ШИНЭ ТОЛЬ №81, 2020
ЦАР ТАХАЛ БА ИРГЭДИЙН СОНГУУЛИЙН ИРЦ, ОРОЛЦООНЫ АСУУДАЛ
The problem of voter turnout in Mongolia’s 2020 parliamentary election
(Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хүрээнд)
С. Номынбаясгалан
МУИС–ийн Хууль зүйн сургуулийн докторант,
хууль зүйн магистр (LL.M)
Товч үгс: Коронавирус (Covid – 19), сонгуулийн тогтолцоо (electoral system), үндсэн хууль (Constitution of Mongolia), нийтийн эрүүл мэнд (public health), Улс төрийн оролцоо (political participation), онц байдал (state emergency).
Товчлол: Энэ нийтлэлийн сэдвийг “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сонгуулийн ирц, оролцооны асуудал” гэж томъёолж, агуулгыг тодорхой үндсэн эрхийн (сонгох, сонгогдох) асуудлаар хязгаарлав.
Abstract: The article is named as the “The problem of voter turnout in Mongolia’s 2020 parliamentary election” and its content is conducted within legal issues on the particular fundamental rights.
- Оршил
Энэ нийтлэл нь Ковид–19 буюу цар тахлын эсрэг тэмцэх хууль зүйн үндэслэлийн талаархи асуудлыг Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн хүрээнд Үндсэн хуулийн, тэр дундаа сонгуулийн эрх зүйн хүрээн дэх зарим (цар тахалтай холбоотой эрсдлээс болгоомжилсон сонгогчид саналаа өгөхгүй байх нөхцөл үүсэх үү, энэ нь сонгуулийн ирцэд төдийгүй сонгох, сонгогдох эрхэд хэрхэн нөлөөлөх вэ, сонгуулийг товлосон цаг хугацаанд нь зохион байгуулах шийдвэр сонгогчдын болон сонгуулийн ажилтнуудын эрүүл мэндэд эрсдэл учруулах уу, эцэст нь цар тахал сонгууль хойшлуулах үндэслэл болох эсэх) ойлголт, агуулгын үүднээс хөндсөн. Ийнхүү цар тахлын тархалт дэлхий нийтийг түгшээж буй энэ цаг үед ээлжит сонгууль товлоод байсан улс орнууд цаг хугацаанд нь сонгуулиа зохион байгуулах уу, эсвэл хойшлуулах уу гэсэн сонголттой тулгарч байсан. Энэ хоёр шийдлийн тэнцвэрийг олоход амаргүй нь ойлгомжтой. Төр, иргэний хоорондын нийгмийн гэрээг гүйцэлдүүлэх нь чухал хэдий ч иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах нөхцөл үүсвэл яах вэ? Санал хураалтын үеэр хүмүүс олноороо цуглах нь зайлшгүй ба үүнээс үүдэн халдварын тархалт нэмэгдэхээс болгоомжлох нь зүй ёсны асуудал боловч үүнийг бусад хүчин зүйлээс чухал гэж үзэх үү гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байв.[1] Энэхүү цар тахлын үер амжилттай сонгууль зохион байгуулах боломжтойг нотлон харуулсан гадаад улсын цөөнгүй (2020 оны 04 дүгээр сарын 15–ны өдөр болсон БНСУ–ын Үндэсний Ассамблейн сонгууль) жишээ бий. Эдгээр улсуудын тоонд “Монгол Улс” зүй ёсоор багтах юм. Тэгэхлээр цар тахлын тархалтын нөхцөлд сонгууль зохион байгуулах шийдвэр гаргахад харгалзах гол шалгуур нь сонгуулийн үйл явц үргэлжлэх хугацаанд халдварын тархалтыг тогтоон хянах чадавхаас[2] хамаарах бөгөөд Монгол Улсын хувьд холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн цар тахлын халдвар тархаагүй (гаднаас дотоодод зөөвөрлөгдсөн тохиолдлыг эс тооцвол) цөөн улсын тоонд орж байна.[3]
Монгол Улс 1992 оноос хойш нийт Улсын Их Хурлын долоон удаагийн ээлжит сонгуулийг зохион байгуулсан бөгөөд 1992 оны сонгуульд сонгуулийн насны иргэдийн 95.6 хувь нь сонгох эрхээ эдэлж байсан бол 20 жилийн дараа (буюу 2012 оны сонгуульд) 67.28 хувь болж огцом буурсан байна. Харин 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн ирц 74.58 хувь болж өмнөх сонгуулиас бага зэрэг өссөн[4] үзүүлэлттэй гарсан байна. Эдгээр сонгуулиуд мажоритар тогтолцоогоор явагдаж ирсний нэг эерэг тал нь “сонгогчид сонголтоо шууд хийх, төрийн түшээгээ шилж сонгох” боломжоор хангагдаж ирсэн[5] хэдий ч иргэдийн сонгуулийн оролцоо харьцангуй буурч (сонгуулийг “үл тоогч” иргэдийн тоо өсөн нэмэгдэх хандлага ажиглагдах болсон) байгаа нь анхаарал татсаар байна.[6] Сонгуулийн ирцийн түвшин ба сонгуулийн тогтолцоо хоорондоо харилцан уялдаа холбоотой.[7] Тэгвэл цар тахлын үеийн буюу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль дахь иргэдийн оролцоо, сонгуулийн ирцийн асуудал, тэр дундаа сонгох эрхийн хэрэгжилт анхаарал татсаар байсан. Энэхүү ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг энэ оны 06 дугаар сарын 24–ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07 цагаас үдшийн 22 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгсөн байна.[8] Энэ талаар зарим судлаач “Сонгуулийн дүнгээр сонгогчдын оролцоо 2012 он хүртэл буурч байсан бол 2016, 2020 онуудад бага зэргийн өсөлт гарав” гэсэн дүгнэлтийг хийжээ.[9] Энэ нь цар тахлын үеийн сонгуульд идэвхтэй оролцсон сонгогчдын хувьд эрүүл мэндэд нь эрсдэлтэй нөхцөлд ч иргэнийхээ үүргээ ухамсарласан болохыг харуулав. Иймд цар тахал ба иргэдийн сонгох, сонгогдох эрхийн харилцан хамаарлын асуудлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулиудын дүнгийн нээлттэй өгөгдлийн сангийн мэдээлэлд[10] үндэслэн эргэцүүллээ. Тиймээс нийтлэлээ ийнхүү нэрлэсний учир энэ билээ.
- Үндсэн асуудал
Монгол Улсын Их Хурал үндсэн хуульд заасан “онцгой” бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 24–ний өдөр явуулахаар товлосон хэдий ч дэлхий нийтэд коронавируст халдварын цар цахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 30–ны өдрийг дуустал сунгасан шийдвэрийг Засгийн газраас гаргав.[11] Ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг баталж, Улсын онцгой комисс болон Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран хэрэгжүүлэхээр болов.[12]
Энэ цар тахлын тархалтын үед сонгуулийг үр дүнтэй зохион байгуулахад зайлшгүй шаардагдах нэг нөхцөл нь сонгогчдын эрүүл мэндэд эрсдэл үүсгэхгүй баталгаатай орчинд санал хураалтыг зохион байгуулахад шаардлагатай хэрэгсэл, бусад нөөцийг хүртээмжтэй байлгах явдал[13] ихээхэн чухал байв. Тиймээс Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд Засгийн газраас сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч, холбогдох зардлыг шийдвэрлэх асуудлыг зохицуулсан.[14] Үүнийг үндэслэн сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай журмыг батлан[15] үр дүнтэй хэрэгжүүлж чадсан байдлыг сонгуулийн үйл явц болон үр дүн нотлон харуулав. Энэ нь цар тахлын онцгой нөхцөлд иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд тэргүүн зэргийн асуудал боловч ардчилал, иргэдийн оролцоо, хувь хүний улс төрийн эрх, эрх чөлөөг хангах зэрэг асуудал чухлаар тавигдаж байгааг харгалзан үзсэн байна.
