Г. Совд
/Хууль Зүйн ухааны доктор, Үндсэн хуулийн Цэцийн дарга/
Шинэ толь №3, 1994
Түлхүүр үг: Эрүүгийн бодлого, криминологи, эрх зүй, улс төрийн бодлого, эрүүгийн эрх зүй, төрийн албадлага, ленальцаци, деланальцаци
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Монгол Улсад ардчилсан өөрчлөлтийн үр дүнд нийгмийн хөгжлийн түгээмэл харилцаанд шилжиж байгаа шилжилт нь тус орны эдийн засаг, улс төр, нийгэм, оюун санааны бүх хүрээг байгаа тул эрүүгийн эрх зүйн бодлого ч нэгэн адил хамаарагдах болсон нь тодорхой. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт зөвхөн тооны хувьд өсөөд байгаа төдийгүй түүний нийгэмд аюултай шинж чанар нь ихсэж олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа явдал энэ байдлыг гэрчилж байна. Үүнтэй холбогдож нийгмийн харилцааны цаашдын хөгжлийн бодит зүй тогтлыг нарийвчлан шинжлэх ухааны үндэстэй аль болох зөвөөр тодорхойлж гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн үр нөлөөтэй тодорхой үзэл баримтлалыг боловсруулах зорилт дэвшигдэн гарч байна.
Шилжилтийн үеийн агуулга нь ардчиллын улам хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, өмчийн болон олон хэлбэрийн тэгш эрхийг баталгаатай хангах, зах зээлийн шинэ харилцаа, гадаад харилцааны харилцан ашигтай эрх тэгш нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн харилцаанд хууль зүйт төрийг бүрдүүлэх, олон намын тогтолцоо үйлчлэх зэрэг олон зүйл харилцаа үүсэж нийгэм бүхэлдээ өөрөө хөгжил дэвшлийн шугамаар хөдөлгөөнд орох болсонд оршино. Ийм нөхцөлд хуучин шинэ хоёрын зөрчлөөс гадна шинээр буй дэвшилтэт үзэгдэл, үйл явцыг дагалдан нийгмийн сөрөг үзэгдлүүд ч үүсэн гарах болно. Энэ бүгд нь улс үндэстэний аюулгүй байдал, ард түмний нийтлэг ашиг сонирхолын үүднээс гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хэрэгслийн нэг дорвитой хэсэг болсон эрүүгийн бодлогын уламжлал шинэчлэлийн харьцааг тодорхойлох шинэ зорилт эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны өмнө тавигдсан байна.
Монгол улс төрт ёсны олон зуун жилийн уламжлалтай тул эрүүгийн бодлогын хувьд төрийн хөгжлийн зохих үе шатуудтай зохицсон түүхэн уламжлалтай билээ. Иймд эрүүгийн бодлогыг шинэчлэхэд түүний уламжлалын юунаас татгалзах, юуг нь хүлээн зөвшөөрөх, ямар шинэчлэл хийх асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй юм.
Орчин үед манай эрүүгийн эрх зүйн онолын шинэ үзэл баримтлалыг боловсруулахад юуны өмнө 1960 онд хуулийн байгууллагын ажилтан нарын улсын зөвөлгөөн дээр, “Хөдөө аж ахуйг хоршоолох ажлыг амжилттай шийдвэрлэж, үйлдвэрийн багаж хэрэгсэл дээр дан ганц социалист өмчийн харилцаа ноёрхох болсноор манай оронд гэмт хэрэг үүсэж гарах нийгмийн эдийн засгийн үндэс устсан… ийм нөхцөлд төрлийн гэмт хэргийг үхрийн мялзан, ямааны годрон зэрэг өвчнийг устгасны нэгэн адил тодорхой хугацаанд устгах тухай” Ю.