М.ЭНХСАЙХАН
/Олон улсын эдийн засагч, Дэд доктор, Монгол улсын ЕТГ-ын дарга/
Шинэ толь №2, 1994
Түлхүүр үг: Монгол дахь улс төр, Улс төрийн тэмцэл, Жагсаал, Өлсгөлөн, Олон түмэн, Зөрчил
1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн төв талбайд Монголын Ардчилсан Холбоо, Монголын Оюутны Холбооноос зохион байгуулсан цуглааны дараа дээрх холбооны хэсэг гишүүд Засгийн газрыг огцрохыг шаардаж улс төрийн өлсгөлөн зарласан билээ.
Нийтдээ янз бүрийн эвсэл, холбоодыг төлөөлсөн 41 хүн оролцсон уг өлсгөлөн 12 хоног буюу 282 цаг үргэлжилж зогслоо. Өлсгөлөн, түүний эргэн тойрон бий болсон улс төрийн сөргөлдөөн нь Монгол дахь улс төрийн амьдралд томоохон ул мөрөө үлдээх нь эргэлзээгүй. Өлсгөлөн Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт тодорхой дохио, сануулга болсон төдийгүй улс төрийн бүх хичээлүүд сургамжтай, нийгмийн үзэгдэл болох талаас нь авч үзвэл, эрт орой хэзээ нэгэн цагт ямарваа нэг хэлбэрээр гарч ирэх байсан нийгмийн зөрчлийн илэрхийлэл байсныхаа хувьд, төгсгөл нь зөрчлийг тайван замаар шийдэх болоцоог бий болгож байгаагийнхаа хувьд эерэг зүйл байсан гэж үзэх үндэстэй юм. Асуудлын гол нь болж өнгөрсөн үйл явдлаас улс төрд оролцож байгаа бүх талууд зөв дүгнэлт хийж чадах эсэхээс Монгол дахь улс төрийн цаашдын үйл явцын чиг хандлага олон талаар хамаарах болно.
- Өлсгөлөн, түүний дотоод уг сурвалж
Нийслэлийн төв талбайд олон хүмүүсийг хамарсан улс төрийн өлсгөлөнг Монголын Ардчилсан холбоо, Монголын Оюутны холбооноос зохион байгуулсан бөгөөд ийм байдал бий болоход хүргэсэн хүчин зүйл хэдийгээр олон талтай ч дотоод уг сурвалж нь нэг юм.
Нийгэмд намуудын, нэн ялангуяа, УИХ-д суудал бүхий намуудын гүйцэтгэх үүрэг роль унаж, санаачлага алдсанаас хоосон зай бий болж улс төрийн тэмцэл парламентын хүрээнд биш, гудамж талбайд хурцдах үндсэн нөхцөл бий болсон гэж үзэх үндэстэй юм.
Социологийн судалгаанаас үзэхэд, эрх баригч МАХН-д болон УИХ-д суудал бүхий намуудад олон түмний зүгээс итгэх итгэл төдийлөн сайнгүй, тэрч байтугай итгэл нь алдрах хандлага ажиглагдаж байгаа юм. Улс төрийн тогтвортой мэт байдал байгаагийн нууц нь аль ч намыг дэмждэггүй хэсэг нь хүн амын олонхи болж байгаа бөгөөд эрх баригч нам болон сөрөг хүчнийг дэмждэг хэсэг нь хүн амын цөөн бөгөөд хүн нь хоорондоо тэнцүүвтэр байгаа явдал юм. Ийм нөхцөлд улс төрийн хоосон орон зайг эзлэх эрмэлзэл зарим байгууллага, хувь хүмүүст гарах нь зайлшгүй, улс төрийн зарчим намууд эвсэж Монголын Уламжлалын нам байгуулж өөрсдийгөө улс төрийн гуравдагч хүчин хэмээн зарласан явдал, мөн Монголын Төлөө