Ардчиллын хөгжлийн дээд хэлбэр болохын хувьд сонгууль нь аливаа ардчилсан улсын амьдралд чухал үүрэг гүйцэтгэж төрийн эрх мэдлийн төлөөлөгчдийн институтын бүрдэх үйл явцын түлхүүр болдог.[16] Ийнхүү төлөөлөгчдийг сонгох сонгуулийн хамгийн нийтлэг арга хэрэгсэл нь “олонхийн буюу олон тооны” санал авах арга гэж үздэг.[17] Энэ ч үүднээс ардчилсан нийгэмд төрийн эрх мэдлийн хүлээн зөвшөөрөгдөх чанар нь хууль ёсны дагуу ардчилсан сонгуулиар төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар эхэлнэ[18] гэдэгт оршино. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллагын легитим шинжийг тодорхойлох үзүүлэлт нь Улсын Их Хуралд сонгогчдын санал хэр туссан бэ гэдэгт оршино гэсэн үг. Өмнө дурдсанчилан иргэдийн сонгуулийн оролцоо, сонгогчийн ирц өсөж байгаа нь сайшаалтай хэдий ч легитим шинжийн талаас эргэцүүлэн авч үзэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байсаар байна. Энэ талаар “Улсын Их Хурлын сонгуулийн дүн ба сонгогчдын оролцоо, төлөөллийг шинжлэх нь”[19] сэдэвт нийтлэлд “2020 оны ээлжит сонгуулиар 2,003,969 сонгогчийн 3,993,787 саналаас 45.99 хувь нь Улсын Их Хуралд тусгалаа олжээ” хэмээн судлаач Э.Гэрэлт – Од тэмдэглэсэн байна. Энэ нь цаашид анхаарах ёстой асуудал болсныг харуулж байна. Үндсэн хуулийн албан ёсны тайлбарт нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгөх замаар Улсын Их Хурлын гишүүнийг сонгох агуулгаар үндсэн хуульд туссан тухай тэмдэглэсэн[20] ба иргэний санал нь төрийн эрхийг барихад оролцож буй эрх мэдэлд[21] тооцогддог.
Иймд сонгуулийн эцсийн зорилт нь хэн засаглалыг тогтоох явдал юм.[22] Энэ нь ард түмэн үзүүлсэн итгэлээ эгүүлэн татах боломжтой байж, Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудыг сонгуулийн журмаар өөрчлөх бололцоогоор хангагдсан байх учиртай. Энэ утгаар сонгууль бол ард түмний хяналтаа хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл[23] нь болж байна. Үүнийг эргэцүүлж дүгнэх гээд оролдвол хамгийн гол хүчин зүйл нь иргэдийн оролцооны асуудал болов уу. Иргэдийн оролцооны асуудал нь төр иргэн хоёрын харилцааны хүрээний асуудал[24] тул ардчилал иргэдийн оролцоон дээр тогтож байдаг гэж үзэж болох юм. Тэгэхлээр төлөөллийн ардчилал нь сонгууль хоорондох төр болон иргэдийн харилцаанд тулгуурладаг учир иргэдийн оролцооны асуудал гол үндэс[25] болох нь. Иймд ардчилал бол зорилго биш үйл явц учраас ардчиллын тасралтгүй эрч хөдлөлт шинж нь угтаа оролцоогоор хангагдаж байдаг. Тиймээс ардчиллыг иргэдийн оролцоогүйгээр төсөөлшгүй. Иргэдийн оролцоо сул байгаа газар ардчилал үхмэл ёс төдий байх нь жам. Ингэхлээр ардчилал, оролцоо хоёр нь бие биенийгээ харилцан нөхцөлдүүлсэн бодитой үйл явц[26] болж байна. Нөгөө талаар ардчилсан нийгэмд олонхийн хяналтыг “иргэд” хийдэг.[27] Хэдий тийм ч улс төрийн үйл байдлын үл оролцооны хэлбэр нь ямар ч нийгэмд байдаг ба түүний өсөлт нь улс төрийн легитимт шинжийн ноцтой хямрал, үнэт зүйлс, түүний хэм хэмжээний гүнзгий хямралыг илэрхийлж байх[28] нь бий. Тэр дундаа цар тахлын үед улс төрийн оролцооны сөрөг хэлбэр болох “абсентеизм”[29] буюу үл оролцоо (цар тахал ба сонгох эрхийн харилцан хамаарал сөрөг) байж болохыг үгүйсгэх аргагүй.
А. Цар тахал ба сонгох эрхийн харилцан хамаарлын тухай
Өмнөд Солонгосын хувьд “Сонгуульдаа идэвхтэй оролцсон Солонгосын сонгогчдын хувьд эрүүл мэндэд нь эрсдэлтэй цар тахлын хэцүүхэн нөхцөлд ч иргэний үүргээ өндрөөр ухамсарлан биелүүлэх хатуужилтай болохоо батлан харуулав. Санал өгөхөөс зайлсхийж болгоомжлохын оронд харин ч сонгох эрхийнхээ үнэ цэнийг улам мэдрэн сонгуульд олноороо идэвхтэй оролцсон нь цар тахлын эсрэг тэмцэж буй нэг хэлбэр гэж ойлгосон байдал үүнд нөлөөлсөн нь гарцаагүй”[30] гэж бичиж тэмдэглэсэн байна. Үүнээс гадна “Үндэсний Сонгуулийн Хорооноос цар тахлын халдвар авсан хүмүүсийн сонгох эрхийг хангах нэмэлт арга хэмжээ авсан нь эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллага дээр тусгай санал хураах байрууд байгуулж халдвар аван эмчлүүлж буй сонгогчид болон эмнэлгийн ажилтнуудад урьдчилж санал өгөх боломж олгосон явдал”[31] нь хүний эрхийн талаасаа ихээхэн ач холбогдолтой юм. Цар тахлын халдвар авч эмнэлэгт байсан хүмүүст гэрээс буюу шуудангаар санал өгөх хуулийн зохицуулалтыг ашиглах боломж олгосон нь чухал арга хэмжээ болжээ. Энэ нь сонгуулийн ирцэд дорвитой нөлөө үзүүлээгүй байж болох ч цар тахалд нэрвэгдсэн эмзэг нөхцөлд байгаа сонгогчдын сонгох эрхийг хангасан ач холбогдолтой арга хэмжээ[32] гэдэгт тооцогдож байна. Харин Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн ирцийн бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл[33] болон сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо[34] зэргээс аваад үзвэл, цар тахлын эрсдлээс үл хамааран сонгогчдын ирц өндөр байсан нь холбогдох эрх бүхий байгууллагуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгч сонгогчдын оролцоонд өсөлт гарсан байна.
