийн эрх ашгийг ямар нэгэн аргаар хэрэгжүүлэх гэсэн үүднээс бид тун олон удаа, хэт их буулт хийж байв.
Үүний сөрөг үр дагавар нь одоо илэрч байна. Социал төрийн оронд амьдралын бүх эрсдэлээс аль болох өргөн хүрээгээр хамгаалах, бүхнийг зохицуулах, аливаа зүйлийг хэм хэмжээнд тогтоохыг оролдож буй “амьжиргааг хангагч төр” бий болсон.
Тухайлбал, 1993 байдлаар Германы Нормчлолын институтийн дэргэдэх 79 нормчлолын хороо, 10 бие даасан ажлын хороо, 8 комисс, 3 газраас амьдралын бүх хүрээнд хамрах 32000 гаруй норм, стандартыг баталдаг нь (хүүхдийн цэцэрлэгийн хувцасны өлгүүрийн дэгээнүүдийн хоорондын зайнаас эхлээд хаалганаас гар болон нүүрийн угаалтуурын хоорондох зайг хүртэл) төр улс төрийн зүгээс зохицуулалтаа хэтрүүлж, өөрсдийгөө бүхнийг шийдэгч гэсэн буруу үүднээс хандаж байгаа юм бишүү гэсэн асуулт зүй ёсоор гарч байгаа юм.
Бид урт удаан хугацааны турш энэхүү бодлогоор амжилттай явж ирлээ. Ургац арвин байхад атгаа дүүргэн бусдад тарааж болдог. Эдүгээ дүүргэдэг сав нь шавхагдаад “амьжиргааг хангагч төр” ачааллыг даахгүй болж байна. Энд acуудалд шинээр хандаж, хэрэглээ ба зохицуулалтын тогтсон журмаа эвдэхээс өөр аргагүй юм. Учир нь хэт их зохицуулалт болон бүх тохиолдолд шударга ёсыг хэрэгжүүлэхийг хуваарилагч төр бидний элбэг хангалуун амьдралыг удаан хугацааны турш баталгаажуулахад шаардлагатай эдийн засаг хийгээд нийгмийн динамик бүрдэл хэсгүүдийг боймлон хязгаарладаг.
Тулгуур үнэт зүйлсийн ач холбогдол
Энд чөлөөт ардчилсан тогтолцоо хийгээд манай нийгмийн дүр төрхийг тодорхойлогч гол үнэт зүйлс болох эрх чөлөө, эв санаа, шударга ёсыг анхааралдаа авах шаардлагатай. Эдгээр тулгуур үнэт зүйлс нь өнөөдөр өөрчлөлтөнд чиглэгдсэн улс төрийн шийдвэр гаргахад найдвартай луужин нь болж байна.
Тиймээс ч бидний үйл ажиллагааны гол чиг баримтлал болох эдгээр үнэт зүйлсэд дахин ихээхэн анхаарал хандуулах ёстой, учир нь гагцхүү нэг талаас гадна талаас тавигдаж буй шаардлага болон дотроос үйлчилж буй хүчин зүйл, нөгөө талаас тулгуур үнэт зүйлст эргэж хүчтэйгээр хандах хэрэгцээтэй болсныг ойлгуулж чадсан нөхцөлд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч түүнийг хэрэгжүүлэхэд оролцох болно.
Эрх чөлөө
Хувь хүний эрх чөлөө буюу бүх салбарт эмэгтэй, эрэгтэйчүүдэд өөрийгөө чөлөөтэй хөгжүүлэх эрхийг баталгаажуулдаг эрх мөн хувь хүний нэр төр, алдар хүнд хийгээд хувь шинжийг (индивидуал) мөн хамгаалдаг.
Эрх чөлөө нь нэг талаар бие даан шийдвэр гаргах боломж, нөгөө талаар бие даан үйл ажиллагаа явуулах болон гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх үүргийг агуулдаг. Энэ нь тэр бүр амар хялбар бус байдаг хэдий ч эдийн засгийн бүх субъект бие даан, төвлөрсөн бус байдлаар өөрсдийнхөө болон үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг үйл ажиллагааны чадвар бүхий зах зээлийн тогтолцоо оршин тогтнох үндэс суурь болдог.