Цэдэнбалын заалт МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1960 оны 170 дугаар тогтоолоор бэхжүүлэгдэж улс төрийн удирдамж болж байсан субъектив мөрөөдлийн хор уршгийг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг гагцхүү хатуу чанга хуулийн хүчээр, хүнд хэлбэр, төрлийн ял оногдуулах замаар шийдвэрлэж болох тухай үзэл баримтлал, хуулийг хэрэглэх ажиллагаанд эрүүгийн хуулийн заалтаас гадна намын улс төрийн бодлого гэж хуулиас илүү хүч чадалтай тусгай зүйл байдаг мэт ойлголт үзэл баримтлалаас бүрэн татгалзах ёстой. Чухамхүү дээрх заалтаас болж эрүүгийн эрх зүй, криминологийн шинжлэх ухааны сэтгэлгээ үзэл сурталжиж, улс төржсөн бодлогод хязгаарлагдаж царцанг хэв загварт хүлэгдэж байлаа. Түүнчлэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооноос 1963 онд хуулийн байгууллагуудын ажлын талаар гаргасан 169 дүгээр тогтоолд социалист хуулийн энэрэнгүй зарчмын агуулга нь элдэв зөрчил гаргагчидад хатуу цээрлэл үзүүлж, түүнд зөрчигдсөн эрх ашгийг хайрлан хамгаалахаарр илэрхийлэгддэг гэж заасан явдал бол хууль хэрэглэх үйл ажиллагааны энэрэнгүй зарчмыг хүнээс хэт хөндийүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай үйл ажиллагаанаас хохирсон нийгмийн харилцааг энэрэн хамгаалахад чиглүүлэх туйлширсан өрөөсгөл хандлага буй болгож, эрүүгийн эрх зүй, криминологийн судалгаанд болон хуулийн байгууллагын практикт тодорхой хүний хувь заяаг шийдвэрлэх асуудалд бодитой хандах сэтгэлгээг зарим талаар хязгаарлаж ноцтой алдаа гаргахад нөлөөлж байсан юм.
МАХН-ын Төв Хорооноос 1983 онд гаргасан хуулийн байгууллагын зарим ажилтан нараас социалист хууль ёсыг ноцтой зөрчсөн тухай 316 дугаар тогтоолын заалтаар шүүхүүдээс эрүүгийн тодорхой гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ болон гэм буруутай этгээдийн хувийн шинж байдлаас болж хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан гэмт этгээдэд оногдуулсан ялаа тэнсэх, эсхүл хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур буюу өөр төрлийн хөнгөн ял оногдуулж болох талаар шүүхэд эрүүгиин хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарласан явдал бол шүүн таслах эрхийг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны хараат байдлыг улам лавшруулж хуулийг хэрэглэх практикт төдийгүй онолын сэтгэлгээнд хүртэл шууд нөлөөлж байсан нь нууц биш билээ. Жишээ нь, “Эрх зүйг хэрэглэхдээ хууль дүрмийн заалтаас гадна намын улс төрийн бодлого, чиглэлийг ямагт нарийн баримталж хамгийн хатуу үндэслэлээ болгох ёстой. Улс төрийн бодлого бол эрх зүйг хэрэглэх үйл ажиллагааны арга зүй, зарчмын гол суурь бөгөөд эарим тохиолдолд тодорхой асуудлыг шийдэх, зохицуулах шууд үндэслэл ч болж болно” гэж хууль зүйн ухааны дэд доктор Л. Ренчин бичиж байлаа. Ийм үзэл баримтлал нь нэгдүгээрт, эрх зүй гэдэг ойлголтын объөктив зүй тогтолт чанарыг хүлээн зөвшөөрөх асуудлыг түүний илэрхийлэл болж байгаа эрх зүйн хэм хэмжээ гэдэг субъектив ойлголттой адилтган үзсэн нь танин мэдэхүйн хувьд зөрчилтэй болсон байна. Хууль хэрэглэх үйл ажиллагаа бол эрх зүйн хэм хэмжээгээр өргөмжлөгдөн гарч ирсэн субъектив ойлголтын тодорхой илэрхийлэл болсон хуулийн заалтыг амьдралд хэрэглэх асуудал байдаг. Хоёрдугаарт, манай орны улс төрийн системд МАХН-ыг нийгмийн амьдралыг бүхэлд нь удирдан чиглүүлэгч цорын ганц хүч гэж Үндсэн хуулийн хэмжээнд хуульчлан бэхжүүлж байсантай холбоотой намын бодлого гэдгээр түрий барьж, зарим удирдах албан тушаалтан дур зоргоороо аашилж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, дарамт шахалт үзүүлж байсны хор нөлөө хууль зүйн шинжлэх ухааны онолын сэтгэлгээний чөлөөт байдлыг алдагдуулахад хүргэсэн юм.
Ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болж нийгмийн тодорхой харилцааг зохицуулахын тулд хуульчилсан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд улс төрийн үзэл бодлоор нэгдсэн цөөн бүлгийн цаг үөийн бодлогод захируулах нь хууль ёсыг тогтворгүй болгож завхрал гаргахад хүргэхээс өөр үр дагавар авчирдаггүйг манай орны улс төрийн амьдралд тохиолдсон гажуудлын түүхэн сургамж нотолж өгсөн билээ. Иргэний ардчилал, олон ургальч үзэл хөгжиж улс төрийн системд олон намын тогтолцоо бүрэлдэн буй болсон нөхцөлд эрх зүйн бодлогыг аль нэг анги, нам, улс төрийн хүчний бодлого, чиглэлийг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас дээгүүрт үзэж үйл ажиллагаандаа нарийн баримталж, эрүүгийн эрх зүйгээр зохицуулдаг асуудлыг шийдэх,зохицуулах шууд үндэслэл болгох нь хууль зүйт төрийг бүрдүүлэх зорилтод үндсээрээ харшлах болно.
Харин эрх зүйн хэм хэмжээг бүтээх үйл ажиллагаанд (хууль болгох) улс төрийн намуудын бодлогын шинжлэх ухааны үзэл баримтлал нь эрх зүй гэдэг ойлголтын зүй тогтолт бодитой оршиж байдаг чанарыг аль болохоор гүнзгий судалж тусгахад танин мэдэхийн чухал ач холбогдолтойг үгүйсгэж болохгүй. Эрүүгийн бодлого нь манай төрөөс авч явуулж байгаа нийгмийн бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд түүний илэрхийлэгдэх хэлбэр нь Үндсэн хуулиас эх авсан эрүүгийн цааз хууль л байх ёстой. Өөрөөр хэлбэл, манай орны бүх ард түмний нийтлэг эрх ашигт нэн хор аюултай гэж үзэх гэмт явдалтай тэмцэхэд тэдний хүсэл зоригийг төрийн бодлогын хэмжээнд өргөмжлөн эрүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр илэрхийлж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогцыг эрүүгийн бодлого гэж үздэг. Гэхдээ эрүүгийн бодлого нь гэмт явдалтай тэмцэх талаар төрөөс явуулж байгаа бодлогыг бүхэлд нь төлөөлж ч бас чаддаггүй. Учир нь гэмт хэрэгтэй тэмцэх бодлого бол өөртөө нийгмийн зохон байгуулалт, эдийн засаг, хүмүүжил, ёс суртахуун болон хууль зүйн олон төрөл зүйлийн арга хэрэгслийг хамарч байж хэрэгжих иж бүрэн ойлголт байх учиртай. Тэгвэл эрүүгийн бодлогыг хэрэгжүүлэх асуудал нь гэмт явдалтай тэмцэхийн тулд эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх явдлыг үндсэн хэрэгслээ болгодог учраас гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын зөвхөн нэг хэсэг байдаг. Иймд эрүүгийн бодлого нь гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогоос явцуу утгатай нарийн мэргэжлийн үзэл баримтлалыг иш үндэс болгодог ухагдахуун юм. Манай эрүүгийн бодлого нь нийгэм, иргэдийн эрх ашгийг гэмт хэргийн халдлагаас хамгаалахын тулд нийгмийн хөгжлийн бодит хуульд тулгуурлан улс олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэх бөгөөд эрүүгийн хуульд заасан төрийн албадлагыг эрүүгийн хариуцлагын (ялын болон ялын бус нөлөөллийн) хэлбэрээр хэрэглэдэг буюу хэрэглэхээр хуульчлан тогтоох аргаар илэрхийлэгддэг.