Б. Тусгаарлагдсан сонгогчийн болон эмч, эмнэлгийн ажилтны сонгох эрхийн асуудал
Ардчилсан төр улс сонгуулиар байгуулагддаг гэж үзвэл, ард түмнээс сонгогдон байгуулагдсан байгууллагад хүлээлгэсэн эрх мэдэл нэг талаас сонгуулийн утга учрыг тодорхойлно.[35] Тиймээс сонгуулийн ардчилсан шинж чанар, нийгэм – улс төрийн үр өгөөж, гүйцэтгэх үүрэг нь түүнийг зохицуулан тодорхойлох эрх зүйн зохицуулалтаас багагүй шалтгаална. Эрх зүйн зохицуулалтын улс төрийн агуулга, утга учир нь нийгмийн ямар бүлгийн эсхүл улс төрийн ямар хүчний төлөөлөгчийг хэнээр, хэрхэн, яаж сонгуулах вэ гэдэгт оршино. Иймд төрийн засаглалын эрх мэдэл ард түмний мэдэлд байж ард түмнээс эх үүсэлтэй байдгийн хувьд сонгууль нь мөн ард олны хүсэл зориг, эрх ашгийн илэрхийлэл байх ёстой.[36] Энэ утгаараа төрийг удирдах хэрэгт оролцох эрх, эрх чөлөө нь Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх улс төрийн эрх, эрх чөлөөний гол цөм[37] нь учраас цар тахлын халдварын улмаас тусгаарлагдсан сонгогчийн болон эмч, эмнэлгийн ажилтны улс төрийн эрх, эрх чөлөөг хангах учиртай байсан. Цаашлаад нийтийн эрүүл мэндийг хамгаалах онцгой нөхцөл байдалд тохируулан авсан “сонгох эрхийг хязгаарласан” энэ хатуу арга хэмжээ нь тусгаарлагдсан сонгогчийн улс төрийн эрх чөлөө байдалд зарим талаар сөрөг нөлөө үзүүлэх нь зайлшгүй. Энэ асуудлыг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг бууруулахгүй шийдэх арга замыг эрэлхийлж болно. Цар тахлын үед иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд тэргүүн зэргийн асуудал боловч дээрхи иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангах асуудлыг анхаарч үзэх ёстой байсан болов уу.
В. Цар тахлын эсрэг тэмцэх хууль зүйн үндэслэлийн тухай
Энэхүү коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг “Засгийн газар” онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий хуулийг “бусад улсын” нэгэн адил Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29–ний өдөр баталж, хэрэгжүүлж эхэлсэн байна.[38] Улмаар хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл сонгуулийн асуудлыг хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар зохицуулсан[39] болох нь харагдаж байна.
Энэ халдварт вирусын хариу арга хэмжээ болгож зарим улсад өөрсдийн үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал үүсвэл онц байдлыг зарлах зохицуулалтыг хэрэгжүүлжээ.[40] Товчхондоо цөөн хэдэн үндсэн хуульд “нийгмийн эрүүл мэнд”–ийг үндсэн хуулийн онц байдал зарлах үндэслэл болгон тодорхой заасан байдаг нь өнөөгийн хямралын үед онцгой байдлын бүрэн эрхийг ашиглахад бэрхшээл үүсгэж болзошгүй тухай тэмдэглэсэн байна.[41] Эрх зүйн эх толь бичигт ““онц байдал” гэж тухайн улс орны амьдралд нөлөөлөхүйц онцгой нөхцөл байдал бий болсныг эрх зүйн үүднээс тодорхойлсон нэр томъёо” гэж тэмдэглэсэн[42] бол Үндсэн хуулийн нэр томъёоны дагалга хэмээх (1993) бүтээлд “байгалийн гамшиг, гэнэтийн аюул тохиолдсон буюу үндсэн хуульд тодорхойлсон нийгмийн эмх замбараагүй байдлыг ердийн арга, хэрэгслээр тохинуулах боломжгүй үед улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт ажил, амьдралын онцгой дэглэм тогтоохыг хэлнэ” гэж бичсэн байна.[43] Энэ талаар Үндсэн хуульд тусгаж,[44] холбогдох бусад хууль тогтоомжид дэлгэрүүлэн зохицуулж ирсэн уламжлалтай.[45] Харин Онц байдлын тухай хууль[46] болон Үндсэн хуулийн тайлбар хэмээх (2009) бүтээлд өргөн хүрээнд дэлгэрэнгүй байдлаар тайлбарлан бичсэн байна.[47] Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2019 онд хийсэн судалгааны тайланд энэ талаар дурджээ.[48] Энд “нийгмийн (нийтийн) эрүүл мэнд” гэж тусгагдаагүй боловч “хүн ам”[49]–ын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулсан эсхүл учруулахуйц гэнэтийн бусад аюул тохиолдсон онцгой нөхцөлд онц байдал зарлаж болох тухай хуульчилжээ. Тиймээс нийтийн эрүүл мэндийн[50] тухай ойлголтыг хүн амын эрүүл мэндийн тухай ойлголттой дүйцүүлэн ойлгож, хэлбэр (нэр томъёо) талаас бус харин агуулга талаас нь цар тахлын эсрэг тэмцэх үндсэн хуулийн эрх зүйн үндэслэл нь “онц байдал зарлах” асуудал байсан байж болох юм. Тэгээд ч сонгууль бол үндсэн хуулийн эрх зүйн асуудал[51] учраас цар тахлын эсрэг тэмцэх хууль зүйн үндэслэл нь ээлжит сонгуулийг хойшлуулах үндэслэл байсан байхыг үгүйсгэх аргагүй.
Г. Онц байдлын үед иргэдийн “сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөний хязгаарлалт”–ын тухай
Онц байдлын тухай хуулийн[52] 20 дугаар зүйлд “Улсын нийт нутаг дэвсгэрт онц байдал тогтоосон бол онц байдал дуусгавар болох, эсхүл түүнийг цуцлах хүртэл аливаа сонгууль, ард нийтийн санал асуулга явуулж болохгүй” боловч “Улсын нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт онц байдал тогтоосон бол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль явуулах, эсэх тухай асуудлыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурал шийдвэрлэх” зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ нь онц байдлын төдийгүй цар тахал гэх мэт “бусад” онцгой нөхцөлд аливаа сонгууль явуулах эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй болох нь харагдаж байна. Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон үед Улсын Их Хурал энэ асуудлыг дараалал харгалзахгүй нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх тухай Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан.[53] Энэ хуульд “гамшиг” гэж аюулт үзэгдлийн улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирохыг ойлгох бөгөөд аюулт үзэгдэлд цар тахал зэргийг хамааруулан тодорхойлсон байна. Иймд хууль зүйн үүднээс цар тахал бол гамшиг болох нь.