нам, Хас Хууль нам байгуулагдсан зэрэг нь дээрхтэй холботой. Өлсгөлөнгийн үед ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өөрийн намаа байгуулах тухайгаа зарласан нь нийгэмд улс төрийн хоосон орон зай бий болсон, түүнийг эзлэх гэсэн оролдлогууд явагдсаар байгааг гэрчлэх баримт мөн юм. Энэ бүх байдлыг Монголын Ардчилсан холбооны удирдах зарим нөхдүүд ойлгож өөрсдөө энэ үйл явцын ард үлдчихгүй байхын тулд санаачилгыг гартаа авах гэж хэд хэдэн удаа цуглаан зохион байгуулсан бөгөөд түүнд олон мянган хүн оролцсон явдал нийгэмд хоосон орон зай байгааг нотолсон төдийгүй тэр орон зайг нэг цохилтоор эзлэх гэсэн хувийн амбицдаа автагдах түлхэц болсон. Үүнийгээ хэрэгжүүлэх зорилгоор Монголын Ардчилсан холбоо улс төрийн өлсгөлөнг зохион байгуулсан бөгөөд энэ ажиллагааг хийхдээ МҮАН, МСД- уудтай зөвшилцөөгүйгээр барахгүй тэднийг өөрсдийн үйл ажиллагаандаа татан оролцуулах төлөвлөгөөтэй байсан юм. Тухайлбал, өлсгөлөн зарлангуутаа Монголын Ардчилсан холбооноос гишүүдээ шинэчлэн бүртгэж байгаа тухайгаа МҮАН, МСДН-уудад албан ёсоор мэдэгдэж бүртгэл, үнэмлэхийн загвараа ирүүлэн хоёр намын удирдах бүрэлдэхүүнийг бөөнөөрөө элсэхийг санал болгосон. МСДН-ын улс төрийн зөвлөл, МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн хурлаар энэ асуудал яригдсан боловч намын удирдах бүрэлдэхүүн ямар нэг холбоонд бөөнөөрөө элсэх нь зохижгүй тул гишүүдийн өөрийн сайн дурын хэрэг хэмээн үзсэн юм. Болж өнгөрсөн үйл явцад намууд ямар хэмжээгээр хэрхэн татагдаж оролцов гэдэг жич асуудал. Гол нь өлсгөлөн гарах бодит нөхцөл нь нийгэмд улс төрийн хоосон орон зай бий болсон явдал мөн байлаа.
Эрх чөлөөний талбайд зарласан өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн нь эрх баригч намын шууд оролцоотой зохион байгулагдаагүй. Гэхдээ МАХН түүнийг эсэргүүцээгүйгээр барахгүй энэ намыг төрд төлөөлж байгаа УИХ-ын хамгийн хуучинсаг үзэлтэй эрхэм гишүүд цуглаанд оролцож үг хэлж дэмжиж байсан юм. Уг өлсгөлөнг 281-ийн холбоо ивээлдээ авч цуглааныг удирдаж байсан нь эрх баригч нам санаачлага алдсанаас үүссэн орон зайг өөр хүчин эзлэх гэсэн оролдлого мөн юм.
Улс төрийн тэмцэл хурц хэлбэрээр гудамж, талбайд гарах болсон өдөөгч хүчин зүйл нь Засгийн газрын зарим гишүүүдийн ажлын хариуцлага су, хээл хахууль, нийгмийн сөрөг үзэгдэлд нэр холбогдсон явдал байлаа. Улс төрийн тэмцэл гуудамж, талбайд хурц хэлбэрээр гарахыг тэжээгч орчин нь улс орны эдийн засгийн байдал хүнд, нийгэмд баян, хоосны ялгаа нэмэгдэж, хүн ам орлогоороо хоёёр тийш туйлшрах хандлага хүчтэй явагдаж байгаа явдал юм.