Иргэдийнхээ бие даан шийдвэрлэх ёстой aсуудлыг шаардлагагүй байхад төр өөртөө авч, зохицуулалт хийдэг газар иргэдийн үүрэх хариуцлага, тэдний эрх чөлөөнөөс хумсалж байна гэсэн үг юм. Ингэснээр тэрээр хөгжил хөдөлгөөн, эдийн засгийн хүчин чармайлт, амжилтын нөхцөл болох хувь хүний хөгжлийн орон зайг хязгаарладаг. Энэ байдлаар хөгжлийн хөдөлгөгч хүчнийг сааруулах болно. Зах зээлийн системд ийнхүү саад учруулснаар уг тогтолцооны давуу талыг бүрэн хэрэгжүүлэх боломжийг хаагдуулна. Зүй ёсоор бол иргэд өөрсдөө хариуцлага үүрдэг бэхжүүлэхэд санаа тавих ёстой юм. Зөвхөн ийм замаар манай нийгэм урт хугацааны турш тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.
Хувь хүнд илүү хариуцлага хүлээлгэх, илүү чөлөөтэй орон зайг бий болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх санааг 1999 оны 1-р сарын 1-нээс мөрдөж эхлэх татварын тогтолцооны шинэчлэлтээр бид агуулж байна. Өндөр татвараар дамжуулан иргэдээс суутгаад дараа нь уг хөрөнгөө эргүүлээд нарийн төвөгтэй механизмыг ашиглан буцааж тараах тогтолцооноос татгалзаж буй юм. Татвар, хураамжийн хэмжээг бууруулан иргэдийн цалингаас үлдэх орлогыг нь нэмэгдүүлж, ингэснээр тэдэнд нэмэгдэл орлогоо хэрэглээндээ юу эсхүл бусад хувийн зориулалтаар ашиглах эсэхээ бие даан шийдвэрлэх боломж олгоход бидний зорилго оршиж байгаа юм. Энэ үндсэн дээр тэд илүү бие даасан байдал, эрх чөлөөтэй болсноор зах зээлийн хүчнүүд үйлчлэх илүү боломжтой болно.
Эрх чөлөө нь миний ойлгосноор хязгааргүй ойлголт биш юм. Тэрээр ямагт нэг талаас нийгмийн эмзэг хэсэг, нөгөө талаас байгаль орчны төлөө хүлээх илүү өндөр хариуцлагатай холбоотой байдаг. Экологи болон нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэх нь бидний зорилт билээ.
Чухамхуү глобал чанартай экологийн хэрэгцээ шаардлага нь хэтдээ хувь хүний эрх чөлөөг хязгаарлах болно. Энд ялангуяа аж үйлдвэржсэн улс орнууд онцгой хариуцлага хүлээнэ. Хэдийгээр дэлхийн нийт хүн амын дөнгөж 20 хувь нь эдгээр оронд амьдардаг ч түүхий эдийн дийлэнх хэсэг хэрэглэгддэг бөгөөд тэд байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулдаг билээ. Экологийн хувьд тавигдаж буй асуудлуудыг зах зээлийн шийдлүүдийн эдийн засгийн тогтолцооны шийдлүүдийн хүрээнд системтэйгээ нийцтэйгээр шийдвэрлэх ёстой бөгөөд тэгэхдээ урамшууллын механизмыг энд мөн орхигдуулж болохгүй юм. Энэ үндсэн дээр л эдгээр асуудлыг аль болох бага зөрчилтэйгээр бидний үнэт зүйлсийн ойлголтын хүрээнд шийдвэрлэж болох юм.
Эв санаа
Эв санаа нь эргэж анхаарал хандуулах ёстой хоёр дахь үнэт зүйл билээ.
Эв санааны үзэл шингэсэн нийгэмд хамтлаг худь хүний социал талынх нь баталгааг бий болгосон байдаг онцлогтой. Энд төр өөртөө нийгмийн эмзэг хэсгийг өмгөөлөх, социал хүндрэлүүдийг зөөлрүүлэх үүргийг хүлээн авдаг.
Мөн үүний хамт хүн нэг бүр нийгэмлэгийг хүлээн зөвшөөрч боломжийнхоо хирээр нийтийн үйлст хувь нэмрээ оруулах ёстой байдаг. Систем үйл ажиллагааны чадвартай байж, түүнийг хэт их ачааллахгүйн тулд энэхүү хоёр талын харилцаa үйлчлэх ёстой.