Д. Цар тахал сонгуулийг хойшлуулах “онцгой нөхцөл” байсан нь
Сонгуулийг хойшлуулах хууль зүйн үндэслэлийг Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд “Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх” тухай зохицуулсан байна. Энэ зүйл заалтын “зэрэг” гэснийг өмнө нь тоочсон цөөн хэдэн онцгой нөхцлүүдээр хязгаарлаж, эсвэл өмнөх хэсэгт дурдсан Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “цар тахал” зэрэг гамшигт онцгой нөхцлөөр өргөтгөн тайлбарлаж болох юм. Хэрэв ийнхүү өргөтгөн тайлбарласан тохиолдолд Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болох байсан.[54] Энэ тохиолдолд Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоож, хуульд заасан онцгой нөхцөл арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 60–аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлах хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна.[55] Хэдий тийм боловч Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “. . . Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэснээс “хойшлуулна” гэж императив буюу үүрэгжүүлсэн байдлаар бус харин сонгуулийг хойшлуулж болно, эсхүл явуулна гэсэн диспозитив шинжтэй хуульчилсан болохыг орхигдуулж болохгүй. Ийнхүү зохицуулсан байдал нь нийгэм, эдийн засагт төдийгүй ээлжит сонгуулийн ирц, иргэдийн оролцоонд шууд бус байдлаар нөлөөлж болно. Сонгуульд оролцох оролцоо нь иргэдийн улс төрийн оролцооны зөвхөн нэг гол хэлбэр төдийгүй иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болох нь тодорхой.[56]
Харин Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлд “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Энэ бол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог бүрдүүлэгч гол зарчим, журам, гишүүний бүрэн эрхийн хугацааг гол шалгуур болгон тодорхойлсон үндэслэл юм. Үүнийг үндсэн хуулийн эрх зүйд сонгуульд “иргэдийн оролцооны зарчим” гэж нэрлэдэг.[57] Цар тахлын үед ээлжит сонгууль явуулах нь иргэдийн сонгуулийн оролцооны зарчмыг алдагдуулах эрсдлийг дагуулж болох байсан. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас[58] бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс буюу 2020 оны 12 дугаар сарын 31–ний өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлэх тухай зохицуулсан. Үүнээс үүдэлтэй хэрэвзээ цар тахлыг үл хайхран ээлжит сонгуулиа товлосон хугацаанд нь зохион байгуулахаар шийдвэрлэсэн нөхцөлд сонгогчдын ирц хангалттай түвшинд хүрэхгүй байх эрсдэлтэй[59] тухай тэмдэглэсэн цөөнгүй нийтлэл бий. Учир нь сонгуульд заавал оролцохыг шаардах замаар сонгогчдын оролцооны асуудлыг шийддэг цөөнгүй улс байдаг бол зарим улс “санал хураалтад сонгогчдыг албадан оролцуулахаас” зарчмын хувьд татгалздаг.[60] Сонгуулийн хууль тогтоомжид энэ хандлагыг баримталж байна.
III. Дүгнэлт
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлосон (2020.06.24) хугацаанд нь зохион байгуулах нь цар тахалтай холбоотой янз бүрийн төвөгтэй асуудал үүсэх бөгөөд энэ нь сонгуулийн үйл явц, үр дүнд сөргөөр нөлөөлж болох байв. Санал авах байранд иргэд олноор цуглах тул халдварын эрсдлээс болгоомжилсон сонгогчид санал өгөхөөс татгалзан, цаашлаад сонгуулийн ирц сонгуулийн хууль ёсны буюу легитим чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл байсныг үгүйсгэх аргагүй. Харин энэ сонгуулийн үр дүнгээс үзэхэд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгч сонгуульд оролцсон ба энэ нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад ирц нэмэгдсэн болохыг харуулж байна. Энэ нь цар тахлын үеийн сонгуульд идэвхтэй оролцсон сонгогчдын хувьд эрүүл мэндэд нь эрсдэл бүхий нөхцөл байдалд ч иргэнийхээ үүргээ ухамсарлан биелүүлсэн байна. Ээлжит сонгууль болж өнгөрснөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн тул коронавируст халдварын цар тахлын нөхцөлд сонгуулиа товлосон цаг хугацаанд нь зохион байгуулснаар сонгогчид болон сонгуулийн ажилтнуудад халдвар авах эрсдэл үүссэн эсэх, холбогдох зарим арга хэмжээ нь халдварын тархалтаас урьдчилан сэргийлсэн эсэх талаар “дүгнэлт” хийх хангалттай юм. Ээлжит сонгууль амжилттай зохион байгуулагдсан болохыг сонгуулийн үйл явц, үр дүнгээс хойшхи энэ (7 дугаар сарын 24–ний өдрийн байдлаар) нэг сарын хугацаа нотлон харуулав.
Эцэст нь тэмдэглэхэд, цар тахлын онцгой нөхцөлд иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд тэргүүн зэргийн асуудал боловч цар тахлын халдварын улмаас тусгаарлагдсан сонгогчийн болон эмч, эмнэлгийн ажилтны санал өгөх эрхийг хязгаарлах бус харин улс төрийн эрх, эрх чөлөөг хангах үүднээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд санал өгөх боломж олгоход анхаарч үзэх ёстой байсан. Энэ нь саналын тоонд дорвитой нөлөө үзүүлэхгүй хэдий ч цар тахалд нэрвэгдсэн эмзэг нөхцөлд байгаа сонгогчдын сонгох эрхийг хангасан ач холбогдолтой арга хэмжээ болох байсан юм.
- Ашигласан материал
А. Эрх зүйн эх сурвалж
- Монгол Улсын Үндсэн хууль (1992.01.13)
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль (2019.12.20)
- Онц байдлын тухай хууль (1995.11.14)
- Гамшгаас хамгаалах тухай хууль (2017.02.02)
- Коронавируст халдвар (Ковид–19)–ын цар цахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (2020.04.29)
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” 188 дугаар тогтоол
Б. Бусад эх сурвалж
- Хууль зүйн яам, Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томъёоны дагалга, Уб., 1993
- Хамтын бүтээл, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, Уб., 2009
- Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын Их Хурлын сонгуулиудын дүн, (Монгол Улсын Их Хурлын 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны ээлжит сонгуулиуд, 1997–2009 онуудад явагдсан нөхөн сонгуулиудын дүнг аймаг, дүүрэг, сум, тойрог, хэсэг, нэр дэвшигч, нам, эвсэл бүрээр нэгтгэн гаргасан), Уб., 2017
- МУИС–ийн Улс төр судлалын тэнхим, Улс төрийн шинжлэх ухаан, (Хоёр дахь хэвлэл), Уб., 2010
- ШУА–ийн Философийн хүрээлэн, Монгол Улс дахь төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо, Уб., 2017
- Нээлттэй нийгэм форум ба бусад, Шүүхийн шийдвэрийн шинжилгээ, Эмхэтгэл I, Уб., 2018
