Ц. Бүжидмаа
/Боловсрол судлалын доктор (Рh.D)/
Шинэ толь №64, 2009
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Боловсрол дахь жендерийн тэгш байдлын асуудлыг тоон үзүүлэлт, статистик мэдээнээс илүүтэйгээр иргэнийг боловсрол эзэмших, түүний үр дүнг хүртэх тэгш боломжоор хангах цогц үйл явц хэмээн авч үзвээс энэ талаар баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэх механизм, эрх зүйн орчин, иргэд, олон нийтийн ойлголт бүрхэг байгаа нь энэ салбар дахь тулгамдсан асуудлыг тодорхойлно.
- Жендерийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт
- Нийгэмд бүлгүүд ноёрхогч байр суурьтай байх үе улиран өнгөрч байгаа ч нэг бүлэг нь нөгөөгөө давамгайлах хаа сайгүй өргөн дэлгэрсэн өнө эртний механизм хэвээр оршсоор байгаа[1] нь Монгол улсад ч бодитой байна. Жендерийн үүргийн дагуу гэр орон цэвэрлэх, хүүхэд асрах ажлыг эмэгтэйчүүдэд, хүний бусад үйл ажиллагаа, сонирхол, боломжийг эрэгтэйчүүдэд оногдуулж, эрэгтэй хүн түрэмгий, эрч хүчтэй, гэр бүл, улс орныг удирдах чадвартай, харин эмэгтэй хүн сул дорой, зөөлөн, эрэгтэйчүүдээс доргуур байр суурьтай, захирагдах хувь заяатай төрсөн хэмээх уламжлалт үзэл, хэвшмэл ойлголт давамгайлсан хэвээр байна.
Судалгаа юу өгүүлнэ вэ?
Жендерийн талаарх эдгээр уламжлалт үзэл санааны нөлөө манай залуу үеийнхний жендерийн боловсролд хүчтэй нөлөөлж байгаа тухай зарим судалгааны дүн харуулж байна. Боловсролын хүрээлэн, боловсролын жендерийн ажиглах нэгжээс Улаанбаатар хотод ерөнхий боловсролын хэд хэдэн сургуульд хийсэн “Сурагчдын жендерийн толь” судалгаанд хамрагдсан 100 хүүхдийн 90,0 гаруй хувь нь Монгол улсын Ерөнхийлөгчөөр зөвхөн эрэгтэй хүн ажиллах ёстой гэж, 86,0 хувь нь Монгол Улсын Ерөнхий сайдаар зөвхөн эрэгтэй хүн, 75,0 хувь нь Боловсролын сайдаар эрэгтэй хүн ажиллах ёстой гэж үзжээ. Гэтэл энэ хүүхдүүдийн 71 хувь нь ангийн багш, ангийн салааны дарга, ариун цэврийн даргаар эмэгтэйчүүд ажиллавал зохино гэжээ. Энэ нь эр хүний давамгайлах үүргийн тухай үзэл өнөөгийн суурин амьдралтай, иргэншсэн нийгмийн хүүхэд, залуучуудын толгойд ч бат бэх байгаагийн нэг илрэл гэж үзэж болно[2] хэмээн судлаачид дүгнэж байна. Иймээс ч уг судалгааны хүрээнд аав гэртээ, ээж гэртээ байгааг зураглаж үзүүлэхийг хүссэн хэсэгт аав нь диван дээрээ телевиз үзэж, сонин уншиж буйгаар, харин ээж нь нэг гартаа хүүхэд тэвэрч, нөгөө гараараа хоол хутгаж буйгаар зурж үзүүлсэн нь цөөнгүй байсан[3] байна.
Сонирхолтой нь жендерийн энэ хэвшмэл ойлголтыг бэхжүүлэх хүчин зүйлс боловсролын салбарт өргөн хүрээтэй оршсоор байгаа бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй, эмэгтэй захирал, эрхлэгч, багш нарын тооны харьцаа, сурах бичиг дэх гажуудал, сурах сургах үйл явц дахь жендерийн тогтсон хандлагаар илэрч байна. Тухайлбал, сургуулийн захирлуудын дийлэнх нь эрэгтэйчүүд байгаа нь шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд ажиллаж, эмэгтэйчүүд тэдэнд захирагдаж байх ёстой хэмээх жендерийн хэвшмэл үзлийг баталгаажуулах нэг нөхцөл болж байна. /Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 81,4%, цэцэрлэгийн багш нарын 98,7% нь эмэгтэйчүүд байхад, сургуулийн захирал, эрхлэгч нарын 70,7% нь эрэгтэйчүүд байна/.