Хүн өөртөө хариуцлага авах зарчим болон эв хоорондоо зөрчилдөхгүй харин харилцан бие биенээ нөхдөг. Амьдралд шаардлагатай асуудлаа бие даан шийдвэрлэхэд хувь хүний хүчин мөхөсдөж буй тохиолдолд л төрөөс дэмжлэг үзүүлэх үүднээс оролцоно. Католик шашны социал сургаалийн томоохон төлөөлөгч Освальд фон Нелл-Бройнинг үүнийг томъёлохдоо:
“Хүн өөрөө хийж чадах зүйлийг нийгэм өөртөө авах ёсгүй, учир нь тэгвэл энэ нь тус дэмжлэг бус харин эсрэгээр ямагт хувь хүний өөрийнх нь хүчтэй холбоотой байдаг хөгжлийг нь хязгаарлаж түүнд хохирол учруулах болно” гэжээ.
Субсидиар зарчмын үүрэг ролийг сэргээн дээшүүлэх шаардлагатай. Тиймээс ч эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан тэтгэвэр ажилгүйдэл болон хэрэгжүүлэх хэмнэлтийн арга хэмжээ нь эв санааг зөвөөр ойлгосон нөхцөлд дараах хэд хэдэн учир шалтгааны үүднээс шаардлагатай юм.
Нэг талаас үнэхээр нийгмийн халамж шаардлагатай хүмүүст цаашид ч эв санааны үүднээс тусалсаар байх болно. Нөгөө талаас ийнхүү манай нийгэм хамгааллын систем урт удаан хугацаагаар тогтвортой байх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн түүнчлэн энэ маягаар хөдөлмөр зарцуулалтыг бууруулж. нэмэгдэл ажлын байр бий болгох боломж бүрдэнэ. Тиймээс ч эдийн засгийн өсөлт ба хөдөлмөр эрхлэлтийг хангах хөтөлбөр нь өнөөдөр ажилгүй байгаа хүмүүстэй эв санаагаа илэрхийлж буйн нэгэн нотолгоо юм.
Тарифын талаарх хэлцлийн явцад ажилгүйчүүдийн ашиг сонирхлыг сайтар анхаарч байх төдийгүй эдийн засгийн хувьд ч шаардлагатай. Ажил хийж буй хүмүүсийн ажлын хөлсийг төлүүлэхэд чиглэсэн бодлогыг социал бус шинжтэй гэж үзэхгүй харин ажлын байр эзэмшигчдийн байр суурийг бэхжүүлж, ажил эрж буй хүмүүст түүнд хүрэх замыг хаасан бодлого социал бус шинжтэй.
Хоёр Герман нэгдэх үеэс эхэлж Зүүн Герман руу урссан санхүү, эдийн засгийн тусламж нь эв санааны үзлийн тод илрэл юм. Ийнхүү Зүүн Германы бүтээн байгуулалтыг дэмжих нь зөв зүйтэй байсан бөгөөд одоо ч ийм хэвээрээ байна. Гэхдээ субсидиар зарчмын ач холбогдлыг илүү анхаарвал шинэ муж улсуудын эдийн засгийн чадавхи дээшлэхийн хирээр тэдэнд үзүүлэх эдийн засгийн тусламжаа алхам алхамаар багасгах шаардлагатай билээ.
Эв санааны үзлийг зөвхөн өөрийн улс орны хил хязгаарын хүрээнд хэрэгжүүлэх нь хангалтгүй юм. Тэрээр биднээс хамгийн буурай хөгжилтэй орнуудад амьдарч буй хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхийг шаарддаг. Эдгээр хүмүүсийн амьжиргааны зовлон зүдгүүрийг хөнгөлөх нь манай хөгжлийн бодлогын зорилго, зорилт болж байдаг.
Шударга ёс
Шударга ёс нь бидний хөндөх ёстой тулгуур үнэт зүйлсийн гурав дахь нь юм. Нийгмийн шударга ёс нь хувь хүний ажлын үр дүн, бүтээлийг үнэлэх, түүнчлэн нийгмийн тэгшитгэл болон хэрэгцээний аль алиныг харгалзахыг шаарддаг. Үр бүтээл болон хэрэгцээ гэсэн хоёр туйл, түүнчлэн энэ хоёрын дунд орших нийгмийн шударга ёс энд хөндөгдөнө.