- Нээлттэй нийгэм форум, Сонгуулийн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, (Ардчилал, Сонгуульд туслах олон улсын хүрээлэнгийн шинэ гарын авлага), Уб., 2010
- Лүндэндорж Н., Төр эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага, Уб., 2002
- Харьцуулсан үндсэн хууль ба COVID – 19, Хууль дээдлэх ёс сэтгүүл, Уб., 2020, №2 (77)
- КАС, Нээлттэй улс төр сэтгүүл, УБ, 2019, №01
- ХЗҮХ, Үндсэн хууль ба эрх зүйт ёс – XI, (Илтгэлийн эмхэтгэл), Уб., 2020
- ХЗҮХ, Онц байдлын тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан, Уб., 2019
В. Цахим эх сурвалж
Хавсралт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн товчоон /1992 оноос 2016 он хүртэл//[61]
№ | Үзүүлэлт | 1992 оны сонгууль | 1996 оны сонгууль | 2000 оны сонгууль | 2004 оны сонгууль | 2008 оны сонгууль | 2012 оны сонгууль | 2016 оны сонгууль | |
1 | Хүн амын тоо | 2 154 646 | 2 231 363 | 2 382 525 | 2 407 568 | 2 564 285 | 2 801 136 | 3 057 778 | |
2 | Сонгуулийн насны хүний тоо | 1 202 704 | 1 218 549 | 1 364 862 | 1 472 372 | 1 607 825 | 1 882 035 | 1 998 823 | |
3 | Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч | 1 085 129 | 1 147 260 | 1 247 033 | 1 279 516 | 1 542 617 | 1 840 824 | 1 911 047 | |
4 | Санал өгсөн сонгогчийн | Тоо | 1 037 392 | 1 057 182 | 1 027 985 | 1 051 812 | 1 179 448 | 1 238 537 | 1 406 123 |
Хувь | 95,6 | 92,1 | 82,4 | 82,2 | 76, 46 | 67,28 | 73,58 | ||
5 | Хүчинтэй саналын хуудасны | Тоо | 975 149 | 1 010 157 | 1 002 554 | 1 036 578 | 1 160 326 | 1 238 537 | 1 406 123 |
Хувь | 94,0 | 95,6 | 97,5 | 98,5 | 98,38 | 100,0 | 100,0 | ||
6 | Тойргийн болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороо | 26 | 76 | 76 | 76 | 26 | 26 | 22 | |
7 | Салбар, сум, дүүргийн сонгуулийн хороо | 357 | 332 | 330 | 338 | 332 | 333 | 339 | |
8 | Хэсгийн тоо | 1 569 | 1 586 | 1 601 | 1 645 | 1 704 | 1 905 | 1 998 | |
9 | Сонгуульд оролцсон нам, эвсэл | 8 нам, 2 эвсэл | 5 нам, 2 эвсэл | 13 нам, 3 эвсэл | 7 нам, 1эвсэл | 12 нам, 1 эвсэл | 11 нам, 2 эвсэл | 12 нам, 3 эвсэл | |
10 | Нийт нэр дэвшигч | 293 | 302 | 602 | 244 | 356 | 544 | 498 | |
11 | Нам, эвслээс | 275 | 267 | 575 | 229 | 311 | 518 | 429 | |
12 | Бие даан нэр дэвшигч | 18 | 35 | 27 | 15 | 45 | 26 | 69 | |
13 | Сонгуулийн зардал | 21,0 сая | 270,0 сая | 460,0 сая | 696,6 сая | 7,2 тэрбум | 16,8 тэрбум | 16,5 тэрбум | |
14 | Сонгууль товлон зарласан болон явагдсан огноо | 1992.4.13 1992.6.28 | 1996.4.16 1996.6.30 | 2000.4.17 2000.7.02 | 2004.4.12 2004.6.27 | 2008.5.14 2008.6.29 | 2012.4.28 2012.6.28 | 2016.4.08 2016.6.29 |
[1] https://www.idea.int/sites/default/files/publications/managing-elections-during-pandemic-republic-korea-crucial-test-MN.pdf (Үзсэн: 2020.06.29)
[2] Мөн тэнд
[3] http://inspection.gov.mn/new/?p=2099 болон https://www.worldometers.info/coronavirus/country/mongolia/ (Үзсэн: 2020.06.29)
[4] Б. Эрдэнэдалай, 2019, Залуучуудын сонгуулийн ирц, оролцооны асуудал, Нээлттэй улс төр сэтгүүл, Улаанбаатар, №1, 105–106 дахь тал
[5] МУИС–ийн Улс төр судлалын тэнхим, 2010, Улс төрийн шинжлэх ухаан, (Хоёр дахь хэвлэл), Улаанбаатар, 415 дахь тал
[6] ШУА–ийн Философийн хүрээлэн, 2017, Монгол Улс дахь төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо, Улаанбаатар, 125 дахь тал
[7] Эндрю Рейнольдс, Бэн Райлли, Эндрю Эллис, 2010, Сонгуулийн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, Ардчилал, Сонгуульд туслах олон улсын хүрээлэнгийн шинэ гарын авлага, (Орчуулсан: Батбаяр Г.), Улаанбаатар, 175 дахь тал
[8] Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрс:
1–р тойрогт Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн (МАН), 2–р тойрогт Х.Баделхан, Т.Аубакар (МАН), Б.Бейсен (АН), 3–р тойрогт Г.Занданшатар (МАН), Д.Ганбат, А.Адъяасүрэн (АН), 4–р тойрогт Ц.Анандбазар, Ж.Бат–Эрдэнэ (МАН), 5–р тойрогт Б.Энх–Амгалан, Ш.Раднаасэд (МАН), 6–р тойрогт С.Батболд, Г.Мөнхцэцэг (МАН), 7–р тойрогт Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн (МАН), 8–р тойрогт Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин (МАН), 9–р тойрогт Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан (МАН), 10–р тойрогт С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд (МАН), 11–р тойрогт Н.Наранбаатар (МАН), Д.Бат–Эрдэнэ (АН), 12–р тойрогт Ж.Батсуурь, Н.Ганибал (АН), 13–р тойрогт Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор (МАН), 14–р тойрогт Ж.Батжаргал, Н.Энхболд (МАН), Ц.Туваан (АН), 15–р тойрогт О.Цогтгэрэл (АН), Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн (МАН), 16–р тойрогт Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж (АН), С.Бямбацогт (МАН), 17–р тойрогт Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Л.Энх–Амгалан (МАН), 18–р тойрогт У.Хүрэлсүх, Л.Оюун–Эрдэнэ, Б.Бат–Эрдэнэ (МАН), 19–р тойрогт Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр (МАН), 20–р тойрогт Д.Батлут (МАН), Н.Алтанхуяг (Бие даан нэр дэвшигч), С.Ганбаатар (Та бидний эвсэл буюу МАХН, ИЗНН, МУНН), 21–р тойрогт С.Амарсайхан, Ц.Сандаг–Очир (МАН), 22–р тойрогт Б.Энхбаяр, Б.Саранчимэг (МАН), 23–р тойрогт Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Э.Бат–Амгалан (МАН), 24–р тойрогт Д.Цогтбаатар, Ц.Мөнх–Оргил, Ц.Мөнхцэцэг (МАН), 25–р тойрогт Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар (МАН), 26–р тойрогт Х.Ганхуяг, Ж.Ганбаатар(МАН), С.Одонтуяа (АН), 27–р тойрогт Х.Нямбаатар, Б.Жаргалмаа (МАН), 28–р тойрогт Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин (МАН), 29–р тойрогт Г.Амартүвшин, Д.Сарангэрэл (МАН), Т.Доржханд (Зөв хүн электорат эвсэл) гэсэн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. https://www.gec.gov.mn/blog/2862 (Үзсэн: 2020.06.29)
[9] Э. Гэрэлт–Од, Улсын Их Хурлын сонгуулийн дүн ба сонгогчдын оролцоо, төлөөллийг шинжлэх нь, https://ikon.mn/opinion/1xbz?fbclid=IwAR1jwn0olSbEZ_pyucALWtw5vSg71Maoefi6BydlOy7_ZhL-onoNiX51lOQ (Үзсэн: 2020.07.06)
[10] Энэхүү нийтлэлийн хавсралт буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн /1992 оноос 2016 он хүртэл/ товчооныг харна уу.
