Шинэ толь №27, 1999
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Манай орны нийгмийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийгдсэн ардчилсан хувьсгалын жилүүд өчигдөрхөн мэт санагдавч эдүгээ нэгэнт нэгэн арван жилийн түүх болон үлджээ.
Өөрчлөлт шинэчлэл, түүхэн үйл явдлаар баялаг сонирхолтой энэхүү цаг үед боловсролын салбарт гарсан томоохон өөрчлөлтүүд, ололт амжилт хийгээд сургамж, цаашдын зорилтын талаар та бүхэнтэй санал хуваалцах завшаан олдсонд баяртай байгаагаа илэрхийлье.
Ардчилсан хувьсгалын нөлөөгөөр манай улсад үйлчилж байсан боловсролын зорилго үндсээрээ өөрчлөгдөж манай улсын боловсрол дэлхий дахины жам ёсны гольдиролд нийлэн орсон билээ. Хуучин нийгмийн боловсрол, хүмүүжлийн тогтолцоо нь хувь хүний байгалийн унаган шинжийг үгүйсгэн тухайн нийгмийн захиалгын дагуу нэг маягийн хэвэнд цутгахыг зорьж байсан бол өнөөгийн нийгмийн боловсролын зорилго нь хувь хүнийг хөгжүүлэх, боловсрол эзэмших нөхцөл бололцоогоор хангахад чиглэгдэж байна.
Шинээр тавигдаж буй боловсролын зорилгод нийцүүлэн боловсролынхоо тогтолцоог өөрчлөн шинэчлэх, иргэдийн боловсрол эзэмших боломжийг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанартай боловсролоор тэдэнд үйлчлэх томоохон зорилтууд бидний өмнө тавигдсаар байна.
Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх нөр их ажил 90-ээд оноос эхлэн хийгдсэн, тодорхой ажлууд хийгдэж үр дунд хүрээд байгаа, цаашид ч хийх ёстой зүйл их байгаа билээ.
Боловсролын эрх зүйн шинэчлэл
1991 онд “Боловсролын тухай” Монгол улсын хууль, 1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдан гарсан нь боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлийн эхлэл, эрх зүйн шинэ орчны эх суурь тавигдсан гэж үздэг.
1995 онд Боловсролын багц хууль, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргаж боловсролын бүх шатанд баримтлах төрийн бодлогыг нарийвчлан тодорхойлж, боловсролыг тус улсын тэргүүлэх салбарын нэгэнд албан ёсоор тооцсон билээ. Энэхүү бодлогын баримт бичиг нь бүх нийтийг боловсролд тэгш хамруулах, суурь боловсролыг үнэ төлбөргүй олгох, нийгмийн эмзэг бүлгийнхний боловсрол эзэмших баталгааг хангах, албан бус, техникийн болон мэргэжлийн боловсролыг ард нийтийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилттой уялдуулах зэрэг чиглэлүүдэд анхаарлаа хандуулсан юм.
Эдгээр эрх зүйн болон бодлогын тулгуур баримт бичгүүдэд үндэслэн “Сургуулийн өмнөх боловсролын үндэсний хөтөлбөр”, “Бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх үндэсний хөтөлбөр”, “Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр зэрэг боловсролын түвшин бүрээр үндэсний хөтөлбөрүүд батлагдан гарсан нь үндэсний хэмжээний боловсролын бодлогыг улам нарийвчлан тодорхой болгож, бодлогын дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж өгсөн.
1996 оноос “Ардчилсан Холбоо” эвсэл засгийн эрхийг авч, “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийг боловсруулж мөрдүүлсэн билээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үндэслэсэн “Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэл”-ийг батлан гаргаж, 1998 онд боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Эдгээр баримт бичгүүдэд сурч боловсрох нь хүний үндсэн эрхүүдийн нэг болохын хувьд хүн бүр боловсролын үйлчилгээг тэгш хүргэх нөхцлөөр хангагдах, боловсролд олон нийт, сонирхлын бүлгүүд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, боловсролын үйлчилгээг иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх, чинээлэг хангалуун амьдрах баталгаа болгох боловсролын бүх шатанд төвлөрлийг сааруулах, боловсролд хөндлөнгийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг өөрчлөлт шинэчлэлтийн зорилтуудыг тусгасан билээ.
Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд “Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Сурагч, өсвөр үеийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”, “Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр”, “Хүн амын эрүүл мэндийн боловсрол”, “Өсвөр үеийн нөхөн үржихүйн хөтөлбөр зэрэг үндэсний хөтөлбөрүүд батлагдан хэрэгжиж байгаа нь Боловсролын бодлогыг эрүүл мэнд, экологи, хүүхэд хамгаалал хүний нөөцийн хөгжлийн дэлхий дахины бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.