Зах зээлийн эдийн засаг дангаараа зөвхөн үр дүнгээр тооцогдох шударга ёсыг тогтоодог. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн хүчин зүйлсүүдэд нийгмийн бүтээгдэхүүнийг бий болгоход оруулсан хувь нэмрийнх нь хирээр орлогоос хүртээнэ гэсэн үг юм. Хэрэгцээг баримталсан шударга ёс нь иргэн бүр зохих ёсоор амьдрахад хэрэгцээтэй зүйлээр хангагдсан байхыг хэлнэ. Хүмүүсийн хэрэгцээ, сонирхол, хүлээлт харилцан адилгүй байдгаас “зохих ёсны” тодотголын нийтлэг томъёолол олох боломжгүй учраас улс төрийн үйл явцад уг хэрэгцээг тодорхойлох шаардлагатай байдаг.
Yр дүн хийгээд хэрэгцээг баримталсан шударга ёс хоорондоо тодорхой уялдаа холбоотой: Нийгмийн тэгшитгэлийг хэт их анхаарч, шударга ёсыг тэгшитгэлтэй адилтгаж ташаарвал хувь хүн өөртөө хариуцлага хүлээн авах, үр бүтээл рүү эрмэлзэхээс хөндийрүүлдэг “халамжлуулах сэтгэлгээг” бий болгодог. Үүний хамт дахин хуваарилалтанд шаардагдах хөрөнгийг бий болгодог хүмүүсийн хөдөлмөрлөх болон хөрөнгө оруулалт хийх сонирхол буурдаг.
Тиймээс энд зохих тэнцвэрийг олох нь чухал юм. Хувь хүний бүтээх эрмэлзэл, эдийн засгийн үр ашиг буурах цэгт дахин хуваарилалтанд чиглэсэн нийгмийн бодлогыг эргэж харах шаардлагатай. Учир нь дараах зүйл тодорхой байх ёстой: Нийгмийн хангамж болон эдийн засгийн үр ашиг хоёр нэг зоосны хоёр тал билээ. Хуваахаасаа өмнө эхлээд хүрэлцэхүйц хэмжээний том “бялууг” хийсэн байх ёстой.
Социал төрийн зардлыг дааж чадах, түүнчлэн нийгмийн шударга ёсыг хэзээ нэгэн цагт алдагдуулахгүйн тулд үр дүн болон хэрэгцээг баримталсан шударга ёсны зарчмуудын хоорондын харьцааг шинээр тодорхойлох шаардлагатай. Шинэ орчин чармайлтын хүрээнд хэмнэлтийг зөвхөн хэмнэхийн төлөө тавьж буй зорилго гэж ойлгож болохгүй юм. Хэрэв хүн бүр гагцхүү хувийнхаа эрх ашгийг хөөж нийтлэг сонирхлыг хэн төлөөлөх нь тодорхойгүй болбол манай нийгэмд аюул тулгарна гэж би ойлгож байна. Энэ нөхцөлд хувь хүмүүсийн хэрэгцээ сонирхол ба нийгмийн чадамж хоёрын хоорондын тэнцвэрийг барих хариуцлагыг хүлээх эзэнгүй болж нийгмийн доторх үндсэн уялдаа холбоо алдагдах болно.
Хүн амын дунд өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг хангах хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүд зайлшгүй шаардлагатай гэсэн ойлголт улам бүр лавширсаар баина. Алленсбахын санал бодлын судалгааны институтын санал асуулгын дүнгээс 1996 оны зуны эхээр явуулсан судалгаанд хамрагсадын 44 хувь нь түүнийг дэмжиж байсан бол 1996 оны 8 дугаар сард дэмжигчдийн хувь 64 хувь болж өссөн нь харагдаж байна
Үнэт зүйлсийн систем ба эдийн засгийн динамик
Макс Веберийн хэлсэнчлэн нийгмийн үнэт зүйлсийн систем эдийн засгийн хөгжлийн динамикт ихээхэн нөлөө үзүүлдэг. Германы нийгмийн үнэт зүйлсийн систем бүтцийн өөрчлөлт, түүнтэй уялдаатай асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай эдийн засгийн хөгжлийн динамикийг хангаж чадаж байна уу угүй юу гэсэн асуулт гарч байна.
Олон улсын хэмжээнд хийсэн зэрэгцүүлэлтээс тухайн нийгмийн үнэт зүйлсийн системд дараах гурван бүрдэл буюу
- үр дүнг баримтлах зарчмыг хүлээн, зөвшөөрсөн байх
- ногдсон үүргээ биелүүлэхэд бэлэн байх
- хувь хүн өөртөө хариуцлага хүлээхэд бэлэн байх
сэтгэлгээ хүчтэй шингэж чадсан байхын хирээр эдийн засгийн хөгжил эрчимждэг шууд уялдаа холбоо ажиглагддаг.
