Д.Загджав
/Доктор/
Шинэ толь №39, 2002
Түлхүүр үг: Улс төрийн оролцоо, Сонгууль, Ардчилал, Иргэдийн оролцоо, Иргэний нийгэм
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Монголчуудын улс төрийн оролцоо нь төр улсын түүхийн бүхий л үед өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор хөгжиж ирсэн байна. Энэ явцад төр ёсны уламжлал, ард иргэдийн ёс заншил, зан үйл, төрийн хууль цаазаар дамжиж түүний дэвшилт өв сан уламжлагдахын зэрэгцээ шинэчлэгдэж байв. Энэ нь дорно дахины нийгмийн өвөрмөц онцлогийг тусгаж байсан бөгөөд чухамдаа орчин үеийн ардчилсан улс төрийн оролцоотой төдийлөн адилгүй байжээ. Гэхдээ төр ёсны 2000 гаруй жилд хуримтлагдаж бий болсон тэр л өв сан монголчууд орчин үеийн улс төрийн оролцооны ардчилсан хэлбэрт суралцах үндэсний суурь дэвсгэр нь болж өгсөн билээ.
1921-1924 онд бий болж анхны Үндсэн хуулиар баталгаажсан Монголын нийгмийн төрийн байгууллын бүтэц, үйл ажиллагаанд нийгмийн өөрчлөлт хөгжлийг дагаж зарим тодорхой өөрчлөлт гарч байсан хэдий ч зарчмын шинжтэй цогцолбор өөрчлөлт хийгдэлгүйгээр 1990-ээд онтой золгосон билээ. Энэ талаар судалгаа хийсэн эрдэмтдийн бүтээлд дэвшигдсэн санаа дүгнэлтүүд болон өөрийн ажлын үр дүнг үндэслэн өнгөрсөн 70-аад жилд Монгол улсын төрийн байгууллын төлөвшил ба иргэдийн улс төрийн оролцооны харилцан хамаарлын асуудал дараахь өвөрмөц онцлогтойгоор хэрэгжсэн гэж үзэж байна.
Иргэдийн улс төрийн оролцооны гол хэлбэр болсон сонгуулийн тогтолцоонд оруулсан хоёрч удаагийн (1950, 1960) өөрчлөлт нь нэг талаас, сонгуулийн ардчиллын дэлхийн жишгийг хэлбэрийн хувьд бий болгож, хэрэгжүүлэх шинжтэй байсан боловч, нөгөө талаас, аажим аажмаар нийгмийн улс төрийн амьдралд нөлөөгөө бэхжүүлж, улмаар хуваарьгүй ноёрхох болсон улс төрийн авторитар болон тоталитар дэглэм, нэг намын ноёрхолыг баталгаажуулахад чиглэгдсэн агуулгын шинжтэй гажуудлыг бий болгож байсан юм.
Иргэдийн улс төрийн оролцоо, юуны өмнө сонгуулийн ардчиллын хөгжилд улс орны амьдралын томоохон үйл явдлууд, төрийн бодлого, улс төрийн томоохон хүн, удирдах зүтгэлтэн, тэдний үзэл бодол, үйл ажиллагаа бодит нөлөө үзүүлж байв. Тухайлбал, манай түүхэнд “баруунтан”, “зүүнтэн” гэж нэрлэгдсэн үйл явдлууд, 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлт, нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг тэмцсэн арга хэмжээ, “сэхээтний төөрөгдлийн” үеийн зарим үйл явдал зэрэг нь улс төрийн оролцоо, сонгуулийн ардчилалд ямар нэг хэлбэрээр нөлөөлж байлаа.
Иргэдийн улс төрийн оролцооны нэг чухал хэлбэр болсон жагсаал, цуглааны хэлбэр чухам энэ үед бий болж хөгжсөн нь ардчилсан үйл явцын нэг чухал ололт байлаа. Бүр 20-иод оны эхэн үед бошгыг халах залуучуудын зохион байгуулж байсан ганц нэг цуглаанаас бусад 1990 оныг хүртэлх бараг бүх жагсаал, цуглаан нь зөвхөн тухайн үеийн төр засгийн бодлогыг дэмжих зорилготойгоор их төлөв баяр ёслолын арга хэмжээний улс төр, үзэл суртлын зорилгоор зориуд хэлбэрдэн зохион байгуулж байсны тодорхой нэг илрэл мөн.