- Өлсгөлөн, түүний улс төрийн шинж
Нийслэлийн төв талбайд зарласан өлсгөлөн Засгийн газрыг огцруулах шаардлага тавьснаар эхэлсэн. Хөндлөнгөөс харахад, өлсгөлөн нь Засгийн газрыг огцруулах, ингэснээрээ эрх баригч намын эсрэг байсан боловч, хэрэг дээрээ цаад зорилго нь нийгэмд бий болсон төрийн хоосон орон зайг МоАХ эзлэх, парламентын намуудыг, нэн ялангуяа МҮАН, МСДН-ыг өөртөө татан оруулах замаар улсс төрийн санаачлагыг гартаа авах гэсэн улс төрийн агуулгатай байсан. МСДН-ын удирдлага энэ үйл явцруу гүнзгий татагдан орсон явдал хоёр талтай. Нэгдүгээрт, МСДН Засгийн газрыг огцруулах шаардлагыг хамгийн анх тавьсан улс төрийн хүчин мөн. Гэв энэ шаардлагыг нь олон түмэн сайн ойлгохгүй байсан бөгөөд ийм шаардлага тавих болсон үндэслэлээ ард түмэнд дангаараа хүргэж чадахгүй байсан. Өлсгөлөн МСДН-ын удирдлагад намынхаа энэ байр суурийг дахин илэрхийлэх аятай нөхцөл болсон байж болох юм.
Хоёрдугаарт, МСДН-ын удирдах бүрэлдэхүүн, ялангуяа намын дарга нь өлсгөлөнд оролцсон явдал нь улс төрийн тооцоотой алхам байсан гэхээсээ илүү сэтгэл хөдлөлд автсан шинжтэй байсан гэвч өлсгөлөнгийн улс төрийн шинж, агуулгыг аажмаар өөрчилж өлсгөлөнд оролцогчдын муйхар шаардлагыг УИХ-д суудал бүхий намуудын хүрээний асуудал болгоход МСДН-ын дарга чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Эрх чөлөөний талбайд зарласан өлсгөлөн нь өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн гэх эхэлсэн хэдий ч яваандаа улс төрийн агуулга нь Засгийн газрыг ухамсартайгаар дэмжихдээ бус хуучнаа хүсэмжлэх шинжтэй, үүнийг нь МАХН болон Засгийн газрыг ухамсартайгаар дэмжихдээ бус хуучнаа хүсэмжлэх шинжтэй, үүнийг нь МАХН болон Засгийн газар дэмждэггүй учир түүнийгээ шинэ хүчнүүдийг үзэн ядах, тэднээс өс хонзон авах, тэднийг доромжлоход чиглүүлж байсан юм.
Иймээс аль, аль өлсгөлөн нь улс төрийн агуулгынхаа хуьд парламентын намуудын нэр хүнд, эрх ашигт харшлах шинж төлөвтэй гэдэг нь яваандаа ойлгогдсон учир УИХ-д суудал бүхий намуудын удирдлага өлсгөлөнд оролцогчдод идэхтэй нөлөөлөх арга хэмжээ авсны үр дүнд хурцадмал байдлыг түр боловч арилгаж чадсан юм.
- Өлсгөлөн түүнд хандсан хандлага
Өлсгөлөнг зарласан эхний мөчөөс түүнд олон түмнээс хандах хандлага янз бүр байсан юм. 4 бүлэгт хүмүүс байсан болов уу гэж бодож байна.
- Өлсгөлөнг бүрэн дэмжиж байсан хүмүүс
- Өлсгөлөнг улс төрийн тэмцлийн хэрэгслийнх нь хвд хүлээн зөвшөөрөхгү боловч тавьж байгаа шаардлагыг нь үндсэндээ дэмжиж байсан хүмүүс.