Гэмт явдалтай тэмцэхийн тулд эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж, хэрэгжүүлдэг төрийн албадлагын бодлогын уламжлал болох зүйлүүдэд юуны өмнө:
- Албадлага хэрэглэх явдлыг нийгмийн харилцааны тухайн салбарын зохицуулах тогтолцооны зайлшгүй шинж гэж үзэх
- Албадлага хэрэглэх явдал бол тухайн харилцааг зохицуулах үндсэн бөгөөд гол хэрэгсэл биш зөвхөн туслах чанарын хэрэгсэл байх
- Албадлагыг юуны өмнө хэрэглэх биш зөвхөн итгүүлж ухамсарлуулах арга хэрэгслээр зохицуулж шийдвэрлэж болохгүйд хүрвэл эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх
- Албадлагыг тухайн тодорхой зорилтыг шийдвэрлэх хэмжээ «хязгаарын» дотор хэрэглэх
- Ямар ч хэлбэртэй байлаа гэсэн хэрэглэж байгаа албадлага нь хүний биө махбодийг зовоож, алдар хүндийг гутаахааргүй байх
- Албадах арга хэмжээний хүрээг аль болохоор хорогдуулж итгүүлэн ухамсарлуулах аргад шилжүүлэх
- Гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлын бүх шийдлийг зөвхөн эрүүгийн цааз хуульд тодорхойлох явдлыг хүлээн зөвшөөрөх үзэл баримтлалууд хамаарна.
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих хууль цаазат төрийн тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх явцад объектив болон субъектив олон зүйл шалтгаан нөхцөлөөс болж нийгмийн харилцаанд оршиж байгаа хоцрогдол, зөрчил, гажуудлаас эрүүгийн эрх зүйн албадлагыг хэрэглэхгүй ангижирч чадахгүй юм. Үүний тулд шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй судалж боловсруулсан эрүүгийн бодлого зайлшгүй хэрэгтэй бөгөөд тэр нь Монгол Улсын эрүүгийн цааз хуулиар хэлбэршиж хэрэгжих учиртай.
Эрүүгийн бодлого эрүүгийн цааз хуулиар илэрхийлэгдэхдээ үйл явдлыг гэмт хэрэгт тооцох, эсэх түүнд хүлээлгэх хариуцлага, эрүүгийн албадлагыг чангаруулах сулруулах хоёр багц чиглэлийг гол үзэл баримтлалаа болгодог.
Үйл явдлыг гэмт хэрэгт тооцох эсэх тухай үзэл баримтлал нь криминальцаци буюу урьд нь гэмт хэрэг гэж үздэггүй байсан үйл явдлыг гэмт хэрэг гэж шинээр хуульчлах, декриминальцаци буюу үйлчилж байсан хуулиар гэмт хэрэг гэж тогтоож байсан үйл явдлыг гэмт хэрэг биш гэж хүлээн зөвшөөрөх хоёр хандлага гардаг. Гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагын асуудлыг шинэчлэхдээ ленальцаци буюу оногдуулах хариуцлагын зарим шинэ төрөл хэлбэрийг буй болгох эсхүл хэмжээ дэглэмийг чангаруулах, деланальцаци буюу үйлчилж байсан хуулиар тогтоосон хариуцлагын зарим хэлбэр, төрлийг хүчингүй болгон устгах, хөнгөрүүлэх хоёр хандлагад анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болдог.
Эрүүгийн бодлогод шинэчлэл хийхэд эдгээр хандлагын аль нэг тал руу хэт туйлширвал ардчилал, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн эрх ашигт нэн хор уршигтай үр дагаврыг буй болгоно.
Учир иймд эрүүгийн цааз хуулийг шинэчлэхэд бодлогын гол хандлагуудыг манай орны эдийн засаг нутаг дэвсгэр, үндэсний зан заншлын уламжлал, онцлог, ардчилал, зах зээлийн харилцааг хөгжүүлэхэд түгээмэл зүй тогтолт үзэгдлийг эрүүгийн цааз хуулиар эохицуулдаг гадаад орнуудын нийтлэг туршлагыг бүтээлчээр хослуулан тусгахад онцгой анхаарах нь зүйтэй.
