М.Болормаа
/”Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн/
Шинэ толь №36, 2001
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Өнөөдөр бид нийгмийн үнэт зүйлс бол гэр бүл мөн гэж тодорхойлдог. Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч нэгж ч гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд 18 нас хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн дурын үндсэн дээр гэр бүл болох талаар хуульчлан заасан байдаг билээ. Тэгвэл гэр бүлийн талаарх гарал үүсэл, эрх зүйг статус нь эртний Ромын эрх зүйд юу гэж заасан байдаг тухай товчхон өгүүлье. Чухамхүү яагаад заавал Ромын гэж онцлон үзсэний учир гэвэл гэр бүлийн харилцааг тухайн үедээ хамгийн боловсронгуй зохицуулсан байсан гэж үздэг.
Эртний бүлгээрээ гэр бүл болох, омог дотор гэрлэх гэрлэлтээс /эндогам/ төрөл дотор адилсах сонгомол гэр бүл буюу өөр омгийнхоос гэр бүл болдог /экзагам/ өвөрмөц хэлбэрт шилжсэн нь эртний заншлын ёс дэгийн дагуу хөгжиж “Омгийн дотроос гэрлэх ёсгүй” гэсэн бичигдээгүй хууль олон зуун жилийн хэм хэмжээ болж тогтсоор иржээ. Энэ ч бидэнд ураг төрөл болсон буюу цус нэгт ах дүүстэйгээ гэр болж болохгүй гэсэнтэй утга нэг юм.
“Гэр бүл” болох гэдэг үзэгдэл одоогийн төлөвшлийг олтлоо олон янзын түүхэн шалгуур, урт удаан цаг хугацааг элээсэн бөгөөд Ромд үүссэн гэр бүлийн анхны хэлбэрүүд нь эхэн үедээ зан заншлын маш нарийн зохицуулалт, онцлогтой байжээ. Ромын анхны хаант улс бий болсон МЭӨ VIII зууны дунд үеэс гэр бүл нь аажмаар нэг нөхөр, нэг эхнэр байх ёсонд үндэслэсэнгэр бүлийн /моногам/ хэлбэрийг олж хөгжсөн байна. Харин “гэр бүл” гэдэг ойлголтын талаар хууль тогтоомжид тодорхойлж, зохицуулах явдал нь МЭ III зууны үеэс идэвхтэй болж иржээ.
Эртний болон Ромын эрх зүйн хөгжлийн эхэн үед гэр бүл нь аж ахуй эрхлэх гол субъект болж байсан ба түүний эх үндэс нь эдийн засгийн болон материаллаг хүчин зүйлээр тодорхойлогдож байв. Одоо ч гэсэн энэхүү хүчин зүйл үйлчилсээр байгааг үгүйсгэж болохгүй юм. Ромын хаант улсын үед зан заншлын ёс журам хүчтэй үйлчилж байсан тул гэр бүлийн харилцаанд эцгийн эрхт ёсны дэг жаяг гүнзгий нэвтэрсэн байв. Энэхүү байдал уламжлагдаж үлдсэнээр Ромын хаант улсын эхэн үед хувь хүний эрх зүйн бие даасан байдал нь өрхийн байр суурь, язгуур, угсаа, гэр бүлийн статусаар хязгаарлагдаж байсан байна.
Ромын гэр бүлийн удамшлын нэг онцлог өрхийн статус маш нарийн зохицуулалттай байсанд оршино. Энэ нь эхэн үедээ агнатын төрөг голлох нөлөөтэй байсан гэж түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Агнатын төрөл гэдэг нь нэг өрхийн доторх цусан төрлийнхолбоо бүхий гэр бүлийн гишүүд өрхийн тэргүүний удирдлага дор бүгд багтана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, нэг дор амьдарч байгаа бүх гишүүд өрхийн тэргүүнээс шууд хамаарна. Харин нэгэн дээвэр дор амьдарч байгаад тусдаа гэр бүл болж, өрх тусгаарласан эмэгтэй, хуучин гэр бүлийн гишүүдтэйгээ харьцахдаа когнат төрөл болдог. Когнат гэдэг нь төрснөөрөө, төрөлх удмаараа холбогдох харьцааг хэлнэ.
Ийнхүү гэр бүлийн тухай эрх зүйн ойлголт нь нийгмийн зүй тогтол хөгжлийн үе шат бүхэнд хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Эртний Ромын түүхийг судлаач, мэргэжилтэн Модестиний томъёолсноор “Гэр бүл гэдэг нь бурхны болоод хүмүүний жам ёсны эрхээр холбогдсон эхнэр, нөхрийн хамтын амьдралын зүй ёсны нэгдмэл холбоо” гэж тодорхойлсон байдаг.