Иргэдийн улс төрийн оролцооны ардчилсан хэлбэрийн нэг болсон эвлэлдэн нэгдэх эрх чөлөө Монголд мөн л энэ үед бий болж, анхны улс төрийн нам, үйлдвэрчний болон залуучуудын, урлагийн, биеийн тамир спортын, хоршооллын зэрэг хэлбэрээр олон нийтийн байгууллагууд үүсч хөгжжээ. Эдгээр байгууллагууд, түүнд эвлэлдэн нэгдсэн гишүүд нь өөрсдийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлж, төр засгийн бодлогод тусгах үйлсэд болон иргэний улс төрийн оролцооны ардчилсан хэлбэр төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хэдий тийм боловч дурьдсан байгууллагууд эрх баригч улс төрийн нам, түүний улс төр, үзэл суртлын нөлөөнд тухайн нийгмийн тогтолцоог хамгаалан бэхжүүлэх зорилгод үйлчилж байсан нь тодорхой.
Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол иргэдийн улс төрийн оролцооны хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйлийн нэг мөн. Энэ эрх чөлөө, түүнийг ханган хэрэгжүүлэх бодит үйл ажиллагаа чухамдаа социалист гэгдэх нийгмийн жилүүдэд өрнөсөн юм. “Нийслэл хүрээний сонин бичиг”, “Монголын үнэн” сониноос эхэлсэн монголын сонин хэвлэл, тэдгээрийн нийтлэл, радио телевизээр болон хурал цуглаанд оролцож санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан дэг ёс төлөвшиж хөгжсөн явдал монголын иргэдийн улс төрийн оролцоо идэвхжихэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.
Төр, засгийн төлөөлөгчид, албан тушаалтанд тодорхой асуудлаар шийдвэр гаргахад нь нөлөө үзүүлэх оролдлого бол иргэдийн улс төрийн оролцооны нэгэн өвөрмөц хэлбэр билээ. Энэ бол аль ч ард түмний хувьд төрт ёсны түүхэн уламжлалынх нь салшгүй хэсэг болж байдаг зүйл. Энд ардчилсан ба ардчилсан бус хоёр механизм үйлчилдэг. Монгол төрт ёсны уламжлалд ч энэ үзэгдэл байсан. Өнгөрсөн хугацаанд өргөдөл бичих, мэдээлэл хийж саналаа илэрхийлэх, албан тушаалтантай албан ёсоор уулзаж ярилцах, хөдөлмөрчдийн санал гомдлыг судалж барагдуулах зэрэг иргэдийн оролцооны ардчилсан хэлбэрүүд төлөвшин хөгжсөн болно.
***
1980, 90 оны зааг үеэс манайд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн явц, үр дүнгээр иргэдийн улс төрийн оролцооны орчин үеийн ардчилсан хэлбэрүүд сонгодог утгаараа хэрэгжих өргөн бололцоо нээгдэв. Өөрчлөлтийн эхэн үед хөдөлмөрчдийн улс төрийн өндөр идэвхжилд түшиглэсэн оролцооны конвенциал бус хэлбэрүүд давамгайлж байсан бол 1990-ээд оны дунд үеэс эхлэн конвенциал хэлбэрийн оролцоонууд зонхилох болсон билээ. Өнөөдөр Монгол улсад иргэдийн улс төрийн оролцооны орчин үеийн ардчилсан хэлбэрүүд нэлээд сонирхолтой байдлаар төлөвшиж байна. Ийм хэлбэрүүд нь а/ Бүх шатны ардчилсан сонгуульд оролцож, эрх ашиг, сонирхлынхоо төлөөллийг төрийн байгууллагуудад бий болгох, б/ Итгэл үнэмшил, үзэл бодол, эрх ашгаа дагаж улс төрийн намаас эхлээд төрийн бус байгууллага, сонирхлын бусад бүлгүүдэд эвлэлдэн нэгдэж улс төрийн амьдралд хуулийн дагуу оролцох, в/ Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад сонгох, сонгогдох замаар нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх, г/ Төр, засгийн байгууллагын албан тушаалтнуудын шийдвэр гаргах үйл ажиллагаанд ардчилсан хууль тогтоомжийн дагуу нөлөө үзүүлэх, д/ Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж төр засгийн шийдвэр гаргахад нөлөөлөх зэргийг дурьдаж болно.
