Ph.D Б. Намсрай
/Доктор, Профессор/
Шинэ толь №22, 1998
Түлхүүр үг: Дунд давхарга, эдийн засгийн трансформаци, зорилтот бодлого
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Бие даасан дунд давхарга, тухайлбал, гар урлал, жижиглэн худалдаа, бөөний худалдааны зарим хэсэг, чөлөөт мэргэжил, боловсруулах эдийн засгийн жижиг дунд үйлдвэр, түүнчлэн үйлчилгээ зэрэгт чиглэсэн бодлого өнөөдрийн Монголын нөхцөлд үгүйлэгдэж, ямар нэгэн хэмжээгээр байлаа гэхэд тун учир дутагдалтай байна. Ийм бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө өнөөгийн Монголын трансформацийн үйл явц, бодлогод дүн шинжилгээ хийж, түүний ашиг тус нь юу байсан, зардал хохирол нь юу байсан бэ гэдгийг тодруулах нь зүйтэй юм.
Зардал хохирлын хувьд гэвэл бодитойгоор тогтоож болох, материаллаг, тоогоор хэмжигдэх бодит орлогын бууралт, эд хөрөнгийн алдагдал сүйтгэл байж болно, материаллаг бус, тоогоор хэмжиж үл болох ажилгүйдэл, түүнээс учрах сэтгэл санааны дарамт, ядуурал, статусаа алдах, субъектив байдлаар мэдрэгдэх баталгаатай бус байдал, статусаа алдахаас айх гэх мэтийн олон төрлийн хохирол зардал буюу алдагдлыг судалж шинжлэх нь зүйтэй юм.
Ашиг тус хожоотой зүйл гэвэл мөн зарим хэсгийн орлого нэмэгдсэн, амьжиргаа сайжирсан, ажлын цаг хорогдсон зэрэг материаллаг, тоогоор хэмжиж болох зүйл, түүнчлэн оочерлож дугаарлахгүй, чанартай зүйл хэрэглэх, оролцооны боломж, хувь хүний эрх чөлөө нэмэгдсэн зэрэг материаллаг бус тоогоор хэмжиж үл болох үнэмлэхүй хонжооны зэрэгцээ өөрийн аж амьдралаа зохиох орон зай өргөжсөн зэрэг субъектив байдлаар мэдрэх харьцангуй ашиг тустай чанар байж болох юм.
Трансформацийн үйл явцын үеийн зардал, ашиг тусын зөрөөг зурагт гаргасан байдлаар харуулж болох юм.
Ядуурал, ажилгүйдэл нь бодит үзэгдэл төдийгүй, аюул занал учруулах хэмжээнд тулж ирээд байгаа нь миттелштанд буюу дунд давхаргын бодлогыг стратегийн түвшинд тавих зайлшгүй шаардлага бий болгож байна. Түүнчлэн дунд давхаргыг байнга дэмжих шаардлага нь жижиг дунд бизнес нь ерөөсөө өөрийн хэмжээнээс шалтгаалан хэд хэдэн сул талтай байдаг, диверсификацийн боломж хязгаарлагдмал учраас зах зээлийн өөрчлөлтөнд аргагүй зохицож чаддаг байх ёстой, Конъюнктурын хэлбэлзэлд өртөмтгий, манай өнөөдрийн хувьд тэр тусмаа хямралын уршиг дагаварт хүн амын олонхи нь өртөж, дундчуул маань ядуу хэсэгт олноороо шилжиж байгаа, техникийн дэвшлийг хэрэгжүүлэх явдал бэрхшээлтэй, өөрийн капитал бага, капиталын зах зээлд хүрэх боломж хязгаарлагдмал учраас санхүүжилтын асуудал бэрхшээлтэй зэрэгтэй холбоотой. Зах зээлийн эдийн засгийг баримжаалсан дунд давхрагыг дэмжих бодлого нь субсидиар дэмжлэг болон өөрөө өөртөө туслах зарчмыг иш үндэс болгодог.
Чингэхлээр дунд давхаргыг дэмжихийн гол зорилго нь жижиг дунд бизнесийн оршин тогтнох, өрсөлдөх чадварыг хангах, түүнчлэн дунд давхаргын эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтцийн өөрчлөлт, трансформацийн үйл явцад зохицох явдлыг хөнгөвчлөхөд оршино.
Дунд давхаргын дэмжлэгийг зөөн явагч нь эдийн засгийн асуудал эрхэлсэн яамд, шинжлэх ухаан, судалгаа, технологийн төрийн байгууллагууд, урт хугацааны буюу хөрөнгө оруулалтын зээл олгодог банк, өрсөлдөөнийг дэмжиж, монополийг хязгаарлагч байгууллага (Өрсөлдөөний хуулийн шинэ өөрчлөлт, нэмэлтээр Монголд ийм байгууллага бий болох нь дамжиггүй), орон нутгийн түвшний эдийн засгийг дэмжигч байгууллага, нийгэмлэгүүд, түүнчлэн сонирхлыг төлөөлсөн байгууллага байдаг туршлага буй.
Дунд давхаргыг дэмжих бодлого, стратегийн үүрэг зорилтын талбар нь санхүүгийн тусламж, бүтээмж дээшлүүлэх арга хэмжээ, жишээлбэл, рационалчилж оновчтой болгох судалгаа, боловсруулалт, шинэчлэл, мэдээлэл болон зөвлөгөө өгөх, сургалт мэргэжил дээшлүүлэх газар барьж байгуулах, хүмүүсийг сургах, өрсөлдөөний эрх зүйн ерөнхий нөхцлийг сайжруулах зэрэг талбар байна. Түүнээс гадна дунд давхаргын татварын ачааллыг багасгах, бие дааж ажиллагсдын тэтгэврийг баталгаажуулах, түүнчлэн нийтийн үүрэг зорилт хэрэгжүүлэх захиалга өгөхөд харгалзах зэрэг нь ач холбогдолтой.
Ингэж авсан арга хэмжээний үр нөлөөний талаар шүүмжлэл маргаан байдаг боловч тухайлбал тогтолцоогоо үндсээр нь өөрчилж буй Монгол орны хувьд, ер нь нийгмийн тогтвортой байдлыг хангах нэгэн чухал стратеги зорилт байж болох юм. Ниргэсэн хойно хашгирав гэгчээр Нэгэнт ядуурсан хойно бус, харин ядуу байдлыг сэрэмжилсэн бодлого, ядуу хүмүүсийг дээш нь татаж байдаг бодлого бол дунд давхаргыг дэмжих бодлого болно.