Тэгвэл Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд Гэр бүл гэдэг нь гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон, харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж заажээ.
Гэр бүлийн түүхэн хэв маяг
Гэр бүлийн хөгжлийн анхны үeд cum mani mariti гэр бүл буюу эцгийн, өөрөөр хэлбэл өрхийн тэргүүний эрх мэдэлд тулгуурласан, императив зохицуулалт бүхий заншлын эрх зүйн дагуу бий болсон гэр бүл байлаа. Энэ гэр бүлд эцэг ба нөхрөөс нь бусад хүмүүс тухайн гэр бүлийн эд юмсыг захиран зарцуулах эрхгүй, зөвхөн түүний хараат байдал дор байна гэсэн үг юм.
Харин sine mani mariti гэр бүл нь өрх гэрийн гишүүдийн эрх тэгш байдалд үндэслэсэн, харьцангуй диспозитив зохицуулалт бүхий өмчийн эрх зүйн дагуу гэр бүл юм. Энэ гэр бүлд зарим хязгаарлалт тогтоосон байдаг. Энэ нь ихэвчлэн эмэгтэй буюу эхнэрт нь хамааралтай. Тухайлбал, эхнэр нь нөхрийн өрхийн агнат болдоггүй тул тухайн гэр бүлд төрсөн хүүхэд эхтэйгээ хууль зүйн хувьд ямар ч хамааралгүй байх мөн эд хөрөнгийн асуудалд эхнэр нь оролцдоггүй.
Ийнхүү гэр бүл эхэндээ зан заншил, эд хөрөнгийн шаардлагаар нөхцөлдөж байснаа хөгжлийн явцад ёс суртахуун, эрх зүйн шалгуураар баяжиж, өөрчлөгдсөөр иржээ.
Монгол улсын хувьд бол гэр бүлийн амьдралд хүмүүсийн өөрхоорондын сэтгэл зүйн харилцаа чухал нөлөөлөх хүчин зүйл болдог. Ийм харилцаа ихэвчлэн ёс зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана.
Гэр бүлийн харилцаанд гэр бүлийн гишүүдийн эрх үүргийг эд хөрөнгийн бус амины эрх үүрэг, эд хөрөнгийн эрх үүрэг гэсэн хоёр ангиллаар авч үздэг. Эд хөрөнгийн бус амины эрх үүрэг гэж юу вэ? Энэ нь эдийн засгийн агуулгагүй, тухайн бие хүний өөрийн мөн чанартай салшгүй холбоотой. Энэхүү эрх, үүрэг нь гэр бүлийн харилцаанд голлох үүрэг рольтой бөгөөд эхнэр нөхөр хоёр адил тэгш эрхтэй байх зарчим дээр үндэслэгдэнэ. Жишээ нь, гэр бүлийн чухал асуудлаар харилцан санал солилцож, хамтын шийдвэр гаргах явдал юм. Харин эд хөрөнгийн эрх, үүрэг гэдэг нь эд хөрөнгийн бус амины эрх,үүрэгт үндэслэсэн тодорхой эд хөрөнгөтэй холбогдсон материаллаг үр дагавар бүхий харилцаанд орохыг хэлнэ. Жишээ нь: өөрсдийн хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, тэжээн тэтгэх, асран хамгаалах зэрэг болно. Эрх зүйн харилцаанд гэр бүлийн үндсэн гишүүд, өөрөөр хэлбэл цусан төрлийн гэгдэх үр хүүхэд, ах дүүс чухал хамааралтай оролцдог.
Гэрлэлт
Гэр бүл болох эхний алхам бол гэрлэлт юм. Гэрлэлт бол аль ч нийгмийн үед гэр бүл болсны баталгаа болж байсан бөгөөд одоо ч байсаар байна. Гэрлэлт нь өрх гэрийн амьдрал бий болж, оршин тогтнохын үндэс юм. Эртний Ромын хууль тогтоомжид гэрлэх нөхцөл, шалгуур, журмыг маш тодорхой тусгасан байдаг байна. Үүнд: нас, эд хөрөнгө, тохиролцоо, зөвшөөрөл, овог заншил, нэр төр, язгуур угсааны шаардлага, цаг хугацааны болон бусад шаардлагууд юм.
Гэхдээ эдгээр шаардлага cum mani гэрлэлтээс эх авч, ѕine manu гэрлэлтэнд өргөн тархсан ч уламжлалт шалгуур нь шинэчлэгдэж өөрчлөгдсөөр байжээ. Дээрх үндсэн шаардлагын ерөнхий агуулга нь одоо ч гэсэн хадгалагдсаар байгааг үгүйсгэж болохгүй. Үндсэн шаардлага, шалгуур нь гэр бүл болон амьдрах цаашдын үр удмаа үлдээхэд хүртэл чухал болсныг бид ухаарах, мэдрэх шаардлагатай байна.