Ийнхүү ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойшхи 1 жилийн дотор боловсролын салбарын эрх зүйн цоо шинэ орчин бүрэлдэн тогтсон гэж дүгнэн хэлж болно.
Өнөөдөр манай салбарт хэрэглэгч төвтэй шинэчлэл явагдаж байна гэж хэлж болно. Хэрэглэгчийн идэвхтэй оролцоо нь сургалтыг ардчилах, удирдлага, зохион байгуулалтын эрүүл тогтолцоо бий болгох, боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Боловсролын эдийн засаг, санхүүжилтын тухай ярихад л байгууллагыг санхүүжүүлдэг байсан тогтолцооноос гол хэрэглэгч болох суралцагчаар дамжуулан санхүүжүүлэх тогтолцоонд шилжиж байна.
Боловсролыг нэг намын үзэл суртлын зэвсэг, тэрхүү үзэл суртлыг дамжуулах хүчирхэг машин болгон ашиглаж байсан бол өнөөдрийн тогтолцоо нь иргэдэд, хэрэглэгчидэд үйлчлэх үйлчилгээний шинжээ улам ихээр агуулах боллоо.
Боловсрол ба хувь хүний эрх чөлөө
1991 онд “Боловсролын тухай” Монгол улсын хууль батлагдсанаар хувь хүн өөрийнхөө боловсролын төлөө чөлөөтэй сонголт хийх, өөрийгөө хувь хүний хувьд нь чөлөөтэй хөгжүүлэх боломжийг хуульчлан бататгаж өгсөн билээ. Энэ үеэс аливаа сургалт нь хувь хүний онцлог, дахин давтагдашгүй өвөрмөц шинжийг хүндэтгэн үзэж, түүний хэрэгцээ, сонирхолд тулгуурласан, хувь хүний авъяас, чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц байх ёстой гэсэн зарчмыг мөрдөх болсон билээ. Эдүгээ хүний эрх, эрх чөлөөг хаана боогдуулж, суралцагчдад сонголт хийх боломжийг олгодоггүй, нэгэн хэв загварыг номлодог байсан сургалтын тогтолцоо цаг үетэйгээ хамт улиран одож байна.
Хүний үйл ажиллагааны бүхий л хүрээний шаардлага хэрэгцээг хангах, аливаа үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх чадвар бүхий иргэд төлөвшихээр боловсроп олгох, нийгмийн өнөөгийн болон ирээдүйн эрэлттэй уялдсан өндөр түвшний мэдлэг, дадлага олгохуйц сургалтаар иргэдэд мэрэгжлээ эзэмших, мэрэгших сургалтын боломж олгох, хүний эрх, тогтвортой хөгжил, ардчиллын үзэл бодлыг дэмжин, энх тайвныг эрхэмлэж, шударга ёсыг хүндэтгэдэг, аливаа шинэ өөрчлөлтөнд дасан амьдрах чадвар бүхий ерөөсөө амьдран нийгмийнхээ идэвхтэй гишүүн нь байх иргэншсэн буюу боловсролтой бие хүнийг төлөвшүүлэхийн тулд насан туршаа суралцах, боловсрол олж авах боломжоор хангах нь өнөөгийн л зорилт болж байна. Ялангуяа, ардчилсан замаар иргэнших үйл явцын үндсийг бий болгогч үнэт зүйлсэд залуучуудыг гаргах, ингэхдээ олон ургальч үзлийг эзэмшүүлэх, хүний нийгмийн хэтийн төлөв, ирээдүйн тухай үнэн зөв төсөөлөлтэй болгох, бусад үндэстэн, бүс нутгийн түүх, соёл, урлаг, уран бүтээл, хүмүүнлэгийн ёс зүйн асуудалд ухаалаг, хүндэтгэлтэй ханддаг тийм боловсрол олгох нь зүй ёсны шаардлага болж байна.