[11] Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” 188 дугаар тогтоол https://www.legalinfo.mn/law/details/15407 (Үзсэн: 2020.06.20)
[12] Мөн тэнд
[13] https://www.idea.int/sites/default/files/publications/managing-elections-during-pandemic-republic-korea-crucial-test-MN.pdf (Үзсэн: 2020.06.29)
[14] Коронавируст халдвар /Ковид–19/–ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйл (Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ)–ийн 7.1.24 дахь заалтыг үз
[15] Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” 188 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид–19)–ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”–ыг хавсралтаас үз. Энэ журмаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид–19)–ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна. Сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, сонгуулийн хороодын ажилтан, иргэд сонгуулийн үйл ажиллагааны үед сонгуулийн хууль тогтоомж, Коронавируст халдвар /Ковид–19/–ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөх” тухай заасан байна. https://www.legalinfo.mn/annex/details/11060?lawid=15407 (Үзсэн: 2020.06.20)
[16] Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал, (Онол, арга зүй, хэрэгжилт), Улаанбаатар, 2017, 253 дахь тал
[17] Хүний эрх, үр нөлөөтэй удирдлага: Сурвалж бичиг, (Редактор: Нарангэрэл С.), Улаанбаатар, 2011, 46 дахь тал
[18] Н. Лүндэндорж, 2005, Төрийн онол, (Нэмж засварласан хоёрдахь хэвлэл), Улаанбаатар, 58 дахь тал
[19] Монгол Улсын Их Хуралд тусгалаа олсон санал: 1992 онд Улсын хэмжээнд (58.23%) байгаагаас орон нутгийн төвшинд (60.69%), нийслэлийн төвшинд (50.03%) байна; 1996 онд Улсын хэмжээнд (53.80%) байгаагаас орон нутгийн төвшинд (55.50%), нийслэлийн төвшинд (49.04%) байна; 2000 онд Улсын хэмжээнд (52.23%) байгаагаас орон нутгийн төвшинд (52.13%), нийслэлийн төвшинд (52.53%) байна; 2004 онд Улсын хэмжээнд (54.90%) байгаагаас орон нутгийн төвшинд (55.78%), нийслэлийн төвшинд (52.41%) байна; 2008 онд Улсын хэмжээнд (49.56%) байгаагаас орон нутгийн төвшинд (51.25%), нийслэлийн төвшинд (43.93%) байна; 2012 онд Улсын хэмжээнд (41.10%) байгаагаас орон нутгийн төвшинд (70.03%), нийслэлийн төвшинд (64.02%) байна; 2016 онд Улсын хэмжээнд (46.30%) байгаагаас орон нутгийн төвшинд (49.88%), нийслэлийн төвшинд (40.16%) байна; 2020 онд Улсын хэмжээнд (45.99%) байгаагаас орон нутгийн төвшинд (48.76%), нийслэлийн төвшинд (42.61%) байна. https://ikon.mn/opinion/1xbz
[20] Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22–ны өдрийн “Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 05 дугаар дүгнэлтийн үндэслэлээс авав. Номынбаясгалан С., Үндсэн хуулийн маргаан: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн лавлах бичиг, (Эмхэтгэл), Уб., 2018
[21] Б. Эрдэнэдалай, 2019, Залуучуудын сонгуулийн ирц, оролцооны асуудал, Нээлттэй улс төр сэтгүүл, Улаанбаатар, №1, 103 дахь тал
[22] Лоуренс Денүк, Ричард Ниэми, Пиппа Норрис, 2008, Ардчилалыг харьцуулахуй: Ардчилал ба санал өгөх глобаль төвшинд, (Орчуулсан: Мөнх–Эрдэнэ Д.), Улаанбаатар, 58 дахь тал
[23] Ч. Өнөрбаяр, 2018, Орчин үеийн үндсэн хуульт ёсыг тодорхойлох нь, Хууль дээдлэх ёс сэтгүүл, Улаанбаатар, №4(69), 23 дахь тал
[24] ШУА–ийн Философийн хүрээлэн, 2017, Монгол Улс дахь төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо, Улаанбаатар, 74 дэх тал
[25] Н. Мягмарцоож, 2011, Төрийн бодлогын үйл явц дахь иргэдийн оролцооны зарим асуудал, (1990 оноос хойш), Улс төрийн ухаанаар докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар, 23 дахь тал. Дам эшлэв.
[26] ШУА–ийн Философийн хүрээлэн, 2017, Монгол Улс дахь төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо, Улаанбаатар, 120 дахь тал
[27] Д. Бумдарь, 2020, Ардчилсан институт ба Монголын ардчиллын тухай эргэцүүлэл: Бид хаана явж байна вэ, Нээлттэй улс төр сэтгүүл, Улаанбаатар, №2, 64 дэх тал
[28] МУИС–ийн Улс төр судлалын тэнхим, 2010, Улс төрийн шинжлэх ухаан, (Хоёр дахь хэвлэл), Улаанбаатар, 408 дахь тал
[29] Энэ нь улс төрийн амьдралд оролцохоос зайлсхийх явдал юм. Мөн тэнд
[30] https://www.idea.int/sites/default/files/publications/managing-elections-during-pandemic-republic-korea-crucial-test-MN.pdf (Үзсэн: 2020.06.29)
[31] Мөн тэнд
[32] Мөн тэнд
[33] 1–р тойрогт буюу Архангай аймгийн (Мандатын тоо 3) нийт 61227 сонгогчоос 45469 хүн санал (74.26%), 2–р тойрогт буюу Баян–Өлгий аймгийн (Мандатын тоо 3) нийт 59594 сонгогчоос 49993 хүн санал (83.89%), 3–р тойрогт буюу Баянхонгор аймгийн (Мандатын тоо 3) нийт 56610 сонгогчоос 45318 хүн санал (80.05%), 4–р тойрогт буюу Булган аймгийн (Мандатын тоо 2) нийт 40896 сонгогчоос 29499 хүн санал (72.13%), 5–р тойрогт буюу Говь–Алтай аймгийн (Мандатын тоо 2) нийт 37474 сонгогчоос 28376 хүн санал (75.72%), 6–р тойрогт буюу Дундговь, Говьсүмбэр аймгуудын (Мандатын тоо 2) нийт 40860 сонгогчоос 28066 хүн санал (68.69%), 7–р тойрогт буюу Дорнод аймгийн (Мандатын тоо 2) нийт 52236 сонгогчоос 36106 хүн санал (69.12%), 8–р тойрогт буюу Дорноговь аймгийн (Мандатын тоо 2) нийт 44674 сонгогчоос 31479 хүн санал (70.46%), 9–р тойрогт буюу Завхан аймгийн (Мандатын тоо 2) нийт 47397 сонгогчоос 37823 хүн санал (79.80%), 10–р тойрогт буюу Өвөрхангай аймгийн (Мандатын тоо 3) нийт 74420 сонгогчоос 53286 хүн санал (71.60%), 11–р дүүрэгт буюу Өмнөговь аймгийн (Мандатын тоо 2) нийт 44914 сонгогчоос 32098 хүн санал (71.47%), 12 дугаар тойрогт буюу Сүхбаатар аймгийн (Мандатын тоо 2) нийт 40778 сонгогчоос 33052 хүн санал (81.05%), 13–р тойрогт буюу Сэлэнгэ аймгийн (Мандатын тоо 3) нийт 70420 сонгогчоос 49097 хүн санал (69.72%), 14–р тойрогт буюу Төв аймгийн (Мандатын тоо 3) нийт 61765 сонгогчоос 43827 хүн санал (70.96%), 15–р тойрогт буюу Увс аймгийн (Мандатын тоо 3) нийт 52178 сонгогчоос 43703 хүн санал (83.76%), 16–р тойрогт буюу Ховд аймгийн (Мандатын тоо 3) нийт 54343 сонгогчоос 43130 хүн санал (79.37%), 17–р тойрогт буюу Хөвсгөл аймгийн (Мандатын тоо 3) нийт 86124 сонгогчоос 62506 хүн санал (72.58%), 18–р тойрогт буюу Хэнтий аймгийн (Мандатын тоо 3) нийт 49656 сонгогчоос 