- “Жендер”, “секс” хэмээх 2 ойлголтыг монгол хэлнээ ганц “хүйс” хэмээх ойлголтоор хязгаарлаж ойлгох явдал олон түмний дунд байна. Байгалиас авч төрсөн хүйсийн ялгаатай холбоотойгоор хүүхэд төрүүлэх, эцэг байх зэрэг сексийн асуудлыг эхнэр нөхөр байх, хамт суралцах, адил тэгш эрх эдлэх, нийгмийн амьдралд тэгш оролцох тухай жендерийн үзэл санаатай хольж хутгах, ялгаж танихгүй байх нь элбэг байна.[4]
- Жендерийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгох явдал түгээмэл байна. Олон улсын практикт 1970-аад оноос бий болсон “эмэгтэйчүүд хөгжилд”, 1980- аад оноос гарч ирсэн “жендер ба хөгжил” хэмээх урсгал байх бөгөөд манайд жендерийн асуудлыг зөвхөн эхний урсгалын чиг хандлагаар төсөөлөх явдал өнөөдөр ч хүчтэй хэвээр байна. Иймээс жендерийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн оролдлого хэмээн үзэж, энэ асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, бодлого, зорилтыг тодорхойлох, үйл ажиллагаа болгох эрмэлзэл, чармайлтууд дутмаг байгаа төдийгүй зарим тохиолдолд зайлсхийх, үл ойшоох хандлага байсаар байна. Энэ нь эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оролцох, баялаг бүтээх түүхэн бөгөөд хэн ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй тэр л үүргийг үгүйсгэдэг, түүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй эцгийн эрхэт ёсны үзэл суртлаас улбаатай.
Судлаачид юу хэлнэ вэ?
Гэр бүлийн дотор эмэгтэй хүний эзлэх байр суурь, эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэж, нийгмийн үйлчилгээний салбарт ажиллагсдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин давамгайлах байдалтай байгаа боловч эрчүүд түүнийг хүлээн зөвшөөрөх боловсрол, сэтгэлийн тэнхээ дутдаг явдал олонтаа гардаг[5].
- Жендерийн тэгш байдлыг хангах талаар боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжилт, тулгамдсан асуудал
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн баримт бичгүүд, тухайлбал Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулинд иргэдийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьс өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, бүх шатны боловсролын агуулгыг иргэдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлог, авъяас сонирхол, хувь хүний хэрэгцээ, үндэсний онцлог, олон улсын боловсролын нийтлэг жишигт нийцүүлэх тухай хуульчлан баталгаажуулж өгсөн.
- Гэвч эдгээр нь ерөнхийдөө хүйсээр үл ялгаварлах үзэл санааг агуулсан хүүхэд бүрийн сурч боловсрох тэгш эрхийн тухай болон тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ шаардагдах бүлэгт хамаарах заалтуудаар хязгаарлагдаж байна. Харин “жендерийн тэгш байдал” хэмээх томъёоллоороо тусгагдсан ямар нэгэн заалт байхгүй байна.
- Ерөнхий боловсролын эрх зүйн баримт бичгүүдэд сурах, сургах үйл явцад охид хөвгүүдийн ялгаатай хэрэгцээг харгалзан үзэх тухай хуульчилсан заалтууд байхгүй байна. Харин “бүх нийтээр”, “бүх иргэдэд”, “бүх суралцагчдад”, “хүйс үл хамааран” гэх зэрэг томъёоллууд орсон байгаа нь жендерийн тэгш байдлыг хангах үзэл санааг тусгасан үзүүлэлтүүд болж байна.
- Бага дунд боловсролын стандартын агуулгын хэсэгт “суралцагчдад суралцах тэгш боломжийг хангах, бүх хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан, суралцах боломжид нийцүүлсэн хүмүүнлэг байх тухай заасан байна. Харин арга зүйн хөгжлийн үндэс хэсэгт “Боловсролын арга зүй нь суралцахуйн сэтгэл зүйн ерөнхий тогтол, тулгуур зарчмуудад үндэслэгдсэн, хүний хөгжлийг тодорхойлогч социологи, антропологи, менежмент, ёс зүй, гоо зүйн үндэс зэрэг олон талт хүчин зүйлийг тооцсон байх” гэж заасан боловч жендерийн тэгш байдлын тухай санаа алга байна.
- Монгол улсын мянганы хөгжлийн зорилт[6], Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого /2002/, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2004/, Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр /2003/, Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө /2006/, “Хүүхдэд ээлтэй сургуулийг хөгжүүлэх бодлого” зэрэг баримт бичгүүдэд хүйс, нийгмийн гарал, амьдралын нөхцөл байдлаар үл ялгаварлан гадуурхах талаар заалтууд тусгагджээ. Боловсролын салбарт тусгайлан хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт заалт орсон боловч энэ нь зөвхөн хөдөөгийн эрэгтэй эмэгтэйчүүдийн боловсрол, мэргэжлийн түвшингээ дээшлүүлэн хөгжих, мэдээлэл авах орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай заалтаар хязгаарлагдсан байна.