Нийгмийн улс төрийн амьдралын хүрээнд ардчилсан үйл явц өрнөж, тогтолцооны өөрчлөлт хэрэгжих бодит хөрс суурь үндсэн хүчин зүйл нь иргэдийн улс төрийн оролцооны өндөр идэвхжил байлаа. Чухамхүү иргэдийн улс төрийн оролцоог бодит үр дүн болж, өнгөрсөн хугацаанд: а/ Монгол ардчиллын бодит баталгаа болсон олон намын тогтолцоо бүрэлдэн хөгжиж, өөрөө улс төрийн оролцоог бүх хэлбэрээр идэвхжүүлэх нэг чухал хүчин зүйл боллоо. б/ Шинэ Үндсэн хууль батлагдан түүний үзэл баримтлалын дагуу улс төр ардчилсан тогтолцоо төлөвшин хөгжиж байгаа нь иргэдийн төрийн оролцоо ардчилсан дэг хаяг, бүтэц бүрэлдэхүүнтэй өрнөх гол нөхцөлийг бүрдүүлэв. в/ Сонгуулийн ардчиллын орчин үеийн зарчим, хэлбэрүүд хөгжиж улс төрийн амьдралд иргэн бүр идэвхтэй оролцох хамгийн түгээмэл хэлбэр болон төлөвшлөө. г/ Хүний эрх баталгаатай хангагдаж үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуульч баталгаажуулснаар улс төрийн оролцоо хоосон тунхаглал би бодит үйл хэрэг болж хэвшиж байна. д/ Иргэний нийгми хөгжлийн гол хүчин зүйл болсон төрийн бус байгууллар олноор байгуулагдан иргэдийн улс төрийн оролцооr ашиг сонирхлын бүлгүүдийн нийтлэг зорилгын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх үндсэн хэлбэр болж зүгшрээд байна.
Энэ бүх бодит үр дүнг нэгтгэж үзвэл Монгол улсад улс төрийн тогтолцооны цоо шинэ хэв маяг, төрийн байгууллагын цоо шинэ хэлбэр бүрэлдэн төлөвшиж байна гэсэн үг юм.
Ардчилсан хөгжлийн жилүүдийн зөрчил бэрхшээл, туршлага сургамжийн аль аль нь өмнөх нийгмийн тогтолцооноос бидний үед өвлөгдөж ирсэн зүйлүүдтэй холбоотой байв. Үүнийг юуны өмнө манай оронд нийгмийн хэмжээнд хамгийн хурц бөгөөд содон илэрч буй хэд хэдэн томоохон багц зөрчил байгаа бөгөөд тэр нь иргэдийн улс төрийн оролцооны тулгамдсан зорилтыг дэвшүүлэн гаргаж байгаа төдийгүй түүний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байгаа болно.
Нэгдүгээрт, улс төр, үзэл суртлын амьдралын хүрээнд бол хэт үзэл сурталжилт ба үзэл сурталгүйжилтийн хооронд, зохиомол улс төржилт ба бодит улс төржилтийн хооронд өвөрмөц маягийн зөрчлийн сүлжээ бий болж хэрэг дээрээ сүүлийн 10 жилийн турш өрнөж байна. Энэ зөрчил өнөөгийн иргэдийн улс төрийн оролцооны бараг бүх хэлбэрээр дамжин тодорхой илэрч байгаа бөгөөд цаашдаа тэдгээрийн хөгжлийн ерөнхий хандлагыг тодорхойлох учир холбогдолтой байна. Тухайлбал, УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулиудын дараа зөвхөн улс төрийн албан тушаалтан төдийгүй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалтнууд олноороо халагдаж, солигдож байгаа үйл явц бол энэ зөрчлийн нэг тодорхой илрэл мөн. Үүнийг дагаад иргэдийн улс төрийн оролцооны шинэ хэлбэрүүд, жишээлбэл, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд өргөдөл гарган заргалдах явдал ихээхэн гарах болов. Цаашдаа иргэдийн оролцооны энэ хэлбэр нэлээд идэвхжих төлөвтэй байна.