Вернер Калтефлайтерын судалснаар хуучин муж улсуудын хүн амыг энэ үүднээс 3 ангилж болох талтай:
Хүн амын 20 хувь нь үр дүнг чухалчилсан, бүтээлч эрмэлзэлтэй цөөнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүмүүс нь байгууллагынхаа үйл ажиллагааны төлөө үүрэх хариуцлагыг хувийнхаа сайн сайхан байдал, тэр ч бүү хэл чөлөөт цаг, өөрсдийн карьераас ч илүүд үздэг.
Харин хүн амын б5 хувь нь халамжлуулахыг урьтал болгодог олонхи болж байна. Эдгээр нь хөдөлмөрч хичээнгүй герман хүний тухай төсөөлөлд нийцэж байдаг хэдий ч хичээл зүтгэлийг хүргэж болохгүй гэж хэтрүүлж хэт их ачаалалд хүргэж болохгүй гэж үздэг. Ажлаасаа цагтаа тарах, чөлөөт цагтай байх, амралт эдлэх болон нийгмээс үзүүлэх бусад бүх хангамжаас хичээл зүтгэл гаргасныхаа төлөө эдлэх эрхтэй гэж тэд үздэг. Мөн жилээс жилд цалин, орлого нэмэгдэх ёстой гэж тэд ойлгодог.
Хүн амын 15 хувь нь эдийн засгийн эрчимтэй хөгжилд нийцсэн үнэт зүйлсийн системийг үгүйсгэж байна. Энэхүү бүлэгт хамрагдаж буй хүмүүс өрсөлдөөний нөхцөлд дасан зохицож чадахгүй, өөртөө хариуцлага авахаас зайлсхийж, хамт олны ивээлд орохыг эрмэлздэг.
1960-aад оны дунд үеэс Германд өөрсдийгөө халамжлуулах сонирхолтой хүмүүсийн тоо өсч хийж бүтээхийг эрмэлздэг цөөнхөд хамаарах хүний тоо улам бүр буурсаар байна. Энэхүү бодит асуудлыг үгүйсгэж өөрчлөлт хийхээс зайлсхийснээр түүнийг шийдвэрлэхгүй билээ. Манай нийгмийн хөгжлийн явцад шалгарсан хөгжлийн тулгуурууд хийгээд үнэт зүйлсийг золиослох нь асуудлын шийдэл биш юм.
Бодит үнэн энэ хоёрын зааг дээр оршино: Гадаад нөхцөл байдлыг бид нэгэнт өөрчилж чадахгүй учраас нийгмийн тогтолцооны эдийн засгийн үндэс суурийг шинээр эмхлэн байгуулах тухай л ярьж болох юм. Эдийн засгийн хөгжил дэвшлийг сааруулах зүйл байгаагүй нөхцөлд зуун хувийн нийгмийн баталгааг хангаж аливаа эрсдэлээс зайлсхийх боломжтой байв. Эдгээр нь эдүгээ харин манай нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн хөгжлийг сэтгэл зүйн талаас нь боймлох хүлээс болж байна. Зөвөөр ойлгож чадсан элбэг хангалуун нийгмийн тухай үзэл баримтлал ёсоор хүн нэг бүр өөр өөрийн чухал үүрэгтэй. Хувь хүний өөртеө хүлээн авсан хариуцлага ба идэвхтэй оролцоо нь зузаатгах ёстой нийгмийн капитал юм.
Танихгүй орчинд замын уулзвар дээр зогсож буй хүн зүг чигээ тодорхойлохын тулд луужин гартаа авах нь зүйн хэрэг. Бидний үйл ажиллагааг тодорхойлдог үнэт зүйлс, хандлага, үзэл бодол нь энэхүү луужин нь болж өгдөг билээ.
Нөхцөл байдлыг судалж, бодит байдалтай тулах чадвартай болсон нөхцөлд л хүн амын зүгээс нийгмийг өөрчлөн шинэчлэх үйлст хувь нэмрээ оруулах эрмэлзэл нь өснө.
Улс төрчид бид нийтийн сайн сайхныг бодож байх үүрэгтэй.
Усан онгоцны замыг өөрчилж шинэ чиглэл рүү залахад илүү хүч, тодруулбал дийлэнх олонхийн хүсэл зориг шаардлагатай.