Хэрэгжилт, тулгамдсан асуудал
Монгол улсад боловсролын салбар дахь жендерийн тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн орчин зарим талаар бүрдсэн боловч түүнд хүрэх арга зам, стратегийг тодорхойлсон үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлсон бодлогын баримт бичиг байхгүй байна.
- Монгол улсын Боловсролын тухай хуулинд Боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна[7] хэмээн заасан боловч ихэнх сургуулиуд алслагдмал байдалтай, анги дүүргэлт ихтэй байгаа нь харилцан адилгүй мэдлэг чадвартай хүүхдүүдийг сургалтад тэгш хамруулах боломжийг хязгаарладаг.
Судалгаа юу өгүүлнэ вэ?
Багш бидний хувьд хичээлийг сонирхолтой хэлбэрээр төлөвлөн явуулах, хүүхдийн хэрэгцээ, онцлог хүрсэн түвшин зэрэгт нийцүүлж ялгаатай арга зүйгээр хөтлөх боломж үнэхээр бага. Уг нь энэ нь өгөөжтэй, хүүхдэд сонирхолтой, багш бидэнд ч тааламжтай байх боловч хэд хэдэн бэрхшээлүүд байдаг. Нэгдүгээрт анги дүүргэлт 45- 50, заримдаа 60 хүүхэдтэй анги ч байна. Энэ тохиолдолд багаар ажиллуулах, оролцооны аргаар хичээлийг явуулах ямар ч боломж байхгүй. Багш, хүүхэд хоёул өглөөнөөс эхлээд тэр олон хүүхдийн шуугианд ядарч, сүүлийн цагуудыг арай ядан өнгөрөөдөг. Хоёрдугаарт багш бид нар санаачилга гарган ялгаатай арга зүйгээр хичээлээ заримдаа заадаг л даа. Гэхдээ үүнд бэлтгэл маш их ордог учир тэр бүр амждаггүй.
УТБА-иас зохион байгуулсан “Ардчиллын үнэлэмж төлөвших үйл явцыг жолоодох нь” сургалтанд оролцсон Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай хийсэн фокус бүлгийн ярилцлагаас
- ЕБС-ийн багш ажилтнуудын болон багш бэлтгэх сургуульд элсэгчдийн хүйсийн харьцааг тэнцвэржүүлэхэд чиглэсэн бодлого хөтөлбөр байхгүй байна.
Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт “жендер судлал” тусгай хичээл байхгүй. Энэ хичээлийг заах мэргэжилтэн цөөн, багш нарт зориулсан энэ чиглэлийн ном, сурах бичиг /үндэсний хэл дээрх/ цөөн байгаа нь хэнд ч тодорхой. Харин 2004 оноос эхлэн боловсрол дахь жендерийн Ажиглах Нэгжийн санаачлага, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны зөвлөмжөөр багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт боловсролын жендерийн асуудлыг 16 цагаар тусган оруулдаг болсон байна.
Сургуулийн хүрэлцээ, анги дүүргэлт зэргээс шалтгаалан багшаа, ангиа, хичээллэх цагаа сонгох боломж хүүхдэд байхгүй байна.
Сургууль боловсролын байгууллагуудад охид хөвгүүдэд тохиромжтой сургалтын тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байна. Ялангуяа төрийн өмчийн сургуулиудад хүүхдийг сургуульд нь хүргэдэг, авдаг тээврийн хэрэгсэл байхгүйгээс сургуульд ирж очихдоо халдлагад өртөх, эрх нь зөрчигдөх явдал гарч байна.
Боловсрол дахь жендерийн Ажиглах Нэгжээс эрхлэн явуулсан судалгааны дүнгээс үзэхэд боловсролын салбарт ажиллагчид, суралцагчдын дийлэнх хэсэг нь эмэгтэйчүүд боловч боловсролын материаллаг болон сэтгэлзүйн орчин нь эмэгтэйчүүдэд ээлтэй байдлаар бүрэлдэж хараахан чадаагүй дүр зураг гарчээ.
Судалгаа юу өгүүлнэ вэ?
Сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн архитектурт хүйсийн онцлогтой шийдэл дутагдалтай, цэцэрлэгийн тоглоом нь хүүхдийн хүйсийн онцлогт тохироогүй, сургуулийн орчин нь охид эмэгтэйчүүдэд ээлтэй биш багш суралцагчийн харьцаанд хүйсийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэхэд нөлөөлж болохуйц хандлага байгаа нь харагдаж байна.
/Боловсрол дахь жендерийн ажиглах Нэгжээс явуулсан судалгааны дүнгээс/
- Сургуулийн өмнөх боловсрол болон бага, дунд сургуулийн багш нарын, түүнчлэн бага дунд сургуулийн суралцагчдын хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдсан байна. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш, ажиллагчдын дотор эмэгтэйчүүд зонхилж, харин удирдлагын салбарт ихэвчлэн эрэгтэйчүүд ажиллаж байна.