Ром дахь гэрлэлтийн нөхцөл, процедур нь эхнэр, нөхрийн харилцаанд орж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг тогтоож байснаараа онцлог юм. Тухайлбал, гэрлэлтийг зөвшөөрөх болон хориглох хэмжүүрийг тогтоох замаар хууль ёсны ба хууль бус гэж тооцох журмыг тогтоосон байна. Мөн түүнчлэн гэрлэгсэд нь оюун ухаан, эрүүл мэнд, эрх зүйн чадвар, чадамжийн шаардлагыг хангасан байх хэм хэмжээг ч бий болгон мөрдүүлжээ. Эзэн хаан Августын үед гэрлэлтийг бүртгэх албан ёсны журмыг тогтоосны дотор гэрлэхэд хориглох зүйлийг жагсаан бичсэн байна. Үүнд: Ромын харъяат бөгөөд чөлөөт иргэд нь биеэ үнэлэгчид, бүжигчин, жүжигчидтэй гэрлэх болон ямар нэгэн байдлаар харилцаанд оролцохыг хатуу хориглосон. Түүнчлэн сенатын гишүүн нь перегин, чөлөөлөгдсөн боол, жүжигчин болон түүний охинтой гэрлэж болохгүй гэж тусгажээ.
Харин Ромын хаант улсын Доминатын үед гэрлэлтийн журамд дэвшилтэт өөрчлөлтүүд хийгдсэн байдаг. Энэ нь бэлэглэх, худалдах, худалдан авах явдлыг хязгаарлан хориглох, үүний хамт эхнэр, нөхрийн харилцаа үүсэхэд эхнэр болох хүний эцэг, өрхийн тэргүүнээс зөвшөөрөл авах, мөн сүйт бүсгүй болон гэр бүлийн бусад гишүүдтэй зөвшилцсөн эсэхийг харгалзан үздэг болсон байна.
Ромын гэр бүлийн эрх зүй дэх гэрлэх нөхцөл, журам нь орчин цагийн хууль, эрх зүйн маш нарийн зохицуулалттай байж чадаагүй ч гэрлэлт, гэр бүлийн харилцааг хуульчлах, энэ талын эрх зүйн горимыг анхлан бий болгоход асар их нөлөө үзүүлсэн гэж тодорхойлогддог.
Монгол улсын хувьд гэрлэлт гэдэг нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эмэгтэй, эрэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ. Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан. Харин гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлд:
- өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол,
- гэрлэгчид хоёулаа эсхүл хэн нэг нь гэрлэх насанд хүрээгүй бол
- төрөл садангийн хүмүүс бол
- харгалзан дэмжигч, дэмжүүлэгч бол
- үрчлэгч, үрчлүүлэгч бол
- гэрлэгчийн хэн нэг нь буюу эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байх гэсэн нөхцлүүд хамаарна гэж Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлд заажээ.
Иргэнийг гэрлэхэд нь үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглосон заалттай. Энэхүү хуулийн заалт нь хүний эрхийг дээдлэсэн ардчилсан зарчимд нийцэж байгаа ч монголчууд бид цаашдын хөгжил дэвшилд гэр бүлийг нийгмийн үнэт зүйлс болгож, ирээдүйд бат бэх, гэр бүл байлгах, сайн удам угсаа үлдээх зэрэг асуудалд онцгой анхаарах талаар бодууштай. Энэ нь бичигдээгүй хуулийн асуудалтай шууд холбоотой.
Өнөөгийн нийгмийн гэр бүлийн харилцааны асуудалд дүн шинжилгээ хийж үзэхэд хуульд тусгасан заалтууд нь тэр бүр амьдралд хэрэгжих нь ховор байна. Тухайлбал, албан ёсны анхны гэр бүлээ хуулийн дагуу цуцлуулаагүй байж дахин гэр бүл бологсод их байна. Энэ нь эрх зүйн хувьд зөрчилдөөн маргааныг ихээр үүсгэж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Гэр бүлийн амьдралын аливаа асуудлыг гэр бүлийнхээ ашиг сонирхол, ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийн үүднээс харилцан зөвшөөрөлцөн хамтран шийдвэрлэж байх нь гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үндэс болдог. Иймээс гэр бүлийн тогтвортой байдлыг хангах нь гэр бүл бологсдын харилцан хамааралтай хүлээх хууль ёсны үүрэг байдаг.