Сонголтын өргөн боломжтой, суралцагчдын авъяас сонирхол дээр тулгуурласан тийм л сургалтыг явуулж чадваас сургалтад ардчиллыг жинхэнэ утгаар нэвтрүүлж чадах билээ. Хүний боловсрол эзэмших, бүтээлч сэтгэлгээтэй иргэд болж төлөвшихөд боловсролын шинэчлэл ихээхэн ач холбогдолтой бөгөөд үүнийг сургалтын тогтолцоонд шинэ технологи, удирдлага, зохион байгуулалтын зохистой механизмыг нэвтрүүлснээр л шийдэж чадна. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгддэг сургалтын дэвшилтэт арга, технологи, кредит цагийн тогтолцоо, үнэлгээний шинэ механизм гээд орчин үеийн боловсролын дэвшилтэт зүйлс манай сургуулиудад нэвтэрч эхлээд байна.
Ардчиллын жилүүдэд олсон нэгэн амжилт бол эрдмийн ажлын эрх чөлөө юм. Судалгаа, шинжилгээний ажил хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих нь тодорхой хил хязгаараас давж болдоггүй байсан цаг үеийг бид сайн санаж байгаа. Ялангуяа, нийгмийн шинжлэх ухааны салбарт энэ үзэгдэл амь бөхтэй оршиж байсан. Гэтэл өнөөдөр манай их сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж буй эрдэмтэн мэргэд маамь эрдмийн ажлын эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан, ямар ч чиглэлийн судалгаа, шинжилгээний ажил явуулах өргөн боломжтой болсон.
Боловсролд олон нийтийн оролцоо
Боловсролын удирдлага, зохион байгуулалт, менежмент, хяналт үнэлгээний чиглэлд сургуулийн үйл ажиллагаанд орон нутаг, иргэд, сонирхлын бүлгийн оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх, боловсролын хөндлөнгийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр шинэлэг ажлууд хийгдэж байна. Хуучин нийгмийн үед боловсрол нь мэргэжлийн яамнаасаа шууд хамааралтай дээрээс доошоо хандсан босоо удирдлагатай маш нүсэр төвлөрсөн тогтолцоо байсан. ЕБС-ийн захирлыг хүртэл яамны сайд томилдог тийм л төвлөрсөн тогтолцоо үйлчилж байлаа. Удирдлага, төлөвлөлтийн бүх л шатанд мэргэжлийн байгууллагын оролцоо дагнасан, олон нийтийн оролцоо хаалттай байсан тийм цаг үе байсан.
Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ЕБС, цэцэрлэгийн удирдлага нутгийн захиргааны мэдэлд шилжсэн бөгөөд мэргэжлийн сургуулиуд бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангагдсан. 1998 онд боловсролын өөрийн удирдлага болох удирдах зөвлөлийг ажиллуулах заалт орсноор бүх шатны сургуулиудад сургуулийн удирдах зөвлөлийг байгуулан ажиллуулж эхэллээ. Ингэснээр сургуулийн удирдах зөвлөлөөр дамжуулан боловсролд олон нийт, сонирхлын бүлгийн оролцоог бодитой болгох алхам хийгдэх юм.
Үүний зэрэгцээ дээд боловсролын шинэчлэлд оюутнуудын оролцоог идэвхжүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, боловсролын шинэчлэлийг дотроос нь эрчимжүүлэхэд оюутнуудын өөрсдийнх нь идэвх зүтгэл ихээхэн дутагдаж байгаа бөгөөд ингэснээр сургалтын технологид мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй, төгсөгчдийн түвшин дэлхийн адил төстэй их, дээд сургууль төгсөгчдийнхээс доогуур байсаар байна. Үүнд манай их, дээд сургуулиудын оюутны холбоод, залуучуудын байгууллагууд улс төржсөн шинж чанартай байгаа нь тодорхой нөлөө үзүүлж байгаа нь нууц биш.
Иймээс оюутны холбоод болон залуучуудын байгууллагууд үйл ажиллагаагаа өнөө үеийн нийгмийн иргэн хүний үндсэн эрх ашиг болох өөрийн хүссэн боловсролоо орчин үеийн түвшинд олж авахын төлөө үйл хэрэг чиглүүлбэл ардчилал бодит байдал болоход, боловсролын шинэчлэл эрчимжихэд ихээхэн дэмжлэг болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Оюутнууд бол Дээд боловсролын анхаарлын гол төв бөгөөд түүнд оролцогчийн нэгэн хэсэг мөн болохын хувьд тухайн сургуулийнхаа тохирох зохистой бүтцийг буй болгох энэ бүтэц нь эргээд тэдэнд өөрсдийнхээ боловсролын түвшинг ахиулах, тухайлбал, сургалтын төлөвлөгөө, сургалтын арга зүйн шинэчлэл хийхэд нь тусалдаг байхаар шийдвэр гаргаж байдаг байхаар тийм түвшинд өөрсдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байна.