- Өлсгөлөнг огт дэмжихгүй байсан хүмүүс
- Хөндлөнгөөс ажиглагчийн байр суурь баримталсан хүмүүс
Аль бүлэг, хүмүүс ямар хэмжээгээр байх вэ, бүлэг тус бүрт нийгмийн ямар группт хамрагдаж байв гэдгийг социологийн судалгаагүйгээр баталгаатай хариулахад хэцүү. Гэвч зарим логик дүгнэлтүүд хийж болох юи. Тухайлбал:
1-р бүлэгт, шилжилтийн эдийн засгийн хүндрэлийг өөр дээрээ хамгийн их амсаж байгаа нийгмийн эмзэг давхрагын дийлэнх нь, нөгөөтэйгүүр улс төрийн болон бусад ашиг сонирхлоор Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэж буй улс төрийн хүчин, хувь хүмүүс багтана. Гэхдээ энэ бүлэг хүмүүсийн зонхилох хэсэг нь улс төрийн нарийн учир холбогдлыг үл ойлгогч масс байсан болов уу. Энэ бүлгийн ашиг сонирхлыг улс төрийн хүчнүүд дотроос МСДН илүү илэрхийлж байсан юм. МҮАН-ын удирдах бүрэлдэхүүн, намын гишүүдийн дийлэнх үндсэндээ энэ бүлэг хүмүүст хамаарахгүй боловч намын гишүүд дэмжигчдийн нэлээд хэсэг нь энэ бүлэгт багтаж байсан юм. МАХН-ын гишүүд үндсэндээ энэ бүлэгт хамаарахгүй. Харин дэмжигчдийн цөөнх хэсэг нь энэ бүлэгт багтаж байж болох юм.
2-р бүлэгт, шилжилтийн эдийн засгийн хүнд үед хэдийгээр баталгаагүй ч гэсэн амжиргааны ямарваа нэг эх үүсвэртэй, түүнийхээ өлөө санаа зовнисон хэсэг, улс төрийн аливаа зөрчилтэй асуудлыг эв зүйгээр зохицуулахыг эрмэлздэг хүмүүс хамрагдана. Энэ бүлэгт хүмүүсийн сонирхлыг ил тод төлөөлсөн тйим улс төрийн хүчин гарсангүй. Ийм байр сууринд МҮАН илүү дөхүү байсан хэдий ч түүнийгээ олон түмэнд ойлгогдохуйцаар илэрхийлж чадаагүй юм. МАХН-ын гишүүд, дэмжигчдийн нэлээд нь, магадгүй намынхаа явцуу эрх ашгийг хойш тавьж чаддаг эрүүл хэсэг нь Засгийн газрыг огцруулахаас бусад шаардлагыг дэмжиж байсан болов уу гэж бодогдохоор байгаа юм.
3-р бүлэгт, шилжилтийн эдийн засгийн үед өөрийн гэсэн байр сууриа баттай олж авсан, амьдралын түвшнээ дээшлүүлж чадсан хүмүүсийн дийлэнх хэсэг байсан болов уу.
4-р бүлэгт, эрх баригч болон парламентын намуудын аль алиныг үл дэмжигчид, мөн парламентын гадна байгаа улс төрийн намуудын гишүүд, дэмжигчид хамрагдана.
- Өлсгөлөн,төрийн байгууллагуудын үйл ажиллагаа
Өлсгөлөнгий эхний үед төрийн дээд байгууллагууд (Ерөнхийлөгчөөс бусад) УИХ, Засгийн газар нь өлсгөлөнг үл тоомсорлох хандлага гаргаж байсан юм. Тийм ч учраас өлсгөлөнд оролцогчид болон түүнийг зохион байгуулагч нартай шууд уулзаж, ойлголцох алхам хийхгүй байсан. Иймд тэдний өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан УИХ-ын зарим гишүүд, эрх баригч намын зарим хариуцлагатай албан тушаалтнууд үг хэлсэн бөгөөд тэр нь тухайн хүмүүсийн хувийн үзэл бодол гэж ойлгогдохоос өмнө УИХ, Засгийн газрын байр суурь гэж ойлгогдоход хүрч байсан юм. Тэдний хэлж ярьж байсан зүйл нь:
- Өлсгөлөн бол сөрөг хүчний зохиомол үйл ажиллагаа, түүний ард Ерөнхийлөгч өөрөө бий.
- Засгийн газрыг огцруулбал мөн Ерөнхийлөгчийг огцруулах зөв хэмээн барьцуулахад чиглэгдэж байсан юм.