Судалгаа юу өгүүлнэ вэ?
Нэгээс гуравдугаар ангийн эмэгтэй сурагчдын эзлэх хувь 50.3%, 7-р ангид- 53.1%, 9-р ангидаа-58.4% болж байна. Дунд сургууль төгсөгчдийн 56.2 хувь, дээд сургуульд суралцагчдын 78.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин алс хязгаар нутгийн дархад, цаатан зэрэг үндэсний цөөнхийн дотор хүүхэд сургууль завсардах, насанд хүрсэн хөдөөгийн хүн амын дотор эмэгтэйчүүдийн бичиг үсгийн боловсролын түвшин эрчүүдийнхээс доогуур байв. Нийт багшийн 78.2 хувь нь, бага ангийн багш нарын 92.5 % нь эмэгтэйчүүд байна.
/Боловсрол дахь жендерийн ажиглах Нэгжээс явуулсан судалгааны дүнгээс/
Монгол улсын бага дунд боловсролын стандарт, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт жендерийн мэдрэмж сул байна.
Судалгаа юу өгүүлнэ вэ?
ЕБС-ийн шинэ стандарт жендерийн мэдрэмжээр маш сул, сургуулийн зарим сурах бичиг эмэгтэйчүүдийг дорд үзэх уламжлалт үзэлд суурилж бичигдсэн, сурах бичигт байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зургийн 70,0 шахам Хувьд нь дан эрэгтэй хүний зураг тавигдсан, эмэгтэйчүүдийг ахуйн хүрээнд ажил үүрэг гүйцэтгэж байгаагаар, эрчүүдийг нийгэм, төрийн албанд ажиллаж байгаагаар голдуу дүрсэлсэн байгаа нь харагдсан байна.
/Боловсролын хүрээлэн, шинжпэх ухааны Академиас 2005 онд ЕБС-ийн сурах бичигт хийсэн жендерийн мэдрэмжийн судалгааны дүнгээс/
- Гэр бүлийн орлого, эдийн засгийн байдал, хүүхдийн сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүн, хувцас, унааны зардал зэргээс шалтгаалан хүүхэд сургуулиас завсардах явдал гарсаар байна.
- Боловсрол дахь хүүхдийн эрхийн асуудлаарх олон тооны судалгаанаас харахад сургууль, гэр бүлд хүүхдийн эрх зөрчигдөх, шийтгэл хүлээх явдал их байна. “Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэл”[8] судалгаанд хамрагдсан 595 хүүхдийн зөвхөн 12 хүүхэд ямар нэгэн шийтгэлээр шийтгүүлж байгаагүй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан 11-15,14-15 насны хүүхдийн 53,2% нь сургууль дээр, 42,3% нь гэртээ байнга шийтгүүлдэг хэмээн үзсэн байна. Уг судалгааны дүнгээр боловсролын байгууллагад хүүхдийг хамгийн их шийтгэдэг нь багш нар байгаа[9] нь тэдэнд хүүхдийн эрх, жендерийн боловсрол, мэдлэг, арга зүй дутагдаж байгаатай холбон үзэж болохоор байна.
Энэ бүхнээс үзэхэд боловсролын салбар дахь хүүхдийн эрх, жендерийн асуудлаар судалгаа шинжилгээг эрчимжүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөр боловсруулж, дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна.
[1] Миллет К. Теория сексуальной политики. Вопросы философии. М., 1994. 9 с.23-58
[2] Мөн тэнд
[3] ЮНЕСКО-гийн захиалгат санхүүжилтээр боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус харьцааны асуудлыг Боловсролын хүрээлэн судалж үзсэн бөгөөд судалгаанд нийт 600 сурагч, эцэг эх, багш, удирдах ажилтан хамрагдсан юм. Боловсролын хүрээлэн Жендерийн ажиглах нэгжээс хийсэн судалгааны дүнгээс. УБ., 2006 он.
[4] Н.Бэгз. Залуучуудын жендерийн боловсрол: Өнөөгийн байдал, цаашдын хандлага. Илтгэл
[5] Мөн тэнд
[6] “2015 он гэхэд бүх шатны боловсролын түвшинд жендерийн тэгш бус байдлыг арилгана”
[7] Монгол улсын боловсролын тухай хууль 5.1.3
[8] Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл: үзэл бодол судалгааны тайлан. Зохистой хөгжлийн жендер төв. Английн хүүхдийг ивээх сан. 2005
[9] Дээрхи судалгаагаар хүүхдийг хэн илүү шийтгэдэг вэ гэсэн асуултад 60% нь багш нар илүү шийтгэдэг гэж үзсэн байна.