Нэгэн үе манай улсын гадаад харилцаа зөвхөн социалист системийн орнуудын явцуу хүрээнд л эргэлддэг байсан. Боловсролын салбарын хувьд ч мөн ялгаагүй дээрхи орнуудад л оюутан, залуучуудаа явуулж сургадаг байсан билээ. Тэгвэп өнөөдөр дэлхийн 20 гаруй оронд жил бүр 200 орчим оюутан, залуучуудыг засгийн газрын шугамаар илгээдэг болоод байна. Үүн дээр гадаад орнуудад хувийн зардлаар суралцаж байгаа болон богино хугацааны сургалтад хамрагдаж байгаа хүмүүсийг оруулан тооцвол их тоо гарна.
Манай боловсролын салбарын гадаад харилцаа ихээхэн өргөжлөө. Хөдөөгийн дунд сургууль ч гэсэн гадаад орны сургуулиудтай холбоотой ажиллах сайхан боломж нээгдсэн. Их сургууль, коллежийн бие даасан байдал өргөжиж гадаадын олон эрдэм шинжилгээний байгууллага, сургууль, төрийн бус байгууллагуудтай шууд харилцаж байна. Зөвхөн МУИС-аар л жишээ авахад өнөөдөр энэ сургууль гадаадын 40 гаруй сургууль, 30 орчим байгууллагатай шууд харилцаатай хамтран ажиллаж байна.
Боловсролын нээлттэй байдал нь сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын нэр хүндтэй сургуулиудын зарим ангийг нээж ажиллуулах, боловсролын баримт бичгээ харилцан хүлээн зөвшөөрөлцөх үйл ажиллагаагаар дамжин манай сургуулиудын чанар чансааг хөгжилтэй орнуудын сайн сургуулиудын жишигт хүргэх боломжийг нээн өгч байна.
Бүх нийтийн тасралтгүй боловсрол
“Боловсролын тухай” Монгол улсын хуулинд “Боловсрол нь албан ба албан бус боловсролын нэгдэл байна” гэсэн шинэ заалт орсон нь албан бус боловсролыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх эхлэл нь болсон гэж үздэг. “Албан бус боловсролын үндэсний хөтөлбөр” батлагдан гарч аймаг, сумын хэмжээнд албан бус боловсролын төвүүд байгуулагдаж, энэ чиглэлээр гадаадын хандивлагчдын туслалцаатайгаар төслүүд хэрэгжүүлж, эдүгээ манай ард иргэд албан бус боловсролын эзлэх байр суурь, үнэ цэнийг ойлгодог боллоо. Боловсролыг зөвхөн сургууль, цэцэрлэгийн хүрээгээр хязгаарладаг хуучин ойлголт өөрчлөгдөж, хүний насан туршийн тасралтгүй боловсролыг гэр бүл, албан бус сургалтын төвүүд, орон нутгийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг, маш өргөн хүрээтэй үйл явц гэдгийг мэддэг боллоо.
XXI зууны боловсролын дүр төрх
Монгол улсад өрнөсөн ардчилсан хувьсгал нь хоёр зууны зааг дээр тохиосон нь шинэ зуун руу хандсан дэлхий дахины томоохон өөрчлөлтүүдтэй давхцаж байгаа өвөрмөц онцлогтой юм. Энэ байдал биднээс хоёр дахин их ажил хийхийг шаардаж байна. Ардчилсан өөрчлөлтийг шинэ зууны зорилтуудтай хамтад нь шийдвэрлэхгүй бол дэлхий дахины хөгжлөөс бас дахин хоцорч болзошгүй юм.
XXI зуун бол мэдээлэл, технологи, глобалчлалын зуун болох нь нэгэнт тодорхой болжээ. Иймд бид өвөрмөц онцлог бүхий шинэ зууны иргэдэд шинэ боловсролоор үйлчлэх хариуцлагыг хүлээх болно.
Маш их харилцан хамааралтай, орон зайн саадыг гэтэлсэн, нэгдмэл нэгэн орчин, гэр бүлд ажиллаж, амьдарч, суралцах тийм л дэлхийн иргэнийг төлөвшүүлэх болж байна.
Мэдээлэл, технологийн өндөр мэдлэг, бусдын соёл зан заншлыг хүндэтгэн үзэх, хүлээн зөвшөөрөх чадвар, хүндрэл бэрхшээлийг хүлцэн тэвчих төлөвшил, тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх чадвар, дадал эзэмших нь шинэ зууны боловсролын зорилгыг илэрхийлэх хүчин зүйлүүд болно.