35099 хүн санал (70.68%), 19–р тойрогт буюу Дархан–Уул аймгийн (Мандатын тоо 3) нийт 65195 сонгогчоос 45118 хүн санал (69.20%), 20–р тойрогт буюу Орхон аймгийн (Мандатын тоо 3) нийт 66830 сонгогчоос 45691 хүн санал (68.37%), 21–р тойрогт буюу Багахангай, Багануур, Налайх дүүргүүдийн (Мандатын тоо 2) нийт 44617 сонгогчоос 32016 хүн санал (71.76%), 22–р тойрогт буюу Баянзүрх дүүргийн (Мандатын тоо 2) нийт 110069 сонгогчоос 80697 хүн санал (73.31%), 23–р тойрогт буюу Баянзүрх дүүгийн (Мандатын тоо 3) нийт 112148 сонгогчоос 78045 хүн санал (69.59%), 24–р тойрогт буюу Сүхбаатар дүүргийн (Мандатын тоо 3) нийт 87043 сонгогчоос 64289 хүн санал (73.86%), 25 дугаар тойрогт буюу Чингэлтэй дүүргийн (Мандатын тоо 3) нийт 96838 сонгогчоос 69133 хүн санал (71.39%), 26 –р тойрогт буюу Баянгол дүүргийн (Мандатын тоо 3) нийт 135169 сонгогчоос 103789 хүн санал (76.78%), 27–р тойрогт буюу Сонгинохайрхан дүүргийн (Мандатын тоо 2) нийт 84640 сонгогчоос 58233 хүн санал (68.80%), 28–р тойрогт буюу Сонгинохайрхан дүүргийн (Мандатын тоо 3) нийт 111107 сонгогчоос 81923 хүн санал (73.73%), 29–р тойрогт буюу Хан –Уул дүүргийн (Мандатын тоо 3) нийт 114747 сонгогчоос 89034 хүн санал (77.59%) тус тус өгсөн байна. http://www.sanal.mn/story/7778/2020-06-27 (Үзсэн: 2020.06.29)
[34] 1–р тойрогт Ё.Баатарбилэг 21849 санал буюу (48.08%) хувийг, Ж.Мөнхбат 21478 санал буюу (47.26%) хувийг, Г.Тэмүүлэн 20204 санал буюу (44.46%) хувийг; 2–р тойрогт Х.Баделхан 23379 санал буюу (46.81%) хувийг, Т.Аубакар 22662 санал буюу (45.37%) хувийг, Б.Бейсен 22448 санал буюу (44.94%) хувийг; 3–р тойрогт Г.Занданшатар 24029 санал буюу (53.06%) хувийг, Д.Ганбат 21427 санал буюу (48.31%) хувийг, А.Адъяасүрэн 19076 санал буюу (42.12%) хувийг; 4–р тойрогт Ц.Анандбазар 15624 санал буюу (52.99%) хувийг, Ж.Бат–Эрдэнэ 14305 санал буюу (48.52%) хувийг; 5–р тойрогт Б.Энх–Амгалан 14801 санал буюу (52.18%) хувийг, Ш.Раднаасэд 14235 санал буюу (59.19%) хувийг; 6–р тойрогт С.Батболд 14091 санал буюу (50.23%) хувийг, Г.Мөнхцэцэг 10175 санал буюу (36.27%) хувийг; 7–р тойрогт Х.Болорчулуун 16798 санал буюу (46.55%) хувийг, Ц.Сэргэлэн 16245 санал буюу (45.02%) хувийг; 8–р тойрогт Б.Дэлгэрсайхан 21238 санал буюу (67.49%) хувийг, Т.Энхтүвшин 17411 санал буюу (55.33%) хувийг; 9–р тойрогт Ц.Цэрэнпунцаг 18828 санал буюу (49.63%) хувийг, Б.Баярсайхан 14350 санал буюу (37.83%) хувийг; 10–р тойрогт С.Чинзориг 32808 санал буюу (61.62%) хувийг, Т.Тогтохсүрэн 30020 санал буюу (56.39%) хувийг, Г.Ганболд 23560 санал буюу (44.25%) хувийг; 11–р тойрогт Н.Наранбаатар 15929 санал буюу (49.64%) хувийг, Д.Бат–Эрдэнэ 15239 санал буюу (47.49%) хувийг; 12–р тойрогт Ж.Батсуурь 19451 санал буюу (58.88%) хувийг, Н.Ганибал 17395 санал буюу (52.65%) хувийг; 13–р тойрогт Ж.Эрдэнэбат 22865 санал буюу (46.61%) хувийг, Ч.Ундрам 22583 санал буюу (46.04%) хувийг, Д.Өнөрболор 19412 санал буюу (39.57%) хувийг; 14–р тойрогт Ж.Батжаргал 18531 санал буюу (42.32%) хувийг, Ц.Туваан 16125 санал буюу (36.82%) хувийг, Н.Энхболд 15842 буюу (36.18%) хувийг; 15–р тойрогт О.Цогтгэрэл 26644 санал буюу (61%) хувийг, Ч.Хүрэлбаатар 22562 санал буюу (51.65%) хувийг, Б.Чойжилсүрэн 21378 санал буюу (48.94%) хувийг; 16–р тойрогт Ш.Адьшаа 22549 санал буюу (52.30%) хувийг, Б.Пүрэвдорж 18578 санал буюу (43.09%) хувийг, С.Бямбацогт 18464 санал буюу (42.83%) хувийг; 17–р тойрогт Ц.Даваасүрэн 33783 санал буюу (54.08%) хувийг, Л.Мөнхбаатар 29351 санал буюу (46.98%) хувийг, Л.Энх–Амгалан 27931 санал буюу (44.71%) хувийг; 18–р тойрогт У.Хүрэлсүх 25356 санал буюу (71.01%) хувийг, Л.Оюун–Эрдэнэ 25169 санал буюу (70.48%) хувийг, Б.Бат–Эрдэнэ 19887 санал буюу (55.69%) хувийг; 19–р тойрогт Б.Жавхлан 24026 санал буюу (53.28%) хувийг, Г.Дамдинням 22347 санал буюу (49.56%) хувийг, Б.Баттөмөр 19842 санал буюу (43.96%) хувийг; 20–р тойрогт Д.Батлут 22621 санал буюу (49.52%) хувийг, Н.Алтанхуяг 19595 санал буюу (42.90%) хувийг, С.Ганбаатар 17034 санал буюу (37.29%) хувийг; 21–р тойрогт С.Амарсайхан 21969 санал буюу (68.66%) хувийг, Ц.Сандаг–Очир 15576 санал буюу (48.68%) хувийг; 22–р тойрогт Б.Энхбаяр 36364 санал буюу (45.08%) хувийг, Б.Саранчимэг 25228 санал буюу (31.28%) хувийг; 23–р тойрогт Ж.Чинбүрэн 41004 санал буюу (52.58%) хувийг, Х.Булгантуяа 35472 санал буюу (45.49%) хувийг, Э.Бат–Амгалан 30870 санал буюу (39.59%) хувийг; 24–р тойрогт Д.Цогтбаатар 25333 санал буюу (39.43%) хувийг, Ц.Мөнх–Оргил 23637 санал буюу (36.79%) хувийг, Ц.Мөнхцэцэг 20584 санал буюу (32.04%) хувийг; 25–р тойрогт Т.Аюурсайхан 33356 санал буюу (48.28%) хувийг, М.Оюунчимэг 27339 санал буюу (39.57%) хувийг, Ж.Сүхбаатар 23365 санал буюу (33.82%) хувийг; 26–р тойрогт Х.Ганхуяг 50073 санал буюу (48.27%) хувийг, Ж.Ганбаатар 48624 санал буюу (46.87%) хувийг, С.Одонтуяа 27143 санал буюу (26.16%) хувийг; 27–р тойрогт Х.Нямбаатар 32962 санал буюу (56.65%) хувийг, Б.Жаргалмаа 24867 санал буюу (42.74%) хувийг; 28–р тойрогт Н.Учрал 53651 санал буюу (65.54%) хувийг, Д.Сумъяабазар 36785 санал буюу (44.94%) хувийг, П.Анужин 32031 санал буюу (39.13%) хувийг; 29–р тойрогт Г.Амартүвшин 37476 санал буюу (42.11%) хувийг, Д.Сарангэрэл 37457 санал буюу (42.09%) хувийг, Т.Доржханд 24449 санал буюу (27.47%) хувийг тус тус авсан байна. https://montsame.mn/mn/read/229719 (Үзсэн: 2020.06.29)
[35] Эндрю Рейнольдс, Бэн Райлли, Эллис, 2010, Сонгуулийн тогтолцооны бүтэц зохион байгуулалт (Орчуулсан: Батбаяр Г.), Улаанбаатар, 14 дэх тал
[36] С. Номынбаясгалан С, 2019, Сонгуулийн тогтолцоог эргэцүүлэх нь, Хууль дээдлэх ёс сэтгүүл, Улаанбаатар, №4(71), 74–75 дахь тал
[37] Г. Совд, 1999, Монгол Улсын Үндсэн хууль: Хүний эрх, (Харьцуулсан эрх зүй), Улаанбаатар, 115 дахь тал
[38] https://www.legalinfo.mn/law/details/15312?lawid=15312 (Үзсэн: 2020.06.20)
[39] Коронавируст халдвар /Ковид–19/–ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйл (Хуулийн үйлчлэх хугацаа)–д “Энэ хууль 2020 оны 12 дугаар сарын 31–ний өдрийг хүртэл үйлчилнэ. Энд заасан хугацааг Монгол Улсын Их Хурал зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно” гэж зохицуулсан.