Хоёрдугаарт, хүмүүсийн амьдралын хэв маягийн өөрчлөлтийн хүрээнд, нэг талаас, бүх төрлийн хэрэгцээ, хэрэглээний бүтцэд гарч буй зарчмын шинжтэй өөрчлөлт, нөгөө талаас, тэдгээрийн хангах арга хэлбэр, нийгмийн үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн түвшний хооронд багц зөрчил бий болж, зах зээлийн нийгмийн тогтолцооны төлөвшлийн шинж байдлыг тодорхойлж байна. Энэ зөрчил гол төлөв иргэдийн амьдрал ахуйн анхдагч хэрэглээ, хэрэгцээг хөндөж байгаа болохоор тэдний улс төрийн оролцооны хамгийн олон хэлбэрийн агуулгыг тодорхойлох шинжтэй байгаа гэж үзэж болно. Нэгэнт манай иргэдийн тодорхой хэсгийн хэрэгцээ, хэрэглээнд бодитой ороод ирчихсэн шинэ зүйлүүдийг (суудлын авто машин, гар утас гэх мэт) хүн амын дийлэнхи хэсэг нь авч хэрэглэх санхүүгийн боломжгүй байгаа нь тодорхой зүйл. Үүнээс үүдээн орлого, цалин, тэтгэвэр тэтгэмж, татвар хураамж зэргийг тойрсон хурц асуудлууд үүсч, тэр нь иргэдийн улс төрийн оролцооны агуулгад голлох байр суурь эзлэх хандлага ажиглагдаж байна.
Гуравдугаарт, хүмүүсийн амьдрах арга ухаан, сэтгэлгээний хэв загварын хүрээнд, нэг талаас, өнгөрсөн нийгмээс өвлөсөн зуршмал шинжүүд, нөгөө талаас, шинээр төлөвшиж буй нийгмийн шаардлагын хооронд нарийн түвэгтэй багц зөрчил бий болж үргэлжилсээр байна. Энэ зөрчил хүн амын боловсрол, мэдлэг, мэдээллийн түвшинг ямар нэг хэмжээгээр тусгаж байгаа боловч бас бодит утга учиртай байгаа юм. Иргэдийн зарим хэсгийн дунд бүхнийг төрөөс шаардаж, төрд ялархах сэтгэлгээ хэвээр байхад, нөгөө хэсэгт нь төр бидний амьдралд хэт оролцлоо бид өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийднэ гэсэн хэт анархи маягийн сэтгэлгээ зонхилох байдал үргэлжилж болзошгүй байна.
Дөрөвдүгээрт, соёл иргэншлийн хүрээнд, нэг талаас нүүдлийн соёл иргэншлийн уламжлалыг хадгалсан хөдөөгийн амьдралын хэв маяг, нөгөө талаас, суурин соёл иргэншлийн шинэ төлөв байдлыг илэрхийлсэн хотын амьдралын хэв маягийн хооронд өвөрмөц маягийн багц зөрчил үүсч, шийдлээ хүлээсээр байна.
Хөдөөгийн иргэдийн ахуй амьдралын нөхцөл хотынхоос ихээхэн ялгаатай байгаагаас хамаарч хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж байгаа нь энэ зөрчлийн бодит илрэл юм. Энэ багц зөрчил манай иргэдийн улс төрийн оролцооны олон хэлбэрт янз бүрийн байдлаар тусгагдаж, тэдгээрийн цаашдын хөгжилд нөлөөлөх хандлага хүчтэй болж байна.
Ардчилал, иргэдийн улс төрийн оролцооны эдгээр чиг хандлагыг нарийвчлан судлах явдал улс төрийн шинжлэх ухааны анхаарлын төвд байх ёстой гэж үзэж байгаа болно.
Хянасан: Б. АРИУНБАЯР