Улсын Их Хурал, Засгийн газрын долон гишүүд болж, байгаа үйл явдлын талаар өөрийн гэсэн мэдээлэл, судалгаа, дүн шилжилгээгүй явж байсан нь тэднийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарим хүмүүсийн хэлсэн ярьсан зүйлээр асуудлыг төлөөлөх, Ерөнхийлөгчөө хардахад хүргэж цаг алдах байдалтай байсан. Дээрх байдал ч эрх чөлөөний талбайд өлсгөлөн гаргахад хүргэсэн нэг хүчин зүйл байсан юм. Засгийн газрын гишүүд болж байгаа үйл явдлын талаар хүсэлт тавьж Ерөнхийлөгчтэй тусгайлан уулзсаны дараа төрийн өндөрлөгүүд бие биенээ зөв ойлголцох алхам тавигдсан. Энэ байдал УИХ, Засгийн газрын хэмжээнд аливаа асуудалд төрийн гэхээсээ улс төрийн явцуу эрх ашгаар хандах хандлага байдгийн нэг нотолгоо гэж үзүүштэй. Бий болон нөхцөл байдалд Ерөнхийлөгч УИХ-д суудал бүхий намуудын дарга нартай уулзаж улс орны улс төрйин нөхцөл байдлын талаар албан ёсны байр сууриа олон түмэнд мэдэгдэхийг хүссэн. Ийм үйл ажиллагаа нь УИХ-ын зарим гишүүдийн хэлж ярьж байсан зүйл нь зөвхөн тэдний хувийн үзэл бодол болохоос биш, УИХ-ын гишүүдийн олонхийн үзэл биш гэдгийг олон түмэнд болон сөргөлдөгч талуудад зөв ойлгуулахад хэрэгтэй болсон төдийгүй асуудлыг харилцан ойлголцох замаар шийдвэрлэхэд эхний чухал суурь дэвсгэр болж өгсөн юм.
- Өлсгөлөн, түүнээс авах сургамж
Өлсгөлөн манай төр, засгийн байгууллагуудад сургамжтай үйл явдал болон юм. Чухам юуны тухай яриад байгааг товч сийрүүлэх гэж оролдъё.
1.Монголд улс төрийн байдал тогтвортой байна гэж итгэлтэйгээр хэлэх үндэслэл алга, эдийн засгийн уналт үргэлжилж, хүн амын олонхийн нийгмийн асуудал хүндэрч байгаатай холбогдуулан улс төрийн нөхцөл байдал эмзэг хэвээр байна. Үүнийг улс төрийн бүх хүчин, нэн ялангуяа парламентын намууд түүний дотор эрх баригч нам хүлээн зөвшөөрч анхааралдаа авах ёстой.
2.Парламентын намууд нийгэмд санаачлага алдаж, улс төрийн хоосон зай бий болгож байгаагаас улс төрийн байдал хурцдах нэг нөхцөл бүрдэж байна. Үүнийг УИХ анхааралдаа авч өмнө гаргасан улс төрийн шийдвэрийнхээ дагуу УИХ-д албан ёсоор цөөнхийг зохион байгуулж, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг хуульчлан тодорхойлох, УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулж батлах шаардлагатай.
3.Улс төрийн аливаа хурцадмал асуудал бий болоход түүнийг эв зүйгээр шийдвэрлэх талаар төрийн өндөрлөгүүд цаг алдалгүй оролцож, хийгдэж байгаа ажлынхаа талаар албан ёсны мэдээллийг олон түмэнд шуурхай хүргэж байх шаардлагатай. Ингэх нь нийгэмд сөргөлдөгч талууд, тэдгээрийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд бие биенээ харилцан зөв ойлголцоогүйгээс байдал даамжрахаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болох юм.
4.Засгийн газарт улс төрийн ийм доргиотой үйл явдлын дараа хариуцлагагүй ажиллах эрх байхгүй. Тийм эрх урьд нь Засгийн газрын үйл ажиллагааг олон түмэн илүү няхуур харах болсон гэдгийг бодолцвол хариуцлага илүү нэмэгдэж байгаа юм.