[40] Д. Сүнжид, 2020, Харьцуулсан үндсэн хууль ба COVID – 19, Хууль дээдлэх ёс сэтгүүл, Улаанбаатар, №2(77), 16 дахь тал (Цаашид “Харьцуулсан үндсэн хууль ба COVID – 19, Дурдсан бүтээл” гэж товчилно. С.Н.)
[41] Харьцуулсан үндсэн хууль ба COVID – 19, Дурдсан бүтээл, 18 дахь тал
[42] С. Нарангэрэл, 2011, Эрх зүйн эх толь бичиг, Гуравдахь хэвлэл, Улаанбаатар, 347 дахь тал
[43] Хууль зүйн яам, 1993, Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томъёоны дагалга, Улаанбаатар, 32–33 дахь тал
[44] Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон; эсхүл Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт, бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно” гэж зохицуулсан байна. Төрийн мэдээлэл сэтгүүл, Уб., 1992, №1 дугаарт нийтлэгдсэн
[45] Онц байдлын тухай хууль (1995.11.14)–ийг үз. Төрийн мэдээлэл сэтгүүл, Уб., 1996, №2 дугаарт нийтлэгдсэн
[46] Энэ хуулийн 3 дугаар зүйлд “Онц байдал” гэдгийг тодорхойлсон. https://www.legalinfo.mn/law/details/433?lawid=433 (Үзсэн: 2020.06.20)
[47] Энэхүү албан бус онолын тайлбарт “Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон үед онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор хуульд заасны дагуу иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, тэдэнд нэмэгдэл үүрэг хариуцуулан төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар тогтоосон эрх зүйн онцгой дэглэмийг хэлнэ” гэж бичсэн. Хамтын бүтээл, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, Уб., 2009, 122 дахь тал
[48] ХЗҮХ, 2019, Онц байдлын тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан, Улаанбаатар, http://nli.gov.mn/?p=6498
[49] Хүн ам гэдэг ойлголт нь өргөн утгаараа улсын нийт хүний, явцуу утгаараа засаг захиргааны тодорхой нэгжид харьяалагдах хүмүүсийн нийлбэрийг тодорхойлдог ойлголт. Хууль зүйн яам, Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томъёоны дагалга, Уб., 1993, 61 дэх талд, Хүн ам – Улс, аль нэгэн газарт оршин сууж байгаа бодгалиудын нийлбэр цогц. Нарангэрэл С., Эрх зүйн эх толь бичиг, Гуравдахь хэвлэл, Уб., 2011, 572 дахь талд тус тус тэмдэглэсэн байна.
[50] Нийтийн эрүүл мэнд гэдэг нь нэг талаар нийгмийн гишүүн бүрийн эрүүл энх амьдрал ба нөгөө талаар тэрхүү эрүүл энх амьдралыг бий болгоход чиглэсэн үр нөлөө бүхий цогц үйл ажиллагаа болох нь. Нээлттэй нийгэм ба бусад, Шүүхийн шийдвэрийн шинжилгээ, Эмхэтгэл Уб., 2018, 41 дэх тал
[51] Б. Чимид, 2008, Үндсэн хуулийн мэдлэг, Улаанбаатар, 218 дахь тал
[52] Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 11 дүгээр сарын 14–ний өдөр Онц байдлын тухай хуулийг баталсан. https://www.legalinfo.mn/law/details/433?lawid=433 (Үзсэн: 2020.06.20)
[53] Энэ хуулийн 25 дугаар зүйлийг харна уу. https://www.legalinfo.mn/law/details/12458?lawid=12458 (Үзсэн: 2020.06.20)
[54] Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20–ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйл (Сонгууль товлон зарлах)–ийн 9.4 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэж зохицуулсан байна. https://www.legalinfo.mn/law/details/14869?lawid=14869 (Үзсэн: 2020.06.20)
[55] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4 –т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно” гэж, “Улсын Их Хурал энэ хуулийн 9.4, 9.5 –д заасан онцгой нөхцөл арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 60–аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана” гэж тус тус зохицуулсан байна.
[56] ШУА–ийн Философийн хүрээлэн, 2017, Монгол Улс дахь төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо, Улаанбаатар, 125 дахь тал
[57] С. Номынбаясгалан, 2019, Монгол Улсад сонгуулийн тогтолцоог тодорхойлох эрх зүйн асуудал, Хууль дээдлэх ёс сэтгүүл, Улаанбаатар, №1(71), 63 дахь тал
[58] https://www.legalinfo.mn/law/details/15125?lawid=15125 (Үзсэн: 2020.06.20)
[59] https://www.idea.int/sites/default/files/publications/managing-elections-during-pandemic-republic-korea-crucial-test-MN.pdf (Үзсэн: 2020.06.29)
[60] Эндрю Рейнольдс, Бэн Райлли, Эндрю Эллис, 2010, Сонгуулийн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, Ардчилал, Сонгуульд туслах олон улсын хүрээлэнгийн шинэ гарын авлага, (Орчуулсан: Батбаяр Г.), Улаанбаатар, 176 дахь тал
[61] Сонгуулийн ерөнхий хороо, 2017, Монгол Улсын Их Хурлын сонгуулиудын дүн, (Монгол Улсын Их Хурлын 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны ээлжит сонгуулиуд, 1997–2009 онуудад явагдсан нөхөн сонгуулиудын дүнг аймаг, дүүрэг, сум, тойрог, хэсэг, нэр дэвшигч, нам, эвсэл бүрээр нэгтгэн гаргасан), Улаанбаатар хотод хэвлэгдсэн эмхэтгэлээс авав.