Орчин үед манай төрийн эрүүгийн бодлогын үндсэн зарчим нь юуны өмнө нийгмийн хор аюулаар их биш гэмт хэргийг анх удаа үйлдсэн болгоомжгүй буюу эндэж хэрэг үйлдсэн хүмүүсийн тухайд аль болох хөнгөн төрөл, хэмжээний ял ногдуулах буюу ялын бус нөлөөллийн арга хэмжээ хэрэглэх, нийгэмд учруулах хор аюул ихтэй хүнд хэрэг үйлдсэн буюу урьдчилан авсан арга хэмжээнээс дүгнэлт хийж засрах төлөвийг олохгүй, дахин давтан санаатай гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдэд хатуу чанга хариуцлага хүлээлгэж хүмүүжүүлэхэд чиглэгдэх ёстой. Үүнийг иш үндэс болгон одоогийн үйлчилж байгаа эрүүгийн цааз хуулийг өөрчлөхөд нийгмийн хөгжлийн шаардлагатай уялдаж түүгээр гэмт хэрэг гэж үзэж байсан ямар үйл явдлууд нийгэмд аюултай шинж чанараа алдаж байгаа ямар төрөл, хэлбэрийн шинэ харилцааг гэмт халдлагаас хамгаалах, хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж засан хүмүүжүүлэхийн тулд чухам ямар арга хэмжээг үр нөлөөтэй гэж үзэх, эрүүгийн цааз хуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий үзэл баримтлалыг юу байх зэрэг цогц асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулахад эрүүгийн бодлогыг төвлөрүүлэх учиртай. Гэмт явдалтай тэмцэхийн тулд нийгэм, иргэдийн нийтлэг хүсэл зоригийг тусгаж манай төрөөс явуулах эрүүгийн бодлого нь эрүүгийн цааз хуулиар нийтээс заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болон өргөмжлөгдөнө.
Монголын эрүүгийн бодлогыг өөрчлөн шинэчлэхэд юуны өмнө эрүүгийн цааз хуулийг боловсронгуй болгоход оршино.
Эрүүгийн цааз хууль нь нийгмийг хамгаалах төрийн бодлогын үүднээс хөгжлийн тодорхой үе шатанд чухам ямар үйл явдлыг нийгэмд аюултай гэмт хэрэг гэж үзэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг засан хүмүүжүүлэхийн тулд түүнд төрийн зүгээс хүлээлгэх хариуцлагын төрөл, хэлбэр хэмжээг хэмжээг тогтоож өгдөг учраас нийгмийн харилцааг бүхэлд нь хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн бодит шаардлагыг элдэв гэмт хэргийн хандлагаас хамгаалахад онцгой ач холбогдол бүхий хэрэгслүүдийн нэг юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар дэвшүүлсэн иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлэх, хангахад гэмт хэргээс урьдчилан сэргийлж түүний халдлагаас хамгаалах, нийгмийн сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд эрүүгийн цааз хуулийн хуучин заалтууд зарим талаар ихээхэн хоцрогдох болсны хамт шинэ шинэ зорилт, шийдвэрлэх асуудал гарч байгаатай холбогдож эрүүгийн цааз хуулийн үүрэг ролийг орчин үед зохицуулан нэн даруй боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа юм. Эл шаардлагын үүднээс Монгол Улсын парламентаас сүүлийн жилүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуульд нэлээд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиуд гаргалаа. Эдгээр хуульд шинэ Үндсэн хуулийн үзэл санааг иш үндэс болгож, эрүүгийн хуулийн зорилт, үндсэн зарчим гэмт хэрэг ялын тухай тодорхойлолт болон өмчийн аливаа хэлбэрийг эрүүгийн цааз хуулиар адил хамгаалах амьдралд үр нөлөө өгөхөө больсон зарим төрлийн ялыг хүчингүй болгох зэрэг тогтоомжуудыг шинэ зорилтод эохицуулан өөрчилсөн байна.
Гэвч нийгмийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөж нэг байгууллаас нөгөөд шилжиж байгаа энэ нөхцөлд эрүүгийн цааз мэтийн аль ч утгаар авч үзсэн том хэмжээний хуулийг бүхэлд нь өөрчлөхгүй, зарим нэг бүлэг зүйл хэсгийн хүрээнд хэсэг бусад нэмэлт, өөрчлөлт оруулах нь хуулийн цоорхой гэгч зүйлийн зарим нэгийг нөхөх боловч ихэнх цоорхойг нь цуцалж бүрэн навсай болгож мэдэх хор уршигтай. Ийм учраас Монгол Улсын эрүүгийн бодлогыг шинэчлэхэд юуны өмнө эрүүгийн цааз хуулийг бүхэлд нь өөрчилж шинээр батлан дагаж мөрдөх шаардлага нэн яаралтай тулгарч байна.
Хянасан: Е. ТЭМҮҮЖИН