- Өлсгөлөн, түүний үр дагаврын тухайд
Өлсгөлөн дээр дурдсанаар нийгэмд улс төрийн хоосон орон зай үүссэнтэй холбоотой. Иймд тэр хоосон орон зайг парламентын намууд бөглөх гэж оролддог юмаа гэхэд намууд бодлогодоо социал чиглэлийг өөрийн эрхгүй илүүд үзэж эхэлнэ. Энэ нөхцөлд Засгийн газар нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн олон түмний даралт, шахалтад илүү өртөмтгий болж мэдэх юм. Ийм байдал хүсүүштэй зүйл төдийлөн биш ээ.
Тэгэхлээр улс төрийн үйл явцын цаашдын өрнөл намууд олон түмний даралт, шахалтыг өөр дээрээ хэрхэн хүлээж авах вэ, ямар хэмжээгээр тэдний сонирхлыг илэрхийлэгч болох вэ гэдгээр үндсэндээ тодорхойлогдох бизээ.
Эрх баригч МАХН-ын хувьд олон түмний даралт, шахалтыг өнөөгийн хэмжээнээс илүүгээр хүлээж авдаг юмаа гэвэл, эдийн засгийн шинэчлэлийг бүрмөсөн дампууруулахтай адил юм болно. Олон түмний даралт шахалтыг хүлээж авахгүй, Засгийн газрынхаа бодлогыг тууштай үргэлжлүүлдэг юмаа гэвэл олон түмний дунд МАХН-ын нэр хүнд нөлөө ямарваа нэг хэмжээгэр зайлшгүй унаж таарна. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг зарчим баримтлана гэвэл Засгийн газрын гишүүддээ халаа, сэлгээ хийх, бүр болохгүй тохиолдолд, Засгийн газраа шинэчлэх арга хэмжээ авч мэдэх юм. Үүнтэй холбоотойгоор эрх баригч намын доторх зөрчил нэмэгдэх магадлал туйлын өндөр гэж үзэж байна. Энэ намд зөрчил хурцдаж эгзэгтэй мөч тохиолдвол, намын нэлээд дэвшилттэй хэсэг нь намаас түрэгдэж болох, аль эсвэл намын доторхи хуучинсаг хэсэг нь намаа орхиж нийгмийн ядуулаг хэсгийн сонирхлыг илэрхийлэгчид болж мэднэ.
Гэхдээ МАХН дотроо хагартлаа зөрчилдөх магадлал бага. Хэргийн учир энэ намын гишүүдийн ухамсартайд биш, тэдэнд улс төрийн орон зайг бусад намууд олгохгүй байгаатай холбоотой байж мэдэх талтай. МСДН-ын хувьд өлсгөлөнгийн үед нийгмийн хамгийн ядуулаг, эмзэг давхаргын сонирхлыг илэрхийлэгч болж байсан ер нь намынх нь онолын үзэл баримтлалыг аваад үзсэн ч энэ чиглэлээ барих болов уу гэж үзэхээр байгаа тул энэ намд нийгмийн баазаа өргөтгөх бололцоо бий. Гэхдээ тэгж чадах эсэх нь МҮАН-аас олон талаар хамаарна. Учир нь МСДН орон нутагт сулхан зохион байгуулалттай. Харин МҮАН орон нутагт үйл ажиллагаагаа хүчтэй явуулж чадах зохион байгуулалтын бүтэцтэй юм. Эцсийн эцэст, МҮАН эрх баригч намын адил эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн зарчмаар ажиллах бизээ. Дүндээ Монголд улс төрийн тэмцэл намуудын хооорондын тэмцэл мэтээр төсөөлөгдөж ирсэн өнөөдрийн зураглал өөрчлөгдөж, намуудын хооронд болон намууд дотроо хэн нь хэний эрх ашгийг хамгаалан тэмцэх вэ гэдгээр улс төрийн тэмцэл өрнөх магадлалтай. Энэ нь яваандаа намуудыг нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалсан улс төрийн байгууллага болоход түлхэнэ. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд намуудын хоорондын тэмцлээсээ илүү, намууд доторх улс төрийн тэмцэл нийгмийн эрүүл ахуйг тодорхойлох шинжтэй болно гэж бодож байна.