Гэр бүл нь нэг талаас үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хувийн асуудал мэт харагдах боловч, нөгөө талаас өөрийн агуулгаараа нөхөр, эхнэрийн харилцан холбогдох
нийтлэгийн хүрээнд бий болсон нийгмийн харилцааны цогц орчин юм. Ийм учраас гэр бүлийн оршин амьдрах гол нөхцөл нь гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг хариуцлагаар
тодорхойлогдож байдаг.
Эрх зүйн статус
Эрх зүйн статусын асуудлыг ярихын тулд эргэж Ромын түүхийг сөхөе. Ромын Бүгд Найрамдах Улсын хожуу үеэс эхлэн бидний дээр дурьдсан sine manu mariti гэр бүлийн хэлбэр өргөн тархмал болж хөгжиж ирсний дээр эхнэр, нөхөр хүүхдийн эрх үүргийн харилцаанд ч өөрчлөлт дэвшилт гарсан байна. Эхнэр, хүүхдийн харьцангуй бие даасан байдлыг хуулиар зөвшөөрч, эцгийн урьдын дан ганцаар эдлэх монополь эрхийг хязгаарлах алхам хийгдсэн. Ингэснээр эхнэр хүн зохих хэмжээний эд хөрөнгөтэй байх, өөрийн хүсэлтээрээ гэр бүл цуцлах, түүнчлэн зарим үед нөхрийн талаар гомдол гаргах зэрэг эрх чөлөөг шинээр олж авсан байна. Мөн хүүхэд хүмүүжүүлэх, хувь заяаг нь шийдэхэд эхнэрийн /эх/ оролцоо шийдвэрлэх хүчин зүйл болжээ. Хэрэв хууль бус аргаар гэр бүл салахад нөхөр нь буруутай тохиолдолд эхнэр нь түүнээс эд хөрөнгийн хохирлыг шаардах эрх эдлэх болсон. Гэр бүл цуцлах үндэслэлд нь:
- эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан байх
- эхнэр, нөхрийн аль нэг нь эрх чөлөөний буюу харъяаллын статусаа алдсан байх
- нөхөр нь урт хугацааны цэргийн албанд явах
- эхнэр, нөхрийн аль нэг нь удаан хугацаагаар хүнд өвчинд нэрвэгдэх гэх мэт нөхцөлүүдийг хамааруулсан байна. Онцгой тохиолдолд эхнэр нь хүүхэд төрүүлэхгүй болон бусад эрүүл мэндийн шалтгаанаар гэр бүл салахыг зөвшөөрдөг байжээ.
Ромын эрх зүйд гэр бүлийг цуцлах нь хууль ёсны ба хууль бус гэсэн шалгууртай байсны зэрэгцээ хэлцлээр, фактаар, хуульд зааснаар гэсэн онцлог журам үйлчилж ирсэн түүхтэй юм байна.
Манай улсын хувьд гэр бүлийн салалт, гэрлэлтийг цуцлах асуудал нь хуульд заасан эрх бүхий байгууллага хянаж үзэж, шийдвэр гарснаар дуусгавар болно. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 12, 13, 14 дүгээр заалтуудад гэрлэлтийг цуцлахдаа захиргааны болон шүүхийн журмаар тус тус шийддэг. Гэрлэлт цуцлах тохиолдолд харгалзан үзэх тохиолдлууд ч бас тусгагдсан байдаг.
Гэр бүл салалтыг хэдийгээр хуулиар зөвшөөрсөн хэдий ч эцэст нь эмэгтэйчүүд гол төлөв ганц бие амьдарч, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, амьдралаа авч явахад хүрдэг. Гэр бүл салалтаас болж өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдөр нийт өрхийн 10 гаруй хувийг эзэлж байна. 1995- 1998 онд нийт өрх 4%-иар нэмэгдсэн байхад эмэгтэйчүүд толгойлсон өрх 27,9 хувиар өсчээ.
Гэрлэлт цуцласан ч гэсэн гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь үр хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг.
Харилцан бие биенээ тэжээн тэтгэх гэсэн зарчмыг үндэслэн тэжээн тэтгэх үүрэг нь гэр бүл, төрөл садангийн холбоо бүхий хүмүүсийн хүрээнд тогтоогдоно.
Эмэгтэй тэргүүнтэй өрх
он | Нийт өрхийн тоо | Эмэгтэйчүүд толгойлсонөрхийн тоо | Нийт өрхөд эзлэх % |
1995 | 514,100 | 44.077 | 8.6 |
1997 | 531,100 | 51.732 | 9.7 |
1998 | 535,300 | 54.530 | 10.2 |
Ер нь гэр бүл бологсод нь гэрлэлтээ цуцлуулахдаа гол нь бус хамгийн гол нь гэр бүлээ хүндэтгэн эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлан амар амгалан аж төрөх нь хүний амьдралын аз жаргал, гэр бүлийн утга учир оршино.